Еховагийн хоньчдод дуулгавартай байгтун
«Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд ... та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг» (ЕВР. 13:17).
1, 2. Ехова өөрийгөө хоньчинтой зүйрлэсний учир юу вэ?
ЕХОВА өөрийгөө хоньчинтой зүйрлэдэг (Езе. 34:11–14). Энэ зүйрлэлээс Ехова ямар Бурхан болохыг бид тодорхой мэдэж авдаг. Сайн малчин хонь малаа тарга тэвээрэг авахуулан онд мэнд оруулдаг. Өвсний соргог, усны тунгалгийг дагуулж бэлчээдэг (Дуу. 23:1, 2); өдөр нь хариулж, шөнө нь манадаг (Лук 2:8); араатан амьтнаас хамгаалдаг (1 Сам. 17:34, 35); нялх хургыг хотондоо тэвэрч авчирдаг (Ис. 40:11); сүргээсээ төөрснийг нь хайж олон, гэмтэж бэртсэнийг нь асарч тойлдог (Езе. 34:16).
2 Эрт үед израильчуудын дийлэнх нь мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг байсан тул Ехова Бурхныг сайн хоньчинтой зүйрлэсний учрыг төвөггүй ойлгодог байв. Хонь арчилгаа маллагаа их шаарддаг амьтан гэдгийг тэд мэддэг байсан. Хүн ч бас сүнслэг утгаар хоньтой адилхан (Марк 6:34). Еховагийн анхаарал халамж, удирдлага заавар байхгүй бол «хоньчингүй хонь мэт» тарж туйлдан, ёс суртахууны доройтолд ордог (Х.дээд 22:17). Харин Еховаг хоньчноо болгодог хүн юугаар ч дутдаггүй.
3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
3 Ехова хоньчинтой юугаараа адилхан байдгийг орчин үеийн ард түмэн нь ч ойлгодог. Тэрбээр хоньтой зүйрлэм үйлчлэгчдээ одоо ч хайрлан халамжилж байгаа нь тодорхой харагддаг. Өнөөдөр ард түмнээ хэрхэн удирдаж, хэрэгтэй бүхнээр нь хангаж байгааг энэ өгүүллээр үзнэ. Бас Еховагийн удирдлага зааврыг дагаж, ивээлийг нь үргэлж хүртэхийн тулд юу хийх ёстойг ярилцана.
САЙН ХОНЬЧИН ТУСЛАХ ХОНЬЧДЫГ ТОМИЛСОН НЬ
4. Еховагийн хоньдын төлөө Есүс юу хийсэн бэ?
4 Ехова хурлын тэргүүнээр Есүсийг томилсон (Еф. 1:22, 23). «Сайн хоньчин» Есүс Эцэгтэйгээ гайхалтай адилхан. Тэрбээр хоньдыг хайрлаж, санаа тавьдаг. Тэр байтугай «хоньдынхоо төлөө амиа» өгсөн (Иох. 10:11, 15). Христийн золиос хүн төрөлхтөнд хосгүй ивээл хүртэх боломж олгосон билээ! (Мат. 20:28). Еховагийн санаа зорилго бол Хүү Есүст нь «итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох» явдал юм (Иох. 3:16).
5, 6. а) Хоньдод санаа тавих үүргийг Есүс хэнд өгсөн бэ? Хоньдын үүрэг юу вэ? б) Ахлагчдад дуулгавартай байдгийн маань гол шалтгаан юу вэ?
5 Есүс Христ сайн Хоньчин гэдэг нь юунаас харагддаг вэ? «Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг» гэж Есүс хэлсэн (Иох. 10:27). Хоньд нь Сайн Хоньчныхоо дууг сонсдог гэдэг нь удирдлага зааврыг нь ямар ч үед дагадаг гэсэн үг. Бас түүний томилсон хоньчидтой хамтран ажиллахыг хэлдэг. Эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэн хийх даалгаврыг Есүс элч нар болон шавь нартаа өгчээ. Тэд «хоньдыг тэжээж», зааж сургах үүрэгтэй байлаа (Мат. 28:20; Иохан 21:15–17-г уншина уу). Сайн мэдээ түгж, шавь нарын тоо улам нэмэгдсэн тул Есүс төлөвшсөн эрчүүдийг туслах хоньчноор томилж, хурлуудыг хариуцуулсан (Еф. 4:11, 12).
6 Паул I зууны Ефес дэх хурлын ахлагчдад бичсэн захидалдаа «Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон» гэжээ (Үйлс 20:28). Өнөөдөр ч бас адилхан. Ариун сүнсний удирдлагаар бичигдсэн Библийн шаардлагыг хангасан эрчүүдийг ахлагчаар томилдог. Тиймээс ахлагчдад дуулгавартай байна гэдэг нь хамгийн агуу Хоньчин Ехова Есүс хоёрыг хүндэтгэж байна гэсэн үг (Лук 10:16). Энэ бол ахлагчдын удирдлага зааврыг дагадгийн маань хамгийн чухал шалтгаан юм. Гэхдээ өөр олон шалтгаан бий.
7. Таныг Еховатай сайн харьцаатай байлгахын тулд ахлагчид юу хийдэг вэ?
7 Ахлагчид итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулж, заавар зөвлөгөө өгөхдөө Библиэс уншуулах юм уу Библийн зарчмыг ойлгуулдаг. Тэдний зорилго бол яаж амьдрахыг нь зааж зааварлах биш юм (2 Кор. 1:24). Харин Библид үндэслэн зөв шийдвэр гаргахад нь тусалж, хурлыг эв нэгдэлтэй, амар тайван байлгах зорилготой (1 Кор. 14:33, 40). Ахлагчид хурлынхаа гишүүн бүрийг Еховатай сайн харьцаатай байлгахыг хүсдэг учир тэдний «сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг». Тиймээс итгэл нэгтнээ буруу юм хийх гэж байгааг эсвэл хийснийг мэдсэн бол нэн даруй тусламж үзүүлэхэд бэлэн байдаг (Гал. 6:1, 2; Иуда 22). Энэ бүхэн «удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдах» хүндтэй шалтгаан биш гэж үү? (Еврей 13:17-г уншина уу).
8. Ахлагчид хурлынхныгаа хэрхэн хамгаалдаг вэ?
8 Элч Паул сүнслэг хоньчныхоо хувьд Колоссайн ах дүүстээ «Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн» гэж бичжээ (Кол. 2:8). Ахлагчдын өгдөг, Библид үндэслэсэн зөвлөгөөг дагах бас нэг шалтгаан нь энэ юм. Тэд Еховагаас холдуулах гэж оролддог хэн бүхнээс итгэл нэгт ах дүүсээ хамгаалдаг. Элч Петр «тогтворгүй сэтгэлтэнгүүдийг уруу татах» гэж оролддог «хуурамч эш үзүүлэгчид» болон «хуурамч багш» нараас сэрэмжлүүлсэн (2 Петр 2:1, 14). Шаардлагатай бол ахлагчид ийм сэрэмжлүүлэг өгөх ёстой. Төлөвшсөн энэ эрчүүд амьдралын туршлагатай хүмүүс. Түүнээс гадна, Библийг зөв ойлгодог, үнэнийг заах чадвартайгаа баталсан учраас ахлагчаар томилогдсон (1 Тим. 3:2; Тит 1:9). Тэд аливаа асуудалд Библийн зарчмын дагуу ул суурьтай ханддаг төлөвшсөн хүмүүс учир сүргийг сайн удирдаж чаддаг.
Хоньчин сүргээ хамгаалдаг шиг ахлагчид Бурхны хоньдыг хамгаалдаг (8-р догол мөрийг үзнэ үү)
САЙН ХОНЬЧИН ХОНЬДОО ТЭЖЭЭЖ, ХАМГААЛДАГ
9. Есүс хоньдоо өнөөдөр хэрхэн тэжээж, удирддаг вэ?
9 Ехова байгууллагаараа дамжуулан дэлхий дахинд буй бүх христианд сүнслэг хоолыг элбэг дэлбэг өгдөг. Библид үндэслэсэн зөвлөгөө манай байгууллагын ном хэвлэлд олон бий. Түүнээс гадна, ахлагчдад захиагаар юм уу явуулын харгалзагчаар удирдамж заавар өгүүлдэг. Есүс хоньдоо ийнхүү тэжээж, удирддаг.
10. Сүнслэг хоньчид төөрсөн хоньдын төлөө юу хийх үүрэгтэй вэ?
10 Ахлагчид хурлынхаа гишүүдийн, ялангуяа, итгэл нь суларсан, ноцтой нүгэл үйлдсэн хүмүүсийн сүнслэг байдлыг хамгаалж, санаа тавих үүрэгтэй (Иаков 5:14, 15-ыг уншина уу). Зарим итгэл нэгтэн маань хурлынхнаасаа хөндийрч, христиан үйл хэрэгт оролцохоо больсон байж мэднэ. Сүнслэг хоньчид төөрсөн хонь бүрийг хайж олон, сүрэгтээ буцаж ирэхэд нь туслахын тулд чадах бүхнээ хийдэг. Есүс: «Эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа Эцэгийн тань хүсэл биш юм» хэмээн хэлсэн (Мат. 18:12–14).
ТУСЛАХ ХОНЬЧДЫН ДУТАГДЛЫГ АНХААРАХГҮЙ БАЙЯ
11. Ахлагчдыг дуулгавартай дагах нь зарим хүнд амаргүй байдгийн учир юу вэ?
11 Ехова Есүс хоёр төгс Хоньчин. Харин тэдний томилсон туслах хоньчид төгс бус хүмүүс юм. Үүнээс болоод ахлагчдыг дуулгавартай дагах нь зарим хүнд амаргүй санагддаг байх. Тийм хүмүүс: «Тэд бидэнтэй л адилхан төгс бус биз дээ? Заавар зөвлөгөөг нь яагаад сонсох ёстой юм бэ?» гэж бодож магадгүй. Ахлагчид төгс бус гэдэг нь үнэн. Гэхдээ бид төгс бус байдал, алдаа дутагдлыг нь анхаарах ёсгүй.
12, 13. а) Эрт үед хариуцлагатай үүрэг хүлээдэг байсан хүмүүс ямар алдаа гаргасан бэ? б) Тэдний алдаа дутагдлыг Библид бичүүлсэн байдгийн учир юу вэ?
12 Эрт үед Еховагийн ард түмнийг удирдаж байсан хүмүүс ямар алдаа гаргасныг Библид ний нуугүй бичсэн байдаг. Жишээ нь, Давид Израилийн тослогдсон хаан, удирдагч байсан хэр нь гэрлэсэн эмэгтэйтэй завхайрч, дараа нь нөхрийг нь хөнөөн Бурхны эсрэг нүгэл үйлдсэн (2 Сам. 12:7–9). Бас элч Петрийн тухай бодоод үз дээ. Тэрбээр І зууны христиан хуралд маш хариуцлагатай үүрэг хүлээх даалгаврыг Бурхнаас авсан байсан. Гэсэн хэдий ч ноцтой алдаа гаргажээ (Мат. 16:18, 19; Иох. 13:38; 18:27; Гал. 2:11–14). Адам Ева хоёрыг төгс бус болсноос хойш ганцхан Есүс л төгс байсан.
13 Хариуцлагатай үүрэг хүлээж байсан үйлчлэгчдийнхээ алдаа дутагдлыг Ехова яагаад Библид бичүүлсэн бэ? Нэг шалтгаан нь гэвэл, тэрбээр ард түмнээ төгс бус хүмүүсээр удирдуулж чаддагаа харуулах гэсэн аж. Үнэхээр ч төгс бус хүнээр удирдуулсаар ирсэн билээ. Тиймээс бид удирдах үүрэг хүлээдэг хүмүүсийн алдаа дутагдлаар шалтаглан тэднийг муулж, өгсөн заавар зөвлөгөөг нь үл тоомсорлох учиргүй. Ахлагчдыг хүндэтгэж, дуулгавартай дагаасай гэж Ехова биднээс хүсдэг (Египетээс гарсан нь 16:2, 8-ыг уншина уу).
14, 15. Эрт үед Ехова ард түмэндээ удирдлага зааврыг хэрхэн өгүүлж байсан бэ? Үүнээс юу ойлгож болох вэ?
14 Хурлын гишүүдийг удирддаг хүмүүст дуулгавартай байх нь амин чухал. Яагаад? Ехова ард түмэндээ хүнд хэцүү үед нь туслах үүднээс удирдамж заавар хэрхэн өгч байсныг бодъё. Израилийн ард түмнийг Египетээс явахад Мосе Аарон хоёроор заавар өгүүлж байсан. Израильчууд арав дахь гамшгийг эсэн мэнд давахын тулд тусгай хоол хийж идэх, хонь нядалж цусыг нь хаалганыхаа хоёр хатавч, тотгонд нялах тушаал авчээ. Бурхан тэдэнтэй тэнгэрээс ярьж ийм тушаал өгсөн үү? Үгүй. Израилийн ахмадууд Мосегоос тодорхой заавар аваад түүнийгээ дамжуулсан. Ард олон тэднийг дуулгавартай дагах ёстой байв (Ег. 12:1–7, 21–23, 29). Ехова ард түмнээ Мосе болон бусад ахмадаар дамжуулан ийнхүү удирдсан. Орчин үед христиан ахлагчдаар заавар өгүүлдэг.
15 Ехова үйлчлэгчдийнхээ амийг аврахын тулд хүн юм уу тэнгэр элчээр заавар өгүүлж байсан өөр олон тохиолдлыг Библиэс уншиж болно. Бурхан тэднийг тохиромжтой гэж үзээд төлөөлөгчөө болгосон. Тиймээс тэдгээр төлөөлөгч Бурхны нэрийн өмнөөс ард түмэнтэй нь ярьж, аюулд өртөхгүйн тулд юу хийх хэрэгтэйг хэлж өгдөг байжээ. Ехова Хармагедоны үед бас ийм арга хэрэглэнэ гэж үзэх нь зүйд нийцнэ. Еховаг болон байгууллагыг нь төлөөлөх үүрэг хүлээсэн ямар ч ахлагч эрх мэдлээ урвуулан ашиглаж хэрхэвч болохгүй.
«НЭГ ХОНЬЧИНТОЙ НЭГ ХОНИН СҮРЭГ»
16. Сонсоод дагах хэрэгтэй «үг» гэж юу вэ?
16 Еховагийн ард түмэн бол Есүс Христ гэдэг «нэг хоньчинтой нэг хонин сүрэг» юм (Иох. 10:16). Есүс «үеийн төгсгөл хүртэл» үргэлж хамт байхаа шавь нартаа амласан (Мат. 28:20). Тэнгэрийн Хаан тэрбээр Сатаны ертөнц устгагдахаас өмнө болох бүх үйл явдлыг удирдах эрх мэдэлтэй. Бид Бурхны сүргээс төөрөлгүй, бусадтайгаа эв нэгдэлтэй байя гэвэл ард маань дуугарах «Энэ бол зам. Үүгээр алхагтун» гэсэн үгийг сонсоод дагах хэрэгтэй. «Үг» гэдэгт юу орох вэ? Бурхны ариун сүнс Библиэр дамжуулан «юу айлддагийг», Ехова Есүс хоёр туслах хоньчдоор томилсон хүмүүсээрээ юу хэлүүлж байгааг «үг» гэж хэлж болно (Исаиа 30:21; Илчлэлт 3:22-ыг уншина уу).
Ганц бие эцэг, эх болон үр хүүхдийг нь ахлагчид муу нөлөөнөөс хамгаалахыг хичээдэг (17, 18-р догол мөрийг үзнэ үү)
17, 18. а) Сүрэгт ямар аюул нүүрлэдэг вэ? Гэхдээ юунд итгэлтэй байж болох вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
17 Библид Сатаныг «хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслантай» зүйрлэсэн байдаг (1 Петр 5:8). Сатан өлсгөлөн араатантай адил, Бурхны сүрэг рүү гэтэн явж, анхаарал болгоомжгүй юм уу төөрсөн нэгэн рүү дайрах боломжийг анаж хүлээдэг. Сүргээсээ тасрахгүй байж, «сэтгэлийн [маань] Хоньчин болон Харгалзагчтай» ойр дотно байх нэг чухал шалтгаан энэ юм (1 Петр 2:25). Агуу их гай гамшгийг эсэн мэнд давах хүмүүсийн талаар Илчлэлт 7:17-д «Хурга [Есүс] тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно» хэмээн бичсэн байдаг. Үүнээс сайхан амлалт байна уу?
18 Туслах хоньчноор томилогдсон ахлагчдын үүрэг маш чухал юм. Тиймээс ахлагч бүр: «Есүсийн хоньдыг сайн хариулж байгаагаа яаж мэдэх вэ?» гэж бодох нь зүйтэй. Энэ асуултын хариуг дараагийн өгүүллээр ярилцъя.