БҮЛЭГ 17
Еховагийн байгууллагатай нягт холбоотой байх нь
ШАВЬ Яаков: «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» хэмээн бичжээ (Яак. 4:8). Бид төгс бус ч Ехова бидний залбирлыг сонсож чадахааргүй хол, өндөрт байдаггүй (Үйлс 17:27). Тэгвэл Бурхантай хэрхэн ойр дотно болох вэ? Чин сэтгэлээсээ залбирах зэргээр дотнын харьцаа тогтоох хэрэгтэй (Дуу. 39:12). Бас Үгийг нь буюу Библийг тогтмол судлах нь чухал. Ингэдэг бол Ехова Бурхан болон түүний санаа зорилго, хүсэл тааллынх нь тухай мэдэж авна (2 Тим. 3:16, 17). Улмаар Еховаг хайрлаж, сайшаалыг нь алдах вий гэж эмээдэг болно (Дуу. 25:14).
2 Хүү Есүс Христийнх нь ачаар л Бурхантай дотносох боломжтой (Ёох. 17:3; Ром 5:10). Еховагийн бодол санаа, сэтгэл мэдрэмжийг Есүс шиг сайн мэдүүлж чадах хэн ч үгүй. Тэрээр Эцэгтэйгээ дэндүү дотно учраас «Хүүг Эцэг шиг нь мэддэг хэн ч байхгүй. Эцгийг Хүү шиг нь мэддэг хэн ч байхгүй. Мөн Хүү Эцгээ хэнд мэдүүлнэ, тэр хүн шиг мэддэг хэн ч байхгүй» хэмээн хэлжээ (Лук 10:22). Тийм учраас Сайн мэдээний дөрвөн номыг судалбал Есүсийн үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг ойлгоно. Энэ нь мөн чанартаа, Еховагийн бодол санаа, сэтгэл мэдрэмжийг мэдэж авч байна гэсэн үг. Үүний ачаар Еховатай улам дотносно.
3 Бас бид байгууллагынх нь дэлхий дэх хэсэгтэй нягт холбоотой байвал Еховатай дотносно. Есүсийн удирдлага дор байдаг энэ байгууллага Еховагийн хүсэл тааллыг хэрхэн биелүүлэхийг бидэнд зааж өгдөг. Есүс Христ «гэрийнхэндээ цагт нь хоол унд өгүүлэхийн» тулд «итгэмжит, ухаалаг боолыг» томилно гэж Матай 24:45–47-д зөгнөсөн байдаг. Өнөөдөр итгэмжит боол Еховатай дотносоход хэрэгтэй бүхнийг арвин ихээр өгч байна. Бас тогтмол Библи унших, цуглаанд явах, «Хаант төрийн тухай» сайн мэдээг үр өгөөжтэй тунхаглахыг бидэнд уриалдаг (Мат. 24:14; 28:19, 20; Иош. 1:8; Дуу. 1:1–3). Бид итгэмжит боолыг төгс бус хүний үзлээр дүгнэхийг яасан ч хүсэхгүй. Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэгтэй нягт хамтран ажиллаж, удирдамж зааврыг нь дагахыг хичээх учиртай. Ингэсэн цагт Ехова Бурхантай дотно болно. Бас сорилт бэрхшээл тулгарсан ч Ехова биднийг хамгаалж, хүч тэнхээ хайрлана.
ЯАГААД СОРИЛТ БЭРХШЭЭЛ УЛАМ НЭМЭГДЭЖ БАЙНА ВЭ?
4 Та үнэний замаар олон жил замнаж байж болох юм. Хэрэв тийм бол үнэнч байх эсэх тань соригдоход тэвчээртэй байна гэж яахыг хэлдгийг сайн мэдэх биз ээ. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг хэнийг ч, тэр дундаа Еховатай танилцаж, ард түмэнтэй нь нэгдээд удаагүй хүнийг ч Сатан Диавол эсэргүүцдэгийг та бид мэддэг (2 Тим. 3:12). Тиймээс та үнэний замаар замнаад олон жил болсон ч бай, үгүй ч бай итгэлийн сорилттой тулгарсан бол айх юм уу сэтгэлээр унах хэрэггүй. Учир нь Ехова танд тусалж, таныг хамгаалж, мөнх амиар шагнахаа амласан билээ (Евр. 13:5, 6; Илч. 2:10).
5 Бид Сатаны ертөнцийн эцсийн өдрүүдэд амьдардаг учир янз бүрийн сорилттой тулгардаг. Бурхны Хаант төр 1914 онд байгуулагдаж Сатан болон хорон муу тэнгэрийн элчүүд дэлхий рүү хаягдсан. Тэд Еховагийн оршихуйд очих эрхгүй болжээ. Тиймээс Сатан уурлан хилэгнэж, үүний уршгаар дэлхийн нөхцөл байдал уруудан доройтож, Еховагийн үйлчлэгчид улам их сорилт, хавчлагатай тулгарах болсон. Энэ бүхэн Сатаны эрхшээлд байдаг ертөнцийн эцсийн өдрүүдэд амьдардгийн маань тодоос тод баталгаа юм (Илч. 12:1–12).
6 Шалдаа буугаад уурлаж хорссон Сатан «өөрт нь богинохон хугацаа үлдсэнийг мэдэж байгаа». Тэрээр чөтгөрүүдтэйгээ нийлж Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглах ажилд саад хийж, Еховагийн ард түмний эв нэгдлийг эвдэн бусниулахын тулд хамаг хүчээ ашигладаг. Тэгэхээр бид Бурхандаа үнэнч байхын төлөөх бэлгэдлийн дайнд оролцдог байх нь ээ. Энэ дайнд «бид хүнтэй биш, төр засаг, эрх мэдэлтнүүд, харанхуй ертөнцийн захирагчид, тэнгэр дэх чөтгөрүүдтэй тэмцдэг». Хэрэв бид Еховагийн талд байж, ялалт байгуулъя гэвэл бууж өгөх учиргүй. Харин ч Еховагийн өгдөг зэр зэвсгийг «бүрэн агсаж» байх хэрэгтэй. Бид Диаволын «заль мэхэнд хуурталгүй бат зогсох» ёстой (Эф. 6:10–17). Ингэхийн тулд тэсвэр хатуужилтай байх нь туйлын чухал.
ТЭСВЭР ХАТУУЖИЛТАЙ БОЛОХ НЬ
7 Тэсвэр хатуужил гэдэг нь сорилт бэрхшээл, гай зовлонг сөрөн зогсох чадвар юм. Библийнхээр бол, зовлон бэрхшээл, эсэргүүцэл хавчлагатай тулгарахад ч эсвэл Бурханд үнэнч байхад амаргүй үед ч зөв зүйлийг тууштай хийхийг хэлдэг. Тиймээс бид энэ чанарыг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй бөгөөд үүнд хугацаа хэрэгтэй. Итгэлээ батжуулахын хэрээр тэсвэр тэвчээр суудаг. Үнэний замаар алхаж эхлэх үед итгэлийг маань сорих жижиг сажиг асуудал тулгарсан ч тэвчээртэй байж сурвал хожим нь том сорилтыг давах сэтгэлийн тэнхээтэй болно (Лук 16:10). Бид зөвхөн том сорилт тулгарахад л тэвчээртэй байна гэж бодох учиргүй. Харин сорилттой тулгарахаасаа өмнө үнэнч байна гэж хатуу шийдэх нь туйлын чухал. Тэсвэр хатуужилтай байхын тулд өөр олон зан чанарыг төлөвшүүлэх ёстойг элч Петр онцолжээ. Тэрээр: «Хамаг хүчээ дайчлан бат итгэлтэй байхыг, бат итгэл дээр сайн юм хийхийг, сайн юм хийх дээр мэдлэгийг, мэдлэг дээр биеэ захирахыг, биеэ захирах дээр тэвчээрийг, тэвчээр дээр Бурханд үнэнч байхыг, Бурханд үнэнч байх дээр ах дүүгээ гэсэн сэтгэлийг, ах дүүгээ гэсэн сэтгэл дээр хайрыг нэмэхийн тулд чадах бүхнээ хий» хэмээн бичжээ (2 Петр 1:5–7; 1 Тим. 6:11).
Итгэлийг маань сорьсон янз бүрийн бэрхшээлийг давахын хэрээр тэвчээр суудаг
8 Тэвчээртэй болохын чухлыг шавь Яаков захидалдаа онцлон «Ах дүү нар минь, элдвээр соригдохдоо баярла. Учир нь тийм сорилтыг давбал жинхэнэ ёсоор итгэдэг тань батлагдаж, улмаар тэсвэр хатуужилтай болдог. Тэсвэр хатуужлын үр дүн нь төгс байг. Тэгвэл та нар бүх талаар бүрэн гүйцэд, өөгүй, юугаар ч дутагдахгүй байх юм» хэмээн бичжээ (Яак. 1:2–4). Яаковын бичсэнээр, сорилтыг давбал тэсвэр хатуужилтай болдог учраас Христийн дагалдагчид аливаа сорилтоос зугталгүй, харин ч баяр хөөртэй зүйл гэж үзэх учиртай ажээ. Та сорилтыг юу гэж боддог вэ? «Тэсвэр хатуужлын үр дүн нь төгс байвал» Гэрч хүнд байх ёстой зан чанаруудыг өөртөө төлөвшүүлээд зогсохгүй Бурхны сайшаалыг хүлээнэ гэдгийг Яаков онцолсон. Үнэхээр ч итгэлийг маань сорьсон янз бүрийн бэрхшээлийг давахын хэрээр тэвчээр суудаг. Улмаар олон сайхан зан чанартай болдог.
9 Бас тэвчээртэй байвал Ехова баярлаж, бидэнд мөнх амийг шагнал болгон өгнө. Яаков: «Сорилтыг тэвчдэг хүн жаргалтай. Сорилтыг давсан хүн амийг шагнал болгон авна. Ехова өөрийг нь хайрладаг хүмүүст тийм шагнал өгөхөөр амласан билээ» хэмээн бичжээ (Яак. 1:12). Тийм ээ, тэсвэр хатуужилтай байх нь амь настай маань холбоотой. Тэвчээргүй бол үнэний замаар тууштай явж чадахгүй. Улмаар энэ ертөнцийн учруулдаг дарамт шахалтад автаж, үнэний замаас гарна. Бас Еховагийн агуу хүчийг авч чадахгүй бөгөөд энэ хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг өөртөө төлөвшүүлж чадахгүй.
10 Эцсийн энэ хүнд хэцүү цагт үргэлж тэвчээртэй байя гэвэл Христийн дагалдагчдад яагаад сорилт бэрхшээл тулгардгийг зөв ойлгох хэрэгтэй. «Элдвээр соригдохдоо баярла» гэж шавь Яаков хэлсэн шүү дээ. Сорилт тулгарахад, ялангуяа бие, сэтгэлээрээ зовж байгаа үед баяр хөөртэй байх амаргүй. Гэхдээ мөнх амийг «шагнал болгон авах» цаг хаяанд тулж ирээд байгааг санаж явъя. Ийм хэцүү үед ч хэрхэн баяр хөөртэй байж болдгийг элч нарын жишээ харуулдаг. Тэдний тухай «Үйлс» номд ийн бичжээ. «Шүүхийнхэн элчүүдийг дуудаж ирүүлээд жанчиж, Есүсийн нэрээр ярихаа болихыг тушаагаад явуулжээ. Есүсийн нэрнээс болж зовох зохистой хүн гэж тооцогдсондоо элчүүд баяр хөөр болсоор Иудейн дээд шүүхээс гарч явлаа» (Үйлс 5:40, 41). Тэд Есүсийн тушаалыг дуулгавартай дагаж, Еховагийн сайшаалыг хүлээсэн учраас хавчигдаж байгаагаа мэдэж байв. Хожим нь, ийнхүү зөв зүйл хийснийхээ төлөө зовлон эдлэх нь Еховагийн нүдэнд үнэ цэнтэйг Петр агуу хүчээр удирдуулан бичсэн эхний захидалдаа онцолсон байдаг (1 Петр 4:12–16).
11 Паул Силас хоёрт юу тохиолдсоныг бас авч үзье. Тэд Филипойд миссионерын аяллаар явж байхдаа баривчлагдаж, хилсээр гүтгэгджээ. Тэднийг хотод үймээн дэгдээж, «сахиж мөрдөх ёсгүй зан заншлыг зааж байна» гэж буруутгасан ажээ. Тэгээд зодож жанчин, шоронд хорив. Шарх нь хөндүүрлэж байсан ч «шөнө дунд Паул Силас хоёр Бурханд залбирч, магтуу дуулахад хоригдлууд бүгдээрээ сонсож байв» гэж Библид бий (Үйлс 16:16–25). Паул Силас хоёр Христийн төлөө зовлон эдэлж байгаагийнхаа цаад учрыг зөв ойлгож байсан. Юу гэвэл, үнэнч гэдгээ Бурхан болон хүмүүст батлаад зогсохгүй сайн мэдээг чих тавин сонсох хүсэлтэй хүмүүст сайхан гэрчлэл болно гэж үзжээ. Тэд тэвчээртэй байсныхаа үрээр хүмүүсийн амийг аварчээ. Яг тэр шөнө шоронгийн хуяг болон түүний гэрийнхэн сайн мэдээг хүлээн авч, Христийн дагалдагчид болсон (Үйлс 16:26–34). Паул Силас хоёр Еховад болон агуу хүчинд нь найдаж, эсэргүүцлийг давахад нь тусалж дэмжинэ гэдэгт эргэлзэлгүй итгэж байсан. Ехова ч тэдний итгэл найдварыг хөсөрдүүлээгүй.
12 Өнөөдөр ч Ехова биднээс тэсвэр хатуужилтай байгаасай гэж хүсдэг. Тиймээс сорилт бэрхшээлийг давахад шаардлагатай бүхнийг бидэнд өгч, тусалж дэмждэг. Жишээ нь санаа зорилгоо тодорхой мэдүүлэхийн тулд агуу хүчээрээ удирдуулан бичүүлсэн Библийг өгсөн бөгөөд энэ нь бидний итгэлийг батжуулдаг. Бид итгэл нэгтнүүдтэйгээ нөхөрлөж, Ехова Бурхандаа мөр зэрэгцэн үйлчилдэг. Бас Еховад залбирч, дотносон нөхөрлөх сайхан завшаан эдэлдэг шүү дээ. Бид залбирахдаа Еховаг магтан алдаршуулахаас гадна цэвэр ариун байхад маань туслахыг шаргуу гуйдаг. Ийн залбирахад тэрээр чих тавин сонсдог (Флп. 4:13). Мөн ирээдүйн сайхан найдвараа эргэцүүлэн бодохлоор эрч хүчтэй болдгийг дурдахгүй байхын аргагүй (Мат. 24:13; Евр. 6:18; Илч. 21:1–4).
СОРИЛТЫГ ТЭВЧИХ НЬ
13 Есүсийн эртний дагалдагчдад тулгарч байсан тэр л сорилт бэрхшээл бидэнд тулгардаг. Эсэргүүцэгчид буруу ойлголттой байдаг тул биднийг үг хэлээр доромжилж, зодож жанчдаг. Элч нарын үеийнхтэй адилаар иймэрхүү эсэргүүцлийн цаана шашны хэт даврагсад байдаг. Тэдний сургаал номлол, зан үйл нь хуурамч гэдгийг Библи тодорхой илчилдэг учраас тэд эсэргүүцдэг (Үйлс 17:5–9, 13). Заримдаа Еховагийн ард түмэн засгийн газраас баталсан, хуульд заасан эрхээ эдэлж хүнд хэцүү байдлаас гарч байсан (Үйлс 22:25; 25:11). Гэлээ ч төр засгийн эрх мэдэлтнүүд үйл ажиллагааг маань бүрмөсөн зогсоохын тулд хориг тавих нь бий (Дуу. 2:1–3). Ийм тохиолдолд бид зоригтой байж, «хүнд бус, Бурханд захирагдах ёстой» хэмээсэн эртний үнэнч элч нарыг дуурайх учиртай (Үйлс 5:29).
14 Үндсэрхэг үзэл газар авахын хэрээр Бурхны даалгасан сайн мэдээ тунхаглах даалгаврыг зогсоох гэсэн дарамт улам ихсэж байна. Бурхны бүх үйлчлэгч Илчлэл 14:9–12-т гардаг «араатан болон түүний хөргийг» шүтэхээс сэрэмжлүүлсэн сануулгыг илүү сайн ойлгодог болсон. Бас Ёоханы хэлсэн дараах үгийн чухлыг ч мэддэг. «Иймд Бурхны тушаалыг биелүүлдэг, Есүсийн итгэлээс чанга зуурдаг ариун хүмүүс тэвчээртэй байх ёстой».
15 Дайн дажин, бослого хөдөлгөөн, ширүүн хавчлага, хориг саад гэх мэтээс болоод Ехова Бурхнаа чөлөөтэй шүтэх боломжгүй болж мэднэ. Хурлынхантайгаа нэг дор цуглах аргагүйд ч хүрч болох юм. Салбартай холбоо барих, ном хэвлэл авах, дүүрэг хариуцагч эргэлт хийх ч аргагүй болж мэднэ. Иймэрхүү асуудал тулгарлаа гэхэд яах нь зүйтэй вэ?
16 Тийм үед нөхцөл байдалдаа тохируулан чадах бүхнээ хийгээрэй. Бие даасан судлал хийж болно шүү дээ. Бас нэгнийхээ гэрт хэсэг бүлгээрээ нийлж цуглаанаа явуулж болох юм. Библи болон өмнө нь гарсан ном хэвлэлийг цуглаанаар судалж болно. Санаа зовох юм уу айх шаардлагагүй. Ер нь Удирдах Зөвлөл хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүдтэй цаг алдалгүй, ямар нэг аргаар холбоо барьдаг.
17 Та итгэл нэгтнүүдээсээ тусгаарлагдсан байлаа ч Ехова Есүс хоёроос тусгаарлагдаагүй гэдгээ санаарай. Та итгэл найдвараа алдахгүй байж чадна. Ехова урьдын адил залбирлыг тань сонсож, агуу хүчээ өгч, хүч тэнхээ хайрлана. Еховагаас удирдлага заавар гуйгаарай. Та Еховагийн үйлчлэгч, Есүс Христийн дагалдагч гэдгээ бүү мартаарай. Тийм учраас дэлгэрүүлэх боломж бүрийг алдалгүй ашиглаарай. Ехова хичээл зүтгэлийг тань ивээж, хүмүүс Еховаг шүтэхээр тантай нэгдэж мэднэ (Үйлс 4:13–31; 5:27–42; Флп. 1:27–30; 4:6, 7; 2 Тим. 4:16–18).
18 Хэрэв танд элч нар болон бусад үнэнч үйлчлэгчдийн адилаар амь насанд аюултай хавчлага тулгарсан бол «үхсэнийг амилуулдаг Бурханд» итгэж найдаарай (2 Кор. 1:8–10). Бурхан амилуулна гэдэгт бат итгэдэг бол хамгийн хүнд сорилтыг ч тэсвэрлэж чадна (Лук 21:19). Христ Есүс бидэнд сайхан жишээ үлдээсэн. Үнэнч байвал бусдыг зоригжуулж, тэвчээртэй байхад нь тусална гэдгээ тэрээр мэддэг байв. Та ч бас үнэнч байвал итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулна шүү дээ (Ёох. 16:33; Евр. 12:2, 3; 1 Петр 2:21).
19 Эсэргүүцэл, хавчлагаас гадна өөр хэцүү асуудлуудыг тэвчих хэрэгтэй болж мэдэх юм. Жишээлбэл сайн мэдээнд хайхрамжгүй ханддаг хэсгийнхээ хүмүүсээс болоод зарим хүн сэтгэлээр унадаг. Нөгөө зарим нь өвчин эмгэг туссанаасаа юм уу сэтгэл гутралд автсанаасаа болж зовдог. Төгс бусаас үүдэлтэй янз бүрийн зовлон бэрхшээлийг давах гэж тэмцэж яваа хүмүүс ч бий. Элч Паулд ч бас тэвчихэд амаргүй зовлон тулгарснаас болж, Еховад үйлчлэхэд хэцүү санагдсан удаатай (2 Кор. 12:7). Христийн эртний дагалдагчдын нэг, Филиппой хотын Епафродит бас сэтгэлээр унаж байжээ. Хүнд өвчин туссаныг нь найзууд нь мэдсэнийг дуулаад тэрээр «ихэд шаналж гутарсан» (Флп. 2:25–27). Бид өөрсдийнхөө юм уу бусдын төгс бус байдлаас болж тэсэж тэвчихэд амаргүй асуудалтай тулгарч болох юм. Итгэл нэгтэн юм уу гэрийнхэнтэйгээ таарамж муутай болсон байж мэднэ. Гэхдээ Еховагийн Үгэнд байдаг заавар зөвлөгөөг баримталдаг бол ямар ч бэрхшээлийг давах боломжтой (Езе. 2:3–5; 1 Кор. 9:27; 13:8; Кол. 3:12–14; 1 Петр 4:8).
ҮРГЭЛЖ ҮНЭНЧ БАЙГТУН
20 Еховагийн томилсон, хурлын Тэргүүн Есүс Христэд чин үнэнч байцгаая (Кол. 2:18, 19). Бид «итгэмжит, ухаалаг боол» болон томилогдсон эрчүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй (Евр. 13:7, 17). Байгууллагын удирдамж зааврыг ягштал дагаж, удирдах үүрэг хүлээдэг хүмүүсийг дэмждэг бол Еховагийн хүсэл тааллыг эмх журамтай биелүүлж байна гэсэн үг. Залбирах хосгүй завшаанаа бүрэн дүүрэн ашиглаж явцгаая. Шоронд, тэр байтугай ганцаараа хоригдож байлаа ч тэнгэрийн Эцэгтэйгээ ярихыг маань хэн ч хорьж чадахгүй. Бас бидний эв нэгдлийг эвдэн бусниулж чадах хүн нэг ч байхгүй.
21 Есүс амилсныхаа дараа дагалдагчдадаа «Явж бүх үндэстнийг шавь болгогтун. Эцэг, Хүү, Бурхны агуу хүчний нэрээр баптисм хүртээ. Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэсэн даалгавар өгсөн билээ (Мат. 28:19, 20). Есүс шиг тэсвэр хатуужилтай байцгаая. Ирээдүйд хүртэх ивээл, мөнх амьдрах сайхан найдвараа тод санаж явцгаая (Евр. 12:2). «Энэ тогтолцооны төгсгөлийн үеийн» тухай зөгнөсөн Есүсийн дараах зөгнөлийг биелэхэд хувь нэмрээ оруулах сайхан боломжоо алдалгүй ашиглацгаая. Тэрээр: «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ» гэжээ (Мат. 24:3, 14). Сайн мэдээ тунхаглах энэхүү ажилд бүх хүчээ дайчлан оролцдог бол Еховагийн байгуулах шинэ ертөнцөд үүрд мөнх амьдарч, баяр хөөрөөр цалгина!