«Даруухнаар хувцасла»
«Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд ивээлээ хайрладаг» (1 ПЭТР 5:5).
1, 2. Ямар хоёр эсрэг тэсрэг чанар хүний төлөв байдалд илт нөлөөлдөг вэ?
БУРХНЫ ҮГИЙН анхаарлыг маань хандуулж байдаг хүний зан аашнуудын дотор бие биетэйгээ эсрэг тэсрэг хоёр чанар байдаг ажээ. Энэ хоёр чанар нь хүний төлөв байдалд илт нөлөөлдөг байна. Үүний нэг нь «даруу» зан юм (1 Пэтр 5:5). Энэхүү үгийг толь бичгээс үзвэл «эгэл, жирийн, номхон» тэрчлэн, «бардам гэдгийн эсрэг тал» гэх зэргээр тайлбарлажээ. Энэ нь Бурханд маш ихээр таалагддаг чанар юм.
2 Даруу зангийн сөрөг тал бол бардам зан билээ. Үүнийг «өөрийнхөө тухай хэт дөвийлгөн бодох», «ихэрхэг зан» гэж тодорхойлж болно. Бардам зантай хүн амиа хичээсэн байх бөгөөд эд материалын, хувийн болоод өөр бусад ашиг сонирхлын хойноос хөөцөлдөх агаад ингэхдээ үүнээс болоод бусад нь зовж шаналж байна гэдгийг үл хайхардаг. Бардам ихэрхэг зангийн үр дагаварын тухай Библид: «Хүн хүнээ захирснаар хор хөнөөлд хүргэдэг» гэжээ. Түүнчлэн, «хүмүүсийн хоорондын өрсөлдөөнийг» «салхи барих» гэж хөөцөлдөн гүйхтэй зүйрлэсэн нь хүн үхэх цагтаа «юуг ч өөртөө авч чадахгүйн» учир юм. Тиймэрхүү бардам зан нь Бурханд туйлаас таалагддаггүй (Номлогчийн үгс 4:4; 5:14; 8:9, ШЕ).
Дэлхийд ноёлдог байдал
3. Энэ дэлхийд ямар байдал ноёлж байна вэ?
3 Өнөөдрийн дэлхийнхэнд энэ хоёр чанарын аль нь байдаг вэ? Тэдний хувьд ямар чанар ноёлдог вэ? «1996 оны дэлхий дахины цэрэг дайны болон нийгмийн зарлага» гэдэг хэвлэлд: «Статистикийн тоо баримтаас үзвэл ХХ зууныг зэрлэг балмад... хүчирхийлэлээр нь өөр ямар ч зуунтай харьцуулахын аргагүй» хэмээн тэмдэглэжээ. Энэ зуунд улс төрийн ба эдийн засгийн эрх мэдлийн төлөө тэмцэл болоод үндэстэн хоорондын, шашны, овог аймгуудын, мөн угсаатны мөргөлдөөн 100 сая гаруй хүний амь насыг хөнөөжээ. Зарим нэг хүн амин хувиа дэндүү хичээх болжээ. «Чикаго трибюн»-д: «Нийгмийн эмгэг гажгийн шинж тэмдгүүдийн дотор учир утгагүй хүчирхийлэл, хүүүхдүүдтэй харгис хэрцгий харьцах, гэр бүл салалт, архидалт, ДОХ, өсвөр насныхны дунд амиа хорлох явдал, мансууруулах бодис хэрэглэх, гудамжны бүлэг дээрэмчид, хүчирхийлэл, гэр бүлийн гадуурх жирэмслэлт, үр хөндөлт, садар самууныг сурталчлах... цаашлаад элдэв худал хуурмаг, луйвар, улс төрийн авилгал зэргийг нэрлэж болно... Сайн сайхан хийгээд саар муугийн талаарх ёс суртахууны үзэл баримтлал устан алга болжээ» гэж бичжээ. Үүнийг харгалзан «НҮБ-ын товч мэдээнд» «Хүний нийгэм задран унаж байна» гэж тэмдэглэжээ.
4, 5. Өнөөгийн цаг үеийн тухай Библийн зөгнөлүүд энэ дэлхийн байдлыг яаж яг таг дүрсэлдэг вэ?
4 Ийм нөхцөл байдал дэлхий даяар ноёлж байна. Энэ нь өнөөгийн цаг үеийн талаарх Библийн зөгнөлтэй яв цав тохирдог юм. «Сүүлчийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ. Чи үүнийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэрэшгүй, гүжирдэгчид, тогтворгүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог» юм (2 Тимот 3:1–4).
5 Энэ үгс энэхүү дэлхийд ноёлдог байдлыг яг таг дүрсэлж байна. Энэ бол аминч үзлийн илрэл юм. Үндэстнүүдийн хоорондын дайсагнал нь зарим хүмүүсийн хоорондын сөргөлдөөнөөр илэрдэг. Спортын тэмцээн наадамд оролцдог олон хүн зөвхөн тэргүүн байрын төлөө улайран хөөцөлддөг ба энэ нь бусдад сэтгэл санааны болоод бүр бие махбодийн ямар хор хохирол учруулдгийг бодож үздэггүй. Энэхүү амин хувиа хичээх үзлийг сурсан хүүхдүүд өсөж том болоод тэр чанарыг амьдралдаа олон талаар илэрхийлсээр байх болно. Энэ нь «дайсагнал, маргаан, хардах, уур хилэн, өрсөлдөөн, хагаралд» хүргэнэ (Галат 5:19–21).
6. Аминч үзлийг хэн дэмждэг ба Ехова аминч чанарт хэрхэн ханддаг вэ?
6 Энэ дэлхийн амин хувиа хичээх үзэл нь «бүх ертөнцийг мэхлэгч буг [Диабол, ШЕ] ба Сатаны» үзлийг илэрхийлдэг. Сатан энэ хэцүү сүүлчийн цаг үед амьдарч буй хүмүүст хэрхэн нөлөөлдөг талаар Библид: «Газар... дах нь хөөрхий еэ. Яагаад гэвэл буг [Диабол, ШЕ] та нар дээр бууж ирсэн. Ингэхдээ өөрт нь бага хугацаа байгааг мэдээд үлэмж их уур хилэн түүнд байдаг» гэсэн байдаг (Илчлэлт 12:9–12). Тийм болохоор, Сатан болон түүний албид амин хувиа хичээх чанарыг хүмүүст төлөвшүүлэх гэж улам ихээр чармайдаг. Ийм чанарт Ехова хэрхэн ханддаг вэ? Түүний Үг: «Бардам зүрхтэй хүн бүрийг Эзэн зэвүүцдэг» гэдэг (Сургаалт үгс 16:5).
Ехова даруухан хүмүүстэй хамт байдаг
7. Ехова даруу хүмүүст хэрхэн ханддаг ба тэднийг юунд сургадаг вэ?
7 Нөгөө талаас, Ехова даруу хүмүүсийг ивээдэг. Хаан Давид түүнд хандан: «Та шаналан зовж буй [номхон даруу, ШЕ] ардуудыг авардаг. Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг» гэж дуулжээ (2 Самуел 22:1, 28). Ийм болохоор, Бурхны Үг: «Дэлхийн номхон даруу бүх хүмүүс ээ Еховаг эрж хайгтун. Зөв шударга байдлыг болоод даруу байдлыг эрж хайгтун. Еховагийн уур хилэнгийн өдөр та нар аврагдах байх» гэж уриалдаг (Зефаниа 2:3, ШЕ). Еховаг номхон даруухнаар эрж хайдаг хүмүүсийг энэ дэлхийд ноёлдог тэрхүү чанараас огт өөр чанар бий болгохыг тэрээр сургадаг юм. Ехова «номхон даруу хүмүүсийг өөрийн замаар сургадаг» (Дуулал 25:9, ШЕ; Исаиа 54:13). Энэ бол хайрын зам билээ. Энэхүү зам нь Бурхны хэм хэмжээнд тулгуурладаг. Библийн зарчмууд дээр үндэслэсэн энэ хайр нь «бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй... өөрийнхийг эрдэггүй» (1 Коринт 13:1–8). Энэ хайр мөн даруу байдлаар илэрдэг.
8, 9. а) Библийн зарчим дээр үндэслэсэн хайрын эх булаг нь ямар вэ? б) Есүсийн илэрхийлсэн хайр хийгээд даруу байдлыг дууриах нь хичнээн чухал вэ?
8 Паул болон нэгдүгээр зууны үеийн христосын шашинтнууд хайрын энэхүү хэлбэрийг Есүсийн сургаалын ачаар өөрийн болгон авсан юм. Харин Есүс үүнийг Эцэг Еховагаасаа сурсан бөгөөд «Бурхан бол хайр мөн» гэж Эцэгийнх нь тухай Библид бичсэн буй (1 Иохан 4:8). Бурхан түүнийг хайрын хуулийн дагуу амьдрахыг шаарддаг гэдгийг Есүс мэддэг байсан бөгөөд тэрбээр Бурхны тааллын дагуу байсан (Иохан 6:8). Тэрээр зовж шаналсан, ядуу дорой, нүгэлтэй хүмүүсийг өрөвдөж байсны учир нь энэ буюу (Матай 9:36). «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над руу ир, Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрхээрээ дөлгөөн, даруу билээ» гэж тэрбээр хэлжээ (Матай 11:28, 29).
9 Есүс: «Үүгээр чинь бүх хүн та нарыг Миний дагалдагчид мөн гэдгийг мэднэ. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол» гэж хэлснээрээ хайр болон даруу байдлаар түүнийг дууриах нь хичнээн чухал болохыг харуулсан (Иохан 13:35). Тэд зөвхөн амин хувиа хичээдэг энэ дэлхийнхнээс онцгойрон ялгарах ёстой байлаа. Ийм л учраас Есүс дагалдагч нарынхаа тухайд «тэд бас дэлхийнх бишээ» гэж хэлсэн юм (Иохан 17:14). Үгүй ээ, тэд Сатаны дэлхийн бардам ихэрхэг, амин хувиа хичээх байдлыг дууриадаггүй. Тэд харин ч үүний оронд Есүсийн илэрхийлсэн хайр хийгээд даруу байдлыг дууриадаг билээ.
10. Өнөө үед Ехова номхон даруу хүмүүсийн тухайд юу хийдэг вэ?
10 Сүүлчийн өдрүүдэд номхон даруу хүмүүс хайр болон даруу байдлын зарчим дээр үндэслэсэн нийгэмлэгт дэлхий даяар нэгдэх болно гэдгийг Бурхны Үг зөгнөжээ. Тэгээд ч өнөөдөр дэлхийнхэн улам улам бардам ихэрхэг болж байхад, харин Еховагийн ард түмэн түүний эсрэг даруу байдлыг илэрхийлдэг. Энэ хүмүүс: «Эзэний уул... уруу явцгаая. Тэр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхацгаах болно» гэж ярьдаг (Исаиа 2:2, 3). Еховагийн замаар явдаг дэлхий дахины энэ нийгэмлэгийг Еховагийн Гэрчүүд бүрдүүлдэг юм. Гэрчүүдийн тоонд «хэн ч тоолж чадаагүй үй олон хүмүүс» ордог бөгөөд «тэд үндэстэн бүрээс, бүх удмаас, бүх ард түмнээс, бүх хэлээс ажээ» (Илчлэлт 7:9). Одоо энэхүү үй олон хүмүүс сая саяар тоологддог. Ехова хэрхэн тэднийг даруу байхад сургадаг вэ?
Даруу байж сурах нь
11, 12. Бурхны албатуудын даруу байдал юугаар илэрдэг вэ?
11 Ард түмэндээ нөлөөлдөг Бурхны сүнсний тусламжтайгаар Еховагийн албатууд дэлхийн муу байдлыг даван туулж, дараа нь Бурхны сүнсний үр жимсийг илэрхийлж сурдаг юм. Энэхүү үр жимс нь «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, эелдэг зан, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, даруу зан, өөрийгөө захирах» байдлаар илэрдэг билээ (Галат 5:22, 23). Дурдсан чанаруудыг хөгжүүлэхэд Бурхны албатуудад тус болох зөвлөгөө байдаг бөгөөд энэ нь «бие биедээ атаархан харилцан тэмцэлдэж, нэг нэгнээ сөрөх замаар нэр алдрыг хайгч болохгүй байя» гэсэн байдаг (Галат 5:26). Түүнчлэн, элч Паул: «та нарын дунд байгч болгонд хэлнэ. Бодох сэтгэх ёстойгоосоо хэтэрсэн дээгүүр бодлууд бүү байг» гэж хэлсэн (Ром 12:3).
12 Бурхны Үг үнэн христосын шашинтнуудад хандан «бардам зангаараа ч, өрсөлдөөнөөрөө ч юу ч бүү хий. Харин даруу байдал дотор бие биенийгээ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар» гэж өгүүлдэг (Филиппой 2:3, 4). «Хэн ч өөрийн төлөө ашгийг бүү эрэг, харин бусдынхыг эрэг» (1 Коринт 10:24). Тийм ээ, «хайр нь байгуулдаг» буюу өөрөөр хэлбэл ашиг хонжоо үл хайсан үг яриа болон үйл хэргээр бусдыг бэхжүүлдэг (1 Коринт 8:1, МАБ). Хайр нь өрсөлдөн тэмцэлдэхийг бус харин хамтран ажиллахыг дэмждэг билээ. Еховагийн албатуудын дунд амин хувиа хичээх байдал үгүй юм.
13. Даруу зантай болохын тулд яагаад суралцах хэрэгтэй байдаг ба хэрхэн яаж суралцах вэ?
13 Гэвч бид өвлөж авсан төгс бус байдлаасаа болоод даруу төрдөггүй (Дуулал 51:5). Даруу зантай болоход суралцдаг. Еховагийн замаар багаасаа биш, хожуу замнасан хүмүүст ингэх нь амаргүй. Тэд дэлхийн үзэл бодлын нөлөөнд хэдийнээ бие хүн болон төлөвшсөн байдаг. Иймд «... хуучин хүний урьдах байдлыг хойш тавьж, ... Бурхнаар үнэний ариун байдал ба шударга байдал дотор бүтээгдэгч шинэ хүнийг өөртөө өмсөж» сурах хэрэгтэй (Эфэс 4:22, 24). «... Өрөвчхөн байдал, сайн үйлс, төлөв түвшин байдал, даруу зан, тэвчээрийн зүрхийг өөртөө өмс» гэсэн Бурхны шаардлагыг чин сэтгэлтэй хүмүүс дээрээс ирэх мэргэн ухааны тусламжтайгаар биелүүлж чадна (Колоссай 3:12).
14. Өөийгөө өргөмжлөх асуудлыг Есүс хэрхэн буруушаасан бэ?
14 Есүсийн элч нар үүнд суралцах хэрэгтэй байсан. Тэд хашир туршлагатай шавь нар нь болсон ч гэсэн дэлхийнхэнд байдаг мөчөөрхөх сэтгэл тэдэнд ямар нэг хэмжээгээр байсаар байсан. Хоёр шавийнх нь эх хүүхдүүдээ дээгүүр байр суурьтай болгох гэж чармайхад Есүс «Харь үндэстний ноёд тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг захирах эрх мэдэл эдэлдгийг та нар мэдэх үү? Та нарын дунд тийм юм бүү байг. Харин хэн чинь та нарын дунд агуу нэг нь болохыг хүснэ, тэр нь та нарын үйлчлэгч болог. Хүний Хүү [Есүс] үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ» гэв (Матай 20:20–28). Өөрийгөө өргөмжлөх зорилгоор цол хэргэм хэрэглэхгүй байхыг тэрбээр шавь нартаа тушаагаад «Та нар бүгд ахан дүүс билээ» гэж нэмж өгүүлжээ (Матай 23:8).
15. Харгалзагч болох хүсэлтэй хүмүүс ямар байх ёстой вэ?
15 Есүсийн үнэнч дагалдагч гэдэг бол христосын шашинтан хүнийхээ хувьд үйлчлэгч буюу боол юм (Галат 5:13). Энэ нь, ялангуяа, хурлын харгалзагч болох хүсэлтэй хүмүүст хамааралтай. Тэд дээгүүр байр суурь, эрх мэдлийн төлөө тэмцэж болохгүй. Харин тэд итгэл нэгтнүүдээ «ноёлох бус, ... үлгэр дууриалал болох» ёстой (1 Пэтр 5:3). Түүгээр ч үл барам, хувийн ашиг хайдаг хүн харгалзагч болж чадахгүй. Хуралд л хор хүргэнэ. «Халамжлагч болохыг эрмэлзэх» нь гарцаагүй зөв, сайн хэрэг мөн боловч энэ хүсэл нь бусад христосын шашинтнууддаа үйлчлэх гэсэн эрмэлзлэлээс үндэслэх ёстой. Харгалзагч байна гэдэг нь дээгүүр байр суурь эзэлж, эрх мэдэлтэй болно гэсэн үг биш ээ. Хянаж харгалзах үүрэг хүлээсэн хүмүүс хурлын хамгийн эгэл даруу хүмүүсийн тоонд орох ёстой (1 Тимот 3:1, 6).
16. Диотрэф ямар учраас шийтгүүлсэн бэ?
16 Элч Иохан, бидний анхаарлыг буруу үзэл бодолтой нэгэн хүн уруу хандуулж «Би сүмд зарим нэг зүйлийг бичсэн. Харин тэдний дунд тэргүүн байр суурийг эзлэхийг дурлагч Диотрэф биднийг хүлээн авахгүй байгаа юм» хэмээн бичжээ. Диотрэф илүү дээгүүр байр суурьтай болохыг эрмэлзэн, бусдыг үл хүндэтгэдэг байв. Хувиа хичээсэн ийм байдлаасаа болоод тэрбээр Бурхны сүнсний үйлчлэлээр Иоханы бичсэн шийтгэлийг хүртсэн (3 Иохан 9, 10).
Зөв сэтгэл
17. Пэтр, Паул болон Барнааб нар даруу зангаа хэрхэн илэрхийлсэн бэ?
17 Зөв сэтгэл, даруу зангаараа олноос онцгой байсан хүмүүсийн жишээг бид Библиэс үздэг билээ. Пэтрийг Корнэлийн гэрт ороход Корнэл түүний «хөлд унаж, түүнд мөргөв». Пэтр хүндлүүлэхийн оронд «түүнийг босгох зуураа „Бос, би ч гэсэн хүн шүү дээ“ гэв» (Үйлс 10:25, 26). Паул Барнаабтай хамт Лүстрт байхдаа төрөлхийн хазгар хүнийг эдгээжээ. Тэгтэл ард олон, элч нарыг бурхад гэлцэх болов. Харин, Паул Барнааб хоёр «хувцсаа хүү татаад, олон түмэн уруу хашгиран очиж, чангаар „Эрчүүд ээ, та нар юу хийж байгаа нь энэ вэ? Бид ... та нартай л адил хүмүүс байна шүү дээ“ гэв» (Үйлс 14:8–15). Энэ номхон даруу христосын шашинтнууд хүмүүст хүндлэгдэхийг хүсээгүй юм.
18. Хүчит бөгөөд даруу тэнгэрэлч Иоханд юу гэж хэлсэн бэ?
18 Элч Иохан тэнгэрэлчээр дамжуулж «Есүс Христийн илчлэлт»-ийг авсан (Илчлэлт 1:1). Тэнгэрэлчүүдийн нэг нь л ганц шөнийн дотор 185 000 ассир хүнийг хиар цохих чадвартай байсан нь Иоханыг сүрдэхэд хүргэжээ (Хаадын дэд 19:35). Тэрбээр: «Би үзэж, сонсоод надад эдгээр зүйлүүдийг үзүүлсэн тэнгэрэлчид мөргөхөөр хөл дор нь унав. Тэр надад „Ингэхийн хэрэггүй. Би бол чи болоод зөнч ах дүүсийн чинь... хамтран зүтгэх боол болой. Бурханд мөргө“ гэв» гэжээ (Илчлэлт 22:8, 9). Энэ хүчит тэнгэрэлч ямар эгэл даруу вэ!
19, 20. Ромын ялан дийлэгч жанжнуудын ихэмсэг занг Есүсийн даруу зантай харьцуулан үзнэ үү.
19 Даруу зангийн төгс жишээг Есүс үзүүлсэн. Тэрбээр Бурхны Хүү, Бурхны тэнгэрийн Хаанчлалын ирээдүйн Хаан байлаа. Гэсэн хэдий ч тэрээр ромын ялан дийлэгч жанжнууд шиг байгаагүй юм. Тэднийг хүндэтгэн, сүрт жагсаал, ёслолын ажиллагаа болж, тэд ч цагаан морьд юм уу заримдаа заан, арслан, бар хөллөсөн, алт болоод зааны ясаар чимэглэсэн дайны тэргээр явж өнгөрдөг байжээ. Ёслолын ажиллагаанд хөгжимчид, ялалтын дуу дуулаачид оролцож, олз ачсан мухлаг тэрэг өнгөрч, тулалдах урлаг үзүүлдэг том том тавцан явдаг байв. Мөн түүнчлэн олзлогдсон хаад, ноёд, жанжнуудыг гэр бүлийнхэнтэй нь хамт нүцгэлэн явуулдаг байсан ажгуу. Энэ бүхнээс уй гашуу, ихэмсэг байдлын уур амьсгал бий болдог байжээ.
20 Есүс биеэ хэрхэн авч явж байсныг дээрхтэй харьцуулаад үз дээ. Тэрбээр өөрт нь хамааралтай «Харагтун, чиний Хаан чам дээр ирж явна. Илжиг ... унаж эгэл даруухнаар ирнэ» гэсэн зөгнөлийг даруухнаар биелүүлэхэд бэлэн байсан. Аугаа их сүрт жагсаалын морьд хөллөсөн тэрэг бус, ачлаганы мал унасаар, эгэл даруухнаар ирсэн билээ (Зехариа 9:9; Матай 21:4, 5). Шинэ ертөнцөд үнэнхүү даруу, хайртай, өрөвч, энэрэнгүй сэтгэлтэй Есүс Еховагийн томилсон Хааны ёсоор дэлхийг бүхэлд нь захирна гэдэгт номхон даруу хүмүүс хэчнээн баяртай байдаг гээч! (Исаиа 9:6, 7; Филиппой 2:5–8).
21. Даруу зан нь юуны шинж биш вэ?
21 Библийн цаг үед Есүс, Пэтр, Паул болон итгэлтэй эрэгтэй эмэгтэй хүмүүс даруу байсан нь даруу зан бол өөдгүй доройн шинж гэсэн үзлийг няцаадаг. Харин ч зан чанарын хүчийг илтгэж байна. Учир нь эдгээр хүмүүс эр зориг, идэвх зүтгэлтэй байсан шүү дээ. Тэд ёс суртахууны буюу сүнсний хүчийг үзүүлэн, сорилтыг давж гарсан билээ (Еврей 11-р бүлэг). Түүнтэй адил, өнөөдөр ч гэсэн Еховагийн албатууд даруу зантай байж, тийм хүчийг үзүүлдэг. Яагаад гэвэл, Бурхан даруу хүмүүсийг хүчит ариун сүнсээрээ дэмждэг болой. Тийм ч учраас «...даруухнаар хувцасла. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг харин даруу хүнд ивээлээ хайрладаг. Иймд Бурхны хүчирхэг мутрын дор даруу бай. Ингэх нь Бурхан зохистой цагтаа та нарыг өргөмжлөхийн тул юм» гэж биднийг уриалан дууддаг (1 Пэтр 5:5, 6; 2 Коринт 4:7).
22. Дараагийн нийтлэлээр юу ярих вэ?
22 Даруу зан нь Бурхны албатуудын амьдралд тусгалаа олдог өөр нэгэн сайн талтай. Энэ нь хурлууд дахь хайр болон хатын ажиллагаанд маш их тус дэм болдог. Түүнээс гадна, энэ бол даруу зангийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ тухай дараагийн нийтлэлээр ярих болно.
Давтлага
◻ Энэ дэлхийд ноёлдог байдлыг тодорхойлон хэлнэ үү?
◻ Даруу хүмүүст элгэмсүү ханддгаа Ехова яаж илэрхийлдэг вэ?
◻ Ямар учраас даруу байдалд суралцах хэрэгтэй вэ?
◻ Даруу байдлыг илэрхийлсэн хүмүүсийн ямар жишээ Библид байдаг вэ?