БҮЛЭГ 1
«Бурхныг хайрлах нь»
«Бурхныг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» (1 ИОХАН 5:3).
1, 2. Та ямар учраас Ехова Бурхныг хайрладаг вэ?
ТА Бурханд хайртай юу? Хэрэв та Ехова Бурханд өөрийгөө зориулсан бол шууд л «Хайртай байлгүй яах вэ!» гэж хэлэх байх. Тэгж хэлэх нь ч аргагүй юм. Үнэхээр Еховаг хайрлахаас өөр яах билээ. Бурхныг хайрладаг маань хайрыг нь хайраар хариулж байгаа хэрэг шүү дээ. Библид: «Эхлээд Тэр [Ехова] биднийг хайрласан тул бид хайрладаг юм» хэмээсэн байдаг (1 Иохан 4:19).
2 Ехова бидэнд хайртайгаа харуулах анхны алхмыг хийсэн. Тэрбээр үзэсгэлэнт сайхан дэлхийг бидэнд гэр болгон өгсөн. Бидний бие махбодын болон ахуйн хэрэгцээг хангадаг (Матай 5:43–48). Бас эдгээрээс илүү чухал сүнслэг хэрэгцээг маань хангахын тулд өөрийн Үг буюу Библийг өгсөн. Залбирлыг маань сонсоно, ариун сүнсээ өгч тусална гэсэн бат итгэлтэйгээр залбирахыг бидэнд уриалдаг (Дуулал 65:2; Лук 11:13). Хамгийн гол нь, Бурхан биднийг нүгэл болон үхлээс аврахын тулд хамгаас хайртай Хүүгээ золиос болгон өгсөн. Ямар агуу хайр вэ! (Иохан 3:16; Ром 5:8).
3. а) «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихын» тулд яах хэрэгтэй вэ? б) Ямар чухал асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ? Хариуг нь хаанаас олох вэ?
3 Ехова хайрандаа хөтлөгдөн бидний төлөө ихийг хийжээ. Харин тэр бүхний ач тусыг хүртэх үү, үгүй юү гэдэг нь биднээс л шалтгаална. Бурхны Үг биднийг мөнх амийн найдвар өвөрлөн, «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихыг» уриалдаг (Иуда 21). «Өөрсдийгөө сахих» гэдэг үг Бурхны хайран дотор байхын тулд хүчин чармайлт гаргах учиртайг сануулдаг. Бурхныг хайрладгаа дор бүрнээ бодитойгоор харуулах хэрэгтэй. Үүнээс үүдээд, «Бурхныг хайрладгаа ямар үйл хэргээр харуулах вэ?» гэсэн чухал асуултыг бодож үзэх нь зүйтэй. Ариун сүнсээр удирдуулсан элч Иоханы үг энэ асуултад хариулдаг. Тэрбээр: «Бурхныг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» хэмээжээ (1 Иохан 5:3). Бурхныг чин сэтгэлээсээ хайрладгаа харуулахыг хүсдэг хэн боловч энэ үгийн утга учрыг эргэцүүлэн бодох ёстой.
«БУРХНЫГ ХАЙРЛАХ НЬ»
4, 5. Та анх яаж Еховаг хайрладаг болсон бэ?
4 Элч Иохан үгээ «Бурхныг хайрлах нь» гэж эхэлжээ. Энэ үгээ яаж тайлбарласныг нь үзэхээсээ өмнө, Еховаг анх хэрхэн хайрладаг болсноо эргэн санацгаая.
Ехова Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэх нь хайрын сэтгэлээр захирагдахын эхлэл юм
5 Та анх Еховагийн тухай үнэнийг мэдэж, санаа зорилгыг нь ойлгоод, түүнд итгэдэг болсон тэр үеэ санаж байна уу? Ехова Бурхан таныг өөрөөс нь хөндийрсөн, төрөлхийн нүгэлтэй хүн байхад Адам шиг төгс болгож, мөнхийн амь өгөхийн тулд Христийг золиосолсныг та ойлгосон (Матай 20:28; Ром 5:12, 18). Таны төлөө хамгийн хайртай Хүүгээ үхүүлсэн нь хамгийн эрхэм юмаа золиосолсон хэрэг байсныг ухаарсан биз ээ. Бурхан таныг ингэж их хайрласанд догдлон баярлаж, Бурхныг хайрладаг болсон болов уу (1 Иохан 4:9, 10).
6. Жинхэнэ хайр юугаар танигддаг вэ? Та Бурхныг хайрладаг болчихоод ямар шийдвэр гаргасан бэ?
6 Гэхдээ тэр догдолсон сэтгэл Еховаг гэсэн чин хайрын дөнгөж эхлэл байсан. Хайр гэдэг бол сэтгэлийн хөдлөл юм уу «Би Еховад хайртай» гэж хэлэх төдий зүйл биш юм. Итгэл үйл хэргээр батлагддаг шиг жинхэнэ хайр чин сэтгэлийн үйл хэргээр танигддаг (Иаков 2:26). Хүн, ер нь, хайртай хүнийхээ сэтгэлд нийцсэн зүйлийг хийхийг хүсдэг. Тиймээс, Еховаг хайрлах сэтгэл танд анх төрөхөд тэнгэрийн Эцэгтээ таалагдаж амьдрахыг өөрийн эрхгүй хүсээ биз ээ. Та баптисм хүртсэн үү? Хүртсэн бол, Еховаг зүрхнийхээ угаас хайрлаж, түүнд чин үнэнч байхыг хүссэндээ хамгийн чухал энэ шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх үйл хэрэгт өөрийгөө зориулаад, үүнийгээ бэлгэдэн харуулж, баптисм хүртсэн байна шүү дээ (Ром 14:7, 8). Энэ чухал амлалтаа биелүүлэхийн тулд Иоханы үгийг анхааралтай авч үзэх хэрэгтэй.
«ТҮҮНИЙ ТУШААЛУУДЫГ САХИХ» НЬ
7. Бурхан ямар тушаал өгсөн бэ? Тушаалыг нь сахих гэж яахыг хэлэх вэ?
7 Бурхныг хайрлах нь «Түүний тушаалуудыг сахих юм» гэж Иохан тайлбарласан. Тэгвэл Бурхан бидэнд ямар тушаал өгсөн бэ? Өөрийн Үг буюу Библиэр дамжуулан тодорхой тушаалууд өгчээ. Тухайлбал, архидан согтуурах, садар самуун үйлдэх, шүтээн шүтэх, хулгай хийх, худал хэлэх зэргийг Бурхан хориглодог (1 Коринт 5:11; 6:18; 10:14; Ефес 4:28; Колоссай 3:9). Бурхны тушаалыг сахих гэдэг нь Библид бичсэн ёс суртахууны тодорхой хэм хэмжээг баримталж амьдрахыг хэлнэ.
8, 9. Библид тодорхой заавар байхгүй байлаа ч Еховад юу таалагддагийг мэдэх ямар арга байдаг вэ? Жишээ татна уу.
8 Еховагийн тааллыг олохын тулд зөвхөн тодорхой тушаалыг л сахих нь учир дутагдалтай. Ехова амьдралын өдөр тутмын асуудлыг хэрхэн шийдэхийг нарийвчлан заасан хууль тушаал өгөөгүй. Тиймээс, өдөр тутам тулгардаг элдэв бэрхшээлтэй шууд холбоотой нарийн заавар Библиэс олдохгүй байж болох юм. Ийм үед яавал Еховад таалагдахыг мэдэх арга байна уу? Библид Бурхны үзэл бодлыг тодорхой бичсэн байдаг. Бид Библи судлахынхаа хэрээр Ехова юуг таалдаг, юуг үзэн яддагийг мэдэж авдаг (Дуулал 97:10; Сургаалт үгс 6:16–19). Бас ямар зан чанар, ямар үйл хэргийг үнэлдгийг нь ойлгодог болдог. Еховагийн зан чанар, үзэл бодол, үйл хэргийг хэдийчинээ сайн мэднэ, гаргах шийдвэр, хийх үйлдлээ үзэл бодолд нь төдийчинээ сайн нийцүүлж сурдаг. Тиймээс, өмнө маань тулгарсан бэрхшээлийг хэрхэн шийдэхийг нарийвчлан заасан тодорхой хууль тушаал Библид байхгүй байлаа ч Еховагийн «хүсэл юу болохыг» ухаарч болдог (Ефес 5:17).
9 Жишээ нь, хүчирхийлэл, садар самууныг илт сурталчилсан кино, нэвтрүүлэг зэргийг үзэхийг шууд хориглосон тодорхой тушаал Библид байдаггүй. Тэгээд ч тийм тушаал заавал хэрэгтэй гэж үү? Ехова энэ асуудалд хэрхэн ханддагийг бид мэддэг шүү дээ. Библид: «Хүчирхийлэлд дурлагчийг Түүний [Еховагийн] сэтгэл үзэн яддаг» гэж тодорхой бичсэн байдаг (Дуулал 11:5). Бас «Янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ» гэж байдаг (Еврей 13:4). Эдгээр зүйлийг эргэцүүлэн бодохлоор Еховагийн үзэл бодлыг төвөггүй ойлгоно. Тиймээс, бид Бурхны үзэн яддаг муу үйлийг харуулсан юуг ч үзэж сонирхохгүй байхаар шийддэг. Ямар ч гэм хоргүй зугаа цэнгэлд тооцогддог өнөөгийн нийгмийн бузар бүхнээс зайлсхийвэл Еховаг баярлуулна гэдгээ ойлгодог.a
10, 11. Бид Бурханд ямар учраас, ямар сэтгэлээр дуулгавартай байдаг вэ?
10 Бурхны тушаалыг сахидгийн маань гол шалтгаан юу вэ? Өдөр бүр Бурхны үзэл бодолд нийцүүлж амьдрахыг хүсдэг маань ямар учиртай вэ? Шийтгүүлэхээс айсандаа юм уу Бурхны хуулийг зөрчдөг хүмүүс шиг хор хохирол амсахгүйн тулд тэгдэг юм биш (Галат 6:7). Бидний хувьд, Еховад дуулгавартай байх нь хайртайгаа харуулах сайхан боломж юм. Хүүхэд ааваараа магтуулах дуртай байдаг шиг бид Еховагийн тааллыг олохыг хичээдэг (Дуулал 5:12). Ехова бидний Эцэг учраас бид түүнийг хайрладаг. Еховагийн тушаалыг сахин амьдарч, «тааллыг [нь] хүртдэгээ» мэдэх шиг баяр баясгалан үгүй билээ (Сургаалт үгс 12:2).
11 Тиймээс, Бурханд дуулгавартай байдаг маань эрх мэдлийг нь арга буюу хүлээн зөвшөөрч, албан хүчээр захирагдаж байгаа хэрэг биш юм.b Бас бид Бурхны тушаалыг сахихдаа аль ашигтайг нь юм уу амар хялбарыг нь шилж сонгодоггүй. Харин сэтгэл «зүрхнээсээ дуулгавартай» байдаг (Ром 6:17). «Би өөрийн хайрладаг Таны тушаалуудад баясах болно» хэмээсэн дуулалчийнх шиг сэтгэл бидэнд төрдөг (Дуулал 119:47). Бид Еховад дуулгавартай байхдаа дуртай. Бурхан бидэнд чин зүрхнээсээ, хоёргүй сэтгэлээр дуулгавартай байхыг тушаадаг бөгөөд тийн тушаах эрхтэйг нь ухамсарлан ойлгодог (Дэд хууль 12:32). Бид Бурхнаар Ноагийн адил магтуулахыг хүсдэг. Ехова насан туршдаа үнэнч, дуулгавартай явсан Ноаг магтаж, «Ноа тийнхүү үйлдэж, Бурхны өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ» хэмээн Библид бичүүлсэн байдаг (Эхлэл 6:22).
12. Яавал Еховагийн зүрхийг баярлуулах вэ?
12 Биднийг дуртайяа захирагдахад Еховад ямар санагддаг вэ? Зүрх нь баярладаг гэж Библид бичсэн байдаг (Сургаалт үгс 27:11). Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн хүнийг дуулгавартай байлаа гэж үнэхээр баярладаг гэж үү? Тийм ээ, баярладаг! Баярладаг нь ч учиртай. Ехова хүнд сонгох эрх чөлөө өгсөн учир бид түүнд захирагдах эсэхээ сонгох эрхтэй (Дэд хууль 30:15, 16, 19, 20). Тэнгэрийн Эцэг Еховагаа чин сэтгэлээсээ хайрлан, дуртайяа захирагдахаар шийдвэл таалалд нь нийцэж, зүрхийг нь баярлуулна (Сургаалт үгс 11:20). Бас амьдралын хамгийн зөв замыг сонголоо гэсэн үг.
«ТҮҮНИЙ ТУШААЛУУД НЬ ХҮНД ДАРАМТ БИШ БИЛЭЭ»
13, 14. Бурхны «тушаалууд нь хүнд дарамт биш» гэж үзэхийн учир юу вэ? Жишээгээр тайлбарлана уу.
13 Элч Иохан Еховагийн тавьдаг шаардлагын талаар: «Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» хэмээн бичсэнийг уншихлаар урам зориг ордог.c Ехова төгс бус хүний хэрээс хэтэрсэн, биелүүлэхийн аргагүй хүнд шаардлага тавьж, дарамт шахалт үзүүлдэггүй.
14 Нэг жишээ татъя. Найз тань гэрээ нүүлгэх болоод, танаас тусламж гуйжээ. Зөөх ачаа бараа их байлаа. Зарим нь ганц хүн зөөж болмоор хөнгөн, зарим нь нэлээд хүнд, хоёр хүн л зөөхгүй бол даахааргүй ачаа байв. Найз тань ганц хүний зөөчихмөөр ачааг тусад нь ялгажээ. Таны даахгүйг мэдсээр байж хүнд ачаа зөөлгөж, гэмтэж бэртэхээр юм хийлгэхгүй шүү дээ. Үүнтэй адилаар, халамжтай, сайхан сэтгэлтэй Бурхан бидэнд биелүүлэхийн аргагүй хүнд шаардлага тавихгүй нь ойлгомжтой (Дэд хууль 30:11–14). Биднээр «хүнд ачаа» хэзээ ч зөөлгөхгүй. «Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» учир хэр хэмжээг маань ч мэддэг (Дуулал 103:14).
15. Еховагийн тушаалууд бидэнд хамгийн тустай гэдэгт ямар учраас итгэж болох вэ?
15 Еховагийн тушаалууд хүнд дарамт огт биш, харин ч хамгийн тустай зүйл юм (Исаиа 48:17). Тиймээс, Мосе эртний израильчуудад: «Бидний үргэлжийн сайн сайхны төлөө, мөн биднийг өнөөдрийнх шиг амьд байлгахын тулд ЭЗЭН эдгээр бүх зарлигийг дагахыг, өөрсдийн Бурхан ЭЗЭНээс эмээхийг бидэнд тушаасан» гэж хэлсэн (Дэд хууль 6:24). Ехова биднийг өнө удаан, үүрд мөнх сайн сайхан явуулахыг хүсдэг учраас хууль тушаалаа өгсөн гэдэгт бид ч бас итгэлтэй байх учиртай. Еховагийн тушаал бидэнд хэзээ ч гай болохгүй. Тэрбээр хосгүй мэргэн ухаантай Бурхан билээ (Ром 11:33). Тиймээс, хүнд юу хамгийн сайн болохыг мэддэг. Бас тэр чигээрээ хайр билээ (1 Иохан 4:8). Ехова хамгийн гол чанар буюу хайрандаа хөтлөгдөн бүх юмыг хийдэг. Үйлчлэгчдэдээ өгсөн тушаалынх нь үндэс ч хайр юм.
16. Ёс бус ертөнц болон төгс бус байдалтайгаа тэмцэх шаардлага гардаг ч Бурханд дуулгавартай байж болдгийн учир юу вэ?
16 Гэхдээ Бурханд дуулгавартай байхыг амархан гэж хэлэх гэсэн юм биш л дээ. Бид «муу нэгний дотор байдаг» ёс бус ертөнцөд уусахгүйн тулд тэмцэх хэрэгтэй болдог (1 Иохан 5:19). Бас Бурхны хуулийг зөрчих хандлагатай төгс бус хүмүүс учраас өөртэйгөө ч тэмцэх шаардлага гардаг (Ром 7:21–25). Гэвч Бурхныг хайрладаг хүн энэ тэмцэлд ялдаг. Ехова өөрт нь хайртайн улмаас дуулгавартай байдаг үйлчлэгчдээ ивээж, өөрийг нь «дагагсдад» ариун сүнс өгдөг (Үйлс 5:32). Ариун сүнс бидэнд сайн үр жимс буюу сайхан зан чанар хөгжүүлэхэд тусалдгийн ачаар бид Бурханд дуулгавартай байж сурдаг (Галат 5:22, 23).
17, 18. а) Энэ номыг судлах явцдаа юуг нягтлан үзэх вэ? Юуг санах хэрэгтэй вэ? б) Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?
17 Бид энэ номыг судлах явцдаа Еховагийн тогтоосон зарчим, ёс суртахууны хэм хэмжээ болон хүсэл тааллыг нарийн нягталж үзнэ. Ингэхдээ хэдэн чухал зүйлийг санах хэрэгтэй. Ехова хууль тушаалаа сахиулах гэж биднийг албаддаггүй бөгөөд чин сэтгэлээсээ дуулгавартай байгаасай гэж хүсдэг. Бас тушаалыг нь биелүүлэн одоо ивээл хүртэж, ирээдүйд мөнх аминд хүрэхийг бидэнд уриалдаг. Бурханд дуртайяа захирагдахыг чин сэтгэлийн хайраа харуулах завшаан гэж үзэцгээе.
18 Ехова биднийг зөв бурууг ялгах чадвартай байгаасай гэсэндээ мөс чанар өгчээ. Зөв бурууг сайн ялгадаг болохын тулд мөс чанараа сургах хэрэгтэй. Энэ талаар дараагийн бүлгээс үзье.
a Үзэж харах, уншиж сонсох зүйлээ яаж ухаалгаар сонгохыг энэ номын 6-р бүлгээс үзнэ үү.
b Есүс чөтгөрүүдийг хүмүүсээс гарахыг тушаахад тэд хүсээгүй боловч эрх мэдлийг нь арга буюу хүлээн зөвшөөрч, захирагдахад хүрсэн. Тиймээс, муу сүнснүүд хүртэл дуртай дургүй захирагддаг гэж хэлж болно (Марк 1:27; 5:7–13).
c 1 Иохан 5:3-т «хүнд дарамт» гэж орчуулсан грек үгийг Матай 23:4-т «хүнд ачаа» гэж орчуулсан байдаг. Энэ үгээр шашны удирдагчид, фарисайчуудын энгийн ард олонд үүрүүлсэн, Бурхны хуульд бичээгүй нарийн дүрэм журам, ёс заншил зэргийг хэлжээ. Мөн Үйлс 20:29, 30-д христиануудыг төөрөгдүүлэхийг оролдон, «гажууд зүйлс зааж», бусдыг дарамтлах тэрслэгчдийг энэ үгээр тодотгон хэлснийг «догшин» гэж хөрвүүлжээ.