«Апокалипсис» номын «сайн мэдээ»
«Тэнгэрийн тэртээд өөр нэгэн тэнгэрэлч нисэж явахыг би харав. Газар дээр нутаглагсдад... дэлгэрүүлэх мөнх сайн мэдээ түүнд байдаг» (ИЛЧЛЭЛТ 14:6).
1. Еховагийн Гэрчүүд «Апокалипсис»-ийг Бурхны онгод оруулсан ном гэдэгт итгэдэг ч тэднийг яагаад «апокалипсисийн бүлэг» гэж нэрлэж болохгүй вэ?
ДЭЛГЭРҮҮЛДЭГ мэдээнийх нь төлөө Еховагийн Гэрчүүдийг «апокалипсисийн шашны бүлэг» буюу «дэлхийн төгсгөлийн тухай мэдээ тунхагладаг шашны бүлэг» гэж нэрлэх хэрэггүй. Гэхдээ тэд «Апокалипсис»a буюу «Илчлэлт» номыг Бурхны Үгийн нэг хэсэг гэж үздэг. Илчлэлт номд хорон муу хүмүүсийг шүүх тухай мэдээ байдаг нь үнэн боловч Бурхны албатууд бүх ард түмэнд гэрчлэл хийхдээ Библиэс, тэр дундаа, Апокалипсис буюу Илчлэлтээс уншиж болох гайхамшигт найдварыг голлон анхаардаг. Тийнхүү энэ номын зөгнөлийн үгэнд юуг ч нэмдэггүй, бас тэндээс юуг ч хасдаггүй (Илчлэлт 22:18, 19).
Сайн мэдээг зарлан тунхаглагчид
2. Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ажилдаа Библийн ямар зүйлийг байнга ашигладаг вэ?
2 Еховагийн Гэрчүүдийн бүх ард түмэнд үйлчлэх Библийн үндэс нь «Тэнгэрийн Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх ард түмэнд гэрчлэл болж дэлхий даяар дэлгэрүүлэгдэнэ. Дараа нь төгсгөл ирнэ» гэж Есүсийн хэлсэн үг юм (Матай 24:14). «Тэнгэрийн Хаанчлалын... сайн мэдээ» гэдэг нь юу вэ? Олон Гэрч үүний хариу болгож «Илчлэлт» номын 20, 21-р бүлгээс иш татах байх. Тэнд Христийн Мянган жилийн захиргаа болон түүний Хаанчлал буюу засгийн газрын тухай; уйлах, өвдөх, үхэх «гэж үгүй болох» хүний нийгмийн тухай бичсэн байдаг (Илчлэлт 20:6; 21:1, 4).
3. Еховагийн Гэрчүүдийн бүх ард түмэнд үйлчлэх үйлчлэл нь ямар үүрэгт хамаарах вэ?
3 Үнэн хэрэгтээ, үүрэг нь «Илчлэлт» номд бичээстэй байдаг тэнгэрийн бэлэг тэмдгийн зарч энэхүү сайн мэдээг зарлан тунхагладаг Еховагийн Гэрчүүдээр дамжуулан хэлдэг. Тэнд «Тэнгэрийн тэртээд өөр нэгэн тэнгэрэлч нисэж явахыг би харав. Газар дээр нутаглагсдад ба бүх удам угсаа, бүх үндэстэн, бүх хэл, бүх ард түмэнд дэлгэрүүлэх мөнх сайн мэдээ түүнд байдаг» гэж буй (Илчлэлт 14:6). Энэ бол «Дэлхийн хаанчлал нь бидний Эзний ба Түүний Христийн хаанчлал болсон» тухай, Еховагийн тогтоосон «дэлхийг устгагчдыг устгах цаг»-ийн тухай тунхаг бүхий мөнх сайн мэдээ юм (Илчлэлт 11:15, 17, 18). Энэ нь сайн мэдээ биш гэж үү?
«Илчлэлт» ном бидэнд юу мэдээлдэг тухай
4. а) Илчлэлтийн 1-р бүлэгт ямар тулгуур үнэнийг хэлж өгсөн байдаг вэ? б) Сайн мэдээний ашиг тусыг хүртэхийг хүссэн хүмүүс яах хэрэгтэй вэ?
4 «Илчлэлт» номын 1-р бүлэгт Еховаг «Альфа ба Омега... хожим ирэх Төгс хүчит Эзэн» гэж дүрсэлсэн байдаг. Харин түүний Хүү Есүс Христийг «итгэмжит гэрч ба үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч» гэж тодорхойлжээ. Тэнд мөн Есүсийн талаар «биднийг хайрладаг бөгөөд цусаараа биднийг нүглээс чөлөөлсөн» гэж бичсэн байна (Илчлэлт 1:5, 8). Ингэхлээр, «Илчлэлт» ном анхнаасаа л авралын тулгуур үнэнийг хэлж өгч байна. Хэрэв «Газар дээр нутаглагсад» Еховагийн хэмжээлшгүй эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй, Есүсийн урсгасан цусанд итгэхгүй, Бурхан Христийг үхэгсдээс амилуулсан бөгөөд одоо Бурхны томилсон дэлхийн Захирагч байгаа гэдэгт итгэхгүй л юм бол зарлан тунхаглаж буй сайн мэдээ ашиг тусаа өгөхгүй (Дуулал 2:6–8).
5. Илчлэлтийн 2, 3-р бүлэгт Христ ямар үүрэгтэйгээр гардаг вэ?
5 Удаах хоёр бүлэгт Христ Есүс дэлхий дээрх шавь нараасаа бүрдсэн хурлуудын тэнгэр дэх халамжит Харгалзагч байдлаар гардаг. МЭ 1-р зуунд Бага Азийн христос шашны долоон хуралд хаягласан хуйлмал бичигт өнөө үед ач холбогдлоо алдаагүй урамшууллын ч үг бий, хатуу зэмлэсэн ч үг бий. Хурлуудад илгээсэн тэдгээр захидал нь гол төлөв: «Чиний ажил үйлсийг... мэднэ» гэх буюу «зовлон шаналлыг... чинь мэднэ» гэж эхэлдэг (Илчлэлт 2:2, 9). Тийм ээ, шавь нарынх нь хурлуудад юу болж байгаа нь Христэд тов тодорхой байв. Тэрбээр зарим хүнийг хайр, итгэлийнх нь төлөө, үйлчлэлд гаргасан хөдөлмөрийнх нь төлөө, тэвчээрийнх нь төлөө, түүний нэр хийгээд үгэнд нь үнэнч байсных нь төлөө магтан сайшаасан байхад заримыг нь Ехова болон түүний Хүүг хайрлах хайраа хөргөж, бэлгийн садар самуун явдалд орж, хиймэл шүтээн шүтэж, урван тэрсэлсэн бүлэглэлд орсных нь төлөө зэмлэн буруушаажээ.
6. 4-р бүлгийн үзэгдэл хүмүүст юу ойлгоход нь тусалдаг вэ?
6 4-р бүлэгт Ехова Бурхны тэнгэрийн хаан ширээний бишрэм үзэгдэл гардаг. Энэ үзэгдэл нь Еховаг хүрээлэн буй алдрын тухай, ирээдүйд ашиглах тэнгэрийн засаглалын бүтцийн тухай зарим ойлголт өгдөг. Орчлонт ертөнцийн хамгийн дээд ширээг тойрсон ширээнүүдэд сууж байсан, толгойдоо титэмтэй удирдагч нар Еховагийн өмнө мэхийн, «Та алдар хүндэтгэл болоод хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүгдийг бүтээсэн билээ. Таны хүслээр бүгд оршин байгаа бөгөөд бүгд бүтээгдсэн юм» хэмээн магтан алдаршуулж байв (Илчлэлт 4:11).
7. а) Тэнгэрэлч дэлхийн оршин суугчдад юу хийхийг уриалсан бэ? б) Гэгээрүүлэх ажлын маань нэг чухал хэсэг нь юу вэ?
7 Өнөө үед энэ нь хүмүүст ямар нэгэн ач холбогдолтой юу? Гарцаагүй ач холбогдолтой. Хэрэв тэд Мянган жилийн хаанчлалын үед аж төрөхийг хүсвэл «Тэнгэрийн тэртээд нисэж яваа тэнгэрэлчийн»: «Бурхнаас айгтун. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна» гэж хэлснийг дагах ёстой (Илчлэлт 14:6, 7). Еховагийн Гэрчүүдийн гэгээрүүлэх ажлын нэг гол зорилго бол Еховаг танин мэдэж, түүнийг шүтэж, Бүтээгч гэдгийг нь хүлээн зөвшөөрч, түүний хамгийн дээд, шударга хэмжээлшгүй эрх мэдэлд захирагдахад бэлэн байхад нь «газар дээр нутаглагсдад» туслах явдал юм.
Хүндэтгэвэл зохих Хурга
8. а) 5, 6-р бүлэгт Христ юу болж гардаг вэ? б) Сайн мэдээг сонсогч бүх хүн энэ үзэгдлээс юу мэдэж болох вэ?
8 Дараагийн 5, 6-р бүлэгт Есүс Христ долоон тамгатай номыг нээвэл зохистой, өөрөөр хэлбэл, бидний үед болж буй үйл явдлын талаар бэлэгдлийн хэлээр яривал зохистой Хурга болж гардаг. (Иохан 1:29-тэй харьцуулна уу.) Тэнгэрийн дуу хоолойнууд энэхүү бэлэг тэмдгийн Хургад: «Хуйлаастай бичгийг хүлээн авч, тамгануудыг нь хүчингүй болговол зохистой нь Та мөн. Яагаад гэвэл Та нядлагдсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд цусаараа худалдан авч өгсөн билээ. Та тэднийг бидний Бурхны төлөөх хаанчлал ба тахилчид болгов. Тэд дэлхийг захирах болно» гэж байв (Илчлэлт 5:9, 10). Христийн урсгасан цусны үндсэн дээр бүх гарал үүслийн хүмүүс түүнтэй хамт тэнгэрт байж, «дэлхийг захирах»-аар дуудагдсан гэдгийг энэ үзэгдэл зааж өгч байна. (Илчлэлт 1:5, 6-тай харьцуулна уу.) Цааш нь, Илчлэлтэд тэдний нарийн тоог заасан байгаа.
9. 6-р бүлэгт Есүсийг яаж дүрсэлсэн байдаг вэ?
9 Өөр нэг үзэгдэлд Есүсийг толгойдоо титэмтэй, цагаан морь унаснаар дүрслэсэн ба тэрээр «ялахын тулд ялсаар гарч ирэв» гэжээ. Аз болоход, тэрбээр Апокалипсисийн өөр гурван морьтноор бэлэгдсэн гай зовлонгийн хор уршгийг «ялна». Гурван морьтон улангассан давхиагаараа эргэлт болсон 1914 оноос эхлэн хүн төрөлхтөнд дайн, өлсгөлөн, үхэл авчирсан (Илчлэлт 6:1–8). Бурхны Хурга болох Есүс Христийн хүн төрөлхтнийг аврахаар, мөн Еховагийн гайхамшигт санаа зорилгыг биелүүлэхээр гүйцэтгэж буй хосгүй үүрэг бол Еховагийн Гэрчүүдийн дэлгэрүүлэх ажлын нэг гол сэдэв юм.
10. а) 7-р бүлэгт ямар чухал мэдээлэл байдаг вэ? б) Хаанчлалыг авах хүмүүсийн талаар Есүс юу хэлсэн бэ?
10 7-р бүлэгт үнэхээр сайн мэдээ байдаг. Зөвхөн «Илчлэлт» номоос л Есүсийн «цөөн хэдхэн сүрэг» гэж нэрлэсэн хүмүүсийн тоог олж болох бөгөөд Хурганы Эцэг тэдэнд Хаанчлалыг өгөх юм (Лүүк 12:32; 22:28–30). Ехова Бурхан тэднийг сүнсээрээ тамгалсан билээ (2 Коринт 1:21, 22). Үзэгдэл үзсэн элч Иохан ч энэ тухай гэрчилсэн. Тэрбээр: «Тамгалагдсан хүмүүсийн тоог сонсов. ... нэг зуун дөчин дөрвөн мянган тамгалагдагсад байв» гэжээ (Илчлэлт 7:4). Энэ нарийн тоо нь Хургатай хамт тэнгэрийн Сиоон уулан дээр захирахаар дуудагдаж, «дэлхийгээс зольж аврагдсан» яг төчнөөн хүн байх тухай өгүүлдэг удаах бүлгүүдийн нэгээр батлагддаг юм (Илчлэлт 14:1–4). Христосын шашны ертөнцийн сүм хийдүүд энэ тоог бүдэг бадаг бөгөөд үнэмшилгүй гэж тайлбарладаг хэдий ч энэ тухай Библи судлаач эрдэмтэн Э. В. Буллингер: «Нэг бүлэгт тодорхой тоог тодорхой бус тоонд сөргүүлэн тавьсан нь баримтыг зүгээр л мэдээлэх хэрэг» гэсэн нь сонирхолтой.
11. а) 7-р бүлэгт ямар сайн мэдээ байдаг вэ? б) «Үй олон хүмүүсийг» ямар ирээдүй хүлээж байна вэ?
11 Тодорхойгүй ямар тооны тухай Буллингер өгүүлэв ээ? 9-р зүйлд элч Иохан: «Дараа нь үүнийг харав. Харагтун, хэн ч тоолж чадаагүй үй олон хүмүүс. Тэд үндэстэн бүрээс, бүх удмаас, бүх ард түмнээс, бүх хэлнээс ажээ» хэмээн бичжээ (Илчлэлт 7:9). Энэ үй олон хүмүүсийг хэн хэн бүрдүүлдэг ба өнөө үед Бурхан тэднийг хэрхэн үздэг вэ? Тэднийг ямар ирээдүй хүлээнэ вэ? «Апокалипсис» дэлхий дээр амьдрах хүмүүст найдвар бүхий хариу өгдөг. «Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирээд, нөмрөгөө угааж хурганы цусаар цагаан болгосон хүмүүс байна» гэж бичсэн буй. Христийн асгаруулсан цусанд итгэснийхээ ачаар тэд «үлэмж их зовлонгийн [их гамшгийн]» үед хамгаалагдах болно. Христос «тэднийг ... амийн усны оргилуур дээр дагуулж очно. Бурхан тэдний нүднээс асгарах нулимс бүрийг арчих болно» (Илчлэлт 7:14–17). Тийм ээ, өнөөдөр амьдарч буй сая сая хүн орчин үеийн эд юмсын ёс бус тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд давж гарах энэ тоолж боломгүй үй олон хүнтэй нэгдэж болно. Хаан Есүс Христийн Мянган жилийн засаглалын үед тэд түүний иргэд болох ба тэр ч тэднийг дэлхий дээр мөнх аминд хүргэнэ. Энэ сайн мэдээ биш гэж үү?
«Түүний шүүх үнэн, зөв»
12, 13. а) 8—19-р бүлэгт юун тухай бичсэн байдаг вэ? б) Ямар учраас үнэнч сэтгэлтэй хүмүүс уг зөгнөлүүдээс болж санаа зовох хэрэггүй вэ?
12 8–19-р бүлэгт бичигдсэн зүйлс Илчлэлт бол агуу их сүйрлийг ёрлосон ном гэгдэх үндсэн шалтгаан болдог юм. Эдгээр бүлэгт Сатаны эд юмсын тогтолцоог бүрдүүлэгч янз бүрийн хэсгүүдэд оноосон (бүрээн дуу, шарх, Бурхны уур хилэнгийн аягааар бэлгэдсэн) аймшигт ялын тухай бичсэн байдаг. Эхлээд хуурамч шашныг («Агуу их Вавилон»), дараа нь араатан амьтнаар бэлгэдсэн бурхнаас үл эмээх улс төрийн тогтолцоог шүүх болно (Илчлэлт 13:1, 2; 17:5–7, 15, 16).
13 Эдгээр бүлэгт Сатаныг албидтай нь хамт дэлхий орчимд доош хаян, тэнгэрийг цэвэрлэсэн тухай бичсэн байдаг. Дэлхий дахинд урьд хожид үзэгдэж харагдаагүй их гай зовлон 1914 оноос эхлэн бий болсны учрыг зөвхөн эндээс л ойлгож болно (Илчлэлт 12:7–12). Мөн эдгээр бүлэгт Сатаны дэлхийн эд юмсын ёс бус тогтолцоог устгах тухай бэлгэдлийн үгээр бичсэн буй (Илчлэлт 19:19–21). Үнэнч сэтгэлтэй хүмүүс ийм эмгэнэлт үйл явдлаас айх хэрэгтэй юу? Үгүй. Яагаад гэвэл Бурхны ялыг гүйцэтгэх үед тэнгэрийн цэргүүд: «Халлэлүиа. Аврал, алдар, сүр хүч нь бидний Бурханд байна. Яагаад гэвэл түүний шүүх үнэн зөв» гэж бахдан хашгирах болно (Илчлэлт (19:1, 2).
14, 15. а) Одоо үед оршиж буй эд юмсын ёс бус тогтолцоонд хэрхэн шударга төгсгөл ирэх вэ? б) Ямар учраас «Илчлэлт» номны энэ хэсэг нь үнэнч сэтгэлтэй хүмүүсийн хувьд баяр баясгалангийн шалтгаан болдог вэ?
14 Ехова дэлхийг хөнөөж буй хүмүүсээс дэлхийг цэвэрлэхээс нааш эд юмсын зөв тогтолцоог байгуулахгүй (Илчлэлт 11:17, 18; 19:11–16; 20:1, 2). Ганц ч хүн, нэг ч улс гүрэн үүнийг гүйцэлдүүлэх эрх мэдэл, хүч чадал үгүй юм. Зөвхөн Ехова болон түүний томилсон Хаан ба Шүүгч болох Есүс Христ л үүнийг шударгаар хийж чадна (2 Тэсалоник 1:6–9).
15 «Илчлэлт» ном Ехова одоо оршин тогтнож байгаа эд юмсын ёс бус тогтолцоог төгсгөл болгохыг зорьдог гэдгийг харуудаг. Энэ нь «дунд нь болж буй жигшин зэвүүцэм үйл хэргийг хараад, гаслан санаа алддаг» хүмүүст баярлах үндэс болох ёстой (Езекиел 9:4, ШЕ). Түүнчлэн, сайн мэдээг дэлгэрүүлэгч тэнгэрэлчийн уриаг дагах нь хичнээн чухал болохыг тэд ойлгох ёстой. Тэр тэнгэрэлч: «Бурхнаас айгтун. ... Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг Бүтээгчид мөргөцгөө» гэжээ (Илчлэлт 14:7). Энэ хүмүүс «бурхны хуулиудыг сахигсад ба Есүсийн гэрчлэл байгсад» буюу түүний Гэрчүүдтэй хамт Еховаг шүтэж, түүнд үйлчлэг! (Илчлэлт 12:17).
Алдарт Мянган жилийн засаглал
16. а) Христосын шашны ертөнцийн сүм хийдүүд Христийн Мянган жилийн Хаанчлалд найдах найдварыг үгүйсгэдэг гэж ямар учраас хэлж болох вэ? б) Еховагийн Гэрчүүд загвар залбиралд хариу өгнө гэж яагаад итгэдэг вэ?
16 «Илчлэлт» номын 20–22-р бүлэгт Христийн Мянган жилийн Хаанчлалд найдах Библийн үндэслэл байдаг. Библийн зөвхөн энэ хэсэгт тэнгэр болон газар дээрх мөнхийн аз жаргалын өмнөх үе болсон мянган жилийн тухай тодорхой бичсэн байдаг. Христос шашны ертөнцийн сүм хийдүүд Христийн Мянган жилийн Хаанчлалд найдах найдварыг үгүйсгэдэг. Тэдний сургаал ёсоор бол зөв хүмүүс тэнгэрт очиж, харин нүгэлтнүүд тамд унах учиртай. Өөрөөр хэлбэл, сүм хийдийнхний сургаалд диваажин дэлхийн тухай ойлголт байдаггүй. Бурхны хүсэл таалал «тэнгэрт шигээ газар дээр» биелээсэй гэдэг загвар залбирал христосын шашны ертөнцийн ихэнх гишүүдийн хувьд ямар ч утгагүй болсон (Матай 6:10). Гэхдээ Еховагийн Гэрчүүдийн тухайд ингэж хэлж болохгүй. Ехова Бурхан дэлхийг «дэмий хоосон» бус харин «хүмүүсийг оршин суулгахын» тулд бүтээсэн гэдэгт тэд итгэдэг (Исаиа 45:12, 18). Тэгэхлээр, эртний зөгнөл, загвар залбирал, Илчлэлт номд байдаг Христийн Мянган жилийн Хаанчлалд найдах найдлага—энэ бүхэн өөр хоорондооо зохьцсон байдаг. Христос Мянган жилийн Хаанчлалынхаа явцад Еховагийн хүсэл таалал тэнгэрт хэрхэн биелсэн шиг дэлхий дээр тийн биелсэн байх талаар санаа тавих болно.
17. «Мянган жил» гэсэн үгийг бодитоор ойлгох хэрэгтэй гэдэг нь юунаас харагддаг вэ?
17 Илчлэлт номын 20-р бүлгийн эхний долоон зүйлд «мянган жил» гэсэн үг зургаан удаа гардаг. Грек эхэд энэ үг дөрвөн удаа тодорхой ялгац гишүүнтэй хэрэглэгдсэн байдаг ба энэ нь яг бодит мянган жил гэсэн утгатай болохоос бус христосын шашны ертөнцийнхний тайлбарладаг шиг үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй, урт удаан хугацаа биш юм. Мянган жилийн Хаанчлалын үеэр юу болох вэ? Юун түрүүн энэ бүх үеийн туршид Сатаныг идэвхгүй байдалд оруулна (Илчлэлт 20:1–3; Еврей 2:14 харьцуулна уу). Ямар сайхан баярт мэдээ вэ!
18. а) Ямар учраас Христийн Мянган жилийн Хаанчлалыг шүүх «өдөр» гэж нэрлэж болох вэ? б) Мянган жилийн эцэст юу болох вэ?
18 «Христтэй хамт мянган жил захирах» ёстой тэдэнд «шүүх эрх өгөгдөх» тул энэ үе нь мянган жилийн шүүх «өдөр» болох юм (Илчлэлт 20:4, 6; Үйлс 17:31 ба 2 Пэтр 3:8 харьцуулна уу). Үхсэн хүмүүс амилж, «үлэмж их зовлонг» эсэн мэнд даван туулсан хүмүүсийн хамтаар тэр цагт хийх үйл хэргийнхээ дагуу шударгаар шүүгдэх болно (Илчлэлт 20:12, 13). Мянган жилийн эцэст Сатан богино хугацаанд чөлөөтэй болох бөгөөд үүгээр хүн төрөлхтөн эцсийн сорилтод орж, үүний дараагаар Сатан ба албид, тэднийг дагасан дэлхийн самуун хүмүүс үүрд устах болно (Илчлэлт 20:7–10). Сорилтыг давж гарсан хүмүүсийн нэр «амийн номонд» мөнхөд бичигдэх бөгөөд энэ хүмүүс диваажин дэлхийд Еховаг шүтэн, түүнд үйлчилж, аз жаргалтай мөнх амьдарна (Илчлэлт 20:14, 15; Дуулал 37:9, 29; Исаиа 66:22, 23).
19. а) Илчлэлт номд бичигдсэн гайхамшигт амлалтууд заавал биелнэ гэдэгт ямар учраас эргэлзэхгүй байж болох вэ? б) Дараагийн нийтлэлд юун тухай өгүүлэх вэ?
19 «Апокалипсис» номд байдаг сайн мэдээ нь ийм юм буюу. Энэ бол хүмүүсийн хий хоосон амлалт биш ээ. Элч Иохан: «Ширээнд залрагч „Харагтун, Би бүхнийг шинэчилнэ» гээд «Бич, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн“ гэв» гэж бичжээ (Илчлэлт 21:5). Энэ зөгнөлт сайн мэдээний биелэхийг үзэхийн тулд бид юу хийх ёстой вэ? «Илчлэлт» номд Бурхны таалалд нийцэхийг хүссэн хүмүүст зориулсан багагүй сургаал бий. Дараагийн нийтлэлд бичсэний дагуу энэ сургаалуудад анхаарснаар бид өнөө хийгээд үүрд хязгааргүй их аз жаргалтай болно.
[Зүүлт]
a «Апокалипсис» гэдэг нь «нээлт», «илчлэлт» гэсэн утга бүхий грек гаралтай үг юм.
Давтах асуулт
◻ «Илчлэлт» 4–6-р бүлэгт гардаг ямар ямар тулгуур үнэн сайн мэдээг бүрдүүлэгч чухал зүйл болдог вэ?
◻ «Илчлэлт» номын 7-р бүлэгт ямар сайн мэдээ бичигдсэн байдаг вэ?
◻ Ямар учраас үнэнч сэтгэлтэй хүмүүс «Илчлэлт» номд бичигдсэн ялын тухайд санаа зовох хэрэггүй вэ?
◻ Ямар утгаараа Христийн Мянган жилийн Хаанчлал шүүх «өдөр» болох вэ?