-
Таныг Еховагаас юу ч бүү холдуулагХаруулын цамхаг–2013 | 1 сарын 15
-
-
Таныг Еховагаас юу ч бүү холдуулаг
«Хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго» (ИОШ. 24:15).
1-3. а) Иошуаг шийдвэр гаргах талаар үлгэр дууриал болсон хүн гэж хэлж болохын учир юу вэ? б) Шийдвэр гаргах болбол юу санах хэрэгтэй вэ?
«СОНГО». Хүний амьдралд сонгож шийдэх асуудал олон байдаг. Зөв сонговол зөв амьдарна. Жишээ авъя. Нэг хүн замаар алхаж явжээ. Тэгтэл гэнэт салаа зам гараад ирэх нь тэр. Алинаар нь явах вэ? Очих газраа мэдэж байгаа бол тийш нь хөтлөх замыг сонгохоос бус, тэндээс холдуулах замыг сонгохгүй нь лавтай.
2 Иймэрхүү асуудалтай тулгарч байсан хүмүүсийн тухай Библид олон гардаг. Жишээ нь, Каин уурандаа дийлдэх үү, уураа дарах уу гэдгээ шийдэхэд хүрчээ (Эх. 4:6, 7). Иошуа жинхэнэ Бурханд үйлчлэх үү, хуурамч бурхдад үйлчлэх үү гэдгийн аль нэгийг сонгох хэрэгтэй болсон (Иош. 24:15). Тэрбээр Еховатай ойр дотно байхыг хүсээд тэр зорилгодоо хүрэхэд тус дөхөм болох замыг сонгожээ. Харин Каин тийм зорилгогүй байсан учир Еховагаас холдуулах замыг сонгосон.
3 Заримдаа бидэнд бас чухал шийдвэр гаргах үе байдаг. Тийм үед очих газар буюу тавьсан зорилгоо санах хэрэгтэй. Еховаг алдаршуулж, улам ойр дотно болох уу, эсвэл түүнээс холдох уу гэдэг нь бидний гаргах шийдвэрээс хамаарна (Еврей 3:12-ыг уншина уу). Энэ болон дараагийн өгүүллээр хүний амьдралд тулгардаг долоон чухал асуудлыг авч үзнэ. Эдгээр асуудлаар шийдвэр гаргахдаа Еховагаас холдохгүй байх талаар анхаарах шаардлагатай.
АЖИЛ АЛБА
4. Ажил хийх нь яагаад чухал бэ?
4 Христиан хүн өөрийгөө болон гэр бүлээ тэжээх үүрэгтэй. Төрсөн гэр бүлийнхнээ тэтгэхийг хүсдэггүй бол итгэгч бус хүнээс дор гэж Библид бичсэн байдаг (2 Тес. 3:10; 1 Тим. 5:8). Тэгэхлээр ажил хийх нь зайлшгүй чухал байх нь. Гэхдээ болгоомжтой байхгүй бол ажлаасаа болоод Еховагаас холдох аюул отож байж мэдэх юм.
5. Ажилд орох гэж байгаа бол юу анхаарах хэрэгтэй вэ?
5 Та өөрийгөө ажил хайж байгаагаар төсөөл дөө. Танай нутагт ажил олох амаргүй бол аль олдсоныг нь хийе гэсэн бодол төрж магадгүй. Арай гэж олдсон тэр ажил Библийн зарчимд тохирохгүй бол яах вэ? Христиан үйл хэрэгт оролцож чадахаа больж, гэр бүлийнхнээсээ холдвол яана? Христиан хүнд тохиромжгүй ч ажилгүй сууснаас дээр гэж бодоод энэ ажилд орох уу? Буруу шийдвэр гаргавал Еховагаас холдоно гэдгийг бүү мартаарай (Евр. 2:1). Ажил хайж байгаа юм уу өөр ажилд оръё гэж бодож байгаа бол зөв шийдвэр хэрхэн гаргах вэ?
6, 7. а) Ажил сонгох талаар хүмүүс ямар ямар үзэл бодолтой байж магадгүй вэ? б) Ямар үзэл бодолтой хүн Еховагаас холдохгүй вэ? Яагаад?
6 Зөв шийдвэр гаргая гэвэл тавьсан зорилгоо санах хэрэгтэйг дээр ярилцсан. «Би ямар зорилгоор ажил хийх гээд байгаа билээ?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэрэв та Еховад үйлчлэхийг чухалчилдаг бөгөөд ажил албыг, өөрийгөө болон гэр бүлийнхнээ тэжээх хэрэгсэл гэж үздэг бол Ехова танд туслах нь гарцаагүй (Мат. 6:33). Гэнэт ажилгүй болох юм уу мөнгө төгрөгөөр гачигдвал Ехова таныг орхихгүй (Ис. 59:1). Тэрбээр «бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг ... мэддэг» (2 Петр 2:9).
7 Харин та их мөнгөтэй болох зорилгоор ажил хайж байгаа бол яах вэ? Хүссэнээрээ баяжиж болох л юм. Гэхдээ хамгийн чухал юмаа золиосолж байж ийм амжилтад хүрнэ гэдгийг мартаж болохгүй (1 Тимот 6:9, 10-ыг уншина уу). Эд мөнгө, ажил албыг хэтэрхий их анхаарвал Еховагаас холдоно.
8, 9. Эцэг эхчүүд ажил албаны талаар ямар ямар асуултыг өөрсдөөсөө асуух хэрэгтэй вэ? Яагаад?
8 Хэрэв та үр хүүхэдтэй бол тэдэндээ үлгэр дууриал болдгоо битгий мартаарай. Таны талаар үр хүүхэд тань ямар бодолтой явдаг бол? Ажил албыг чухалд тооцдог хүн гэж боддог уу, эсвэл Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаагаа эн тэргүүнд тавьдаг хүн гэж боддог уу? Та албан тушаал, алдар нэр, эд хөрөнгийг чухалчилдаг бол үр хүүхэд тань өсөж том болоод таны сонгосон замаар явах бус уу? Эсвэл таныг хүндлэхээ боливол яана? Нэг христиан охин: «Бодоод байхад, аав маань ажлыг эн тэргүүнд тавьдаг хүн юм байна. Уг нь их халамжтай хүн л дээ. Тийм болохоор биднийг сайн сайхан явуулах гэсэндээ тэгж их ажиллаж байна гэж бодож байсан. Харин сүүлдээ нэг л өөр болсон. Цаг наргүй ажиллаж, хэрэгтэй хэрэггүй үнэтэй чамин юмаар гэрээ дүүргэх юм. Хүмүүс манайхыг сүнслэг зорилго тавихыг бусдад уриалдаг айл гэхээсээ, их мөнгөтэй айл гэж боддог. Аав маань биднийг чинээлэг амьдруулахын төлөө биш, Еховатай ойр дотно байлгахын төлөө ажилладаг байгаасай» гэж ярьсан юм.
9 Эцэг эхчүүд ээ, ажил албыг хэтэрхий чухал гэж үзээд Еховагаас холдуузай. Еховатай тогтоосон харьцаагаа мөнгөнөөс илүү чухал гэж үнэхээр боддогоо үйл хэргээрээ харуулж, үр хүүхдэдээ үлгэр дууриал болоорой (Мат. 5:3).
10. Ажил мэргэжил сонгохдоо юу анхаарах хэрэгтэй вэ?
10 Охид хөвгүүд та нар сургуулиа төгсөөд ажил мэргэжил сонгох тухай бодож байгаа бол яаж зөв шийдвэр гаргах вэ? Зорилгоо санах хэрэгтэйг дээр ярилцсан. Хүссэн мэргэжлээрээ суралцаж төгсөөд ажил хийлээ гэхэд Хаанчлалын үйл хэрэгт түлхүү оролцож чадах уу, эсвэл Еховагаас холдох уу? (2 Тим. 4:10). Аз жаргалыг мөнгөөр хэмждэг ертөнцийн хүмүүстэй адилхан болмоор байна уу? Эсвэл Еховад итгэж найддаг байсан Давидыг дууриамаар байна уу? Тэрбээр: «Би залуугаасаа хөгширтлөө зөв шударга хүн хаягдахыг, үр удам нь талх гуйж байхыг үзээгүй» гэж бичжээ (Дуу. 37:25). Та нарын өмнө хоёр зам байна. Нэг нь Еховагаас холдуулна, нөгөө нь Еховатай дотно болгож, хамгийн сайхан амьдрал руу хөтөлнө (Сургаалт үгс 10:22; Малахи 3:10-ыг уншина уу). Алийг нь сонгох вэ?a
АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГ
11. Амралт чөлөөт цагийн талаар Библид юу гэж байдаг вэ? Юу санах хэрэгтэй вэ?
11 Баясаж цэнгэхийг Библид буруушаадаггүй. Ном унших, хөгжим сонсох, кино үзэх зэрэг нь ч цаг барсан дэмий зүйл биш. Паул Тимотод бичсэн захидалдаа «Биеийн дасгал нь ... тус болох юм» гэжээ (1 Тим. 4:8). Тэр байтугай, Библид бичсэнээр «инээх цаг», «бүжиглэх цаг» гэж байдаг. Сайхан амарч байхыг ч зөвлөдөг (Ном. 3:4; 4:6). Гэхдээ амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад? Амралт чөлөөт цагаа яаж өнгөрүүлж, хэр их цаг зарцуулж байгаагаа шалгахгүй бол Еховагаас холдох аюултай.
Амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөвөл сэтгэл сэргэж, алжаал тайлагддаг
12. Амралт чөлөөт цагаараа юу үзэж харахаа шийдэхдээ юуны тухай бодох хэрэгтэй вэ?
12 Эхлээд амралт чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх тухай ярилцъя. Ер нь христиан хүнд тохиромжтой ном сэтгүүл, кино нэвтрүүлэг, тоглоом наадам байдаг. Гэхдээ зугаацаж цэнгэх зүйлийн ихэнх нь Бурхны үзэн яддаг үйл хэрэг болох хүчирхийлэл, ид шид, садар самуун гэх зэргийг сурталчилдаг. Тийм учраас, үзэж харах, уншиж сонсох гэж байгаа зүйлээ сайтар шалгах хэрэгтэй. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. Надад яаж нөлөөлөх вэ? Хүчирхийлэлд дурлуулж, өрсөлдөх сэтгэл төрүүлж, үндсэрхэх үзлийг дэвэргэх юм биш биз? (Сур. 3:31). Халаасыг маань хоослохгүй байгаа? Бусдыг бүдрүүлэх үү? (Ром 14:21). Ямар хүмүүстэй их нийлэх бол? (Сур. 13:20). Буруу юм хийх хүсэл төрөх болов уу? (Иак. 1:14, 15).
13, 14. Амарч зугаацахад хэчнээн цаг зарцуулдгаа анхаарах хэрэгтэйн учир юу вэ?
13 Одоо, хэдий хэрийн цаг зарцуулдгаа бодож үзье. «Би хэтэрхий олон цагаар амарч зугаацаад сүнслэг үйл хэрэгт бага оролцдог уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэрэв уншиж сонсох, үзэж харах зүйлдээ хэтэрхий их цаг зарцуулбал амарч, сэтгэлээ сэргээж чадахгүйд хүрнэ. Харин хэр хэмжээг нь тааруулбал бие сэтгэлийн алжаалаа тайлна. Учир нь «илүү чухал» (ШЕ) юмаа эхлээд амжуулчихсан болохоор чөлөөт цагаа сэтгэл амар өнгөрөөж чаддаг (Филиппой 1:10, 11-ийг уншина уу).
14 Удаан амарч зугаацах нь таатай юм шиг боловч Еховагаас хөндийрүүлэх аюултай. Үүнийг биеэрээ амссан 20 настай Ким гэдэг христиан бүсгүй: «Би баасан, бямба, ням гаригт болдог нийллэг бүрд алгасалгүй очдог байсан. Харин одоо илүү чухал зүйл өчнөөн олон байдгийг ойлгодог болсон. Жишээ нь, би эхлэгч учраас дэлгэрүүлэх ажилдаа бэлдэхийн тулд өглөө 6 цагт босдог. Тийм болохоор найз нөхөдтэйгөө шөнийн нэг, хоёр хүртэл хөгжилдөж чаддаггүй. Найзуудтайгаа нийлэх нь муу биш л дээ. Гэхдээ гол юмаа анхаарахаа больдог юм билээ» гэж ярьсан. Бүх юм цаг хугацаатай байдгийг санаж хэр хэмжээг нь тааруулан амрах ёстойг энэ бүсгүй ойлгожээ.
15. Амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөхөд нь эцэг эхчүүд үр хүүхдэдээ хэрхэн туслах вэ?
15 Эцэг эхчүүд өөрсдийнхөө, бас үр хүүхдийнхээ бие махбод, сэтгэл санааны болон сүнслэг хэрэгцээг хангах үүрэгтэй. Тийм учраас, заримдаа баярлаж цэнгэх, сэтгэлээ сэргээх ямар нэг арга хэмжээ зохиодог. Хэрэв та үр хүүхэдтэй бол зугаа цэнгэл болгон муу юм биш гэдгийг санаж, цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрөөхөд нь тэдэндээ тусалж байгаарай. Мөн үүний зэрэгцээ хүүхдээ аливаа муу нөлөөнөөс хамгаалаарай (1 Кор. 5:6). Хашир хэрсүү байвал амралт чөлөөт цагаа гэр бүлээрээ сайхан өнгөрөөж, жинхэнэ ёсоор сэтгэлээ сэргээж чадна.b Ингэвэл та болон үр хүүхэд тань Еховагаас холдохгүй.
ГЭР БҮЛ
16, 17. Зарим эцэг эх юунаас болж гашууддаг вэ? Ехова тэдний зовлонг яагаад сайн ойлгодог вэ?
16 Эцэг эх үр хүүхдийн хооронд тасаршгүй нандин холбоо байдаг. Ехова үйлчлэгчдээ яаж хайрладгаа ойлгуулахын тулд энэ нандин холбоог жишээ болгон татжээ (Ис. 49:15). Хайртай хүмүүс маань Еховаг орхиход бид харамсан гашууддаг нь зүйн хэрэг. Охиныгоо хурлаас хасагдахад ямар байснаа дурсаж нэг ээж: «Элэг зүрх өмрөх шиг л болсон. „Миний охин юунд Еховаг орхичихов оо?“ гэж бодсон. Өөрийгөө л буруутгаж, зүхдэг байлаа» гэсэн юм.
17 Хэрэв та тэдний нэг бол Ехова таны зовлонг сайн ойлгодгийг санаарай. Эхлээд Адам, дараа нь Усан галавын өмнө амьдарч байсан ихэнх хүн өөрт нь тэрслэхэд Ехова «сэтгэл зүрхэндээ гашуудсан» (Эх. 6:5, 6). Хэчнээн хэцүү байдгийг ийм зовлон үзээгүй хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ л буруу хэрэг хийж хурлаас хасагдсан хайртай хүнээсээ болоод Еховагаас холдох нь мунхаг хэрэг болно. Танайхны хэн нэг нь Еховаг орхивол тэр хэцүү үеийг хэрхэн давах вэ?
18. Хүүхэд нь Еховаг орхивол эцэг эхчүүд өөрсдийгөө буруутгах ёсгүйн учир юу вэ?
18 Болсон явдлаас болж өөрийгөө бүү буруутгаарай. Ехова хүмүүст сонгох эрх чөлөө өгсөн. Бурханд өөрийгөө зориулсан, баптисм хүртсэн бүх хүн «өөрийн ачааг үүрэх» ёстой (Гал. 6:5). Эцсийн эцэст та бус, нүгэл үйлдсэн тэр хүн л гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг Бурхны өмнө хүлээнэ (Езе. 18:20). Түүнээс гадна, бусдыг бүү буруутгаарай. Сахилга батын арга хэмжээг Ехова авсныг санаарай. Хурлыг хамгаалах гэсэн хоньчдыг бус, Диаволыг эсэргүүцээрэй (1 Петр 5:8, 9).
Хайртай хүнээ Ехова руу буцаад ирнэ гэж найдан хүлээх нь буруу биш
19, 20. а) Хүүхэд нь хурлаас хасагдвал эцэг эх тэр хэцүү үеийг хэрхэн давах вэ? б) Эцэг эхчүүд юу гэж бодох хэрэгтэй вэ?
19 Нөгөөтэйгүүр, та хүүхдээсээ болоод Еховад уурлавал юу болох вэ? Еховагаас холдоно. Чухамдаа бол, та Еховаг бүхнээс илүү, гэрийнхнээсээ ч илүү хайрладгаа ийм л үед хүүхдэдээ мэдүүлэх учиртай. Тиймээс энэ хэцүү үеийг давахын тулд өөрийнхөө сүнслэг байдлыг анхаараарай. Үнэнч итгэл нэгтнүүдээсээ бүү холдоорой (Сур. 18:1). Еховад сэтгэлээ уудлан залбираарай (Дуу. 62:7, 8). Хурлаас хасагдсан хайртай хүнтэйгээ ямар нэгэн байдлаар, тухайлбал, утсаар ч юм уу электрон шуудангаар харьцах шалтаг бүү хайгаарай (1 Кор. 5:11). Сүнслэг үйл хэрэгт идэвхтэй оролцоорой (1 Кор. 15:58). Дээр ярьсан Гэрч эмэгтэй: «Юунд ч сатааралгүй Еховадаа үйлчлээд, сүнслэгээр бат бэх байх ёстойгоо ойлгож байна. Тэгэхгүй бол охиноо Ехова руу буцаад ирэхэд нь тусалж чадахгүй шүү дээ» гэжээ.
20 Хайр «бүгдэд итгэдэг» гэж Библид байдаг (1 Кор. 13:4, 7). Хайртай хүнээ эргээд ирнэ гэж найдан хүлээх нь буруу биш. Жил бүр олон хүн гэмшээд Еховагийн байгууллага руу буцаж ирдэг. Алдаагаа ухааран гэмшсэн тэднийг Ехова дуртайяа хүлээж авдаг. Учир нь тэрбээр «уучлахад бэлэн» Бурхан юм (Дуу. 86:5).
УХААЛАГ БАЙЖ ЗӨВ СОНГО
21, 22. Та яахаар шийдсэн бэ?
21 Ехова хүмүүн бүтээлдээ сонгох эрх чөлөө өгсөн билээ (Дэд хууль 30:19, 20-ийг уншина уу). Гэхдээ энэ эрх чөлөөг хариуцлага дагалддаг. Христиан хүн бүр дараах асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. «Би аль зам дээр байна вэ? Ажил алба, амралт чөлөөт цаг, гэр бүлийнхнээсээ болоод Еховагаас холдуулах замыг сонгоогүй биз?».
22 Үйлчлэгчдээ гэсэн Еховагийн хайр хэзээ ч дундрахгүй. Бид өөрсдөө л буруу зам сонгохгүй бол юу ч биднийг Еховагаас салгаж чадахгүй (Ром 8:38, 39). Тэгээд ч замаасаа хазайх хэрэг байна уу? Юу ч тохиолдсон, Еховагаас холдохгүй байхаар бат шийдээрэй. Өөр ямар дөрвөн асуудлаар шийдвэр гаргахдаа хянуур байх хэрэгтэйг дараагийн өгүүллээр үзье.
a Ажил мэргэжил сонгох талаарх нэмэлт мэдээллийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2004 оны 5-р сарын 1-ний дугаарын 9-р хуудасны 15–17-р догол мөрөөс үзнэ үү.
b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2011 оны 10-р сарын 15-ны дугаарын 9–12-р хуудсанд нэмэлт мэдээлэл бий.
-
-
Еховатай үргэлж дотно байгтунХаруулын цамхаг–2013 | 1 сарын 15
-
-
Еховатай үргэлж дотно байгтун
«Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» (ИАК. 4:8).
1, 2. а) Сатан хүмүүст юу гэж бодуулахыг хүсдэг вэ? б) Яавал Бурханд ойртох вэ?
ХҮН бол Ехова Бурхантай дотно харьцаж байх учиртай бүтээл юм. Харин Сатан хүмүүст «Би Еховад хэрэггүй» гэсэн бодол төрүүлэхийг хүсдэг. Бүр Еден цэцэрлэгт Еваг мэхэлсэн цагаасаа эхлэн ингэж бодуулах гэж оролдсоор иржээ (Эх. 3:4–6). Түүнээс хойш хүн төрөлхтний дийлэнх нь Сатаны энэ мэхэнд унасан.
2 Диаволын урхинд орохгүй байх боломж бидэнд бий. «Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш» (2 Кор. 2:11). Сатан биднээр буруу шийдвэр гаргуулж Еховагаас холдуулахыг оролддог. Гэлээ ч ажил алба, амралт чөлөөт цаг, гэр бүлтэй холбоотой асуудлаар зөв шийдвэр гаргаж болдгийг өмнөх өгүүллээр үзсэн. Энэ өгүүллээр техник хэрэгсэл, эрүүл мэнд, мөнгө төгрөг, бахархах сэтгэл зэрэг асуудлаар дүн нуруу алдахгүй байвал «Бурханд ойртож» болох тухай ярилцана (Иак. 4:8).
ТЕХНИК ХЭРЭГСЭЛ
3. Орчин үеийн техник хэрэгслийн ашигтай болон аюултай тал нь юу вэ?
3 Дэвшилтэт техник хэрэгслийг өнөөдөр дэлхий даяар өргөн хэрэглэдэг болжээ. Зөв ашиглавал үнэхээр ашигтай. Харин буруу хэрэглэвэл тэнгэрийн Эцгээсээ холдох аюултай. Компьютерийг аваад үзье. Таны уншиж буй энэ сэтгүүлийг компьютерийн тусламжтайгаар бичиж, хэвлэсэн. Энэхүү төхөөрөмж нь мэдээ мэдээлэл хайх, харилцаа холбоо тогтоох, заримдаа сэтгэл сэргээм юм үзэж харах боломж олгодог ашигтай хэрэгсэл. Гэхдээ болгоомжтой байхгүй бол компьютерээс өөр юм бодохоо больж магадгүй. Худалдаа бизнес эрхлэгчид хамгийн сүүлийн үеийн бараа бүтээгдэхүүнийг л авах ёстой гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлдэг. Өсвөр насны нэг хүү самбаран компьютертэй болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд нэг бөөрөө нууцаар худалджээ. Яасан харалган хэрэг вэ!
4. Нэг христиан залуу компьютерээс салдаггүй зуршлаа хэрхэн хаясан бэ?
4 Техник хэрэгслийг буруу ашиглаад Еховатай тогтоосон харьцаагаа алдвал бүр ч их хохирол амсана. 30 орчим настай Ён гэдэг христиан залуу: «Би сүнслэг зүйлийн төлөө „зохистой цагийг зольж ав“ гэсэн Библийн зөвлөгөөг мэддэг ч гэсэн компьютерийн ард суухлаараа өөрөө өөрийнхөө дайсан болчихдог юм» гэж хэлсэн.a Ён шөнө дунд өнгөртөл интернет хэрэглэдэг байжээ. «Хэчнээн ядарсан ч чаатлахаа болихгүй, ямар ч хэрэггүй кино угсруулж үздэг байсан» гэжээ. Энэ зуршлаа хаяхын тулд унтах цаг болмогц компьютерээ автоматаар унтардаг болгосон байна (Ефес 5:15, 16-г уншина уу).
Эцэг эхчүүд ээ, техник хэрэгслийг зөв ашиглахад нь үр хүүхдэдээ туслаарай
5, 6. а) Эцэг эхчүүд ямар үүрэгтэй вэ? б) Хүүхдийнхээ хамгийн сайн найз нь байхын тулд яах хэрэгтэй вэ?
5 Эцэг эхчүүд ээ, та нар хүүхдийнхээ алхам бүрийг хянаж цагдахгүй ч, компьютерээр юу үзэж хардгийг нь байнга шалгаарай. Зөнд нь бүү орхиорой. Интернетээр үл бүтэх хүмүүстэй харилцах юм уу садар самууныг сурталчилдаг, ид шидтэй холбоотой, зодоон цохионтой тоглоом бүхий вэб сайт руу орох вий. Хараа хяналтгүй орхивол «Аав ээж тоохгүй байгаа юм чинь зүгээр» гэж бодож магадгүй. Хүүхэд тань бага насных ч бай, өсвөр насных ч бай, Еховагаас холдуулах бүхнээс хамгаалах нь таны үүрэг. Амьтан хүртэл үр төлөө аюулаас хамгаалдаг шүү дээ. Бамбаруушийг нь булаах гэвэл эвш яахыг төсөөлөөрэй! (Хосеа 13:8-тай харьцуулна уу).
6 Үлгэр дууриал болдог янз бүрийн насны христиануудтай хүүхдээ нөхөрлүүлээрэй. Түүнээс гадна, эцэг эхчүүд та нар л үр хүүхдэдээ цаг зав гаргах ёстойгоо бүү мартаарай! Хүүхэдтэйгээ хамт инээж баясан, тоглож наадан, ажиллаж хөдөлмөрлөөрэй. Бас хамтдаа «Бурханд ойртоорой».b
ЭРҮҮЛ МЭНД
7. Бид ямар учраас эрүүл байхыг хүсдэг вэ?
7 «Бие тэнхээ сайн уу?». Бид бие биетэйгээ уулзаад ингэж асуудаг. Анхны өвөг дээдэс маань Сатаны үгэнд орж Еховагаас холдсон цагаас эхлээд бүх хүн өвдөж зовдог болсон. Биднийг өвдөж зовоход Сатан баярладаг. Яагаад гэвэл, өвдчихвөл Еховад үйлчлэхэд амаргүй болно. Харин үхчихвэл ерөөсөө үйлчилж чадахгүй (Дуу. 115:17). Тэгэхлээр, эрүүл байх гэж хичээдэг маань зүйн хэрэг юм. Ах дүүсийнхээ эрүүл мэндэд ч санаа тавих учиртай.
8, 9. а) Эрүүл мэндийнхээ талаар дүн нуруу алдахгүйн тулд яах хэрэгтэй вэ? б) Баяр хөөртэй байхын ач тус юу вэ?
8 Гэхдээ дүн нуруу алдахаас болгоомжлох хэрэгтэй. Зарим христиан Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлэхээсээ илүү, хоол тэжээл, эмчилгээний аргын тухай их ярьж, эрүүл мэндийн болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг идэвхтэй сурталчилдаг. Бусдадаа тусалж байна гэж боддог байх л даа. Гэлээ ч гэсэн цуглаан, чуулганы өмнө хойно, Хаанчлалын танхимд эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн сурталчлах нь тохиромжтой биш. Яагаад тэгж хэлж болох вэ?
9 Христианууд бид Библийн сэдвээр ярилцаж, Бурхны ариун сүнсний үр жимс болох баяр баясгалангаа нэмэх гэж хамтдаа цугладаг (Гал. 5:22). Тийм учраас, Хаанчлалын танхимд байхдаа бусдынхаа хүсэлтээр ч бай, өөрийнхөө санаачилгаар ч бай, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх юм уу бүтээгдэхүүн сурталчилбал сүнслэг зорилгоо мартах аюултай. Мөн бусдынхаа баяр баясгаланг үгүй хийнэ (Ром 14:17). Эрүүл мэнддээ яаж санаа тавихаа хүн өөрөө шийдэх учиртай. Ер нь өвчин эмгэгээс бүрэн ангижруулах чадалтай хүн байдаггүй. Хамгийн сайн эмч хүртэл хөгширч, өвдөж, эцэстээ үхдэг шүү дээ. Бид эрүүл мэндийнхээ төлөө хэчнээн санаа зовлоо гээд насаа уртасгаж чадахгүй (Лук 12:25). Харин «Баяр хөөртэй зүрх бол сайн эм» гэж Библид бичсэн байдаг (Сур. 17:22).
10. а) Еховад ямар хүн гоё харагддаг вэ? б) Бид хэзээ цоо эрүүл болох вэ?
10 Зүс царайгаа анхаарах нь зөв боловч залуу харагдах гэж хэтэрхий их хичээх ёсгүй. Хүн нас ахих тусам намба суун төлөвшиж, сайхан зан чанартай болдог. Библид «Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог» гэж байдаг (Сур. 16:31). Ехова бидний зүс царайг бус дотор хүнийг маань илүү чухалд үздэг. Бид ч бас ийм үзэлтэй болох хэрэгтэй (1 Петр 3:3, 4-ийг уншина уу). Тийм учраас, илүү гоё болох гээд ямар ч шаардлагагүй, эрсдэл ихтэй мэс засал, эмчилгээ хийлгэх нь хэр ухаалаг вэ? Еховагийн өгдөг баяр баясгалангийн ачаар нас, эрүүл мэндээс үл хамааран жинхэнэ ёсоор гоо үзэсгэлэнтэй харагддаг (Нех. 8:10). Гагцхүү шинэ ертөнцөд залуу насны гоо үзэсгэлэн бүрдэж, цоо эрүүл болно (Иов 33:25; Ис. 33:24). Харин тэр болтол ухаалаг байж, Еховагийн амлалтад итгэж найддаг бол Еховатай ч дотно байна, эрүүл мэнд, гоо сайхандаа ч зохистой хэмжээгээр санаа тавина (1 Тим. 4:8).
МӨНГӨ
11. Хүн яавал мөнгөнд урхидуулах вэ?
11 Мөнгөтэй байх, шударгаар бизнес эрхлэх нь буруу биш (Ном. 7:12; Лук 19:12, 13). Харин мөнгийг хайрлавал Еховагаас холдох нь гарцаагүй (1 Тим. 6:9, 10). Амьдралын наад захын хэрэгцээний талаар хэтэрхий их санаа зовохыг Библид «дэлхийн зовнил» гэсэн байдаг. Энэ нь Еховагаас холдуулах аюултай. «Эд баялгийн хуурамч байдалд» төөрөлдсөн хүн хөрөнгө мөнгөтэй л бол аз жаргалтай, аюулгүй амьдарна гэж боддог (Мат. 13:22). Бурхан болон эд хөрөнгийг «хэн ч» зэрэг хайрлаж чадахгүй гэдгийг Есүс тодорхой хэлсэн (Мат. 6:24).
12. Хүмүүс богино хугацаанд их мөнгөтэй болохын тулд яадаг вэ? Ийм урхинд орохгүйн тулд яах хэрэгтэй вэ?
12 Мөнгөний талаар зөв үзэлтэй байдаг бол хорхой хүргэм зүйлд уруу татагдахгүй (Сур. 28:20). Зарим хүн богино хугацаанд хялбар аргаар мөнгөтэй болох гэж сугалаа сугалах юм уу сүлжээний бизнес эрхэлдэг. Түүгээр ч зогсохгүй итгэл нэгтнүүдээ уруу татдаг. Бас бизнес эрхлэхийн тулд өндөр хүү амлан хурлынхнаасаа мөнгө зээлдэг хүмүүс бий. Их мөнгөтэй болно гэж горьдоод тэдний саналыг хүлээн авч мэхлүүлэхээс болгоомжлоорой. Шунахай зан яагаад ч сайн юманд хүргэхгүй. Ер нь, богино хугацаанд их мөнгөтэй болох боломжгүй гэдгийг санаарай.
13. Мөнгөний талаарх Еховагийн үзэл бодол ертөнцийнхнөөс ямар ялгаатай вэ?
13 Эхлээд «Хаанчлал болон Түүний зөвт байдлыг» хайдаг бол амьдралын наад захын хэрэгцээгээ хангах гэсэн хүчин зүтгэлийг маань Ехова ивээнэ (Мат. 6:33; Еф. 4:28). Хэтэрхий их ажилладгаасаа болоод цуглаан дээр зүүрмэглэх юм уу Хаанчлалын танхимд ирсэн атлаа мөнгө бодоод суудаг бол Еховад таалагдахгүй. Энэ ертөнцийн ихэнх хүн насны эцэст жаргах гэсэндээ мөнгөний төлөө үхэн хатан зүтгэдэг. Бас хөрөнгө мөнгөтэй болохыг үр хүүхдэдээ зөвлөдөг. Гэвч Есүс ийм үзэл бодолтой байх нь ухаалаг хэрэг биш гэдгийг тодорхой хэлсэн (Лук 12:15–21-ийг уншина уу). Энэ нь Гехазийн жишээг бидэнд сануулдаг. Шунахай хүн ч Еховатай дотно байж болно гэж тэрбээр бодож байжээ (Х.дэд 5:20–27).
14, 15. Мөнгөтэй л бол аюулгүй амьдарна гэж бодох нь зөв үү? Жишээ хэлнэ үү.
14 Зарим төрлийн бүргэд дэндүү том загас шүүрчихээд сарвуунаасаа салгаж чадахгүй байсаар усанд живж үхдэг байна. Христиан хүнд ч ийм юм тохиолдохгүй гэсэн баталгаа байхгүй. Ахлагчаар үйлчилдэг Алекс: «Би их арвич хямгач хүн. Шампунийг хүртэл ариг гамтай хэрэглэдэг. Ахиухан шахчихвал буцаагаад саванд нь хийчихдэг» гэж ярьсан юм. Тийм хүн хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас худалдаж ашиг олохоор шийджээ. Их мөнгөтэй болчихоод ажлаасаа хурдан гарч, эхлэгчээр үйлчилье гэж бодсон аж. Тэгээд үнэт цааснаас ашиг олох янз бүрийн арга судлах, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ олж авахад хамаг анхаарлаа хандуулав. Тэр байтугай, брокерын компаниас зээлсэн болон хадгаламжийнхаа мөнгөөр ханш нь өсөх магадлалтай үнэт цаас худалдаж авсан байна. Гэтэл үнэ нь бүр огцом унажээ. Алекс: «Ядаж, алдсан мөнгөө олж авъя гэж бодоод ханш нь өстөл үнэт цаасаа хадгалахаар шийдсэн» гэж хэлсэн.
15 Алекс хэдэн сар үнэт цааснаас өөр юм бодохоо больжээ. Сүнслэг зүйлийг ч анхаарч чадахгүй, сайн унтаж ч чадахгүй болсон байна. Үнэт цаасных нь үнэ өсөөгүй учир хадгаламжид байсан бүх мөнгөө алдаад зогсохгүй орон байраа зарахаас өөр аргагүйд хүрчээ. Алекс: «Манайхан надаас болоод маш их зовсон доо» гэж хэлсэн юм. Харин алдаанаасаа гашуун сургамж авчээ. «Сатаны ертөнцөд найддаг хүн эцэстээ цөхөрдгийг ойлгосон» гэж цааш нь ярьсан (Сур. 11:28). Хэрэв бид хадгаламж, орлогын эх үүсвэр, мөнгө олох чадвартаа найддаг бол «энэ үеийн бурхан» Сатанд найддаг гэсэн үг (2 Кор. 4:4; 1 Тим. 6:17). Алекс «сайн мэдээний төлөө» амьдралаа эгэл жирийн болгожээ. Үүний ачаар тэднийхэн Еховатай улам дотносон, илүү жаргалтай амьдардаг болсон (Марк 10:29, 30-ийг уншина уу).
БАХАРХАХ СЭТГЭЛ
16. Юугаар бахархаж болох вэ? Яавал аюултай вэ?
16 Зөв юмаар бахархах нь буруу биш. Жишээлбэл, Еховагийн Гэрч гэдгээрээ бид бахархах учиртай (Иер. 9:24). Өөрийгөө зохих ёсоор хүндэтгэдэг байх нь Бурхны тогтоосон ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталж, зөв шийдвэр гаргахад тустай байдаг. Гэхдээ өөрийн үзэл бодол, байр суурийг бусдынхаас дээгүүр тавьдаг бол Еховагаас холдоно (Дуу. 138:6; Ром 12:3).
Хариуцлагатай үүрэг хүлээх гэж улайрахын оронд баяр хөөртэй үйлчлээрэй!
17, 18. а) Библид гардаг даруу болон бардам хүмүүсийн жишээ хэлнэ үү. б) Райен бардам зандаа дийлдэн Еховагаас холдсон уу? Тайлбарлана уу.
17 Библид бардам болон даруу хүний жишээ олон байдаг. Давид хаан даруу байж, Еховагийн удирдлага зааврыг дагадаг байсан учир ивээл хүртсэн (Дуу. 131:1–3). Харин Небухаднезар Белшазар нар бардам ихэмсгээсээ болоод шийтгүүлжээ (Дан. 4:30–37; 5:22–30). Даруу байхад амаргүй үе бидэнд ч байдаг. 32 настай туслах үйлчлэгч Райен шинэ хуралд очжээ. Тэрбээр: «Би удахгүй ахлагч болох байх гэж бодож байлаа. Жил өнгөрсөн ч намайг ахлагчаар томилсонгүй» хэмээн ярьсан юм. Ахлагчид өөрийг нь үнэлэхгүй байна гээд Райен уурлаж бухимдсан уу? Бардам зандаа дийлдэн Ехова болон итгэл нэгтнүүдээсээ хөндийрч, цуглаанд очихоо больсон уу? Та түүний оронд байсан бол яах байсан бэ?
18 Райен: «Хүссэн юм санаснаар болохгүй бол яах ёстойг байгууллагын ном хэвлэлээс олдсон бүх материалаас уншсан» гэж ярьжээ (Сур. 13:12). Тэрбээр цааш нь: «Тэвчээртэй, даруу байж сурах ёстойгоо ойлгосон. Еховагаар заалгах хэрэгтэй байсан» гэсэн юм. Райен өөртөө анхаарлаа хандуулахын оронд хурлынхандаа болон бусад хүнд туслахаар шийджээ. Тун удалгүй хэдэн сайн Библийн хичээлтэй болсон байна. «Би дэлгэрүүлэх ажлын амтанд орж, ахлагч болох талаар бодохоо ч больсон байлаа. Гэтэл жил хагасын дараа ахлагчаар томилоход үнэхээр гайхаж билээ» гэж хэлсэн юм (Дуулал 37:3, 4-ийг уншина уу).
ЕХОВАТАЙ ДОТНО БАЙГТУН!
19, 20. а) Еховагаас холдохгүйн тулд яах ёстой вэ? б) Еховатай дотно байсан хэнийг дууриах хэрэгтэй вэ?
19 Шийдвэр гаргахдаа дүн нуруу алдаж болзошгүй долоон зүйлийг энэ цуврал өгүүллээр ярилцлаа. Бид Еховад үйлчилдгээрээ бахархдаг. Гэр бүлээрээ жаргалтай амьдарч, эрүүл саруул байхыг хичээдэг. Өөрийгөө болон гэр бүлээ тэжээхийн төлөө ажил хийж, мөнгө олдог. Амарч зугаацах нь сэтгэл сэргээж, алжаал тайлдаг. Техник хэрэгсэл ч бидэнд тустай. Харин энэ бүхэнд хэтэрхий их цаг зарцуулж, хэр хэмжээг нь тааруулахгүй, ухаалаг бус байвал Еховагаас холдох аюултай.
Таныг Еховагаас юу ч бүү холдуулаг!
20 Сатан таныг ийм аюулд орчихоосой гэж хүсдэг. Гэхдээ өөрсдийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах боломж танд бий! (Сур. 22:3). Еховатай улам дотносоорой. Бурхантай үргэлж дотно байхад тус болох жишээ Библид олон байдаг. Енох Ноа хоёр «Бурхантай хамт явсан» (Эх. 5:22; 6:9). Мосе «үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсээр» байсан (Евр. 11:27). Есүс юу ч хийсэн тэнгэрийн Эцгийнхээ таалалд нийцүүлдэг байсан учраас ивээл хүртсэн (Иох. 8:29). Тэднээс үлгэр дууриал аваарай. «Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа илэрхийл» гэж Библид байдаг (1 Тес. 5:16–18). Таныг Еховагаас юу ч бүү холдуулаг!
a Нэрсийг өөрчлөв.
b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2007 оны 9-р сарын 1-ний дугаарт нийтлэгдсэн «Эцэг эхчүүд ээ, үр хүүхдээ хайраар хүмүүжүүлэгтүн», «Үр хүүхдээ Еховаг хайрладаг болгон сургагтун» гэсэн цуврал өгүүллийг үзнэ үү.
-