Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц14 3/15 х. 30-32
  • Хэлсэн үг тань «За» юу, «Үгүй» юү?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хэлсэн үг тань «За» юу, «Үгүй» юү?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ПАУЛЫГ АМЛАСАНДАА ХҮРДЭГГҮЙ ГЭЖ ШҮҮМЖИЛСЭН НЬ
  • ЕСҮСЭЭР ДАМЖУУЛАН БАТАЛСАН
  • ТА ХЭЛСЭНДЭЭ ХҮРДЭГ ҮҮ?
  • Амласнаа биелүүлье
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ахлагчид ба баяр баясгалан
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
хц14 3/15 х. 30-32

Хэлсэн үг тань «За» юу, «Үгүй» юү?

Дараах дүр зургийг төсөөлөөрэй. Нэг ахлагч хурлынхаа залуу Гэрчтэй ням гаригийн өглөө дэлгэрүүлэхээр тохирчээ. Тэр ахлагч Эмнэлэгтэй хамтран ажиллах хорооны гишүүн аж. Тэгтэл тэр өглөө утас нь дуугарлаа. Нэг Гэрч эрэгтэй: «Эхнэр минь дөнгөж сая автомашины осолд орчихлоо. Одоо эмнэлэг дээр байна. Цусгүй эмчилгээ хийх эмч олоход туслаач» гэх нь тэр. Мөнөөх ахлагч энэ гэр бүлд туслахаар болов. Тэгээд хамт дэлгэрүүлж чадахгүй болсноо залуу Гэрчид хэлжээ.

Одоо өөр нэг жишээг бодоод үз дээ. Нэг гэр бүл хурлынхаа ганц бие эхийг хоёр хүүхэдтэй нь оройн хоолонд урьжээ. Хүүхдүүд ч бөөн баяр болж, тэр өдрийг тэсэн ядан хүлээж байлаа. Гэтэл тэднийг урьсан гэр бүл: «Гэнэт ажил гарчихлаа. Хамт хоол идэж чадахгүй нь, уучлаарай» гэж өмнөх өдөр нь эмэгтэйд хэлэв. Яагаад больсныг нь эмэгтэй хожим мэджээ. Өнөөх гэр бүлийн хоёр тэднийг урьсныхаа дараа найзуудынхаа урилгыг хүлээгээд авчихсан аж. Найзууд нь яг тэр орой хамт хоол идэхээр урьсан юм байж л дээ.

Христиан хүн хэлсэндээ хүрэх ёстой нь мэдээжийн хэрэг. «За» гэчихээд «Үгүй» байж хэрхэвч болохгүй (2 Кор. 1:18). Дээр дурдсан хоёр жишээнээс харахад аргагүйн эрхэнд амласандаа хүрэхгүй үе байхад, шалихгүй юмнаас болж хэлсэн үгнээсээ буцах тохиолдол ч бий. Элч Паул хүртэл амласнаасаа буцаж байжээ. Гэхдээ хүндэтгэх шалтгаантай байв.

ПАУЛЫГ АМЛАСАНДАА ХҮРДЭГГҮЙ ГЭЖ ШҮҮМЖИЛСЭН НЬ

МЭ 55 онд Паул миссионерийн гурав дахь аяллаараа Ефест очжээ. Тэндээсээ Эгейн тэнгисийг гаталж Коринт хотод очоод, Македони орох санаатай байлаа. Тэгээд Иерусалим руу буцах замдаа Коринтын хурлынхан дээр дахин нэг очихоор төлөвлөжээ. Учир нь тэндхийн христианууд Иерусалимын ах дүүстээ бэлэг бэлдсэн байв (1 Кор. 16:3). Коринт хотод хоёр удаа очихоор төлөвлөж байсан нь 2 Коринт 1:15, 16-аас тодорхой харагддаг. Паул: «Энэхүү итгэлээр би эхлээд та нар уруу очихыг хүссэн нь та нар хоёр удаа нигүүлслийг аваасай гэсэнд юм. Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нарын туслалцаатайгаар явах гэсэн юм» гэжээ.

Паул бүр өмнө нь Коринтын ах дүүстээ бичихдээ энэ төлөвлөгөөнийхөө талаар мэдэгдсэн бололтой (1 Кор. 5:9). Гэвч түүнээс хойш удаагүй байтал тэндхийн хуралд хагарал гарч байгаа тухай мэдээ Хлоены гэрийнхнээс иржээ (1 Кор. 1:10, 11). Тиймээс Паул төлөвлөгөөгөө өөрчлөхөөр болсон байна. Тэгээд захидал бичсэн нь хожим «1 Коринт» ном болсон юм. Паул уг захидлаараа тэднийг зэмлэж, зөвлөгөө өгсөн. Бас эхлээд Македонид, дараа нь Коринтод очихоор болсноо бичжээ (1 Кор. 16:5, 6).a

Коринт дахь итгэл нэгтнүүд нь Паулын илгээсэн захидлыг хүлээн авчээ. Тэгтэл «хамгийн эрхэм элч нар» гэгддэг зарим хүн түүнийг хэлсэндээ хүрдэггүй гэж шүүмжилсэн. Паул өөрийгөө өмгөөлж «Би үүнийг хийе гэж бодохдоо хэлбэлзээгүй биз дээ? Эсвэл би юм төлөвлөхдөө махан биеийнхээ дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор „За, за“, „Үгүй, үгүй“ гэдэг гэж үү?» хэмээн бичжээ (2 Кор. 1:17; 11:5).

Элч Паул асуудалд хөнгөн хуумгай хандсан хэрэг үү? Мэдээж үгүй! «Хэлбэлзэх» гэж орчуулсан үгээр амласандаа хүрч чаддаггүй, найдваргүй хүнийг хэлдэг байна. Паул: «Би юм төлөвлөхдөө махан биеийнхээ дагуу төлөвлөдөг ... гэж үү?» хэмээн асуусан нь нэгийг бодуулах гэснийх аж. Хэдийгээр Паул амласандаа хүрээгүй ч түүнийг найдваргүй хүн гэж хэлэх үндэсгүйг Коринтын христианууд ойлгосон биз ээ.

Паул: «Бурхан бол итгэмжитийн адил бидний үг та нарт „За ба үгүй“ байгаагүй юм» гэж бичин шүүмжлэлийг эрс няцаасан (2 Кор. 1:18). Тэрбээр Коринт дахь ах дүүсийнхээ сайн сайхны төлөө аяллын төлөвлөгөөгөө өөрчилсөн аж. Үүний учрыг 2 Коринт 1:23-т бичихдээ «Та нарыг хэлтрүүлэхийн тулд» гэжээ. Энэ нь, алдаа дутагдлаа засах боломжийг тэдэнтэй биечлэн уулзахаасаа өмнө олгосон гэсэн үг. Коринтынхон ч зөвлөгөөг нь дагажээ. Тэд захидлыг нь уншаад буруугаа ухаарч, гэмшсэн. Паул Македонид байхдаа Титээс энэ тухай сонсоод ихэд баярлажээ (2 Кор. 6:11; 7:5–7).

ЕСҮСЭЭР ДАМЖУУЛАН БАТАЛСАН

Коринтын зарим христиан Паулыг хэлсэндээ хүрдэггүй гэж шүүмжилсэн нь дэлгэрүүлдэг мэдээнд нь итгэх аргагүй гэж хэлснээс өөрцгүй байлаа. Гэхдээ Паул Есүс Христийн тухай мэдээг тэдэнд дэлгэрүүлснээ сануулан «Биднээр, тухайлбал надаар болон Силванаар, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь „За ба үгүй“ байгаагүй. Харин Түүний дотор „За“ байгаа юм» гэжээ (2 Кор. 1:19). Есүс Христ найдваргүй хүн байсан уу? Огтхон ч үгүй! Тэрбээр ямагт үнэнийг ярьдаг хүн байсан (Иох. 14:6; 18:37). Есүсийн дэлгэрүүлсэн үнэн зөв, найдвартай мэдээг Паул бас тунхагладаг байв. Тиймээс дэлгэрүүлсэн мэдээнд нь итгэх бүрэн үндэс байжээ.

Ехова бол «үнэний Бурхан» билээ (Дуу. 31:5). Паул энэ тухай «Бурханы бүх амлалт Түүний [Христийн] дотор „За“ гэдэг» хэмээн бичжээ. Есүс дэлхийд ирээд үхэн үхтэлээ үнэнч байснаараа Еховагийн амлалт зайлшгүй биелнэ гэдгийг баталсан. Паул цааш нь бичихдээ «Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр [Есүсээр] дамжуулан „Амен“ гэдэг» хэмээжээ (2 Кор. 1:20). Ехова амласан бүхнээ заавал биелүүлнэ гэдгээ Есүсээр дамжуулан баталсан.

Амласнаа биелүүлдэг Ехова Есүс хоёрын адилаар Паул хэлсэндээ ямагт хүрдэг байсан (2 Кор. 1:19). «Махан биеийнхээ дагуу» амладаг найдваргүй хүн байгаагүй (2 Кор. 1:17). Харин «Сүнсээр явдаг» байв (Гал. 5:16). Итгэл нэгтнүүдийнхээ сайн сайхны төлөө бүхнийг хийдэг байсан нь тодорхой. Тэрбээр за гэвэл ёогүй хүн байжээ.

ТА ХЭЛСЭНДЭЭ ХҮРДЭГ ҮҮ?

Шалихгүй зүйлээс болоод эсвэл өөр юмыг илүүд үзээд амласнаасаа буцах нь өнөөгийн нийгэмд жирийн явдал болжээ. Ажил хэргийн асуудалд «за» гэсэн болгон дандаа «за» байдаггүй. Тэр битгий хэл, гэрээ байгуулж гарын үсэг зурсан хэр нь түүнийгээ зөрчдөг. Насан туршдаа хамт амьдарна гэж амлаад гэрлэдэг ч бэрхшээл тулгармагц ам тангаргаасаа няцдаг хүн олон болжээ. Хүмүүс гэрлэлтээ амархан цуцлуулж болно гэж үздэг болсноос гэр бүл салалтын тоо асар хурдан нэмэгдэж байна (2 Тим. 3:1, 2).

Та яадаг вэ? Хэлсэндээ хүрдэг үү? Өгүүллийн эхэнд дурдсан жишээний адилаар, гэнэтийн явдлаас болоод аргагүйн эрхэнд амласнаасаа буцах тохиолдол гарч болох л доо. Гэхдээ та нэгэнт амласан бол түүнийгээ биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийгээрэй (Дуу. 15:4; Мат. 5:37). Ингэвэл хэлсэндээ хүрдэг, ямагт үнэнийг ярьдгаараа олны дунд нэр хүндтэй болно (Еф. 4:15, 25; Иак. 5:12). Хүмүүс таныг итгэж болох найдвартай хүн гэж дүгнэдэг болбол Бурхны Хаанчлалын тухай ярихад тань бүр ч сайн сонсоно. Тийм учраас «За» гэж хэлсэн л бол түүндээ хүрдэг байгаарай!

a Паул «1 Коринт» номыг бичсэнийхээ дараахан Тройгоор дайрч, төлөвлөсөн ёсоороо Македонид очсон бөгөөд тэнд байхдаа «2 Коринт» номыг бичжээ (2 Кор. 2:12; 7:5). Дараа нь Коринтод очсон.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах