Таны Мэдлэгт
Эртний Израйлд хэрэг заргыг шүүхдээ Мосегийн хуулийн үндэс болсон зарчмыг баримталдаг байсан уу?
ТИЙМ ЭЭ, заримдаа баримталдаг байсан. Нэг жишээ авъя. Дэд хууль 24:14, 15-д «Чи ядуу зүдүү хөлсний зарцаа ах дүү чинь ч байсан, танай нутагт ... суудаг харийн хүн ч байсан бүү дарангуйл. ... Эс тэгвэл тэрээр чамайг ЭЗЭНд мэдүүлж, тэр нь чамд нүгэл болох вий» гэж байдаг.
Ваарын хэлтэрхий дээр бичсэн тариачны гомдол
МЭӨ VII зуунд хамаарах нэгэн гомдлыг авч үзье. Ашдодын ойролцоох нутгаас олдсон ваарын хэлтэрхий дээрх энэхүү баримт бичиг нь тариа хураах өдрийн ноормоо биелүүлээгүй гэж буруутгагдсан хөлсний ажилчны гомдол бололтой. Тэнд «Таны зарц [гомдол гаргагч] хэд хоногийн өмнө хураасан тариагаа агуулахад хийж дуусчихаад байтал Шобайгийн хүү Хошаяаху ирээд зарцын тань хувцсыг авч явсан юм. ... Халуун наранд надтай хамт тариа хураалцсан бүх хүн ... миний хэлсэн үг үнэн болохыг гэрчилнэ. Би ямар ч буруугүй. ... Захирагч та, зарцынхаа хувцсыг буцааж өгөх үүрэгтэй гэж боддоггүй юм аа гэхэд ядахдаа намайг өрөвдөөч! Зарц тань хувцасгүй хоцорсон болохоор та дуугүй байх ёсгүй шүү дээ» гэж бичжээ.
Энэ гомдол нь «[хувцсаа] буцааж авах гэсэн ажилчны цөхөрсөн сэтгэлийг илэрхийлээд зогсохгүй, үүнээс ч илүү зүйлийг хэлж байна» гэж түүхч Саймон Шаама дүгнээд цааш нь «Гомдол гаргагч нь Библид байдаг хуулийн заалтуудыг, нэн ялангуяа “Левит”, “Дэд хууль”-д байдаг, ядуу хүнд хатуу ширүүн хандаж болохгүй гэсэн заалтуудыг мэддэг байсан бололтой» гэж бичсэн байна.