Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бм бүлэг 12 х. 124-134
  • Та Бурхны найз болох боломжтой

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Та Бурхны найз болох боломжтой
  • Библиэс юу мэдэж авах вэ?
  • Библийн сургаал-ээс унших
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЕХОВА АНД НАЙЗУУДАА ХАМГААЛДАГ
  • САТАНЫ ГҮТГЭЛЭГ
  • САТАН ИОВЫГ СОРЬСОН НЬ
  • САТАН ТАНЫГ Ч БАС ГҮТГЭДЭГ
  • ЕХОВАГИЙН ТУШААЛЫГ ДУУЛГАВАРТАЙ ДАГААРАЙ
  • ЕХОВАГИЙН ХАЙРЛАДАГ ЗҮЙЛИЙГ ХАЙРЛА
  • Иов Еховагийн нэрийг алдаршуулсан
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
  • «Еховад найдагтун»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Гуйвшгүй үнэнч Иов
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Иов бол тэсвэр тэвчээр, үнэнч байдлын үлгэр жишээ мөн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
Илүү дэлгэрэнгүй харах
Библиэс юу мэдэж авах вэ?
бм бүлэг 12 х. 124-134

БҮЛЭГ 12

Та Бурхны найз болох боломжтой

1, 2. Хэн хэн Еховагийн найз байсан бэ?

ТА ЯМАР хүнтэй найзлахыг хүсдэг вэ? Танд таалагддаг, санаа нийлдэг, таныг ойлгодог, сайхан зан чанартай хүнийг найзаа болгохыг хүсдэг байх.

2 Ехова Бурхан зарим хүнийг найзаа болгон сонгожээ. Жишээ нь Абрахам Бурхны найз байв (Исаиа 41:8; Яаков 2:23). Ехова Давидыг хайрладаг байсан учраас «сэтгэлд минь нийцдэг» хүн гэсэн байдаг (Үйлс 13:22). Бас зөнч Даниелыг «ихэд хүндлэгддэг хүн» гэжээ (Даниел 9:23; ШЕ).

3. Абрахам, Давид, Даниел нар яаж Еховагийн найз болсон бэ?

3 Абрахам, Давид, Даниел нар яаж Еховагийн найз болсон бэ? Ехова Абрахамд «Чи Миний үгийг дуулгавартай дагасан» гэж хэлжээ (Эхлэл 22:18). Ехова даруу, дуулгавартай хүмүүсийг найзаа болгодог. Тэрээр израйл үндэстнийг бүхэлд нь найзаа болгож байсан удаатай. Ехова тэдэнд «Миний дуу хоолойг дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар Миний хүмүүс болно» гэжээ (Иеремиа 7:23). Тийм учраас Еховатай анд найз болъё гэвэл дуулгавартай байх хэрэгтэй.

ЕХОВА АНД НАЙЗУУДАА ХАМГААЛДАГ

4, 5. Ехова анд найзуудаа яаж хамгаалдаг вэ?

4 Ехова «өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг» үзүүлэх боломж хайж байдгийг Библид бичжээ (Шастирын дэд 16:9). Бас Дуулал 32:8-д «Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө» гэж амласан байдаг.

5 Биднийг Бурхантай дотносон нөхөрлөхөд саад хийхийг оролддог хүчирхэг дайсан бий. Гэхдээ Ехова биднийг хамгаалдаг (Дуулал 55:22-ыг уншина). Бид Еховагийн найз учраас бүх зүрхээрээ үйлчилдэг. Тийм учраас хүнд хэцүү үед ч үнэнч байдаг. Нэгэн дуулалч Еховагийн тухай «Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй» гэж хэлжээ. Бид ч бас энэ дуулалч шиг итгэлтэй байдаг (Дуулал 16:8; 63:8). Тэгвэл Сатан биднийг Еховагаас холдуулахын тулд яадаг вэ?

САТАНЫ ГҮТГЭЛЭГ

6. Сатан хүмүүсийг юу гэж гүтгэсэн бэ?

6 Сатан маргаантай асуудал дэгдээж, Еховаг худалч хэмээн гүтгэсэн. Бас Еховаг Адам Ева хоёрт юу нь зөв, юу нь бурууг өөрсдөө шийдэх эрх олгоогүй нь шударга бус явдал гэж хэлснийг бид 11 дүгээр бүлгээс үзсэн. Түүнээс гадна Сатан Бурхны найз болохыг хүсдэг хүмүүсийг гүтгэсэн тухай «Иов» номд гардаг. Хүмүүс Бурханд хайртайдаа биш, ашиг хонжоо харж үйлчилдэг гэж гүтгэсэн. Түүгээр ч зогсохгүй, ямар ч хүнийг Бурхны эсрэг босгож чадна гэж хэлжээ. Одоо, Иов гэдэг хүнээс юу сурч болохыг, Ехова Иовыг хэрхэн хамгаалсныг мэдэж авъя.

7, 8. а) Иов ямар хүн байсан бэ? б) Сатан Иовын тухай юу гэж хэлсэн бэ?

7 Иов ямар хүн байсан бэ? Одоогоос 3 600 орчим жилийн өмнө амьдарч байсан сайн хүн байв. Тэр үед Иов шиг хүн дэлхий дээр байгаагүй гэж Ехова хэлсэн. Иов Бурхныг гүнээ хүндэтгэдэг, бузар мууг үзэн яддаг байлаа (Иов 1:8). Тэрээр Еховагийн жинхэнэ анд нөхөр байв.

8 Сатан Иовыг Бурханд ашиг харж л үйлчилдэг гэж гүтгэжээ. Сатан Еховад «Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо. Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно» гэжээ (Иов 1:10, 11).

9. Ехова Сатанд юуг зөвшөөрсөн бэ?

9 Иовыг ивээл хүртдэг учраас л Еховад үйлчилдэг гэж Сатан гүтгэсэн. Бас Бурханд үйлчлэхийг нь болиулж чадна гэж хэлжээ. Ехова Сатантай санал нийлээгүй ч Иовыг сорихыг Сатанд зөвшөөрчээ. Ингэснээр Иов Еховад хайртайдаа найз нь болсон уу эсвэл ашиг харсандаа найз нь болсон уу гэдэг нь тодорхой болох байлаа.

САТАН ИОВЫГ СОРЬСОН НЬ

10. Сатан Иовыг хэрхэн сорьсон бэ? Иов яасан бэ?

10 Сатан Иовыг янз бүрээр сорив. Эхлээд Иов бүх мал сүргээ алджээ. Бас ихэнх зарц нь алуулжээ. Эцэст нь Сатан арван хүүхдийг нь шуурганд цохиулж хөнөөсөн. Ингэж Иов байгаа бүхнээсээ салав. Гэлээ ч Иов Еховад үнэнч хэвээрээ байлаа. «Энэ бүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурханыг ч буруутгасангүй» (Иов 1:12–19, 22).

Иов эхнэр арван хүүхэдтэйгээ жаргалтай амьдарч байна

Ехова үнэнч андаа шагнасан

11. а) Сатан Иовыг өөр яаж сорьсон бэ? б) Тэгэхэд нь Иов яасан бэ?

11 Сатан бууж өгсөнгүй. Тэрээр Бурханд «Түүний яс ба маханд хүрээч. Тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно» гэж хэлжээ. Тэгээд Иовд аймшигт шаналгаат өвчин тусгав (Иов 2:5, 7). Гэсэн ч Иовыг Еховад үнэнч бус болгож чадаагүй. Иов: «Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» гэжээ (Иов 27:5).

12. Иов Сатаны худалчийг хэрхэн баталсан бэ?

12 Иов Сатаны гүтгэлгийг ч, зовж тарчилж байгаагийнхаа учрыг ч мэдэхгүй байлаа. Еховаг зовлон учруулж байна гэж боджээ (Иов 6:4; 16:11–14). Гэсэн хэдий ч Иов үнэнч байж, амин хувиа бодож Еховад үйлчилдэггүйгээ баталжээ. Иов Еховад хайртай учраас найз нь болсон. Сатаны гүтгэлэг ор үндэсгүй худал байлаа!

13. Иовын үнэнч байсны үр дүнд юу батлагдсан бэ?

13 Иов тэнгэрт юу болсныг мэдээгүй ч, Бурханд үнэнч байсан. Үүний үр дүнд Сатаны худалч гэдэг нь батлагджээ. Ехова үнэнч андаа шагнасан (Иов 42:12–17).

САТАН ТАНЫГ Ч БАС ГҮТГЭДЭГ

14, 15. Сатан бүх хүнийг юу гэж гүтгэсэн бэ?

14 Иовд тохиолдсон явдлаас ихийг сурч болно. Сатан биднийг бас ашиг харж л Еховад үйлчилдэг гэж гүтгэдэг. Иов 2:4-т «Өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг» гэсэн Сатаны үг байдаг. Энэ нь зөвхөн Иовыг бус, бүх хүн амин хувиа л бодож Еховад үйлчилдэг хэмээн гүтгэсэн хэрэг байлаа. Иов нас бараад хэдэн зуун жил өнгөрсөн ч Сатан Еховаг доромжилж, үйлчлэгчдийг нь гүтгэсээр байна. Тийм учраас Сургаалт үгс 27:11-д Ехова ийн хэлжээ. «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид [эсвэл доромжлогчид] хариу барьж чадахын тулд юм».

15 Еховад дуулгавартай байж үнэнч найз нь болбол та ч Сатаны худалчийг батална. Та Бурхны найз болохын тулд амьдралаа эрс өөрчлөх шаардлагатай байж мэднэ. Гэхдээ ингэх нь таны амьдралдаа гаргах хамгийн зөв, хамгийн чухал шийдвэр юм! Сатан таныг зовлон амсвал Бурханд үнэнч байж чадахгүй гэж гүтгэдэг. Бас Бурханд үнэнч бус болгох гэж мэхлэхийг оролддог. Яаж?

16. а) Сатан хүмүүсийг Еховагаас холдуулахын тулд ямар арга хэрэглэдэг вэ? б) Диавол таныг бас яаж магадгүй вэ?

16 Сатан биднийг Бурхнаас холдуулахын тулд олон янзын арга хэрэглэдэг. Тэрээр «хэн нэгнийг залгихаар хайж байгаа архирах арслан мэт» дайрдаг (1 Петр 5:8). Хэрэв гэр бүл, найз нөхөд эсвэл бусад хүн таныг Библи судалж, сурснаа ажил хэрэг болгох гэж хичээхэд саад хийвэл бүү гайхаарай. Ийм үед Сатан довтолж байгаа мэт санагдах байхa (Ёохан 15:19, 20). Сатан өөрийгөө «тэнгэрийн сайн элч» болгон харуулж чаддаг. Өөрөөр хэлбэл таныг Еховад дуулгаваргүй болгохын тулд хуурч мэхлэхийг оролддог (2 Коринт 11:14). Сатаны хэрэглэдэг бас нэг арга нь таныг Еховад үйлчлэх зохисгүй хүн гэж бодуулах юм (Сургаалт үгс 24:10).

ЕХОВАГИЙН ТУШААЛЫГ ДУУЛГАВАРТАЙ ДАГААРАЙ

17. Бид яагаад Еховад дуулгавартай байх хэрэгтэй вэ?

17 Бид Еховад дуулгавартай байвал Сатаны худалчийг батална. Яавал дуулгавартай байх вэ? «Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла» гэж Библид бий (Дэд хууль 6:5). Бид Еховаг хайрладаг учраас дуулгавартай байдаг. Еховаг хайрлах тусам тушаасан бүхнийг нь хийх хүсэл оргилно. Элч Ёохан: «Тушаалыг нь биелүүлдэг бол Бурхнаа хайрладаг гэсэн үг. Бурхны тушаал хүнд дарамт биш билээ» гэж бичжээ (1 Ёохан 5:3).

18, 19. а) Ехова ямар үйл хэргийг үзэн яддаг вэ? б) Ехова биднээс чадахгүй зүйлийг маань хэзээ ч шаардахгүй гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

18 Еховагийн үзэн яддаг үйл хэрэгт юу юу ордог вэ? Заримыг нь «Еховагийн үзэн яддаг үйл хэргийг үзэн яд» гэдэг хавсралтад дурдсан. Зарим нь тийм ч буруу гэж санагдахгүй байж болох юм. Гэхдээ та Библийн зүйлүүдийг нь уншиж, эргэцүүлэн бодвол Еховагийн тушаалыг дагах нь зөв гэдгийг ойлгоно. Бас танд засах хэрэгтэй зүйл байгааг анзаарч болох юм. Сул талаа засах нь амаргүй байлаа ч битгий бууж өгөөрэй. Ингэвэл та Бурхны үнэнч анд болж, аз жаргалтай, амар тайван амьдарна (Исаиа 48:17, 18). Тэгвэл хүн засарч өөрчлөгдөх боломжтой юу?

19 Ехова биднээс чадахгүй зүйлийг маань хэзээ ч шаардахгүй (Дэд хууль 30:11–14). Тэрээр бидний жинхэнэ найз учраас биднийг өөрсдөөс маань илүү сайн мэддэг. Сайн талыг маань ч, дутагдлыг маань ч мэддэг (Дуулал 103:14). Элч Паул: «Бурхан үнэнч билээ. Тиймээс хэрээс чинь хэтэрсэн сорилт та нарт тулгарахыг зөвшөөрөхгүй. Харин сорилт тулгарлаа гэхэд тэвчихэд туслан, гарах замыг зааж өгдөг» гэж бидэнд урам хайрлажээ (1 Коринт 10:13). Ехова бидэнд үргэлж зөв юм хийх сэтгэлийн хат өгнө гэдэгт итгэлтэй байж болно. «Хэрээс хэтэрсэн хүч» өгч, хэцүү бэрхийг давахад тусална (2 Коринт 4:7). Паул зовлон бэрхшээл, хүнд хэцүү үеийг Еховагийн тусламжтайгаар давсныхаа дараа «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж хэлжээ (Филиппой 4:13).

ЕХОВАГИЙН ХАЙРЛАДАГ ЗҮЙЛИЙГ ХАЙРЛА

20. Та Еховагийн ямар зан чанаруудыг нь дуураймаар байна вэ? Яагаад?

20 Еховагийн анд найз болохыг хүсдэг хүн буруу гэж үздэг зүйлийг нь хийхээ болиод зогсохгүй илүү ихийг хийх шаардлагатай (Ром 12:9). Бурхны үнэлж эрхэмлэдэг зүйлийг үнэлж эрхэмлэх хэрэгтэй. Тэдгээрийг Дуулал 15:1–5-д дурдсан (Уншина). Еховагийн найзууд зан чанарыг нь дуурайдаг учраас «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэл, дөлгөөн зан, биеэ барих» зэрэг агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг илэрхийлдэг (Галат 5:22, 23).

21. Бурханд таалагддаг зан чанарыг хэрхэн илэрхийлж сурах вэ?

21 Эдгээр сайхан зан чанарыг хэрхэн илэрхийлж сурах вэ? Библийг тогтмол уншиж, судлан Еховагийн үнэлж эрхэмлэдэг зүйлийг мэдэж аваарай (Исаиа 30:20, 21). Ингэдэг бол Еховаг улам их хайрладаг болно. Еховаг хайрладаг болохын хэрээр дуулгавартай байх хүсэл бадарна.

22. Еховад дуулгавартай байвал яах вэ?

22 Амьдралдаа шаардлагатай өөрчлөлт хийхийг хуучин хувцсаа тайлж шинэ хувцас өмсөхтэй зүйрлэж болно. «Хуучин хүнээ» тайлж «шинэ хүнийг» өмсөх ёстой гэж Библид байдаг (Колосай 3:9, 10). Энэ нь амаргүй байлаа ч шинэ хүнийг өмсөхийг хичээж, дуулгавартай байвал Ехова бидэнд «агуу их шагнал» өгөхөө амласан (Дуулал 19:11). Та Еховад дуулгавартай байвал Сатаны худалчийг батална. Зөвхөн шагнал авахын тулд биш, Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөн үйлчлээрэй. Тэгвэл та Бурхны жинхэнэ анд болно.

a Таныг эсэргүүцдэг хүн бүрийг Сатан удирддаг гэсэн үг биш. Гэхдээ Сатан «өнөө үеийн бурхан» бөгөөд «бүх ертөнц [түүний] эрхшээлд байдаг» учраас Бурханд үйлчлэхийг тань зарим хүн болиулахыг оролдвол гайхах хэрэггүй (2 Коринт 4:4; 1 Ёохан 5:19).

ЕХОВАГИЙН ҮЗЭН ЯДДАГ ҮЙЛ ХЭРГИЙГ ҮЗЭН ЯД

  • Хүн алах

    Египетээс гарсан нь 20:13; 21:22, 23

  • Садар самуун үйлдэх

    Левит 20:10, 13, 15, 16; Ром 1:24, 26, 27, 32; 1 Коринт 6:9, 10

  • Чөтгөртэй холбоо тогтоох

    Дэд хууль 18:9–13; 1 Коринт 10:21, 22; Галат 5:20, 21

  • Шүтээн шүтэх

    1 Коринт 10:14

  • Архидан согтуурах

    1 Коринт 5:11

  • Хулгай хийх

    Левит 6:2, 4; Эфэс 4:28

  • Худал хэлэх

    Сургаалт үгс 6:16, 19; Колосай 3:9; Илчлэл 22:15

  • Шунахайрах

    1 Коринт 5:11

  • Хүч хэрэглэх

    Дуулал 11:5; Сургаалт үгс 22:24, 25; Малахи 2:16; Галат 5:20, 21

  • Хараал хэлэх, хов жив ярих

    Левит 19:16; Эфэс 5:4; Колосай 3:8

  • Цус хэрэглэх

    Эхлэл 9:4; Үйлс 15:20, 28, 29

  • Гэр бүлээ тэжээхгүй байх

    1 Тимот 5:8

  • Дайн, улс төрийн үйл хэрэгт оролцох

    Исаиа 2:4; Ёохан 6:15; 17:16

  • Тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх

    Марк 15:23; 2 Коринт 7:1

ДҮГНЭЛТ

1. АНД НАЙЗУУД НЬ ЕХОВАД ДУУЛГАВАРТАЙ БАЙДАГ

«Миний дуу хоолойг дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар Миний хүмүүс болно» (Иеремиа 7:23).

Бурхны найз болох боломжтой юу?

  • Эхлэл 22:18; Яаков 2:23

    Абрахам Еховад дуулгавартай, итгэлтэй байсан учир найз нь болсон.

  • Шастирын дэд 16:9

    Ехова өөрт нь дуулгавартай хүмүүст тусална.

  • Дуулал 25:14; 32:8

    Ехова найзуудаа хэрсүү ухаантай болоход нь тусалдаг.

  • Дуулал 55:22

    Ехова найзуудаа дэмжинэ.

2. ИОВ БУРХНЫ ҮНЭНЧ НАЙЗ БАЙСАН

«Энэ бүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурханыг ч буруутгасангүй» (Иов 1:22).

Сатан Иовыг яаж сорьсон бэ? Иов яасан бэ?

  • Иов 1:10, 11

    Иовыг амиа боддог, Бурханд хайргүй хүн гэж Сатан гүтгэсэн.

  • Иов 1:12–19; 2:7

    Иовын хамаг юмыг үгүй хийж, аймшигт өвчин тусгахыг Ехова Сатанд зөвшөөрсөн.

  • Иов 27:5

    Иов ямар учраас зовж байгаагаа мэдээгүй ч Бурханд үнэнч байсан.

3. САТАН ТАНЫГ ЕХОВАГААС ХОЛДУУЛАХЫГ ОРОЛДДОГ

«Өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм» (Иов 2:4).

Сатан биднийг Еховагаас салгахын тулд яадаг вэ?

  • 2 Коринт 11:14

    Еховад дуулгаваргүй болгохын тулд мэхлэхийг оролддог.

  • Сургаалт үгс 24:10

    Еховад үйлчлэх зохисгүй хүн гэж бодуулахыг оролддог.

  • 1 Петр 5:8

    Сатан биднийг хавчдаг.

  • Сургаалт үгс 27:11

    Еховад дуулгавартай, үнэнч найз нь байхаар шийдээрэй. Ингэвэл Сатаны худалчийг батална.

4. БИД ЕХОВАД ХАЙРТАЙ УЧРААС ДУУЛГАВАРТАЙ БАЙДАГ

«Тушаалыг нь биелүүлдэг бол Бурхнаа хайрладаг гэсэн үг» (1 Ёохан 5:3).

Яавал Бурхны найз болох вэ?

  • Дэд хууль 6:5

    Бурхныг хайрлаарай. Хайртай бол дуулгавартай байхад амар.

  • Исаиа 48:17, 18

    Еховад дуулгавартай байх нь үргэлж тустай.

  • Дэд хууль 30:11–14

    Ехова хэрээс тань хэтэрсэн юм шаардахгүй гэдэгт итгэлтэй байгаарай.

  • Филиппой 4:13

    Зөв юм хийгээрэй. Ехова танд хүч өгнө.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах