БҮЛЭГ 8
Цэвэр байвал Бурхан хайрлана
«Цэвэр хүмүүст Та Өөрийн цэвэр байдлыг ... харуулдаг» (ДУУЛАЛ 18:26).
1–3. а) Эх хүн хүүхдээ яагаад цэвэр байлгахыг хүсдэг вэ? б) Ехова үйлчлэгчдээ цэвэр байгаасай гэж хүсдэг нь ямар учиртай вэ? Цэвэр байх хүслийг юу төрүүлдэг вэ?
ЭХ НЬ хүүгийнхээ гар нүүрийг угаан, цэвэр хувцсыг нь өмсгөж, гадагш дагуулж явахаар бэлдэж байна гэж бодъё. Ариун цэвэр сахих нь эрүүл мэндэд тустайн зэрэгцээ хүмүүс хүүгийнх нь гадаад байдлаар эцэг эхийг нь дүгнэнэ гэдгийг ээж нь мэдэж байгаа.
2 Тэнгэрийн Эцэг Ехова маань биднийг цэвэр байгаасай гэж хүсдэг. Библид Бурхны тухай: «Цэвэр хүмүүст Та Өөрийн цэвэр байдлыг ... харуулдаг» гэж байдагa (Дуулал 18:26). Ехова биднийг хайрладаг бөгөөд цэвэр байх нь бидэнд тустай гэдгийг мэддэг. Бас хүмүүс Гэрчүүдийг нь хараад өөрийнх нь талаар сайнаар яриасай гэж хүсдэг. Тэгэхлээр, бид ариун цэвэр сахин, биеэ зөв авч явбал Ехова Бурхнаа болон Бурхныхаа ариун нэрийг алдаршуулна (Езекиел 36:22; 1 Петр 2:12).
3 Цэвэр байвал Бурхан хайрлана гэдгийг мэдэхлээр үргэлж цэвэр байх хүсэл төрдөг. Бид бас Бурхнаа хайрладаг бөгөөд хайран дотор нь байхыг хүсдэг учир амьдралынхаа хэв маягаар Бурхнаа алдаршуулахыг хүсдэг. Тиймээс, «Цэвэр байхын учир юу вэ? Бурхны нүдэнд цэвэр харагдана гэдэг нь юу гэсэн үг вэ? Яавал үргэлж цэвэр байх вэ?» гэсэн асуултуудыг авч үзье. Үүний ачаар засаж залруулах шаардлагатай сул талаа мэдэж авна.
ЦЭВЭР БАЙХЫН УЧИР
4, 5. а) Цэвэр байх гол шалтгаан юу вэ? б) Еховаг цэвэр Бурхан гэдгийг бүтээл нь хэрхэн харуулдаг вэ?
4 Биднийг сургах Еховагийн нэг арга бол үлгэр жишээ үзүүлэх явдал юм. Тиймээс, «Бурхныг дуурайгчид болцгоо» гэж Үгээрээ уриалдаг (Ефес 5:1). Бидний шүтдэг Ехова Бурхан бүх талаараа цэвэр, ариун байдаг нь бидний хувьд цэвэр байх гол шалтгаан юм (Левит 11:44, 45).
5 Ехова цэвэр Бурхан гэдэг нь бусад зан чанарынх нь адилаар бүтээлээс нь харагддаг (Ром 1:20). Бурхан хүн төрөлхтөнд дэлхий гэдэг цэвэр цэмцгэр орон гэр өгсөн билээ. Ехова дэлхийн ус, агаарыг цэвэр байлгахад шаардлагатай экологийн тогтолцоог бий болгожээ. Бас зарим төрлийн микроб хог хаягдлыг хоргүй болгодог нь ариун цэврийн станцын үүрэг гүйцэтгэдэг гэлтэй. Эрдэмтэд иймэрхүү төрлийн бичил биетнүүдийг ашиглан аминч, шунахай хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй байгалийн бохирдол, тухайлбал, ил задгай асгасан газрын тос гэх зэргийг цэвэрлэх арга боловсруулжээ. Энэ бүхэн «газар дэлхийг бүтээсэн» Бурхан цэвэр ариун байдлыг эрхэмлэн үздэгийг тодорхой харуулж байна (Иеремиа 10:12). Бид ч бас цэвэр ариун байдлыг эрхэмлэх учиртай.
6, 7. Ехова үйлчлэгчдээсээ цэвэр байхыг шаарддагийг Мосегийн хууль хэрхэн харуулдаг вэ?
6 Цэвэр байх ёстойн бас нэг шалтгаан бол Хэмжээгүй эрхт Захирагч Ехова үйлчлэгчдээсээ цэвэр байхыг шаарддаг явдал юм. Цэвэр байх нь шүтлэгийн салшгүй хэсэг гэдгийг Ехова израильчуудад өгсөн Хуульдаа заажээ. Тухайлбал, «Эвлэрүүллийн өдөр» тэргүүн тахилч биеэ хоёр ч удаа угаах ёстой байсан (Левит 16:4, 23, 24). Тахилчид Еховад тахил өргөхөөсөө өмнө гар, хөлөө угаах ёстой байв (Египетээс гарсан нь 30:17–21; Шастирын дэд 4:6). Хүнийг бие махбодын хувьд бузарлах 70 орчим нөхцөлийг Хуульд заасан байлаа. Цэвэр бус хүн шүтлэгийн арга хэмжээнд оролцож огт болдоггүй байсан бөгөөд бузар гэдгээ мэдсээр байж оролцвол үхэх ял авдаг байжээ (Левит 15:31). Бузраас цэвэршүүлэх журмын дагуу бие, хувцсаа угаагаагүй хэн боловч «чуулганы дундаас таслагдах ёстой» байв (Тооллого 19:17–20).
7 Бид Мосегийн хуулийг сахих шаардлагагүй боловч Бурхныхаа үзэл бодлыг мэдэж авахад энэ хууль их тус болдог. Бурхан үйлчлэгчдээсээ цэвэр байхыг шаарддаг нь уг хуулиас тодорхой харагддаг. Ехова өөрчлөгдөшгүй учраас тэр шаардлага нь өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа (Малахи 3:6). Шүтлэг маань «ариун бөгөөд бузартаагүй» байсан цагт л Бурханд таалагдана (Иаков 1:27). Тийм учраас, энэ асуудлаар Ехова биднээс юу хүсэн хүлээж байдгийг мэдэх нь чухал.
БУРХНЫ НҮДЭНД ЦЭВЭР ХАРАГДАНА ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?
8. Ехова биднээс амьдралын ямар ямар хүрээнд цэвэр байхыг шаарддаг вэ?
8 Библийн сургаалаар бол, цэвэр байх гэдэг нь ахуй болон биеийн хувьд цэвэр байхаас илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Амьдралынхаа бүх хүрээнд цэвэр байсан цагт Бурхны нүдэнд цэвэр харагдана. Ехова биднээс дөрвөн үндсэн хүрээнд, тодруулбал, шашин шүтлэг, ёс суртахуун, бодол санаа, ахуй болон биеийн хувьд цэвэр байхыг шаарддаг. Эдгээрийг тус бүрээр нь үзье.
9, 10. Шашин шүтлэгийн хувьд цэвэр байх гэж юу гэсэн үг вэ? Жинхэнэ христианууд юунаас хол байдаг вэ?
9 Шашин шүтлэгийн хувьд цэвэр байх нь. Товчоор хэлбэл, энэ нь жинхэнэ шашныг хуурамч шашинтай хольж хутгахгүй байх гэсэн үг юм. Израильчууд Вавилоны боолчлолоос чөлөөлөгдөн Иерусалим руу буцахдаа «Тэндээс гарагтун! Бузар юманд бүү хүрэгтүн! ...Өөрсдийгөө ариусгагтун!» хэмээсэн Бурхны үгийг сахих ёстой байв (Исаиа 52:11). Тэдний гол зорилго нь Еховаг шүтэх шүтлэгийг сэргээх явдал байсан. Израильчууд Бурхныг гутаан доромжилдог вавилончуудын шашны сургаал, зан үйл, ёс заншлын алинаар нь ч жинхэнэ шүтлэгийг бузарлахгүй, цэвэр байлгах ёстой байлаа.
10 Өнөөдөр ч гэсэн жинхэнэ христианууд хуурамч шашнаар бузарлагдахаас сэрэмжлэх хэрэгтэй (1 Коринт 10:21). Хуурамч шашны нөлөө хаа сайгүй байгаа учир анхаарал болгоомжтой байх нь нэн чухал юм. Жишээ нь, үхэшгүй мөнхийн сүнсний тухай гэх мэтийн хуурамч сургаалаас үүдэлтэй ёс заншил, баяр наадам, зан үйл олон оронд өргөн тархсан байдаг (Номлогчийн үгс 9:5, 6, 10). Жинхэнэ христианууд хуурамч шашинтай холбоотой зан заншлаас хол байдаг.b Бусдын дарамт шахалтад автан, Библийн хэм хэмжээг зөрчиж, цэвэр шүтлэгийг бузарлах ёсгүй (Үйлс 5:29).
11. Ёс суртахууны хувьд цэвэр байхын тулд яах хэрэгтэй вэ? Энэ нь яагаад чухал бэ?
11 Ёс суртахууны хувьд цэвэр байх нь. Үүний тулд садар самуун болон завхай явдалтай ямар ч байдлаар орооцолдох ёсгүй (Ефес 5:5). Ёс суртахууны хувьд цэвэр байх нь туйлын чухал юм. Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихын тулд «садар самуун явдлаас зугтах» шаардлагатайг дараагийн бүлгээс үзнэ. Завхай явдалдаа гэмшдэггүй хүмүүс «Бурхны хаанчлалыг өвлөхгүй» (1 Коринт 6:9, 10, 18). Тэд Бурхны хувьд «жигшүүрт» бөгөөд цэвэр болохгүй аваас «тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл» байх юм (Илчлэлт 21:8).
12, 13. Бодол санаа, үйл хэрэг хоёр ямар холбоотой вэ? Бодол санаагаа яаж цэвэр байлгах вэ?
12 Бодол санааны хувьд цэвэр байх нь. Ер нь, хүн санасан бодсоноо ажил хэрэг болгодог. Хэрэв оюун ухаан, зүрх сэтгэлдээ буруу юм хадгалаад байвал эрт, орой хэзээ нэгэн цагт бузар юм хийх аюултай (Матай 5:28; 15:18–20). Харин цэвэр юмыг бодож санадаг хүн биеэ зөв авч яван, цэвэр буюу сайн үйл хийхийг хүсдэг (Филиппой 4:8). Тэгвэл бодол санаагаа яаж цэвэр байлгах вэ? Ухаан санааг маань бузарлах юуг ч үзэж харж, уншиж сонсохгүй байх хэрэгтэй.c Бас Бурхны Үгийг тогтмол уншиж судалбал ухаан санаа ариусна (Дуулал 19:8, 9).
13 Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихад шашин шүтлэг, ёс суртахуун, бодол санааны хувьд цэвэр байх нь чухал юм. Эдгээр хүрээнд хэрхэн цэвэр байж болохыг энэ номын бусад бүлэгт дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Одоо, дөрөв дэх хүрээ буюу ахуй болон биеийн хувьд цэвэр байх талаар дэлгэрэнгүй ярилцъя.
АХУЙ БОЛОН БИЕИЙН ХУВЬД ЦЭВЭР БАЙХ НЬ
14. Ахуй болон биеийн хувьд цэвэр байх нь хувийн хэрэг мөн үү? Тайлбарлана уу.
14 Ахуй болон биеийн хувьд цэвэр байх нь их чухал. Үүнийг бусдад хүртээлгүй хувийн хэрэг гэж үзэх нь зөв үү? Еховад үйлчилдэг хүн тэгж боддоггүй. Ехова бидэнд ахуй болон биеийн хувьд цэвэр байхыг тушаасан бөгөөд энэ нь өөрсдөд маань тустай төдийгүй Бурхны маань нэр хүндэд хамаатай гэдгийг дээр ярилцсан. Энэ бүлгийн эхэнд гарсан жишээг сана даа. Та үргэлж халтар царайтай, хиртэй хувцастай явдаг жаалыг хараад эцэг эх нь ямар хүмүүс байдаг юм бол гэж бодно биз дээ? Бид гадаад байдал, эсвэл амьдралынхаа хэв маягаар тэнгэрийн Эцгээ гутаах юм уу, эсвэл сайн мэдээний үнэ цэнг унагахыг яасан ч хүсэхгүй. Бурхны Үгэнд: «Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй. Харин бид өөрсдийгөө Бурхны үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм» гэж байдаг (2 Коринт 6:3, 4). Тэгвэл ахуй болон биеийн хувьд яаж цэвэр байх вэ?
15, 16. Ариун цэвэр сахихын тулд яах хэрэгтэй вэ? Бид хувцсаа ямар байлгах хэрэгтэй вэ?
15 Хувийн ариун цэвэр ба гадаад байдал. Газар газрын соёл, ахуй нөхцөл өөр өөр байдаг ч ус, саван олоод усанд тогтмол орох боломж хаана ч байдаг. Бид өөрсдөө ч, үр хүүхэд маань ч ариун цэвэр сахих учиртай. Ариун цэвэр сахихын тулд хоол хийх болон идэхийн өмнө, бие зассаны дараа, нялх хүүхдийг хуурайлах болон усанд оруулсны дараа гараа савандаж угааж занших нь чухал. Гараа савандаж угаах нь өвчин эмгэгээс сэргийлэх, цаашлаад амь насаа ч аврах ач тустай. Тухайлбал, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж болдог. Хэрэв бохир усны шугамгүй бол ялгадсаа эртний израильчуудын адилаар газарт булах юм уу бие засах газрыг халдваргүйжүүлж, ялаа батгана үржихээс сэргийлэх арга хэмжээ авч байх нь зүйтэй (Дэд хууль 23:12, 13).
16 Бас хувцсаа байнга угааж, цэвэр үзэмжтэй хувцаслах хэрэгтэй. Христиан хүний хувцас их үнэтэй, сүүлийн үеийн загвар хийцийнх байх албагүй ч цэвэрхэн, үзэмжтэй, даруу байх учиртай (1 Тимот 2:9, 10). Бид хаана ч байсан гадаад байдлаараа «Аврагч Бурхны сургаалыг» «чимэхийг» (ШЕ) хүсдэг (Тит 2:10).
17. Гэр орон болон хувийн өмч хөрөнгөө цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэйн учир юу вэ?
17 Гэр орон болон хувийн өмч хөрөнгө. Бид гэр орноо чамин тансаг биш боловч боломжийнхоо хэрээр цэвэр цэмцгэр байлгах ёстой. Бас цуглаан юм уу дэлгэрүүлэх ажилд машинаараа явдаг бол машинаа гадна дотногүй цэвэрхэн байлгах нь зүйтэй. Гэр орон болон хувийн өмч хөрөнгөө цэвэр байлгах нь Бурхныхаа тухай гэрчлэх бас нэг боломж гэдгийг санаж яваарай. Бид хүмүүст Ехова бол ариун Бурхан бөгөөд «дэлхийг устгагчдыг устгана», Бурхны Хаанчлал дэлхийг удахгүй диваажин болгоно гэж ярьдаг шүү дээ (Илчлэлт 11:18; Лук 23:43). Тэгэхлээр, гэр орон, өмч хөрөнгө, эд хогшлоо цэвэр байлган, ирээдүйн шинэ ертөнцөд амьдрахаар бэлтгэж байгаагаа одооноос харуулцгаая.
Ахуй болон биеийн хувьд цэвэр байх нь чухал
18. Хаанчлалын танхимыг чухалд үздэгээ яаж харуулах вэ?
18 Шүтлэгийн газар. Бид Еховад хайртай учир Бурхнаа шүтдэг газар буюу Хаанчлалын танхимыг чухалд үздэг. Цуглаанд шинэ тутам ирж байгаа хүмүүст цуглааны танхим маань таатай сэтгэгдэл төрүүлээсэй гэж бид хүсдэг. Хаанчлалын танхимыг тохь тухтай, өнгө үзэмжтэй байлгахын тулд байнга цэвэрлэж, засаж тордох хэрэгтэй. Танхимаа цэвэр цэмцгэр байлгахад чадах чинээгээрээ хувь нэмэр оруулдаг бол чухалд үздэгээ харуулна. Шүтлэг мөргөлийн газраа цэвэрлэж, «сэргээн барьж, засварлахад» цаг заваа харамгүй зориулах нь бидний хувьд аз завшаан билээ (Шастирын дэд 34:10). Мөн Чуулганы танхим болон чуулган явуулах байрыг цэвэрлэхэд идэвхтэй оролцож байх нь зүйтэй.
БУЗАР БУЛАЙ ЗУРШИЛ, ҮЙЛ ХЭРГЭЭС ХОЛ ЯВАХ НЬ
19. Биеэ цэвэр байлгая гэвэл юунаас хол байх ёстой вэ? Энэ талаар Библи яаж тусалдаг вэ?
19 Биеэ цэвэр байлгая гэвэл тамхи татах, архидан согтуурах, дасал болдог юм уу сэтгэцэд нөлөөтэй эмийг эмчилгээний бус зорилгоор хэрэглэх гэх мэтийн бузар булай зуршил, үйл хэргээс хол байх ёстой. Өнөөдөр нийгэмд газар аваад байгаа муу зуршил, муухай хэрэг бүгдийг Библид тоочин бичээгүй боловч тэдгээрт Ехова хэрхэн ханддагийг ойлгуулах зарчмуудыг бичсэн байдаг. Бид Бурхныг хайрладаг, үзэл бодлыг нь ойлгодог учир таалдаг замаар нь явахыг хичээдэг. Одоо, Библийн таван зарчмыг ярилцъя.
20, 21. Ехова биднийг юунаас хол байгаасай гэж хүсдэг вэ? Хүслийг нь биелүүлэх гол шалтгаан юу вэ?
20 «Хайрт хүмүүс минь, эдгээр амлалт байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурхнаас эмээж, ариун байдлыг төгс болгоё» (2 Коринт 7:1). Ехова биднийг биед хортой, «сүнс» буюу оюун ухааныг маань бузарлах аюултай зүйлээс хол байгаасай гэж хүсдэг. Тиймээс бие махбод болон оюун ухааныг хордуулах аливаа муу зуршилд автах ёсгүй.
21 «Өөрсдийгөө ...бүх л бузар булайгаас цэвэрлэх» нэг чухал шалтгааныг энд бичжээ. 2 Коринт 7:1-д: «Эдгээр амлалт байгаа тул» гэж байдаг. Хэний, ямар амлалт юм бол оо? Өмнөх хоёр зүйлийг үзвэл Ехова: «Би та нарыг хүлээн авч, та нарын Эцэг чинь болно» гэж амлажээ (2 Коринт 6:17, 18). Ехова таныг анхааран халамжилж, хүү, охин шигээ хайрлахаа амласныг бод доо. Гэхдээ таныг «махан биеийн ба сүнсний» бузар булайгаас хол байвал энэ амлалтаа биелүүлнэ. Муу зуршил, муухай хэргээс болж Еховатай тийм дотно харьцаатай байх боломжоо алдвал үнэхээрийн мунхаг хэрэг болох бус уу!
22–25. Муу зуршил, муухай хэргээс хол байхад Библийн ямар ямар зарчим туслах вэ?
22 «Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзнээ хайрла» (Матай 22:37). Есүс энэ тушаалыг хамгийн агуу нь гэж хэлсэн (Матай 22:38). Үнэндээ Еховаг тэгж л хайрлах учиртай. Бурхныг бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа хайрлахын тулд амь насыг маань богиносгох, Бурхны өгсөн оюун ухааныг самууруулах аюултай бүхнээс зайлсхийх ёстой.
23 «[Ехова] амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг» (Үйлс 17:24, 25). Амь бол Бурхны өгсөн бэлэг билээ. Бид Бурхныг хайрладаг учир өгсөн үнэтэй бэлгийг нь ч өндөр үнэлдэг. Эрүүл мэндэд хортой юм хийж зурших нь амь насаа хайрладаггүйн шинж болох тул бид тийм юмнаас хол байдаг (Дуулал 36:9).
24 «Хөршөө өөрийн адил хайрла» (Матай 22:39). Муу зуршилтай юм уу муу үйл хийдэг хүн өөртөө төдийгүй эргэн тойрныхоо хүмүүст хор хохирол учруулдаг. Жишээ нь, тамхины утаа тамхи татдаггүй хүмүүсийг ч хордуулдаг. Тиймээс эргэн тойрныхоо хүмүүсийг хохироодог хүн хөршөө хайрла гэсэн Бурхны тушаалыг зөрчиж, Бурхныг хайрладаг гэдгээ ч үйл хэргээрээ үгүйсгэж байгаа хэрэг юм (1 Иохан 4:20, 21).
25 «Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай бай» (Тит 3:1). Ихэнх оронд мансууруулах бодисыг гэртээ хадгалах, биедээ авч явах, хэрэглэх зэргийг хуулиар хориглодог. Жинхэнэ христианууд хориотой эм, бодис зэргийг хэрэглэдэггүй, бас хадгалдаггүй (Ром 13:1).
26. а) Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихын тулд яах хэрэгтэй вэ? б) Бурхны нүдэнд цэвэр байхыг хамгийн ухаалаг хэрэг гэж үзэхийн учир юу вэ?
26 Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихын тулд амьдралынхаа бүх хүрээнд цэвэр байх хэрэгтэй. Муу зуршлаа орхиж, бузар булай үйл хэргээс зайлсхийх нь амаргүй боловч ингэж болдог.d Ехова бидэнд үргэлж тустайг зааж сургадаг учир зааврынх нь дагуу амьдрах нь ухаалаг хэрэг юм (Исаиа 48:17). Хамгийн гол нь, бид бүх талаараа цэвэр байхыг хайртай Бурхнаа алдаршуулж, хайран дотор нь өөрсдийгөө сахиж байгаа хэрэг гэж үздэг учир сэтгэл хангалуун явдаг.
a «Цэвэр» гэж орчуулсан еврей үг нь ахуй болон биеийн хувьд төдийгүй ёс суртахуун, шашин шүтлэгийн талаар цэвэр байхыг бас хэлдэг.
b Жинхэнэ христиануудын тэмдэглэдэггүй баяр ёслол, сахидаггүй ёс заншлын талаар 13-р бүлгээс үзнэ үү.
c Үзэж харж, уншиж сонсох зүйлээ ухаалаг сонгох талаар 6-р бүлгээс үзнэ үү.
d 94-р хуудасны «Би сайныг үйлдэхийн төлөө тэмцдэг үү?» гэдэг хавсралт, энэ хуудсанд байгаа «Бурханд бүх юм боломжтой» гэдэг хавсралтыг тус тус үзнэ үү.
e Нэрийг өөрчлөв.