БҮЛЭГ 12
«Босгон байгуулахын» тулд тустай үг хэлэгтүн
«Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин ... бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл» (ЕФЕС 4:29).
1–3. а) Ехова хүнийг ямар чадвартайгаар бүтээсэн бэ? Яавал энэ чадвараа буруу ашигласан болох вэ? б) Бурхны хайран дотор байхын тулд үг яриагаа юунд нийцүүлэх хэрэгтэй вэ?
ТАНЫ дотнын хүн өгсөн бэлгийг тань зориулалтаар нь ашиглаагүй бол ямар санагдах вэ? Жишээ нь, таны бэлэглэсэн машиныг анхаарал сэрэмжгүй жолоодож яваад хүн дайрч гэмтээсэн бол яах вэ? Урам хугарахгүй гэж үү?
2 Ярих чадвар бол «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг» өгдөг Ехова Бурхны бэлэг юм (Иаков 1:17). Хүн энэ чадварынхаа ачаар амьтнаас ялгардаг төдийгүй үзэл бодол, сэтгэл санаагаа илэрхийлж чаддаг. Гэхдээ ярих чадвараа зориулалтаар нь ашиглахгүй бол машиныг болгоомжгүй жолоодохтой адил аюултай. Бодлогогүй үг хэлж, бусдын сэтгэлийг шархлуулбал Еховагийн урам хугарна.
3 Бүтээгч Бурхны хайран дотор байхын тулд үг яриагаа санаа зорилгод нь нийцүүлэх учиртай. Ехова биднийг юу яриасай гэж хүсдэгээ тодорхой хэлдэг. Тэрбээр: «Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө» гэж Үгэндээ бичүүлжээ (Ефес 4:29). Одоо, үг хэлээ захирах ёстойн учир, ямар үг хэлэхгүй байх, мөн «босгон байгуулдаг» тустай үгийг яаж хэлэх учиртайг ярилцъя.
ҮГ ХЭЛЭЭ ЗАХИРАХ ХЭРЭГТЭЙН УЧИР
4, 5. Үг их хүчтэйг Библийн зарим зүйлд хэрхэн дүрсэлдэг вэ?
4 Үг их хүчтэй байдаг нь үг хэлээ захирах ёстойн нэг чухал шалтгаан болдог. Сургаалт үгс 15:4-т: «Анагаадаг хэл амийн мод юм. Харин хазааргүй хэл сүнсийг бусниулдаг» гэж байдаг.a Ус, хатаж гандсан модыг сэргээдэг шиг сайхан үг «сүнс» буюу сэтгэлийг анагааж, сэргээдэг. Харин хорон муу хүний гажуу үг сэтгэлийг шаналгадаг. Тийм ээ, үг яриа гэдэг бусдын сэтгэлийг анагаах ч чадалтай, шархлуулах ч хүчтэй (Сургаалт үгс 18:21).
5 Үг хэчнээн хүчтэй байдгийг Библийн өөр нэг зүйлд: «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг» хэмээн хурц тод дүрсэлжээ (Сургаалт үгс 12:18). Үнэхээр ч, яаран хэлсэн бодлогогүй үг сэтгэлд гүн шарх үлдээж, сайн харьцааг эвдэн бусниулах нь бий. Та ч гэсэн үг гэдэг илдний шарх ямар байдгийг мэддэг байж болох юм. Нөгөө талаас, «Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг» гэж дээрх зүйлд бас хэлжээ. Бурхныг дуурайдаг мэргэн хүний үг шаналсан зүрхийг анагааж, дотно харьцааг бий болгодог. Сайхан үг сонсоод зүрхний тань шарх аньж байсан биз дээ? (Сургаалт үгс 16:24). Үг ийм хүчтэй тул үг хэлээрээ бусдын сэтгэлийг шархлуулах бус, анагааж байцгаая.
Сайхан үг сэтгэл сэргээдэг
6. Үг хэлээ захирахын тулд уйгагүй тэмцэх шаардлагатайн учир юу вэ?
6 Ер нь, хүн яаж ч хичээсэн үг яриан дээрээ алддаг. Яагаад гэвэл нүгэл, төгс бус байдлаасаа болоод үг хэлээ буруу ашигладаг. Энэ нь үг хэлээ захирах ёстойн хоёр дахь шалтгаан юм. Үг яриа зүрхнээс гардаг. Гэтэл хүний «зүрхний хандлага ... бузар муу байдаг» (Эхлэл 8:21; Лук 6:45). Тийм учраас үг хэлээ хазаарлахын тулд уйгагүй тэмцэх шаардлагатай (Иаков 3:2–4). Үг хэлийг бүрэн захирах аргагүй боловч зөв ашиглаж сурах зорилго тавих хэрэгтэй. Голын эх өөд сэлье гэвэл урсгал сөрөх хэрэгтэй болдгийн адилаар үг хэлээ захирч суръя гэвэл нүгэлт хандлагатайгаа тэмцэх учиртай.
7, 8. Ехова бидний үг яриаг хэр зэрэг чухалд үздэг вэ?
7 Бид хэлсэн ярьсныхаа хариуцлагыг Еховагийн өмнө хүлээнэ. Энэ бол үг хэлээ захирах ёстойн гурав дахь шалтгаан юм. Үг яриа маань хүмүүс болон Еховатай тогтоосон харьцаанд нөлөөлдөг. Иаков 1:26-д: «Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө шүтлэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхийг хуурч буй бөгөөд шүтлэг нь ашиггүй ажээ» гэж байдаг.b Үг яриа Бурхныг шүтэхтэй салшгүй холбоотой гэдгийг өмнөх бүлэгт дурдсан. Үг хэлээ хазаарладаггүй, бусдын сэтгэлийг шархлуулдаг хүн Бурханд хэчнээн үйлчилсэн ч тэр нь үнэ цэнгүй болдог. Тэгэхлээр, үг хэлээ захирах нь үнэхээр чухал байгаа биз? (Иаков 3:8–10).
8 Үг хэлээ захирах ёстойн чухал шалтгаануудыг авч үзлээ. «Босгон байгуулдаг» үгийн талаар ярилцахаасаа өмнө жинхэнэ христиан хүн ямар үг ярианаас зайлсхийх ёстойг ярилцъя.
«НУРААДАГ» ҮГ ЯРИА
9, 10. а) Өнөөгийн хүмүүс өдөр тутмын яриандаа ямар үг их хэрэглэдэг болсон бэ? б) Шалиг завхай юм ярих ёсгүйн учир юу вэ? (Зүүлт үзнэ үү).
9 Шалиг завхай яриа. Өнөөгийн хүмүүс өдөр тутмын яриандаа хараал гэх мэтийн зохисгүй үгийг их хэрэглэдэг болжээ. Үгээ онцлон тэмдэглэхийн тулд, эсвэл оновчтой үг хэлж мэдэхгүй үедээ хараал юм уу муухай үг хэлдэг хүмүүс ч байдаг. Хошин шогийн жүжигчид хүмүүсийг инээлгэх гэж голдуу шалиг завхай, бүдүүлэг үг хэрэглэдэг. Харин христиан хүн тийм зохисгүй юм ярих ч, сонсох ч учиргүй. Бурхны ариун сүнсээр удирдуулсан элч Паул 2000 орчим жилийн өмнө Колоссай хотын христиануудад «жигшүүрт үгсийг» зайлуулж хаяхыг зөвлөж байсан (Колоссай 3:8). Бас Ефесийн хуралд бичсэн захидалдаа «завхай шог» (ШГ) яриа нь христиануудын дунд дурсагдах ч учиргүй гэжээ (Ефес 5:3, 4).
10 Шалиг завхай үг яриаг Ехова Бурхан ч, Еховаг хайрладаг хүмүүс ч жигшдэг. Бид Бурхнаа хайрладаг учраас шалиг завхай юм огт ярьдаггүй. Паул «махан биеийн үйлсийг» тоочин бичихдээ «бузар байдлыг» оруулсан бөгөөд үүнд нь цэвэр бус үг яриа ч багтдаг (Галат 5:19–21). Тиймээс бид цэвэр бус үг ярианаас зайлсхийх ёстой. Хэрэв христиан хүн зөвлөгөө сануулга авсаар байж, шалиг завхай, ёс журамгүй юмыг шууд юм уу битүү утгаар ярьдаг зуршлаа хаяхгүй бол хурлаас хасагдаж болзошгүй.c
11, 12. а) Хов жив ямар аюултай вэ? б) Бурхны үйлчлэгчид гүтгэлгээс зайлсхийдгийн учир юу вэ?
11 Хов жив, гүтгэлэг. Ер нь, хүмүүс хоорондоо бусдын талаар, амьдрал ахуйнх нь талаар ярилцдаг. Энэ талаар ярих нь буруу юу? Баптисм хүртсэн юм уу эсвэл тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа нэгнийхээ талаар бусдадаа дуулгах гэх мэтийн тустай юм ярьж болно. Нэгдүгээр зууны христианууд бусдадаа санаа тавьж, бие биедээ хэл өгдөг байсан (Ефес 6:21, 22; Колоссай 4:8, 9). Гэхдээ баримтыг мушгин гуйвуулбал, хүний хувийн хэргийг олонд зарлавал хов жив болно. Энэ нь цаашлаад гүтгэлэг болох аюултай. Гүтгэлэг хэзээ ч сайн юманд хүргэдэггүй. Гүтгэлэг гэдэг нь хүний нэр төрийг гутаах зорилгоор худал ярихыг хэлдэг. Тухайлбал, фарисайчууд Есүсийн нэр хүндийг унагах гэж гүтгэж байсан (Матай 9:32–34; 12:22–24). Түүнчлэн, гүтгэлгээс болж хэрүүл маргаан гардаг (Сургаалт үгс 26:20).
12 «Ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч» хүнийг Бурхан үзэн яддаг учир үг яриагаараа бусдыг гутаадаг, хэрүүл маргаан дэгдээн, хагарал гаргадаг хүнийг зүгээр өнгөрөөхгүй (Сургаалт үгс 6:16–19). Сонирхолтой нь, гүтгэгч гэдэг үгийг грекээр диаболос гэдэг бөгөөд Сатан ч бас ийм нэртэй. Тийм ээ, Сатан бол Илчлэлт 12:9, 10-т бичсэн тэр «диавол» мөн бөгөөд Бурхныг хорон муухайгаар гүтгэсэн этгээд юм. Тиймээс бид үг яриагаараа Диаволыг дуурайхыг яасан ч хүсэхгүй. «Өрсөлдөөн, хагарал» гэх мэтийн «махан биеийн үйлсийг» өөгшүүлэх үг яриа христиан хуралд байх ёсгүй (Галат 5:19–21). Тиймээс бусдын тухай ам дамжсан яриаг хүнд хэлэхээсээ өмнө: «Энэ яриа баттай үнэн үү? Тэр хүнд сайхан санагдах уу? Үүнийг бусдад ярих хэрэг байна уу? Ер нь, яриад баймаар юм мөн үү?» гэж бодож байгаарай (1 Петр 4:15)
13, 14. а) Доромжилсон үг яриа бусдад яаж нөлөөлдөг вэ? б) Бусдыг доромжилдог зуршилтай хүн өөртөө гай тарьдаг гэж хэлж болохын учир юу вэ?
13 Доромжлол. Үг сэтгэлийг шархлуулах хүчтэйг дээр ярилцсан. Хэлсэн үгнийхээ хойноос харамсах үе төгс бус хүмүүс бидэнд цөөнгүй гардаг. Гэхдээ христиан хүнд гэрийнхэндээ ч, итгэл нэгтнүүддээ ч хэлэх ёсгүй үг байдгийг Библи тодорхой хэлдэг. Паул христиануудад: «Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг [«доромжлол», ШЕ] нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг» гэж сануулжээ (Ефес 4:31). «Доромжлол» гэдэг үгийг Библийн өөр нэг орчуулгад «хортой муу үг» гэж хөрвүүлсэн байдаг. Бусдад нэр хоч өгөх, байнга хурцаар шүүмжлэх зэрэг нь доромжилж байгаа хэрэг бөгөөд үүнээс болж хүн нэр хүндээ алдаж, өөрийгөө хүндэтгэхээ больдог. Ялангуяа, цагаан цайлган сэтгэлтэй хүүхэд багачууд их эмзэглэдэг (Колоссай 3:21).
14 Бусдыг доромжлох буюу элдэв муу үгээр хэлэх, басамжлах, дорд үзэх зуршлыг Библи эрс буруушаадаг. «Хараалч» буюу бусдыг доромжилдог зантай хүн өөртөө гай тарьдаг. Библийн үндэстэй зөвлөгөөг үл тоомсорлон, энэ зангаа засахгүй бол хурлаас хасагдах, цаашлаад шинэ ертөнцөд амьдрах эрхээ ч алдаж болзошгүй (1 Коринт 5:11–13; 6:9, 10). Тэгэхлээр, Бурхны хайран дотор байхыг хүсдэг хэн боловч зохисгүй үг хэлж, худал ярьж, бусадтай ширүүн харьцах ёсгүй байх нь ээ. Ийм үг яриа «нураадаг».
«БОСГОН БАЙГУУЛДАГ» ҮГ ЯРИА
15. Ямар үг яриа «босгон байгуулдаг» вэ?
15 Тэгвэл үг яриагаа Бүтээгчийн санаа зорилгод нийцүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Библи: «Бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл» гэж уриалдаг (Ефес 4:29). Үг яриагаараа бусдыг босгон байгуулж, урам зориг нэмж, сэтгэлийг нь сэргээхэд Ехова баярладаг. Ийм үг хэлэхийн тулд бодох хэрэгтэй. Ингэж ярих ёстой гэсэн дүрэм, «эрүүл үгийн» жагсаалт Библид байдаггүй (Тит 2:8). Гэхдээ «босгон байгуулдаг» үг хэлдэг байя гэвэл энгийн боловч чухал, дараах гурван зүйлийг санаж явах хэрэгтэй. «Босгон байгуулдаг» үг яриа нь зүй зохистой, үнэн зөв, чин сэтгэлийнх байдаг. Тэгвэл одоо эдгээрийг дэлгэрэнгүй үзье (140-р хуудсанд байгаа «Би үг яриагаараа бусдыг „босгон байгуулдаг“ уу?» гэдэг хавсралтыг үзнэ үү).
16, 17. а) Бусдыг магтах хэрэгтэйн учир юу вэ? б) Гэр бүлийнхэн болон итгэл нэгтнүүдээ хэзээ магтаж болох вэ?
16 Чин сэтгэлээсээ магтах нь. Хүнийг магтаж сайшаах хэрэгтэй байдгийг Ехова Есүс хоёр сайн мэддэг (Матай 3:17; 25:19–23; Иохан 1:47). Христианууд бид ч бусдыг чин сэтгэлээсээ магтдаг байх нь зүйтэй. «Цагаа олсон үг юутай сайхан бэ!» гэж Сургаалт үгс 15:23-т байдаг. Та өөрөөсөө: «Хүмүүс намайг чин сэтгэлээсээ магтахад надад ямар санагддаг билээ? Сэтгэл минь сэргэж, урам зориг ордог уу?» гэж асуугаарай. Магтуулсан хүн, хүмүүс өөрийг нь анхаарч байдгийг, хийсэн бүтээсэн нь хоосон биш гэдгийг ойлгож, улмаар өөртөө илүү итгэлтэй болж, цаашдаа бүр ч их хичээж мэрийх хүсэлтэй болдог. Тэгэхлээр, бусдаар магтуулахад сайхан санагддаг юм чинь бусдыг магтаж яагаад болохгүй билээ? (Матай 7:12).
17 Бусдын сайн талыг олж хараад, магтаж байгаарай. Тухайлбал, та их сайн бэлдсэн илтгэл сонсох юм уу, хурлынхаа залуу христианы сүнслэгээр өсөж байгааг, эсвэл өндөр настай итгэл нэгтнийхээ цуглаан тасалдаггүйг нь ажигласан байж болох юм. Чин сэтгэлийн магтаал тэднийг баярлуулж, сүнслэгээр улам бэхжүүлж болох шүү дээ. Бас нөхөр эхнэрүүд бие биедээ чин сэтгэлийн магтаал, урмын үг хэлж байх хэрэгтэй (Сургаалт үгс 31:10, 28). Ялангуяа, хүүхэд багачууд магтаал сонсож, хэрэгтэй хүн гэдгээ мэдээд их баярладаг. Ургамалд гэрэл, ус шаардлагатай байдаг шиг хүүхдэд магтаал сайшаал хэрэгтэй. Тиймээс, эцэг эхчүүд ээ, үр хүүхдийнхээ сайн чанар, хичээл зүтгэлийг нь харамгүй магтаж байгаарай. Тэгвэл үр хүүхэд тань өөртөө итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн болж, сайныг үйлдэхийн төлөө илүү их хичээдэг болно.
18, 19. Итгэл нэгтнүүдээ тайвшруулж, тайтгаруулах хэрэгтэйн учир юу вэ? Үүний тулд яах хэрэгтэй вэ?
18 Бусдыг тайвшруулж, тайтгаруулах нь. Ехова «эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг» тайвшруулдаг (Дуулал 147:3). Бурхны Үг бидэнд «нэг нэгнийгээ тайтгаруулж», «гутарсан хүмүүсийг тайвшруулахыг» уриалдаг (1 Тесалоник 5:11, 14, ШЕ). Зовж шаналсан итгэл нэгтнүүдээ тайвшруулж, тайтгаруулахыг маань Бурхан ажиглан харж, өндөр үнэлдэг.
Үг яриагаараа бусдыг «босгон байгуулахад» Ехова баярладаг
19 Тэгвэл урам нь хугарч, гутарсан итгэл нэгтнээ «босгон байгуулахын» тулд яах хэрэгтэй вэ? Зовлон бэрхшээлийг нь шийдэж өгөх үүрэгтэй гэж бүү бодоорой. Гол нь, олон юм нуршилгүй, чин сэтгэлээсээ ярилцаарай. Бас хамт залбирахдаа Бурхны болон бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг хүн гэдгийг нь ойлгуулахыг Бурхнаас гуйгаарай (Иаков 5:14, 15). Хуралдаа хэрэгтэй, үнэ цэнтэй хүн гэдгийг нь хэлээрэй (1 Коринт 12:12–26). Ехова хүн бүрд анхаарал тавьдгийг батлах Библийн зүйлийг уншиж өгөөрэй (Дуулал 34:18; Матай 10:29–31). Сэтгэлээр унасан хүнтэй «эелдэг үгээр», чин сэтгэлээсээ, аажуу тайван ярилцвал хайр хүндэтгэл хүлээдэг, үнэ цэнтэй хүн гэдгийг нь ойлгуулж чадна (Сургаалт үгс 12:25).
20, 21. Зөвлөгөөг зөв өгөхийн тулд ямар гурван зүйлийг санах хэрэгтэй вэ?
20 Зөвлөгөөг зөв өгөх нь. Төгс бус хүмүүс бидэнд зөвлөгөө хэрэг болдог. Библид: «Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав. Тэгвээс амьдралынхаа бүх өдөр мэргэн байх болно» гэж байдаг (Сургаалт үгс 19:20). Ер нь, зөвлөгөө өгөх нь зөвхөн ахлагчдын үүрэг биш ээ. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ зааж зөвлөдөг (Ефес 6:4). Бас төлөвшсөн христиан эмэгтэйчүүд охид бүсгүйчүүдэд зөвлөгөө өгч болох юм (Тит 2:3–5). Хайрын сэтгэлээр өгсөн зөвлөгөөг хүлээж авахад амар байдаг. Зөвлөгөөг зөв өгөхийн тулд дараах гурван зүйлийг санах хэрэгтэй. Ямар зорилгоор, юунд үндэслэн, ямар аргаар зөвлөгөө өгөх вэ?
21 Зөвлөгөө үр дүнтэй байх эсэх нь өгч байгаа хүнээс ихээхэн шалтгаалдаг. «Би ямар зөвлөгөөг амархан хүлээж авдаг билээ?» гэж бодож үзээрэй. Хэрэв хүн уурлаж бухимдалгүй, ямар нэг далд санаа өвөрлөлгүй, үнэхээр таны тусын тулд зөвлөгөө өгвөл хүлээж авахад амар байдаг биз дээ? Тиймээс бусдад зөвлөгөө өгөх болбол та өөрөө ч бас тийм байгаарай. Зөвлөгөөг зөв өгөхийн тулд Бурхны Үгэнд үндэслэх нь чухал юм (2 Тимот 3:16). Библиэс шууд иш татах ч бай, үгүй ч бай, аливаа зөвлөгөөг Библид үндэслэх учиртай. Тиймээс, христиан ахлагчид бусдад хувийн үзлээ тулгах юм уу Библийн зарчмыг үзэл бодолдоо нийцүүлэн гажуудуулахаас сэргийлэх ёстой. Түүнээс гадна, зөвлөгөөг зохистой аргаар өгвөл үр дүнтэй байдаг. Сайхан сэтгэлээр «амталсан» зөвлөгөөг хүн төвөггүй хүлээж авдаг бөгөөд сэтгэл нь шархалдаггүй (Колоссай 4:6).
22. Та ярих чадвараа ямар зорилгоор ашиглахыг хүсэж байна вэ?
22 Ярих чадвар бол Бурхны өгсөн бэлэг мөн. Еховаг хайрладаг хүн энэ бэлгийг санаа зорилгод нь нийцүүлэн ашигладаг. Үг яриа бусдыг «босгон байгуулах» юм уу эсвэл «нураах» хүчтэй. Тиймээс үг яриагаа Бүтээгчийнхээ санаа зорилгод нийцүүлэн, бусдыг «босгон байгуулцгаая». Тэгвэл бусдынхаа сэтгэлийг сэргээж, өөрсдөө ч Бурхны хайран дотор байж чадна.
a Сургаалт үгс 15:4-т «хазааргүй» гэж орчуулсан еврей үг нь «хорон муу», «гажуу» гэсэн утгыг бас илэрхийлдэг.
b «Ашиггүй» гэж орчуулсан грек үгийг бас «хэрэггүй», «утгагүй» гэж хөрвүүлсэн байдаг (1 Коринт 15:17; 1 Петр 1:18).
c Библийн үүднээс авч үзвэл, «бузар байдал» гэдэг нь их өргөн хүрээтэй ойлголт юм. «Бузар байдалд» тооцогдох бүх хэргийг эрхзүйн хороогоор авч хэлэлцэх шаардлагагүй боловч жигшмээр бузар юм хийдэгтээ гэмшдэггүй хүн хурлаас хасагдаж болзошгүй (Колоссай 3:5; 2 Коринт 12:21; Ефес 4:19; мөн «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 7-р сарын 15-ны дугаарын «Уншигчдын асуулт» буланг үзнэ үү [англи]).