БҮЛЭГ 14
Бүх юманд үнэнч шударга байгтун
«Бид бүх юманд үнэнч шударга байхыг хүсдэг» (ЕВРЕЙ 13:18, ШЕ).
1, 2. Үнэнч шударга байхыг хичээвэл Ехова яагаад баярладаг вэ? Жишээгээр тайлбарлана уу.
ЭЭЖТЭЙГЭЭ хамт дэлгүүрээс гарч ирсэн хүү айж балмагдсан царайтай гэнэт зогтусав. Хүү дэлгүүрт үзэж байсан тоглоомоо гартаа барьчихсан байлаа. Уг нь, тэр тоглоомыг үзчихээд буцааж тавина, эсвэл ээжээрээ авахуулна гэж бодож байснаа мартсан бололтой. Яахаа ч мэдэхгүй, царайчлангуй харах хүүгээ ээж нь тайвшруулаад, дэлгүүрт эргэж ороход хүү нь өнөөх тоглоомыг буцаан өгч, уучлал гуйжээ. Ээж нь хүүгээрээ бахархаж байлаа.
2 Эцэг эхийн хувьд үр хүүхэд нь үнэнч шударга хүн болон өсөж хүмүүжих шиг сайхан юм тэр бүр байдаггүй биз ээ. Үүнтэй адилаар, тэнгэрийн Эцэг, «үнэний Бурхан» Ехова биднийг сүнслэгээр өсөхийн хэрээр үнэнч шударга байх гэж хичээж байгааг маань хараад баярладаг (Дуулал 31:5). Бид Бурхнаа баярлуулж, хайран дотор нь байхыг эрмэлздэг учраас элч Паулыг дуурайн, «бүх юманд үнэнч шударга байхыг хүсдэг» (Еврей 13:18, ШЕ). Үнэнч шударга байхад амаргүй, амьдралын дөрвөн хүрээг дэлгэрэнгүй үзье. Дараа нь, үнэнч шударга хүн ямар ивээл хүртдэгийг ярилцъя.
ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙХ НЬ
3–5. а) Өөрийгөө хуурахын аюулаас Библи хэрхэн сэрэмжлүүлдэг вэ? б) Өөртөө үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ?
3 Юуны түрүүнд, бид өөрөө өөртөө үнэнч байж сурах хэрэгтэй. Төгс бус хүн өөрийгөө амархан хуурдаг. Тухайлбал, Есүс Лаодик хотын христиануудыг өөрсдийгөө хуурч байсныг нь хэлсэн байдаг. Тэд өөрсдийгөө баян гэж бодож байсан ч, хэрэг дээрээ, сүнслэгээр «ядуу, сохор, нүцгэн» буюу өрөвдмөөр байжээ (Илчлэлт 3:17). Ийнхүү өөрсдийгөө хуурснаар улам аюултай байдалд оржээ.
4 Шавь Иаков ч мөн адил: «Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө шүтлэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхийг хуурч буй бөгөөд шүтлэг нь ашиггүй ажээ» хэмээн сэрэмжлүүлснийг та санаж байгаа байх (Иаков 1:26). Хэл амаа хазаарладаггүй байж Бурханд үйлчилдэг гэж бодох нь өөрийгөө хуурч байгаа хэрэг. Ехова тийм хүний шүтлэгийг ашиггүй, үнэ цэнгүйд тооцдог. Ийм гашуун үр дагавар амсахгүйн тулд яах хэрэгтэй вэ?
5 Иаковын бичсэн үгийн хам сэдвийг үзвэл, тэрбээр Бурхны үгийг тольтой зүйрлээд, христиануудыг Бурхны төгс хуульд «тольдож», алдаагаа засахыг зөвлөжээ (Иаков 1:23–25). Өөртөө үнэнч байж, сул талаа олж хараад, засахад Библи тусалдаг (Иеремиагийн гашуудал 3:40; Хаггаи 1:5). Еховагаар шалгуулж, алдаа дутагдлаа ухамсарлан, түүнийгээ засахын тулд бас залбирах хэрэгтэй (Дуулал 139:23, 24). Өөрийгөө хуурах нь ноцтой алдаа гэдгийг ойлгож, Еховагийн үзэл бодлоор хандаж сурах хэрэгтэй. Сургаалт үгс 3:32-т: «Муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм» хэмээжээ. Үзэл бодлыг нь ойлгож, өөртөө үнэнч шударга хандаж сурахад Ехова тусална. Паул: «Бид ... үнэнч шударга байхыг хүсдэг» гэж бичсэн шүү дээ. Бид одоохондоо төгс бус боловч үнэнч шударга байхыг чин сэтгэлээсээ хүсдэг, бас хичээдэг.
ГЭР БҮЛД ҮНЭНЧ БАЙХ НЬ
Үнэнч шударга хүн нууцаар бусармаг юм хийдэггүй
6. Христиан нөхөр эхнэрүүд бие биедээ үнэнч байх хэрэгтэйн учир юу вэ? Ханьдаа үнэнч хүн юунаас хол байдаг вэ?
6 Христиан гэр бүлийн онцлог бол гишүүд нь бие биедээ үнэнч байдаг. Ялангуяа, нөхөр эхнэр хоёр бие биедээ үнэнч байх ёстой. Христиан хүн ханиасаа өөр хүнтэй сээтэгнэх, Интернетээр амрагийн харьцаа тогтоох, порно үзэх гэх мэтийн зохисгүй үйл хийж, ханиа гомдоох ёсгүй. Зарим христиан ханиасаа нууцаар иймэрхүү бусармаг хэрэгт орооцолддог. Ийм хүнийг үнэнч шударга хүн гэж үзэх аргагүй. Давид хаан: «Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй, дүр эсгэгч нартай хамт ч явахгүй» хэмээсэн байдаг (Дуулал 26:4). Хэрэв та гэр бүлтэй бол ханиа хуурч мэхлэх ямар ч юмыг хэзээ ч бүү хийгээрэй.
7, 8. Үр хүүхдэдээ үнэнч шударга байхын чухлыг ойлгуулахдаа Библиэс ямар ямар жишээ татаж болох вэ?
7 Христиан эцэг эхчүүд үр хүүхдэдээ үнэнч шударга байхын чухлыг ойлгуулахдаа Библийн баатруудын жишээ татах нь зүйтэй. Хуурч мэхлэхийн үр дагаврыг ойлгуулахдаа, хулгайн олзоо нуухыг оролдсон Ахан, бэлэг сэлтэд шунан худал ярьсан Гехази, Есүсээс урвасан, хулгайч Иудас нарын муу жишээг ярьж болно (Иошуа 6:17–19; 7:11–25; Хаадын дэд 5:14–16, 20–27; Матай 26:14, 15; Иохан 12:6).
8 Нөгөөтэйгүүр, сайн жишээ үзүүлсэн хүмүүс бас бий. Тухайлбал, Иаков хөвгүүдийнх нь богцноос мөнгө гарахад санамсаргүй орчихсон байх гэж бодоод, эзэнд нь буцааж өгөхийг захиж байсан. Иефта амлалтаа үнэнчээр биелүүлж, охин нь ч эцгийнхээ амлалтыг биелүүлэхийн тулд өөрийгөө золиосолсон. Бас Есүс Судрын зөгнөлийг биелүүлж, шавь нараа хамгаалахын тулд уур хилэн нь бадарсан хүмүүст өөрийгөө эрэлхгээр илчилсэн (Эхлэл 43:12; Шүүгчид 11:30–40; Иохан 18:3–11). Үнэнч шударга байхын чухлыг хүүхдэд ойлгуулахад тустай олон сайхан жишээ Библид байдаг нь энд дурдсан цөөн хэдэн жишээнээс харагдаж байна.
9. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ үнэнч шударга байхын жишээ үзүүлэхийн тулд юунаас зайлсхийх хэрэгтэй вэ? Эцэг эхийн үлгэр жишээ ямар учраас чухал бэ?
9 Хүүхдийг үнэнч шударга хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг их хариуцлагатай ажил. Элч Паул: «Бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? „Хулгай бүү хий“ гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу?» гэж бичжээ (Ром 2:21). Зарим эцэг эх үр хүүхдэдээ үнэнч шударга байхыг заадаг атлаа үгээ үйл хэргээрээ үгүйсгэдэг. Тэд аар саар юм хулгайлчихаад өөрсдийгөө өмгөөлөн: «Үүнийг алга болчихож гэж хэн ч тоохгүй» гэх юм уу, худал хэлснээ аргацааж: «Энэ тийм сүртэй юм биш» гэж хэлдэг. Гэтэл хулгайлсан эд зүйл хямдхан байсан ч, хулгай бол хулгай, сүртэй юм биш байсан ч, худал бол худал шүү дээa (Лук 16:10). Ер нь, хүүхдүүд томчуудын хоёр нүүр гаргахыг дор нь олж хардаг бөгөөд энэ нь тэдэнд сөргөөр нөлөөлдөг (Ефес 6:4). Харин эцэг эхээсээ үлгэр жишээ аван, үнэнч шударга байхад суралцсан хүүхэд өнөөгийн шударга бус нийгэмд ч Еховаг алдаршуулдаг болж болох юм (Сургаалт үгс 22:6).
ХУРАЛД ҮНЭНЧ БАЙХ НЬ
10. Итгэл нэгтнүүддээ үнэнч шударга байхын тулд юунаас болгоомжлох хэрэгтэй вэ?
10 Христиан хүн хуралд ч үнэнч шударга байж сурах хэрэгтэй. Бид бусадтай, ялангуяа, итгэл нэгтнүүдтэйгээ харьцахдаа үг яриагаа хянаж байх учиртайг 12-р бүлэгт үзсэн. Жирийн яриа заримдаа хов жив, бүр цаашлаад, гүтгэлэг болох нь байдаг! Хэрэв баттай мэдэхгүй юмыг бусдад хэлбэл худал хуурмагийг тараасантай адил болох учир хэл амаа захирч байх хэрэгтэй (Сургаалт үгс 10:19). Бас үнэн юмыг, тухайлбал, бусдын хувийн хэрэг юм уу, бусдад сайхан санагдахгүй юмыг мэддэг байлаа ч заавал ярих албагүй (1 Петр 4:15). Зарим хүн бусдын алдаа дутагдлыг хэлж байгаа нь энэ гээд бодлогогүй үг хэлдгээ шударга зан гэж өмгөөлдөг. Гэтэл христиан хүний яриа үргэлж нигүүлсэнгүй байх учиртай шүү дээ (Колоссай 4:6).
11, 12. а) Ноцтой нүгэл үйлдсэн хүн юунаас болж улам хүнд байдалд ордог вэ? б) Ноцтой нүглийн талаар Сатан ямар худал хуурмагийг тараадаг вэ? Хууртахгүйн тулд яах хэрэгтэй вэ? в) Еховагийн байгууллагад үнэнч байдгаа хэрхэн харуулах вэ?
11 Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүстэй харьцахдаа үнэнч шударга байх нь их чухал. Зарим хүн ноцтой нүгэл үйлдчихээд, нуухыг оролдон, ахлагчдад худал хэлж, өөрийгөө улам хүнд байдалд оруулдаг. Тэд нүгэл үйлдэхийн хажуугаар Еховад үйлчилдэг дүр эсгэдэг. Ийнхүү амьдралаа тэр чигээр нь худал хуурмаг болгодог аж (Дуулал 12:2). Харин зарим нь ахлагчдаас чухал баримтыг нууж, хийсэн хэргийнхээ талаар хагас дутуу ярьдаг (Үйлс 5:1–11). Ийн шударга бус байх нь Сатаны тараадаг худал үгэнд итгэсэн хэрэг болно (164, 165-р хуудасны «Сатаны тараадаг худал хуурмаг» гэдэг хавсралтыг үзнэ үү).
12 Бид бас Еховагийн байгууллагад үнэнч байх ёстой. Тухайлбал, дэлгэрүүлэх ажлын тайланг үнэн зөв өгөх шаардлагатай. Мөн байгууллагаас өгсөн анкет бөглөхдөө эрүүл мэндийн байдал, намтар түүх, амьдрал ахуй, дэлгэрүүлэх ажлын туршлагаа үнэн зөв бичих учиртай (Сургаалт үгс 6:16–19).
13. Ажил хэргийн харьцаатай христианууд бие биедээ үнэнч гэдгээ хэрхэн харуулж болох вэ?
13 Итгэл нэгтнүүддээ үнэнч шударга байна гэдэг нь ажил хэргийн харьцаанд ч хамаатай. Хэрэв христианууд ажил хэргийн харьцаатай юм уу хамтран бизнес эрхэлдэг бол ажил албаны асуудлаа цуглаан, дэлгэрүүлэх ажил гэх мэтийн сүнслэг үйл хэрэгтэй хольж хутгаж болохгүй. Ажил дээрээ ажил олгогч ба ажилчин гэсэн байр сууринаас хандах нь зүйтэй. Хэрэв христиан хүн итгэл нэгтнүүдээ ажиллуулдаг бол тэдэнд үнэнч шударга хандаж, цалин хөлсийг хэлэлцэж тохирсон ёсоор, цаг тухайд нь хөдөлмөрийн гэрээ юм уу хуульд заасан бусад олговрын хамт өгч байх хэрэгтэй (1 Тимот 5:18; Иаков 5:1–4). Харин итгэл нэгтнийхээ удирдлага дор ажилладаг христиан хүн чин сэтгэлээсээ, үнэнчээр хөдөлмөрлөх ёстой (2 Тесалоник 3:10). Итгэл нэгт гэдгээрээ далимдуулан ажлын цагийг хийдүүлэх, бусад ажилчдаас илүү харж үзэхийг шаардах гэх мэтийн зохисгүй байдал гаргах учиргүй (Ефес 6:5–8).
14. Христианууд хамтран бизнес эрхлэх болбол яах нь зүйтэй вэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
14 Хэрэв христианууд хамтран бизнес эрхлэхийн тулд хувь нийлүүлэх юм уу хамтдаа зээл авах гэх мэтээр ажиллах бол яах хэрэгтэй вэ? Библид байдаг их чухал бөгөөд тустай зарчмыг мөрдөн, бичгээр гэрээ хийх буюу баримт үйлдэх хэрэгтэй! Жишээлбэл, Иеремиа газар худалдан авахдаа баримт үйлдэж, гэрчүүдийн өмнө мөнгийг нь төлөөд, тэр баримтаа хувилж хадгалдаг (Иеремиа 32:9–12; мөн Эхлэл 23:16–20-ыг үзнэ үү). Христиан хүмүүс хамтран бизнес эрхлэхдээ сайн боловсруулсан, нарийн ширийн зүйлийг тодорхой тусгасан баримт бичиг үйлдэж, гэрчүүдийн өмнө гарын үсэг зурах нь бие биедээ итгэхгүй байгаа хэрэг бус, харин ч үл ойлголцол, гомдол, санал зөрөлдөөн гарахаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм. Хамтран бизнес хийдэг христианууд бизнесийн ашиг сонирхлыг хурлын эв нэгдэл, амар тайван байдлаас дээгүүр тавих учиргүйг үргэлж санаж явах ёстойb (1 Коринт 6:1–8).
АМЬДРАЛЫН БУСАД ХҮРЭЭНД ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХ НЬ
15. Ехова шударга бус худалдаа наймааг хэрхэн үздэг вэ? Христиан хүн шударга бус үйлдэлд хэрхэн хандах ёстой вэ?
15 Христиан хүн хурал төдийгүй амьдралын бүх хүрээнд үнэнч шударга байх ёстой. Паул: «Бид бүх юманд үнэнч шударга байхыг хүсдэг» гэсэн (Еврей 13:18, ШЕ). Христиан хүнийг ажил дээрээ ч үнэнч шударга байдаг эсэхийг нь Ехова их анхаардаг. «Сургаалт үгс » номд л гэхэд зөв дэнстэй байхын чухлыг дөрвөн ч удаа бичсэн байдаг (Сургаалт үгс 11:1; 16:11; 20:10, 23). Эрт цагт хүмүүс худалдаа наймаа хийхдээ дэнс, жинлүүр зэргийг өргөн хэрэглэж, худалдан авах бараагаа ч, төлөх мөнгөө ч жигнэж хэмждэг байв. Шударга бус наймаачид хоёр янзын туухай, буруу хэмждэг дэнс хэрэглэн хүмүүсийг луйварддаг байжээ.c Ехова ийм үйлдлийг үзэн яддаг. Бурхны хайран дотор байхын тулд христиан хүн ажил албаа шударга бус аргаар явуулахыг хатуу цээрлэх ёстой.
16, 17. Өнөөгийн хүмүүс ямар ямар шударга бус юм хийдэг вэ? Христианууд ямар үзэл бодолтой байдаг вэ?
16 Энэ ертөнцийг Сатан захирдаг учраас шударга бус явдал хаа сайгүй байдаг нь зүйн хэрэг. Тийм ч учраас үнэнч шударга байна гэдэг христиан хүнд өдөр тутмын сорилт болж болох юм. Хүмүүс ажилд орохын тулд мэргэжлийн үнэмлэх, дипломыг хуурамчаар үйлдэж, өргөдөлд ажлын дадлага туршлагаа дэгсдүүлэн бичих зэргээр бусдыг хуурч мэхлэх нь түгээмэл байдаг. Бас оршин суух, хил нэвтрэх зөвшөөрөл авах, даатгалд хамрагдах, татвар төлсөнд тооцогдохын тулд эсвэл өөр бусад зорилгоор бичиг баримтыг худлаа бөглөдөг. Оюутан сурагчид шалгалт өгөхдөө багш нарыг хуурах юм уу зохион бичлэг, бие даалтын ажил хийхдээ өөр хүний зохиол бүтээлийг Интернетээс хуулж, өөрөө хийсэн мэт дүр эсгэдэг. Дарга түшмэдэд хээл хахууль өгч, ажил хэргээ бүтээдэг хүмүүс ч бий. Хүмүүс «өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, ... сайныг үзэн ядагчид» болсон учир энэ бүхэнд бид гайхдаггүй (2 Тимот 3:1–5).
17 Христианууд иймэрхүү шударга бус явдалд орооцолдохыг огт хүсдэггүй. Гэтэл өнөөгийн нийгэмд шударга бус хүмүүс амжилтад хүрч, бусдаас илүү амьдардаг юм шиг санагддаг учир үнэнч шударга байна гэдэг зарим христианд сорилт болдог (Дуулал 73:1–8). Христиан хүн «бүх юманд» үнэнч шударга байхыг хүсдэгээсээ болоод санхүүгийн хохирол ч амсаж болох юм. Тэгвэл хохирон байж үнэнч шударга байх хэрэгтэй гэж үү? Хэрэгтэй байлгүй яах вэ! Үнэнч шударга хүн ямар ивээл хүртдэгийг одоо үзье.
ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХЫН ИВЭЭЛ
18. Үнэнч шударгаараа нэр хүндтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?
18 Үнэнч шударгаараа олны дунд нэр хүнд олж, итгэл хүлээх шиг сайхан юм тэр бүр байдаггүй (167-р хуудасны «Би хэр зэрэг үнэнч шударга хүн бэ?» гэдэг хавсралтыг үзнэ үү). Уг нь, хүн болгон тийм нэр хүндтэй болох боломжтой. Үнэнч шударга байх нь авьяас чадвар, бэл бэнчин, царай зүс, нийгэмд эзлэх байр суурь юм уу хүний хэрээс хэтэрсэн бусад зүйлээс шалтгаалдаггүй боловч үнэнч шударга хүн гэсэн нэр хүндийг цөөхөн хүн олдог. Тэгэхлээр, үнэнч шударгаараа олны хүндэтгэлийг хүлээх нь ховорхон тохиох завшаан юм (Мика 7:2). Үнэнч шударга хүнийг зарим хүн элэглэн дооглодог байхад, олон хүн хүндэтгэж, итгэл хүлээлгэдэг. Үнэнч шударга байхын ач тусыг биеэрээ үзсэн хүн Еховагийн Гэрчүүдийн дунд олон бий. Шударга бус хүмүүс ажлаасаа халагдаж байхад христианууд халагдаагүй, эсвэл үнэнч шударга ажилчин хайсан хүн Гэрчүүдийг ажилд авсан тохиолдол цөөнгүй байдаг.
19. Үнэнч шударга байх нь бидний мөс чанар болон Еховатай тогтоосон харьцаанд яаж нөлөөлдөг вэ?
19 Танд дээрхтэй төстэй явдал тохиолдохгүй байж болох ч үнэнч шударга байх нь их ивээл авчирдгийг та биеэрээ үзнэ. Тухайлбал, таны мөс чанар цэвэр байх болно. Паул: «Бид ... сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг» гэсэн байдаг (Еврей 13:18). Бас тэнгэрийн Эцгийнхээ өмнө та нэр хүндтэй хүн болно. Ехова үнэнч шударга хүмүүсийг хайрладаг (Дуулал 15:1, 2; Сургаалт үгс 22:1). Үнэнч шударга байх нь Бурхны хайран дотор өөрийгөө сахихад тустай. Үүнээс агуу шагнал байхгүй. Ехова ажил хөдөлмөрийг хэрхэн үздэгийг дараагийн бүлгээс үзье.
a Бусдыг хорлох зорилгоор ичгүүр сонжуургүйгээр худал ярьдаг христиан хүний асуудлыг ахлагчид эрхзүйн хороогоор авч хэлэлцэх шаардлагатай байж болох юм.
b Ажил хэргийн маргааныг хэрхэн шийдэх талаар 222, 223-р хуудасны хавсралтаас үзнэ үү.
c Тэд өөрсдөө бараа худалдан авахдаа нэг туухай, бусдад зарахдаа өөр нэг туухай хэрэглэн, ашиг унагадаг байжээ. Түүнчлэн, уртаараа юм уу хүндээрээ тэнцүү биш гартай жинлүүрээр хэмжин, худалдан авагчдыг ч, бусад худалдаачдыг ч луйварддаг байсан бололтой.