Сүнслэг зорилго тавьцгаая
1 Еховаг үүрд мөнхөд магтан алдаршуулна гэдэг хэчнээн сайхан завшаан бэ! Үүний тулд одооноос сүнслэг зорилго тавьж, түүндээ хүрэхийг хичээх хэрэгтэй. Ингэвэл хүч чадлаа дэмий юманд зориулахгүй (1 Кор. 9:26). Хүрч болмоор ямар ямар зорилго тавьж болох вэ?
2 Библи судлах: Та бүх цуглаандаа бэлддэг үү? Хэрэв тэгдэг бол, тийн бэлдэж байхдаа судалгаа хийх юм уу, эргэцүүлэн бодох цаг гаргадаг уу? «Харуулын цамхаг» судлалын цуглаан болон Библи судлалын цуглаанд бэлдэхдээ зүгээр л хариултын доогуур зураад өнгөрдөг үү? Эсвэл заасан Библийн зүйлүүдийг уншиж, ном хэвлэлд бичсэн тайлбарын учрыг нь эргэцүүлэн боддог уу? Дэлгэрүүлэгчийн сургуулийн долоо хоног бүрийн Библиэс унших хэсгээс зарим зүйлийг сонгоод судалгаа хийх зорилго тавьдаг уу? Сүнслэг эрдэнэсийг ийнхүү хайхад цаг хэрэгтэй боловч хүртэх үр ашиг нь их (Сур. 2:4, 5).
3 Цуглаан: Хурлын бүх цуглаанд суух зорилго бас тавих учиртай. Цуглаанд эрт ирээд итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж ярилцан, эхний дууг дуулж, залбирал сонсвол хурлын уур амьсгал сайхан болно. Цуглаан болгон дээр хариулж, хариултынхаа чанарыг сайжруулах гэж хичээх учиртай. Хариулахдаа догол мөрд байгаа Библийн зүйл гол санаатай ямар холбоотойг юм уу, үзэж байгаа зүйлээ амьдралдаа яаж хэрэгжүүлж болохыг тайлбарлаж болно (Евр. 10:24, 25).
4 Дэлгэрүүлэх ажил: Зорилго тавивал дэлгэрүүлэх ажлын чанар сайжирна. Сар бүр төдөн цаг дэлгэрүүлье гэж зорилго тавьдаг уу? Зарим нь ийм зорилго тавиад сайн үр дүнд хүрсэн. Айлаар дэлгэрүүлэхдээ Библиэс унших, давтан уулзалт үр дүнтэй хийх, Библийн хичээл эхлэх, үр өгөөжтэй заах гэх мэтээр дэлгэрүүлэх ажлынхаа чанарыг сайжруулдаг уу?
5 Эцэг эхчүүд ээ, та нар Еховад үйлчлэх зорилго тавихыг хүүхдүүдэдээ уриалдаг уу? Эхлэгч, миссионер, бетелчнээр үйлчлэх нь Еховад гүнээ талархаж байгаа хэрэг гэдгийг хүүхдүүдэдээ ойлгуулаарай (Ном. 12:1).
6 Үйл хэргээ шалгаж үзээд зорилго тавьж, зорилгоо биелүүлэх гэж хичээвэл илүү их баяр жаргалтай үйлчилнэ. Бусад маань ч үүнийг хараад урамшина (Ром 1:12).