-
Илжиг ярьсан ньБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 42
Илжиг ярьсан нь
ИЛЖИГ ярьдаг гэж чи ер нь дуулсан уу? «Дуулаагүй. Амьтан ярьдаггүй шүү дээ» гэж чи хариулах байх. Харин Библид нэгэн илжиг ярьсан тухай өгүүлдэг. Чухам юу болсныг үзье.
Израильчууд Канаан нутагт бараг дөхөөд ирчихсэн байлаа. Моабын хаан Балак айсандаа, тэднийг хараалгахаар Балаам гэдэг зальтай хүнийг дуудуулжээ. Балак их мөнгө амласан болохоор Балаам илжгээ унаад, түүнтэй уулзахаар гарчээ.
Ехова Балаамаар ард түмнээ хараалгахыг хүсэхгүй байв. Тиймд Балаамыг болиулахын тулд зам дээр нь том илдтэй тэнгэр элч зогсоожээ. Балаам тэнгэр элчийг харахгүй байхад илжиг нь харж байлаа. Тийм учраас илжиг тэнгэр элчээс зайлах гэж баахан оролдоод, эцэст нь зам дээр хэвтээд өгчээ. Балаам дүрсхийн уурлаж, илжгээ саваагаар нүдэж гарав.
Тэгтэл Ехова илжигний ярихыг Балаамд сонсгов. «Би чамд зодуулахаар юу хийсэн юм бэ?» гэж илжиг түүнээс асуув.
— Чи надаар тохуурхаж байна. Хэрэв надад илд байсан бол чамайг дор чинь алах байсан юм гэж Балаам хэлэв.
— Урьд нь би чамд ийм зан гаргаж байсан уу? хэмээн илжиг асуув.
— Үгүй гэж Балаам хариулав.
Яг тэр үед Ехова Балаамд замыг нь хааж зогссон, илдтэй тэнгэр элчийг үзүүлэв. Тэнгэр элч түүнд: «Чи юунд илжгээ зодно вэ? Чамайг тийш нь очуулж, Израилийг хараалгахгүйн тулд би ирж, замыг чинь хаасан юм. Хэрэв илжиг чинь надаас буруулан зайлаагүй бол би чамайг алж, илжгэнд чинь гар хүрэхгүй орхих байсан» гэж хэлжээ.
Балаам хариуд нь: «Би нүгэл үйлдлээ. Таныг зам дээр зогсож байгааг мэдсэнгүй» гэж хэлэв. Тэнгэр элч Балаамыг явуулсанд Балак уруу очихоор цааш явжээ. Тэр Израилийг хараах санаагаа орхисонгүй. Гэсэн ч Ехова түүгээр ард түмнээ гурван удаа ерөөлгөжээ.
-
-
Иошуа удирдагч болсон ньБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 43
Иошуа удирдагч болсон нь
МОСЕ израильчуудтай хамт Канаан нутагт орохыг хүсэж байв. Тийм учраас: «Иордан голыг гаталж очоод, тэр сайхан нутгийг үзэхийг минь зөвшөөрөөч, Ехова» гэж гуйжээ. Хариуд нь Бурхан: «Одоо боллоо! Дахин ийм юм бүү дурс!» гэж хэлэв. Яагаад ингэж хэлэх болсны учрыг чи мэдэх үү?
Мосе таягаараа хад цохисноос ийм явдал болжээ. Мосе Аарон хоёр тэр үед Еховаг алдаршуулаагүй юм. Тэд, хаднаас ус гаргагч нь Ехова гэдгийг ард олонд хэлээгүй билээ. Тийм учраас Ехова тэднийг Канаан уруу оруулахгүй гэжээ.
Аароныг нас барснаас хойш хэдэн сарын дараа Ехова Мосед: «Иошуаг авчраад, тахилч Елеазар болон ард олны өмнө гаргаж зогсоо. Тэгээд түүнийг бүх хүний нүдэн дээр шинэ удирдагч хэмээн зарлагтун» гэж хэлэв. Мосе Еховагийн тушаалыг ёсчлон биелүүлж байгааг энэ зураг дээр харуулжээ.
Дараа нь Ехова Иошуад хандан: «Тууштай бай, бүү ай. Би чамтай хамт байна. Чи израильчуудыг миний амласан Канаан нутагт удирдан оруулах болно» гэж хэлэв.
Үүний дараа Ехова Мосег Моабын нутагт байдаг Небо уулын оройд гар гэлээ. Тэндээс Мосе Иордан голын тэртээх үзэсгэлэнт сайхан Канаан нутгийг харжээ. Тэгэхэд нь Ехова: «Абрахам Исаак Иаков нарын үр удамд амласан газар минь энэ байна. Чамд тэр нутгийг харууллаа. Харин тийшээ орохыг чинь зөвшөөрөхгүй» гэж хэлэв.
Мосе Небо уулын оройд нас эцэслэв. Тэр 120 настай байжээ. Бие нь эрүүл чийрэг, нүдний хараа нь сайн хэвээрээ байлаа. Мосег нас барахад ард олон гашуудан уйлжээ. Гэхдээ Иошуаг шинэ удирдагч болсонд баяртай байлаа.
-