-
Есүс сүмийг цэвэрлэсэн ньБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 89
Есүс сүмийг цэвэрлэсэн нь
ЕСҮС үнэхээр их уурлаж байх шиг байна, тийм үү? Яагаад ийм их ууртай байгааг нь чи мэдэх үү? Иерусалим дахь Бурхны сүмд байгаа энэ хүмүүс маш шунахай болохоор л тэр. Тэд Бурханд мөргөл үйлдэхээр ирсэн хүмүүсээс их мөнгө салгахыг хичээдэг.
Чи тэнд байгаа үхэр, хонь, тагтааг харж байна уу? Хүмүүс энэ амьтдыг бүр сүм дотор зарж байна. Яагаад гэдгийг мэдэх үү? Израильчууд Бурханд мал, шувуугаар тахил өргөдөг ёстой ажээ.
Бурхны хуулинд, израиль хүн буруу хэрэг хийвэл Бурханд амьтнаар тахил өргөх ёстой гэж заажээ. Бас өөр үед ч тахил өргөдөг байсан. Тэгвэл израильчууд Бурханд тахил болгон өргөх мал, шувуугаа хаанаас авдаг байв аа?
Зарим нь өөрийн гэсэн шувуу, малтай учир тэднийгээ тахил болгон өргөдөг байлаа. Гэхдээ израильчуудын ихэнх нь өөрийн гэсэн мал юм уу шувуугүй байв. Харин зарим нь Иерусалимаас хол газар амьдардаг тул амьтнаа сүмд авчрах аргагүй байжээ. Тийм учраас энд ирж, хэрэгтэй мал юм уу шувуугаа авдаг байв. Гэтэл худалдаачид хүмүүсээс их мөнгө нэхдэг байлаа. Тэд хүмүүсийг мэхэлдэг байжээ. Угтаа бол Бурхны сүм дотор худалдаа хийх ёсгүй байсан шүү дээ.
Ийм л учраас Есүс уурлаад мөнгө солигчдын ширээг хөмөрч, зооснуудыг нь тараан хаясан хэрэг. Бас дээсээр шилбүүр хийж, бүх амьтныг сүмээс тууж гаргажээ. Тагтаа зарж байсан хүмүүст: «Эднийг эндээс гарга! Эцгийн минь гэрийг наймааны газар болгохоо зогсоо» гэж тушаав.
Есүсийн зарим дагалдагч Иерусалимын сүмд өөртэй нь хамт байсан билээ. Тэд Есүсийн юу хийж байгааг хараад гайхжээ. Бурхны Хүүгийн тухай Библид: «Бурхны гэрийг хайрлах хайр түүний дотор гал шиг шатах болно» гэж бичсэн байдгийг тэд тэгэхэд санасан юм.
Есүс Дээгүүр өнгөрөх баяраар Иерусалимд байхдаа олон гайхамшиг үйлдсэн. Баярын дараа Иудейгээс гарч, Галил уруу буцах аяллаа эхэлжээ. Замдаа Самари мужаар дайрав. Тэнд юу болсныг мэдэж авцгаая.
-
-
Худгийн дэргэд эмэгтэйтэй ярилцсан ньБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 90
Худгийн дэргэд эмэгтэйтэй ярилцсан нь
ЕСҮС Самари мужаар явж байхдаа нэгэн худгийн дэргэд амсхийжээ. Шавь нар нь хоол хүнс авахаар хот уруу явсан байлаа. Тэр үед Есүс ус авахаар ирсэн нэг эмэгтэйтэй ярилцсан юм. Есүс түүнд: «Уух юм өгөөч» гэв.
Тэгтэл тэр эмэгтэй их гайхжээ. Яагаад гэвэл Есүс иудей хүн, харин тэр эмэгтэй самари хүн байсан юм. Иудейчүүдийн ихэнх нь самари хүмүүст дургүй байжээ. Бүр үг ч дуугардаггүй байв! Харин Есүс бүх хүнд хайртай байлаа. Тийм болохоор: «Хэрэв чамаас уух юм гуйж байгаа хүн хэн болохыг чи мэдсэн бол өөрөө түүнээс гуйж, тэр чамд амь өгөх ус уулгах байсан» гэж хэлжээ.
Тэр эмэгтэй: «Хүн гуай, энэ худаг гүн, танд утгах юм юу ч алга. Та тэр усыг хаанаас авах юм бэ?» гэж гайхан асуув.
— Чи энэ худгаас ус уувал дахин цангана. Харин миний өгөх ус хүнийг мөнх амьдруулна гэж Есүс тайлбарлалаа.
— Хүн гуай, тэр уснаасаа надад өгөөч! Тэгвэл би хэзээ ч цангахгүй. Ус авахаар дахин энд ирэхгүй болох нь гэж эмэгтэй хэлэв.
Эмэгтэй, Есүсийг жирийн усны тухай ярьж байна гэж боджээ. Гэтэл Есүс Бурхны тухай болон Бурхны Хаанчлалын тухай үнэнийг ярьж байжээ. Энэ үнэн бол амь өгөх устай адилхан юм. Энэ нь хүнд мөнхийн амь өгнө.
Есүс эмэгтэйд: «Явж, нөхрөө дуудаад ир» гэж хэлэв.
— Би нөхөргүй гэж түүнийг хариулахад,
— Чи зөв хариуллаа. Чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай амьдарч байгаа хүн нөхөр чинь биш гэж Есүс хэлэв.
Бүгд үнэн байсан учраас эмэгтэй гайхжээ. Есүс үүнийг хаанаас мэдсэн бэ? Тийм ээ, Есүс бол Бурхны илгээсэн Амласан Нэгэн байсан ба Бурхан түүнд энэ бүхнийг мэдүүлсэн юм. Энэ үеэр Есүсийн шавь нар ирээд, самари эмэгтэйтэй ярьж байхыг нь хараад гайхжээ.
Энэ бүхнээс бид ямар сургамж авч болох вэ? Эндээс, Есүс бүх л үндэстэнд сайхан сэтгэлээр ханддаг байсан нь харагдаж байна. Бид ч бас тэгэх ёстой. Бид хүнийг өөр үндэстэн болохоор нь л муу хүн гэж бодож болохгүй. Есүс бүх хүнийг мөнхийн амь уруу хөтлөх үнэнийг мэдээсэй гэж хүсдэг. Бид ч бас энэ үнэнийг сурахад нь хүмүүст туслах хүсэлтэй байх ёстой.
-