-
Дамаск орох замдБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 108
Дамаск орох замд
ГАЗАР хэвтэж байгаа хүнийг хэн гэдгийг чи мэдэх үү? Саул гэдэг. Стефаныг чулуугаар цохиж алсан хүмүүсийн хувцсыг харж байсан тэр хүн шүү дээ. Энэ хурц гэрлийг хараач! Юу болж байна аа?
Стефаныг алагдсаны дараа, Саул Есүсийн дагалдагчдыг хорлохын тулд тэднийг баривчлах ажлыг удирдаж байлаа. Нэг байшингаас нөгөө уруу орж, шавь нарыг чирж гарган, шоронд хийдэг байв. Үүнээс болоод олон шавь өөр хотууд уруу зугтаж, тэндээ «сайн мэдээ» дэлгэрүүлж байлаа. Тэгэхэд нь Саул тэднийг олохоор өөр хотуудад очдог байв. Одоо тэр Дамаск орохоор явж байгаа нь энэ. Гэтэл замд нь ер бусын явдал болжээ.
Гэнэт тэнгэрээс гэрэл гарч, Саулын эргэн тойронд цацрав. Саул газар уналаа. Тэгтэл дуу гарч: «Саул аа, Саул аа! Чи юунд намайг хорлоно вэ?» гэлээ. Саултай хамт яваа хүмүүс гэрэл гарахыг харж, дуу сонссон боловч юу гэж хэлснийг ойлгосонгүй.
Саул: «Та хэн бэ?» гэж асуув.
«Би бол чиний хорлоод байгаа Есүс байна» гэх дуу гарлаа. Саул дагалдагчдыг нь хорлоход Есүст өөрийг нь хорлох шиг санагдаж байсан болохоор тэгж хэлжээ.
Саул: «Би яах вэ, Эзэнтэн минь?» гэж асуув.
Есүс: «Босож, Дамаск уруу яв. Тэнд, яахыг чинь хэлж өгнө» гэлээ. Саул босож, нүдээ нээтэл юу ч харагдсангүй. Тэр сохорчээ! Цуг яваа хүмүүс нь түүний гараас хөтлөөд, Дамаскт авчрав.
Есүс Дамаскийн нэг шавьдаа: «Бос, Ананиа. „Шулуун“ хэмээх гудамжинд оч. Иудагийн гэрт байгаа хүмүүсээс Саул гэдэг хүнийг асуу. Би Саулыг тусгай үйлчлэгчээ болгон сонгосон юм» гэжээ.
Ананиа тэр ёсоор хийв. Саултай уулзаад, түүн дээр гараа тавьж: «Чамд хараа оруулж, ариун сүнс өгүүлэхээр Эзэн Есүс намайг явууллаа» гэж хэлэв. Тэр даруй Саулын нүднээс хайрс шиг юм унаж, дахин хардаг болов.
Саул олон үндэстний хүмүүст идэвхтэй дэлгэрүүлдэг болжээ. Тэр «элч Паул» гэдэг нэрээр алдаршсан бөгөөд дараа дараагийн өгүүллэгээс түүний тухай илүү ихийг мэднэ. Харин эхлээд Бурхан, Петрийг юу хийлгэхээр явуулсныг үзье.
-
-
Петр Корнелынд ирсэн ньБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 109
Петр Корнелынд ирсэн нь
ЭНД зогсож байгаа хүн элч Петр, ард нь хоёр найз нь байна. Харин энэ хүн яагаад Петрийн өмнө сөгддөг билээ? Ингэж болно гэж үү? Түүнийг хэн гэдгийг чи мэдэх үү?
Тэр хүн бол Ромын цэргийн зуутын дарга Корнел юм. Корнел Петрийг танихгүй мөртлөө гэртээ урих ёстой болжээ. Яаж ийм юм болсныг мэдэцгээе.
Есүсийн анхны дагалдагчид иудейчүүд байсан бол, Корнел иудей хүн биш байв. Гэлээ ч Бурханд хайртай, түүнд залбирдаг, хүмүүст олон сайн юм хийдэг хүн байжээ. Тэгтэл нэгэн өдөр тэнгэр элч түүнд үзэгдэж: «Бурхан чамайг таалж, чиний залбиралд хариулах гэж байна. Чи зарц нараа Петр гэдэг хүн уруу явуул. Тэр Иоппа хотод, тэнгисийн эрэг хавьд амьдардаг Симоны гэрт байгаа» гэж хэлэв.
Корнел тэр даруй Петрийг олуулахаар зарц нараа явуулав. Маргааш нь тэднийг Иоппад ойртож ирэх үед Петр Симоны байшингийн хавтгай дээвэр дээр байж байлаа. Бурхан түүнд тэнгэрээс бууж ирж байгаа том бүтээлэг үзэгдлээр үзүүлэв. Бүтээлэг дотор бүх төрлийн амьтан байлаа. Бурхны хуулиар бол тэдгээр нь хоол хүнсэнд хэрэглэж болохооргүй бузар амьтад байсан ч: «Петр ээ, бос. Алаад, ид» гэх дуу гарчээ.
«Үгүй ээ! Би бузар юм хэзээ ч идэж байгаагүй» гэж Петр хариулав. Гэтэл тэр дуу Петрт: «Одоо Бурхны цэвэр гэж тооцож байгаа зүйлийг бузар гэж битгий үз» гэлээ. Энэ нь гурав дахин давтагдав. Энэ бүхэн ямар учиртайг гайхаж байтал Корнелын илгээсэн хүмүүс байшинд хүрч ирээд, Петрийг сураглав.
Петр доошоо бууж ирээд: «Та нарын эрээд байгаа хүн би байна. Ямар хэргээр ирэв?» гэж асуулаа. Нэг тэнгэр элч Корнелд Петрийг гэртээ урь гэж хэлсэн тухай тэднийг тайлбарлахад Петр тэдэнтэй явахыг зөвшөөрчээ. Маргааш нь Петр зарим найзтайгаа Кайсарид байдаг Корнелын гэрт очихоор явав.
Корнел хамаатан садан, дотнын найзуудаа цуглуулсан байжээ. Петрийг ирэхэд Корнел угтан авч, хөлд нь сөгдөөд, мөргөж байгааг чи зураг дээрээс харж байна. Гэтэл Петр: «Босогтун. Би жирийн л хүн шүү дээ» гэв. Тийм ээ, Библид бичсэнээр хүнд мөргөж, хүнийг шүтэх нь буруу гэж байдаг. Бид зөвхөн Еховаг шүтэх ёстой.
Петр тэнд цугласан хүмүүст Бурхны тухай ярьжээ. «Ехова өөрт нь үйлчлэхийг хүссэн бүх хүнийг хүлээж авдаг юм байна гэдгийг би ойлголоо» гэж тэр хэлэв. Тийн ярьж байх зуур Бурхан ариун сүнсээ илгээхэд тэнд цугласан хүмүүс янз янзын хэлээр ярьж эхлэв. Петртэй хамт ирсэн иудей шавь нар үүнийг үзээд гайхжээ. Яагаад гэвэл тэд, Бурхан зөвхөн иудейчүүдийг л таалдаг гэж боддог байв. Тиймээс, Бурхан нэг үндэстнийг бусад үндэстнээс илүү сайн юм уу чухал гэж үздэггүйг энэ явдлаас мэдэж авчээ. Үүнийг санаж явбал бидэнд ч бас хэрэгтэй биз дээ?
-