Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Библийг судлах хэрэгтэйн учир юу вэ?
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
    • Библи харж буй эрэгтэй

      Библийг судлах хэрэгтэйн учир юу вэ?

      Та Библийг мэдэх үү? Энэ бол түүхэнд хамгийн өргөн тархсан хосгүй ном юм. Бүхий л соёл иргэншлийн хүмүүс Библийг тайвшрал, найдварын үндэс болгож, зөвлөгөөнийх нь ач тусыг өдөр тутмын амьдралдаа хүртсээр иржээ. Харин өнөөдөр Библийг мэддэг хүн тун цөөхөн байна. Та шүтлэгтэй ч бай, үгүй ч бай, Библийг сонирхдог байж магадгүй. Энэ товхимлын зорилго бол Библийн үндсэн ойлголттой болоход тань туслах явдал юм.

      БИБЛИЙГ уншихаасаа өмнө, эхлээд энэ номтой танилцах нь зүйтэй. Ариун Судар гэгддэг Библи нь 66 ном буюу бүлгээс бүрддэг бөгөөд эхний номыг «Эхлэл», сүүлчийнхийг «Илчлэлт» гэдэг.

      Библийг хэн зохиосон бэ? Энэ бол тун сонирхолтой асуулт юм. Ариун Судрыг 40-өөд хүн 1 600 гаруй жилийн турш бичжээ. Тэд өөрсдийгөө Библийн зохиогч гэж хэлээгүй нь гайхмаар. Тэдний нэг нь: «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа» хэмээн бичжээ (2 Тимот 3:16). Өөр нэгэн бичигч: «ЭЗЭНий [Еховагийн] Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй» гэж хэлсэн байдаг (2 Самуел 23:2). Тийнхүү, Библийг бичигчид орчлонт ертөнцийн Хамгийн дээд Захирагч Ехова Бурхныг Библийн Зохиогч гэжээ. Бурхан хүмүүст өөрийгөө мэдүүлэхийг хүсдэгийг тэдний бичсэн зүйлээс мэдэж болно.

      Библийг ойлгохын тулд өөр нэг чухал зүйлийг мэдэх хэрэгтэй. Библид нэг ерөнхий сэдэв байдаг. Энэ нь, Бурхан хүн төрөлхтнийг удирдан захирах эрхтэй гэдгээ тэнгэрийн Хаанчлалынхаа тусламжтайгаар батлах тухай юм. Энэ сэдэв «Эхлэл»-ээс «Илчлэлт» хүртэл нэг утас мэт хэрхэн хөвөрдгийг та дараа дараагийн хуудаснаас мэдэх болно.

      Энэ бүхнийг санаад, дэлхийд хамгийн өргөн тархсан Библи хэмээх номд чухам юун тухай байдгийг үзээрэй.

      ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

      • Библийг МЭӨ 1513 оноос МЭ 98 он хүртэл 1610 жил бичжээ.

      • Эхний 39 номыг «Хуучин Гэрээ» буюу Еврей Судар гэдэг бөгөөд ихэнх хэсгийг еврей, багахан хэсгийг арамей хэлээр бичжээ.

      • Грек хэлээр бичигдсэн сүүлийн 27 номыг «Шинэ Гэрээ» буюу Христиан Грек Судар гэдэг.

      • Библийг бүлэг, зүйлд хуваадаг. Жишээлбэл, Матай 6:9, 10 гэж байвал «Матай» номын 6-р бүлгийн 9, 10-р зүйл гэсэн үг.

  • Бурхан хүмүүст диваажин өгсөн нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
    • Ан амьдаар хүрээлэн буй Еден цэцэрлэгт Адам мөн Ева байгаа нь

      ХЭСЭГ 1

      Бурхан хүмүүст диваажин өгсөн нь

      Бурхан орчлонт ертөнц хийгээд дэлхийг бүтээж, дэлхий дээр амьдрал бий болгов. Бас эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээж, үзэсгэлэнт цэцэрлэгийг орон гэр болгон өгөөд, өөрт нь дуулгавартай байхыг тушаав

      Еден цэцэрлэгт олон арслан, олон шувуу, буга байна

      «ЭХЭНД Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» (Эхлэл 1:1). Энэ бол хамгийн алдартай оршил үг юм. Энгийн хэр нь агуу энэ өгүүлбэр биднийг Ариун Судрын гол Бодгаль болох Төгс хүчит Ехова Бурхантай танилцуулдаг. Бурхан бол орчлонт ертөнц, түүний дотор манай гаригийг бүтээсэн Бүтээгч гэдэг нь Библийн эхний зүйлээс тодорхой харагддаг. Бурхан бэлгэдлийн утгаар хэдэн өдрийн турш, харин үнэн хэрэгтээ урт удаан он жилүүдийн явцад дэлхийг хүмүүст орон гэр болгон бэлдэж, амьд байгалийн түмэн гайхамшгийг буй болгосон тухай дараагийн зүйлүүдэд бичжээ.

      Дэлхий дээрх Бурхны бүтээлүүдээс хамгийн агуу нь хүн юм. Учир нь Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээжээ. Энэ нь Еховагийн хайр, мэргэн ухаан гэх мэтийн зан чанарыг тусган харуулах чадвартай гэсэн үг. Бурхан хүнийг тоос шороогоор бүтээгээд, Адам гэж нэрлэн, диваажин буюу Еден цэцэрлэгт суулгажээ. Бурхан өөрөө энэ цэцэрлэгийг бий болгож, тэндээ үзэсгэлэнт жимсний моддыг ургуулсан юм.

      Хүнд хань ижил хэрэгтэйг Бурхан анзаарчээ. Адамын нэг хавиргаар эмэгтэй хүн бүтээгээд, түүнд эхнэр болгон өгөв. Сүүлд түүнийг Ева гэх болжээ. Хөөрөн баярласан Адамыг: «Энэ бол яснаас минь авсан яс, махнаас минь тасалсан мах» хэмээн яруу сайхнаар өгүүлэхэд нь Бурхан: «Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» хэмээн айлджээ (Эхлэл 2:22–24; 3:20).

      Бурхан Адам Ева хоёрт хоёр зүйлийг тушаажээ. Нэгдүгээрт, орон гэр болсон дэлхийгээ арчлан сахиж, үр хүүхэд төрүүлэн, дэлхийг дүүргэ гэсэн тушаал өгсөн. Хоёрдугаарт, өргөн уудам цэцэрлэгийн бүх моддын дотроос «сайн мууг мэдүүлэгч» ганц л модноос жимс идэхийг хоригложээ (Эхлэл 2:17). Идвэл үхэх байв. Бурхан анхны хосод ийм тушаал өгснөөрөө өөрийг нь Захирагчаа хэмээн хүлээн зөвшөөрдгөө харуулах боломж олгосон. Түүнчлэн тэд дуулгавартай байвал Бурханд хайртайгаа, талархаж байгаагаа харуулах байв. Өөрсдийнх нь сайн сайхны төлөө гэсэн Бурхандаа захирагдахгүй байхын аргагүй байлаа. Тэд өөгүй, төгс хүмүүс байсан. Библид: «Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» гэж бичжээ (Эхлэл 1:31).

      ​—«Эхлэл» 1, 2-р бүлэгт үндэслэв.

      • Хүмүүс болон тэдний орон гэр болох дэлхийг хэрхэн бүтээсэн талаар Библи юу хэлдэг вэ?

      • Бурхны санаа зорилгоор бол хүмүүсийн амьдрал ямар байх байсан бэ?

      • Бурхан анхны хосод ямар хоёр тушаал өгсөн бэ?

      БУРХНЫ НЭР

      Ариун Сударт Бурхныг Бүтээгч, Төгс хүчит гэх мэтээр олон янзаар цоллосон байдаг. Зарим цол нь Бурхны ариун байдал, хүч, шударга чанар, мэргэн ухаан, хайр гэх зэрэг зан чанарыг онцолдог. Гэхдээ Бурхан Ехова гэдэг оноосон ганц л нэртэй. Библийн эх бичигт Бурхны нэрийг 7 000 орчим удаа бичсэн байдаг бөгөөд Эхлэл 2:4-т анх удаа гардаг. Ехова гэдэг нь «Тэр болгодог» гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, Бурхан санаж зорьсон бүхнээ хийдэг, амласан бүхнээ биелүүлж чаддаг гэсэн үг юм. Үүнийг мэдэхлээр тайвширмаар байгаа биз?

  • Диваажингаа алдсан нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
    • Ева хориотой жимсэнд гар хүрч байгаа нь

      ХЭСЭГ 2

      Диваажингаа алдсан нь

      Бурхныг эсэргүүцсэн нэгэн тэнгэр элч анхны хос Адам Ева хоёрыг уруу татаж, Бурханд дуулгаваргүй болгож дөнгөв. Үүний улмаас хүн төрөлхтөн нүгэл, үхлийн боол болжээ

      БУРХАН хүмүүсийг бүтээхээсээ бүр өмнө үл үзэгдэх сүнсэн бүтээлүүд буюу тэнгэр элчүүдийг бүтээжээ. Сатан Диавол гэгдэх болсон самуун тэнгэр элч Еден цэцэрлэгт байсан Еваг Бурхны хориглосон модны жимснээс идэхийг зальжин аргаар ятгажээ.

      Сатан могойн цаанаас эмэгтэйтэй ярьж, Бурхныг тэр эмэгтэй болон түүний нөхрөөс нэг чухал юм нууж байна гэсэн санаа цухуйлгав. Хориотой жимснээс идлээ гээд та хоёр үхэхгүй гэж Евад хэлжээ. Энэ нь, Бурхныг газрын хүүхдүүдээ хуурдаг хэмээн буруутгасан хэрэг байлаа. Тэрхүү Мэхлэгч этгээд Бурханд дуулгаваргүй байхыг гэгээрэлд хүрч, эрх чөлөө эдлэх сайн арга мэтээр ойлгуулсан. Гэвч бүгд худал байв. Энэ бол дэлхий дээр болсон хамгийн анхны худал хуурмаг явдал юм. Асуудлын жинхэнэ учир шалтгаан нь Бурхны хэмжээгүй эрх мэдэл буюу бүхнийг захирах эрхтэй холбоотой байлаа. Өөрөөр хэлбэл, Бурхан захирах эрхтэй юү, энэ эрхээ зөв эдэлдэг үү, харьяат албатуудаа захирахдаа тэдний сайн сайхныг боддог уу гэсэн асуудал хөндөгджээ.

      Ева Сатаны мэхэнд хууртжээ. Өнөөх жимсийг идэх хүсэл төрж, сүүлдээ тэр хүсэлдээ дийлдээд идчихэв. Дараа нь нөхөртөө өгсөнд нөхөр нь ч бас иджээ. Ингээд тэд нүгэлтэй болов. Харахад шалихгүй хэрэг хийсэн юм шиг боловч үнэндээ самуун дэгдээжээ. Адам Ева хоёр Бурхны тушаалыг санаатайгаар зөрчсөн нь төгс амь болон бусад бүх зүйлийг өгсөн Бүтээгчдээ захирагдахаас татгалзсан хэрэг байв.

      Тэр үр «чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно»​—Эхлэл 3:15

      Бурхан самуун дэгдээгчдэд, хийсэн хэргийнх нь төлөө ял оноожээ. Тэрбээр могойгоор төлөөлүүлсэн Сатаныг устгах Үр буюу Аврагч ирэх тухай зөгнөв. Адам Ева хоёрт оноосон үхлийн ялаа түр хойшлуулснаар хожим төрөх үр хүүхдэд нь энэрэл хайраа үзүүлэв. Түүнчлэн Еденд дэгдсэн самуун хэргийн гашуун үр дагаврыг арилгах Нэгнийг илгээж, хүн төрөлхтнийг ирээдүйн найдвартай болгох байлаа. Ирээдүйн энэ Аврагчийн талаарх Бурхны санаа зорилго хэрхэн биелэх хийгээд Бурхны илгээх Нэгэн чухам хэн байх нь Библи цааш бичигдэх тусам аажмаар илчлэгджээ.

      Бурхан Адам Ева хоёрыг диваажингаас хөөв. Тэд Еден цэцэрлэгээс гараад гэдсээ тэжээхийн тулд хөлсөө дуслуулан, борви бохисхийлгүй ажиллах хэрэгтэй болсон. Хожим нь Ева хөл хүнд болж, Каиныг төрүүлжээ. Каин Адам Ева хоёрын анхны хүүхэд байв. Дараа нь тэд Абел, Сет гээд өөр олон хүү, охинтой болжээ. Сет нь Ноа гэдэг хүний элэнц эцэг юм.

      ​—«Эхлэл» 3–5-р бүлэг; Илчлэлт 12:9-д үндэслэв.

      • Хамгийн анхны худалч хэн байсан бэ? Юу гэж худал хэлсэн бэ?

      • Адам Ева хоёр диваажингаа яагаад алдсан бэ?

      • Бурхан самуун дэгдээгчдэд хийсэн хэргийнх нь төлөө ял оноохдоо ямар найдварын үндсийг тавьсан бэ?

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах