-
Сайн, муу хаадБибли юун тухай өгүүлдэг вэ?
-
-
ХЭСЭГ 13
Сайн, муу хаад
Израиль хуваагдав. Түүнээс хойш Израилийг олон хаан захирсан ба ихэнх нь үнэнч байж чадаагүй. Вавилончууд Иерусалимыг устгав
СОЛОМОНЫГ цэвэр шүтлэгээс хөндийрсний дараа Израиль Еховагийн зөгнөснөөр хуваагдав. Соломоны хүү, хаан ширээ залгамжлагч Рехобоам харгис хатуу хүн байсан тул Израилийн арван овог бослого гаргаж, Израилийн хойд хаант улсыг байгуулжээ. Хоёр овог Иерусалим дахь Давидын хаан ширээ залгамжлагчид үнэнч үлдэн, Иудагийн өмнөд хаант улсыг байгуулав.
Өмнөд, хойд хаант улсын түүх, гол нь, Бурханд үнэнч бус, дуулгаваргүй хаадын балгаар ээдрээтэй байлаа. Израиль Иудагаас илүү хүнд нөхцөлд байв. Учир нь, Израилийн хаад анхнаасаа хуурамч шашныг түгээн дэлгэрүүлжээ. Елиа, Елиша нарын зөнчид гайхамшиг үйлдэн, үхэгсдийг хүртэл амилуулж байсан ч Израиль бузар муу замаа орхиогүй юм. Эцэст нь Бурхан Ассирид хойд хаант улсыг устгахыг зөвшөөрчээ.
Түүнээс хойш зуу гаруй жилийн дараа Иуда ч бас Бурхны шийтгэлийг хүртсэн. Иудагийн цөөхөн хэдэн хаан л Бурхны зөнчдийн сэрэмжлүүлгийг хүлээн авч, ард түмнээ Ехова руу хандуулахыг оролдож байв. Тухайлбал, Иосиа хаан Иудаг хуурамч шүтлэгээс цэвэрлэж, Еховагийн сүмийг сэргээсэн. Бурхны Мосегоор дамжуулан өгсөн Хуулийн эх бичиг олдмогц Иосиа сэтгэл нь ихэд хөдөлж, шүтлэгийг цэвэрлэх их ажлаа улам өргөн далайцтай хийжээ.
Харамсалтай нь, Иосиагийн дараагийн хаад энэ сайхан жишээг нь дагаагүй юм. Тиймд, Ехова Вавилоны ард түмэнд Иудаг эзлэн авч, Иерусалимыг сүмтэй нь устгахыг зөвшөөрсөн. Амьд үлдсэн нь Вавилонд цөлөгджээ. Тэднийг 70 жил цөлөгдөх учиртайг Бурхан зөгнөн хэлсэн. Энэ бүх хугацаанд Иуда үнсэнд хаясан шалз шиг болсон ч уг зөгнөл биелж, ард олон нь эх нутагтаа эргэж очсон.
Гэсэн хэдий ч Давидын угсааны хаадын нэг нь ч зөгнөсөн Мессиа, амласан Аврагчийн засаглалаас өмнө дахин хаан ширээнд суугаагүй юм. Төгс бус хүн ард түмнийг удирдан захирч чадахгүйг Давидын хаан ширээнд үе улиран заларсан хаадын ихэнх нь батлан харуулсан. Ганцхан Мессиа л чадах байв. Тийм учраас, Ехова Давидын удмын сүүлчийн хаанд: «Титмийг тайл. ... Үүнийг эзэмших эрхтэй Нэгэнийг ирэх хүртэл, тэр нь [титмээр төлөөлүүлсэн Хаанчлал] хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө» хэмээн айлджээ (Езекиел 21:26, 27).
—«Хаадын дээд», «Хаадын дэд», «Шастирын дэд» 10–36-р бүлэг, Иеремиа 25:8–11-д үндэслэв.
-
-
Бурхан зөнчдөөрөө дамжуулан ярьсан ньБибли юун тухай өгүүлдэг вэ?
-
-
ХЭСЭГ 14
Бурхан зөнчдөөрөө дамжуулан ярьсан нь
Ехова шүүх мэдээ, цэвэр шүтлэг, Мессиагийн ирэх тухай мэдээ хүргүүлэхээр зөнчдийг томилжээ
ИЗРАИЛЬ болон Иудагийн хаадын үед зөнчид гэдэг тусгай бүлэг хүн чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Тэд Бурхны мэдээг зарлан тунхагладаг гайхалтай итгэлтэй, гарамгай эр зоригтой хүмүүс байв. Бурхны зөнчдийн хүргэж байсан мэдээнээс дөрвөн чухал сэдвийг авч үзье.
1. Иерусалим сүйрэх тухай. Бурхны зөнчид, ялангуяа Исаиа Иеремиа нар Иерусалим устгагдаж, эзгүйрнэ гэдгийг бүр эртнээс анхааруулж байжээ. Энэ хот ямар учраас Бурхны уур хилэнгийн бай болохыг тэд хурц тодоор илчилж байлаа. Иерусалим хотынхон хуурамч шашны зан үйл, завхрал гажуудал, хүчирхийлэлд автсаны улмаас Иерусалим Бурхныг төлөөлөх эрхгүй болсон ажээ (Хаадын дэд 21:10–15; Исаиа 3:1–8, 16–26; Иеремиа 2:1–3:13).
2. Цэвэр шүтлэг сэргэх тухай. Бурхны ард түмэн 70 жил цөлөгдсөний эцэст Вавилоноос чөлөөлөгдөн, эзгүйрэн хоосорсон эх нутагтаа ирж, Иерусалимд Еховагийн сүмийг дахин барих учиртай байжээ (Иеремиа 46:27; Амос 9:13–15). Вавилоныг эзэлж, Бурхны ард түмэнд цэвэр шүтлэгээ сэргээхийг зөвшөөрөх хүн нь Кореш байх болно гэдгийг Исаиа бүр 200-аад жилийн өмнө нэр устай нь зөгнөжээ. Тэр бүү хэл, Корешийн байлдааны хосгүй төлөвлөгөөг нэг бүрчлэн хэлсэн байдаг (Исаиа 44:24–45:3).
3. Мессиагийн ирэх ба түүний амьдралын тухай. Мессиа Бетлехем хотод төрөх байв (Мика 5:2). Иерусалимд илжиг унан, даруухнаар орж ирэх ажээ (Зехариа 9:9). Уян зөөлөн, сайхан сэтгэлтэй түүнийг олон хүн үл хүндэтгэх бөгөөд шоовдорлон гадуурхах байлаа (Исаиа 42:1–3; 53:1, 3). Мессиа тамлагдан үхэх боловч амьдрал нь үүгээр дуусах учиргүй байжээ. Тэрбээр амиа золиосолсноор олон түмний нүгэл уучлагдах боломж бүрдэх байсан билээ (Исаиа 53:4, 5, 9–12). Мессиа дахин амилж байж л энэ бүхэн бүтэх байлаа.
4. Мессиа дэлхийг захирах тухай. Төгс бус хүмүүсийн гарт захирах эрх байсан цагт энх амгалан байдал хэзээ ч тогтохгүй. Харин Мессиа Хааныг Энхийн Жонон гэх болно (Исаиа 9:6, 7; Иеремиа 10:23). Мессиагийн засаглалын үед бүх хүн өөр хоорондоо төдийгүй, ан амьтадтай эв найртай амьдарна (Исаиа 11:3–7). Өвчин ул мөргүй арилна (Исаиа 33:24). Үхэл хүртэл мөнхөд залгигдана (Исаиа 25:8). Нас барагсад дэлхий дээр дахин амилна (Даниел 12:13).
—«Исаиа», «Иеремиа», «Даниел», «Амос», «Мика», «Зехариа» номд үндэслэв.
-