Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Цөллөгт байсан зөнч ирээдүйн үйл явдлыг үзсэн нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
    • Небухаднезарын зүүдэндээ үзсэн үзэгдэл

      ХЭСЭГ 15

      Цөллөгт байсан зөнч ирээдүйн үйл явдлыг үзсэн нь

      Даниел Бурхны Хаанчлал болон Мессиагийн ирэх тухай зөгнөсөн. Вавилон мөхөв

      БУРХАНД чин үнэнчээр зүтгэдэг Даниел гэгч залуу Иерусалимыг устгагдахаас өмнө Вавилон руу цөлөгдсөн байлаа. Иудагийн хаант улс Вавилонд ялагдсан учраас иудейчүүд тийнхүү олзлогдсон ажээ. Гэхдээ Даниел болон зарим нөхдөд нь тодорхой хэмжээний эрх чөлөө олгожээ. Даниел Вавилонд олон жил амьдрахдаа Бурхны ивээл хишгийг арвин ихээр хүртэж, арслангийн нүхэнд үхэх аюулаас хүртэл мултарч, алс ирээдүйд болох үйл явдлыг ч үзжээ. Даниелын хэлсэн олон зөгнөлийн дотроос хамгийн чухал нь Мессиа болон түүний засаглалын тухай зөгнөл юм.

      Даниел Мессиагийн хэзээ ирэхийг мэдсэн нь. Бурхны ард түмэн «Жонон Мессиагийн» ирэхийг Иерусалимын хэрмийг сэргээн барих зарлиг гарснаас хойш жаран есөн «долоон хоног» хүлээх учиртайг Даниел мэджээ. Энд ердийн долоо хоногийг хэлээгүй, харин зөгнөлийн утгаар долоон жилийг хэлсэн ажээ. Уг зарлиг Даниелаас хойш олон жилийн дараа, МЭӨ 455 онд гарчээ. Тэр оноос жаран есөн «долоон хоног» буюу 483 жилийг тоолбол МЭ 29 онтой давхацдаг. МЭ 29 онд юу болсныг дараагийн хуудаснаас үзнэ. Даниел бас Мессиаг нүглийн төлөөх эвлэрүүлэл болж «таслагдах» буюу цаазлуулахыг урьдаас мэджээ (Даниел 9:24–26).

      Мессиа тэнгэрт Хаан болно. Даниел Мессиагийн тухай ер бусын үзэгдэл үзжээ. Тэнгэрт «Хүний Хүү шиг Нэгэн» явсаар Еховагийн хаан ширээ рүү очив. Тэгтэл Ехова түүнд «эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал» өгчээ. Тэрхүү Хаанчлал үүрдийнх байх аж. Даниел Мессиагийн Хаанчлалын талаар өөр чухал зүйлийг мэдэв. Юу гэвэл, Хаан «Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүс» гэгдэх бүлэг хүнтэй хамт захирах ажээ (Даниел 7:13, 14, 27).

      Хаанчлал энэ ертөнцийн засгийн газруудыг устгана. Бурхан Даниелд Вавилоны хаан Небухаднезарын сэтгэлийг зовоож байсан зүүдийг тайлах чадвар өгчээ. Хаан зүүдэндээ алтан толгойтой, мөнгөн цээж, гартай, хүрэл хэвлий, гуятай, төмөр шилбэтэй, төмөр шаврын холимгоос бүтсэн тавхайтай нүсэр том баримал үзсэн аж. Тэгтэл уулын чулуу цавчигдан ирж, хэврэг тавхайг нь цохин, баримлыг буталжээ. Баримлын хэсгүүд бол алтан толгой болох Вавилоноос эхлэн ар араасаа гарч ирэх дэлхийн эзэнт гүрнүүд гэдгийг Даниел тайлбарлав. Түүний үзсэнээр, ёс бус ертөнцийг захирах сүүлчийн гүрнүүдийн үед Бурхны Хаанчлал үйл ажиллагаагаа явуулах ажээ. Хаанчлал энэ ертөнцийн засгийн газруудыг бүгдийг нь бут цохисныхоо дараа өөрөө мөнхөд захирах юм («Даниел» 2-р бүлэг).

      Даниел өндөр насыг насалж, Вавилоны сүйрлийг ч үзжээ. Зөгнөсөн ёсоор Кореш хаан хотыг устгасан. Дараахан нь иудейчүүд олзноос чөлөөлөгдсөн бөгөөд тэр үед нутаг нь эзгүйрээд яг далан жил болсон байв. Тэд үнэнч шударга захирагч, тахилч, зөнчдийн удирдлагаар Иерусалимыг шинэчлэн барьж, Еховагийн сүмийг сэргээсэн. Тэгвэл 483 жилийн дараа юу болсон бэ?

      ​—«Даниел» номд үндэслэв.

      • Даниел Бурхны Хаанчлал болон Мессиагийн тухай юу мэдсэн бэ?

      • Бурхны Хаанчлал энэ ертөнцийн засгийн газруудыг яах вэ?

  • Мессиа ирсэн нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
    • Иохан Есүст баптисм хүртээж байгаа нь

      ХЭСЭГ 16

      Мессиа ирсэн нь

      Ехова Назарын Есүсийг эрт үед амласан Мессиа хэмээн батлав

      АМЛАСАН Мессиаг ялгаж танихад нь Ехова хүмүүст тусалсан болов уу? Тийм ээ, тусалсан. Чухам яаж тусалсныг үзье. Еврей Судар бичигдэж дуусаад дөрвөн зуун жил өнгөрчээ. Галил мужийн хойд хэсэгт орших Назар хэмээх хотод амьдардаг Мариа гэдэг залуухан бүсгүй дээр ер бусын зочин иржээ. Габриел гэгч тэнгэр элч түүний өмнө зогсож байлаа. Мариа хэдийгээр онгон байсан ч Бурхан түүнийг ариун сүнс буюу үйлдэх хүчээрээ хүүтэй болгох гэж байгааг тэнгэр элч хэлжээ. Хүүхэд нь мөнхөд захирах, амласан Хаан болох байв! Бурхан тэнгэрт байсан Хүүгийнхээ амийг Мариагийн хэвлийд шилжүүлсэн юм.

      Сэтгэл догдлуулсан энэ даалгаврыг Мариа даруухнаар хүлээн авчээ. Түүнтэй сүй тавьсан Иосеф гэдэг мужаан залуу Мариаг ер бусаар хөл хүнд болсныг Бурхны илгээсэн тэнгэр элчээс сонссоныхоо дараа Мариатай гэрлэжээ. Тэгвэл Мессиаг Бетлехемд төрнө гэсэн зөгнөл яаж биелсэн бэ? (Мика 5:2). Энэ жижигхэн хот Назар хотоос 140 километр зайтай байсан шүү дээ!

      Ромын захирагч хүн амын тооллого хийх зарлиг гаргасанд иргэд уугуул хотдоо очиж бүртгүүлэх шаардлагатай болжээ. Иосеф Мариа хоёр Бетлехемээс гаралтай тул Иосеф жирэмсэн эхнэрээ аваад тийш явжээ (Лук 2:3). Мариа малын саравчинд нярайлж, хүүхдээ тэжээлийн тэвшинд тавив. Дараа нь Бурхан нэг тэнгэр элчийг уулын бэлд байсан хэдэн хоньчин руу илгээж, дөнгөж сая төрсөн хүүхэд бол амласан Мессиа буюу Христ мөн гэдгийг хэлүүлжээ.

      Хожим нь бусад хүн ч бас Есүсийг амласан Мессиа мөн гэдгийг баталжээ. Исаиагийн зөгнөснөөр, нэг хүн Мессиагийн хийх амин чухал ажилд зориулан зам бэлдэх учиртай байв (Исаиа 40:3). Тэр хүн нь баптисм хүртээгч Иохан байлаа. Тэрбээр Есүсийг хармагцаа: «Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!» хэмээн дуу алддаг. Иоханы зарим шавь тэр дороо л Есүсийг дагах болжээ. Тэдний нэг нь: «Бид Мессиаг оллоо» гэж хэлсэн байдаг (Иохан 1:29, 36, 41).

      Иоханыг Есүст баптисм хүртээх үед Ехова өөрөө тэнгэрээс ярьсан нь бас нэг баталгаа юм. Тэрбээр Есүсийг ариун сүнсээрээ Мессиа болгон томилоод, «Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» гэж хэлсэн (Матай 3:16, 17). Эрт үед амласан Мессиа ийнхүү иржээ!

      Энэ явдал хэзээ болсон бэ? МЭ 29 онд буюу Даниелын зөгнөсөн 483 жил яг дуусмагц болжээ. Энэ бол Есүсийг Мессиа буюу Христ гэдгийг батлах няцаахын аргагүй нотолгооны нэгээхэн хэсэг юм. Тэгвэл Есүс дэлхийд байхдаа ямар мэдээ тунхагласан бэ?

      ​—«Матай» 1–3-р бүлэг; «Марк» 1-р бүлэг; «Лук» 2-р бүлэг; «Иохан» 1-р бүлэгт үндэслэв.

      • Есүсийг Мессиа мөн гэдгийг тэнгэр элч хэрхэн баталсан бэ?

      • Есүсийг Мессиа мөн гэдгийг баптисм хүртээгч Иохан хэрхэн гэрчилсэн бэ?

      • Ехова Хүүгийнхээ Мессиа мөн гэдгийг өөрөө хэрхэн баталсан бэ?

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах