-
Есүс амилсан ньБибли юун тухай өгүүлдэг вэ?
-
-
ХЭСЭГ 21
Есүс амилсан нь
Есүс дагалдагчид дээрээ ирээд, тэдэнд заавар өгч, урмыг нь сэргээв
ЕСҮСИЙГ нас барснаас хойших гурав дахь өдөр нь эмэгтэй шавь нар нь булшны амыг тагласан чулууг өнхрүүлэн зайлуулсан байхыг үзэв. Булш хоосон байлаа!
Хоёр тэнгэр элч гарч ирээд, нэг нь: «Та нар Назарын Есүсийг хайж байгаа. Тэр амилсан» гэж хэлэв (Марк 16:6). Эмэгтэйчүүд элч нарт хэлэхээр яаран гүйлээ. Тэгтэл замд нь Есүс таарч, «Бүү ай. Явж, ах дүүст маань Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд тэд Намайг харах болно» гэж айлдав (Матай 28:10).
Тэр өдөр Есүсийн хоёр шавь Иерусалимаас Еммау тосгон орохоор явж байжээ. Тэгтэл нэг хүн тэдэнтэй зам нийлж, юун тухай ярилцаж явааг нь асуув. Тэр нь үнэн хэрэгтээ дахин амилсан Есүс байсан ч өмнөхөөсөө өөр төрхтэй болсон учир шавь нар нь шууд таниагүй ажээ. Тэд Есүсийн тухай ярилцаж явснаа гунигтай нь аргагүй өгүүлэв. Замын хүн Сударт бичигдсэн, Мессиад хамаатай бүхнийг тайлбарлаж өгчээ. Үнэхээр ч Есүс Мессиагийн тухай зөгнөлөөс нэгийг ч үлдээлгүй, бүгдийг нь биелүүлсэн юм.a Хамт яваа хүн нь сүнсэн биетэй болж амилсан Есүс гэдгийг шавь нар нь ойлгов. Тэгтэл Есүс алга болжээ.
Хоёр шавь тэр дороо Иерусалим руу буцлаа. Тэнд элч нарыг нэг өрөөнд цуглаад, хаалгаа түгжсэн байхад нь олов. Хоёр шавийг замд болсон явдлын тухай ярьж байтал Есүс гарч ирлээ. Гайхсан дагалдагчид нь итгэж ч чадахгүй байлаа! Есүс: «Юунд ... зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ?» гэж асуугаад, «„Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно“ [гэж бичигдсэн юм]» гэв (Лук 24:38, 46).
Есүс амилснаасаа хойш дөчин өдрийн дотор янз янзын газар шавь нартайгаа уулзжээ. Нэг удаа, бүр таван зуу гаруй хүнд үзэгдсэн бөгөөд энэ үед маш чухал нэг даалгавар өгч: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ... Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» хэмээгээд «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэж хэлжээ (Матай 28:19, 20).
Есүс үнэнч арван нэгэн элчтэйгээ сүүлчийн удаа уулзахдаа, «Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, ... энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» гэж хэлжээ (Үйлс 1:8). Дараа нь Есүс дээш хөөрөн тэнгэр өөд одсонд үүл бүрхэж тэдэнд харагдахгүй болжээ.
—«Матай» 28, «Марк» 16, «Лук» 24, «Иохан» 20, 21-р бүлэг, 1 Коринт 15:5, 6-д үндэслэв.
a Мессиагийн тухай зөгнөл Есүс дээр биелсэн жишээг энэ товхимлын Хэсэг 14, Хэсэг 15, Хэсэг 16; «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын хавсралт«Есүс бол Бурхны амласан Мессиа мөн» тус тус үзнэ үү.
-
-
Элч нар айж хулчийлгүй дэлгэрүүлсэн ньБибли юун тухай өгүүлдэг вэ?
-
-
ХЭСЭГ 22
Элч нар айж хулчийлгүй дэлгэрүүлсэн нь
Хавчлага өрнөж байсан ч Христийн дагалдагчдын тоо хурдан өсөж байлаа
МЭ 33 он. Есүсийг тэнгэрт гарснаас хойш арав хоногийн дараа иудейчүүдийн тэмдэглэдэг Пентекостын өдөр болов. Тэр баяраар Есүсийн 120 орчим шавь Иерусалимын нэг байшинд цугласан байлаа. Гэнэт байшин бүхэлдээ хүчит салхиных шиг дуу чимээнд автаж, шавь нар гайхамшгаар, мэдэхгүй хэлээрээ ярьж эхлэв. Бурхан тэдэнд ариун сүнс өгсөн учраас ийм хачирхалтай явдал болжээ.
Баярт оролцохоор газар газраас ирсэн олон хүн гадаа нь цугласан байв. Тэд Есүсийн шавь нарыг өөрсдийнх нь хэлээр чөлөөтэй ярьж байгааг сонсоод ихэд гайхжээ. Петр энэ явдлын учрыг тайлбарлан, Бурхан сүнсээ «цутгахад» түүнийг нь авсан хүмүүс гайхамшиг үйлддэг болно хэмээсэн зөнч Иоелийн зөгнөлийг ярьж өгөв (Иоел 2:28, 29). Ариун сүнсний энэ хөдөлшгүй нотолгоо нэг чухал өөрчлөлт гарсныг тодорхой болгосон. Юу гэвэл, Бурхан Израилийг таалахаа больж, шинээр үүсэн байгуулагдсан христиан хурлыг ивээх болжээ. Тиймээс Бурхныг таалалд нь нийцүүлж шүтэхийг хүссэн хүмүүс Христийн дагалдагч болох ёстой болов.
Тэгтэл дайснууд улам ширүүн эсэргүүцэж, элч нарыг шоронд хийжээ. Гэвч шөнө нь Еховагийн тэнгэр элч шоронгийн хаалгыг онгойлгож өгөөд, дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэхийг тэдэнд захив. Үүрээр тэд ажлаа хийгээд эхэлчихсэн байлаа. Сүмд орж, Есүсийн тухай сайн мэдээг зааж сургаж эхэллээ. Тэдэнд дайсагнадаг шашны удирдагчид уурлан хорсож, дэлгэрүүлэхээ болихыг тушаав. Гэтэл элч нар огтхон ч айлгүй, «Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой» гэж хариулжээ (Үйлс 5:28, 29).
Хавчлага ширүүсэв. Иудейчүүдийн зарим нь Есүсийн шавь Стефаныг Бурхныг доромжилсон гэж буруутган, чулуугаар шидэж алав. Тарсын Саул гэгч залуу энэ явдлыг хараад, сайшааж байлаа. Дараа нь тэрбээр Христийг дагадаг хэнийг ч болов баривчлахаар Дамаск руу явжээ. Гэтэл замд нь тэнгэрээс гэрэл цацран эргэн тойронд нь гийж, «Саул аа, Саул аа, юунд чи намайг хавчина вэ?» гэх дуу сонстов. Хурц гэрэлд сохорсон Саулыг: «Та хэн бэ?» гэж асуухад мөнөөх дуу: «Би ... Есүс байна» хэмээн хариулжээ (Үйлс 9:3–5).
Гурав хоногийн дараа Есүс Ананиа гэдэг шавиа илгээж, Саулд хараа оруулсан. Саул баптисм хүртэн, Есүсийн тухай зоригтой дэлгэрүүлж эхлэв. Тэрбээр элч Паул нэрээр алдаршиж, христиан хурлын идэвх зүтгэлтэй гишүүн болжээ.
Есүсийн шавь нар Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг зөвхөн иудейчүүд болон самаричуудад дэлгэрүүлж байлаа. Гэтэл нэг тэнгэр элч Ехова Бурхныг шүтдэг Ромын цэргийн дарга Корнел гэдэг хүн дээр ирж, Петр рүү элч илгээ гэж хэлжээ. Петрийг бусад нөхдийн хамт ирж, Корнелийн гэрийнхэнд дэлгэрүүлж байтал ариун сүнс тэдгээр харь үндэстнүүд дээр буув. Петр тэдэнд Есүсийн нэрээр баптисм хүртэхийг зөвлөжээ. Ийнхүү мөнхийн аминд хүрэх зам бүх үндэстний хүмүүст нээгдсэн юм. Энэ үеэс христианууд сайн мэдээг газар сайгүй дэлгэрүүлэхэд бэлэн болжээ.
—Үйлс 1:1–11:21-д үндэслэв.
-