-
Сайн мэдээ түгэн дэлгэрсэн ньБибли юун тухай өгүүлдэг вэ?
-
-
ХЭСЭГ 23
Сайн мэдээ түгэн дэлгэрсэн нь
Паул эх газар, далай тэнгисээр явж, дэлгэрүүлэх ажил хийж байлаа
ПАУЛ христиан болсноосоо хойш Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг эрчимтэй тунхагладаг болжээ. Гэтэл урьд нь эсэргүүцэгч байсан энэ хүн өөрөө хатуу ширүүн эсэргүүцэлтэй тулгарав. Тэрбээр хүн төрөлхтний талаарх Бурхны анхны санаа зорилгыг биелүүлэх үүрэгтэй Хаанчлалын тухай сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд эцэж цуцахыг үл мэдэн, газар сайгүй явж, олон удаа дэлгэрүүлэх аялал зохиожээ.
Анхны аяллаараа Лустр хотод төрөлхийн суумгай хүнийг эдгээдэг. Олон түмэн үүнийг үзээд Паул болон түүнтэй хамт явсан Барнабыг бурхад байна хэмээн хашгиралдан, өргөл барих гэхэд нь мөнөөх хоёр арай гэж хорьж болиулжээ. Гэсэн хэдий ч тэр хүмүүс хожим нь Паулын дайснуудын турхиралтаар түүн рүү чулуу шидэцгээн, үхсэн гэж бодоод орхин явдаг. Харин Паул амьд үлдсэн. Хожим нь тэрбээр Христийн шавь нарыг урмын үгээр зоригжуулахаар хот руу дахин очсон.
Зарим иудей христиан иудей бус итгэгчдийг Мосегийн хуулийн заалтыг сахих ёстой гэсэн маргаан дэгдээжээ. Паул уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Иерусалим дахь элч нар болон ахлагчид дээр очсонд тэд Судрыг нарийн судалж, Бурхны ариун сүнсний удирдлага аван, хурлуудад захидал бичихдээ шүтээн шүтэх, цус болон цустай мах идэх, садар самуун үйлдэхийг цээрлэхийг сануулжээ. Эдгээр нь «зайлшгүй зүйлс» байсан хэдий ч энэ тушаалыг биелүүлэхийн тулд Мосегийн хуулийг сахих шаардлагагүй байв (Үйлс 15:28, 29).
Паул хоёр дахь аяллаараа Берой (одоогийн Грекийн нутагт байсан) хотод очжээ. Тэнд амьдарч байсан иудейчүүд Паулын зааж сургасныг өдөр бүр Судраар шалган, сайн мэдээг дуртайяа хүлээн авч байв. Гэвч Паул дахин эсэргүүцэлтэй тулгарсан учир Афин руу явахаас өөр аргагүй болжээ. Тэрбээр Афины өндөр боловсролтой хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн үг хэлсэн нь хүний ая эвийг олох, ажигч гярхай байх, уран үгээр ярихын сайхан жишээ болдог.
Паул гурав дахь аяллынхаа дараа Иерусалимд иржээ. Тэндхийн сүмд очтол иудейчүүд түүнийг алах гэж үймээн дэгдээв. Тэгтэл Ромын цэргүүд ирж үймээнийг намжаан, Паулыг байцаажээ. Дараа нь Паул Ромын иргэний эрхээ эдэлж, амбан захирагч Феликийн өмнө өөрийгөө өмгөөлжээ. Иудейчүүд Паулын эсрэг зарга мэдүүлсэн ч буруутайг нь нотлох баримт гаргаж чадсангүй. Ромын өөр нэг амбан захирагч Фест өөрийг нь иудейчүүдэд өгөх вий хэмээн болгоомжилсон Паул: «Би Цезарьт давж заалдана» гэсэнд Фест хариуд нь: «Таныг Цезарь руу илгээх боллоо» гэжээ (Үйлс 25:11, 12).
Дараа нь Паул шүүгдэхээр Итали руу усан онгоцоор явав. Гэтэл онгоц нь замдаа сүйрч, тэд Мальт аралд өвөлжжээ. Дараа нь Паул Ромд очоод байр хөлслөн хоёр жил хорионд амьдрав. Тэр хугацаанд цэргээр харгалзуулж байсан ч өөр дээр нь ирсэн бүхэнд Бурхны Хаанчлалын тухай идэвхтэй ярьсаар байлаа.
—Үйлс 11:22–28:31-д үндэслэв.
-
-
Паул хурлуудад захидал бичсэн ньБибли юун тухай өгүүлдэг вэ?
-
-
ХЭСЭГ 24
Паул хурлуудад захидал бичсэн нь
Паулын захидал І зууны христиануудыг зоригжуулж байлаа
ШИНЭЭР үүсэн байгуулагдсан христиан хурал Еховагийн санаа зорилго биелэхэд чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Гэвч І зууны христианууд тун удалгүй довтолгоонд өртөв. Христиан биш хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарахын зэрэгцээ зарим итгэл нэгтнийхээ зүгээс учрах аюулаас болоод Бурханд үнэнч байх эсэх нь соригдож эхэлжээ. Тэд үнэнч байж чадсан болов уу? Христиан Грек Сударт ашиг тустай зөвлөгөө, урмын үг бүхий 21 захидал байдаг.
«Ром»-оос «Еврей»-г дуусталх 14 захидлыг элч Паул бичжээ. Эдгээр захидлыг хэнд зориулж бичсэнээр нь нэрлэжээ. Зарим захидлыг хэн нэг хүнд бичсэн байхад, заримыг нь хурлуудад хаягласан байдаг. Тэдгээр захидлын зарим сэдвийг авч үзье.
Ёс суртахуун болон биеэ авч явах талаар зөвлөгөө өгсөн нь. Садарлах, завхайрах гэх мэтийн ноцтой нүгэл үйлддэг хүмүүс «Бурхны хаанчлалыг өвлөхгүй» (Галат 5:19–21; 1 Коринт 6:9–11). Бурхныг шүтэгчид ямар ч үндэстэн ястантай эвтэй байх ёстой (Ром 2:11; Ефес 4:1–6). Гачигдаж дутагдсан итгэл нэгтнүүддээ дуртайяа туслах учиртай (2 Коринт 9:7). Паул: «Тасралтгүй залбир» хэмээжээ. Тиймээс Еховаг шүтдэг хүн сэтгэл зүрхээ уудлан залбирч байх нь зүйтэй (1 Тесалоник 5:17; 2 Тесалоник 3:1; Филиппой 4:6, 7). Залбирлаа Бурханд сонсгоё гэвэл итгэлтэйгээр залбирах ёстой (Еврей 11:6).
Гэр бүл яавал аз жаргалтай байх вэ? Нөхрүүд эхнэрээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрүүд нөхрөө гүн хүндэтгэх учиртай. Хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байх шаардлагатай бөгөөд энэ нь Бурханд таалагдана. Эцэг эхчүүд үр хүүхдээ хайрын үүднээс, Бурхны зарчмаар удирдан чиглүүлж, сурган хүмүүжүүлэх ёстой (Ефес 5:22–6:4; Колоссай 3:18–21).
Бурхны санаа зорилгыг тайлбарласан нь. Христийг ирэхээс өмнө Мосегийн хууль израильчуудыг олон талаар хамгаалж, удирдан чиглүүлж байсан (Галат 3:24). Харин христианууд Бурхныг шүтэхдээ уг хуулийг сахих шаардлагагүй болсон. Паул еврейчүүд буюу иудей гаралтай христиануудад бичсэн захидалдаа Мосегийн хуулийн утга учрыг болон Бурхны санаа зорилго Христ дээр хэрхэн биелснийг илүү дэлгэрэнгүй тайлбарласан. Хуульд заасан олон зүйл зөгнөлийн утгатай байсныг бас тайлбарласан. Жишээ нь, амьтнаар тахил өргөдөг нь Есүс өөрийгөө тахил болгон өргөх буюу амиа золиослон үхэхийг бэлгэдэж байжээ. Есүсийн өргөсөн тэрхүү тахилын үндсэн дээр хүмүүсийн нүгэл жинхэнэ ёсоор уучлагдах байв (Еврей 10:1–4). Хуулийн гэрээ нэгэнт үүргээ гүйцэтгэсэн учир Бурхан уг гэрээг Есүсийн үхлээр хүчингүй болгожээ (Колоссай 2:13–17; Еврей 8:13).
Хурлын үйл ажиллагааны талаар заавар өгсөн нь. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээх хүсэлтэй эрчүүд ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахиж, Библид бичсэн шаардлагуудыг хангасан байх учиртай (1 Тимот 3:1–10, 12, 13; Тит 1:5–9). Ехова Бурхныг шүтдэг хүмүүс итгэл нэгтнүүдтэйгээ хамт тогтмол цуглаж, бие биеийнхээ урмыг сэргээх хэрэгтэй (Еврей 10:24, 25). Цуглаан нь «босгон байгуулдаг» буюу сэргээдэг, үнэнийг зааж сургадаг байх ёстой (1 Коринт 14:26, 31).
Паул Тимотод хоёр дахь захидлаа бичихдээ Ромд, шүүхийн шийдвэр хүлээгээд, шоронд хоригдож байжээ. Эр зоригтой цөөн хэдэн хүн л амь насаараа дэнчин тавьж, түүнийг эргэж очдог байлаа. Паул өөрт нь бага хугацаа үлдсэнийг мэдэж байсан бөгөөд «Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан» гэж хэлжээ (2 Тимот 4:7). Дараахан нь итгэл үнэмшлийнхээ төлөө цаазлагдсан бололтой. Гэвч элчийн бичсэн захидлууд Бурхны жинхэнэ шүтэгчдийг өнөөдөр ч удирдан чиглүүлсээр байна.
—«Ром»; «1 Коринт»; «2 Коринт»; «Галат»; «Ефес»; «Филиппой»; «Колоссай»; «1 Тесалоник»; «2 Тесалоник»; «1 Тимот»; «2 Тимот»; «Тит»; «Филемон»; «Еврей» номд үндэслэв.
-