Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Итгэл, биеэ авч явах байдал, хайрын талаар өгсөн зөвлөгөө
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
    • ХЭСЭГ 25

      Итгэл, биеэ авч явах байдал, хайрын талаар өгсөн зөвлөгөө

      Иаков Петр Иохан Иуда нар итгэл нэгтнүүдийнхээ урмыг сэргээх захидал бичжээ

      ИАКОВ Иуда хоёр бол Есүсийн дүү нар юм. Петр Иохан хоёр Есүсийн 12 элчийн тоонд багтдаг. Энэ дөрвөн хүн нийтдээ долоон захидал бичсэн нь Христиан Грек Сударт бий. Захидал бүр бичсэн эзнийхээ нэрээр нэрлэгджээ. Эдгээр захидалд Бурхнаар удирдуулан бичсэн сануулга байдаг бөгөөд христиануудыг Ехова болон Бурхны Хаанчлалд үнэнч хэвээрээ байхад нь туслах зорилготой аж.

      Итгэлээ батлах. Итгэдэг гэж зүгээр нэг хэлэх нь учир дутагдалтай. Жинхэнэ итгэл үйл хэргээр батлагддаг. Иаков: «Үйлсгүй итгэл ... үхмэл болой» хэмээн бичжээ (Иаков 2:26). Бэрхшээлийг итгэлтэйгээр даван туулахад тэвчээр бий болдог. Христиан хүн сорилтыг тэвчихийн тулд огтхон ч эргэлзэхгүйгээр Бурхнаас мэргэн ухаан гуйх хэрэгтэй. Тэвчвэл Бурхны сайшаалыг хүлээнэ (Иаков 1:2–6; 12). Хэрэв бид Ехова Бурхныг гуйвшгүй итгэлтэйгээр, чин үнэнчээр шүтвэл Бурхан бидэнтэй ойр дотно байх болно. Иаков: «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэж бичжээ (Иаков 4:8).

      Христиан хүний итгэл хэдийчинээ бат байна, хорхой хүргэм зүйл, садар самууныг төдийчинээ сайн тэвчиж чадна. Тухайн үеийнх нь хүмүүс ёс суртахууны хувьд уруудан доройтож байсан учир Иуда «итгэлийн төлөө тэмцэхийг» итгэл нэгтнүүддээ уриалж байжээ (Иуда 3).

      Цэвэр ариун байх. Ехова шүтэгчдээ ариун байгаасай, бүх талаараа цэвэр байгаасай гэж хүсдэг. Петр: «Бүх л зан байдалдаа ... ариун байгтун. Яагаад гэвэл „Би [Ехова] ариун учраас та нар ариун байгтун“ гэж бичигдсэн юм» хэмээжээ (1 Петр 1:15, 16). Христиануудад дуурайвал зохих жишээ бий. Энэ тухай Петр: «Та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тул та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» гэж хэлсэн (1 Петр 2:21). Христианууд Бурхны хэм хэмжээг баримталдгаасаа болоод зовлон амсаж болох ч «сайн мөс чанараа» гээдэггүй (1 Петр 3:16, 17). Петр христиануудыг Бурхны шүүх өдөр болон «зөвт байдал оршдог» шинэ ертөнцийг хүлээнгээ үргэлж цэвэр ариун байж, Бурханд үнэнч гэдгээ батлах үйлс хийхийг уриалсан (2 Петр 3:11–13).

      «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно»​—Иаков 4:8

      Хайраа илэрхийлэх. Элч Иохан «Бурхан бол хайр» гэж бичихдээ, Есүсийг «бидний нүглийн төлөө» золиос болгон илгээж, агуу хайраа илэрхийлснийг нь онцолсон байна. Христианууд хариуд нь яах ёстойг цааш нь тайлбарлаж: «Хайртууд минь, хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой» хэмээн бичжээ (1 Иохан 4:8–11). Тийн хайрладгаа харуулах нэг арга бол итгэл нэгтнүүдээ дэмжиж, зочлон хүндлэх явдал юм (3 Иохан 5–8).

      Тэгвэл Еховаг хайрладгаа яаж харуулах вэ? Энэ асуултад Иохан: «Бурханы[г] хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» гэж хариулсан (1 Иохан 5:3; 2 Иохан 6). Хэрэв бид Бурханд тийнхүү захирагддаг бол «мөнх амь» өгөхөө амладаг Бурхан биднийг үргэлж хайрлана гэдэгт итгэлтэй байж болно (Иуда 21).

      ​—«Иаков»; «1 Петр»; «2 Петр»; «1 Иохан»; «2 Иохан»; «3 Иохан»; «Иуда» номд үндэслэв.

      • Христиан хүн итгэлээ хэрхэн баталж болох вэ?

      • Ехова Бурхныг шүтэгчид биеэ хэрхэн авч явах ёстой вэ?

      • Бурханд үнэхээр хайртайгаа яаж харуулах вэ?

  • Дэлхий диваажин болно!
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
    • Есүс хаанчлалын сэнтийд заларч байгаа нь

      ХЭСЭГ 26

      Дэлхий диваажин болно!

      Ехова Христ тэргүүтэй Хаанчлалын тусламжтайгаар нэрээ ариусгаж, хэмжээгүй эрх мэдэлтэйгээ батлан, ёс бус бүхнийг устгана

      «ИЛЧЛЭЛТ» гэдэг нэртэй Библийн сүүлчийн ном хүн төрөлхтөнд сайхан ирээдүй амладаг. Элч Иохан энэхүү номд Еховагийн санаа зорилго оргилдоо хүрэх үед болох үйл явдлыг гайхамшгаар үзсэнээ дүрслэн бичжээ.

      Иоханы үзсэн эхний үзэгдэлд, дахин амилсан Есүс хурлуудыг магтахын зэрэгцээ засаж залруулж байжээ. Дараа нь Иохан Бурхны тэнгэр дэх сэнтийг үзсэн бөгөөд сүнсэн бүтээлүүд Бурханд алдрыг өргөж байжээ.

      Бурхны санаа зорилго аажмаар биелэх явцад Хурга буюу Есүс Христ долоон лацтай хуйлмал ном авчээ. Эхний дөрвөн лацыг эвдсэнд бэлгэдлийн морьтнууд гарч ирэв. Эхнийх нь цагаан морь унаж, хааны титэм өмссөн Есүс байлаа. Дараагийн морьтнууд өөр өөр зүсмийн морь унасан байх бөгөөд тэд энэ ертөнцийн эцсийн өдрүүдэд болох дайн, өлсгөлөн, тахлыг бэлгэддэг. Долоо дахь лацыг эвдсэнд Бурхны шүүлтийг тунхаглахыг бэлгэдэн долоон бүрээ татаж, бэлгэдлийн долоон гамшиг нүүрлэв. Энэ нь Бурхан уурлан хилэгнэж буйн шинж аж.

      Дөнгөж төрсөн хүүгээр төлөөлүүлсэн Бурхны Хаанчлал тэнгэрт байгуулагдлаа. Дайн дэгдэж, Сатан болон түүний талд орсон тэнгэр элчүүд дэлхий рүү хаягдав. «Газар ... золгүй еэ!» гэх чанга дуу гарлаа. Диавол өөрт нь богинохон хугацаа байгааг мэдээд үлэмж ихээр уурлан хорсжээ (Илчлэлт 12:12).

      Иохан хургаар төлөөлүүлсэн Есүсийг болон хүмүүсийн дундаас сонгогдсон 144 000 хүнийг түүнтэй хамт тэнгэрт байхыг харав. Тэр хүмүүс Есүстэй «хамт ... хаанчлах болно». Үрийн туслах хэсэгт багтах гишүүдийн нийт тоо 144 000 болохыг «Илчлэлт» ном ийнхүү илчилжээ (Илчлэлт 14:1; 20:6).

      Дэлхийн удирдагчдыг Хармагедон буюу «Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайнд» цуглуулав. Тэд цагаан морьтон буюу тэнгэрийн цэргийн жанжин Есүстэй дайтлаа. Энэ ертөнцийн бүх удирдагч сөнөж, Сатан хүлэгдэв. Есүс болон 144 000 хүн дэлхийг «мянган жил» захирах бөгөөд мянган жилийн эцэст Сатан устгагдах ажээ (Илчлэлт 16:14; 20:4).

      Христ болон түүнтэй хамт захирагчдын Мянган жилийн засаглалын үед дуулгавартай хүмүүс ямар ивээл хүртэх вэ? Иохан: «[Ехова] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» хэмээн бичжээ (Илчлэлт 21:4). Дэлхий диваажин болно!

      Библи юу өгүүлдгийг «Илчлэлт» ном ийнхүү тайлдаг. Мессиагийн Хаанчлал Еховагийн нэрийг ариусгаж, хэмжээгүй эрх мэдэлтэйг нь үүрд мөнх, бүрэн төгс батална!

      ​—«Илчлэлт» номд үндэслэв.

      • Морьтнууд юуг бэлгэддэг вэ?

      • Бурхны санаа зорилго биелэх явцад дэлхийг донсолгосон ямар үйл явдал өрнөх вэ?

      • Хармагедон гэж юу вэ? Дараа нь юу болох вэ?

      «АГУУ ИХ ВАВИЛОН»

      «Илчлэлт» номд бүх хуурамч шашин буюу жинхэнэ Бурхныг эсэргүүцдэг шашнуудыг нийтэд нь «агуу янхан» гэдэг. «Агуу их Вавилон» гэж нэрлэгддэг энэхүү янхан нь дэлхийн улс төрийн хүчнүүдэд биеэ үнэлдэг. «Илчлэлт» номд бичсэнээр, Ехова Бурхны товлосон цагт улс төрийн хүчнүүд янхан руу довтолж, түүнийг устгах аж (Илчлэлт 17:1–5, 16, 17).

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах