Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • гб бүлэг 4 х. 39-50
  • Гэр орноо хэрхэн авч явах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Гэр орноо хэрхэн авч явах вэ?
  • Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БЭЛ БЭНЧИНДЭЭ ТААРУУЛЖ АМЬДРАХ НЬ
  • ДЭМ ДЭМЭНДЭЭ
  • АРИУН ЦЭВЭР САХИХ НЬ ЯАГААД ЧУХАЛ БЭ?
  • МАГТААЛ, УРМЫН ҮГ ХҮЧТЭЙ
  • Цэвэр байвал Бурхан хайрлана
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Жаргалтай айл гэр
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Гэрийнхэнтэйгээ нэгдмэл байх нь
    Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Гэрийнхний хэн нэг нь өвдвөл
    Гэр бүлийн аз жаргалын нууц
Илүү дэлгэрэнгүй харах
Гэр бүлийн аз жаргалын нууц
гб бүлэг 4 х. 39-50

БҮЛЭГ ДӨРӨВ

Гэр орноо хэрхэн авч явах вэ?

1. Ямар учраас гэр орныг сайхан авч явах амаргүй болж байна вэ?

ОРЧИН ҮЕД олон юм, ялангуяа гэр бүлийн амьдрал өөрчлөгдөж байна. Уламжлалт ёс юм уу 40, 50 жилийн өмнө жирийнд тооцож байсан зүйлийг өнөө үед хүлээн зөвшөөрөхөө больжээ. Үүний улмаас гэр орныг сайхан авч явахад их амаргүй болж байна. Гэхдээ Библийн зөвлөгөөг дагавал аж амьдралаа сайхан авч явах боломжтой.

БЭЛ БЭНЧИНДЭЭ ТААРУУЛЖ АМЬДРАХ НЬ

2. Гэр бүлээрээ жаргалтай амьдрахад юу саад болдог вэ?

2 Байгаа юмандаа сэтгэл хангалуун явж, гэр бүлээрээ хамт байх боломж өнөөдөр хомс болжээ. Янз янзын бараа бүтээгдэхүүн элбэгшиж, зар сурталчилгааныхан уран аргаар олны анхаарлыг татдаг болсон учир тэр бүхнийг эдэлж хэрэглэхийн тулд олон сая эцэг эх цаг наргүй ажиллаж байна. Нөгөөтээгүүр, хоногийн хоолны мөнгөө олох гэж явдаг хүн олон. Тийм хүмүүс наад захын хэрэгцээгээ хангах гэж олон цагаар ажиллах юм уу хоёр ажил хийдэг. Бас ажилгүйдэл ихсэж байгаа өнөө үед ажил олсондоо баярлаж явдаг хүмүүс бий. Тийм ээ, гэр бүлийн амьдрал амаргүй байна. Гэхдээ Библийн зарчмыг сахивал гэр бүлээ боломжоороо сайхан авч явж болдог.

3. Элч Паул юу гэж бичсэн бэ? Энэ үгийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ?

3 Элч Паул гачигдаж дутагдахын зовлон үзэж байсан. Ингэхдээ амьдралд хэрэгтэй нэг юм сурснаа найз Тимотод бичсэн захидалдаа ийн тайлбарлажээ. Паул: «Бид ертөнцөд юуг ч авчраагүй. Мэдээж бид эндээс юуг ч бас авч гарч чадахгүй. Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно» хэмээжээ (1 Тимот 6:7, 8). Амьдрахад хоол хүнс, хувцас хунар, орон гэр хэрэгтэй байлгүй яах вэ. Хүүхдэд сургууль соёл хэрэгтэй. Бас өвчин эмгэг тусах гэх мэтээс болж мөнгө төгрөг зарцуулах болдог. Тэглээ ч гэсэн Паулын үгийг анхаарах нь ухаалаг хэрэг. Хүссэн бүхнээ авах гэж зовохын оронд хэрэгцээгээ хангаад сэтгэл хангалуун явах нь амар.

4, 5. Өрхийн төсөв гаргах нь ямар тустай вэ?

4 Бас нэг тустай зарчмыг Есүсийн хэлсэн жишээнээс мэдэж болно. Есүс: «Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусгах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ?» хэмээжээ (Лук 14:28). Есүс урьдаас төлөвлөхийн чухлыг хэлжээ. Энэ зарчим гэрлэх бодолтой яваа залуу хосод ямар ач тустайг өмнөх бүлэгт ярилцсан. Гэрлэснээс хойш амьдрал ахуйгаа авч явахад ч энэ зарчим тустай. Өөрөөр хэлбэл, урьдаас төлөвлөх буюу төсөв гаргаж, байгаагаа ухаалаг зарцуулах нь зүйтэй. Ингэвэл мөнгө төгрөгөө өдөр тутмын юм уу долоо хоногийн хэрэгцээндээ тохируулан зарцуулж, зарлагаа хянан бэл бэнчиндээ тааруулж амьдарна.

5 Зарим оронд, өрхийн төсөв гаргах нь шаардлагагүй юмыг өндөр хүүтэй зээлээр худалдан авахгүй байхад тус болдог. Харин заримд нь зээлийн картыг хамаагүй ашиглахаас сэрэмжилнэ гэсэн үг (Сургаалт үгс 22:7). Бас аливаа эд зүйлийн зайлшгүй хэрэгтэй эсэхийг, мөн үр дагаврыг нь бодохгүйгээр сэтгэл хөдлөлдөө автан худалдаж авахгүй байхад тустай. Мөрийтэй тоглох, тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэгт хар амиа бодон мөнгө зарцуулах нь Библийн зарчимтай зөрчилддөг. Энэ нь амьжиргаанд муугаар нөлөөлдгийг өрхийн төсөв гаргаснаар мэдэж болно (Сургаалт үгс 23:20, 21, 29–35; Ром 6:19; Ефес 5:3–5).

6. Ядуу дорой амьдралтай хүнд Библийн ямар сургаал сэтгэлийн дэм өгдөг вэ?

6 Гэхдээ ядуу зүдүү амьдардаг хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Дэлхий дахиныг хамарсан ядуурал удахгүй үгүй болно гэдгийг мэдэхлээр сэтгэл нь уужирдаг. Ехова тун удахгүй шинэ ертөнцийг бий болгож, хүн төрөлхтнийг зовоодог ядуурал гэх зэргийн муу муухай бүхнийг арилгана (Дуулал 72:1, 12–16). Христиан хүн туйлын ядуу байлаа ч Еховагийн амлалтад итгэдэг учир цөхрөнгөө бардаггүй. Ехова: «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй» гэж айлдсан. Тиймээс Еховад итгэдэг хүн «Эзэн [Ехова] миний туслагч мөн. Би айхгүй» гэж итгэл төгс хэлдэг (Еврей 13:5, 6). Өнөөгийн хэцүү цагт үг сургаалыг нь баримтлан, Хаанчлалыг нь амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг үйлчлэгчдээ Ехова олон талаар дэмжиж ирсэн (Матай 6:33). «Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд өлсгөлөн болон цатгалан байх, дутагдах, элбэг байхын аль алины нууцад би суралцсан. Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» хэмээсэн Паулын үг үнэн гэдгийг олон хүн батлан хэлдэг (Филиппой 4:12, 13).

ДЭМ ДЭМЭНДЭЭ

42-р хуудасны зураг

Гэрийн ажилд бүх хүн оролцох учиртай

7. Есүсийн хэлсэн ямар үг гэрийн ажлаа амжуулахад тустай вэ?

7 Есүс дэлхий дэх үйлчлэлийнхээ сүүлээр: «Чи хөршөө өөрийн адил хайрла» гэж хэлсэн (Матай 22:39). Энэ зөвлөгөө гэрийн ажлаа амжуулахад ч ач холбогдолтой. Нөхөр эхнэр, эцэг эх, үр хүүхдээсээ өөр хэнийг хамгийн ойрын, хамгийн дотны хөршөө гэх билээ? Тэгвэл бие биеэ хэрхэн хайрлах вэ?

8. Гэр бүлийн гишүүд бие биеэ хайрладаг нь юунаас харагддаг вэ?

8 Гэрийн ажилд гишүүн бүр хувь нэмрээ оруулах нь бие биеэ хайрлах нэг арга юм. Тиймээс хүүхдийг хувцас, тоглоом гэх мэтээ хураахад сургах хэрэгтэй. Өглөө бүр ороо хураахад цаг зав хэрэгтэй ч гэр орон эмх цэгцтэй байхад их нэмэртэй. Бага зэрэг боловч эмх цэгц алдагдах явдал мэр сэр гарна л даа. Гэхдээ гэр орныг цэвэр цэмцгэр байлгахын тулд хүн бүр оролцож, хоол идсэний дараа аяга тавгаа угааж хураах нь зүйтэй. Залхуурах, биеийн амрыг харах, дуртай дургүй хийх нь бусдад муугаар нөлөөлнө (Сургаалт үгс 26:14–16). Харин гэрийн ажлыг дуртайяа хийвэл гэр бүлээрээ жаргалтай амьдарна. «Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг» (2 Коринт 9:7).

9, 10. а) Эмэгтэй хүн гэртээ ямар ажил хийдэг вэ? Энэ ажлыг хэрхэн хөнгөвчилж болох вэ? б) Гэрийн ажлыг хэрхэн үзэх нь зүйтэй вэ?

9 Бусдыгаа боддог, хайрладаг бол зарим айлд тулгардаг зовлонг амсахгүй байж болно. Эх хүн айл гэрт их үүрэг гүйцэтгэж ирсэн. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ, идэж уух юмаа цуглуулна, хоол цайгаа хийнэ, угааж арчина. Зарим оронд эмэгтэйчүүд тариа ногоо тарих, зарж борлуулах гэх мэтийн ажил хийж амьжиргаандаа нэмэр болж ирсэн аж. Гэрлэсэн эмэгтэйчүүд гэрийн ажлыг голлон хийдэг байсан улс орнуудад хүртэл амьдралын шаардлагаар эхнэр хүн ажил хайхад хүрч байна. Ийм ажилсаг шаргуу эзэгтэй нар, эхчүүдийг магтууштай. Тэд Библид гардаг «арван хуруу тэгш эхнэрийн» адилаар борви бохисхийлгүй ажиллаж, «залхуурахыг үл мэднэ» (Сургаалт үгс 31:10, 27). Гэхдээ гэрийн ажлыг зөвхөн эмэгтэй хүн хийх ёстой гэсэн үг биш ээ. Эхнэр нөхөр хоёулаа өдөржингөө ажиллалаа гэхэд орой нь гэрийнхээ хамаг ажлыг эхнэр нь ганцаараа хийнэ, нөхөр болон бусад гишүүн нь амарна гэж ойлгож болох уу? Болохгүй (2 Коринт 8:13, 14-тэй харьцуулна уу). Тиймээс, хоол хийж байх зуур нь гэрийнхэн нь ширээ засах, дэлгүүр явах, ойр зуурын ажил хийх зэргээр тусалбал эзэгтэй талархах нь дамжиггүй. Тийм ээ, гэрийн ажилд бүх хүн оролцох учиртай (Галат 6:2-той харьцуулна уу).

10 «Манай нутагт нөхөр хүн иймэрхүү ажил хийдэггүй» гэж хэлэх хүн гарч болох юм. Тэглээ ч дараах жишээг анхаарч үзэх нь зүйтэй болов уу. Ехова Бурхан гэр бүлийг бий болгохдоо тийм тийм ажлыг эмэгтэй хүн л хийх ёстой гэж хэлээгүй. Нэгэн удаа Бурхны үнэнч үйлчлэгч Абрахамынд Бурхны тусгай төлөөлөгчид ирдэг. Тэгэхэд нь Абрахам хоол цай хийхэд гар бие оролцож, зочдыг дайлж цайлдаг (Эхлэл 18:1–8). Библид «Нөхрүүд ч эхнэрээ өөрийн бие адил хайрлах ёстой» гэсэн зөвлөгөө бий (Ефес 5:28). Ажилдаа ядарсан нөхөр хүн орой амрахыг хүсдэг бол тэр тусмаа эхнэр хүн амаръя гэж бодолгүй яах вэ! (1 Петр 3:7). Тэгэхлээр гэрийн ажилд туслах нь зөв зүйтэй төдийгүй эхнэрээ хайрладгийн илрэл юм (Филиппой 2:3, 4).

11. Есүс гэр бүлийн гишүүн бүрд тустай ямар жишээ үзүүлсэн бэ?

11 Ехова Бурхныг ч, бусдыг ч баярлуулахын сайхан жишээг Есүс үзүүлсэн. Тэрбээр гэрлэж байгаагүй боловч нөхөр, эхнэр, хүүхдүүдэд үлгэр дууриал үлдээсэн. Есүс өөрийнхөө талаар «Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн» гэж хэлсэн (Матай 20:28). Гэр бүлийн гишүүн бүр Есүсийнх шиг бодолтой явдаг бол бүгдээрээ жаргалтай амьдарна.

АРИУН ЦЭВЭР САХИХ НЬ ЯАГААД ЧУХАЛ БЭ?

12. Ехова үйлчлэгчдээсээ юу шаарддаг вэ?

12 Гэр бүлээрээ жаргалтай амьдрахад тустай өөр нэг зарчим 2 Коринт 7:1-д бий. Тэнд «Өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе» гэж байдаг. Энэ үгийн дагуу амьдардаг бол Ехова Бурханд таалагдана. Учир нь Ехова «цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэлийг» үйлчлэгчдээсээ шаарддаг (Иаков 1:27). Дээрх үгийг ажил хэрэг болгодог хүмүүс гэр бүлээрээ ач тус хүртдэг.

13. Ариун цэвэр сахих нь гэр бүлээрээ жаргалтай амьдрахад тустай гэхийн учир юу вэ?

13 Өвчин эмгэг үгүй болох цаг ирэхийг Библид бичсэн байдаг. Тэр үед «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24; Илчлэлт 21:4, 5). Гэхдээ одоохондоо өвдөхгүй байх аргагүй. Паул Тимот нар ч өвдөж байсан (Галат 4:13; 1 Тимот 5:23). Гэвч олон өвчнөөс урьдчилан сэргийлж болдгийг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Олон хүн «биеийн ба сүнсний» хувьд цэвэр ариун байж, өвчин эмгэгээс хол явдаг. Яаж гэдгийг нь үзье (Сургаалт үгс 22:3-тай харьцуулна уу).

14. Ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахих нь гэр бүлд ямар ач тустай вэ?

14 «Сүнсний ... бузар булайгаас цэвэрлэе» гэвэл ёс суртахууны өндөр хэм хэмжээг сахих ёстой. Библи ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахихыг уриалдаг бөгөөд гэр бүлээс гадуурх бэлгийн аливаа харьцааг буруушаадгийг хүмүүс мэддэг. «Садар самуун явдалтнууд ч, ... завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч ... Бурханы хаанчлалыг өвлөхгүй» (1 Коринт 6:9, 10). Энэ хэм хэмжээг чанд сахих нь ёс бус ертөнцөд амьдардаг өнөөгийн христиануудад туйлын чухал. Ингэвэл Бурханд таалагдана, бас бэлгийн замаар халддаг ДОХ, тэмбүү, заг хүйтэн, хламид гэх мэтийн өвчин тусахын зовлон үзэхгүй, гэр бүлээрээ жаргалтай амьдарна (Сургаалт үгс 7:10–23).

15. Ариун цэвэр сахидаг бол зарим нэг өвчнөөс сэргийлж болдгийг жишээгээр хэлнэ үү.

15 «Махан биеийн бүх л бузар булайгаас цэвэрлэе» гэсэн зарчмыг баримтлах нь бусад өвчнөөс сэргийлэхэд тустай. Ариун цэвэр сахиагүйн улмаас өвчин эмгэг тусах нь их байдаг. Үүний нэг жишээ бол тамхи татах юм. Тамхи нь уушги хордуулж, хувцсанд нэвчиж, агаар бохирдуулаад зогсохгүй өвчин эмгэгийн шалтгаан болдог. Тамхины балгаар жил бүр олон сая хүн амиа алддаг. Биеийг бузарладаг тамхинаас хол явсан бол жил бүр олон сая хүн өвчилж, зуурдаар амь насаа алдахгүй байх байсан!

16, 17. а) Еховагийн өгсөн Хуулийн ямар заалт өвчин эмгэгээс сэргийлэхэд нь израильчуудад тустай байсан бэ? б) Дэд хууль 23:12, 13-ын зарчмыг айл болгон хэрхэн сахиж болох вэ?

16 Өөр нэг жишээ үзье. 3500 орчим жилийн өмнө Бурхан израиль үндэстэнд Хууль өгчээ. Энэ Хуулиар, гол нь израильчуудын шашин шүтлэг, мөн ахуй амьдралын асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулдаг байв. Бас эрүүл мэндийг хамгаалахад тустай эрүүл ахуйн үндсэн дүрмийг тусгажээ. Нэг дүрэм нь ялгадсыг хуарангийн гадна булах тухай байсан. Ингэж амьдардаг орчноо бохирдуулдаггүй байв (Дэд хууль 23:12, 13). Энэ зөвлөгөө орчин үед ч тустай. Үүнийг сахидаггүйн улмаас хүмүүс өвчилж, амиа алдах явдал одоо ч гардаг.a

17 Израильчуудад өгсөн тэр Хуулийн зарчмаар бол угаалгын өрөө болон жорлон гэр дотор байсан ч, гадаа байсан ч цэвэрлэж, халдваргүйжүүлж байх ёстой. Жорлонг тогтмол цэвэрлэхгүй, суултуурыг нь таглахгүй юм уу хаалгыг нь хаахгүй бол ялаа батгана цуглаж, гэр орон, хоол хүнсийг бохирдуулдаг. Түүнээс гадна, бие зассаны дараа томчууд ч, хүүхдүүд ч гараа угааж байх ёстой. Эс бөгөөс бохир гараар нян тараах аюултай. Францын нэг эмчийн хэлснээр, гараа угаах нь «хоол боловсруулах болон амьсгалын замын, мөн арьсны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга байсаар ирсэн».

47-р хуудасны зураг

Ариун цэвэр сахих нь эм тариа авахаас хямд

18, 19. Амьдралын түвшин доогуур байлаа ч гэр орноо цэвэр байлгахын тулд ямар зөвлөгөөг дагаж болох вэ?

18 Амьдралын түвшин доогуур бол ариун цэвэр сахихад амаргүй нь үнэн. Энэ зовлонг мэддэг нэг хүн: «Хэт их халуунд цэвэрлэгээ хийх нь тун хэцүү байдаг. Шороо шуурахад гэрийн доторх бүх юм тоос шороонд дарагддаг. Хот суурин, хөдөө тосгонд ч хүмүүс нэг дор олноороо суурьших болсон нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Бохир усны задгай хоолой, ил хаясан хог хаягдал, ариун цэврийн шаардлага хангахгүй нийтийн бие засах газар, өвчин тараагч харх, жоом, ялаа хаа сайгүй байдаг болжээ» гэж ярьсан юм.

19 Ийм нөхцөлд цэвэр байх амаргүй л дээ. Гэхдээ амаргүй гээд зүгээр суух учиргүй. Ус, савангаар угаах гэх мэтээр жаахан л хичээх юм бол эм тарианы үнэ, эмнэлгийн төлбөрөөс хямд тусна шүү дээ. Хэрэв та дээрхтэй төстэй газар амьдардаг бол гэр байшин, хашаа хороогоо, мал амьтны ялгадсыг чадах чинээгээрээ цэвэрлэж байгаарай. Бороо ороход гэрийн үүдэнд шалбааг тогтдог бол хайрга асгаж болох юм. Ингэвэл гэрт шавар шавхай орох нь бага байна. Бас гэртээ орохдоо гутлаа тайлдаг бол сайн. Түүнчлэн, ундны усыг цэвэр байлгах хэрэгтэй. Бохир ус хэрэглэж, эрүүл ахуйн дэглэм сахиагүйн улмаас жил бүр багаар бодоход 2 сая хүн амь насаа алддаг гэсэн баримт бий.

20. Гэр орноо цэвэр байлгах нь хэний үүрэг вэ?

20 Гэр орон цэвэр байх эсэх нь ээж, аав, хүүхэд, зочин гийчин гээд бүх хүнээс шалтгаалдаг. Кенид амьдардаг, найман хүүхдийн ээж: «Гэрийн ажилд манайхан бүгдээрээ оролцож сурсан» гэж хэлжээ. Цэвэр цэмцгэр амьдрах нь бүх хүнд сайнаар нөлөөлдөг. Ядуу хүн ч цэвэр байж болдог гэсэн утгатай испани зүйр үг байдаг. Орд харш, орон сууц, гэр байшин, урц гээд хаана ч амьдардаг бай, ариун цэвэр сахих нь гэр бүлээрээ эрүүл байх нэг гол түлхүүр юм.

МАГТААЛ, УРМЫН ҮГ ХҮЧТЭЙ

21. Сургаалт үгс 31:28-аас гэр бүлээрээ жаргалтай амьдрахад тустай юу мэдэж болох вэ?

21 «Сургаалт үгс» номд арван хуруу тэгш эхнэрийн талаар «Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө. Эр нөхөр нь ч гэсэн түүнийг магтана» гэсэн байдаг (Сургаалт үгс 31:28). Та гэрийнхнээ хамгийн сүүлд хэзээ магтсан бэ? Урин дулаан цагийн хур бороо ургамал ногоог ургуулдгийн адил магтаал талархал хүнийг «ургуулдаг». Гэрийнхэндээ санаа тавьж, хайр халамжаар дутаадаггүйг нөхөр нь хэчнээн их үнэлдгийг сонсох эхнэр хүнд сайхан байдаг (Сургаалт үгс 15:23; 25:11). Ажил хөдөлмөр хийхийн зэрэгцээ гэрийн ажилд тусалдгийг нь хэлж эхнэр нь магтахад нөхөр хүнд таатай байдаг. Хичээл сургуульдаа мэрийдэг, гэрийн ажилд тусалдаг, хурлын үйл хэрэгт ч идэвхтэй оролцдог хүүхдүүдээ эцэг эх нь магтаж сайшаавал урамшин зоригжиж, улам ихийг хийх хүсэл төрдөг. Цөөхөн боловч талархлын үг ямар хүчтэй гээч! «Баярлалаа» гэдэг үг их энгийн атлаа дотно сайхан харьцаатай байхад их тустай.

22. Гэр орныг бат «тогтооход» юу хэрэгтэй вэ? Яавал тийм болох вэ?

22 Айл гэрийг сайн сайхан авч явах нь санаан зоргоор бүтэх ажил биш боловч хичээж мэрийвэл болдог. «Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогтдог» гэж Библид байдаг (Сургаалт үгс 24:3). Гэр бүлийн гишүүн бүр Бурхны хүсэл тааллыг танин мэдэж, мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг бол хэрсүү, мэргэн ухаантай болно. Хичээл зүтгэл гаргаж байж л гэр бүлээрээ жаргалтай амьдарна!

a Бага насны хүүхэд суулгалт өвчнөөр эндэх нь их байдаг. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөмжид «Бохирын шугамгүй тохиолдолд орон байр, хүүхдийн тоглоомын талбай, ундны усны эх булгаас ядаж 10 метрийн зайтай газар бие засаж, шороогоор булаарай» гэж бичжээ.

ГЭР ОРНОО АВЧ ЯВАХАД БИБЛИЙН ДАРААХ ЗАРЧИМ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Үндсэн хэрэгцээгээ хангаад сэтгэл хангалуун амьдрах нь ухаалаг (1 Тимот 6:7, 8).

Ехова үйлчлэгчдээ орхидоггүй (Еврей 13:5, 6).

Бусдыг хайрлах нь христиан хүний онцлог шинж (Матай 22:39).

Христианууд ариун цэвэр сахидаг, сүнслэгээр цэвэр байдаг (2 Коринт 7:1).

ЦЭВЭР УС БА ЭРҮҮЛ МЭНД

Ундны цэвэр ус хомс, ариун цэврийн нөхцөл муутай орнуудын ард иргэдэд зориулж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөмжид ингэж бичжээ.

«Ундны усыг цэвэр, таглаатай саванд хадгалах хэрэгтэй. Мөн хүүхэд, мал амьтанд савнаас нь шууд уулгаж болохгүй. ... Усаа урт бариултай шанагаар утгаж авах нь зүйтэй. Шанагыг өөр зорилгоор хэрэглэж болохгүй. Усны саваа өдөр тутам угааж цэвэрлэж байх шаардлагатай».

«Бага насны хүүхдэд зөвхөн буцалсан ус уулгах ба хоолыг нь хийхдээ ч буцалсан ус хэрэглэх шаардлагатай».

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах