Асуултын булан
◼ Төлөвшихийн тулд хүүхдүүд юу заалгах хэрэгтэй вэ?
Христиан эцэг эхчүүд хүүхдээ «Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлэх» гэж мэрийдэг (Еф. 6:4). Жишээлбэл, эцэг эхчүүд өглөө болгон өдрийн зүйлийг хүүхэдтэйгээ хамт хэлэлцэх нь ач тустай байдгийг ойлгожээ. Гэр бүлийн хичээлээр болон өөр үед видео үзэн хэлэлцэж, «Залуучуудын асуулт» гэсэн өгүүллийг ярилцаж, Библид гардаг үйл явдлыг жүжиглэн тоглож, дасгал сургуулилалт хийдэг. Гэхдээ хүүхэд «төлөвшилт рүү тэмүүлэхийн» тулд Библийн гүнзгий сургаалыг бас заалгах хэрэгтэй (Евр. 6:1).
Дэлгэрүүлэхдээ уулздаг хүмүүст юу заадгаа бодъё. Тэдэнтэй анх уулзах эсвэл дахин уулзахдаа бид ер нь «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номоор хичээл эхлэхийг зорьдог. Энэ номыг үзэж дуусаад бид «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номоор хичээл хийдэг. Яагаад тэр вэ? «Библийн сургаал» номоос суралцагч маань Библийн тухай үндсэн мэдлэгтэй болдог. Харин «Бурхны хайр» ном тэдэнд Библийн зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг заадаг. Суралцагчдыг Христ дотор «үндэслэгдэн» «итгэл дотроо баталгаажихад» энэ хоёр хэвлэл тус болдог (Кол. 2:6, 7). Эдгээр хэвлэл хүүхдүүдэд маань ч бас ач тусаа өгөх болов уу? Бид хүүхдүүддээ бас золиос, Хаанчлал, нас барагсдын талаарх үнэнийг зааж өгөх учиртай. Мөн Бурхан яагаад гай зовлонг хүлцэн тэвчдэг вэ, одоо бол эцсийн өдрүүд гэдгийг хаанаас мэдэх вэ гэдгийг хүүхдүүд мэдэх хэрэгтэй. Еховагийн Гэрчүүд үнэнийг ярьдаг гэдэгт тэд итгэдэг болох учиртай. Бас Библийн зарчмыг ойлгож, зөв бурууг ялгах «мэдрэмжээ» хэрхэн дадлагажуулахаа мэдэх хэрэгтэй (Евр. 5:14). Эцэг эхчүүд хүүхдийнхээ нас болон ойлгох чадварыг нь тооцож үзэх учиртай. Гэхдээ багаасаа Библийн үнэнийг сайн ойлгодог хүүхэд олон байдаг (Лук 2:42, 46, 47).
Эцэг эхчүүдэд туслах зорилгоор «Библийн сургаал» номд үндэслэсэн лавлах материал jw.org сайтад тавигдана. Вэб сайт руу ороод БИБЛИЙН СУРГААЛ > ӨСВӨР НАСНЫХАН гэж дарна. Дараа нь «Бурхны хайр» номд үндэслэсэн лавлах материал бас гарна. Номуудаас нь шууд уншиж судалж ч болно. Эцэг эхчүүд Гэр бүлийн Библийн хичээл хийх, эсвэл хүүхдүүдийнхээ нэгтэй тусад нь библийн хичээл хийх, эсвэл хүүхдэдээ бие дааж судлахад нь туслахын алинд нь энэ материалыг үзэхээ шийдэж болно.