Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • гб бүлэг 6 х. 64-75
  • Өсвөр насны хүүхдэд анхаарал тавих нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Өсвөр насны хүүхдэд анхаарал тавих нь
  • Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЧИН СЭТГЭЛИЙН, ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРИА
  • ЮУН ТУХАЙ ЯРИЛЦАХ ВЭ?
  • САХИЛГАЖУУЛАХ БА ХҮНДЭТГЭХ
  • АЖИЛ ХӨДӨЛМӨР БА ТОГЛООМ НААДАМ
  • НАСАНД ХҮРЭХЭД НЬ
  • Эцэг эхчүүд ээ, үр хүүхдээ хайраар хүмүүжүүлэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
  • Танайх хэцүү хүүхэдтэй юү?
    Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Хүүхдээ багаас нь хүмүүжүүлэх нь
    Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Еховад үйлчлэхийг өсвөр насны хүүхдэдээ заая
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
Илүү дэлгэрэнгүй харах
Гэр бүлийн аз жаргалын нууц
гб бүлэг 6 х. 64-75

БҮЛЭГ ЗУРГАА

Өсвөр насны хүүхдэд анхаарал тавих нь

1, 2. Шилжилтийн насны хэцүү нь юу вэ? Сайхан нь юу вэ?

ШИЛЖИЛТИЙН насны хүүхэдтэй байх нь тав юм уу аравтай хүүхэдтэй байхаас тэс өөр. Энэ насанд хэцүү ч юм тохиолдоно, сайхан ч юм тохиолдоно. Иосеф Давид Иосиа Тимот нарын жишээг бодвол залуу хүмүүс ч аливаад хариуцлагатай хандаж, Еховатай сайн харьцаатай байж чаддаг аж (Эхлэл 37:2–11; 1 Самуел 16:11–13; Хаадын дэд 22:3–7; Үйлс 16:1, 2). Үлгэр жишээ болсон тэдэн шиг залуус орчин үед олон бий. Та тийм залуусыг мэддэг байж болох юм.

2 Зарим хүүхэд шилжилтийн насандаа их өөрчлөгддөг. Сэтгэл санаа нь тогтворгүй болдог. Хараат бус байхыг хүсэн тэмүүлдэг. Эцэг эх нь дүрэм журам тогтоовол эрх чөлөө боолоо гэж дургүйцдэг байж болох юм. Гэхдээ эцэг эхчүүд туршлага багатайг нь бодолцон хайрлаж халамжлан, тусалж дэмжин тэвчээртэй байх хэрэгтэй. Хүүхэд шилжилтийн насанд хүрэхэд эцэг эх хүүхдийн хэн хэн нь жаргал зовлон амсдаг. Энэ насны охид хөвгүүдэд хэрхэн туслах вэ?

3. Шилжилтийн насны хүүхдэдээ тусалъя гэвэл эцэг эх яах ёстой вэ?

3 Шилжилтийн насны бэрхшээлийг амжилттай давж, хариуцлагатай хүн болон төлөвшихөд нь хүүхдэдээ туслах хамгийн сайн арга бол эцэг эхчүүд өөрсдөө Библийн зөвлөгөөг дагах явдал юм. Библийн зарчмыг баримталдаг эцэг эх, хүүхдүүд нийгэм, цаг үеэсээ үл хамааран сайхан амьдардаг (Дуулал 119:1).

ЧИН СЭТГЭЛИЙН, ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРИА

67-р хуудасны зураг

Өсвөр насны хүүхдээ ярих гэхэд нь цаг гарган анхааралтай сонсоорой

4. Шилжилтийн насны хүүхэдтэй илэн далангүй ярилцаж байх нь яагаад чухал бэ?

4 Библид «Зөвлөлдөн ярилцахгүй бол төлөвлөгөө бүтэлгүйтнэ» гэж байдаг (Сургаалт үгс 15:22, ШЕ). Хүүхдийг бага байхад нь илэн далангүй ярилцах хэрэгтэй байдаг бол гэртээ байхаасаа байхгүй нь их, илүү олон цагийг анги хамт олонтойгоо өнгөрөөдөг шилжилтийн насанд нь тийн ярилцах бүр ч чухал. Эцэг эх, хүүхдүүд чин сэтгэлээсээ ярилцдаггүй бол нэг гэрт амьдардаг хэр нь бие биеэ мэдэхгүй болно. Яавал илэн далангүй ярилцдаг болох вэ?

5. Өсвөр насныхан эцэг эхтэйгээ ярилцахыг юу гэж үзэх нь зүйтэй вэ?

5 Эцэг эх болон шилжилтийн насны хүүхдийн хэн хэн нь хичээсэн цагт илэн далангүй байж чадна. Өсвөр насныханд эцэг эхтэйгээ урьдынх шигээ ярьж хөөрөхөд амаргүй байж болох л доо. Гэхдээ «Удирдамжгүй аваас ард түмэн нь мөхнө. Харин олон зөвлөгчтэй аваас ялалтанд хүрнэ» гэдэг үгийг битгий мартаарай (Сургаалт үгс 11:14). Энэ үг хөгшин залуу гэлгүй бүх хүнд хамаатай. Үүнийг ойлгодог хүүхэд тулгарч байгаагүй төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд удирдамж хэрэгтэйг хүлээн зөвшөөрнө. Еховад үйлчилдэг, амьдралын баялаг туршлагатай, өдий болтол өөрийг нь хайрлан халамжилж ирсэн эцэг эх нь сайн зөвлөгч байж чадна гэдгийг ухаарах учиртай. Тиймээс ухаантай хүүхэд шилжилтийн насандаа эцэг эхээсээ нүүр буруулахгүй.

6. Хүүхэд нь ярилцах гэхэд ухаалаг, халамжтай эцэг эх яадаг вэ?

6 Нөгөөтээгүүр, хүүхдээ ярих гэхэд эцэг эх нь цаг зав гаргахыг туйлын их хичээх хэрэгтэй. Та хүүхэдтэй бол халгаж дөлөхөөргүй хүн байхыг хичээгээрэй. Ингэх нь амаргүй байж болох юм. Библид бичсэнээр, «дуугүй байх хийгээд ярих цаг» гэж байдаг (Номлогчийн үгс 3:7). Өсвөр насны хүүхэд тань ярих гэвэл таны хувьд ярих биш, сонсох цаг байж мэдэх юм. Та бие дааж судлах, амрах, гэр орны ажил гэх мэтийг амжуулах төлөвлөгөөтэй байжээ гэж бод⁠ъё. Гэхдээ л хүүхэд тань ярилцах гэвэл төлөвлөсөн ажлаа, болж өгвөл, хойшлуулаад яриаг нь сонсоорой. Эс бөгөөс хойшид ярилцахаа больж мэднэ. Есүсийн жишээг санацгаая. Нэгэн удаа Есүсийг амрах гэж байтал сургаалыг нь сонсохоор олон хүн ирэхэд амрахаа азнаад сургаалаа айлддаг (Марк 6:30–34). Ер нь хүүхэд эцэг эхийнхээ завгүй явдгийг ойлгодог ч хэрэг болсон цагт эцэг эх нь тусалж дэмжинэ гэдэгт эргэлздэггүй байх учиртай. Тиймээс та хүүхдээ ойлгодог, халгаж цэрвэхээргүй хүн байгаарай.

7. Эцэг эхчүүд юунаас болгоомжлох хэрэгтэй вэ?

7 Та өөрөө ямар хүүхэд байснаа санаж, зарим зүйлийг тоглоом шоглоом болгон өнгөрөөж байгаарай. Үр хүүхдээ эцэг эх хүн тээршээх учиргүй. Зав чөлөө гарахлаар та юу хийдэг вэ? Ер нь чөлөөт цагаа гэрийнхэнтэйгээ өнгөрөөдөггүй бол шилжилтийн насны хүүхэд үүнийг дор нь олж харна. Эцэг эхээс нь илүү сургуулийнх нь хүүхдүүд өөрийг нь үнэлж хүндэтгэдэг гэж боддог болбол аюултай.

ЮУН ТУХАЙ ЯРИЛЦАХ ВЭ?

8. Үнэнч шударга, ажилсаг, ёс журамтай байхын чухлыг яаж ойлгуулах вэ?

8 Үнэнч шударга, ажилсаг байхын чухлыг багад нь ойлгуулж амжаагүй бол өсвөр насанд нь ойлгуулахыг хамаг чадлаараа хичээгээрэй (1 Тесалоник 4:11; 2 Тесалоник 3:10). Мөн ёс суртахууны хэм хэмжээ баримталж, цэвэр ариун амьдрахын чухлыг сайтар ойлгуулах шаардлагатай (Сургаалт үгс 20:11). Эдгээр асуудалд эцэг эхийн үлгэр жишээ их чухал. Бурханд итгэдэггүй нөхрүүд «эхнэрүүдийнхээ үггүйгээр, биеэ авч явах байдлаар аврагддагийн» адил өсвөр насныхан эцэг эхийнхээ үлгэр жишээгээр зөв зарчимд суралцдаг (1 Петр 3:1). Гэхдээ эцэг эх сайн жишээ үзүүлээд зогсохгүй үзэж харах зүйлийн тухайд ямар бодолтой явдгийг нь мэдэхийн тулд хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцах шаардлагатай. Учир нь хүүхдийн үзэл бодлыг гажуудуулж болзошгүй суртал ухуулга, муу жишээ өнөөгийн нийгэмд хаа сайгүй байдаг (Сургаалт үгс 20:5).

9, 10. Хүүхдэд бэлгийн боловсрол олгох нь яагаад чухал бэ? Яаж ярилцах вэ?

9 Ялангуяа, бэлгийн боловсрол олгох нь онцгой чухал юм. Эцэг эхчүүд ээ, та бүхэн энэ сэдвээр хүүхэдтэйгээ ярихаас зовдог уу? Зовдог байлаа ч, ярилцах хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхэд тань энэ талаар хэн нэгнээс сонсож л таарна. Та өөрөө хэлэхгүй бол хэнээс юу ч сонсох юм билээ! Библийг үзвэл Ехова энэ сэдвийг хөндөлгүй орхиогүй. Тиймд эцэг эхчүүд ч ичиж зовох учиргүй (Сургаалт үгс 4:1–4; 5:1–21).

10 Бэлгийн амьдралд баримтлах ёстой хэм хэмжээг Библид тодорхой заасан байдаг нь сайн хэрэг. Уг заавар орчин үед ч ач тустайг ойлгуулдаг мэдээлэл Еховагийн Гэрчүүдийн хэвлэлд бий. Үүнийг уншиж судалж болохгүй нь юу билээ? Тухайлбал, «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны 11-р сарын 1-ний дугаарын 3–10-р хуудасны өгүүллийг хүүхэдтэйгээ ярилцаж болно.a Их сайн үр дүнд хүрч болох юм.

11. Еховад үйлчлэхийг хүүхдэдээ заах хамгийн үр дүнтэй арга юу вэ?

11 Хүүхэдтэйгээ ярих ёстой хамгийн чухал сэдэв юу вэ? Хүүхдийг «Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» гэж элч Паул бичсэн (Ефес 6:4). Хүүхдэд Еховагийн талаар тасралтгүй заах хэрэгтэй. Хамгийн гол нь, хүүхэд Еховаг хайрлаж сурах, мөн Еховад чин сэтгэлээсээ үйлчлэх хүсэлтэй болох учиртай. Үүнд ч гэсэн эцэг эхийн үлгэр жишээ их ач холбогдолтой. Эцэг эх нь Бурхныг «бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа» хайрлаж, жаргалтай амьдардаг бол хүүхэд жишээг нь дууриах хүсэлтэй болох биз ээ (Матай 22:37). Бас тэднийхээ нэ⁠гэн адил материаллаг зүйлд дүн нуруутай ханддаг, Бурх⁠ны Хаанчлалыг эн тэргүүнд тавьдаг хүн болж болох юм (Номлогчийн үгс 7:12; Матай 6:31–33).

69-р хуудасны зураг

Гэр бүлээрээ Библийг тогтмол судлах нь амин чухал

12, 13. Гэр бүлийн хичээлийг үр дүнтэй хийе гэвэл яах хэрэгтэй вэ?

12 Долоо хоног бүр гэр бүлээрээ Библийн хичээл хийх нь хүүхдэд сүнслэг зүйлийн үнэ цэнийг ойлгуулахад их тустай (Дуулал 119:33, 34; Сургаалт үгс 4:20–23). Тогтмол хийх нь амин чухал (Дуулал 1:1–3). Гэр бүлийн хичээлийг эн тэргүүнд тавьж, бусад ажлыг үүнтэй зохицуулж төлөвлөх ёстой болохоос, завсар чөлөөгөөр нь хийх ёсгүй гэдгийг эцэг эхчүүд ч, хүүхдүүд ч ойлгох учиртай. Түүнээс гадна, хичээлийг хүн бүр үнэлж эрхэмлэдэг бол хичээл үр дүнтэй байдаг. Нэг аав: «Гэр бүлийн хичээлийг амжилттай хийхийн нууц нь албархаг шинжгүй боловч хүндэтгэлтэй хандах, чөлөөтэй боловч эмх журамтай байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ нь тийм ч амар биш ээ. Хүүхэд гэр бүлийн хичээлд дандаа дуртай байдаггүй болохлоор зөв хандлагатай болоход нь туслах хэрэг гардаг. Хичээлээ нэг удаа, хоёр удаа сайн хийж чадсангүй гэж бодъё. Тэглээ ч туйлбартай байж, дараагийн хичээлээ сайн хийдэг юм шүү гэж бодох хэрэгтэй» хэмээн ярьжээ. Энэ хүн хичээл бүрийн өмнө Еховад залбирч, зөв үзлээр хандахад туслахыг гуйдаг ажээ (Дуулал 119:66).

13 Гэр бүлийн хичээл хийх нь христиан эцэг эхийн үүрэг юм. Эцэг эх бүр чадварлаг багш биш л дээ. Хичээлийг сонирхолтой явуулах амаргүй байж мэднэ. Гэхдээ эцэг эхчүүд үр хүүхдээ «ажил үйлс, үнэнээр хайрладаг» бол сүнслэгээр өсөхөд нь туслахыг хичээнэ, бас хэр чадлаа мэдээд даруу байна (1 Иохан 3:18). Санаанд нь хүрэхгүй юм байдгийг хүүхдүүд хэлэх л байх. Гэхдээ сайн сайхных нь төлөө явдгийг тань ойлгох биз ээ.

14. Дэд хууль 11:18, 19-ийн зөвлөгөөг эцэг эхчүүд яавал ажил хэрэг болгох вэ?

14 Бурхантай тогтоосон харьцаанд нь нөлөөлөх чухал асуудлыг гэр бүлийн хичээл хийхдээ л ярина гэсэн үг биш ээ. Ехова эцэг эхчүүдэд юу гэж тушаасныг та санаж байна уу? «Та нар миний энэ үгсийг зүрхэндээ, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүдний хоорондох сахиус мэт байлга. Та нар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай» гэсэн билээ (Дэд хууль 11:18, 19; бас Дэд хууль 6:6, 7-г үзнэ үү.) Энэ нь хүүхдэдээ цаг үргэлж сургаал айлдана гэсэн үг биш ээ. Гэхдээ үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй өрхийн тэргүүн гэр бүлийнхнээ сүнслэг үзэлтэй болгох боломж бүрийг алдалгүй ашигладаг байх ёстой.

САХИЛГАЖУУЛАХ БА ХҮНДЭТГЭХ

15, 16. а) Сахилгажуулах гэж яахыг хэлдэг вэ? б) Хэн сахилгажуулах үүрэгтэй вэ? Хэн үг сургамжийг авах ёстой вэ?

15 Хүүхдэд алдаа дутагдлыг нь ухааруулахыг сахилгажуулах гэдэг. Ухааруулахын тулд ярилцах хэрэгтэй. Сахилгажуулах гэхлээр юуны түрүүнд шийтгэх тухай бодогдож болох ч уг нь сургаж хүмүүжүүлэх гэсэн үг шүү дээ. Хүүхдийг багад нь сахилгажуулах хэрэгтэй байдаг. Шилжилтийн насны хүүхдийг сахилгажуулахдаа тодорхой аргыг түлхүү хэрэглэх шаардлага гарч мэднэ. Ухаантай хүүхэд үүнийг ойлгодог.

16 Библид: «Мунхаг хүн эцгийнхээ сургамжийг эс тоомсорлодог. Харин зэмлэлийг хүлээн авдаг нь хэрсүү хүн мөн» гэж байдаг (Сургаалт үгс 15:5). Энэ зүйлээс ихийг мэдэж болно. Хүүхдийг зэмлэх хэрэг гардаг. Эцэг эх нь сургамжлахгүй бол хүүхэд юуг «хүлээн авах» билээ? Ехова үр хүүхдээ сахилгажуулах үүргийг эцэг эхэд, ялангуяа, эцэг хүнд оноосон. Харин хүүхэд үг сургамжийг сонсох үүрэгтэй. Эцэг эхийнхээ мэргэн зөвлөгөөг авдаг бол ухаан сууж, бага алдана (Сургаалт үгс 1:8). «Сахилгыг үл ойшоогчийн дээр ядуурал ба гутамшиг ирнэ. Харин зэмлэлийг ойшоогч хүн нэр хүндтэй болно» гэж Библид бичсэн байдаг (Сургаалт үгс 13:18).

17. Эцэг эх хүүхдээ хэрхэн сахилгажуулах вэ?

17 Өсвөр насны хүүхдийг сахилгажуулахдаа дүн нуруутай байх хэрэгтэй. Хүүхдийнхээ уур уцаарыг хүргэхээр хахир хатуу байж болохгүй. Хүүхэд өөртөө итгэлгүй болж мэднэ (Колоссай 3:21). Нөгөө та⁠лаар, хүүхдийг хэтэрхий дураар нь тавьж болохгүй. Дураар нь тавивал хүмүүжилгүй хүн болох аюултай. Сургаалт үгс 29:17-д «Хүүгээ сахилгажуул. Тэгвээс хүү чинь чамд тайвшралыг өгөх агаад сэтгэлийг чинь баярлуулах болно» гэж байдаг. Харин 21-р зүйлд «Хэрэв хүн зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол эцэст нь тэр түүний хүү болчих вий» гэж байдаг. Энэ зүйлд зарцын тухай гарч байгаа боловч хүүхэд хүмүүжүүлэхэд ч мөн хамаатай.

18. Сахилгажуулах нь юуны илрэл бэ? Тууштай сахилгажуулахын ач тус нь юу вэ?

18 Хүүхдийг зохистой сахилгажуулна гэдэг хайрладгийн илрэл юм (Еврей 12:6, 11). Хэрэв та хүүхэдтэй бол ухаалгаар, тууштай сахилгажуулах хэчнээн амаргүй байдгийг мэддэг байж таарна. Амрыг нь бодоод зөрүүд хүүхдийг хүссэнээр нь байлгамаар санагдаж болох юм. Ингэвэл, эцэстээ дуулгаваргүй хүүхэдтэй байхын горыг амсана (Сургаалт үгс 29:15; Галат 6:9).

АЖИЛ ХӨДӨЛМӨР БА ТОГЛООМ НААДАМ

19, 20. Амралт, чөлөөт цагийн асуудлаар хүүхдээ сургахдаа эцэг эхчүүд хэрхэн ухаалаг байх вэ?

19 Урьд нь хүүхдүүд гэртээ байж, тус нэмэр болох нь их байсан бол орчин үед чөлөөт цагаа эцэг эхийн хараа хяналтаас гадуур өнгөрөөх нь их болжээ. Зав чөлөө ихтэй хүүхдийг зугаацуулах бүх төрлийн зүйл элбэг дэлбэг байна. Үүний зэрэгцээ өнөөгийн нийгэм ёс суртахууны асуудлаарх Библийн хэм хэмжээг үл тоомсорлодог болсон нь бүр их аюул учруулахаар байна.

20 Тиймээс ухаалаг эцэг эхчүүд зарим тохиолдолд хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргаж, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөхийг зааж зөвлөдөг. Гэхдээ хүүхдийнхээ өсөж өндийж явааг битгий мартаарай. Жил ирэх тутам хүүхэд өөртэй нь том хүнтэй харьцдаг шиг харьцаасай гэж хүснэ. Өсөж томрон, сүнслэгээр төлөвшихийн хэрээр амралт, чөлөөт цагаараа хийх юмаа зөв сонгож сурдаг. Тэгвэл илүү эрх чөлөө эдлүүлэх нь ухаалаг хэрэг. Заримдаа дуу хөгжим, найз нөхөд гэх мэтийг буруу сонгож мэднэ. Энэ үед эцэг эх нь хэлж зөвлөвөл хүүхэд зөвийг нь сонгож сурна.

21. Амарч зугаацахад хэчнээн цаг зарцуулж байгааг анхаарах нь хүүхдийг хамгаалдаг гэхийн учир юу вэ?

21 Тэгвэл амралт, чөлөөт цаг хэчнээн хэмжээтэй байх ёстой вэ? Зарим орны өсвөр насныхан өөрсдийгөө үргэлж тоглож наадаж, зугаацах ёстой гэж санадаг. Тэгээд ч тэр үү, хамаг цагаа зугаацаж цэнгэхэд зориулдаг байж болох юм. Гэхдээ гэр бүлийн хичээл, бие дааж судлах, сүнслэгээр төлөвшсөн хүмүүстэй нөхөрлөх, цуглаанд явах, гэрийн ажил хийх гэх мэтэд бас цаг гаргах учиртайг эцэг эхчүүд ойлгуулах ёстой. Ингэвэл хүүхэд «амьдралын тааламжид» автан Бурхны Үгэнд тоомжиргүй хандахгүй (Лук 8:11–15).

22. Өсвөр насанд тоглож наадах нь зүйн хэрэг боловч юу сурах ёстой вэ?

22 «Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн. Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу» гэж Соломон хаан хэлжээ (Номлогчийн үгс 3:12, 13). Тийм ээ, хүний амьдралд зугаацаж цэнгэх ч үе бий, ажиллаж хөдөлмөрлөх ч үе бий. Ажлын амтыг мэдэрсэн юм уу хэцүү асуудлыг зөв шийдээд өөрийгөө хүндэтгэдэг болсон өсвөр насны хүүхэд өнөөдөр цөөн байна. Хойшид амьдралаа авч явахад хэрэгтэй ур чадвар эзэмших, ажил хийж сурах боломж зарим хүүхдэд олддоггүй. Тийм боломж бүрдүүлэх нь эцэг эхэд ч амаргүй байдаг. Та хүүхдэдээ тийм боломж олгох уу? Үр хүүхдээ хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгодог, ажилч хичээнгүй хүн болговол хүүхэд зөв үзэлтэй болж, насан туршдаа ач тусыг нь хүртэнэ.

НАСАНД ХҮРЭХЭД НЬ

70-р хуудасны зураг

Өсвөр насны хүүхдэд анхаарал тавих нь

23. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдээ хэрхэн урамшуулан зоригжуулах вэ?

23 Өсвөр насны хүүхэд тань болж бүтэхгүй байлаа ч «хайр хэзээ ч дуусдаггүй» гэдгийг санаж яваарай (1 Коринт 13:8). Хайр нь дотроо, хал нь гаднаа байх ёстой гэж битгий бодоорой. «Бэрхшээлийг давах юм уу асуудалд ухаалаг хандах бүрд нь би хүүхэд нэг бүрээ магтдаг бил үү? Хүүхдүүдээ хайрлаж эрхэмлэдгээ боломж алдалгүй үг яриа, үйл хэргээрээ илэрхийлдэг бил үү?» гэж бодож үзээрэй. Хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй үе гарахад ч хайртайгаа батлан харуулдаг бол хайрыг тань хайраар хариулах биз ээ.

24. Хүүхэд хүмүүжүүлэхэд хамаатай Библийн ямар зарчим байдаг вэ? Эцэг эхчүүд юу санаж явах хэрэгтэй вэ?

24 Хүүхэд өсөж томрон насанд хүрэхлээрээ чухал чухал шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэр нь эцэг эхэд нь таалагдахгүй ч байж мэднэ. Хэрэв хүүхэд Ехова Бурханд үйлчлэхээ болихоор шийдвэл яах вэ? Ингэхгүй гэхийн баталгаа байхгүй. Тэр байтугай, Еховагийн сүнсэн хөвгүүдийн зарим нь үгийг нь үл ойшоон, тэрсэлсэн билээ (Эхлэл 6:2; Иуда 6). Хүүхэд бол хүссэнээрээ ажиллуулж болдог компьютер биш ээ. Хүүхэд ч гэсэн сонгох эрх чөлөөтэй, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг Еховагийн өмнө хүлээх учиртай бүтээл билээ. Гэхдээ Сургаалт үгс 22:6-д «Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй» хэмээсэн хувиршгүй зарчим бий.

25. Үр хүүхэд гэдэг бэлэг өгсөн Еховад талархдагаа илэрхийлэх хамгийн сайн арга юу вэ?

25 Тиймээс хүүхдээ хайраар бүү дутаагаарай. Библийн зарчмын дагуу хүмүүжүүлэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй. Бурхны таалалд нийцүүлж амьдран үлгэр дууриал болоорой. Ингэвэл хүүхдийг Бурхнаас эмээдэг, хариуцлагатай хүн болгон хүмүүжүүлэх хамгийн сайн нөхцөл бүрдэнэ. Бас үр хүүхэд гэдэг бэлэг өгсөн Еховад чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байгаа хэрэг юм.

a  «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» номын 1, 2-р дэвтрээс энэ сэдэвт хамаатай бүлгүүдийг үзэж болно (англи).

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХЭД БИБЛИЙН ДАРААХ ЗАРЧИМ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Илэн далангүй ярилцах хэрэгтэй (Сургаалт үгс 15:22).

Бурхны Үгийг тогтмол судлах хэрэгтэй (Дуулал 1:1, 2).

Хэрсүү хүн сургамжийг хүлээж авдаг (Сургаалт үгс 15:5).

Зугаацах ч үе бий, хөдөлмөрлөх ч үе бий (Номлогчийн үгс 3:12, 13).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах