БҮЛЭГ НАЙМ
Гэр бүлээ муу нөлөөнөөс хамгаалах нь
1–3. а) Хүүхдэд юу муугаар нөлөөлдөг вэ? б) Үр хүүхдээ хамгаалъя гэвэл ямар асуудлаар дүн нуруутай байх хэрэгтэй вэ?
ХҮҮХЭД тань хичээлдээ явах гэж байдаг. Гэтэл аадар бороо хувингаар цутгах мэт орж байх юм. Цув ч үгүй, шүхэр ч үгүй гаргаад явуулах уу? Эсвэл хөдөлж чадахааргүй болтол нь олон хувцас давхарлаад өмсгөх үү? Аль нь ч зөв биш байх. Хэрэгтэй юмыг нь л өгнө.
2 Үүнтэй адилаар, хүүхдэд нөлөөлөх муу юм олон эх булгаас аадар орохтой адил цутгаж байгаа учир ухаалаг байж хүүхдээ хамгаалах хэрэг гарч байна. Үзэж харж, уншиж сонсдог юм нь ч, үе тэнгийнхэн нь ч муугаар нөлөөлөх нь их болжээ. Муугаар нөлөөлөх юм сургууль соёлын газар нь ч хааяа гардаг. Зарим эцэг эх хүүхдээ хамгаалах тухай бараг боддоггүй байхад огт хамгаалдаггүй нь ч бий. Зарим нь бараг бүх юмыг хүүхдэд муу нөлөөтэй гэж бодоод хэтэрхий хатуу чанд байдаг учир хүүхэд нь хааж боолоо гэж үздэг. Тэгвэл голыг нь олох арга байна уу?
3 Байлгүй яах вэ. Аливаа юмны нэг талыг барин туйлшрах нь ямар ч ашиггүй, харин ч аюултай (Номлогчийн үгс 7:16, 17). Христиан эцэг эх үр хүүхдээ хамгаалъя гэвэл боловсрол, найз нөхөд, амралт чөлөөт цагийн асуудлаар яаж дүн нуруутай байх вэ?
ТАНАЙ ХҮҮХДИЙГ ХЭН СУРГАХ ВЭ?
4. Христиан эцэг эх боловсролыг хэрхэн үзэх нь зүйтэй вэ?
4 Сургуульд сурахын ач тусыг христиан эцэг эх үнэлдэг. Хүүхэд сургуульд ороод уншиж, бичиж, хүнтэй харьцаж сурдаг, бэрхшээлийг давах чадвар, сурах арга барил эзэмшдэг. Сургуулиас олж авдаг чадвар амьдралд хэрэгтэй. Түүнчлэн, сайн сурах нь эрхэм чухал ажил хийхэд хэрэг болж мэднэ (Сургаалт үгс 22:29).
5, 6. Хүүхдүүд бэлгийн амьдралын талаар буруу ойлголтыг сургууль дээр хэнээс авдаг вэ?
5 Гэхдээ сургууль дээр өөр өөр үзэл бодолтой хүүхдүүд нэг дор сурдаг. Тэдний олонх нь буруу үзэл бодолтой байдаг. Хүүхдүүд бэлгийн амьдрал болон ёс суртахууны асуудлаар ямар ойлголттой явдгийг жишээгээр авч үзье. Нигерийн нэг дунд сургуульд сурдаг, ёс журамгүй явдалтай охин бусдадаа сексийн талаар зөвлөгөө өгдөг, порно хэвлэлээс олж мэдсэн юмаа ярьдаг байжээ. Хүүхдүүд ч шимтэн сонсдог, зарим охин бүр туршиж үзсэн аж. Үүний балгаар нэг охин гэрлээ ч үгүй байж жирэмсэлж, ураг зулбуулах гэж оролдоод амиа алдсан байна.
6 Хүүхдүүд заримдаа багш нарын буруугаас бэлгийн амьдралын талаар ташаа ойлголттой болдог нь тоогүй. Ёс суртахууны хэм хэмжээ сахих, хариуцлага хүлээх талаар заадаггүй хэр нь бэлгийн харьцааны талаар заадаг нь олон эцэг эхийн сэтгэлийг түгшээдэг. 12 настай охинтой нэг эх: «Манай эндхийн хүмүүс их сүсэгтэй, хуучинсаг үзэлтэй л дээ. Гэхдээ сургууль дээр ахлах ангийнханд бэлгэвч тараадаг гээд бод доо!» гэж хэлжээ. Үеийнх нь хөвгүүд охинтой нь бэлгийн харьцаанд оръё гэж байсныг мэдээд эцэг эхийнх нь сэтгэл их зовжээ. Иймэрхүү аюулаас үр хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?
7. Хүүхдийг бэлгийн амьдралын талаар буруу ойлголттой болохоос хамгаалах хамгийн сайн арга юу вэ?
7 Хүүхдэд бэлгийн боловсрол огт олгохгүй байх нь хамгаалж байгаа хэрэг үү? Үгүй ээ. Эцэг эх зааж ойлгуулах нь зүйтэй (Сургаалт үгс 5:1). Олон оронд эцэг эхчүүд энэ сэдвээр хүүхэдтэйгээ ярихаас цэрвэдэг. Сьерра-Леонед амьдардаг нэг эцэг: «Хүүхдэдээ ийм юм ярина гэдэг ойлголт манай африкчуудад байдаггүй юм» гэж хэлсэн байна. Бэлгийн амьдралын талаар ярих нь ёс журамгүй юм хийхийг заасан хэрэг болно гэж зарим эцэг эх үздэг. Тэгвэл Бурхан ямар үзэл бодолтой вэ?
БЭЛГИЙН АМЬДРАЛЫН ТАЛААРХ БУРХНЫ ҮЗЭЛ
8, 9. Бэлгийн харьцааны талаар Библид юу гэж байдаг вэ?
8 Библийг үзвэл, бэлгийн амьдралын талаар нууж хаалгүй ярьж, зөв ойлгуулах хэрэгтэй нь тодорхой байна. Израильчууд буюу Бурхны ард түмэн «хүүхэд багачуудтайгаа» цуглаж, Мосегийн хуулийг сонсох тушаалтай байв (Дэд хууль 31:10–12; Иошуа 8:35). Хуульд садар самуун явдалд орооцолдох, завхайрах, ижил хүйстэнтэйгээ явалдах, цус ойртох, малтай хурьцахыг хориглосны зэрэгцээ сарын тэмдэг, үрийн шингэн гэх мэтийн нарийн ширийн зүйлийг дурджээ (Левит 15:16, 19; 18:6, 22, 23; Дэд хууль 22:22). Эдгээрийг хүүхэд сонирхож асуухад эцэг эх хэлж тайлбарладаг байсан нь лавтай.
9 «Сургаалт үгс» номын 5, 6, 7-р бүлэгт садар самуун явдлын аюулаас сэрэмжлүүлсэн, эцэг эхээс өгсөн гэмээр зөвлөгөө байдаг. Ёс журамгүй явдал заримдаа хорхой хүргэм байдгийг эдгээр зүйлд тэмдэглэжээ (Сургаалт үгс 5:3; 6:24, 25; 7:14–21). Гэхдээ энэ нь буруу бөгөөд гашуун зовлонд унагадгийг хэлснээс гадна хэрхэн зайлсхийхийг зөвлөжээ (Сургаалт үгс 5:1–14, 21–23; 6:27–35; 7:22–27). Түүнчлэн, садар явдалтай хүний эдэлдэг таашаал нь гэрлэсэн буюу бэлгийн харьцаанд орох эрхтэй хүмүүсийн эдэлдэг таашаалаас ялгаатайг тайлбарладаг (Сургаалт үгс 5:15–20). Ехова эцэг эхчүүдэд ямар сайхан жишээ үзүүлээ вэ!
10. Бэлгийн амьдралын талаар Библид үндэслэн зөв ойлгуулах нь садар самуун явахад хүргэсэн хэрэг болох уу? Тайлбарлана уу.
10 Хүүхдэд ийм мэдлэг олговол садар самуун явахад хүргэсэн хэрэг болох уу? Үгүй ээ, харин ч «зөв шударга хүн мэдлэгээр аврагдана» гэж Библид байдаг (Сургаалт үгс 11:9). Та үр хүүхдээ энэ ертөнцийн муу нөлөөнд бүү автаасай гэж боддог биз дээ? Нэг эцэг: «Бид хүүхдүүддээ багаас нь бэлгийн амьдралын талаар илэн далангүй ярихыг хичээдэг байсан. Иймээс манай хүүхдүүд мэддэг юмыг нь бусад хүүхэд ярихад нууц юм ярьж байна гэж бодон сонирхоод байдаггүй» гэж ярьсан юм.
11. Хүүхдэд бэлгийн боловсролыг хэрхэн олгох вэ?
11 Хүүхдэд багаас нь бэлгийн боловсрол олгохын чухлыг өмнөх бүлгүүдэд тэмдэглэсэн. Тухайлбал, биеийн эрхтнүүдийг нэрлэж, хаана байдгийг зааж өгөхдөө ичиж зовоод бэлгэ эрхтнийг дурдалгүй өнгөрч болохгүй. Ёс зүйн хэм хэмжээг насанд нь тохируулж ойлгуулах шаардлагатай. Бэлгэ эрхтэн бол хүнд үзүүлэх юм уу гар хүргүүлж болохгүй эмзэг нандин эрхтэн гэдгийг ойлгуулахын зэрэгцээ тоглоом шоглоом болгох юм уу муугаар ярих ёсгүйг, болж өгвөл, эцэг эхийн хэн хэн нь заах хэрэгтэй. Бас том болохлоор нь эмэгтэй хүн яаж жирэмсэн болдгийг тайлбарлах нь зүйтэй. Бэлгийн бойжилт эхлэхээс өмнө, биед нь ямар өөрчлөлт гарахыг зөв ойлгуулсан байх учиртай. Хүүхдээ ингэж сургавал, 5-р бүлэгт ярилцсанаар, бэлгийн хүчирхийллээс хамгаална (Сургаалт үгс 2:10–14).
ЭЦЭГ ЭХИЙН ГЭРИЙН ДААЛГАВАР
12. Сургуульд ямар үзэл баримтлал заадаг вэ?
12 Хүүхэд хувьслын онол, үндсэрхэх үзэл, туйлын үнэн гэж байдаггүй гэх мэтийн ертөнцийн мэргэн ухааныг хичээлээрээ үзлээ гэхэд эдгээр үзэл баримтлалын мөн чанарыг тайлбарлахад эцэг эх бэлэн байх хэрэгтэй (1 Коринт 3:19; Эхлэл 1:27; Левит 26:1; Иохан 4:24; 17:17-той харьцуулна уу). Олон багш сайхан сэтгэл өвөрлөсөндөө дээд боловсрол эзэмшихийг уриалдаг. Дээд боловсрол эзэмших эсэхээ хүн өөрөө шийдэх эрхтэй. Зарим багш дээд боловсрол эзэмшихийг амжилтад хүрэх цорын ганц зам гэж үздэгa (Дуулал 146:3–6).
13. Сургуульд сурдаг хүүхдээ буруу үзэлд автахаас хэрхэн сэргийлэх вэ?
13 Хүүхдээ буруу үзэлд автахаас сэргийлье гэвэл юу заалгадгийг нь сайн мэдэх хэрэгтэй. Тиймээс эцэг эхчүүд ээ, та бүхэн ч гэсэн гэрийн даалгавартайгаа бүү мартаарай! Хичээл номыг нь анхаарч сонирхож байгаарай. Хичээлээ тараад ирэхлээр нь юу үзсэн, ямар хичээл сонирхолтой, ямар хичээл хэцүү байдгийг асууж байгаарай. Гэрийн даалгавар, бичиж тэмдэглэснийг нь үзэж, ямар дүн авсныг нь мэддэг байгаарай. Багш нартай нь танилцаж, ажил хөдөлмөрийг нь үнэлдгээ, чадахаараа туслахад бэлэн гэдгээ хэлээрэй.
ТАНАЙ ХҮҮХДИЙН НАЙЗ НӨХӨД
14. Бурхнаас эмээдэг хүүхэд сайн найзтай байх нь яагаад чухал бэ?
14 Хүүхдээ хэлмээргүй үг хэлж, хиймээргүй үйлдэл хийхэд нь айж гайхсан эцэг эх: «Хэн чамд зааж өгсөн юм бэ?» гэж асуудаг. Хүүхэд ч ихэнхдээ сургуулийнхаа юм уу хөрш зэргэлдээ амьдардаг шинэ найзыгаа хэлдэг. Тийм ээ, хөгшин залуу гэлгүй бүх хүнд найз нөхөд нь их нөлөөлдөг. Элч Паул: «Бүү мэхлэгд. Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» гэж сэрэмжлүүлсэн (1 Коринт 15:33; Сургаалт үгс 13:20). Ялангуяа, хүүхэд залуус үе тэнгийнхнийхээ дарамт шахалтад амархан автдаг. Ер нь, хүүхэд өөртөө итгэлгүй байдаг. Найз нөхдөдөө таалагдах юмсан, анхаарлыг нь татахсан гэсэн хүсэлд автах нь бий. Тэгэхлээр, сайн найз нөхөдтэй байх нь хүүхдэд их чухал.
15. Найз нөхдөө сонгоход нь хүүхдэд хэрхэн туслах вэ?
15 Хүүхэд найз нөхрөө тэр бүр зөв сонгож чаддаггүйг хүүхэдтэй хүн болгон мэддэг. Тиймээс зааж зөвлөх хэрэгтэй. Энэ нь найз нөхдийг нь сонгож өгнө гэсэн үг биш ээ. Харин өсөж томрохынх нь хэрээр хэрсүүжихэд нь тусалж, ямар хүнтэй нөхөрлөхийг ойлгуулна гэсэн үг. Найз нөхөр нь гол нь, Еховад хайртай, Еховагийн зөв гэж үздэгийг хийх чин хүсэлтэй хүн байх учиртай (Марк 12:28–30). Үнэнч, сайхан сэтгэлтэй, өгөөмөр, ажилч хичээнгүй хүнийг хайрлаж, хүндэтгэж байхыг заагаарай. Гэр бүлээрээ Библийн хичээл хийхдээ Библийн баатрууд эдгээр зан чанарыг хэрхэн илэрхийлснийг ухаарч ойлгоход нь, бас хурлынхныхаа дундаас тийм зан чанартай хүнийг олж танихад нь туслаарай. Та өөрөө ч энэ зарчмыг баримтлан найз нөхдөө сонгож үлгэр дууриал үзүүлээрэй.
16. Хүүхэд тань хэнтэй нөхөрлөдгийг яаж мэдэж болох вэ?
16 Та хүүхдээ хэнтэй найзалдгийг мэдэх үү? Найзуудыг нь гэртээ уриад танилцаж болно шүү дээ. Бас найзуудынх нь талаар бусад хүүхэд ямар бодолтой явдгийг, жишээлбэл, «Үнэнч хүүхэд гэдэг үү, хоёр нүүр гаргадаг гэдэг үү?» гэх мэтээр асууж болох юм. Хэрэв хоёр нүүр гаргадаг хүүхэдтэй найзалдаг бол ямар аюултайг ойлгуулаарай (Дуулал 26:4, 5, 9–12). Хүүхдийн тань биеэ авч явах байдал, үзэл бодол, хувцаслалт, үг яриа өөрчлөгдөж эхэлбэл найзуудынх нь талаар ярилцах хэрэгтэй байх. Нөхөрлөж байгаа хүүхдийнхээ нөлөөнд автаж байж мэднэ (Эхлэл 34:1, 2-той харьцуулна уу).
17, 18. Муу нөхрөөс хол явахыг захиж сургахаас гадна өөр яаж туслах вэ?
17 Муу нөхрөөс хол явахыг захиж сургаад зогсохгүй сайн найзтай болоход нь туслах хэрэгтэй. Нэг аав: «Хүүхдээ юм юмаар дутаахгүй байхыг хичээдэг. Нэг удаа сургуулийнх нь хөл бөмбөгийн баг хүүг маань авъя гэсэн юм. Эхнэр бид хоёр, хүүтэйгээ ярилцаж ийм хамт олны дунд орвол сайн юм болохгүйг ойлгуулсан. Тэгээд оронд нь хурлынхаа хэдэн хүүхдийг уриад хөл бөмбөг тоглуулахаар болсон. Ингээд л асуудлыг шийдсэн дээ» гэж ярьсан юм.
18 Ухаалаг эцэг эх хүүхдээ сайн найзтай болоход нь, мөн найз нөхөдтэйгээ амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь тусалдаг. Гэхдээ ингэх нь олон эцэг эхийн хувьд амар байдаггүй.
ХЭРХЭН ЗУГААЦАХ ВЭ?
19. Зугаацаж цэнгэх нь нүгэл биш гэдгийг Библийн ямар жишээнээс ойлгож болох вэ?
19 Зугаацаж цэнгэхийг Библи буруушаадаг уу? Яалаа гэж! «Инээх цаг, ... бүжиглэх цаг» байдаг гэж Библид бичжээb (Номлогчийн үгс 3:4). Эрт цагт Бурхны ард түмэн хөгжим тоглодог, бүжиг бүждэг, тоглож нааддаг, оньсого таавар хэлдэг байсан. Есүс Христ хурим найранд, бас Матай гэгддэг Левийн урилгыг хүлээн авч «том зоогт» очиж байсан (Лук 5:29; Иохан 2:1, 2). Тэгэхлээр, Есүс зугаацаж цэнгэхийг тас хорьдог хүн байгаагүй. Инээж баясах, хөгжиж зугаацахыг нүгэл гэж битгий бодоорой!
Энэ гэр бүлийн адилаар амралт, чөлөөт цагаа зөв өнгөрөөх нь шинийг сурч, сүнслэгээр өсөхөд хүүхдэд тустай
20. Эцэг эхчүүд амралт, чөлөөт цагийн асуудалд хэрхэн хандах хэрэгтэй вэ?
20 Ехова бол «жаргалтай Бурхан» билээ (1 Тимот 1:11, ШЕ). Тиймээс Еховаг шүтдэг хүн жаргалтай амьдардаг болохоос биш уйтгарлан гуниглаж явдаггүй (Дэд хууль 16:15-тай харьцуулна уу). Хүүхэд ядрахаа үл мэдэн тоглож наадаад баяр хөөртэй явдаг. Амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх нь зугаацаж хөгжилдөх төдий юм биш. Хүүхэд бас шинийг сурч, төлөвшдөг. Өрхийн тэргүүн гэрийнхнийхээ бүх хэрэгцээг хангах үүрэгтэй. Сэтгэл санааных нь хэрэгцээг хангаж, зугаацаж цэнгэхийг ч орхигдуулах учиргүй. Гэхдээ туйлшрах ёсгүй.
21. Зугаа цэнгэлийн цаана ямар аюул байдаг вэ?
21 «Эцсийн өдрүүдийн» энэ хэцүү цагт олон хүн «Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид» болсон нь Библийн зөгнөл биелж байгаагийн шинж юм (2 Тимот 3:1–5). Олон хүний амьдралд зугаа цэнгэл чухал байр эзлэх болжээ. Яаж л бол яаж зугаацаж болдог болсон нь илүү чухал юмыг тун амархан шахан зайлуулах аюултай байна. Түүнчлэн, эдгээрийн олонх нь садар самуун, хүчирхийлэл, мансууруулах бодис хэрэглэх гэх зэргийн хор хөнөөлтэй явдлыг дэвэргэдэг (Сургаалт үгс 3:31). Хор хөнөөлтэй юмаар зугаацаж цэнгэхээс хүүхдээ яаж хамгаалах вэ?
22. Зугаацаж цэнгэх зүйлээ ухаалаг сонгож сурахад нь хүүхдэдээ яаж туслах вэ?
22 Эцэг эхчүүд зугаацаж цэнгэх хэмжээ хязгаарыг нь тогтоох хэрэгтэй. Үүнээс гадна, сайн мууг ялгаж, хэр хэмжээг тааруулж сургах нь бүр ч чухал. Үүний тулд цаг хугацаа, хүчин чармайлт хэрэгтэй. Хоёр хүүхэдтэй нэг аавын жишээг үзье. Том хүү нь шинээр байгуулагдсан радиостанцын нэвтрүүлэг байнга сонсох болсныг тэр аав ажиглажээ. Нэг өдөр ачааны машинаар ажил руугаа явахдаа тэр радиог сонсож үзсэн аж. Машинаа үе үе зогсоож байгаад зарим дууны үгийг тэмдэглэж авчээ. Дараа нь юу сонссоноо хөвгүүдтэйгээ ярилцан үзэл бодлыг нь мэдэх зорилгоор «Та нар юу гэж бодож байна вэ?» гэж асуугаад яриаг нь тэвчээртэй сонсжээ. Библид үндэслэн ярилцахад хүүхдүүд нь тэр радиог сонсохгүй байхаар шийдсэн байна.
23. Зохисгүй юмаар зугаацахаас хүүхдээ хамгаалахын тулд эцэг эх яах хэрэгтэй вэ?
23 Ухаалаг эцэг эх хүүхэд нь ямар дуу хөгжим, зурагтын хөтөлбөр, кино, ном зохиол, видео тоглоом зэргийг шохоорхдогийг анхаардаг. Хавтас, гэрэн дээрх зураг, тайлбар, дууны үг, уг бүтээлийн талаарх сонин хэвлэлд гарсан шүүмжийг уншдаг. Мөн кино гэх мэтийг зах зухаас нь үзэж сонирхдог. Хүүхдэд зориулсан «уран бүтээлийн» зарим нь олон хүнийг цочирдуулдаг. Үр хүүхдээ муу юмнаас хамгаалахыг хүсдэг эцэг эх хүүхэдтэйгээ хамт сууж байгаад Библи болон Библид үндэслэсэн хэвлэлээс зохисгүй зугаа цэнгэлийн хор хөнөөлийн талаар ярилцдаг.c Эцэг эхчүүд тодорхой хэм хэмжээг ухаалгаар тогтоож, тууштай байвал ихэнхдээ сайн үр дүнд хүрдэг (Сургаалт үгс 24:3; Матай 5:37).
24, 25. Гэр бүлүүд амралт, чөлөөт цагаа хэрхэн зөв зохистой өнгөрөөх вэ?
24 Зохисгүй юмаар зугаацахыг хориглох нь тэмцлийн зөвхөн нэг тал юм. Хүүхдээ буруу зам руу орохоос хамгаалъя гэвэл санаачилга гаргаж амралт, чөлөөт цагаар хийж болох зохистой юмыг олох хэрэгтэй. Салхинд гарах, хөдөө явах, тоглоом тоглох, хамаатан садан юм уу найз нөхдийнхөөрөө очих гэх зэргээр амралт, чөлөөт цагаа зөв зохистой, дурсамжтай сайхан өнгөрүүлдэг христиан айл олон бий. Халуун бүлээрээ цуглаад ном сэтгүүл хамт унших нь энгийн атлаа сэтгэл тайвшруулам сайхан амралт болдог нь олон хүний туршлагаас харагддаг. Зарим нь сонирхолтой түүх ярьж хөгжилддөг. Зарим нь сийлбэр сийлэх, хөгжим тоглох, зураг зурах, Бурхны бүтээлийг судлах гэх зэргээр бүгдээрээ нэг юм сонирхдог. Хүүхэд дурлаж хийдэг юмтай болбол зохисгүй зугаа цэнгэлээс хол байдаг бөгөөд зүгээр суугаад л ямар нэг юм үзэж харахаас өөр, илүү сонирхолтой зугаацах юм байдгийг ойлгодог. Харж ажиглаж сууснаас хийж оролцох нь илүү сонирхолтой шүү дээ.
25 Найзуудтайгаа уулзах нь цагийг үр бүтээлтэй өнгөрөөх нэг арга юм. Хэтэрхий олон хүн урилгүй, удаан үргэлжлэхээргүй, хараа хяналт сайн тавьж зохион байгуулсан уулзалт хүүхдэд хөгжилдөхөөс илүү ач тус хүргэдэг. Итгэл нэгтнүүддээ илүү их хайртай болдог (Лук 14:13, 14; Иуда 12-той харьцуулна уу).
ТАНАЙ ГЭР БҮЛ ЕРТӨНЦИЙГ ЯЛЖ ЧАДНА
26. Үр хүүхдээ ертөнцийн муу юмнаас хамгаалахад юу хамгийн чухал бэ?
26 Үр хүүхдээ ертөнцийн муу юмнаас хамгаална гэдэг амаргүй. Гэхдээ амжилтад хүрэхэд нэг чухал зүйл тус болно. Энэ бол хайр юм. Бие биеэ хайрладаг, дотно сайхан ханддаг бол танайх гэдэг айл амар тайван газар байх бөгөөд бие биетэйгээ чин сэтгэлийн харьцаатай байна. Энэ нь муу нөлөөнөөс хамгаалахад ихээхэн ач холбогдолтой. Түүнээс гадна, Еховаг хайрлаж сурах нь бүр ч чухал. Гэрийнхэн нь Еховаг хайрладаг бол хүүхэд ч Еховагийн сайшаалыг алдуулах аюултай ертөнцийн муу муухай бүхнийг жигшдэг хүн болох биз ээ. Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг эцэг эх хайр халамжтай, ухаалаг, уян хатан зантай Еховаг дууриахыг хичээдэг (Ефес 5:1; Иаков 3:17). Ийм эцэг эхтэй хүүхэд Еховаг шүтэх гэдгийг ямар ч баяр баясгалангүй, боломж олдмогц зугтаж холдмоор, хатуу дүрэм журам сахих явдал гэж боддоггүй. Харин хүнд олдож болох хамгийн жаргалтай, утга учиртай амьдрах зам гэдгийг ухаардаг.
27. Яавал гэр бүлээрээ ертөнцийг ялах вэ?
27 Эв нэгдэлтэй, баяр хөөртэй, чадах чинээгээрээ үйлчлэхийг, энэ ертөнцийн муу нөлөөнд авталгүй, «толбогүй бөгөөд гэм зэмгүй» байхыг чин сэтгэлээсээ хичээдэг гэр бүлүүд Еховаг үнэхээр их баярлуулдаг (2 Петр 3:14; Сургаалт үгс 27:11). Ийм гэр бүлүүд, өөрийг нь бузарлах гэсэн Сатаны бүх оролдлогыг няцаасан Есүс Христийн мөрөөр дагадаг. Есүс хүмүүн амьдралынхаа эцэст «Би ертөнцийг ялсан» гэж итгэл төгс хэлсэн билээ (Иохан 16:33). Танай гэр бүл ч гэсэн ертөнцийг ялж, мөнх амьдрах болтугай!
a Дээд боловсролын талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2005 оны 10-р сарын 1-ний дугаарын 7–10-р хуудасны өгүүллийг үзнэ үү.
b «Инээх» гэж орчуулсан еврей үгийг хэлбэрээс нь шалтгаалан «тоглох», «инээлгэх», «баяр тэмдэглэх», «хөгжилдөх» гэх зэргээр орчуулж болдог ажээ.
c Тухайлбал, Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» ном болон «Сэрцгээ!» (англи), «Харуулын цамхаг» сэтгүүлийн өгүүллүүдийг үзэж болно.