БҮЛЭГ ЕС
Ганц бие эцэг эхчүүд гэр бүлээ сайн авч явж чадна!
1–3. Ганц бие эцэг, өрх толгойлсон эхтэй гэр бүлийн тоо юунаас болоод нэмэгдэж байна вэ? Эцэг эх, хүүхэд юу амсдаг вэ?
ГАНЦ БИЕ эцэг болон өрх толгойлсон эхтэй гэр бүл АНУ-д «хамгийн хурдан нэмэгдэж» байгаа аж. Бусад оронд ч ийм үзэгдэл ажиглагддаг. Хань ижлээсээ салах, гэр бүлээ хаяж явах, тусдаа амьдрах, бутач хүүхэд төрүүлэх гэх зэргээс болж олон сая эцэг эх, хүүхэд зовж байна.
2 Өрх толгойлсон нэгэн эх: «Би 28 настай, хоёр хүүхэдтэй, бэлэвсэн эмэгтэй. Хүүхдүүдээ ганцаараа өсгөнө гэж бодож яваагүй учир их гутардаг. Намайг гэх хүн нэг ч байдаггүй юм шиг санагддаг. Байнга уйлж унжихлаар хүүхдүүд минь шаналдаг» гэж бичжээ. Ганц бие эцэг эхийн ихэнх нь уур бухимдал, өөрийгөө буруутгах сэтгэл, ганцаардал гэх мэттэй тэмцэхийн зэрэгцээ ажил хийж, ар гэрээ авч явах гэдэг хүнд ачаа үүрдэг. Нэг эмэгтэй: «Ганц бие эцэг эхийг жонглёрчинтой зүйрлэж болохоор. Зургаан сар гүрийж байж 4 бөмбөгөөр жонглёрдож сурна. Тэгтэл хэн нэг нь бөмбөг нэмээд шидчихдэг юм» гэж ярьжээ.
3 Ганц бие эцэг эхийн хүүхэд ч зовлон үздэг. Аав ээжийнх нь нэг нь гэнэт орхиод явахлаар эсвэл нас барахад хүүхдийн сэтгэл санаа хямардаг. Олон хүүхдийн хувьд эцэг эхгүй болох шиг хэцүү юм үгүй.
4. Ехова ганц бие эцэг эхчүүд болон үр хүүхдэд нь санаа тавьдгийг хаанаас мэдэж болох вэ?
4 Библийг бичиж байх үед ч ганц бие эцэг эхчүүд байсан. «Бэлэвсэн эмэгтэй, ... өнчин хүүхдийн» талаар Библид олон удаа дурдсан байдаг (Египетээс гарсан нь 22:22; Дэд хууль 24:19–21; Иов 31:16–22). Ехова Бурхан тэдний зовлонг ойлгодог. Нэгэн дуулалч, Еховаг «эцэггүй хүний эцэг нь, бэлэвсний шүүгч нь» хэмээжээ (Дуулал 68:5). Ехова ганц бие эцэг эхчүүд болон үр хүүхдэд нь өнөөдөр ч санаа тавьдаг! Гэр бүлээ ганцаараа авч яваа эцэг эхэд тустай зарчмыг Үгээрээ хэлж өгдөг.
АР ГЭРИЙН АЖЛАА АМЖУУЛАХ НЬ
5. Ганц бие эцэг эхэд эхэндээ ямар бэрхшээл тулгардаг вэ?
5 Ар гэрээ авч явах тухай ярилцъя. Нөхрөөсөө салсан нэг эмэгтэй: «Машинд дуу орчихсон, юу нь болохоо байчихсаныг мэдэхгүй байлаа гэхэд хажууд эр хүн байдаг ч болоосой гэж бодогддог л юм» гэж илэн далангүй хэлжээ. Эхнэрээсээ салсан юм уу бэлэвсэрсэн эрчүүд гэрийн бүх ажил толгой дээр нь буухлаар нэг хэсэгтээ л учраа олдоггүй. Орон гэр нь урьдынх шиг биш болохоор хүүхдэд түгшүүртэй санагддаг.
Хүүхдүүд ээ, ганц бие эцэг эхээ дэмжээрэй
6, 7. а) «Сургаалт үгс» номд гардаг «арван хуруу тэгш эхнэрээс» юу сурч болох вэ? б) Ганц бие эцэг эх ажилсаг байх нь ямар ач холбогдолтой вэ?
6 Тэдэнд юу тус болох вэ? Сургаалт үгс 31:10–31-д дүрсэлсэн «арван хуруу тэгш эхнэрийн» жишээг үзье. Түүнд амжуулахгүй ажил гэж байсангүй. Оёж хатгана, хоол цай хийнэ, үл хөдлөх хөрөнгө авна, аж ахуй эрхэлнэ, худалдаа наймаа хийнэ. Яаж энэ бүхнийг амжуулдаг юм бол? Өглөөнөөс үдэш хүртэл хөдөлмөрлөдөг байжээ. Зарим ажлаа бусдад хариуцуулдаг, заримыг нь өөрөө гардан хийдэг сайн зохион байгуулагч аж. Энэ эмэгтэй магтаал хүлээсэн нь гайхах хэрэг биш ээ.
7 Хэрэв та ганц бие эцэг эх бол гэрийн ажилдаа хариуцлагатай хандаарай. Гэрээ сайн авч явах нь хүүхдээ сайн сайхан явуулахад тустай учир гэрийн ажлыг бүү тээршээгээрэй. Үүний тулд сайн төлөвлөж, зохион байгуулах нь чухал. «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө» гэж Библид байдаг (Сургаалт үгс 21:5). Ганц бие нэг эцэг: «Би өлсөхлөөрөө л хоол унд боддог хүн л дээ» гэж үнэнээ хэлжээ. Зориуд цаг гаргаж хийсэн хоол хам хум хийсэн хоолноос амт шимт, өнгө үзэмжээр илүү байдаг. Бас эцэг эхэд хийж сурах юм ч гарч мэднэ. Зарим эмэгтэй будаж өнгөлөх, гоожуур засах, машиндаа наад захын засвар хийх гэх мэтийг найзаараа заалгаад юм уу гарын авлага үзэж байгаад эсвэл мэргэжлийн хүмүүсээс асуугаад өөрөө хийгээд сурчихдаг.
8. Ганц бие эцэг эх хүүхдээрээ юу хийлгэж болох вэ?
8 Хүүхдээрээ туслуулах нь зөв үү? Өрх тэргүүлдэг нэг эмэгтэй: «Хүүхдээ гэсэндээ гэрт орж эм, гадаа гарч эр болно шүү дээ» гэж учирлажээ. Эцэг эхэд ийм бодол төрөх нь зүйн хэрэг боловч энэ нь үнэндээ тийм ч сайн юм биш. Библийг бичиж байх үед Бурханд итгэдэг эцэг эхчүүд үр хүүхдээ гэрийн ажилд оролцуулдаг байсан (Эхлэл 37:2; Соломоны дуун 1:6). Ер нь, хүүхдээр аяга таваг угаалгах, гэр цэвэрлүүлэх гэх мэтийн хэр хэмжээнд нь тохирсон ажил хийлгэх нь ухаалаг хэрэг. Харин зарим ажлыг яагаад хамт хийж болохгүй гэж? Хөгжилтэй сайхан шүү дээ.
АМЬДРАЛАА ЗАЛГУУЛАХ АМАРГҮЙ
Хүүхдэдээ аль болох олон цаг гаргаж байгаарай
9. Өрх толгойлсон эхчүүдийн хувьд амьдралаа залгуулах асуудал хүнд байдаг нь ямар учиртай вэ?
9 Ихэнх ганц бие эцэг эхэд, ялангуяа, гэр бүл болоогүй хэр нь хүүхэдтэй болсон залуу эмэгтэйчүүдэд амьдралаа залгуулах нь их хүнд байдаг.a Зарим улс ганц бие эцэг эхэд тэтгэмж өгдөг. Ийм тусламжийг ядаж ажилтай болтлоо авах нь ухаалаг байж болох юм. Хэрэгтэй бол христиан хүн ийм тусламж авахыг Библи буруушаадаггүй (Ром 13:1, 6). Бэлэвсэн юм уу гэр бүлээ цуцлуулсан эмэгтэйчүүдэд ч ийм бэрхшээл тулгардаг. Олон жил гэртээ суусан хүнд цалин багатай ажил олддог нь үнэн. Зарим хүн мэргэжил олгох сургалт юм уу богино хугацааны дамжаанд сууж амьдралаа дээшлүүлж чаддаг.
10. Ганц бие эх ажил хийх болсныхоо учрыг хүүхдүүддээ хэрхэн тайлбарлах вэ?
10 Таныг ажил хийх болсонд хүүхдүүд тань дургүйцвэл гайхах хэрэггүй, өөрийгөө буруутгах ч хэрэггүй. Гэрийнхнээ тэжээхийг Ехова шаарддагийг ойлгуулж, ямар учраас ажил хийх болсноо тайлбарлаарай (1 Тимот 5:8). Ихэнх хүүхэд шинэ нөхцөлд аажимдаа дасдаг. Гэхдээ ажилд ороод зав муутай байлаа ч хүүхдэдээ аль болох их цаг гаргахыг хичээгээрэй. Хүүхдээ хайр халамжаар дутаахгүй байх нь мөнгө төгрөгөөр гачигдахын зовлонг нимгэлэхэд тустай (Сургаалт үгс 15:16, 17).
ХЭН НЬ ХЭНДЭЭ САНАА ТАВИХ ВЭ?
Хурлынхан «өнчин хүүхэд» болон «бэлэвснийг» анхаарах үүрэгтэй
11, 12. Ганц бие эцэг эх юу мартах ёсгүй вэ? Яах нь зүйтэй вэ?
11 Ганц бие эцэг эх хүүхдүүдтэйгээ илүү дотно байх нь зүйн хэрэг боловч эцэг эх, хүүхдийн хэн хэнийх нь баримтлах ёстой, Бурхны тогтоосон хэм хэмжээ байдгийг санаарай. Жишээ нь, христиан эх хүүдээ өрхийн тэргүүний үүрэг хүлээлгэмээр эсвэл охиндоо нарийн ширийн юмаа яримаар санагдаж болох юм. Ингэх ёсгүй бөгөөд хүүхдэд зовлон болдог. Хүүхэд яах ч учраа олохгүй байж мэднэ.
12 Үүний оронд хүүхдээ хайр халамжаар дутаахгүйгээ батлан харуулаарай. Энэ бол эцэг эхийн үүрэг шүү дээ (2 Коринт 12:14-тэй харьцуулна уу). Заримдаа танд бусдын тус дэм, зөвлөгөө хэрэгтэй байж болох юм. Тэгвэл насанд хүрээгүй хүүхдэдээ биш, христиан ахлагчид хандаарай. Бас төлөвшсөн христиан эмэгтэйтэй зөвлөж болох юм (Тит 2:3).
САХИЛГАЖУУЛАХ НЬ
13. Хүүхдээ сахилгажуулах нь ганц бие эхэд яагаад хэцүү байж болох вэ?
13 Хүүхэд сахилгажуулах нь эмэгтэй хүнийг бодвол эрэгтэй хүнд арай амар байж болох юм. Ганц бие нэг эх: «Хөвгүүд маань одоо насанд хүрсэн эр хүн шиг бие бялдартай, дуу хоолойтой болсон. Хэчнээн хичээгээд ч тэдний өмнө шийдэмгий, хатуу чанд байх дандаа амар байдаггүй» гэж ярьсан юм. Түүнээс гадна, ханиасаа хойш гашуудсан хэвээр эсвэл салж сарнисандаа өөрийгөө буруутгадаг юм уу бухимдаж явдаг байж болох юм. Салж сарнисан хоёрын хэн хэн нь хүүхдээ асран халамжлах эрхтэй бол хүүхдээ өөртэй нь хамт байх дургүй болов уу гэж санаа зовдог байж мэднэ. Ийм бол хүүхдээ зохих ёсоор сахилгажуулахад амаргүй байх.
14. Ганц бие эцэг эх хүүхдээ сахилгажуулахдаа хэрхэн дүн нуруутай байх вэ?
14 «Дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна» гэж Библид байдаг (Сургаалт үгс 29:15). Гэр бүлийн дүрэм гаргах, мөрдүүлэх эрхийг Ехова Бурхан эцэг эхэд өгдөг учир өөрийгөө буруутгах, халширч зүрхшээх хэрэггүй (Сургаалт үгс 1:8). Библийн зарчмыг үргэлж баримтлаарай (Сургаалт үгс 13:24). Ухаалаг, тууштай, ам ажлын зөрүүгүй байвал ихэнх хүүхэд яваандаа ухаарна. Гэхдээ хүүхдийнхээ сэтгэл санааг харгалзан үзэх хэрэгтэй. Ганц бие нэгэн эцэг: «Эхээсээ хагацах нь хүүхдүүдэд минь хэчнээн хэцүү байсныг бодолцож сахилгажуулах ёстой байсан. Би боломж бүрийг алдалгүй тэдэнтэйгээ ярилцдаг. Бие биетэйгээ дотночлон ярилцах сайхан боломж оройн хоолоо хамт хийх үеэр гардаг. Хүүхдүүд минь надтай сэтгэлээ уудлан ярилцдаг юм» гэжээ.
15. Салсан хүмүүс юу ярихаас зайлсхийх хэрэгтэй вэ?
15 Ханилж байгаад салсан хүнийхээ нэр хүндийг унагах нь ямар ч сайн юманд хүргэхгүй. Эцэг эх нь хэрэлдэж маргахад хүүхэд шаналдаг бөгөөд эцэстээ хэнийг нь ч хүндэтгэхээ болино. Тиймээс «Чи яг эцэг шигээ юм аа!» гэх зэргээр гомдмоор үг битгий хэлээрэй. Ханилж байхдаа танд ямар ч муу юм хийсэн байлаа, тэр хүн хүүхдийн хувьд эцэг нь (эх) хэвээрээ шүү дээ. Хүүхдэд эцэг эхийн хэн хэнийх нь хайр халамж, сахилгажуулалт хэрэгтэй.b
16. Ганц бие эцэг эх болон хүүхдүүд юуг хэвшил болгох хэрэгтэй вэ?
16 Өмнөх бүлгүүдэд үзсэнээр, сахилгажуулна гэдэг нь зөвхөн шийтгэнэ гэсэн үг бус, сургаж хүмүүжүүлнэ гэсэн үг юм. Сүнслэг сайн хэвшилтэй болбол таагүй олон юмнаас сэргийлж болдог (Филиппой 3:16). Цуглаанд тогтмол явах нь амин чухал (Еврей 10:24, 25). Долоо хоног бүр гэр бүлээрээ Библийн хичээл хийх нь бас их ач холбогдолтой. Гэхдээ тогтмол хийх нь амархан биш ээ. Нэг эх ямар хүчин чармайлт гаргадаг тухайгаа «Өдөржингөө ажиллахлаар орой нь өөрийн эрхгүй амармаар санагддаг. Гэхдээ хичээл хийхийн чухлыг ойлгодог болохлоор сэтгэл санаагаа бэлддэг. Охин маань гэр бүлийн хичээлдээ их дуртай байдаг юм» гэж ярьжээ.
17. Паулын хамтран зүтгэгч болсон Тимотыг сайн хүмүүжүүлснээс юу ойлгож болох вэ?
17 Элч Паулын хамтран зүтгэгч Тимотод эцэг нь биш, ээж эмээ хоёр нь Библийн зарчмыг зааж өгсөн байж таарна. Тимот ч сайн христиан болсон (Үйлс 16:1, 2; 2 Тимот 1:5; 3:14, 15). Үр хүүхдээ «Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлэх» гэсэн таны хүчин зүтгэл талаар өнгөрөхгүй гэдэгт найдаж яваарай (Ефес 6:4).
ГАНЦААРДАХЫН ЗОВЛОНГ ДАВАХ НЬ
18, 19. а) Ганц бие эцэг эхэд ямар зовлон тулгардаг вэ? б) Махан биеийн хүслээ дарахад тустай Библийн ямар зөвлөгөө байдаг вэ?
18 «Гэртээ ирээд дөрвөн хананы дунд орохлоор, ялангуяа, хүүхдүүдээ унтахлаар их ганцаарддаг» гэж ганц бие эх ярьжээ. Ганцаардал бол ганц бие олон эцэг эхэд тулгардаг хамгийн хүнд зовлон юм. Хань ижилтэй байхын сайхныг үгүйлэх нь зүйн хэрэг. Гэхдээ зовлонгоо нимгэлэхийн тулд юу ч хийж болно гэсэн үг үү? Элч Паулын үед бэлэвсэн залуу эмэгтэйчүүдийн зарим нь «Христийг үл ойшоож тачаангуй хүсэлдээ автжээ» (1 Тимот 5:11, 12). Махан биеийн хүслийг сүнслэг зүйлээс дээгүүр тавих нь аюултай (1 Тимот 5:6).
19 Нэг христиан эрэгтэй: «Бэлгийн дур хүсэл их хүчтэй ч барьж болдог. Толгойд иймэрхүү бодол орж ирвэл шууд өөр юм бодох ёстой. Бас үр хүүхдийнхээ тухай бодох нь тустай байдаг» гэж хэлжээ. Бурхны Үг: «Тачаах хүслээ ... бүрмөсөн орхи» гэж зөвлөдөг (Колоссай 3:5, ШГ). Жишээ нь, архинаас гарах гэж байгаа хүн, олуулаа цуглаж архи уудаг газраар явах юм уу архи дарс л ярьж явдаг хүмүүстэй нөхөрлөдөг бол муу зуршлаа хаяж чадах уу? Юу л бол доо! Бэлгийн дур хүслээ дарах зарчим үүнтэй адилхан.
20. а) Гэрч биш хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоох нь ямар аюултай вэ? б) І зуунд болон өнөө үед ганц бие хүмүүс ганцаардахын зовлонг хэрхэн даван туулж ирсэн бэ?
20 Зарим христиан, Гэрч биш хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоодог (1 Коринт 7:39). Ингэвэл ганцаардахаа болих уу? Үгүй ээ. Нөхрөөсөө салсан нэг христиан эмэгтэй: «Гэрлэх ёсгүй хүнтэй гэрлэнэ гэдэг үнэндээ ганц бие байхаас бүр дор юм!» хэмээн сэрэмжлүүлжээ. І зууны бэлэвсэн христиануудын дунд ганцаардаж явсан хүн байсан л байх. Гэхдээ ухаалаг нэгэн нь «танихгүй хүмүүст зочломтгой байж, ариун хүмүүсийн хөлийг угаан, зовсон хүмүүст тусламж үзүүлж» ганцаардах завгүй явдаг байжээ (1 Тимот 5:10). Итгэл нэгтнүүдийнхээ дундаас тохирох хүнээ олж чадаагүй яваа орчин үеийн христианууд ч бас ганцаардах завгүй явдаг. 68 настай, бэлэвсэн христиан эмэгтэй ганцаардахлаараа өөр бэлэвсэн эмэгтэйчүүдийнхээр очдог аж. Тэрбээр: «Найз нөхдийнхөөрөө очиж, гэр орны ажлаа амжуулан, сүнслэг асуудлыг анхаараад байвал ганцаардах цаг гардаггүй гэдгийг ойлгосон» гэж ярьжээ. Бурхны Хаанчлалын тухай хүмүүст ярих нь юу юунаас илүү тустай шүү дээ (Матай 28:19, 20).
21. Залбирах, сайн найзтай байх нь ганцаардахын зовлонг даван туулахад ямар ач холбогдолтой вэ?
21 Ганцаардлыг даван туулах ер бусын арга байхгүй л дээ. Гэхдээ Еховагийн тусламжтайгаар тэвчиж болдог. «Өдөр шөнөгүй байнга гуйж, залбирдаг» бол тэвчих тэнхээтэй болно (1 Тимот 5:5). Тийм ээ, хашхирч, уйлаад ч болов чин сэтгэлээсээ тусламж гуйх хэрэгтэй (Еврей 5:7-той харьцуулна уу). Сэтгэлээ уудлан «өдөр шөнөгүй» залбирахад Ехова тусалдаг. Мөн сайн найз нөхөдтэй байх нь ганцаардлыг даван туулахад тустай. Сургаалт үгс 12:25-д бичсэнээр, найз нөхдийн «эелдэг үг» урам зориг нэмдэг.
22. Ганцаарддаг бол юу санах нь зүйтэй вэ?
22 Ганцаардах үе гаралгүй яах вэ. Тийм үед ямар ч зовлонгүй амьдардаг хүн нэг ч байдаггүйг санаарай. «Дэлхийд буй ах дүү нар» маань бүгдээрээ л ямар нэг зовлон эдэлдэг шүү дээ (1 Петр 5:9). Өнгөрсөн амьдралаа дурсаад байх хэрэггүй (Номлогчийн үгс 7:10). Одоо эдэлж байгаа сайн сайхан бүхнээ бодож байгаарай. Хамгийн гол нь, үргэлж үнэнч явж, Еховаг баярлуулъя гэсэн шийдвэрээ улам батжуулаарай (Сургаалт үгс 27:11).
БУСАД НЬ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?
23. Христианууд ямар үүрэгтэй вэ?
23 Итгэл нэгтнүүдийн тус дэмийг үнэлж баршгүй. Иаков 1:27-д «Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу» гэж байдаг. Тийм ээ, христианууд ганц бие эцэг эх болон тэдний үр хүүхдэд туслах үүрэгтэй. Яаж туслах вэ?
24. Ганц бие эцэг эх болон тэдний үр хүүхдэд хэрхэн туслах вэ?
24 Бодит тусламж үзүүлж болно. Библид «Эд хөрөнгөтэй хэн нэгэн нь өөрийн ах дүүгийн хэрэгцээ, гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ?» гэж байдаг (1 Иохан 3:17). «Харах» гэж орчуулсан грек үг хальт хараад өнгөрөхийг бус, ширтэн харахыг хэлдэг аж. Тэгэхлээр хүүхдээ ганцаараа өсгөдөг итгэл нэгтнийхээ нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг юуны түрүүнд ажиглаж мэдэх нь зүйтэй. Мөнгө төгрөгөөр гачигдаж байж мэднэ. Гэр оронд нь засаж янзлах юм байгаа ч юм бил үү. Эсвэл хоолонд юм уу цагийг зугаатай өнгөрөөхөөр урьж болно.
25. Ганц бие эцэг эхчүүдэд хэрхэн энэрэнгүй хандах вэ?
25 Түүнээс гадна, 1 Петр 3:8-д «Бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг ... байцгаа» гэж бичжээ. Зургаан хүүхэдтэй, Жоан гэдэг ганц бие эх: «Амьдрал амаргүй. Заримдаа би сэтгэлээр унадаг. Гэхдээ итгэл нэгтнүүд маань: „Манай Жоан мундаг хүн шүү. Ингэж хичээж мэрийсний үр дүн гарна аа“ гэж хэлдэг. Миний төлөө санаа тавьдаг хүн байдгийг мэдэхлээр сайхан санагддаг» гэж ярьжээ. Өрх толгойлсон эхчүүдийг эрэгтэй хүнд хэлээд баймааргүй нарийн ширийн асуудлаа ярихад настай эмэгтэйчүүд анхааран сонсвол илүү тус дэм үзүүлж чадах биз ээ.
26. Төлөвшсөн христиан эрчүүд өнчин хүүхдэд хэрхэн туслах вэ?
26 Христиан эрчүүд ч өөр аргаар тусалж болно. Бурхны үнэнч үйлчлэгч Иов: «Би ... туслагчгүй өнчин хүмүүсийг авардаг байв» гэж хэлжээ (Иов 29:12). «Цэвэр зүрхнээс ... гарах хайраар» хайрлах буюу элдэв далд санаа өвөрлөхгүйгээр өнчин хүүхдийг зүй ёсоор анхаарч, санаа тавьдаг христиан эрчүүд өнөөдөр ч байдаг (1 Тимот 1:5). Тэд гэрийнхнээ хайр халамжаар дутаадаггүйн зэрэгцээ тийм хүүхдүүдтэй дэлгэрүүлэх, гэр бүлийнхээ хичээлд урьж оролцуулах, чөлөөт цагаа хамт өнгөрөөх гэх мэтээр санаа тавьдаг. Ингэж сайхан сэтгэл гаргах нь өнчин хүүхдийг буруу зам руу орох аюулаас аврахад их тустай.
27. Ганц бие эцэг эхчүүд юунд эргэлзэхгүй байж болох вэ?
27 Эцсийн эцэст, ганц бие эцэг эх «өөрийн ачааг үүрэх» учиртай (Галат 6:5). Гэхдээ итгэл нэгтнүүд нь ч, Ехова Бурхан ч өөрсдийг нь хайрладагт эргэлзэхгүй байж болно. Ехова «эцэггүй ба бэлэвснийг тэтгэдэг» гэж Библид бичсэн байдаг (Дуулал 146:9). Ехова үйлчлэгчдээ хайрлан халамжилж, тусалдаг учир ганц бие эцэг эхчүүд гэр бүлээ сайн авч явж чадна!
a Хэрэв залуу христиан эмэгтэй ёс журамгүй явдлынхаа балгаар жирэмсэн болсон бол христиан хурал зүгээр өнгөрөөдөггүй. Гэхдээ гэмшсэн бол хурлын ахлагчид болон гишүүд тусалж болох юм.
b Нөгөө талаар, харгис хэрцгий ханддаг эцэг эхээс хүүхдийг хамгаалах хэрэг гардаг. Эсвэл ханилж байсан хүн тань хүүхдээ өөрөө авахыг санаархаж таны нэр хүндийг унагахыг оролддог бол туршлагатай найз нөхөд, тухайлбал, христиан хурлын ахлагчидтай зөвлөлдөх нь зүйтэй болов уу.