Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • гб бүлэг 14 х. 163-172
  • Өтлөхийн цагт хамтдаа

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Өтлөхийн цагт хамтдаа
  • Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ХҮҮХЭД ТАНЬ ТУСДАА АМЬДРАХАД
  • ХАНЬТАЙГАА УЛАМ БҮР ДОТНОСОХ НЬ
  • АЧ ЗЭЭГЭЭ ҮЗЭХИЙН ЖАРГАЛ
  • НАС АХИСАН Ч ХИЙХ ЮМТАЙ
  • ХАНИАСАА ХАГАЦАХЫН ЗОВЛОНГ ДАВАХ НЬ
  • ӨТӨЛЖ ХӨГШИРСӨН Ч БУРХАНД ҮНЭ ЦЭНЭТЭЙ
  • Гэр бүлийнхээ мөнхийн ирээдүйг баталгаажуулах нь
    Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Ехова өндөр настай үйлчлэгчдээ хайрлан халамжилдаг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Итгэл нэгт буурлуудаа хүндэл
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
Гэр бүлийн аз жаргалын нууц
гб бүлэг 14 х. 163-172

БҮЛЭГ АРВАН ДӨРӨВ

Өтлөхийн цагт хамтдаа

1, 2. а) Нас ахихлаар ямар өөрчлөлт гардаг вэ? б)  Бурхны эртний үйлчлэгчид юуны ачаар өтөл насандаа сэтгэл хангалуун байсан бэ?

НАС ахихын хэрээр юм юм өөрчлөгддөг. Тамир алдран эцэж алжаана. Үрчлээ нэмэгдэж, үс бууралтаж, заримдаа бүр халзардаг. Мартамхай ч болж мэднэ. Хүүхдүүд амьдрал зохиоход хүргэн бэртэй болж, ач зээгээ үзнэ. Ажил хөдөлмөр хийж явсан хүн тэтгэвэрт гарахлаар амьдралынх нь хэв маяг өөрчлөгддөг.

2 Хөгширнө гэдэг үнэндээ хүсэх юм биш ээ (Номлогчийн үгс 12:1–8). Библийг бичиж байх үед амьдарч байсан Бурхны үйлчлэгчдийн жишээг үзье. Тэд эцэстээ мөнх бусыг үзсэн ч мэргэн ухаан, ойлголттой болсныхоо ачаар өтөл насандаа сэтгэл хангалуун амьдарчээ (Эхлэл 25:8, ШЕ; Иов 12:12). Өтөлж хөгширсөн ч жаргалтай байсных нь нууц юу вэ? Эдүгээ Библиэс бидний мэдэж авсан тэр л зарчмуудыг баримталж байсан нь лавтай (Дуулал 119:105; 2 Тимот 3:16, 17).

3. Настай хүмүүст Паул юу гэж зөвлөсөн бэ?

3 Элч Паул нас ахиж яваа хүмүүст тустай зөвлөгөөг Титэд илгээсэн захидалдаа бичжээ. Паул: «Настай эрчүүд биеэ барьдаг, хүндэтгэлтэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дотор эрүүл байх ёстой. Настай эмэгтэйчүүд зан байдлаараа хүндлүүштэй байж, хов жив ярилгүй, дарсанд хэт боолчлогдолгүй, юу сайн болохыг заах ёстой» гэж бичжээ (Тит 2:2, 3). Энэ зөвлөгөө нас ахихын зовлонг гэтлэхэд тустай.

ХҮҮХЭД ТАНЬ ТУСДАА АМЬДРАХАД

4, 5. Үр хүүхэд нь тусдаа гарахад олон эцэг эхэд ямар санагддаг вэ? Зарим хүн шинэ нөхцөлд дасахын тулд яасан бэ?

4 Үүрэг хариуцлага өөрчлөгдөхөд дасан зохицох шаардлага гардаг. Хүүхэд нь насанд хүрээд өөрийн гэсэн амьдралтай болж, төрсөн гэрээ орхин одоход эцэг эх нь шинэ нөхцөлд дасах хэрэгтэй болдог. Ийм үед олон эцэг эх нас ахиж яваагаа ухаардаг. Хүүхэд нь том хүн болох сайхан ч бие дааж амьдрахад нь хэрэг болох бүхнийг зааж сургасан болов уу гэж санаа зовдог. Мөн тэднийгээ үгүйлэн санадаг байж мэднэ.

5 Тусдаа гарсан хойно нь ч эцэг эх хүн үр хүүхдийнхээ сайн сайхныг бодсоор явдаг. Нэг эх: «Ямар байгаагаа хэлж дуулгаж байгаасай гэж хүсдэг юм. Сайн явааг нь мэдэхлээр сэтгэл амардаг даа» гэжээ. Нэгэн эцэг: «Охиныгоо явснаас хойш манайх гэдэг айл нэг л эл хул оргиод хэцүү байсан. Хамаг юмаа хамт хийдэг байлаа шүү дээ, бид» гэж ярьсан юм. Тэд энэ хүнд үеийг яаж давсан юм бол? Олон хүний туршлагаас харахад, бусдад санаа тавьж туслах нь сайн арга ажээ.

6. Юуны ачаар эцэг эх гэр бүлтэй болсон хүүхдэдээ зөв хандах вэ?

6 Хүүхэд нь гэрлэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага өөрчлөгддөг. Эхлэл 2:24-т «Эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» гэсэн байдаг. Бурхны тогтоосон тэргүүллийн зарчмыг баримталж, эмх журамтай амьдрахын чухлыг хүлээн зөвшөөрдөг бол эцэг эхчүүд яах хэрэгтэйгээ, яах ёсгүйгээ ухаарна (1 Коринт 11:3; 14:33, 40).

7. Охидоо хадамд гарахад нь нэг хүн үзэл бодлоо хэрхэн өөрчилсөн бэ?

7 Нэг айлын хоёр охин хадамд гарахад эцэг эх нь тэднийгээ их санаж үгүйлдэг байв. Эцэг нь эхэндээ хоёр хүргэндээ дургүй байсан ч Бурхны тогтоосон тэргүүллийн зарчмыг эргэцүүлэн бодоод хүргэд нь гэр орноо авч явах үүрэгтэйг ойлгожээ. Охид нь өөрөөс нь зөвлөгөө авах гэхэд нөхөр нь ямар бодолтой байгааг асууж, нөхрийнх нь шийдвэрийг аль болохоор дэмждэг болсон байна. Одоо хоёр хүргэн нь хадам аавтайгаа илүү дотносож, зөвлөгөөг нь ч дуртайяа хүлээн авдаг болжээ.

8, 9. Хүүхэд нь тусдаа амьдарч эхлэхэд зарим эцэг эх хэрхэн дасан зохицсон бэ?

8 Гэрлээд удаагүй хоёр, Библийн зарчмыг зөрчдөггүй ч зөв гэснийг нь хүлээж авдаггүй бол эцэг эх яах нь зүйтэй вэ? Өрх тусгаарласан хүүхдүүдтэй нэг эх: «Гол нь, Еховагийн үзлээр хандахад нь туслахыг хичээдэг. Бид хоёрын санал тэднийхээс өөр байлаа гэхэд гаргасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч, дэмждэг» гэж ярьсан юм.

9 Хүү нь өрх тусгаарлахад зарим ази эмэгтэйд их хэцүү санагддаг аж. Гэхдээ тэргүүллийн болон христиан ёсоор дэг журамтай амьдрах зарчмыг баримталдаг бол бэрдээ зөв хандаж сурдаг. Өрх тусгаарлаж, ар гэрээ сайн авч яваа хөвгүүдээрээ «улам их бахархах» болсноо нэг христиан эмэгтэй ярьжээ. Хөвгүүд нь гэрлээд хүний зэрэгтэй яваа нь нас ахисан энэ эмэгтэй болон нөхрийнх нь бие, сэтгэлийн ачааг хөнгөлжээ.

ХАНЬТАЙГАА УЛАМ БҮР ДОТНОСОХ НЬ

166-р хуудасны зураг

Нас ахисан ч ханиа гэсэн сэтгэлээ илэрхийлж байгаарай

10, 11. Библийн ямар зөвлөгөөг дагавал хижээл насныхан болчимгүй алдаа гаргахгүй вэ?

10 Хижээл насанд хүрээд зарим хүн өөрчлөгддөг. Зарим эрэгтэй хувцас хунараа анхаарч залуу харагдахыг боддог аж. Олон эмэгтэй цэвэршилтээс үүдэлтэй өөрчлөлтүүдээс болж зовж шаналдаг. Мөн хижээл насны зарим хүн эсрэг хүйсийн залуу хүнтэй сээтгэнэдэг нь тун тоогүй. Үүнээс болж хань ижил нь уурлан бухимдаж, харддаг байна. Харин Бурхнаас эмээдэг хижээл насны эрчүүд «зөв шүүн тунгааж», зохисгүй хүсэл төрөхөд дарж байдаг (1 Петр 4:7). Төлөвшсөн эмэгтэйчүүд нөхрөө хайрладагтаа, Еховад таалагдахыг хүсдэгтээ гэр бүлээ батжуулахын төлөө хүчин зүтгэл гаргадаг.

11 Хаан Лемуел, Бурхнаар удирдуулан бичихдээ «арван хуруу тэгш эхнэрийг» магтжээ. Тийм эмэгтэй «амьдралынхаа турш нөхөртөө мууг бус, зөвхөн сайныг л үйлддэг». Сэтгэл тавгүй байдаг хижээл насны хүнд хэцүү үеийг тэсвэрлэн давж байгаа эхнэрийнхээ зовлонг христиан нөхөр ойлгодог. Эхнэрээ хайрладаг учраас «магтдаг» (Сургаалт үгс 31:10, 12, 28).

12. Он жил өнгөрөхийн хэрээр нөхөр эхнэр хоёр яавал улам бүр дотносох вэ?

12 Үр хүүхдийнхээ гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэх гэж явахдаа эцэг эхчүүд өөрсдийгөө умартан хамаг бүхнээ тэдэндээ зориулдаг. Харин хүүхдүүд тусдаа амьдардаг болбол урьдын адил хоёр биедээ санаа тавих цаг боллоо гэсэн үг. Нэг эрэгтэй: «Охид маань тусдаа амьдрах болсны дараа эхнэр бид хоёр дахиад болздог болсон шүү» гэж хэлсэн юм. Өөр нэг эрэгтэй: «Эхнэр бид хоёр эрүүл мэндээ анхаарч, хамт дасгал хийдэг болсон» гэж ярьжээ. Бас уйдаж гансрахгүйн тулд эхнэртэйгээ хоёулаа хурлынхаа гишүүдийг гэртээ урьж дайлдаг аж. Тийм ээ, хүнд санаа тавьдаг хүн ивээл хүртдэг, Еховагийн тааллыг олдог (Филиппой 2:4; Еврей 13:2, 16).

13. Чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцах нь нас ахиж яваа хосуудад ямар ач тустай вэ?

13 Бие биеэсээ холдож хөндийрөхгүйн тулд сэтгэлээ уудлан ярилцаж байгаарай (Сургаалт үгс 17:27). «Хоёр биедээ санаа тавьж, анхаарах тусам нэг нэгнийхээ дотор нь ороод гарсан юм шиг мэддэг болдог» гэж нэг өрхийн тэргүүн хэлжээ. Эхнэр нь: «Цайгаа хувааж уугаад ярьж хөөрөн, бие биеэ дэм⁠жиж явах нь нас ахисан бидэнд таатай санагддаг» гэж ярьсан юм. Чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцах нь гэр бүлийг улам бэхжүүлж, гэр бүлийг бусниулагч Сатаны довтолгоонд сүйрэхээргүй бат бөх болгодог.

АЧ ЗЭЭГЭЭ ҮЗЭХИЙН ЖАРГАЛ

14. Тимотыг христиан хүн болж хүмүүжихэд эмээ нь хэрхэн тусалсан бэ?

14 «Өтгөсийн титэм болбоос үр ач нар нь юм» (Сургаалт үгс 17:6). Ач зээгээ үзнэ гэдэг сайхан. Лой гэдэг эмэгтэйг Библид сайшаан бичсэн байдаг. Тэрбээр зээ хүү Тимотод бүр бага байхаас нь итгэл үнэмшлийнхээ талаар охин Юниктэйгээ хамт ярьж өгдөг байжээ. Ээж эмээ хоёр нь Библийн үнэнийг эрхэмлэн үнэлдгийг Тимот ухаарч өссөн (2 Тимот 1:5; 3:14, 15).

15. Өвөө эмээ нь ач зээгийнхээ хүмүүжилд хэрхэн хувь нэмэр оруулах вэ? Яах учиргүй вэ?

15 Өвөө эмээ нарын хийж чадах нэг чухал юм бий. Та бүхэн Еховагийн санаа зорилгыг хүүхдүүддээ ухааруулж ойлгуулсан туршлагатай хүмүүс шүү дээ. Тэгвэл одоо энэ сайхан туршлагадаа тулгуурлаад ач зээдээ туслах боломж гарч байна! Өвөө эмээ нь Библийн түүхийг ярьж өгөхөд хүүхэд багачууд шимтэн сонсдог. Гэхдээ эцгийнх нь өмнөөс Библийн үнэнийг үр хүүхдэд нь заана гэсэн үг биш ээ (Дэд хууль 6:7). Харин тусалж дэмжиж болно. «Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч. Би Таны чадлыг үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч» хэмээн залбирсан дуулалчийг дууриагаарай (Дуулал 71:18; 78:5, 6).

16. Өвөө эмээ нар юуг анхаарах нь зүйтэй вэ?

16 Харамсалтай нь, зарим хүн ач зээгээ хэтэрхий их эрхлүүлдгээс эцэг эхтэй нь зөрчилддөг. Өөрт нь дотно байдаг учир хүүхдүүд аав ээждээ ярьдаггүй юмаа өвөө эмээдээ ярьдаг байж болох юм. Бас аав ээжээс нь хамгаалж, өөрийг нь өмөөрнө гэж боддог. Тэгдэг бол яах нь зүйтэй вэ? Аав ээжтэйгээ ний нуугүй ярилцаж байхыг ач зээдээ зөвлөж, ухаалаг байгаарай. Ингэх нь Еховад таалагддагийг ойлгуулаарай (Ефес 6:1–3). Шаардлагатай бол, эцэг эхтэйгээ ярилцахад нь тусалж болно. Амьдралын явцад хуримтлуулсан туршлагаасаа илэн далангүй ярьж байгаарай. Чин сэтгэл, үнэнч зан тань тэдэнд үлгэр дууриал болно.

НАС АХИСАН Ч ХИЙХ ЮМТАЙ

17. Нас ахиж яваа христианууд дуулалчийг хэрхэн дууриаж болох вэ?

17 Хүн нас ахихын хэрээр хийж сурсан юмаа ч, хиймээр байгаа юмаа ч хийж чадахаа больдог. Тэгвэл яах вэ? Өөрийгөө 30-тай мэт санавч толинд харахад өөр дүр харагддаг нь үнэн. Гэвч сэтгэлээр унах хэрэггүй. Дуулалч: «Хөгшрөх үед намайг бүү орхиоч. Миний хүч чадал барагдах үед намайг бүү хаяач» гэж Еховагаас хүсээд «Би үргэлж найдаж, Таныг улам ихээр магтах болно» хэмээснийг дууриая гэж бат шийдээрэй (Дуулал 71:9, 14).

18. Төлөвшсөн христиан тэтгэврийн насаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж болох вэ?

18 Олон хүн Еховаг магтах үйлсэд илүү их оролцохоо тэтгэвэрт гарахаасаа өмнө төлөвлөдөг. Тэтгэвэрт гарсан нэг эрэгтэй: «Охиноо сургуулиа төгсөхлөөр нь юу хийхээ эртнээс бодоод, бүрэн цагаар үйлчлэхээр шийдсэн юм. Тэгээд юунд ч сатаарахгүй, хамаг хүчээрээ үйлчлэхийн тулд хувийн компаниа зарсан. Бас Бурхнаас удирдлага гуйж залбирдаг байлаа» гэж ярьжээ. Хэрэв та тэтгэвэрт гарах дөхөж яваа бол «Та нарыг өндөр настай болсон ч би хэвээрээ байна. Та нарын үс буурал болсон ч Би тээх болно» хэмээсэн Агуу Бүтээгчдээ итгэж найдаарай (Исаиа 46:4).

19. Нас ахиж яваа хүмүүст юу гэж зөвлөсөн байдаг вэ?

19 Тэтгэврийн хүний амьдралд дасах амаргүй байж мэднэ. Элч Паул настай эрчүүдэд «биеэ барьдаг» байхыг зөвлөснийг тааваараа амьдрахыг урьтал болголгүй биеэ барихыг хэлжээ гэж ойлгож бол⁠но. Тэтгэвэрт гарсан хүн өмнөхөөсөө ч илүү дэг журамтай, сахилга баттай байх хэрэгтэй байж мэднэ. Тиймээс таны «нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхан» завгүй яваарай (1 Коринт 15:58). «Өргөнөөр нээлттэй байн» бусдад туслаарай (2 Коринт 6:13). Ийм зорилго тавьдаг олон христиан сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг чадлынхаа хэрээр идэвх зүтгэлтэй хийдэг. Нас ахисан ч «итгэл, хайр, тэвчээр дотор эрүүл» байгаарай (Тит 2:2).

ХАНИАСАА ХАГАЦАХЫН ЗОВЛОНГ ДАВАХ НЬ

20, 21. а) Өнөөгийн нийгэмд амьдардаг гэр бүлтэй хүмүүс ямар зовлон үздэг вэ? б) Ханиа алдсан христианууд Аннагаас юу сурч болох вэ?

20 Өнөөгийн нийгэмд амьдарч байгаа хэн боловч хайртай ханиа үхэлд алддаг нь гашуун үнэн билээ. Нас барсан хань нь унтаж байгаа, эргээд түүнтэйгээ уулзана гэдэгт христиан хүн итгэдэг (Иохан 11:11, 25). Гэхдээ л эмгэнэн гашууддаг. Энэ зовлонг яаж давах вэ?a

21 Библийн зарим баатрын тухай эргэцүүлэн бодох нь тустай. Жишээ нь, Библид 84 настай Анна гэдэг эмэгтэйн тухай гардаг. Тэрбээр гэрлэснээсээ хойш долоохон жилийн дараа бэлэвсэрсэн аж. Эр нөхрөө алдаад эмгэнэн гашуудаж байсан нь лавтай. Энэ зовлонг яаж давсан бол? Еховагийн сүмд өдөр шөнөгүй үйлчилдэг байжээ (Лук 2:36–38). Хагацал, ганцаардлын зовлонг тэвчихэд нь чин сэтгэлийн залбирал ихээхэн тус болсон нь эргэлзээгүй.

22. Бэлэвсэрч үлдсэн хүмүүс ганцаардахын зовлонг хэрхэн давсан бэ?

22 Арван жилийн өмнө ханиа алдсан, 72 настай эмэгтэй: «Ярих хүнгүй байхын зовлон үнэхээр хэцүү. Хань минь намайг чих тавин сонсдог байсан. Бид хурлынхныхаа тухай, дэлгэрүүлэх ажлынхаа тухай ярилцдаг байлаа» гэжээ. Өөр нэг эмэгтэй: «Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сэтгэлийн шарх аньдаг гэдэг шүү дээ. Гэхдээ эдгээх хүчтэй тэр цаг хугацааг юунд зориулах нь илүү чухал юм байна гэдгийг би ухаарсан. Бусдад туслах боломж бүр ч их гардаг юм билээ» гэж ярьсан юм. 67 настай бэлэвсэн эрэгтэй: «Уй гашууг давах сайн арга бол бусдыг тайвшруулах явдал» гэж хэлжээ.

ӨТӨЛЖ ХӨГШИРСӨН Ч БУРХАНД ҮНЭ ЦЭНЭТЭЙ

23, 24. Настай, ялангуяа, бэлэвсэн хүмүүсийг Библи хэрхэн тайвшруулдаг вэ?

23 Үхэл хайртай хүнийг маань авч оддог ч хувиршгүй үнэнч Ехова бидэнтэй үргэлж хамт байдаг. Эрт цагт амьдарч байсан Давид хаан: «Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан. Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж, Түүний сүмд бясалгахын тулд би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан» хэмээн дуулсан байдаг (Дуулал 27:4).

24 Элч Паул: «Үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдийг хүндэлж бай» хэмээн уриалсан (1 Тимот 5:3). Ийн уриалсныхаа учрыг тайлбарласнаас нь үзвэл харж хандах ойр дотны хүнгүй, хүндэтгэл хүлээсэн бэлэвсэн эмэгтэйчүүдийн зайлшгүй хэрэгцээг хурал нь хангадаг байсан бололтой. «Хүндэлж бай» гэсэн нь бас үнэлж эрхэмлэж байхыг хэлдэг. Ехова өөрсдийг нь үнэлж эрхэмлэдэг нь, бас үргэлж дэмжиж тэтгэнэ гэсэн нь бэлэвсэрч үлдсэн христиануудыг их тайвшруулдаг (Иаков 1:27).

25. Нас ахисан ч ямар зорилго тавьж болох вэ?

25 Бурхны онгод оруулан бичүүлсэн Үгэнд «Өтгөсийн хүндлэл нь тэдний буурал үс», «Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог» гэж байдаг (Сургаалт үгс 16:31; 20:29). Хань ижилтэй ч бай, бэлэвсэрч үлдсэн ч бай, Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьж байцгаая. Ингэвэл одоо ч Бурханд таалагдан сайн нэрийг олно. Бас өтөлж хөгшрөхийн зовлон үзэхгүй мөнх амьдрах найдвар өвөрлөнө (Дуулал 37:3–5; Исаиа 65:20).

a Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 7-р бүлгийн 4–6-р догол мөрөөс энэ сэдвийг дэлгэрүүлж үзнэ үү.

НАС АХИЖ ЯВАА ХОСУУДАД БИБЛИЙН ДАРААХ ЗАРЧИМ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Өтгөс буурлуудын «титэм» үр ач нар нь юм (Сургаалт үгс 17:6).

Еховад илүү их үйлчлэх боломж нас ахихад гарч болох юм (Дуулал 71:9, 14).

Настангууд «биеэ барьдаг» байх нь зүйтэй (Тит 2:2).

Ханиасаа хагацаад гашуудаж яваа хүмүүс Библийн ачаар тайвширдаг (Иохан 11:11, 25).

Ехова настай үнэнч үйлчлэгчдээ өндөр үнэлдэг (Сургаалт үгс 16:31).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах