БҮЛЭГ АРВАН ЗУРГАА
Гэр бүлийнхээ мөнхийн ирээдүйг баталгаажуулах нь
1. Ехова гэр бүлүүдийг яагаасай гэж хүсэж байсан бэ?
ЕХОВА Адам Ева хоёрыг гэр бүл болгосон билээ. Тэр үед Адамын баярлан хэлсэн үгийг еврей хэлээрх анхны шүлэг гэж үзэж болно (Эхлэл 2:22, 23). Бүтээгч, хүүхдүүдээ жаргалтай сайхан амьдруулахыг зорьж байсан төдийгүй гэр бүлүүдийг хүсэл тааллыг нь биелүүлээсэй гэж хүсэж байсан. Бурхан гэр бүл болсон анхны хосод «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтныг захир» хэмээн айлдсан билээ (Эхлэл 1:28). Их хариуцлагатай ч, сайхан даалгавар өгчээ! Адам Ева хоёр Еховад бүрэн дуулгавартай байсан бол өөрсдөө ч, үр хүүхэд нь ч жаргалтай амьдрах байв.
2, 3. Орчин үед гэр бүлээрээ жинхэнэ ёсоор жаргалтай амьдаръя гэвэл яах нь зүйтэй вэ?
2 Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэдэг гэр бүлүүд эдүгээ жинхэнэ ёсоор жаргалтай амьдардаг. Элч Паул: «Одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий сүсэглэл нь бүх зүйлд тустай» гэж бичжээ (1 Тимот 4:8). Еховагийн Библид бичүүлсэн заавар зөвлөгөөг дагаж, «сүсэглэл» буюу Бурханд үнэнч байхыг зорилго болгодог гэр бүлүүд «одоо» ч жаргалтай амьдардаг (Дуулал 1:1–3; 119:105; 2 Тимот 3:16). Библийн зарчмыг гэр бүлийн гишүүдийн ядаж нэг нь баримталдаг байхад хэн нь ч баримталдаггүй байснаас дээр юм.
3 Гэр бүлээрээ жаргалтай амьдрахад тустай Библийн олон зарчмыг энэ номыг судлахдаа авч үзсэн. Заримыг нь нэг бус удаа хөндөж тайлбарласныг та анзаарсан биз ээ. Учир нь тэдгээр зарчмыг гэр бүлийн амьдралын янз бүрийн хүрээнд баримталдаг бүх хүн ач тусыг нь хүртдэг. Библийн зарчим дагахыг чин сэтгэлээсээ хичээдэг гэр бүлүүд Бурханд үнэнч байх нь «одоогийн ... аминд» ч «тустай» байдгийг амьдрал дээрээ үздэг. Дөрвөн чухал зарчмыг эргэн саная.
БИЕЭ ЗАХИРАХЫН АЧ ТУС
4. Гэр бүлтэй хүн биеэ захирдаг байх нь яагаад чухал бэ?
4 «Өөрийнхөө сүнсийг захирдаггүй хүн бол эргэн тойрондоо хэрэм босгоогүй, нурсан хот мэт буюу» гэж Соломон хаан хэлжээ (Сургаалт үгс 25:28; 29:11). «Өөрийнхөө сүнсийг захирах» буюу биеэ захирах нь гэр бүлээрээ жаргалтай амьдрахад нэн чухал. Биеэ захирч чадалгүй уур хилэнд автах юм уу ёс журамгүй явдалтай орооцолдох гэх мэтийн үйлдэл гэр бүлд арилшгүй толбо суулгадаг, арилгаж болдог юм гэхэд олон жил шаардлагатай байдаг.
5. Төгс бус хүн биеэ захирч сурахын тулд яах хэрэгтэй вэ? Ямар ач тустай вэ?
5 Адамын удмын төгс бус хүн махан биеэ бүрэн хянаж чадахгүй нь мэдээж (Ром 7:21, 22). Биеэ захирах нь сүнсний үр жимсний нэг хэсэг билээ (Галат 5:22, 23). Тиймээс биеэ захирч сурахад туслахыг гуйн залбирч, Библийн зөвлөгөөг дагадаг төдийгүй биеэ захирдаг хүмүүстэй нөхөрлөж, биеэ захирдаггүй хүмүүсээс хол явдаг бол Бурхны сүнс туслах нь гарцаагүй (Дуулал 119:100, 101, 130; Сургаалт үгс 13:20; 1 Петр 4:7). Ингэж хичээдэг хүн хэчнээн хорхой хүргэм байсан ч «садар самуун явдлаас зугтаж» чадна (1 Коринт 6:18). Хүчирхийлэх, архидан согтуурахаас хол явах төдийгүй архинаас гарч чадна. Хүмүүс таагүй хандахад ч, саад бэрхшээл тулгарахад ч урьдынхаасаа илүү биеэ захирч, тайван байж сурна. Ариун сүнсний үр жимсний нэг хэсэг болох энэ чухал чанарыг хөгшин залуугүй бүгдээрээ илэрхийлж сурцгаая (Дуулал 119:1, 2).
ТЭРГҮҮЛЛИЙН ЗАРЧМЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ
6. а) Бурхны тогтоосон тэргүүллийн зарчмыг хэлнэ үү. б) Гэр бүлээ жаргалтай байлгая гэвэл нөхөр хүн юу санах ёстой вэ?
6 Сахиж мөрдөх учиртай хоёр дахь чухал зарчим бол тэргүүллийн зарчим юм. Энэ зарчмыг элч Паул: «Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна» хэмээн бичжээ (1 Коринт 11:3). Энэ зарчмаар бол эр нөхөр нь өрх гэрээ тэргүүлж, эхнэр нь нөхрөө чин сэтгэлээсээ дэмжиж, үр хүүхэд нь эцэг эхдээ дуулгавартай байх ёстой (Ефес 5:22–25, 28–33; 6:1–4). Гэхдээ тэргүүний эрхээ зөв эдэлсэн цагт л бүгдээрээ жаргалтай амьдарна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өрхийн тэргүүн байх гэдэг нь юу хүссэнээ хийдэг харгис захирагч байхыг хэлдэггүйг Бурханд үнэнч нөхрүүд ухамсарладаг. Тийм хүн Тэргүүнээ буюу Христийг дууриадаг. Есүс «бүх юмсын дээрх Тэргүүн» болох байсан ч «үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн» (Ефес 1:22; Матай 20:28). Есүсийг дууриадаг христиан эрэгтэй тэргүүний эрхээ эдлэхдээ өөрийнхөө эрх ашгийг бус, эхнэр, хүүхдийнхээ сайн сайхныг боддог (1 Коринт 13:4, 5).
7. Бурхны оноосон үүргийг биелүүлэхэд Библийн ямар зарчмууд эхнэр хүнд тустай вэ?
7 Бурханд үнэнч эхнэр хүн нөхөртэйгөө өрсөлддөггүй, нөхрөө захирахыг боддоггүй. Харин ч нөхрөө дуртайяа дэмжиж, чадах бүхнээ хийдэг. «Нөхөр нь эхнэрийнхээ толгой юм» гэж Библид тодорхой бичсэн байдаг (Ефес 5:23). Гэрлэсэн эмэгтэй «нөхрийн ... хуульд» захирагдах учиртай (Ром 7:2). Үүний зэрэгцээ, Библид эхнэрийг «туслагч» гэдэг (Эхлэл 2:20). Өөрөөр хэлбэл, нөхөрт нь байдаггүй зан чанар, авьяас чадварынхаа ачаар нөхөртөө дэм болдог (Сургаалт үгс 31:10–31). Бас эхнэрийг «хань» гэж бичсэн нь нөхөртөө түшиг тулгуур болдгийг нь хэлжээ (Малахи 2:14). Библийн эдгээр зарчмыг сахивал нөхөр эхнэр дор бүрнээ үүргээ биелүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандана.
«СОНСОХДОО ТҮРГЭН ... БАЙ»
8, 9. Гэр бүлийн бүх гишүүн бие биетэйгээ зөв харьцаж сурахад тустай ямар зарчмууд байдаг вэ? Тайлбарлана уу.
8 Бие биетэйгээ илэн далангүй ярилцахын чухлыг энэ номд олон удаа онцолсон билээ. Учир нь хүмүүс бие биетэйгээ ярилцаж, бие биеэ анхааралтай сонсдог бол асуудлыг шийдэхэд илүү хялбар байдаг. Бас хүмүүсийн харилцааг хоёр урсгалтай замтай адилтгаж болохыг нэг бус удаа тэмдэглэсэн. Шавь Иаков үүнийг онцлон «Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан ... бай» хэмээн бичжээ (Иаков 1:19).
9 Яаж ярихаа бодох нь бас чухал юм. Болчимгүй үг хэлдэг, хэрэлдэж маргадаг, хурцаар шүүмжилдэг бол сайхан харьцдаг гэж хэлэх аргагүй (Сургаалт үгс 15:1; 21:9; 29:11, 20). Зөв юмыг ч хүйтэн хөндий, бардам ихэмсэг байдлаар эсвэл хүнд ямар санагдахыг бодохгүй ярьдаг бол тус болохоосоо ус болох нь их. Бидний үг яриа «давсаар амт оруулсан мэт» байх ёстой (Колоссай 4:6). Бас «мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт» байх учиртай (Сургаалт үгс 25:11). Нэг нэгэнтэйгээ зөв харьцаж сурвал гэр бүлээрээ жаргалтай амьдрахад тустай нэг том алхам хийлээ гэсэн үг.
ХАЙР ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
10. Нөхөр эхнэрийн хувьд ямар хайр чухал бэ?
10 Энэ номд «хайр» гэдэг үг их олон удаа гарч байгаа. Чухам ямар хайрын талаар олон удаа бичсэн билээ? Нөхөр эхнэрийн харьцаанд янаг амрагийн хайр (грекээр эрос) чухал нь үнэн. Жаргалтай нөхөр эхнэр хоёр бас найзын ёсоор дотносон, бие биеэ хайрладаг (грекээр филиа). Гэхдээ өөр нэг хайр (грекээр агапи) илүү чухал. Бид чухам ийм хайраар Еховаг, Есүсийг, бусдыг хайрлаж сурдаг (Матай 22:37–39). Ехова ч хүн төрөлхтнийг агапи хайраар хайрладаг (Иохан 3:16). Хань ижил, үр хүүхдээ агапи хайраар хайрлана гэдэг ямар сайхан бэ! (1 Иохан 4:19).
11. Нөхөр эхнэр бие биеэ хайрлах нь ямар ач тустай вэ?
11 Хамгийн чухал агапи хайр нөхөр эхнэрийн хувьд «эв нэгдлийн төгс холбоос» болдог (Колоссай 3:14). Ийм хайраар гагнагдсан нөхөр эхнэр хоёр улам дотносож, хоёр биеийнхээ болон үр хүүхдийнхээ төлөө хамгийн сайныг хийх хүсэл тэмүүлэлтэй явдаг. Бэрхшээлийг ч эв нэгдэлтэй давдаг. Бие биеэ хайрладаг бол нас ахисан ч нэг нэгнээ дэмжиж, эрхэмлэн үнэлсээр байдаг. «Хайр ... өөрийнхийг эрдэггүй, ... бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй» (1 Коринт 13:4–8).
12. Бурхныг хайрладаг нөхөр эхнэр хоёр гэр бүлээ батжуулдаг гэхийн учир юу вэ?
12 Нөхөр эхнэр хоёр бие биеэ, хамгийн гол нь Еховаг хайрладаг бол гэр бүлийнх нь холбоо илүү бат бөх байна (Номлогчийн үгс 4:9–12). Ингэж хэлэхийн учир юу вэ? Элч Иохан: «Бурханы[г] хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм» хэмээн бичжээ (1 Иохан 5:3). Тиймээс христиан эцэг эх үр хүүхдэдээ Бурханд үнэнч байхыг зааж сургадаг нь гагцхүү тэднийгээ хайрладгийнх бус, бас Еховагийн тушаалыг биелүүлдгийнх юм (Дэд хууль 6:6, 7). Ёс журамгүй явдлаас хол явдаг нь зөвхөн ханиа хайрладгийнх бус, гол нь Ехова Бурхныг хайрладгийнх юм. Ехова «завхайрагчдыг ... шүүнэ» гэж Библид бичсэн байдаг (Еврей 13:4). Нөхөр эхнэрийн аль нэг нь гэр бүлдээ ноцтой бэрхшээл учруулсан байлаа ч нөгөө нь Еховаг хайрладаг бол Библийн зарчмыг тууштай баримталж чадна. Еховаг хайрлах хайраар бие биеэ хайрладаг хүмүүс гэр бүлээрээ жинхэнэ ёсоор жаргалтай амьдардаг.
БУРХНЫ ХҮСЭЛ ТААЛЛЫГ БИЕЛҮҮЛДЭГ ГЭР БҮЛ
13. Бурхны хүсэл тааллыг биелүүлэх шийдвэрээсээ няцахгүй байх нь илүү чухал зүйлийг анхаарч явахад хэрхэн туслах вэ?
13 Христиан хүн Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг амьдралынхаа гол зорилго болгодог (Дуулал 143:10). Ийм хүнийг Бурханд үнэнч хүн гэж хэлж болно. Гэр бүлүүд Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг бол амьдралын хамгийн чухал зүйлийг анхаарч чадна (Филиппой 1:9, 10, ШЕ). Есүс: «Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн. Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно» гэж хэлсэн (Матай 10:35, 36). Есүсийн дагалдагчдаас олон хүн энэ үгийн үнэнийг биеэрээ үзэж, гэрийнхэндээ хавчигддаг нь харамсалтай. Гэхдээ гэр бүлийнхнээ гэсэн хайр Ехова Бурхан болон Есүс Христийг гэсэн хайраас илүү байх учиргүй (Матай 10:37–39). Эсэргүүцдэг байсан ч христиан хүн тууштай байвал гэрийнхэн нь Бурханд үнэнч байхын сайн талыг олж хараад үзэл бодлоо өөрчилж болох юм (1 Коринт 7:12–16; 1 Петр 3:1, 2). Өөрчилсөнгүй гээд Бурханд үйлчлэхээ боливол ямар ч сайн юманд хүрэхгүй.
14. Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг эцэг эх үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө юу хийдэг вэ?
14 Эцэг эхчүүд Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг бол зөв шийдвэр гаргаж чаддаг. Зарим хүн үр хүүхдийг өтөлсөн хойно хөл хучих хүн гэж үздэг. Хүүхэд өсөж томроод өндөр настай эцэг эхээ харж хандах нь зүйн хэрэг. Гэхдээ хүүхдээ эд хөрөнгийг илүүд үздэг хүн болгох учиргүй. Сүнслэг зүйлийг бус, эд баялгийг эрхэмлэх үзэлтэй болгон хүмүүжүүлбэл хүүхдэд тусгүй (1 Тимот 6:9).
15. Тимотын ээж Юникийг Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийн жишээ үзүүлсэн гэхийн учир юу вэ?
15 Элч Паулын залуу хамтрагч Тимотын ээж Юник үлгэр дууриал үлдээжээ (2 Тимот 1:5). Нөхөр нь Ехова Бурхныг шүтдэггүй байсан ч Юник эхийнхээ хамт хүү Тимотоо Бурханд үнэнч хүн болгон хүмүүжүүлсэн (2 Тимот 3:14, 15). Хүү нь насанд хүрч Хаанчлалын тухай дэлгэрүүлэх зорилгоор Паултай хамт миссионерийн аяллаар явах болоход Юник зөвшөөрдөг (Үйлс 16:1–5). Сайн миссионер болоход нь хэчнээн их баярласан бол оо! Бурханд үнэнч хүн болоход багын хүмүүжил нь нөлөөлсөн нь эргэлзээгүй. Юник хүүгээ санадаг байсан байх. Гэхдээ Бурханд үнэнч яваад нь баярлаж, сэтгэл тэнэгэр байсан нь лавтай (Филиппой 2:19, 20).
ТАНАЙ ГЭР БҮЛ БА ТАНЫ ИРЭЭДҮЙ
16. Хүүгийн үүргээ Есүс хэрхэн биелүүлсэн бэ? Гэхдээ юуг гол зорилгоо болгож байсан бэ?
16 Есүс, Бурханд итгэдэг эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн бөгөөд эхийгээ хүүгийн ёсоор анхаарч халамжилдаг байсан (Лук 2:51, 52; Иохан 19:26). Гэхдээ гол зорилго нь Бурхны хүсэл тааллыг биелүүлэх явдал байв. Тэрбээр Бурхны хүсэл тааллыг биелүүлэн хүн төрөлхтөнд мөнх амьтай болох замыг нээсэн юм. Есүс нүгэлтэй хүмүүсийг зольж авахын тулд төгс амиа золиос болгон өгсөн (Марк 10:45; Иохан 5:28, 29).
17. Есүс үнэнч байсны ачаар Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг хүмүүст ямар хосгүй боломж олдсон бэ?
17 Нас барсных нь дараа Ехова Есүсийг сүнсэн биетэй болгон амилуулаад асар их эрх мэдэл өгч, хожим нь тэнгэрийн Хаанчлалын Хаанаар өргөмжилсөн (Матай 28:18; Ром 14:9; Илчлэлт 11:15). Есүсийн золиосны ачаар Хаанчлалын бүрэлдэхүүнд орох хүмүүсийг сонгох, бас зөв зүрх сэтгэлтэй бусад хүнийг сэргээсэн Диваажин дэлхийд төгс болгон мөнх амьдруулах боломж бүрдсэн (Илчлэлт 5:9, 10; 14:1, 4; 21:3–5; 22:1–4). Энэ сайхан мэдээг хүмүүст хүргэх агуу завшааныг бид одоо эдэлдэг (Матай 24:14).
18. Гэр бүлүүд болон хувь хүмүүс юу санаж явах хэрэгтэй вэ? Юуны ачаар урам зоригтой байдаг вэ?
18 Элч Паулын бичсэнээр, Бурхан эдгээр ивээлийг үнэнч хүмүүст «ирэх» үед хүртээхээ амласан. Бурханд үнэнч байвал аз жаргалд хүргэх хамгийн сайн замаар явж байгаа хэрэг юм. «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» гэдгийг санаж яваарай (1 Иохан 2:17). Тиймээс эцэг эх, хүүхэд, нөхөр эхнэр, хүүхэдтэй, хүүхэдгүй ганц бие хүний аль нь ч бай, бүгдээрээ Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг зорилгоо болгоорой. Та дарамтлагддаг юм уу туйлын хүнд байдалтай амьдардаг байж болох юм. Тийм бол амьд Бурхны үйлчлэгч гэдгээ үргэлж санаж яваарай. Ехова Бурхнаа үйл хэргээрээ баярлуулаарай (Сургаалт үгс 27:11). Зөвийг үйлдэж, одоо ч, ирээдүйн шинэ ертөнцөд ч жаргалтай амьдраарай!