Оршил үгийн жишээ ашиглах нь
1. Оршил үгийн жишээг ямар зорилгоор гаргадаг вэ?
1 «Христиан үйлчлэл»-ийн дугаар бүрд, сэтгүүл болон бусад хэвлэл өгөхөд хэлэх оршил үгийн жишээ гардаг. Оршил үгийн жишээг үг үсэггүй чээжлэх хэрэггүй. Хэлэх үгийн маань ерөнхий санаа учир өөрийн үгээр хэлбэл үр дүнтэй. Үг яриа маань албархаг биш, энгийн байвал айлын хүнд сонсоход амар. Бас бид өөрсдөө илүү итгэлтэй, чин сэтгэлээсээ ярина (2 Кор. 2:17; 1 Тес. 1:5).
2. Оршил үг бэлдэхдээ газар газрын ёс өөр байдгийг яагаад бодох хэрэгтэй вэ?
2 Нөхцөл байдлаа тооцох нь: Оршил үгээ нутгийнхаа онцлогт тохируулах хэрэгтэй. Танай нутагт эхлээд мэнд усаа мэдэлцэж байгаад оршил үгээ хэлэх хэрэгтэй байдаг уу эсвэл шууд хэлэх хэрэгтэй байдаг уу? Газар газрын ёс өөр. Бас хүн хүн өөр байдгийг тооцож үзэх хэрэгтэй. Асуулт асуухдаа ч сайн бодох хэрэгтэй. Зарим хүнээс асууж болмоор асуулт өөр хүнд тохиромжгүй байж мэднэ. Тийм учраас бид ухаалаг байж, оршил үгээ хэсгийнхээ хүмүүст тохируулах учиртай.
3. Хүний амьдрал ахуй, үзэл бодлыг харгалзан үзэх ёстойн учир юу вэ?
3 Түүнчлэн дэлгэрүүлэх ажилд бэлдэхдээ хэсгийнхээ хүмүүсийн амьдрал ахуй, үзэл бодлыг нь тооцож үзэх учиртай. Жишээ нь, та их сүсэгтэй католик шашинтай хүнтэй Матай 6:9, 10-аас ярилцахдаа «Бидний эцэг» гэдэг үгийг хэрэглэх байх. Харин энэ тухай огт мэдэхгүй хүнтэй өөрөөр ярих байх. Урьдчилан сайн бодож байгаад хэсгийнхээ хүмүүст илүү тохирсон оршил үг бэлдэж болно (1 Кор. 9:20–23).
4. Сайтар бэлдэх нь яагаад чухал бэ?
4 Оршил үгийн жишээг байгаагаар нь хэлэх болсон ч сайн бэлдэх шаардлагатай. Онцолж ярих гэж байгаа номын бүлэг юм уу сэтгүүлийн өгүүллийг сайн уншаарай. Хүний сонирхлыг татах санааг олоод оршил үгэндээ оруулаарай. Хэвлэлээ сайн уншиж бэлдсэн бол урам зоригтой ярина.
5. Өөр оршил үг бэлдэж болохын учир юу вэ? Хэрхэн бэлдэх вэ?
5 Өөр оршил үг: Нийтэлснээс өөр оршил үг хэлж болох уу? Болно. Танд амар бол, нийтэлснээс өөр оршил үг хэлж, өөр Библийн зүйл уншиж болно. Сэтгүүл тараахдаа, хэсгийн тань хүмүүс сонирхоно гэж үзвэл, онцлох сэдвээс өөр өгүүлэлд анхаарлыг нь хандуулаарай. Үйлчлэх цуглаан дээр нутгийнхаа онцлогт тохирсон өөр оршил үгийн жишээгээр үзүүлбэр үзүүлж болох юм. Ингэвэл хурлынхан маань сайн мэдээг илүү үр дүнтэй хүргэх аргад суралцана.