ХАВСРАЛТ
«Үхэгсдийн орон» буюу «Булш» гэж юу вэ?
БИБЛИЙН эх бичигт шеол гэдэг еврей үг болон түүнтэй утга дүйдэг хадес гэдэг грек үг нийтдээ 70 гаруй удаа гардаг. Ер нь, энэ хоёр үг үхэлтэй холбоотой. Зарим орчуулгад эдгээр үгийг «Булш» гэж хөрвүүлсэн байдаг бол «Ариун Библи»-д (АББН, 2004) ихэнхдээ «Үхэгсдийн орон» гэж орчуулсан байдаг. Гэхдээ энэ хоёр үгтэй утгаараа яг таг дүйх үг ихэнх хэлэнд байдаггүй ажээ. Тиймээс, чухам ямар утгатайг нь ойлгохын тулд Библид хэрхэн хэрэглэснийг жишээгээр авч үзье.
Номлогчийн үгс 9:10-т «Чиний очих Үхэгсдийн оронд [Шеол] мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй» гэж бичжээ. Тэгвэл үхэгсэд үнэхээр ямар нэг газар оронд очдог гэсэн үг үү? Үгүй ээ. Библийн эх бичигт оршуулгын газрыг шеол, хадес гэдэг үгнээс өөр еврей, грек үгээр хэлдэг (Эхлэл 23:7–9; Матай 28:1) Мөн хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан газрыг болон булш бунхныг шеол гэдэг үгээр бичсэн тохиолдол Библид байдаггүй.
Тэгвэл «Үхэгсдийн орон» гэж чухам юу вэ? Библид бичсэн «Үхэгсдийн орон» буюу «Булш» гэдэг үг бэлгэдлийн утгатай. Жишээ нь, Исаиа 5:14-т «Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн, амаа хязгааргүй ангайлгав» гэж байдаг. Өчнөөн олон хүнийг «залгисан» боловч «одоо боллоо» гэж огт хэлдэггүй (Сургаалт үгс 30:15, 16). Тодорхой тооны хүн нутаглуулаад дүүрчихдэг уулын энгэр газраас ялгаатай нь «Үхэгсдийн орон» хэзээ ч «цаддаггүй» (Сургаалт үгс 27:20). Тэгэхлээр, «Үхэгсдийн орон» гэдэг нь хаа нэгтээ байх бодит газар бус, хүн төрөлхтний нийтийн булш буюу нас барсан ихэнх хүний байдаг бэлгэдлийн газар юм.
«Үхэгсдийн орон» буюу «Булш» гэж юу болохыг илүү сайн ойлгоход нас барагсад амилах тухай Библийн сургаал тусалдаг. «Үхэгсдийн орон» буюу «Булшинд» байгаа хүмүүс амилна гэж Библид бичжээa (Иов 14:13; Үйлс 2:31; Илчлэл 20:13). Бурханд үйлчилж байсан хүмүүсээс гадна Бурханд үйлчилж байгаагүй хүмүүс ч «Үхэгсдийн орон» буюу «Булшинд» очдогийг Библиэс мэдэж болно (Эхлэл 42:38; Дуулал 55:15). Энэ нь «шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна» гэж Библид бичсэнээс харагддаг (Үйлс 24:15).