Утга төгөлдөр залбирал
«Таны суу алдарт нэр магтагдаг!» (НЕХ. 9:5).
1. Энэ өгүүллээр юуны тухай дэлгэрэнгүй авч үзэх вэ? Ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?
«БОСОЦГОО, ЭЗЭН Бурханаа үүрд мөнхөд магт!». Левичүүд Бурхны ард түмнийг цуглуулаад энэ үгийг хэлж, хамтдаа залбирахыг уриалжээ. Тэдний залбирал Библид байдаг урт залбирлуудын нэг юм (Нех. 9:4, 5). Дээрх цугларалт МЭӨ 455 оны тишри (Иудейн 7 дахь сар) сарын 24-ний өдөр болжээ. «Уг үйл явдал сайхан болж өнгөрөхөд левичүүд ямар хувь нэмэр оруулсан бэ? Утга төгөлдөр залбирсан тэднийг хэрхэн дууриах вэ?» гэж бодонгоо дээрх явдлыг дэлгэрэнгүй авч үзье (Дуу. 141:2).
ОНЦГОЙ САР
2. Израильчууд өнөөгийн бидэнд ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?
2 Дээрх үйл явдал болохоос нэг сарын өмнө иудейчүүд Иерусалимын хэрмийг барьж дуусгажээ (Нех. 6:15). Тэд ердөө 52 хоногт багтааж ажлаа дуусгаад, сүнслэг хэрэгцээгээ хангахыг онцгой анхаарах болов. Тишри сарын эхний өдөр ард түмэн Бурхны Хуулийг сонсохоор талбайд цугларчээ. Езра болон левичүүд Бурхны Хуулийг чанга уншиж, тайлбарлаж өгөв Бүх айл өрхийн гишүүн бүр, түүний дотор «ойлгон сонсож чадах бүгд» зогсоод, «өглөө эртээс үд дунд хүртэл» сонссон. Дууриавал зохих ямар сайхан жишээ вэ! Бид Хаанчлалын танхимд тухалж суугаад цуглааны хөтөлбөр сонсдог. Гэтэл заримдаа өөр юм бодчихсон суух үе танд байдаг уу? Тийм бол эртний израильчуудаас суралцаарай. Тэд сонсоод зогсохгүй зүрх сэтгэлээрээ хүлээж авсан. Тэр байтугай, Бурхны Хуулийг сахидаггүй байсандаа гэмшиж уйлсан (Нех. 8:1–9).
3. Израильчууд ямар зааврыг дуулгавартай дагасан бэ?
3 Гэхдээ энэ бол бүх нийтээрээ нүглээ гэмших цаг биш байв. Баярын өдөр учир Ехова ард түмнээ баясаж цэнгээсэй гэж хүссэн (Тоол. 29:1). Тиймд Нехемиа: «Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр бидний Эзэнд ариун юм. Бүү гашууд. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан бол та нарын хүч чадал юм» гэжээ. Ард олон ч түүний үгэнд орсон нь сайшаалтай. Тэр өдөр «том баяр наадам» болжээ (Нех. 8:10–12).
4. Израилийн өрхийн тэргүүнүүд юу хийсэн бэ? Левичүүд Майхан баяраар өдөр бүр яасан бэ?
4 Маргааш нь өрхийн тэргүүнүүд Бурхны Хуулийг ягштал биелүүлэхийн тулд яах хэрэгтэйг нарийвчлан судлахаар цугласан . Тэд Судрыг судалж байхдаа тишри сарын 15-наас эхэлж 22-нд ёслолын чуулганаар өндөрлөдөг Майхан баяр тэмдэглэх ёстойг мэдээд бэлтгэл ажилдаа оржээ Иошуагийн үеэс хойш Майхан баярыг ийм сайхан тэмдэглэж, «их баяр хөөр болж» байсан нь үгүй. Левичүүд баярын «анхны өдрөөс эхлэн эцсийн өдрийг хүртэл өдөр бүр» Бурхны Хуулийг ард олонд уншиж сонсгосон (Нех. 8:13–18).
НҮГЛЭЭ НАМАНЧЛАХ ӨДӨР
5. Левичүүдийг залбирахаас өмнө ард түмэн юу хийсэн бэ?
5 Майхан баяр дууссанаас хойш хоёр өдөр өнгөрөв. Израильчуудын хувьд, Бурхны Хуулийг сахиагүйдээ гэмшиж, нүглээ наманчлахад тохирсон цаг байлаа. Энэ өдөр тэд найрлан цэнгэсэнгүй. Харин гашуудан харамсаж байгаагаа илэрхийлэн мацаг барьж, таар нөмөрчээ. Өглөө нь левичүүд ард олонд Бурхны Хуулийг гурван цагийн турш дахин уншиж сонсгосон. Өдөр нь израильчууд «нүглээ наминчлан, ЭЗЭН Бурхандаа мөргөв» Дараа нь левичүүд ард түмнээ төлөөлж утга төгөлдөр залбирсан (Нех. 9:1–4).
6. Левичүүд ямар учраас утга төгөлдөр залбирсан бэ? Бид үүнээс юу сурч болох вэ?
6 Левичүүд Бурхны Хуулийг байнга уншиж байсан учир тийнхүү утга төгөлдөр залбирсан биз ээ. Эхлээд Еховагийн ажил үйлс, зан чанарыг онцолсон. Эцэст нь Израилийн ард түмний үйлдсэн нүглийг тоочиж, Бурхны «агуу энэрлийг» хүртэх зохисгүйн учрыг тодорхой тайлбарласан (Нех. 9:19, 27, 28, 31). Левичүүдээс бид юу сурч болох вэ? Бурхны Үгийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодох хэрэгтэй. Энэ нь Еховагийн юу хэлэхийг сонсож байгаа хэрэг юм. Ингэдэг бол залбирлын агуулга баяжиж, улмаар утга төгөлдөр залбирдаг болно (Дуу. 1:1, 2).
7. Левичүүд Бурхнаас юу гуйсан бэ? Тэднээс юу сурч болох вэ?
7 Левичүүд Еховад залбирахдаа их энгийн ганцхан юм гуйсныг 32-р зүйлийн сүүлийн хэсгээс мэдэж болно. Тэнд «Одоо, бидний Бурхан болох гэрээгээ болон хайр энэрлээ сахигч агуу, хүчирхэг болоод аймшигт Бурхан минь, Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл биднийг болон манай хаад, ноёд, тахилч нар, эш үзүүлэгчид, өвөг дээдэс ба Таны бүх ард түмний дээр буусан бүх хүнд зовлонг Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!» гэж бичжээ. Энэ бол дууриавал зохих жишээ юм. Еховаг магтаж, талархан залбирсныхаа дараа л гуйж хүсэх юмаа хэлэх учиртай ажээ.
СУУ АЛДАРТ НЭРИЙГ НЬ МАГТСАН
8, 9. а) Левичүүд даруу байсан нь юунаас харагддаг вэ? б) Левичүүд тэнгэрийн ямар хоёр армийг залбиралдаа дурдсан бэ?
8 Левичүүд уран яруу, утга төгөлдөр залбирсан атлаа Еховаг магтахын дээдээр магтаж чадаагүй гэж бодсон нь даруу байсных ажээ. Тийм учраас, Израилийн ард түмний амнаас магтаал сонсохыг Еховагаас гуйж «Таны суу алдарт нэр [тэднээр] магтагдан, бүх ерөөл ба магтаалын дээр өргөмжлөгдөг!» хэмээн залбирсан (Нех. 9:5).
9 Тэгээд цааш нь «Та бол ганцхан ЭЗЭН. Та тэнгэрийг болон тэнгэрүүдийн тэнгэрийг бүх эрхэстэй [«дайчидтай», ШЕ] нь, газрыг ба түүн дээр байгч бүхнийг, тэнгисүүдийг, дотор нь байгч бүхнийг нь бүтээсэн. Та тэр бүхэнд амьдралыг өгсөн ба тэнгэрлэг эрхэс [«тэнгэрийн дайчид», ШЕ] Таны өмнө бөхийдөг» гэж залбирсан (Нех. 9:6). Тийм ээ, Ехова Бурхан бүх орчлонт ертөнцийг, түүний дотор, тоо томшгүй олон галактикийг бүтээсэн. Бас манай үзэсгэлэнт гариг дээрх бүх зүйлийг, өсөж үржих чадвартай амьтай бүхнийг бий болгосон. Энэ бүгдийг «тэнгэрийн дайчид» буюу Бурхны ариун тэнгэр элчүүд харж байсан (Х.дээд 22:19; Иов 38:4, 7). Даруу зантай тэд «авралыг өвлөх» нүгэлт хүмүүст үйлчилж Бурхны таалалд нийцүүлдэг (Евр. 1:14). Еховадаа эв нэгдэлтэй үйлчилдэг биднийг ч бас дайчид гэж хэлж болно. Бид тэнгэр элчүүдийг дууриаж даруу байх учиртай (1 Кор. 14:33, 40).
10. Бурхан Абрахамын төлөө юу хийсэн бэ? Бид юу сурах хэрэгтэй вэ?
10 Левичүүд цааш нь залбирахдаа 99 настай Абрамын төлөө Ехова юу хийснийг дурдсан. Эхнэр Сараи нь нэг ч хүүхэд төрүүлээгүй атал «тоо томшгүй олон үндэстний өвөг» гэсэн утгатай Абрахам гэдэг нэрийг Абрамд хайрлажээ (Эх. 17:1–6, 15, 16). Түүгээр зогсохгүй, үр удамд нь Канаан нутгийг өвлүүлэхээ амласан. Хүн амласнаа мартдаг бол, Ехова хэзээ ч мартдаггүй. Үүнийг левичүүд залбиралдаа дурдан: «Та бол Абрамыг сонгож, түүнийг халдеичуудын Ураас гаргаж, түүнд Абрахам гэдэг нэрийг өгсөн ЭЗЭН Бурхан юм. Та түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олоод, канаанчуудын ... газрыг түүнд, түүний үр удамд өгөхөөр гэрээг байгуулсан. Та Өөрийн амлалтаа биелүүлсэн. Учир нь Та зөвт юм» гэжээ (Нех. 9:7, 8). Бид ч бас Бурхнаа дууриан хэлсэн үгэндээ ямагт хүрдэг байх учиртай (Мат. 5:37).
ЕХОВА АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ГАЙХАМШИГТ ҮЙЛС БҮТЭЭСЭН
11, 12. Еховагийн нэр ямар утгатай вэ? Ийм нэртэй байх зохистой Нэгэн гэдгээ хэрхэн баталсан бэ?
11 Ехова гэдэг нэр «Тэр болгодог» гэсэн утгатай. Амлалтаа биелүүлэхийн төлөө зогсолтгүй ажилладаг гэсэн үг. Үүний нэг тод жишээ бол Ехова Абрахамын үр удам болох Израилийн ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлсэн явдал юм. Египетэд боолчлогдож байхад нь Бурхан тэднийг чөлөөлж, Амласан газарт оршин суулгахаа амлажээ. Тэр үед энэ нь боломжгүй мэт байв. Гэсэн ч Бурхан амласандаа хүрэхийн тулд шаардлагатай бүхнийг хийсэн. Ийнхүү Ехова хэмээх хосгүй бөгөөд гайхамшигт нэртэй байх зохистой Нэгэн гэдгээ баталсан.
12 Левичүүд Еховагийн тухай залбирахдаа «Та Египетэд манай өвөг дээдсийн зовлонг үзэж, Улаан тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг сонссон. Тэгээд та Фараоны эсрэг болон түүний бүх зарц, түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн. Учир нь тэд манай өвөг дээдэст омгорхон хандахыг Та мэдсэн бөгөөд энэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв. Та тэдний өмнө тэнгисийг хувааж, тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн. Тэднийг нэхэгчдийг та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан» гэснийг Нехемиа бичиж тэмдэглэсэн байдаг. Ехова ард түмнийхээ төлөө өөр юу хийснийг цааш нь «Та тэдний өмнө тэр газрын оршин суугчид болох канаанчуудыг дарав. ... Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв. Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн, зассан нөөцлүүрүүд, усан үзмийн төглүүд, чидуны төглүүд, жимсний моддыг элбэг дэлбэгээр тэд эзэмшив. Тиймээс тэд идэцгээж, таргалцгаасан ба Таны агуу сайн сайханд баясав» хэмээжээ (Нех. 9:9–11, 24, 25).
13. Ехова израильчуудын сүнслэг хэрэгцээг хэрхэн хангасан бэ? Тэд хожим нь яасан бэ?
13 Ехова санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өөр олон юм хийсэн. Жишээ нь, израильчуудыг Египетээс гараад удаагүй байхад сүнслэг хэрэгцээг нь хангасан. Үүнийг левичүүд дурсаж «Та Синаи уулан дээр бууж ирэн, тэдэнтэй тэнгэрээс ярьсан. Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг, сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн» хэмээн залбирчээ (Нех. 9:13). Израильчууд Бурхны сонгосон ард түмэн болж, Амласан газрыг эзэмших гэж байлаа. Тийм учраас, биеэ зохистой авч яван, ариун нэрээр нь дуудуулахын тулд яах ёстойг Ехова тэдэнд зааж өгчээ. Гэвч тэд заалгасан бүхнээ удалгүй мартсан (Нехемиа 9:16–18-ыг уншина уу).
ИЗРАИЛЬЧУУДЫГ САХИЛГАЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙСАН
14, 15. а) Ехова израильчуудыг хэрхэн өршөөсөн бэ? б) Бурхан сонгож авсан ард түмэндээ хэрхэн хандаж байснаас нь бид юу ойлгох хэрэгтэй вэ?
14 Израильчууд Бурхны Хуулийг сахин мөрдөхөө Синаи уулын бэлд байхдаа амласан ч удалгүй хоёр ноцтой нүгэл үйлдсэнийг левичүүд залбиралдаа дурджээ. Израильчууд үхэх ял авахаар нүгэл үйлдсэн ч Ехова тэднийг өршөөн энэрч, хэрэгцээг нь хангасаар байсан. Левичүүд Еховаг магтан «Та Өөрийн агуу энэрлээр тэднийг цөлд орхисонгүй. ... Цөлд дөчин жилийн турш Та тэдний төлөө бэлтгэсэн ба тэд эс гачигдав. Тэдний хувцас нь элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй» хэмээн залбирчээ (Нех. 9:19, 21). Өөрт нь үнэнч үйлчлэхэд шаардагдах бүхнийг Ехова бидэнд бас өгдөг. Итгэлгүй, дуулгаваргүй байснаасаа болж цөлд үхэцгээсэн олон мянган израильчуудтай адилхан болохыг бид яасан ч хүсэхгүй. Тэдний муу жишээг «энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ» (1 Кор. 10:1–11).
15 Израильчууд Амласан газар луу орсныхоо дараа Еховад үнэнч байхаа больсон нь тоогүй. Садар самуун явдлыг өөгшүүлдэг, үр хүүхдээ амьдаар нь тахил болгож өргөдөг канаанчуудын бурхдыг шүтэх болжээ. Тиймд Ехова ард түмнээ хөрш үндэстнүүдээс нь хамгаалахаа больсон. Харин гэмшихэд нь энэрэн уучилж, дайснуудаас нь авардаг байсан. Ийм явдал «олон удаа» давтагджээ (Нехемиа 9:26–28, 31-ийг уншина уу). Левичүүд: «Та тэднийг олон жил хүлцэж, Өөрийн Сүнсээр, Өөрийн эш үзүүлэгчдээр дамжуулан ятгасан ч тэд чих тавьсангүй. Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв» хэмээн залбирсан (Нех. 9:30).
16, 17. а) Израильчууд цөллөгөөс буцаж ирснийхээ дараа дуулгаваргүй загнаад юу амссан бэ? б) Израильчууд юуг хүлээн зөвшөөрсөн бэ? Юу гэж тангарагласан бэ?
16 Вавилонд цөлөгдсөн израильчууд нутагтаа буцаж ирснийхээ дараа өвөг дээдсийнхээ адил дуулгаваргүй загнах болжээ. Тэгээд юу болсныг левичүүдийн залбирлаас мэдэж болно. Тэд: «Үзэгтүн, бид өнөөдөр боолууд мөн. Жимсийг идүүлж, шимийг нь хүртээхээр манай өвөг дээдэст Таны өгсөн газрын хувьд гэвэл, харагтун, бид түүн дээр боолууд байна. Бидний нүглээс болж түүний элбэг дэлбэг үр жимс нь бидний дээр Таны тавьсан хаадынх болов. ... Тиймээс бид үлэмж зовлонд байна» гэж залбирчээ (Нех. 9:36, 37).
17 Ард түмэндээ шударга бус хандаж, дарлал зовлон үзэхэд нь туслаагүй гэж левичүүд Бурхныг буруутгасан уу? Огтхон ч үгүй! Харин ч, «Бидэн дээр буусан бүхэнд Та шударга юм. Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал харин бид хорон муугаар үйлдсэн» хэмээн буруугаа хүлээн зөвшөөрсөн (Нех. 9:33). Нүглээ наманчилсан энэ залбирлынхаа төгсгөлд Израилийн ард түмэн цаашдаа Бурхны Хуулийг сахин биелүүлнэ гэж тангарагласан байдаг (Нехемиа 9:38-ыг уншина уу; 10:29). Тангаргаа баталгаажуулан баримт бичиг үйлдэж, Иудейн 84 удирдагч тамгаа даржээ (Нех. 10:1–27).
18, 19. а) Бурхны шинэ ертөнцөд амьдаръя гэвэл яах хэрэгтэй вэ? б) Юуны тухай байнга залбирах хэрэгтэй вэ? Яагаад?
18 Шинэ ертөнцөд амьдрах зохистой хүн болохын тулд Еховагийн зэмлэл, сануулга, удирдлага зааврыг дургүйцэлгүй хүлээж авах хэрэгтэй. «Эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна?» гэж элч Паул асуусан байдаг (Евр. 12:7). Тушаал зааврыг нь дуртайяа дагаж, үнэнч үйлчилсээр байвал Еховагаар заалгаж, удирдуулахыг хүсэж байгаа хэрэг юм. Ноцтой нүгэл үйлдсэн ч чин сэтгэлээсээ гэмшиж, сахилгажуулахад нь дургүйцэхийн оронд алдаа дутагдлаа засвал Ехова уучилна гэдгийг мартах учиргүй.
19 Ехова израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлөхдөө олон гайхамшиг үйлдэж нэрээ алдаршуулсан. Удахгүй үүнээс ч агуу зүйлийг хийж өөрийгөө өргөмжлөн, нэрээ ариусгана (Езе. 38:23). Эртний ард түмэн нь Амласан газрыг өвлөсний адил өөрт нь үнэнч бүх христиан шинэ ертөнцийг өвлөнө (2 Петр 3:13). Ийм гайхалтай ирээдүйг хүлээнгээ Бурхны «суу алдарт нэр» ариусах тухай залбирсаар байя. Дараагийн өгүүллээр өөр нэг залбирлын тухай авч үзнэ. Бурхны ивээлийг одоо төдийгүй үүрд мөнхөд хүртэхийн тулд яах ёстойг тэр залбирлаас мэдэж авна.