Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бх бүлэг 3 х. 25-35
  • Бурхны хайрладаг хүмүүсийг хайрлагтун

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны хайрладаг хүмүүсийг хайрлагтун
  • «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БУРХАН ЯМАР ХҮНИЙГ ХАЙРЛАДАГ ВЭ?
  • СУРГАМЖТАЙ ЖИШЭЭ
  • ДОТНЫН НӨХРӨӨ СОНГОХ НЬ
  • МАРГААН ГАРАХАД
  • АНДЫН ХОЛБООГОО ТАСЛАХ НЬ
  • Бурхныг хайрладаг хүмүүстэй нөхөрлөе
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Сэтгэл нэгтэй хоёр
    Итгэлийн жишээ
  • Еховад үнэнчээ батлаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Хайраа гээсэн ертөнцөд андын холбоогоо зузаатгагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
бх бүлэг 3 х. 25-35
[33-р хуудасны зураг]

БҮЛЭГ 3

Бурхны хайрладаг хүмүүсийг хайрлагтун

«Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно» (СУРГААЛТ ҮГС 13:20).

1–3. а) Няцаахын аргагүй ямар үнэнийг Библид бичсэн байдаг вэ? б) Яавал сайн жишээ үзүүлдэг анд нөхөдтэй болох вэ?

ХӨВӨН ус шингээхдээ амархан байдаг шиг хүн ойр дотнынхоо хүмүүсийн ааш авир, үзэл бодол, дадал зуршлыг амархан дуурайдаг. Бүр өөрөө ч мэдэлгүй дуурайх нь бий.

2 Библид: «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» гэж бичсэн нь няцаахын аргагүй үнэн юм (Сургаалт үгс 13:20). Энд жирийн нэг харьцаанаас өөр харьцааг хэлжээ. «Хамт явах» гэдэг үг нь байнгын харьцаа холбоог хэлдэг аж.a Нэгэн бүтээлд энэ зүйлийг тайлбарлан: «Хүнтэй хамт явах гэдэг нь тэр хүнээ хайрлаж, дотносон нөхөрлөх гэсэн утгатай» гэж бичжээ. Ер нь, хүн хайртай хүнээ дуурайдаг биз дээ? Хүн хайртай хүнтэйгээ байнга харьцаж, дотно байдаг учир сайныг нь ч, мууг нь ч шингээж авдаг.

3 Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихын тулд сайн жишээ үзүүлдэг хүмүүстэй нөхөрлөх нь амин чухал. Үүний тулд яах хэрэгтэй вэ? Товчхон хэлбэл, Бурхны хайрладаг хүмүүсийг хайрлаж, тэднийг анд нөхдөө болгох хэрэгтэй. Ехова Бурханд таалагдах зан чанар хөгжүүлж, анд нөхөр нь болсон хүнээс илүү сайн найз бидэнд олдохгүй шүү дээ. Тиймээс, Бурхан ямар хүнийг хайрладгийг ярилцъя. Еховагийн үзэл бодлыг ойлговол найзаа зөв сонгож чадна.

БУРХАН ЯМАР ХҮНИЙГ ХАЙРЛАДАГ ВЭ?

4. Еховаг анд нөхдөө сонгох эрхтэй гэж үзэхийн учир юу вэ? Ехова яагаад Абрахамыг «миний найз» гэсэн бэ?

4 Ехова найз нөхдөө их ул суурьтай сонгодог. Тэгэх ч эрхтэй. Ехова Бурхан бол орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн учраас түүнтэй нөхөрлөх нь хамгийн эрхэм завшаан юм. Тэгвэл Ехова ямар хүнийг анд нөхрөө болгодог вэ? Өөрт нь бүрэн найдаж, бат итгэдэг хүмүүстэй дотносон нөхөрлөдөг. Бат итгэлийн гайхамшигтай жишээ үзүүлсэн Абрахамыг санацгаая. Эцэг хүнд хүүгээ золиослох шиг хэцүү юм байхгүй болов уу.b Гэхдээ Абрахам «Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай» гэдэгт бат итгэж байсан тул хүү «Исаакийг тахил болгон өргөсөн» (Еврей 11:17–19). Ехова Абрахамыг ийм итгэлтэй, дуулгавартай байсанд нь ихэд элгэмсэг хандан, «миний найз» гэж хэлжээ (Исаиа 41:8; Иаков 2:21–23).

5. Ехова үнэнч, дуулгавартай хүмүүст хэрхэн ханддаг вэ?

5 Ехова өөрт нь дуулгавартай, чин үнэнч үйлчилдэг хүмүүсийг өндөр үнэлж, хайрладаг. Хайрын сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүст Бурхан маш их баярладгийг бид энэ номын 1-р бүлгээс мэдэж авсан. «Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм» гэж Сургаалт үгс 3:32-т байдаг. Хуулийг нь үнэнчээр биелүүлдэг хүмүүсийг Ехова «асартаа» урьдаг. Өөрөөр хэлбэл, өөрийг нь шүтэж, хүссэн үедээ залбирах эрх өгдөг (Дуулал 15:1–5).

6. Есүсийг хайрладгаа харуулах ямар ямар арга байдаг вэ? Хүүд нь хайртай хүмүүст Ехова хэрхэн ханддаг вэ?

6 Ехова цорын ганц Хүү Есүст нь хайртай хүмүүсийг хайрладаг. Есүс: «Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн рүү очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна» гэж хэлсэн (Иохан 14:23). Есүст хайртайгаа харуулах нэг арга бол бүх тушаалыг нь, тэр дундаа, сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх тушаалыг биелүүлэх явдал юм (Матай 28:19, 20; Иохан 14:15, 21). Бас төгс бус ч гэлээ чадлынхаа хэрээр Есүсийн үг яриа, үйл хэргийг дуурайж, «мөрөөр [нь] дагавал» хайртайгаа харуулна (1 Петр 2:21). Хүүг нь хайрладаг учраас зам мөрөөр нь дагахыг хичээдэг хүмүүст Ехова баярладаг.

7. Еховагийн анд нөхөдтэй нөхөрлөх нь яагаад ухаалаг хэрэг болох вэ?

7 Ехова өөрт нь итгэдэг, үнэнч, дуулгавартай, бас Есүсийг хайрладаг, дуурайдаг хүнийг анд нөхрөө болгодог. Тэгэхлээр, бид дор бүрнээ «Миний дотнын найзууд ийм зан чанартай юу? Би Еховагийн анд нөхдийг найзаа болгосон уу?» гэж асуугаад, бодох хэрэгтэй. Бурхны анд нөхөдтэй үерхэж нөхөрлөх нь ухаалаг хэрэг мөн. Бурханд таалагддаг зан чанар хөгжүүлж, Хаанчлалын тухай сайн мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг хүмүүс бидэнд сайн жишээ болж, Бурханд таалагдаж амьдрах зорилгодоо хүрэхэд тусална (29-р хуудсанд байгаа «Сайн найз гэж хэнийг хэлэх вэ?» гэдэг хавсралтыг үзнэ үү).

САЙН НАЙЗ ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ?

Библийн зарчим: «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» (Сургаалт үгс 17:17).

Дараах асуултыг бодож үзнэ үү

  • Миний найзууд Ехова Есүс хоёрын анд нөхөд мөн үү? (Иохан 15:14, 16; Иаков 2:23).

  • Сайн зуршилтай болоход минь найзууд маань тусалдаг уу? (1 Коринт 15:33).

  • Миний найзууд шаардлагатай үед намайг засаж залруулан хайртайгаа харуулдаг уу? (Дуулал 141:5; Сургаалт үгс 27:6).

  • Би өөрөө сайн найз мөн үү? Үг яриа, үйл хэрэг минь юу харуулдаг вэ? (Сургаалт үгс 12:18; 18:24; 1 Иохан 3:16–18).

СУРГАМЖТАЙ ЖИШЭЭ

8. а) Наоми Рут хоёр, б) гурван еврей залуу, в) Паул Тимот нарын үерхэл нөхөрлөлийн юу нь танд сайхан санагддаг вэ?

8 Найз нөхдөө ухаалгаар сонгохын ач тусыг үзсэн олон хүний жишээг Библиэс мэдэж болно. Наоми болон түүний бэр Рут, Вавилонд байхдаа бие биедээ түшиг тулгуур болж байсан гурван еврей залуу, Паул Тимот нарын тухай Библид байдаг (Рут 1:16; Даниел 3:17, 18; 1 Коринт 4:17; Филиппой 2:20–22). Одоо, үнэнч нөхөрлөлийн хосгүй жишээ үзүүлсэн Давид Ионатан хоёрын талаар дэлгэрэнгүй ярилцъя.

9, 10. Давид Ионатан хоёрын үнэнч нөхөрлөлийн үндэс суурь юу байсан бэ?

9 Давид дайсны цэрэг Голиатыг устгасанд «Ионатаны сэтгэл Давидын сэтгэлтэй нийцэв. Ионатан Давидыг өөрийн адил хайрлалаа» гэж Библид бичжээ (1 Самуел 18:1). Тэд олон насны зөрүүтэй байсан боловч тэр цагаас хойш үнэнч андууд болцгоож, Ионатаныг дайны талбарт амиа алдтал сайхан нөхөрлөсөн юмc (2 Самуел 1:26). Тэдний үнэнч нөхөрлөлийн үндэс суурь юу байсан бэ?

10 Давид Ионатан хоёрын хэн хэн нь Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаг, Бурханд үнэнч байхыг хүсдэг байсан учир дотносон нөхөрлөжээ. Ингэхлээр, тэднийг Бурханд таалагдах гэсэн хүсэл нь нэгтгэж байж. Тэр хоёр бие биеийнхээ сайхан чанарыг үнэлдэг байсан. Ионатан Еховагийн нэрийг эрэлхгээр хамгаалж тулалдсан залуугийн эр зориг, хичээл зүтгэлийг биширсэн биз ээ. Давид ч Еховагийн шийдвэрийг үнэнчээр дэмжиж, өөрийнх нь эрх ашгийг амин хувийнхаа эрх ашгаас дээгүүр тавьсан ахмад хүнийг хүндэтгэсэн нь гарцаагүй. Давидыг Ионатаны эцэг Саул хаанаас арга буюу зугтан, цөлд байхад нь юу болсныг санацгаая. Анд нөхрөө тийн зовж явахад нь Ионатан өөрийн санаачилгаар «очиж, Бурхны дотор Давидыг зоригжуулан» үнэнч нөхөр нь болохоо баталсан (1 Самуел 23:16). Дотнын найз нь сэтгэл санааг нь дэмжсэнд Давид яасан их баярлаа бол!d

11. Ионатан Давид хоёрын жишээ танд ямар сургамжтай вэ?

11 Ионатан Давид хоёрын жишээ ямар сургамжтай вэ? Найзуудын хувьд нийтлэг байх ёстой хамгийн гол зүйл бол Бурхантай тогтоосон дотно харьцаагаа эрхэмлэн үнэлдэг байх явдал гэдэг нь харагдаж байна. Итгэл үнэмшил, баримталдаг зарчим, Бурханд үнэнч байх хүслийг маань ойлгодог, сүнслэг бодолтой хүнтэй нөхөрлөвөл сэтгэл санаагаа хуваалцаж, туршлагаа солилцож, харилцан бие биеэ урамшуулан зоригжуулна (Ром 1:11, 12). Тийм хүнийг итгэл нэгтнүүдийнхээ дундаас л олж болно. Гэхдээ цуглаанд ирдэг хүн болгон сүнслэг бодолтой гэсэн үг биш ээ.

ДОТНЫН НӨХРӨӨ СОНГОХ НЬ

12, 13. а) Христиануудын дундаас ч найз нөхөд сонгохдоо ухаалаг байх хэрэгтэйн учир юу вэ? б) Нэгдүгээр зууны хурлуудад ямар бэрхшээл гарч байсан бэ? Паул юунаас сэрэмжлүүлсэн бэ?

12 Сүнслэг бодолтой хүнтэй нөхөрлөе гэвэл хурал дотроосоо ч найз нөхөд сонгохдоо ухаалаг байх хэрэгтэй. Үүний учрыг нэг жишээгээр тайлбарлая. Нэг л модонд ургаж байгаа жимсний зарим нь түргэн боловсорсон байхад зарим нь удаан боловсордог шиг христиан хурлын зарим гишүүн сүнслэгээр удаан төлөвшдөг. Тэгэхлээр, аль ч хуралд сүнслэг талаараа харилцан адилгүй өссөн христианууд байх нь ойлгомжтой (Еврей 5:12–6:3). Тиймээс, бид шинэ болон сул хүмүүст тэвчээртэй хандаж, тэднийг хайрлан сүнслэгээр өсөхөд нь туслахыг хүсдэг (Ром 14:1; 15:1).

13 Христиануудын дунд дотно нөхөрлөхөд зохисгүй хүмүүс байж болох юм. Учир нь зохисгүй явдалд орооцолддог, эсвэл юм бүхнээс өө хайдаг хүмүүс хуралд мэр сэр байдаг. Нэгдүгээр зууны христиануудын дунд ч тийм хүмүүс байсан. Хурлын ихэнх гишүүн үнэнч байхад зарим нь христиан хүнд зохисгүй юм хийдэг болжээ. Жишээ нь, Коринт хотын хурлын зарим хүн христиан сургаалын заримыг баримтлахаа болиход элч Паул бусдад нь: «Бүү мэхлэгд. Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» хэмээн сэрэмжлүүлсэн (1 Коринт 15:12, 33). Бас Тимотыг биеэ зөв авч явдаггүй христиануудаас сэрэмжлүүлээд, тэднээс «өөрийгөө ... цэвэрлэх» буюу тэдэнтэй дотносож нөхөрлөхгүй байхыг захисан (2 Тимот 2:20–22).

14. Паулын зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

14 Паулын зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Христиан хурлын гишүүн мөн  ч бай, биш  ч бай, муу нөлөө үзүүлэх хэнтэй ч дотносон нөхөрлөхөөс зайлсхийх хэрэгтэй (2 Тесалоник 3:6, 7, 14). Бид Еховатай тогтоосон харьцаагаа хамгаалах ёстой. Хөвөн ус шингээмтгий байдгийн адил хүн ойр дотнынхоо хүмүүсийн үзэл бодол, дадал зуршлыг амархан дуурайдаг. Бохир ус шингэсэн хөвөнгөөс цэвэр ус гардаггүй шиг муу жишээ үзүүлдэг хүнээс сайн юм сурахгүй нь лавтай (1 Коринт 5:6).

Сайн найз нөхөд итгэл нэгтнүүдийн дундаас олддог

15. Сүнслэг бодолтой хүмүүсийг олж нөхөрлөхийн тулд яах хэрэгтэй вэ?

15 Итгэл нэгтнүүдийнхээ дундаас сайн нөхөр олох боломж үнэхээр бий (Дуулал 133:1). Сүнслэг бодолтой хүнийг яаж олох вэ? Бурханд таалагддаг зан чанар хөгжүүлж, биеэ зөв авч явдаг болбол сүнслэг бодолтой хүмүүс танд аяндаа татагдана. Үүний зэрэгцээ та өөрөө ч санаачилга гаргах нь зүйтэй (30-р хуудасны «Сайн найзтай болсон минь» гэдэг хавсралтыг үзнэ үү). Та өөртөө хөгжүүлэхийг хүсдэг тийм зан чанартай хүмүүсийг хайгаарай. Итгэл нэгтнүүдээ арьс өнгө, яс үндэс, хэл соёлоор нь ялгахгүйгээр үерхэж нөхөрлөхийн тулд «өргөнөөр нээлттэй бай» хэмээсэн Библийн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй (2 Коринт 6:13; 1 Петр 2:17). Үе тэнгийнхнээсээ гадна насаар ах хүмүүстэй ч нөхөрлөж болно шүү дээ. Ионатан Давидаас олон насаар ах байсныг сана даа. Насаар ах хүмүүс амьдралын туршлага, мэргэн ухаанаараа нөхөрлөлийг чимдэг юм.

«САЙН НАЙЗТАЙ БОЛСОН МИНЬ»

«Хурал дотроосоо найзтай болох надад эхэндээ хэцүү байсан. Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон юм. Дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцон тэвчээр сууж, өөрийгөө золиосолж, бусдыг хайрлаж сурахын хэрээр тийм зан чанартай хүмүүс татагддаг юм билээ. Одоо би олон сайн найзтай болсон» гэж Шивани гэдэг Гэрч ярьсан юм.

«Би хурал дотроосоо найзтай болохсон гэж залбирдаг байлаа. Гэсэн ч Бурхан залбиралд минь хариулахгүй байгаа юм шиг санагддаг байв. Гэхдээ найз нөхөдтэй болохын тулд ямар ч санаачилга гаргахгүй байгаагаа хожим ухаарсан юм. Тэгээд залбирсныхаа дагуу арга хэмжээ авсан бөгөөд Еховаг залбиралд минь хариулж байгааг мэдрэх болсон» гэж Райен гэдэг Гэрч ярьсан.

МАРГААН ГАРАХАД

16, 17. Итгэл нэгтэндээ гомдсон ч, хурлаасаа хөндийрөх ёсгүйн учир юу вэ?

16 Хурлын гишүүдийн зан чанар, төрж өссөн орчин зэрэг нь харилцан адилгүй учир хоорондоо таарч тохирохгүй үе гарахыг үгүйсгэх аргагүй. Итгэл нэгтэн маань үг юм уу үйлдлээрээ биднийг гомдоож болох юм (Сургаалт үгс 12:18). Заримдаа ааш зангийн ялгаа, бие биеэ буруу ойлгох, эсвэл санал зөрөлдөх зэргээс болж маргаж муудалцдаг. Ингэлээ гээд бүдэрч, хурлаасаа холбоогоо таслах уу? Еховаг болон Еховагийн анд нөхдийг чин сэтгэлээсээ хайрладаг хүн хэзээ ч тийм юм хийхгүй.

17 Ехова Бүтээгч, амийг Тэтгэгч учир бид түүнийг хайрлаж, чин үнэнч байх ёстой (Илчлэлт 4:11). Бас санаа зорилгоо биелүүлэхдээ ашигладаг христиан хурлыг нь дэмжих учиртай (Еврей 13:17). Тиймд, итгэл нэгтэндээ гомдлоо гээд туньж тунирхан хурлаасаа хөндийрөх ёсгүй. Учир нь Ехова биднийг гомдоогоогүй шүү дээ. Тиймээс Бурхныг хайрладаг хүн Бурхнаасаа ч, ард түмнээс нь ч нүүр буруулдаггүй (Дуулал 119:165).

18. а) Хурлынхаа эв нэгдлийг хадгалахад хэрхэн хувь нэмэр оруулах вэ? б) Уучилж өршөөх үндэс байвал уучлах нь ямар ач тустай вэ?

18 Итгэл нэгтнүүдээ хайрладаг хүн хурлынхаа эв нэгдлийг хадгалахыг хичээдэг. Ехова үйлчлэгчдээсээ төгс байхыг шаарддаггүй тул бид ч шаардах учиргүй. Бусдыг хайрладаг хүн бүх хүний төгс бусыг санаж, гаргасан алдаа дутагдлыг нь дөвийлгөдөггүй (Сургаалт үгс 17:9; 1 Петр 4:8). Бас бусдыг үргэлж дуртайяа «уучилдаг» (Колоссай 3:13). Энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхэд амаргүй нь үнэн. Заримдаа гомдсон хүн нөгөөгөө хашрааж шийтгэх зорилгоор уур хорслоо хадгалж явдаг. Гэвч энэ нь өөрт нь л хор болдог. Уучилж өршөөх үндэс байвал уучлах нь их тустай (Лук 17:3, 4). Ухаан бодол уужран, сэтгэл санаа тайвширч, хурлын эв нэгдэл зузаарч, хамгийн гол нь, Еховатай тогтоосон харьцаа бэхэждэг (Матай 6:14, 15; Ром 14:19).

АНДЫН ХОЛБООГОО ТАСЛАХ НЬ

19. Ямар ямар хүнээс харьцаагаа таслах хэрэгтэй вэ?

19 Хурлын гишүүн байсан хүнээс харьцаагаа таслах шаардлага гардаг нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, Бурхны хуулийг зөрчөөд гэмшээгүйн улмаас хурлаас хасагдсан, хуурамч сургаал зааж, итгэл үнэмшлээсээ няцсан юм уу Еховагийн Гэрч байхаа сайн дураараа больсон хүмүүсээс бид харьцаагаа тасалдаг. «Тийм хүнтэй холбогдож болохгүй» гэж Библид тодорхой бичсэн байдагe (1 Коринт 5:11–13; 2 Иохан 9–11). Урьд нь дотносон нөхөрлөж явсан найз юм уу хамаатан садантайгаа харьцахаа болино гэдэг үнэхээр амаргүй. Гэхдээ бид энэ зарчмыг чанд баримталбал Ехова Бурханд үнэнчээ, тогтоосон хэм хэмжээг нь тууштай сахидгаа харуулна. Ехова өөрт нь үнэнч, дуулгавартай хүнийг өндөр үнэлдгийг бүү мартаарай.

20, 21. а) Хурлаас хасах арга хэмжээг хайрын сэтгэлээр авдаг гэж үзэхийн учир юу вэ? б) Найз нөхдөө ухаалгаар сонгох нь ямар учраас амин чухал бэ?

20 Нарийн яривал, хурлаас хасах гэдэг нь Еховагийн санаачилсан, хайрын арга хэмжээ юм. Гэмшдэггүй нүгэлтнийг хурлаас хасаж байгаа нь Еховагийн ариун нэр, тогтоосон хэм хэмжээ болон Еховад хамаатай бүх зүйлийг хайрлаж байгаа хэрэг (1 Петр 1:15, 16). Бас хурлыг аюулгүй байлгах арга юм. Үүний дүнд, үнэнч христианууд санаатайгаар нүгэл үйлддэг хүний муу нөлөөнөөс хамгаалагдаж, христиан хурлаа ёс бус ертөнцөөс найдвартай хамгаалдаг хоргодох газар мөн гэсэн бат итгэлтэйгээр Бурхандаа үйлчлэх боломж бүрддэг (1 Коринт 5:7; Еврей 12:15, 16). Сахилга батын энэхүү хатуу арга хэмжээ нь нүгэлтнийг ч бас хайрлаж байгаа хэрэг бөгөөд хийсэн хэргээ ухаарч, дахин Еховад үйлчлэхийн тулд өөрийгөө засаж залруулах алхам хийхэд нь түлхэц болж болох юм (Еврей 12:11).

21 «Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол» гэдэг. Тиймээс, найз нөхдөө ухаалгаар сонгох нь амин чухал юм. Еховагийн анд нөхөдтэй дотносон нөхөрлөж, тэднийг хайрладаг болбол хамгийн сайн нөхөдтэй боллоо гэсэн үг. Тэднээс сурч мэдэх зүйл маань Еховад таалагдаж амьдрах гэсэн зорилгодоо хүрэхэд тусална.

a Энэ зүйлд «хамт явах» гэж орчуулсан еврей үгийг «анд найзууд», «нийлэх» гэх зэргээр хөрвүүлсэн байдаг (Шүүгчид 14:20; Сургаалт үгс 22:24).

b Ехова хүүгээрээ тахил өргөхийг Абрахамд тушаасан нь хожим нь өөрөө цорын ганц Хүүгээ золиос болгон өгөхөө үлгэрлэн харуулсан хэрэг байжээ (Иохан 3:16). Абрахамыг хүү Исаакаа тахил болгон өргөдгийн даваан дээр Ехова болиулж, оронд нь «эр хониор» тахил өргүүлэхээр болсон (Эхлэл 22:1, 2, 9–13).

c Давид Голиатыг алах үедээ «залуу», харин Ионатаныг нас барахад 30 орчим настай байв (1 Самуел 17:33; 31:2; 2 Самуел 5:4). Ионатан 60 орчим насандаа алагдсаныг бодож үзвэл Давидаас бараг 30 насаар ах байжээ.

d 1 Самуел 23:17-г үзвэл Ионатан Давидыг зоригжуулан: 1) Айж хулчийхгүй байхыг зөвлөсөн. 2) Саул хааны төлөвлөгөө бүтэлгүйтнэ гэсэн. 3) Бурхны амласан ёсоор хаан болохыг нь сануулсан. 4) Үнэнч байхаа андгайлсан. 5) Давидад үнэнч гэдгийг нь эцэг Саул нь ч мэдэж байгааг хэлсэн.

e Хурлаас хасагдсан болон Еховагийн Гэрч байхаа сайн дураараа больсон хүмүүст хэрхэн хандах талаар 207–209-р хуудасны хавсралтыг үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах