Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бх х. 212-х. 215
  • Туг далбаа, сонгууль, дүйцүүлэх алба

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Туг далбаа, сонгууль, дүйцүүлэх алба
  • «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Ижил төстэй материал
  • Еховагийн Гэрчүүд яагаад үндсэрхэг үзэл илэрхийлсэн ёслолд оролцдоггүй вэ?
    Еховагийн Гэрчүүдийн талаар байнга тавьдаг асуулт
«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
бх х. 212-х. 215

ХАВСРАЛТ

Туг далбаа, сонгууль, дүйцүүлэх алба

Туг далбаанд хүндэтгэл үзүүлэх. Еховагийн Гэрчүүд төрийн дуулал эгшиглэхэд туг далбаанд мөргөж, хүндэтгэл үзүүлэхийг хүмүүс болон хүний төр засаг, байгууллагыг аврагч хэмээн үзэж, шүтэн мөргөж байгаа хэрэг гэж тооцдог (Исаиа 43:11; 1 Коринт 10:14; 1 Иохан 5:21). Эртний Вавилоны Небухаднезар хаан сүр жавхлан, сүсэг бишрэлээ олон түмэнд харуулах зорилгоор нүсэр том хөрөг баримал бүтээлгээд, төрийн дуулал адил хөгжим эгшиглүүлж, харьяат албатуудаа тэр барималд сөгдөж мөргөхийг тушаажээ. Гэсэн ч Бурханд үнэнч Шадрах, Мешах, Абед-него гэдэг гурван еврей залуу үхлийн ял авахаа мэдэж байсан хэр нь тэр тушаалыг биелүүлээгүй юм («Даниел» номын 3-р бүлэг).

Орчин үед «төрийн далбаа нь үндсэрхэх үзлийн гол бэлгэ тэмдэг, шүтлэгийн гол зүйл болжээ. ... Төрийн далбаа мандуулахад эрчүүд малгайгаа авдаг. Яруу найрагчид далбааг магтан шүлэг зохиол туурвиж, хүүхдүүд магтуу дуулдаг» гэж түүхч Карлтон Хейс бичжээ. Түүний хэлснээр, аль ч шашинд «бэлгэт сайн өдөр», «хутагт гэгээнтнүүд», «сүм хийд» гэж байдаг шиг үндсэрхэх үзэлд ч бас тийм ойлголт (тухайлбал, Монголд 11-р сарын 26-нд Улс тунхагласан өдрийг тэмдэглэдэг) байдаг ажээ. Бразилийн цэргийн албаны нэгэн дээд тушаалтан: «Хүмүүс эх орноо шүтдэг шиг ... төрийн далбааг шүтдэг болжээ» гэж нэг тэмдэглэлт үйл явдлын үеэр хэлсэн байна. «Төрийн далбаа бол загалмай мэт ариун зүйл мөн» гэж нэг томоохон нэвтэрхий тольд тэмдэглэжээ (The Encyclopedia Americana).

Мөн уг тольд төрийн дуулал бол «эх оронч үзлийн илэрхийлэл бөгөөд ихэнхдээ улс үндэстэн болон төрийн удирдагчдыг харж хамгаалж, удирдаж залахыг бурхнаас гуйж хүссэн өнгө аястай байдаг» гэж тэмдэглэжээ. Тэгэхлээр, Еховагийн үйлчлэгчид төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, төрийн дуулал дуулах гэх мэтийг шашны зан үйлээс өөрцгүй гэж үздэг нь ул үндэсгүй зүйл биш юм. АНУ-ын дунд сургуулиудад мөрддөг, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх, эх орондоо үнэнч байх тангараг өргөх гэх зэргийн ёслолыг Еховагийн Гэрчүүдийн хүүхдүүд үйлддэггүйн учрыг нэгэн номд тайлбарлахдаа: «Эдгээр үйлдэл нь шашны мөн чанартай болохыг Дээд шүүхээр шийдвэрлэсэн нэг бус хэрэг нотолсон юм» гэж бичжээ (The American Character).

Еховагийн үйлчлэгчид Библийн зарчимд харш гэж үздэг ёслолыг үйлддэггүй боловч бусдын эрхийг хүндэтгэж, тэдгээрийг үйлдэхэд нь саад хийдэггүй. Бас төрийн далбааг бэлгэдлийн утгатай зүйлийнх нь хувьд хүндэтгэж, хууль ёсны засгийн газрыг «дээд эрх мэдлүүд», «Бурхны үйлчлэгч» мөн гэж үздэг (Ром 13:1–4). Тиймээс, Еховагийн Гэрчүүд Библид уриалсан ёсоор, «хаадын төлөө, эрх мэдэл баригч бүх хүний төлөө» залбирдаг. Үүний зорилго нь «бүхий л сүсэглэл ба хүндлэлтэйгээр амар тайван, түвшин амьдралаар амьдрахад» оршдог (1 Тимот 2:2).

Сонгуульд саналаа өгөх. Жинхэнэ христианууд бусдын сонгох эрхийг хүндэтгэдэг тул сонгуулийн үйл ажиллагааг эсэргүүцдэггүй бөгөөд сонгогдсон эрх мэдэлтнүүдэд захирагддаг боловч улс төрийн асуудлаар төвийг сахих байр суурийг чанд баримталдаг (Матай 22:21; 1 Петр 3:16). Гэтэл христиануудад улсынхаа хуулийн дагуу сонгуульд саналаа заавал өгөх шаардлага гардаг юм уу эсвэл сонгуульд оролцдоггүйгээс нь болж хүмүүс таагүй ханддаг бол яах вэ? Ийм асуудалтай тулгарсан христиан хүн Шадрах, Мешах, Абед-него гурвын Дурагийн талд очсоныг бодож байгаад, мөс чанар нь өвдөхгүй бол санал хураах байранд очиж болох юм. Гэвч төвийг сахих байр сууриасаа яасан ч няцах учиргүй. Дараах зургаан зарчмыг анхааралтай авч үзэх нь зүйтэй.

  1. Есүсийн дагалдагчид «ертөнцийнх биш» (Иохан 15:19).

  2. Христианууд Христ болон түүний Хаанчлалыг төлөөлдөг (Иохан 18:36; 2 Коринт 5:20).

  3. Христиан хурлын гишүүд нь итгэл үнэмшил нэгтэй бөгөөд Христийг дуурайн, бие биеэ хайрладаг (1 Коринт 1:10; Колоссай 3:14).

  4. Сонгогч сонгосон хүнийхээ хийсэн хэргийн хариуцлагыг зохих хэмжээгээр хүлээдэг (1 Самуел 8:5, 10–18, мөн 1 Тимот 5:22-ын зарчмыг бодож үзнэ үү).

  5. Израильчуудыг хаантай болохыг хүсэхэд нь Ехова өөрийг нь үл тоомсорлосон гэж үзсэн (1 Самуел 8:7).

  6. Христиан хүн улс төрийн талаар ямар ч үзэл бодолтой хүнтэй Бурхны Хаанчлалын тухай чөлөөтэй ярих боломжоо өөрөөсөө болж алдах ёсгүй (Матай 24:14; 28:19, 20; Үйлс 28:31).

Цэргийн дүйцүүлэх алба. Зарим улсад цэргийн алба хаахаас татгалздаг хүмүүсээс дүйцүүлэх албыг ямар нэгэн хэлбэрээр хаахыг төр засгаас шаарддаг. Ийм асуудлыг шийдэхдээ Еховад залбирах хэрэгтэй. Бас төлөвшсөн христиануудтай зөвлөлдөх нь зүйтэй болов уу. Дараа нь олон талаас нь эргэцүүлж байгаад мөс чанарынхаа дагуу шийдвэр гаргах хэрэгтэй (Сургаалт үгс 2:1–5; 11:14).

«Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн, ... дөлгөөн байхыг» Бурхны Үг бидэнд уриалдаг (Тит 3:1, 2). Энэ уриалгыг бодож байгаад дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. «Надад оногдох дүйцүүлэх албыг хаавал төвийг сахих байр сууриа алдах юм уу хуурамч шашны үйл хэрэгт хутгалдан оролцох аюултай юу?» (Мика 4:3, 5; 2 Коринт 6:16, 17). «Энэ албыг хаавал христиан үүргээ биелүүлэхэд саад тотгор учрах юм уу эсвэл биелүүлэх боломжгүй болох юм биш биз?» (Матай 28:19, 20; Ефес 6:4; Еврей 10:24, 25). «Дүйцүүлэх алба хаах явцад үйлчлэлээ өргөжүүлэх, цаашлаад бүрэн цагаар үйлчлэх боломж гарах уу?» (Еврей 6:11, 12).

Христиан хүн мөс чанараараа шийдэн, дүйцүүлэх албыг шоронгоос илүүд үзсэн бол бусад христианууд шийдвэрийг нь хүндэтгэх ёстой (Ром 14:10). Нөгөөтэйгүүр, мөс чанарынхаа улмаас дүйцүүлэх алба хаахгүй гэж шийдсэн байлаа ч бусад нь тэр шийдвэрийг хүндэтгэн үзэх учиртай (1 Коринт 10:29; 2 Коринт 1:24).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах