Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ау хэсэг 2 х. 6-10
  • Бидэнд хэн хэлж өгч чадах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бидэнд хэн хэлж өгч чадах вэ?
  • Амьдралын утга учир юу вэ? Түүнийг хэрхэн мэдэж болох вэ?
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Амьдрал санамсаргүй үүссэн үү?
  • Бүтээл Зохион Бүтээгчтэй байх ёстой
  • Библи юу хэлдэг вэ?
  • «Гайхамшигтай бүтээгдсэн»
  • Бурхан байдгийн баталгаа
    Бурхан хүнд санаа тавьдаг уу?
Амьдралын утга учир юу вэ? Түүнийг хэрхэн мэдэж болох вэ?
ау хэсэг 2 х. 6-10

Хэсэг 2

Бидэнд хэн хэлж өгч чадах вэ?

1, 2. Ямар нэгэн бүтээцийн зориулалтыг мэдэх хамгийн сайн ямар арга байдаг вэ?

1 Амьдралын жинхэнэ зорилго юу вэ гэдгийг бидэнд чухам хэн хэлж өгч чадах вэ? Жишээ нь: таны мэдэхгүй оньсны нарийн түвэгтэй хэсгийг угсарч байгаа зохион бүтээгч дээр очоод ажиглан харахдаа тэр оньс ямар зориулалттайг та яаж мэдэж болох вэ? Зохион бүтээгчээс өөрөөс нь асуухаас дээр юм байхгүй.

2 Тэгвэл, бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг алив амьд юмсаас эхлээд өчүүхэн жижиг амьд эс хүртэлх гайхан бишрэм бүтээцүүдийн талаар юу хэлж болохсон бол? Тэр ч бүү хэл, эсийг бүрдүүлдэг зүйрлэмгүй жижигхэн молекул, атомууд хүртэл бүтэц, эмх цэгцээрээ гайхал төрүүлдэг. Тэгвэл, гайхамшигтайгаар бүтээгдсэн хүний уураг тархи юу хэлж болох вэ? Цаашлаад, нарны аймаг, Тэнгэрийн Заадас галактик (одны аймаг) болон орчлонт ертөнц маань бүхэлдээ юу хэлдэг вэ? Энэ бүх гайхан бишрэм бүтээцүүд Зохион Бүтээгчгүй байх гэж үү? Мэдээжээр, тэдгээрийг юуны тулд бүтээсэн гэдгээ тэр л хэлж чадах буй заа.

Амьдрал санамсаргүй үүссэн үү?

3, 4. Амьдрал тохиолдлоор үүсэх магадлал хир вэ?

3 «Америкийн нэвтэрхий толь»-д «амьд организмын бүтэц, зохион байгуулалтын ер бусын нарийн нийлмэлийг» тэмдэглээд, цааш нь: «Цэцэг, хорхой шавьж болон сүүн тэжээлтнүүдийг нарийвчлан судлахад тэдгээрийн бүтэц нь санаанд багтамгүй нарийн юм гэдэг нь тодорхой болдог» гэж бичжээ. Британийн одон орон судлаач сэр Бернард Ловелл амьд бие махбодын химийн найрлагын талаар: «Уургийн хамгийн жижиг хэсгүүдийн нэг болох молекулыг үүсэхэд хүргэсэн санамсаргүй тохиолдлын... магадлал өчүүхэн бага юм... Үнэндээ, тэгтэй тэнцүү» гэж бичжээ.

4 Түүнтэй адилаар одон орон судлаач Фред Хойл: «Нийтээр хүлээн зөвшөөрдөг биологийн бүхий л тогтолцоо нь амьдрал санамсаргүйгээр үүссэн гэсэн үзлийг баримталсаар байна. Гэвч, биохимичид амьдралын гайхалтай нарийн нийлмэлийг улам улам нээн илрүүлэхийн хирээр түүний санамсаргүйгээр үүссэн гэх магадлал бүрэн үгүйсгэгдэж болохоор дэндүү бага гэдэг нь илэрхий болж байна. Ер нь амьдрал санамсаргүйгээр үүсэх боломжгүй юм» гэж хэлжээ.

5—7. Амьд бие махбод тохиолдлоор үүсч чадахгүй гэдгийг молекулын биологи яаж баталдаг вэ?

5 Шинжлэх ухааны нэн сүүлийн үеийн салбар болох молекулын биологи нь амьд бие махбодыг ген, молекул болон атомын түвшинд судалдаг. Молекулын биологч Майкл Дентон хийсэн нээлтүүд дээр үндэслэн: «Бидэнд мэдэгдэж байгаа эсийн хамгийн энгийн хэлбэрийн бүтэц өчнөөн гайхамшигтай нь ерөөс тиймэрхүү зүйл ямар нэгэн гайхалтай, үнэмших аргагүй, гэнэтийн тохиолдлоор үүсэж бий болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болгодог»; «Ерөөсөө, амьд бие махбодын нарийн нийлмэл нь ихээхэн гайхаш төрүүлээд зогсохгүй тэдгээрийн бүтцээс зохион бүтээх ер бусын ур чадвар илэрхий харагддаг»; «Биологийн бүтцийн ур хийц ба хүрсэн үр дүнгийн төгс байдал нь... молекулын түвшинд илүү тодорхой харагддаг» гэж хэлжээ.

6 Дентон цааш нь: «Хаашаа ч харсан, яаж ч бодсон тохиолдлоор үүссэн гэх онолын худал гэдгийг илчлэх хамгийн дээд зэргийн ур чадвар, уран хийцийг бид олдог. Нарийн нийлмэл байдлаараа бидний бүтээх боломжоос асар давуу бөгөөд хамгийн жижиг хэсэг нь энгийн уураг буюу ген байдаг бодит үнэнийг, мөн хүний оюун ухаанаар бүтээгдсэн бүхнээс бүхий л талаараа даван, тохиолдлоор үүссэн гэдэг үзэлд эрс тэс эсрэг зүйл болдог бодит үнэнийг санамсаргүй үйл явцууд бий болгожээ гэдэг нь хир үнэмшилтэй вэ?» гэж мэдэгдсэн юм. Мөн: «Амьд эс болон хамгийн дээд зэргийн цэгцтэй талст буюу цасан ширхэг мэтийн биологийн бус тогтолцооны хооронд зөвхөн төсөөлөн бодож болохуйц асар өргөн ангал байдаг» гэж тэрбээр хэлсэн. Тэрчлэн, физикийн профессор Чет Реймо: «Молекул болгон ид шидээр өөрийн гэсэн даалгавартайгаар зохион бүтээгдсэн юм шиг санагдана... Миний гайхлыг төрүүлэв» гэж мэдэгджээ.

7 Молекулын биологч Дентон «бодитой оршин байгаа бүхэн зөвхөн тохиолдлоор бий болсон гэдэг үзлийг урьдын адил улиглан хамгаалагчид» үнэн хэрэгтээ үлгэр домогт итгэдэг ажээ гэсэн дүгнэлт хийжээ. Тэрбээр амьд бие махбод тохиолдлоор үүсэх тухай Дарвины онолыг «орчлонт ертөнцийн үүслийн хорьдугаар зууны агуу их домог» гэж нэрлэжээ.

Бүтээл Зохион Бүтээгчтэй байх ёстой

8, 9. Аливаа бүтээл зохион бүтээгчтэй байх ёстой гэдгийг бодит жишээгээр үзүүл.

8 Амьгүй бодис тохиолдлоор буюу ямар нэгэн эмх замбараагүй, санамсаргүй байдлаар амьд биет болсон гэх үзлийн магадлал байж боломгүй өчүүхэн юм. Нэгэнт аливаа бүтээл нь зохион бүтээгчтэй байх ёстой учраас тансаг сайхан бүтээгдсэн дэлхийн амьд бүтээлүүдийн нэг нь ч тохиолдлоор үүсээгүй. Үүнээс гадуур ямар нэгэн зүйлийг та мэдэх үү? Тийм юм нэг ч байхгүй. Бүтээл хэдийчинээ нарийн байна, түүнийг зохион бүтээгч нь төдийчинээ чадварлаг байх ёстой.

9 Үүнийг жишээгээр үлгэрлэн үзүүлж болох юм. Уран зургийг хараад бид зураач байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэрчлэн, ном уншихдаа зохиолч байдгийг; байшинг харахдаа барилгачин байдгийг; гэрлэн дохиог харахдаа замын хөдөлгөөний дүрэм гаргадаг байгууллага байдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Энэ бүхнийг хүмүүс тодорхой зорилготойгоор хийдэг. Эдгээрийг хийсэн хүмүүсийг бүгдийг нь таньдаггүй ч гэсэн тийм хүмүүс байдаг гэдэгт бид огт эргэлздэггүй.

10. Хамгийн Дээд Зохион Бүтээгч байдгийн ямар нотолгоонууд байдаг вэ?

10 Үүний нэгэн адилаар Дэлхий дээрх амьд бүтээлүүдийн бүтэц зохион байгуулалт, эмх цэгц хийгээд нарийн нийлмэл байдал нь Хамгийн Дээд Зохион Бүтээгч байдгийн нотолгоо болдог. Тэд бүгд Хамгийн Дээд Ухааны хийцийг харуулдаг. Түүнчлэн, нэг бүр нь олон тэрбум одноос тогтдог, олон тэрбум галактик бүрэлдэхүүнд нь ордог орчлонт ертөнцийн бүтэц зохион байгуулалт, эмх цэгц болон нарийн нийлмэл байдал ч мөн адил дээрхийг илтгэдэг. Эдгээр бүх тэнгэрийн эрхэс хөдөлгөөний, дулааны, гэрлийн, дууны, цахилгаан соронзон орны, таталцлын гэх мэтийн тодорхой хуулиудад захирагддаг. Эдгээр хуулиуд нь хууль тогтоогчгүй байж болох уу? Пуужингийн эрдэмтэн доктор Вернер фон Браун: «Орчлонт ертөнцийн байгалийн хуулиуд нь Сар уруу нисгэх сансрын хөлгийг бүтээхэд бидэнд ямар нэгэн хүндрэл учруулахааргүй тийм нарийн бөгөөд бид түүнийг хөөргөх цагийг хормын нарийвчлалтайгаар тооцож чадна. Эдгээр хуулиудыг хэн нэгэн тогтоосон байх ёстой» гэж мэдэгджээ.

11. Нүдэнд маань үзэгдэхгүй байна гэдгээр шалтаглан Хамгийн Дээд Зохион Бүтээгчийн оршин байдгийг үгүйсгэдэггүйн учир вэ?

11 Хамгийн Дээд Зохион Бүтээгч хийгээд Хууль Тогтоогчийг бид өөрийн нүдээр үзэж, харж чадахгүй маань үнэн. Гэвч, хүндийн хүч, соронзон орон, цахилгаан гүйдэл ба радио долгион байдгийг бид харж чадахгүйгээсээ болоод үгүйсгэдэг үү? Үгүй. Яагаад гэвэл, бид тэдгээрийн үйлчлэлийн үр дүнг үздэг. Тэгвэл, Хамгийн Дээд Зохион Бүтээгч бөгөөд Хууль Тогтоогчийн гайхалтай ажлын үр дүнг үзсээр байгаа хирнээ бидний нүдэнд үзэгдэхгүй байна гэдгээр шалтаглан түүний оршин байдгийг үгүйсгэж болох уу?

12, 13. Бүтээгчийн оршин байдаг талаар баримт сэлт юу хэлдэг вэ?

12 Физикийн профессор Пол Дэвис, хүн бол зүгээр л хувь тавилангийн эрхээр бий болоогүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэрбээр: «Хүн болж төрсөн маань нарийн утга учиртай» гэж хэлсэн. Орчлонт ертөнцийн тухай тэрбээр хэлэхдээ: «Би өөрийнхөө эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бодит орчлонт ертөнц ердөө л санамсаргүйгээр үүссэн гэж зөвшөөрөхийн аргагүй гайхалтай урнаар бүтээгджээ гэдэгт улам бүр хатуу итгэх болсон билээ. Миний бодлоор бол энд маш гүн гүнзгий тайлбар байх ёстой» гэж хэлжээ.

13 Тэгэхлээр, орчлонт ертөнц, Дэлхий болон түүн дээрх амьд бүтээлүүд зүгээр нэг тохиолдлоор үүсэх боломжгүй гэдгийг баримт сэлтүүд гэрчилж байна. Тэд бүгд, илүү дээд оюун ухаан болох Төгс Хүчит Бүтээгчийн тухай үг дуугүй гэрчилдэг.

Библи юу хэлдэг вэ?

14. Бүтээгчийн талаар Библи бидэнд ямар дүгнэлт өгдөг вэ?

14 Хүн төрөлхтний хамгийн эртний ном болох Библи мөн адил дүгнэлт өгдөг. Жишээ нь: Библийг бичигч Паулын бичсэн «Еврей» номд: «Учир нь аливаа барилга барилгачинтай. Харин бүгдийн барилгачин бол Бурхан мөн» гэжээ (Еврей 3:4). Мөн Христийн дагалдагч Иоханы бичсэн Библийн сүүлийн номд: «Бидний Бурхан, Эзэн минь, Та алдар, хүндэтгэл болоод хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүгдийг бүтээсэн билээ. Таны хүслээр бүгд оршин байгаа бөгөөд бүгд бүтээгдсэн юм» гэж байдаг (Илчлэлт 4:11).

15. Бид Бурханы зарим чанарыг хэрхэн мэдэрч болох вэ?

15 Хэдийгээр Бурхан нүдэнд үзэгддэггүй ч гэсэн бүтээсэн бүтээлээр нь түүний шинж чанаруудыг мэдэж болно гэж Библид тайлбарладаг. Түүнд: «Дэлхий бүтээгдсэн цагаасаа эхлэн Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээсэн бүхнээр нь илэрхий харагдаж, ойлгогдож байгаа» гэж бичсэн байна (Ром 1:20).

16. Хүмүүс Бурханыг харж болдоггүйдээ яагаад баярлах ёстой вэ?

16 Тийнхүү, Библи нь бидэнд шалтгаан ба үр дагаврын тухай мэдээлдэг. Үр дагавар нь ухаантай, Төгс Хүчит Шалтгаан болох Бурханыг гэрчилдэг гайхан бишрэм бүтээлүүд юм. Түүнийг үл үзэгддэгт нь бид баяр талархлаа илэрхийлж болох бөгөөд учир нь бүхий л орчлонт ертөнцийг Бүтээгчийн хувьд тэрбээр, махан бодтой хүн түүнийг харвал амьд үлдэхийн аргагүй тийм асар их эрчим хүчтэй гэдэг нь эргэлзээгүй. Чухамдаа энэ тухай Библид: «[Бурханыг] харсан хүн амьд үлдэхгүй» гэж бичжээ (Египетээс гарсан нь 33:20).

17, 18. Бүтээгчийн тухай үзэл сургаал бидний хувьд яагаад чухал вэ?

17 Агуу Их Зохион Бүтээгч, Хамгийн Дээд Бурхан оршин байдаг гэдэг ойлголт бидний хувьд маш чухал болой. Хэрэв, биднийг Бүтээгч бүтээсэн бол тэрбээр ямар нэгэн учир шалтгаан, ямар нэгэн зорилгоор бүтээсэн нь маргаангүй. Хэрэв, бид амьдрах зорилгоор бүтээгдсэн юм бол бидэнд илүү сайхан ирээдүй байна гэдэгт итгэн найдах үндэс бий. Тийм биш бол бид зөвхөн хэсэгхэн хугацаанд амьдраад л дараа нь ямар нэгэн горьдлого байхгүйгээр үхэцгээх болно. Тийм учраас, бидний хувьд Бурханы санаа зорилго юу вэ гэдгийг мэдэх нь маш чухал. Тэгвэл, бид түүний санаа зорилгод нийцэн амьдрах уу, үгүй юу гэдгээ шийдэх боломжтой болно.

18 Тэрчлэн, Бүтээгч бол бидний төлөө маш их санаа тавьдаг, хайрлагч Бурхан гэдгийг Библи хэлдэг. Библийг бичигч Пэтр: «Тэр та нарын төлөө санаа зовдог» гэж нотолсон (1 Пэтр 5:7, мөн Иохан 3:16 ба 1 Иохан 4:8, 16-г үз). Бурхан хэчнээн их санаа тавьдгийг бидний бие болоод уураг тархийг ямар гайхамшигтайгаар бүтээсэн жишээнээс харж болно.

«Гайхамшигтай бүтээгдсэн»

19. «Дуулал» номыг бичигч Давид бидний анхаарлыг ямар үнэн уруу хандуулдаг вэ?

19 «Дуулал» номыг бичигч Давид Библид: «Би үнэхээр аймшигтай бөгөөд гайхамшигтай бүтээгдсэн» гэж хүлээн зөвшөөрсөн (Дуулал 139:14). Энэ нь ямар ч эргэлзээгүй билээ. Яагаад гэвэл хүний уураг тархи, бие махбодыг Хамгийн Дээд Зохион Бүтээгч гайхамшигтайгаар бүтээжээ.

20. Нэгэн нэвтэрхий толь бичигт хүний уураг тархийг хэрхэн тодорхойлж бичсэн бэ?

20 Жишээлбэл, таны уураг тархи ямар ч компьютертэй зүйрлэх аргагүй нарийн. «Британийн шинэ нэвтэрхий толь»-д: «Мэдрэлийн системийн дотоод дамжуулалт нь холбооны хамгийн том станцаас ч олон дахин нарийн; хүний уураг тархины шийдвэрлэдэг асуудлууд хамгийн хүчтэй компьютерийн хүчин чадлаас хамаагүй давуу» гэж тэмдэглэжээ.

21. Уураг тархи хэрхэн ажилладгийг мэдсэнээр бид ямар дүгнэлтэд хүрэх ёстой вэ?

21 Таны уураг тархинд олон зуун сая баримт сэлт хийгээд дүр зураг хадгалагддаг ч уураг тархи бол баримт сэлтүүдийн жирийн нэг агуулах биш юм. Тэр исгэрэх, талх барих, гадаад хэлээр ярих, компьютер дээр ажиллах болон агаарын хөлгөөр нисэж чаддаг болоход тань тусалж болно. Та ирээдүйн амралтынхаа тухай эсвэл ямар нэгэн жимсний, шүлс асгаруулам амтны тухай төсөөлж чадна. Та аливаа зүйлийг задлан шинжилж, хийж бүтээж чадна. Тэрчлэн, та төлөвлөж, үнэлж, хайрлаж бас өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ талаар эргэцүүлэн бодож чадна. Нэгэнт, хүмүүс бид хүний уураг тархи мэтийн гайхан бишрэм зүйлийг бүтээх чадваргүй учраас түүнийг Бүтээгч Нэгэн мэргэн ухаан болон хүч чадлаараа ямар ч хүнээс агуу их гэдэг нь мэдээжийн хэрэг.

22. Эрдэмтэд уураг тархины талаар юуг хүлээн зөвшөөрдөг вэ?

22 Эрдэмтэд уураг тархины талаар «Энэхүү гайхамшигтай бүтэц зохион байгуулалттай, ухаанд багтамгүй нарийн тогтолцоо эдгээр бүх үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэдэг нь тун ойлгомжгүй... Хүмүүс уураг тархинд нуугдаж байдаг оньсого таавар шиг бүхнийг хэзээ ч тайлж чадахгүй байх» гэж хүлээн зөвшөөрдөг («Сайентифик америкэн»). Бас «Үнэнийг хэлэхэд, бид хүний уураг тархи мэдээллийг хэрхэн цуглуулж, түүнийг ойноос хэрхэн дуудаж гаргадгийг урьдын адил мэдэхгүй хэвээрээ л байна... Хүний уураг тархи зуугаад тэрбум мэдрэлийн эсээс тогтдог. Эс болгон бусад олон мянган эстэй мод хэлбэрийн синапс холбоогоор холбогддог. Тийнхүү харилцан холбогдох боломж нь итгэхийн аргагүй ярвигтай юм» гэж физикийн профессор Реймо хэлжээ.

23, 24. Гайхамшигтайгаар зохион бүтээгдсэн биеийн зарим нэгэн хэсгийг нэрлэ. Энэ талаар нэгэн инженер юу гэж тайлбарласан бэ?

23 Таны нүд нарийвчлах, тохируулах чадвараараа зургийн ямар ч аппаратаас илүү юм. Өөрөөр хэлбэл, нүд нь өнгөт кино зураг авах чадвартай, зайгаа өөрөө тохируулдаг бүрэн автомат камер л гэсэн үг. Таны чих олон янзын дуу чимээг хүлээн авдаг ба чиг баримжааны болоод тэнцвэрээ хадгалах мэдрэмжийг танд өгдөг. Зүрх тань ямар ч шилдэг инженер давтан хийж чадахааргүй хүчин чадалтай шахуурга лугаа адил юм. Тэрчлэн, хамар, хэл, гар, цусны эргэлтийн болон хоол боловсруулах систем гэх мэт таны биеийн бусад олон хэсэг гайхалтайгаар зохион бүтээгджээ.

24 Аварга том компьютерийг захиалгаар хийж бүтээхээр ажиллаж байсан нэгэн инженерийн үгийг жишээ болгон татъя. Тэрбээр: «Хэрэв миний хийж буй компьютерийг бүтээхэд зохион бүтээгч зайлшгүй хэрэгтэй байдаг бол тэр нь, бараг эцэс төгсгөлгүй сансрын уудмын өчүүхэн жижиг хэсэг болох миний бие махбод мэт физик-хими-биологийн тогтолцоог бүтээхэд бүр ч илүү хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой» гэжээ.

25, 26. Агуу Их Зохион Бүтээгч юуны тухай бидэнд хэлж чадах вэ?

25 Нисэх онгоц, компьютер, унадаг дугуй болон бусад техникийг хүмүүс тодорхой зорилготойгоор бүтээдгийн адил хүний бие болон уураг тархийг Зохион Бүтээгч, биднийг тодорхой зорилготойгоор бүтээжээ. Энэхүү Зохион Бүтээгч бол өөрийн оюун ухаанаараа хүмүүсээс давуу байх ёстой. Яагаад гэвэл бидний хэн нь ч түүний бүтээлийг давтан хийх чадваргүй билээ. Тиймээс, ямар учраас биднийг бүтээж, Дэлхийд суулгасан юм бэ, бидний ирээдүй ямар байх вэ гэдгийг зөвхөн тэр л хэлж чадна гэдэг нь ойлгомжтой.

26 Үүнийг мэдсэн тэр цагт бид Бурханы бэлэглэсэн гайхамшигтай уураг тархи болон биеийг амьдралынхаа зорилгыг биелүүлэхэд ашиглаж чадна. Гэтэл, Бурханы санаа зорилгын тухай бид хаанаас мэдэж болох вэ? Тэрбээр энэ тухай мэдээллийг бидэнд юугаар өгдөг вэ?

[7-р хуудасны зураг]

Ямар нэгэн зүйлийн зориулалтыг мэдье гэвэл бүтээгчээс өөрөөс нь асуусан нь дээр

[8-р хуудасны зураг]

Амьд бие махбодын бүтэц зохион байгуулалтын нарийн нийлмэлийг ДНХ-ийн молекулаас харж болно

[9-р хуудасны зураг]

«Хүний уураг тархины шийдвэрлэдэг асуудлууд хамгийн хүчтэй компьютерийн хүчин чадлаас хамаагүй давуу»

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах