Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бх бүлэг 7 х. 74-85
  • Амийг Бурхны бэлэг гэж үздэгээ харуулах нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Амийг Бурхны бэлэг гэж үздэгээ харуулах нь
  • «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БУРХАН АМЬ БОЛОН ЦУСЫГ АРИУН ГЭЖ ҮЗДЭГ
  • ЦУСЫГ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХ НЬ
  • ЕХОВАГИЙН ХУУЛЬ ХАЙРЫГ НЬ ХАРУУЛДАГ
  • ХЭНИЙГ Ч БҮҮ ҮЗЭН ЯД
  • ЦУС УРСГАДАГ ТОГТОЛЦООНООС ХОЛ БАЙГТУН
  • АМИЙГ ХАЙРЛАДГАА ХАРУУЛЖ ХААНЧЛАЛЫН ТУХАЙ МЭДЭЭ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ
  • Та амийг Бурхны өгсөн бэлэг гэж эрхэмлэдэг үү?
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Амь бол Бурхны өгсөн бэлэг
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Амийн бэлгийг зөв үнэлэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
  • Бурхны өгсөн амийг эрхэмлэх нь
    Библиэс юу мэдэж авах вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
бх бүлэг 7 х. 74-85

БҮЛЭГ 7

Амийг Бурхны бэлэг гэж үздэгээ харуулах нь

«Амийн эх булаг нь Танд бий» (ДУУЛАЛ 36:9).

1, 2. Бурхан хүнд ямар чадвар хайрласан бэ? Энэ чадвар өнөөдөр чухал хэрэгтэй болоод байгаагийн учир юу вэ?

ТЭНГЭРИЙН Эцэг маань бидэнд амь хийгээд сэтгэн бодох чадварыг бэлэг болгон өгсөн билээ. Тиймээс бид Бурхныхаа зан чанарыг дуурайх чадвартай (Эхлэл 1:27). Бас Библийн зарчмыг эргэцүүлэн бодож чаддаг. Библийн зарчмыг хэрэгжүүлэх тусам сүнслэгээр төлөвшин, «мэдрэмжээ сайн мууг ялгахад сургаж», Еховад улам хайртай болдог (Еврей 5:14).

2 Библийн зарчмыг эргэцүүлэн бодох чадвар өнөөдөр их чухал болоод байна. Учир нь нийгмийн хөгжлийг дагаж хүний амьдралд гарах болсон ээдрээтэй олон асуудлыг шийдэх тогтсон дүрэм журам байдаггүй. Ялангуяа, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг, тухайлбал, цуснаас гаргаж авдаг эм бэлдмэл хэрэглэх, цус хэрэглэдэг эмчилгээ хийлгэх гэх мэтийг шийдэхдээ Библийн зарчмыг сайтар эргэцүүлэн бодож чаддаг байх хэрэгтэй. Энэ бол Еховад дуулгавартай байхыг хүсдэг хэн бүхний туйлын нухацтай хандах шаардлагатай асуудал юм. Библийн зарчмыг зөв ойлгодог бол ухаалаг шийдвэр гарган, мөс чанараа цэвэр байлгаж, Бурхныхаа хайран дотор байж чадна (Сургаалт үгс 2:6–11). Библийн зарим зарчмыг дэлгэрэнгүй авч үзье.

БУРХАН АМЬ БОЛОН ЦУСЫГ АРИУН ГЭЖ ҮЗДЭГ

3, 4. Бурхан цусыг ариун гэж үздэгээ анх хэзээ мэдэгдсэн бэ? Ямар учраас цусыг ариун гэж үздэг вэ?

3 Ехова Бурхан амь болон цусыг хоорондоо нягт холбоотой бөгөөд ариун гэж үздэгээ анх Каиныг дүү Абелаа хөнөөсний дараахан мэдэгдсэн. Бурхан Каинд: «Чиний дүүгийн цус газраас Над руу хашхирч байна» гэж хэлжээ (Эхлэл 4:10). Ехова «цус» гэдгээр хүний гарт зэрлэгээр хөнөөгдсөн Абелын амийг хэлсэн аж. Абелын цус буюу амь шударгаар өшөө авахыг Бурхнаас шаардаж байжээ (Еврей 12:24).

4 Ноагийн үед болсон Усан галавын дараа Бурхан хүмүүст амьтны мах идэхийг зөвшөөрсөн боловч цусыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон. Бурхан: «Махыг амь нь болох цустай нь идэж болохгүй. Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ» гэж хэлсэн (Эхлэл 9:4, 5). Энэхүү тушаалыг Ноагийн үр удам бид ч сахих ёстой. Ноад өгсөн тушаалыг эргэцүүлж бодохлоор өмнө нь Каинд хэлсэн үг ойлгомжтой болдог. Цус амийг бэлгэддэг ажээ. Бас амийн Эх булаг Ехова амь болон цусыг ариун гэж үздэггүй хэнийг ч болов хариуцлагад татна гэдэг нь харагддаг (Дуулал 36:9).

5, 6. Цус ариун бөгөөд үнэ цэнтэй гэдгийг Мосегийн хуулийн ямар заалт харуулдаг вэ? (78-р хуудасны хавсралтыг үзнэ үү).

5 Энэ хоёр чухал санааг Мосегийн хуульд тусгасан байдаг. Левит 17:10, 11-д: «Аливаа хүн цус идэх аваас, цус иддэг тэр хүний эсрэг Би Өөрийн нүүрийг хандуулан, түүнийг ард олных нь дундаас таслах болно. Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг бөгөөд түүнийг Би та нарт өөрсдийн чинь амийн төлөө эвлэрүүллийг тахилын ширээн дээр хийхээр [«өөрсдийгөө цайруулахад зориулж», ШЕ] өгсөн юм. Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг [«нүглийг цайруулдаг», ШЕ] юм» гэж байдаг.a (76-р хуудсанд байгаа «„Цус нүглийг цайруулдаг“ гэж юу гэсэн үг вэ?» гэдэг хавсралтыг үзнэ үү).

«ЦУС НҮГЛИЙГ ЦАЙРУУЛДАГ» ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?

Цус бол амь гэж Бурхны Үгэнд байдаг. Тиймээс, эртний Израильд Бурхны хуулийг зөрчсөн хүн гэмшсэнээ батлан харуулж, тахилын ширээн дээр Бурханд амьтнаар тахил өргөн, өршөөл хүртдэг байв (Левит 4:27–31). Гэхдээ тийм тахил нүглийг нь бүрмөсөн цайруулдаггүй байжээ.

Библид гардаг «цайруулах» гэдэг үг нь «солих», мөн сав суулгыг яг таарсан тагаар «таглах» гэсэн утгыг бас илэрхийлдэг. Хүн ямар ч амьтнаар тахил өргөсөн, нүглээ бүрмөсөн «таглах» буюу цайруулах аргагүй нь ойлгомжтой. Гэхдээ амьтнаар өргөдөг байсан тахил нь нүглийг бүрмөсөн цайруулах ирээдүйн арга хэмжээний сүүдэр байжээ (Еврей 10:1, 4).

Тэрхүү цайруулах арга хэмжээ нь «Есүс Христийн нэг удаа бүгдийн төлөө биеэ өргөсөн өргөл» байсан юм (Еврей 10:10). «Гэмгүй, хиргүй Хурганы цус мэт ... үнэт цусаар» бэлгэдэж байсан Христийн төгс амь Адамын алдсан тэр амьтай эн тэнцүү байсан (1 Петр 1:19, МАБ). Ийнхүү Ехова хайрандаа хөтлөгдөн, шударга ёсны зарчимд төгс нийцүүлэн, бидний төлөө «мөнхийн золилтыг» төлсөн (Еврей 9:11, 12; Иохан 3:16; Илчлэлт 7:14).

6 Амьтны цусыг тахил өргөх зорилгоор л хэрэглэхгүй бол заавал газар асгах ёстой байжээ. Энэ нь, амийн Эх булагт амийг буцаан өгч байгаа хэрэг байв (Дэд хууль 12:16; Илчлэлт 4:11). Гэхдээ израильчууд махыг дусал ч цусгүй болгох гэж улайран зүтгэдэггүй байсныг анхаараарай. Хэрэв амьтныг зохих ёсоор агнах юм уу нядлаад, цусыг нь газар асгаж, Амь өгөгч Бурхныг хүндэтгэсэн бол сэтгэл зовохгүйгээр махыг нь идэж болох байлаа.

7. Давид цусыг ариун гэж үздэгээ хэрхэн харуулсан бэ?

7 Бурхны «зүрх сэтгэлийн дагуух хүн» Давид цусны талаарх Бурхны тушаалын үндэс болсон зарчмыг ойлгодог байв (Үйлс 13:22). Нэгэн удаа түүнийг ихэд ундаасахад нь хамт явж байсан хүмүүсийнх нь дундаас гурав нь дайсны хуаранг нэвтрэн гарч, худгаас ус авчирж өгдөг. Тэгэхэд нь Давид: «Амиа золиослон явсан хүмүүсийн цусыг уух гэж үү?» хэмээгээд тэр усыг уудаггүй. Тэдний амь насаараа дэнчин тавин байж авчирсан ус нь Давидад цуснаас өөрцгүй санагджээ. Тиймээс хэдий цангаж байсан ч уулгүй «асгаж, ЭЗЭНд өргөв» гэж Библид бичсэн байдаг (2 Самуел 23:15–17).

8, 9. Христиан хурал үүсэн бий болоход амь болон цусны талаарх Бурхны үзэл бодол өөрчлөгдсөн үү? Тайлбарлана уу.

8 Бурхан Ноад тушаал өгснөөсөө хойш 2400 орчим жил, израильчуудад Мосегоор хууль өгүүлснээсээ хойш 1500 орчим жилийн дараа нэгдүгээр зууны христиануудын Удирдах зөвлөлийг ариун сүнсээрээ удирдан, нэгэн заавар бичүүлсэн. Тэр зааварт: «Ариун Сүнс болон бид доор бичигдсэн зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт тохохгүй байх нь зүйтэй гэж мэдэв. Та нар шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас цээрлэгтүн» хэмээсэн байлаа (Үйлс 15:28, 29).

9 Тэгэхлээр, нэгдүгээр зууны Удирдах зөвлөл цусыг ариун гэж үздэг бөгөөд буруу хэрэглэвэл хиймэл шүтээн шүтэх, садар самуун үйлдэхтэй ижил ноцтой хэрэг болно гэж ойлгодог байжээ. Өнөөдөр жинхэнэ христианууд мөн тийм байр суурь баримталдаг. Бас Библийн зарчмыг эргэцүүлэн бодож, хэрэгжүүлдэг учраас цус хэрэглэх асуудлаар Еховад таалагдах шийдвэр гаргаж чаддаг.

ЦУСЫГ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХ НЬ

[83-р хуудасны зураг]

Цусны жижиг хэсгийг эмчилгээнд хэрэглэх эсэхээ эмчид яаж тайлбарлах вэ?

10, 11. а) Бүхэл цус болон цусны үндсэн дөрвөн хэсгийг сэлбэх тухайд Еховагийн Гэрчүүд ямар зарчим баримталдаг вэ? б) Христианууд ямар асуудлаар өөрөө шийдвэр гаргах ёстой вэ?

10 Еховагийн Гэрчүүд «Цуснаас цээрлэгтүн» гэсэн Библийн тушаалыг сахидаг учраас цус сэлбүүлдэггүй. Мөн донор болох юм уу өөртөө сэлбүүлэх зорилгоор цусаа хадгалуулдаггүй. Бурхны хуулийг хэрэгжүүлдэг учир бас цусны үндсэн дөрвөн хэсэг болох улаан эс, цагаан эс, ялтас, сийвэн хэрэглэдэггүй.

11 Эдүгээ цусны үндсэн дөрвөн хэсгээс жижиг хэсгүүдийг нь ялган авч, эмчилгээнд олон хэлбэрээр хэрэглэдэг болжээ. Христиан хүн ийм жижиг хэсгүүдийг хэрэглэж болох уу? Жижиг хэсгүүдийг «цус» гэж үзэх үү? Энэ асуудлаар хүн болгон дор бүрнээ шийдвэр гаргах учиртай. Өвчтөний цусыг хаа нэг газар хадгалалгүй, өөрт нь эргүүлэн хэрэглэдэг гемодиализ, гемодилюц, цус хэмнэх гэх мэтийн аргаар эмчлүүлэх эсэхээ ч хувь хүн өөрөө шийддэг (215–218-р хуудасны хавсралтыг үзнэ үү).

12. Мөс чанараар шийдэж болдог асуудлыг хэрхэн үзэж, хэрхэн шийдэх ёстой вэ?

12 Мөс чанараараа шийдэж болдог гэхлээр Еховагийн хувьд тийм чухал асуудал биш гэсэн үг үү? Яалаа гэж! Ехова бидний санаа бодлыг цэгнэж, зүрх сэтгэлийг хардаг (Сургаалт үгс 17:3; 21:2; 24:12). Иймээс ямар нэг эм бэлдмэл хэрэглэх юм уу эмчилгээ хийлгэх эсэхээ шийдэхээсээ өмнө Еховагаас мэргэн ухаан гуйж залбиран, судалгаа хийгээд, эцэст нь, Библиэр сургасан мөс чанараараа шийдэх ёстой (Ром 14:2, 22, 23). Бусад хүн бидэнд үзэл бодлоо тулгах учиргүй бөгөөд бид ч «Та миний оронд байсан бол яах байсан бэ?» гэх мэтээр асууж, хүнээр шийдвэр гаргуулах ёсгүй. Иймэрхүү асуудлаар христиан хүн бүр «өөрийн ачааг үүрнэ»b (Галат 6:5; Ром 14:12; 81-р хуудсанд байгаа «Би цусыг ариун гэж үздэг үү?» гэдэг хавсралтыг үзнэ үү).

БИ ЦУСЫГ АРИУН ГЭЖ ҮЗДЭГ ҮҮ?

Библийн зарчим: «Цуснаас цээрлэж яв» (Үйлс 15:20).

Дараах асуултыг бодож үзнэ үү

  • Цусны үндсэн дөрвөн хэсэг болон цусны жижиг хэсгүүд хоорондоо ямар ялгаатайг яаж тайлбарлах вэ?e

  • Цусны жижиг хэсгүүд болон өвчтөний цусыг өөрт нь хэрэглэх эмчилгээний зарим аргыг зөвшөөрөх, татгалзах эсэхээ би өөрөө шийдэх ёстойн учир юу вэ? (Ром 12:2; Галат 6:5).

  • Цусны жижиг хэсгүүдийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрдөг эсвэл татгалздаг учраа эмчдээ хэрхэн тайлбарлах вэ? (Сургаалт үгс 13:16).

ЕХОВАГИЙН ХУУЛЬ ХАЙРЫГ НЬ ХАРУУЛДАГ

13. Хууль, зарчмуудыг нь эргэцүүлж бодох тусам Еховагийн талаар юу мэдэж авдаг вэ? Жишээ хэлнэ үү.

13 Еховагийн өгсөн хууль, зарчмуудыг эргэцүүлж бодох тусам Еховаг мэргэн ухаант Хууль санаачлагч төдийгүй үр хүүхдээ чин сэтгэлээсээ хайрлан халамжилдаг Эцэг гэдгийг нь ухаардаг (Дуулал 19:7–11). «Цуснаас цээрлэх» тушаалыг Бурхан анагаах ухаанд үндэслэж өгөөгүй боловч энэ тушаалыг сахидаг хүн цус сэлбэх гэх зэргээс үүдэлтэй хүндрэлээс урьдчилан сэргийлдэг (Үйлс 15:20). Өнөөдөр эмч мэргэжилтнүүд мэс заслыг цус хэрэглэхгүйгээр хийхийг орчин үеийн анагаах ухааны алтан жишиг гэж үздэг болжээ. Сүүлийн үеийн иймэрхүү ойлголт нь Еховаг хосгүй мэргэн ухаантай, халамжит Эцэг мөн гэдгийг жинхэнэ христиануудад улам бүр баталж өгдөг (Исаиа 55:9; Иохан 14:21, 23).

14, 15. а) Бурхан ард түмнээ хайрладаг нь ямар ямар тушаалаас нь харагддаг вэ? б) Эдгээр тушаалын үндэс болсон зарчмыг өнөөдөр хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

14 Бурхан эртний израильчуудыг хайрлан халамжилдаг байсныг олон хууль тушаал нь харуулдаг. Тухайлбал, израильчууд хавтгай дээвэртэй байшинд сууж, дээврээ янз бүрийн зорилгоор ашигладаг байсан учир хашлага хийхийг Бурхан тушаажээ (Дэд хууль 22:8; 1 Самуел 9:25, 26; Нехемиа 8:16; Үйлс 10:9). Бас мөргөдөг үхэр малыг хашиж байхыг тушаасан (Египетээс гарсан нь 21:28, 29). Эдгээр тушаалыг сахиснаар амийг Бурхны бэлэг гэж үздэгээ харуулан, цусны буруутан болохоос сэргийлдэг байв.

15 Тэгвэл бид эдгээр хууль тушаалын үндэс болсон зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Машин тэрэгнийхээ техникийн аюулгүй байдал, жолоо барих арга барил, гэр орон, ажлын байрны аюулгүй байдал, тэжээвэр амьтан, мал адгуусаа болон амралт, чөлөөт цагаараа юу хийдгээ бодож үзээрэй. Зарим оронд залуучуудын амиа алдах гол шалтгаан нь аз турших гэснээс болж осолд орох явдал байдаг ажээ. Харин Бурхны хайран дотор өөрийгөө сахихыг хүсдэг хүн амь насаа хайрладаг учир аюул осолтой юмаар зугаацан, залуу насны аагаар болчимгүй загнадаггүй. Өөрөө өөртөө гай зовлон тарихаас сэргийлж, залуу насаа үр бүтээлтэй өнгөрөөдөг (Номлогчийн үгс 11:9, 10).

16. Үр хөндөхийг Библийн ямар зарчмаар хориглодог вэ? (Зүүлт үзнэ үү).

16 Эхийн хэвлийд байгаа хүүхдийн амь ч Бурхны хувьд үнэ цэнтэй. Эртний Израильд, хэрэв хүн хөл хүнд эмэгтэйг гэмтээсний улмаас эх, хүүхдийн аль нэг нь «эндсэн» бол тэр хүн Бурхны өмнө алуурчинд тооцогдож, «амийг амиар төлөх» ёстой байсанc (Египетээс гарсан нь 21:22, 23, ШЕ). Гэтэл үр хөндөлтийн улмаас жил бүр олон хүүхэд амиа алдаж, аминч үзэлтэй, садар самуун явдалтай хүмүүсийн золиос болдогт Ехова Бурхан хэчнээн их харамсан гашууддаг бол оо!

17. Бурхны шаардлагыг мэддэггүй байхдаа үр хөндүүлсэн хүнийг хэрхэн тайвшруулах вэ?

17 Тэгвэл эмэгтэй хүн Библийн сургаалыг мэддэг болохоосоо өмнө үр хөндүүлсэн бол яах вэ? Ехова тийм хүнийг уучлах уу? Чин сэтгэлээсээ гэмшвэл Ехова Есүсийн асгаруулсан цусанд үндэслэн уучилна (Дуулал 103:8–14; Ефес 1:7). Есүс: «Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм» гэж хэлсэн билээ (Лук 5:32).

ХЭНИЙГ Ч БҮҮ ҮЗЭН ЯД

18. Библид бичсэнээр, хүнийг цусны буруутан болгодог далд шалтгаан юу вэ?

18 Еховад таалагдъя гэвэл бусдад муу юм хийдэггүй байгаад зогсохгүй цусны буруутан болох гол шалтгаан буюу үзэн ядах сэтгэлийг зүрхнийхээ угаас авч хаях хэрэгтэй. «Ах дүүгээ үзэн яддаг нэг нь алуурчин мөн» гэж элч Иохан бичсэн (1 Иохан 3:15). Хүнийг үзэн ядна гэдэг зүгээр нэг дургүй байгаа хэрэг биш ээ. Үзэн яддагаасаа болж тухайн хүнийг Бурхны шийтгэл хүртэх ноцтой хэрэг үйлдсэн мэтээр гүтгэх юм уу хилсээр буруутгаж болох юм. Ингэвэл тэр хүнийг бүр үхээсэй гэж хүссэнтэй адил болно (Левит 19:16; Дэд хууль 19:18–21; Матай 5:22). Тиймээс зүрхэнд маань нуугдаж байж болох аливаа хорон муу санааг үндсээр нь таслан хаях нь амин чухал юм (Иаков 1:14, 15; 4:1–3).

19. Библийн зарчмыг баримталдаг хүн Дуулал 11:5, Филиппой 4:8, 9-ийг хэрхэн ойлгодог вэ?

19 Амийг Бурхны өгсөн бэлэг гэж үздэг, Еховагийн хайран дотор өөрийгөө сахихыг хүсдэг хэн боловч хүчирхийллийн аливаа хэлбэрээс зайлсхийх ёстой. Дуулал 11:5-д: «Хүчирхийлэлд дурлагчийг [Еховагийн] сэтгэл үзэн яддаг» гэж байдаг. Энэ зүйл нь ердөө л Бурхны зан чанарыг хэлсэн хэрэг бус, Бурхны үйлчлэгчдийн амьдралдаа баримтлах ёстой зарчим юм. Энэ зарчмаар бол, Бурхныг хайрладаг хүн хүчирхийллийг сурталчилсан юуг ч сонирхох учиргүй. Еховаг бас «амар тайвны Бурхан» гэж байдгийг бодож үзвэл Бурханд үйлчилдэг хүн оюун ухаан, зүрх сэтгэлээ амар тайван байлгахын тулд сайн, сайхан, магтууштай зүйлийг л бодож санах хэрэгтэй нь ойлгомжтой (Филиппой 4:8, 9).

ЦУС УРСГАДАГ ТОГТОЛЦООНООС ХОЛ БАЙГТУН

20–22. Христианууд ямар байр суурь баримталдаг вэ? Яагаад?

20 Бурхан Сатаны ертөнцийг бүхэлд нь цусны буруутай гэж үздэг. Библид янз бүрийн араатнаар бэлгэддэг энэ ертөнцийн улс төрийн хүчнүүд олон сая хүний, тэр дундаа, Еховагийн үйлчлэгчдийн амийг хөнөөсөн (Даниел 8:3, 4, 20–22; Илчлэлт 13:1, 2, 7, 8). Шинжлэх ухаан болон бизнесийн салбарынхан араатан мэт улс төрийн хүчнүүдтэй хамтран ажиллаж, санаанд багтамгүй хөнөөлтэй зэвсэг бүтээн, асар их олз ашиг олдог. «Бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» гэсэн нь яахын аргагүй үнэн! (1 Иохан 5:19).

21 Есүсийн дагалдагчид «ертөнцийнх биш» учраас улс төр болон цэрэг дайны асуудлаар төвийг сахих байр суурийг чанд баримтлан, цус урсгадаг хэрэгт шууд болон шууд бус хэлбэрээр оролцохоос эрс татгалздагd (Иохан 15:19; 17:16). Тэд Есүсийг дуурайдаг учир өөрсдийг нь хавчдаг хүмүүст хүч хэрэглэдэггүй. Харин ч дайснаа хайрлаж, дайсныхаа төлөө залбирдаг (Матай 5:44; Ром 12:17–21).

22 Жинхэнэ христианууд Ехова Бурхныг эсэргүүцдэг бүх шашныг бэлгэддэг, хамгийн их цус урсгасан «Агуу Вавилонтой» өчүүхэн төдий ч холбогддоггүй. Агуу Вавилоны талаар Бурхны Үгэнд: «Эш үзүүлэгчид, ариун хүмүүсийн болон дэлхий дээр алагдсан бүх хүний цус [түүний] дотроос олдсон юм» гэж байдаг бөгөөд «Миний ард түмэн, ... түүнээс гарагтун» гэж бидэнд уриалдаг (Илчлэлт 17:6; 18:2, 4, 24).

23. Агуу Вавилоноос гарах гэж юу гэсэн үг вэ?

23 Агуу Вавилоноос гарах гэдэг нь хуурамч шашны байгууллагын гишүүн байхаа больж, нэрээ бүртгэлээс нь хасуулах төдий хэрэг биш юм. Хуурамч шашны хүлээн зөвшөөрдөг болон илт өөгшүүлдэг муу муухай хэрэг явдлыг, тухайлбал, садар самуун үйлдэх, улс төрд оролцох, эд хөрөнгөний хойноос улайран хөөцөлдөх гэх мэтийг үзэн ядах хэрэгтэй (Дуулал 97:10; Илчлэлт 18:7, 9, 11–17). Ийм хэрэг явдлаас болж хүний цус урсах нь цөөнгүй байдаг!

24, 25. Цусны буруутай хүнийг чин сэтгэлээсээ гэмшвэл Бурхан юунд үндэслэн уучлах вэ? Энэ арга хэмжээг эрт цагт юугаар бэлгэдэж байсан бэ?

24 Бид Ехова Бурхныг шүтдэг болохоосоо өмнө Сатаны ертөнцийг ямар нэгэн байдлаар дэмжиж байсан учир их, бага хэмжээгээр цусны буруутан байжээ. Гэхдээ одоо алдаагаа засан, Христийн золиосонд итгэж, Бурханд өөрийгөө зориулсан учир тэрбээр биднийг уучлан, сүнслэг хамгаалалтдаа авсан (Үйлс 3:19). Энэ сүнслэг хамгаалалтыг эртний Израилийн хоргодох хот бэлгэдэн харуулдаг байжээ (Тооллого 35:11–15; Дэд хууль 21:1–9).

25 Израильчуудын хувьд хоргодох хот ямар ач холбогдолтой байсан бэ? Санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн хүн хоргодох хот руу зугтан очих ёстой байлаа. Тэгээд шүүгчдээр хэргээ шийдүүлснийхээ дараа тэргүүн тахилчийг нас бартал тэр хотдоо суугаад, өөр газар амьдрахаар явдаг байв. Энэ арга хэмжээ нь Еховагийн өршөөнгүй сэтгэлийг, бас хүний амийг үнэтэйд тооцдогийг нь тод томруун харуулдаг. Бурхан эртний хоргодох хоттой ижил үүрэг гүйцэтгэдэг нэг арга хэмжээг Христийн золих тахилд үндэслэн авсан. Энэ нь биднийг амь болон цусыг ариун гэж үзэх Бурхны тушаалыг санамсаргүй зөрчин амиа алдахаас хамгаалах ач холбогдолтой. Та энэ арга хэмжээг үнэлдэг үү? Үнэлдгээ хэрхэн харуулах вэ? Нэг арга нь бэлгэдлийн хоргодох хотод очихыг хүмүүст уриалах явдал юм. Ялангуяа, «агуу их гай гамшиг» хаяанд тулж ирчихээд байгаа өнөө үед энэ ажил амин чухал болоод байна (Матай 24:21; 2 Коринт 6:1, 2).

АМИЙГ ХАЙРЛАДГАА ХАРУУЛЖ ХААНЧЛАЛЫН ТУХАЙ МЭДЭЭ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

26–28. Бид зөнч Езекиелтэй юугаараа адил бэ? Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихын тулд яах хэрэгтэй вэ?

26 Бурхны орчин үеийн ард түмэн эртний израильчуудад Бурхны үгийг харуул мэт тунхаглах даалгавар авсан зөнч Езекиелтэй адил юм. Бурхан түүнд: «Чи Миний амнаас гарах үгийг сонсоод, Надаас өгөх сэрэмжүүлгийг тэдэнд өгөх болно» гэж хэлсэн. Хэрэв Езекиел даалгавраа биелүүлээгүй бол Иерусалим устгагдахад амиа алдсан хүмүүсийн цусны буруутан болох байлаа (Езекиел 33:7–9). Гэхдээ даалгавраа дуулгавартай биелүүлснийхээ ачаар буруутан болоогүй юм.

27 Өнөөдөр Сатаны ертөнцийн төгсгөл хаяанд тулж ирчихээд байна. Тиймээс, Еховагийн Гэрчүүд Хаанчлалын тухай мэдээ болон Бурхны, «өшөө авах өдрийг» тунхаглах ажлыг үүргээ гэж үзэн, нэр төртэй биелүүлдэг (Исаиа 61:2; Матай 24:14). Та энэ чухал ажилд бүрэн дүүрэн оролцдог уу? Элч Паул дэлгэрүүлэх ажилд их хариуцлагатай ханддаг байсан. Тийм ч учраас: «Би бүх хүний цусны буруугүй ... Учир нь би Бурхны бүхэл төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь огт үгүй билээ» гэж итгэлтэйгээр хэлсэн (Үйлс 20:26, 27). Үнэхээр сайхан жишээ биш гэж үү?

28 Тэнгэрийн Эцэг Еховагийнхаа хайранд өөрсдийгөө сахихын тулд бид Бурхнаа дуурайн, амь болон цусыг ариун гэж үзэх ёстой. Түүгээр зогсохгүй, Бурхны өмнө цэвэр буюу ариун байх ёстойг дараагийн бүлгээс үзье.

a «Махан биеийн амь нь цусанд байдаг» гэсэн Библийн үгийг нэгэн нэртэй сэтгүүлд: «Энэ үг нь бэлгэдлийн утгатай боловч шууд утгаараа ч үнэн юм. Учир нь цусны бүтцэд ордог эс болгон амийг дэмждэг» гэж тайлбарлажээ («Scientific American»).

b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2004 оны 6-р сарын 1-ний дугаарын 11–19-р хуудас (монгол), мөн «Сэрцгээ!» сэтгүүлийн 2006 оны 8-р сарын дугаарын 3–12-р хуудсыг (англи) үзнэ үү. Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.

c Египетээс гарсан нь 21:23-т «гэмтэл гэж бичсэн нь зөвхөн эмэгтэйн гэмтсэнийг хэлжээ гэж үзэх аргагүй юм» гэж Библийн үгзүй судлаач эрдэмтэд үздэг. Бас Ехова хэвлий дэх ургийн хэдэн долоо хоног, хэдэн сартайг заагаагүйг анхаарууштай.

d «Ертөнцөөс тусгаар байх нь» гэсэн гарчигтай 5-р бүлгийг үзнэ үү.

e 215, 216-р хуудасны хавсралтаас дэлгэрэнгүй тайлбарыг үзнэ үү.

АМЬТНЫ АМИЙГ ХАЙРЛАХ НЬ

Хоол хүнсэнд хэрэглэх, дээл хувцас хийх, аюул ослоос сэргийлэн хамгаалах зорилгоор мал амьтныг алахыг Ехова хүнд зөвшөөрсөн. Гэхдээ бид энэ эрхээ урвуулан ашиглаж, буруу эдлэх ёсгүй (Эхлэл 3:21; 9:3). Бах таваа хангах зорилгоор амьтан алж болохгүй. Харин бяцхан бор шувуунаас эхлээд бүх ан амьтныг хайрлан халамжилдаг Еховаг дуурайх учиртай (Иона 4:11; Матай 10:29).

Бурхан мал амьтныг хайрладаг нь Мосегийн хуулиас харагддаг (Египетээс гарсан нь 23:4, 5, 12; Дэд хууль 22:10; 25:4). Сургаалт үгс 12:10-т: «Зөв шударга хүн малынхаа төлөө санаа тавьдаг бол хар санаатны нинжин сэтгэл нь ч хахир аж» гэж байдаг нь Мосегийн хуулийн агуулгатай тохирдог. Удахгүй харгис үйл хийдэг хахир хатуу хүмүүс устаж үгүй болно.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах