БҮЛЭГ 15
Ажилдаа сэтгэл хангалуун байх нь
«Хүн ... эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурхны бэлэг буюу» (НОМЛОГЧИЙН ҮГС 3:13).
1–3. а) Олон хүн ажилдаа хэрхэн ханддаг вэ? б) Ажилдаа ямар сэтгэлээр хандахыг Библи уриалдаг вэ? Энэ бүлэгт ямар ямар асуултыг авч үзэх вэ?
ЭРХЭЛДЭГ ажилдаа сэтгэл хангалуун явдаг хүн өнөөдөр ховор болжээ. Сонирхолгүй ажлыг өдөржин хийнэ гэж бодохлоор өглөө босоод ажилдаа явна гэхээс халширдаг хүн олон байдаг. Тэгвэл ажилдаа дур сонирхолтой, бүр сэтгэл хангалуун болохын тулд яах нь зүйтэй вэ?
2 Эрхэлдэг ажилдаа өөдрөг сэтгэлээр хандахыг Библи уриалдаг. Ажил хийж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ гэдэг үнэхээр сайхан. Соломон: «Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурхны бэлэг буюу» хэмээжээ (Номлогчийн үгс 3:13). Хайр халамжтай, сайхан сэтгэлтэй Ехова Бурхан биднийг ажилдаа сэтгэл хангалуун байж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээсэй гэж хүсдэг. Бурхны хайран дотор байхын тулд ажил хөдөлмөр эрхлэхдээ ч Бурхны үзэл бодлоор хандаж, баримталдаг зарчмыг нь сахих хэрэгтэй (Номлогчийн үгс 2:24; 5:18).
3 Бид энэ бүлэгт «Ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд яах хэрэгтэй вэ? Ямар ажил эрхлэх нь христиан хүнд зохисгүй вэ? Ажил алба, сүнслэг үйл хэргээ хэрхэн хослуулах нь зөв бэ? Бидний хувьд хамгийн чухал ажил юу вэ?» гэсэн дөрвөн асуултыг авч үзнэ. Эхлээд, ажилсаг байхын хамгийн агуу жишээ үзүүлсэн Ехова Бурхан, Есүс Христ хоёрын талаар ярилцъя.
АГУУ БҮТЭЭГЧ БА «УРАН ДАРХАН»
4, 5. Ехова үр бүтээлтэй хөдөлмөрлөдгийг Библи хэрхэн харуулдаг вэ?
4 Ехова бол агуу Бүтээгч билээ. Эхлэл 1:1-д: «Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гэж байдаг. Бурхан газар дэлхийг бүтээснийхээ дараа ажлаа дүгнэж «нэн сайхан» хэмээн хэлсэн (Эхлэл 1:31). Тэгэхлээр хийсэн ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун байжээ. «Жаргалтай Бурхан» Ехова үр бүтээлтэй хөдөлмөрлөхийн баяр хөөрийг үзсэн нь лавтай (1 Тимот 1:11, ШЕ).
5 Бурхан хэзээ ч гар хумхин суудаггүй. Дэлхий болон дэлхий дээрх бүхнийг бүтээснээс нь хойш олон мянган жилийн дараа Есүс: «Миний Эцэг одоо болтол ажилласаар байна» гэж хэлсэн (Иохан 5:17). Ехова өнөөг хүртэл юу хийж байгаа вэ? Орших газар нь болсон тэнгэрээс хүн төрөлхтнийг удирдан чиглүүлж, хайрлан халамжилсаар байгаа. Тухайлбал, ирээдүйд хүн төрөлхтнийг Есүстэй хамт тэнгэрээс захирах сүнсээр тослогдсон христианууд буюу «шинэ бүтээлийг» бий болгосон (2 Коринт 5:17). Бас хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо биелүүлэн, өөрийг нь хайрладаг үнэнч хүмүүсийг шинэ ертөнцөд мөнх амьдруулахын тулд тасралтгүй хөдөлмөрлөж байгаа билээ (Ром 6:23). Энэ ажлынх нь ачаар олон сая хүн Хаанчлалын тухай сайн мэдээг хүлээн авч, өөрт нь татагдан, хайран дотор нь байхын тулд амьдралаа өөрчлөхийг хараад Ехова сэтгэл хангалуун байгаа нь лавтай (Иохан 6:44).
6, 7. Есүсийг ажилч хичээнгүй хүн гэж хэлж болохын учир юу вэ?
6 Есүс ч бас ажилч хичээнгүйгээрээ алдартай нэгэн билээ. Тэрбээр хүн болохоосоо өмнө «тэнгэр ба газар дахь бүх юмыг» бүтээхэд оролцсон «уран дархан» (МБОХ, 2000) байсан (Сургаалт үгс 8:22–31; Колоссай 1:15–17). Дэлхийд байхдаа ч ажилсаг хүн байв. Тэрбээр багаасаа барилгын ажил хийж сураад, «мужаан» гэгддэг болжээa (Марк 6:3). Тэр үед одоогийнх шиг мод боловсруулах үйлдвэр, барилгын материалын дэлгүүр, цахилгаан багаж байгаагүй тул мужааны ажил нэлээд хүнд, багагүй ур чадвар шаардсан ажил байжээ. Та Есүсийг мод огтлон, ажиллаж байгаа газар руугаа зөөж байгаагаар төсөөл дөө. Бас байшин барьж, дээвэрлэн, хаалга, тавилга хийж байна гэж бод доо. Ур ухаанаа гаргаж, нөр их хөдөлмөрлөвөл сэтгэл хангалуун байдгийг Есүс биеэрээ үзсэн байж таарна.
7 Есүс бас дэлгэрүүлэх ажлыг хичээнгүйлэн хийдэг байв. Тэрбээр энэ чухал ажлыг гурван жил хагас идэвхийлэн хийсэн. Аль болох олон хүнд дэлгэрүүлэхийн тулд өглөөнөөс үдэш болтол цаг хугацаатай уралдан ажиллаж байлаа (Лук 21:37, 38; Иохан 3:2). «Нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурхны хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв» (Лук 8:1). Сайн мэдээг хүмүүст хүргэхийн тулд олон мянган километр замыг явган туулжээ.
8, 9. Есүс нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хэрхэн хүртсэн бэ?
8 Есүс Бурханд үйлчлэхийн төлөө нөр их хөдөлмөрлөөд сэтгэл хангалуун байсан. Тэрбээр Хаанчлалын үнэний үрийг арвин ихээр тариад, тэнгэр өөд одохдоо, хураахад бэлэн болсон талбай үлдээсэн юм. Есүс Бурханд үйлчлээд, их эрч хүчтэй болдог байв. Тиймдээ ч ажлаа хийхийн төлөө хоол ундгүй явахыг юман чинээ санадаггүй байжээ (Иохан 4:31–38). Есүс дэлхийд үйлчилснийхээ эцэст Эцэгтээ ажлаа тайлагнаж: «Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав» гэж хэлэхдээ хэчнээн их баяртай байсан бол оо! (Иохан 17:4).
9 Ехова Бурхан, Есүс Христ хоёр нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Бид Бурхныг хайрладаг учир «Бурхныг дуурайгчид болохыг» хүсдэг (Ефес 5:1). Бас Есүсийг хайрладаг учир мөрөөр нь дагахыг хичээдэг (1 Петр 2:21). Одоо, ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд яах хэрэгтэйг ярилцъя.
АЖИЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХ НЬ
Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь ажилдаа сэтгэл хангалуун байхын нэг үндэс юм
10, 11. Ажилдаа өөдрөг сэтгэлээр ханддаг болохын тулд яах хэрэгтэй вэ?
10 Ажил хөдөлмөр эрхлэх нь христиан хүний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Ямар ч хүн ажилдаа сэтгэл хангалуун байхыг хүсдэг боловч ажилдаа дурамжхан бол ажлаа баяр хөөртэй хийх нь амаргүй. Тэгвэл ажилдаа сэтгэл хангалуун байя гэвэл яах нь зүйтэй вэ?
11 Өөдрөг сэтгэлтэй болох. Нөхцөл байдлаа өөрчлөх боломж тэр бүр гардаггүй боловч үзэл бодлоо өөрчилж болдог. Ажилдаа өөдрөг сэтгэлээр ханддаг болохын тулд Бурхны үзэл бодлыг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Жишээ нь, өрхийн тэргүүн хүн ажилдаа сонирхолгүй байж болох ч, үнэндээ, тэр ажлын ачаар, Бурхны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн гэр бүлээ тэжээж чаддагаа ухамсарлах нь зүйтэй. Тэгээд ч гэр бүлээ тэжээх гэж хөдөлмөрлөдөг хүнийг Бурхан өндөр үнэлдэг. Харин гэр бүлээ тэтгэдэггүй хүнийг «итгэгч бус хүнээс ч бүр дор» гэж Библид бичсэн байдаг (1 Тимот 5:8). Сонирхолгүй ажил хийдэг гэж бодохын оронд ажил хийн Бурхны өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг гэж бодвол тодорхой хэмжээгээр сэтгэл хангалуун байж, утга учиртай амьдарна.
12. Хичээнгүй, үнэнч байх нь ямар ач тустай вэ?
12 Хичээнгүй, үнэнч байх. Ажлаа хичээнгүйлэн хийж, ур чадвараа сайжруулах гэж мэрийвэл үр дүнд хүрдэг. Ер нь, хичээнгүй, чадварлаг ажилчдыг ажил олгогчид өндөр үнэлдэг (Сургаалт үгс 12:24; 22:29). Христиан хүн ажил дээрээ үнэнч шударга байя гэвэл мөнгө төгрөг, бараа материал хулгайлах, ажлын цагаас хумслах ёсгүй (Ефес 4:28). Өмнөх бүлэгт ярилцсанаар, үнэнч шударга байх нь их ач тустай. Тухайлбал, бусдын итгэлийг олдог. Үнэнч шударга байдгийг маань дарга удирдлагууд анзаарахгүй байлаа ч бид сэтгэл хангалуун явдаг. Учир нь хайртай Бурхнаа баярлуулаад зогсохгүй мөс чанар маань «сайн» байдаг (Еврей 13:18; Колоссай 3:22–24).
13. Хамт олныхоо дунд биеэ зөв авч явбал ямар үр дүнд хүрч болох вэ?
13 Биеэ зөв авч явбал Бурхнаа алдаршуулна гэдгийг ойлгох. Библийн хэм хэмжээний дагуу биеэ зөв авч явдаг хүнийг хамт олон нь анзаарах нь лавтай. Үүний дүнд, «Аврагч Бурхны сургаалыг» «чимэх» (ШЕ) боломж олдож мэднэ (Тит 2:9, 10). Христиан хүн биеэ зөв авч явбал хүмүүст жинхэнэ шүтлэгийн сайхныг мэдрүүлж, тэднийг Ехова руу хандуулж болох юм. Танай хамт олон таныг ажиглаад үнэнийг мэдэхийг хүсдэг болбол ямар сайхан бэ! Хамгийн гол нь, Еховаг алдаршуулж, баярлуулна гээд бод доо! Христиан хүнд үүнээс илүү шагнал байна гэж үү? (Сургаалт үгс 27:11; 1 Петр 2:12).
АЖИЛ СОНГОХДОО ХЭРСҮҮ БАЙХ НЬ
14–16. Ажил сонгохдоо ямар хоёр чухал асуултыг анхааралтай авч үзэх хэрэгтэй вэ?
14 Христиан хүнд тохирох, тохирохгүй ажлыг нэгд нэгэнгүй тоочин бичсэн жагсаалт Библид байдаггүй. Тэглээ гээд христиан хүн аль олдсон ажлыг хийж болно гэсэн үг биш ээ. Ямар ажил Бурхны хуульд нийцдэггүйг ойлгоод, христиан хүнд зохистой ажил сонгоход Библийн зарчим тусалдаг (Сургаалт үгс 2:6). Ажил сонгохдоо дараах хоёр чухал асуултыг анхааралтай авч үзээрэй.
15 Энэ ажлыг хийвэл Библид хориглодог зүйлийг хийсэнтэй адил болох уу? Худал хэлэх, хулгай хийх, хиймэл шүтээн бүтээхийг Библи эрс буруушаадаг (Египетээс гарсан нь 20:4; Үйлс 15:29; Ефес 4:28; Илчлэлт 21:8). Тиймээс Бурхны хуультай зөрчилдөх ажилд орох ёсгүй. Учир нь бид ажлаараа түрээ барин, хайртай Бурхныхаа тушаалыг зөрчихийг хүсдэггүй (1 Иохан 5:3).
16 Энэ ажлыг хийвэл буруу хэрэгт оролцсон юм уу буруу хэргийг дэмжсэн болох уу? Үүнийг ойлгохын тулд жишээ татъя. Эмнэлгийн хүлээн авах тасагт ажиллах нь буруу юм биш ээ. Гэхдээ үр хөндөх ажилбар дагнан хийдэг тусгай эмнэлгийн хүлээн авахад ажиллавал ямар вэ? Хүлээн авахын ажилчин үр хөндөхөд биечлэн оролцохгүй нь мэдээж. Тэглээ ч гэсэн Бурхны Үгтэй зөрчилддөг үйл ажиллагаа явуулдаг байгууллага буюу үр хөнддөг эмнэлгийг идэвхтэй дэмжсэн хэрэг болохгүй гэж үү? (Египетээс гарсан нь 21:22–24). Бид Еховаг хайрладаг учраас Библийн зарчимтай зөрчилддөг хэрэгт оролцохыг боддоггүй.
17. а) Ажил сонгохдоо авч үзэх хэрэгтэй өөр ямар ямар асуулт байдаг вэ? (177-р хуудасны хавсралтыг үзнэ үү). б) Бурханд таалагдах шийдвэр гаргахад мөс чанар яаж туслах вэ?
17 15, 16-р догол мөрд бичсэн хоёр асуултыг нухацтай авч үзвэл ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой олон асуудлыг шийдэж болдог. Гэхдээ анхаарах хэрэгтэй өөр зүйл бас бий.b Бид итгэмжит боолын ангийг амьдралд тулгарч болох бүх нөхцөл байдлыг шийдэх дүрэм журам боловсруулж өгнө гэж үзэх учиргүй. Тиймээс хэрсүү байх хэрэгтэй. 2-р бүлэгт үзсэнээр, Бурхны Үгийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэн, мөс чанараа сургах учиртай. Ийнхүү «мэдрэмжээ» «дадлагажуулбал» Бурханд таалагдах шийдвэрийг мөс чанараараа гаргаж, хайран дотор нь байж чадна (Еврей 5:14).
АЖИЛДАА ДҮН НУРУУТАЙ ХАНДАХ НЬ
18. Еховад таалагдах шийдвэр гаргах амаргүй байдгийн учир юу вэ?
18 «Эцсийн өдрүүдийн хэцүү цагт» Еховад үргэлж таалагдах шийдвэр гаргана гэдэг амаргүй (2 Тимот 3:1). Тохирсон ажил олж, эрхэлсэн ажлаа алдахгүй байх нь хэцүү. Жинхэнэ христианууд гэр бүлээ тэжээхийн тулд ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэйг ойлгодог. Гэхдээ ухаалаг байхгүй бол ажилдаа дарагдах юм уу өнгө мөнгөнд дурлах ертөнцийн үзэлд уусан сүнслэг үйл хэргээ цалгардуулах аюултай (1 Тимот 6:9, 10). Тэгвэл «илүү чухал юм нь юу болохыг магадалж», дүн нуруутай байхын тулд яах хэрэгтэй вэ? (Филиппой 1:10, ШЕ).
19. Еховад бүрэн дүүрэн итгэж найдахын учир юу вэ? Итгэж найдах нь ямар ач тустай вэ?
19 Еховад бүрэн дүүрэн итгэж найдах нь (Сургаалт үгс 3:5, 6). Бурхан бидний итгэл найдварыг хэзээ ч хөсөрдүүлдэггүй. Учир нь тэрбээр бидэнд санаа тавьдаг (1 Петр 5:7). Бидэнд юу хэрэгтэйг өөрсдөөс маань ч илүү мэддэг бөгөөд тусалж дэмжихдээ хэзээ ч гар татдаггүй (Дуулал 37:25). Тиймээс, «Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө [Бурхан] „Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй“ гэж айлдсаныг» санаж явах нь зүйтэй (Еврей 13:5). Бурхан үйлчлэгчдээ зайлшгүй хэрэгцээтэй зүйлээр нь хангадгийг бүрэн цагаар үйлчилдэг олон хүний амьдралын туршлага батлан харуулдаг. Еховаг санаа тавина гэж бүрэн дүүрэн найдвал гэр бүлээ тэжээх гэж хэтэрхий их санаа зовохгүй байж чадна (Матай 6:25–32). Бас сайн мэдээ дэлгэрүүлэх, цуглаанд очих гэх мэтийн сүнслэг үйл хэргийг ажлаасаа болж орхигдуулахгүй (Матай 24:14; Еврей 10:24, 25).
20. Нүдээ цэвэр байлгах гэж юу гэсэн үг вэ? Цэвэр нүдтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?
20 Нүдээ цэвэр байлгах нь (Матай 6:22, 23). Нүдээ цэвэр байлгах гэдэг нь энгийн амьдарна гэсэн үг. Цэвэр нүдтэй христиан хүн Бурхны хүсэл тааллыг биелүүлэх ганц л зорилгыг өмнөө тавьдаг. Хэрэв бид зөв зорилго тавьдаг бол өндөр цалинтай ажил, илүү хангалуун амьдралын хойноос хөөцөлдөхгүй. Бас жаргалтай амьдрахад зайлшгүй хэрэгтэй, хамгийн сүүлийн үеийн, хамгийн сайн гэж сурталчилдаг эд бараанд шунахгүй. Тэгвэл нүдээ яаж цэвэр байлгах вэ? Дэмий юмаар хөөцөлдөж, өрөнд бүү ороорой. Цаг зав, хүч анхаарал их шаарддаг эд хөрөнгө бүү хураагаарай. «Хоол хүнс, хувцас хунар» байвал сэтгэл хангалуун байхыг уриалсан Библийн зөвлөгөөг сахиарай (1 Тимот 6:8). Аль болохоор энгийн амьдрахыг хичээгээрэй.
21. Эн тэргүүнд тавих зүйлээ шийдэх хэрэгтэйн учир юу вэ? Амьдралын маань эн тэргүүнд юу байх ёстой вэ?
21 Сүнслэг үйл хэргийг эн тэргүүнд тавьж, тууштай байх нь. Хүссэн бүхнээ хийх цаг хугацаа, боломж бололцоо хязгаартай учир юуг эн тэргүүнд тавихаа шийдэх шаардлага гардаг. Эс бөгөөс, аар саар зүйлд хайран цагаа үрж, чухал ажлаа орхигдуулах аюултай. Тэгвэл амьдралын маань эн тэргүүнд юу байх ёстой билээ? Энэ нийгэмд сайхан амьдаръя, ашиг орлоготой ажил хийе гэвэл дээд боловсрол эзэмших хэрэгтэй гэж олон хүн уриалдаг. Харин Есүс шавь нартаа: «Эхлээд ... хаанчлалыг хайгтун» гэж уриалсан (Матай 6:33). Жинхэнэ христианууд Бурхны Хаанчлалыг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг. Өөрөөр хэлбэл, Хаанчлалын үйл хэрэг болон Бурхны хүсэл тааллыг эд баялаг, ертөнцийн амжилтаас илүүд үздэгээ гаргасан шийдвэр, тавьсан зорилго, хийсэн үйлсээрээ харуулдаг.
ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫГ ШАМДАН ХИЙХ НЬ
Дэлгэрүүлэх ажлыг амьдралынхаа эн тэргүүнд тавивал Еховаг хайрладгаа харуулна
22, 23. а) Христиан хүний гол ажил юу вэ? Энэ ажлыг чухалд үздэгээ хэрхэн харуулах вэ? (180-р хуудасны хавсралтыг үзнэ үү). б) Одоо та ажлаа хэрхэн үздэг болсон бэ?
22 Бид эцсийн өдрүүдийн сүүлчийн шатанд амьдарч байгаагаа ойлгодог учир сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэхийг гол зорилгоо болгодог. Энэ бол христиан хүний хамгийн чухал ажил мөн (Матай 24:14; 28:19, 20). Амь аврах энэ ажлыг Есүсийн үлгэр жишээгээр идэвхтэй хийхийг хүсдэг. Энэ ажлыг чухалд үздэгээ яаж харуулах вэ? Христиануудын ихэнх нь сайн мэдээ тунхаглаж, шавь бэлдэх ажилд дэлгэрүүлэгчийн хувиар оролцдог. Зарим нь ажил амьдралаа зохицуулаад, эхлэгч юм уу миссионерээр үйлчилдэг. Сүнслэг зорилго тавихын чухлыг ойлгодог эцэг эхчүүд бүрэн цагийн үйлчлэгч болохыг хүүхдүүддээ уриалдаг. Тэгвэл Хаанчлалыг тунхаглагчид ажлынхаа үр шимийг үздэг үү? Тийм ээ, үздэг. Ехова тэдний чин сэтгэлийн үйлчлэлийг нь арвин ихээр ивээж, баяр баясгалантай, сэтгэл хангалуун амьдруулдаг (Сургаалт үгс 10:22).
23 Гэр бүлээ тэжээхийн тулд олон цагаар ажилладаг хүмүүс христиануудын дунд цөөнгүй бий. Ехова биднийг эрхэлдэг ажилдаа сэтгэл хангалуун байгаасай гэж хүсдэг. Тиймээс үзэл бодол, үйл хэргээ Еховагийн үзэл бодол, зарчимд нийцүүлж чадвал ажилдаа сэтгэл хангалуун болно. Гэхдээ ажил албанаасаа болж Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах гол ажлаа хэзээ ч цалгардуулах учиргүй. Энэ ажлыг амьдралынхаа эн тэргүүнд тавивал Еховад хайртайгаа батлан харуулж, хайран дотор нь байх юм.
a «Мужаан» гэж орчуулсан грек үгээр байшин барьдаг, эсвэл гэрийн тавилга гэх мэтийн модон эдлэл хийдэг хүнийг хэлдэг ажээ.
b Ажил сонгохдоо ямар ямар асуултыг бодож үзэх нь зүйтэйг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1999 оны 4-р сарын 15-ны дугаарын 28–30-р хуудас, 1982 оны 7-р сарын 15-ны дугаарын 26-р хуудас (англи), 2006 оны 3-р сарын дугаарын 11–14-р хуудсанд дэлгэрэнгүй тайлбарласан болно.