«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
1 САРЫН 1–7
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 1—3
«Бурхны Хаант төр ойрхон байна»
(Матай 3:1, 2) Баптисм хүртээгч Ёохан Иудейн цөлд ирээд 2 «Гэмшигтүн. Учир нь Бурхны Хаант төр ойрхон байна» хэмээн тунхаглаж байв.
nwtsty Мт 3:1, 2-ын тайлбар
тунхаглах: Грек үг нь үндсэндээ «олон нийтэд илгээгдсэн элчийн хувьд мэдээ хүргэх» гэсэн утгатай. Энэ нь мэдээ хүргэх аргыг онцолдог. Хэсэг хүмүүст биш ер нь олон нийтэд, нээлттэй тунхаглахыг хэлдэг.
Хаант төр: Грек хэлээр анх гардаг зүйлд басилейа гэсэн үг байдаг бөгөөд энэ нь хаан тэргүүтэй засгийн газар болон хааны эзэмшил газар, харьяат албатыг хэлдэг үг юм. Грек Сударт нийт 162 удаа гардгаас 55 удаа нь «Матай» номонд гардаг бөгөөд ихэнхдээ Бурхны тэнгэрийн засаглалыг заасан байдаг. Матай уг хэллэгийг их хэрэглэсэн учраас түүний бичсэн сайн мэдээг Хаант төрийн сайн мэдээ ч гэж нэрлэдэг.
тэнгэрийн Хаант төр: Уг хэллэг зөвхөн Матайн бичсэн сайн мэдээнд 30 орчим удаа гардаг. Марк, Лукийн бичсэн сайн мэдээнд «Бурхны Хаант төр» гэж гардаг бөгөөд энэ нь тэнгэрт байдаг, бас тэнгэрээс захирдгийг харуулдаг (Мт 21:43; Мр 1:15; Лу 4:43; Да 2:44; 2Ти 4:18).
ойрхон байна: Ирээдүйн тэнгэрийн Хаант төрийн захирагч удахгүй илчлэгдэнэ (гарч ирнэ) гэсэн утгатай.
(Матай 3:4) Ёохан тэмээний ноосон хувцас өмсөж, суран бүс бүсэлжээ. Тэрээр царцаа, зэрлэг зөгийн бал иддэг байв.
nwtsty үзүүлэн таниулах материал
Баптисм хүртээгч Ёоханы хувцас ба гадаад байдал
Ёохан тэмээний ноосон гадуур хувцас өмсөж суран бүс бүсэлдэг байсан учраас жижигхэн зүйлээ өвөртөө хийгээд авч явах боломжтой байсан. Зөнч Елиа бас адилхан хувцас өмсдөг байсан (Х.дэ 1:8). Тэмээний ноосон хувцас ширүүн бөгөөд ихэвчлэн ядуу хүмүүс өмсдөг байсан. Харин баячууд торго юм уу маалингаар хийсэн зөөлөн хувцас өмсдөг байсан (Мт 11:7–9). Ёохан төрөлхийн назир хүн бөгөөд үсээ тайруулж байгаагүй байж болох юм. Энгийн амьдарч, Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийн тулд өөрийгөө бүрэн зориулсан нь хувцас болон гадаад байдлаас нь шууд харагддаг байсан бололтой.
царцаа
Библид бичсэн «царцаа» гэдэг үгээр богино тэмтрүүлтэй янз бүрийн царцааг, ялангуяа бөөн бөөнөөрөө сүрэг болж нүүдэл хийдэг царцааг хэлдэг. Иерусалимд хийсэн нэг судалгаагаар бол цөлд амьдардаг царцааны 75 хувь нь уураг юм. Орчин үед хоол хүнсэнд хэрэглэхдээ толгой, хөл, далавч, гэдсийг нь арилгадаг. Үлдсэн чээж хэсгийг түүхийгээр эсвэл болгож иддэг. Эдгээр шавж нь сам хорхой юм уу хавчтай төстэй амттай гэгддэг бөгөөд уураг ихтэй.
зэрлэг зөгийн бал
Энэ зурганд байгаа нь зэрлэг зөгийн үүр 1) болон зөгийн балаар дүүрсэн зөгийн үүрний сархинаг юм. 2) Ёоханы иддэг байсан зөгийн бал нь тухайн нутгийн уугуул амьтан болох Апис меллифера сириака гэгддэг нэгэн төрлийн зэрлэг зөгийнийх байж болох юм. Дайрамтгай энэ төрлийн зөгий нь иудейн халуун, хуурай цөлд амьдрахад дассан ч тэжээхэд тохиромжгүй. Гэхдээ МЭӨ 9-р зуунаас Израйлд амьдардаг хүмүүс шавар саванд зөгийг байлгадаг байсан. Олон тооны ийм зөгийн үүр Иорданы хөндийд байдаг нэгэн хотын (одоогийн Тел Рехов) төв хэсгээс олдсон. Ийм үүрнээс гардаг зөгийн бал нь одоогийн Турк нутгаас импортолсон зөгийнийх байж болох юм.
Эрдэнэс хайх нь
(Матай 1:3) Иуда нь Перез болон Зерагийн эцэг. Тэдний эх нь Тамар. Перез Хезроны эцэг, Хезрон Рамын эцэг,
nwtsty Мт 1:3-ын тайлбар
Тамар: Матайн бичсэн Мессиагийн удмын бичигт гардаг таван эмэгтэйн эхнийх нь. Бусад дөрөв нь Рахаб, Рут (харь үндэстэн) (5-р зүйл), «Уриагийн эхнэр» Батшеба (6-р зүйл), Мариа (16-р зүйл) юм. Эдгээр эмэгтэйчүүд нь онцгой тохиолдлоор Есүсийн элэнц эх болсон учраас бүх эрэгтэйчүүдийн дунд нэр нь бичигдсэн бололтой.
(Матай 3:11) Би гэмшсэн хүнд усаар баптисм хүртээдэг. Харин миний дараа ирэх нэгэн надаас агуу бөгөөд би шаахайг нь ч тайлах хүндтэй хүн биш ээ. Тэрээр хүмүүст Бурхны агуу хүч болон галаар баптисм хүртээнэ.
nwtsty Мт 3:11-ийн тайлбар
баптисм хүртээдэг: Эсвэл «усанд шумбуулдаг». Грек үг баптизо нь «шумбуулах» гэсэн утгатай. Библитэй холбоотой бусад баримтыг үзвэл баптисм нь усанд бүрмөсөн шумбуулахыг хэлдгийг мэдэж болно. Нэгэн удаа Ёохан Салимын ойролцоох Иордан хөндийд баптисм хүртээж байсан. «Учир нь тэр газар ус ихтэй байсан» (Ёох 3:23). Этиопын тайганд Филип баптисм хүртээхэд тэд хоёулаа «ус руу оржээ» (Үй 8:38). Септуагинт орчуулгыг үзвэл Х.дэ 5:14-т Нааман «Иордан голд долоон удаа булхав» гэсэн хэсэгт ижил грек үгийг хэрэглэсэн байдаг.
Библиэс унших
(Матай 1:1–17) Есүс Христийн амьдралын тухай өгүүлдэг ном. Есүс нь Давидын удмын, Давид нь Абрахамын удмын хүн юм. 2 Абрахам Исаакийн эцэг, Исаак Иаковын эцэг, Иаков нь Иуда болон ах дүү нарынх нь эцэг юм. 3 Иуда нь Перез болон Зерагийн эцэг. Тэдний эх нь Тамар. Перез Хезроны эцэг, Хезрон Рамын эцэг, 4 Рам Амминадабын эцэг, Амминадаб Нахшоны эцэг, Нахшон Салмоны эцэг, 5 Салмон Боазын эцэг. Боазын эх нь Рахаб. Боаз Обедын эцэг. Обедын эх нь Рут. Обед Иессийн эцэг, 6 Иесси Давид хааны эцэг, Давид Соломоны эцэг. Соломоны эх нь Уриагийн эхнэр байсан эмэгтэй юм. 7 Соломон Рехобоамын эцэг, Рехобоам Абиагийн эцэг, Абиа Асагийн эцэг, 8 Аса Иехошафатын эцэг, Иехошафат Иехорамын эцэг, Иехорам Уззиагийн эцэг, 9 Уззиа Иотамын эцэг, Иотам Ахазын эцэг, Ахаз Хезекиагийн эцэг, 10 Хезекиа Манассегийн эцэг, Манассе Амоны эцэг, Амон Иосиагийн эцэг, 11 Иосиа нь Иекониа болон ах дүү нарынх нь эцэг юм. Вавилонд олзлогдохоос өмнө тэд төржээ. 12 Вавилонд олзлогдсоноос хойш Иекониа нь Шеалтиел гэдэг хүүтэй болжээ. Шеалтиел Зеруббабелын эцэг, 13 Зеруббабел Абиудын эцэг, Абиуд Елиакимын эцэг, Елиаким Азорын эцэг, 14 Азор Задокийн эцэг, Задок Ахимын эцэг, Ахим Елиудын эцэг, 15 Елиуд Елеазарын эцэг, Елеазар Матаны эцэг, Матан Иаковын эцэг, 16 Иаков Иосефын эцэг юм. Иосеф бол Христ болсон Есүсийн эх Мариагийн нөхөр болой. 17 Үе удам нь ийм юм. 14 үе буюу Абрахамаас Давид, 14 үе буюу Давидаас Вавилонд олзлогдох хүртэл, 14 үе буюу Вавилонд олзлогдсоноос хойш Христийг оруулж тоолсон билээ.
1 САРЫН 8–14
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 4, 5
«Уулан дээр айлдсан Есүсийн сургаалыг мөрдлөг болгоцгооё»
(Матай 5:3) «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай. Учир нь тэнгэрийн Хаант төр тийм хүнийх.
nwtsty Мт 5:3-ын тайлбар
Жаргалтай: Зүгээр нэг цагаа сайхан өнгөрүүлэхэд төрдөг таатай мэдрэмж биш. Бурхны ивээлийг хүртэж, сайшаалыг нь хүлээсэн хүний тухай хэлэхдээ энэ үгийг ашигладаг. Бурхан болон Есүсийн тэнгэр дэх сүр жавхланг дүрслэхдээ бас энэ үгийг хэрэглэсэн байдаг (1Ти 1:11; 6:15).
Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн: «Ухамсарладаг хүн» гэж орчуулсан грек үгийг үгчлэн орчуулбал «ядуу (гачигдалтай, үгээгүй, гуйлгачин) хүн» гэсэн утгатай. Хам сэдвийг үзвэл гачигдаж дутагдсан бөгөөд үүнийгээ маш сайн ухамсарладаг хүний тухай хэлжээ. Лу 16:20, 22-т Лазар гэдэг гуйлгачны тухай бичихдээ яг адилхан үгийг хэрэглэсэн байдаг. Зарим орчуулгад «сүнсэн дотроо ядуу» хүмүүс гэж хөрвүүлсэн хэллэг нь Бурхантай тогтоосон харьцааны хувьд ядуу, Бурхан зайлшгүй хэрэгтэйг ухамсарладаг хүмүүс гэсэн санаа илэрхийлдэг.
(Матай 5:7) Өршөөнгүй хүн жаргалтай. Учир нь тийм хүнийг өршөөнө.
nwtsty Мт 5:7-гийн тайлбар
Өршөөнгүй: «Өршөөнгүй», «өршөөл» гэж орчуулсан Библийн үг хэллэг нь шүүх дээр уучлах, хүлээцтэй хандахыг л хэлдэггүй. Энэ нь ихэнхдээ тусламж хэрэгтэй хүмүүст санаачилга гарган тусламжийн гараа сунгадаг өрөвч сэтгэлийг хэлдэг.
(Матай 5:9) Эв эеийг сахидаг хүн жаргалтай. Учир нь тийм хүн Бурхны хүү гэгдэнэ.
nwtsty Мт 5:9-ийн тайлбар
Эв эеийг сахидаг хүн: Өөрөө амар тайван байгаад зогсохгүй амар тайван бус орчинг амар тайван болгодог хүн.
w07 12/1 17
Хүүхдээ эв эеийг сахидаг хүн болгон хүмүүжүүлээрэй
Христийн дагалдагч эцэг эхчүүд хүүхдүүдээ «амар тайвныг хайж, мөшгөдөг» хүн болгон хүмүүжүүлэхийг чармайдаг (1 Петр 3:11). Эв эеийг сахидаг хүн ямар их аз жаргалтай байдгийг бодож үзвэл хардаж сэрддэг, уурлаж бухимддаг, үзэн яддагаа болихын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргах нь зүйтэй.
Эрдэнэс хайх нь
(Матай 4:9) «Надад ганц удаа мөргөвөл энэ бүхнийг чамд өгье» гэлээ.
nwtsty Мт 4:9-ийн тайлбар
ганц удаа мөргөвөл: «Мөргөх» гэж орчуулж болдог грек үг нь эгшин зуурын үйлдлийг илэрхийлдэг. «Ганц удаа мөргөвөл» гэж орчуулсан нь Есүсийг үргэлж мөргө гээгүй, харин «ганц удаа мөргөхийг» Сатан шаардсаныг харуулдаг.
(Матай 4:23) Тэгээд Есүс Галил даяар явж, синагогуудад очин сургаал айлдаж, Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглаж, элдэв төрлийн өвчтэй хүмүүсийг эдгээж байлаа.
nwtsty Мт 4:23-ын тайлбар
сургаал айлдаж ... тунхаглаж: Сургаал айлдана гэдэг нь тунхаглахаас өөр. Энэ нь багш шиг зааж, тайлбарлаж, ятган үнэмшүүлж, баримт дурдахыг хэлнэ.
Библиэс унших
(Матай 5:31–48) Түүнээс гадна, “Эхнэрээсээ салсан хүн эхнэртээ салсныг гэрчлэх бичиг өгөг” гэж ярьдаг. 32 Гэхдээ би та нарт хэлье. Садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж буй хэн боловч эхнэрээ завхайрахад хүргэж байгаа хэрэг. Мөн салсан эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрсан хэрэг. 33 “Биелүүлэхгүй юм бол ам тангараг бүү өг. Еховад амласнаа биелүүл” гэж эртний хүмүүст хэлснийг та нар бас мэднэ. 34 Гэхдээ би та нарт хэлье. Ам тангараг бүү өг. Тэнгэрийг ч гэрч бүү болго. Учир нь тэнгэр бол Бурхны сэнтий. 35 Газрыг ч гэрч бүү болго. Учир нь газар бол Бурхны хөлийн гишгүүр. Иерусалимыг ч гэрч бүү болго. Учир нь Иерусалим бол агуу Хааны хот билээ. 36 Амь насаараа дэнчин бүү тавь. Учир нь та нар ширхэг үсийг ч цагаан юм уу хар болгож чадахгүй шүү дээ. 37 Харин “за” бол “за”, “үгүй” бол “үгүй” бай. Үүнээс илүү юм ярих нь хорон муу нэгнээс үүдэлтэй. 38 “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэж ярьдгийг та нар мэддэг. 39 Гэхдээ би та нарт хэлье. Муу хүнтэй бүү тэмцэлд. Баруун хацрыг чинь алгадвал зүүн хацраа бас өг. 40 Хэрэв чамтай заргалдаж байгаа хүн цамцыг чинь авах гэвэл дээлээ бас өг. 41 Эрх мэдэлтэй хүн чамайг нэг бээр яв гэж албадвал түүнтэй хамт хоёр бээр яв. 42 Тусламж хүссэн хүнд тусал, хүүгүй зээлэхийг хүссэн хүнд зээлүүл. 43 “Бусдыг хайрла, харин дайснаа үзэн яд” гэж ярьдгийг та нар мэддэг. 44 Гэхдээ би та нарт хэлье. Дайснаа хайрла. Та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. 45 Ингэвэл та нар тэнгэрийн Эцгийнхээ хөвгүүд гэдгээ батална. Учир нь тэрээр сайн, муу хүмүүсийн хэн хэнийх нь дээр нар мандуулж, шударга, шударга бус хүмүүсийн хэн хэнийх нь дээр бороо оруулдаг. 46 Та нар өөрсдийг чинь хайрладаг хүнийг хайрладаг бол ямар шагнал хүртэх билээ? Татвар хураагчид хүртэл тэгдэг биш үү? 47 Та нар ах дүүтэйгээ л мэндэлдэг бол ямар онцгой юм хийж байгаа билээ? Харь үндэстнүүд ч тэгдэг биш үү? 48 Та нар тэнгэр дэх төгс Эцгээ дуурайж бүх хүнийг хайрла.
1 САРЫН 15–21
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 6, 7
«Хаант төрийг эн тэргүүнд тавьж амьдрагтун»
(Матай 6:10) «Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй»
Залбирал бол Бурхантай дотно харьцаа тогтоох арга
12 Залбирахдаа Ехова Бурханд хамаатай асуудлыг анхаарах нь туйлын чухал. Бид Еховагийн хийдэг бүхэнд чин сэтгэлээсээ талархаж, түүнийг магтан алдаршуулах учиртай (Шастирын дээд 29:10–13). Матай 6:9–13-т Есүсийн жишээ болгон хэлсэн залбирал байдаг (Уншина). Уг залбирлаас харахад, Бурхны нэр ариусаасай, Бурхны Хаант төр захирч, хүсэл таалал нь тэнгэрт ч, газар дээр ч биелээсэй гэж залбирч байх учиртай ажээ. Есүс Еховад хамаатай эдгээр чухал асуудлыг дурдсаныхаа дараа л хувийн асуудлаа хэлсэн байдаг. Бид ч бас залбирахдаа Бурханд хамаатай асуудлыг чухалчлан анхаардаг бол хар амиа боддоггүйгээ харуулна.
(Матай 6:24) «Хэн ч хоёр эзний боол байж чадахгүй. Учир нь нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгэнд нь үнэнч байж, нөгөөг нь үл тооно. Нэгэн зэрэг Бурхан болон эд баялгийн боол байх аргагүй.»
nwtsty Мт 6:24-ийн тайлбар
боол байх: Грек үйл үг нь зөвхөн нэг эзэнтэй байж, боол зарцын ажил хийх гэсэн санаа илэрхийлдэг. Есүс энэ үгээр, Христийн дагалдагч болсон хүн Бурханд чин үнэнч байхын зэрэгцээ эд хөрөнгө цуглуулахын төлөө зүтгэх боломжгүй гэсэн санаа илэрхийлжээ.
(Матай 6:33) Тиймээс Хаант төр болон Бурхны зөв гэж үздэг бүхнийг үргэлж эн тэргүүнд тавьж амьдрагтун. Тэгвэл Бурхан та нарт энэ бүхнийг өгнө.
nwtsty Мт 6:33-ын тайлбар
үргэлж ... тавьж: Грек үйл үгийн хэлбэр нь үргэлжилж буй үйлдлийг заадаг бөгөөд «тавьсаар» гэж орчуулж болдог. Есүсийн жинхэнэ дагалдагчид нэг хэсэг Хаант төрийг чухалчилж байгаад дараа нь өөр юмыг чухалд тавих учиргүй байв. Харин цаг ямагт Хаант төрийг амьдралынхаа эн тэргүүнд тавих ёстой.
Хаант төр: Эртний зарим грек гар бичмэлд «Бурхны Хаант төр» гэж бичсэн байдаг.
зөв гэж үздэг бүхнийг: Бурхны зөв гэж үздэг бүхнийг эн тэргүүнд тавьдаг хүмүүс хүсэл тааллыг нь биелүүлж, зөв буруугийн талаарх хэм хэмжээг нь дагадаг. Есүсийн энэ сургаал нь өөрсдийнхөө зөв гэж үздэгээр хэм хэмжээ тогтоодог фарисайчуудын сургаалаас тэс өөр байсан (Мт 5:20).
Эд зүйлийг бус, Хаанчлалыг хайя
18 Матай 6:33-ыг уншина. Христийн шавь нар юуны түрүүнд Хаанчлалыг боддог байх ёстой. Ингэдэг бол Есүсийн хэлснээр бусад бүх зүйлийг бидэнд «нэмж өгөх болно». Есүс яагаад тэгж хэлсэн бэ? Өмнөх зүйлд нь «Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм» гэжээ. «Энэ бүхэн» гэдэг нь хүний амьдралд шаардлагатай бүх зүйл юм. Бидэнд хоол хүнс, хувцас хунар, гэр орон хэрэгтэй байгааг Ехова биднээс түрүүлээд мэдэж чадна (Флп. 4:19). Аль хувцас маань элэгдэж байгааг, ямар хоолны дэглэм барих хэрэгтэйг, ямар гэр орон тохиромжтойг Ехова мэддэг. Бидэнд үнэхээр хэрэг болоод байгаа зүйлийг Ехова өгнө.
Эрдэнэс хайх нь
(Матай 7:12) Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, өөрөө ч мөн бусдад тийнхүү ханд. Энэ бол Хууль болон зөнчдийн сургаалын үндэс юм.
Дэлгэрүүлэхдээ Алтан дүрмийг баримталцгаая
14 Нэг өдөр танихгүй хүн тан руу утасдаад ямар хоолонд дуртай вэ гэж асуулаа гэж бодъё. «Энэ юун хүн бэ? Надаас юу хүсээд байгаа юм бол?» гэж бодогдох байх. Боловсон зан гаргаж тэр хүнтэй хэсэг зуур ярих байх л даа. Гэхдээ удаан ярихыг хүсэхгүй болов уу. Уг нь тэр хүн эхлээд өөрийгөө танилцуулж, чухал мэдээлэл өгөхөөр зөв зохистой хооллолтын газраас ярьж байгаагаа хэлсэн бол шал өөр хэрэг. Тэгвэл та анхааралтай сонсох биз ээ. Ер нь, шулуухан мөртлөө эелдэг харьцдаг хүнтэй ярих амар байдаг. Дэлгэрүүлэхдээ яаж ийм байх вэ?
15 Ямар хэргээр яваагаа айлын хүнд шууд хэлэх нь олон газар түгээмэл байдаг. Маш чухал мэдээ хүмүүст хүргэдэг маань үнэн. Гэхдээ өөрийгөө танилцуулаагүй хэрнээ шууд л «Та дэлхий дахины тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой байсан бол юу хийх байсан бэ?» гэж асууж байна гээд төсөөл дөө. Уг нь айлын хүний үзэл бодлыг мэдэж, тэр сэдвээр Библид үндэслэн ярилцах гэсэндээ ингэж асуусан. Гэвч тэр хүн: «Энэ юун хүн бэ? Яагаад ийм юм асуугаад байгаа юм бол? Ер нь юу болоод байгаа юм бэ?» гэж бодох биз ээ. Бидний зорилго бол айлын хүнийг айлгаж ичээлгүй халуун яриа өрнүүлэх явдал юм (Флп. 2:3, 4). Тэгвэл яаж энэ зорилгодоо хүрэх вэ?
16 Дараах арга үр дүнтэй болохыг нэгэн явуулын харгалзагч туршлагаасаа ойлгожээ. Юуны түрүүнд мэндлээд, «Бид өнөөдөр танай энэ хавийн хүмүүст үүнийг тарааж байгаа юм аа. Олон хүний сонирхдог зургаан асуулт энд бий» гэж хэлэн «Үнэнийг мэдмээр байна уу?» танилцуулгыг өгнө. Ирсэн зорилгыг маань сонсохлоороо ихэнх хүн тайвширдаг болохоор яриагаа үргэлжлүүлэхэд амар болдог ажээ. Дараа нь, «Та энэ асуултуудыг бодож байв уу?» гэж асуудаг байна. Аль нэг асуултыг сонговол энэ талаар Библид юу гэж бичсэн байдгийг танилцуулгаас үзүүлнэ. Хэрэв сонгохгүй бол айлын хүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд өөрөө аль нэг асуултыг сонгоод яриагаа үргэлжлүүлдэг байна. Яриа өрнүүлэх олон янзын арга байдаг. Зарим нутагт мэнд усаа мэдэлцэлгүй шууд ярьж эхэлбэл соёлгүйд тооцогддог. Тухайн хэсгийн онцлогт тохируулан оршил үгээ өөрчлөх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэвэл хүмүүс бидний хүргэдэг мэдээг сонсохдоо дуртай байна.
(Матай 7:28, 29) Есүсийг сургаалаа айлдаж дуусахад олон түмэн хэрхэн зааж сургасныг нь гайхан бишрэв. 29 Яагаад гэвэл тэрээр хуулийн багш нар шиг нь бус, харин Бурхнаас эрх мэдэл авсан хүний ёсоор сургажээ.
nwtsty Мт 7:28, 29-ийн тайлбар
гайхан бишрэв: Үүнийг грекээр үргэлжлэх цаг дээр бичсэн байдаг. Энэ нь Есүсийн үг хуран цугласан олонд онцгой сэтгэгдэл төрүүлж, зүрх сэтгэлд нь хоногшсоныг илэрхийлдэг
хэрхэн зааж сургасныг нь: Энэ нь Есүсийн заах аргыг хэлдэг. Үүнд юу зааж байсан болон Ууланд айлдсан номлолдоо зааж сургасан бүхэн нь ордог.
хуулийн багш нар шиг нь бус: Хуулийн багш нар нэр алдартай рабби нарынхаа үгнээс эш татдаг заншилтай байжээ. Харин Есүс Еховагийн төлөөлөгч, эрх мэдэлтэй нэгний ёсоор, Еховагийн Үгэнд үндэслэн заадаг байсан (Ёох 7:16).
Библиэс унших
(Матай 6:1–18) Зөв юм хийхдээ хүнд харуулах зорилго өвөрлөхөөс сэрэмжил. Эс бөгөөс тэнгэрийн Эцэг тань шагнахгүй. 2 Өглөг өгөхдөө хоёр нүүртэй хүмүүс шиг бүрээ бүү тат. Тэд магтуулах гэсэндээ синагогт байхдаа болон гудамжаар явахдаа өглөг өгдөг юм. Тэд шагналаа бүрэн авсныг би батлан хэлье. 3 Харин та нар өглөг өгөхдөө баруун гараараа юу хийж байгаагаа зүүн гартаа бүү мэдэгд. 4 Ингэвэл өглөг чинь нууц байна. Бүхнийг харж чаддаг Эцэг тань шагнана. 5 Түүнчлэн, залбирахдаа хоёр нүүртэй хүмүүс шиг бүү бай. Учир нь тэд хүнд харагдах гэж синагог, гол гудамжинд зогсоод залбирах дуртай. Тэд шагналаа бүрэн авсныг би батлан хэлье. 6 Харин та нар залбирахдаа өрөөндөө орж, хаалгаа хаагаад хүнд харагддаггүй Эцэгтээ залбир. Тэгвэл бүхнийг харж чаддаг Эцэг тань шагнана. 7 Залбирахдаа харь үндэстнүүд шиг нэг юмаа дахин дахин бүү хэл. Тэд олон үг хэлснийх нь төлөө Бурхан сонсоно гэж боддог юм. 8 Тиймээс тэднийг бүү дуурай. Учир нь та нарын Эцэг гуйхаас тань өмнө та нарт юу хэрэгтэйг мэдэж байдаг. 9 Тиймээс ийнхүү залбир. “Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай. 10 Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй. 11 Өнөөдөр идэх талхыг бидэнд өгөөч. 12 Өөрсдийн маань эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг бид уучилсны адил бидний нүглийг уучлаач. 13 Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслаач. Хорон муу нэгнээс хамгаалаач”. 14 Та нар хүмүүсийн алдаа дутагдлыг уучилбал та нарыг тэнгэрийн Эцэг тань бас уучилна. 15 Та нар хүмүүсийн алдаа дутагдлыг уучлахгүй бол та нарыг Эцэг тань бас уучлахгүй. 16 Мацаг барихдаа хоёр нүүртэй хүмүүс шиг шаналсан царай гаргадгаа боль. Тэд мацаг барьж байгаагаа олонд мэдүүлэх гэж тэгдэг юм. Тэд шагналаа бүрэн авсныг би батлан хэлье. 17 Харин та нар мацаг барих үедээ толгойгоо тосол, нүүрээ угаа. 18 Тэгвэл мацаг барьж байгааг тань хүмүүс бус, хүнд харагддаггүй Эцэг тань л мэднэ, бүхнийг харж чаддаг Эцэг тань л шагнана.
1 САРЫН 22–28
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 8, 9
«Есүс хүмүүсийг хайрладаг байсан»
(Матай 8:1–3) Есүсийг уулнаас буухад маш олон хүн түүнийг дагав. 2 Тэгтэл уяман өвчтэй нэг хүн ирээд Есүсийн өмнө сөгдөж «Эзэн, та хүсвэл намайг эдгээж чадна шүү дээ» гэжээ. 3 Есүс гараа түүнд хүргэж, «Хүсэж байна. Би чамайг эдгээе» гэсэнд өнөөх хүн тэр даруй эдгэжээ.
nwtsty Мт 8:3-ын тайлбар
түүнд хүргэж: Мосегийн хууль ёсоор, уяман өвчтэй хүмүүс өвчнөө бусдад халдаахгүйн тулд тусгаар байх ёстой байжээ (Ле 13:45, 46; То 5:1–4). Гэхдээ иудейн шашны удирдагчид нэмэлт дүрэм гаргасан. Жишээлбэл, хэн ч уяман өвчтэй хүнд 4 тохой буюу ойролцоогоор 1.8 метрээс илүү ойртох ёсгүй. Салхитай өдөр, бүр 100 тохой буюу ойролцоогоор 45 метр зайтай байх ёстой байжээ. Үүнээс болж хүмүүс уяман өвчтэй хүмүүст илүү хүйтэн хөндий ханддаг болсон. Уяман өвчтэй хүмүүсээс нуугдсан нэг раббиг, тэднээс зай барихын тулд тэдэн рүү чулуу шидсэн нэг хүнийг иудейчүүд сайшаан ярьдаг байжээ. Харин Есүс тэр уяман өвчтэй хүний зовлонг ойлгож, биед нь хүрсэн нь иудейчүүдийн ухаан санаанд багтахааргүй зүйл байв. Уг нь тэрээр ганцхан үг хэлээд эдгээж чадах байсан ч түүнд хүрсэн (Мт 8:5–12).
Хүсэж байна: Есүс хүсэлтийг нь хүлээн аваад зогсохгүй биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь ёс төдий хандаагүйг харуулдаг.
(Матай 9:9–13) Дараа нь Есүс тэндээс явах замдаа татварын газар сууж буй Матай гэгч хүнийг хараад «Намайг дага» гэв. Тэгэхэд нь Матай босож түүнийг дагав. 10 Есүсийг шавь нартайгаа хамт Матайн гэрт хоол идэж байхад олон татвар хураагч, олон нүгэлтэн ирээд хамт хоол идэв. 11 Гэтэл фарисайчууд үүнийг хараад «Танай багш яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хоол иддэг юм бэ?» гэж шавь нараас нь асуулаа. 12 Үүнийг сонссон Есүс: «Эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтэй хүнд хэрэгтэй. 13 Тиймээс та нар явж “Би та нараас тахил өргөхийг бус, бусдыг энэрэхийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг олж мэд. Учир нь би шударга сайн хүнийг бус, нүгэлтнийг дуудахаар ирсэн» гэж өгүүлэв.
nwtsty Мт 9:10-ын тайлбар
хоол идэж: Эсвэл «ширээ налж». Хэн нэгэнтэй хамт ширээ налж сууна гэдэг нь тэр хүнтэй дотно байгаагийн шинж. Тиймээс Есүсийн үеийн иудейчүүд хэзээ ч иудей бус хүмүүстэй хамт ширээ налж суух буюу хоол иддэггүй байсан.
татвар хураагч: Ромын эрх баригчдын төлөө татвар хураадаг иудей хүн олон байсан. Тэд уур хилэнгийн бай болсон гадны эрх баригчидтай нийлээд зогсохгүй төлөх ёстой татварын хэмжээнээс илүү ихийг шаарддаг байсан учраас хүмүүс тэднийг үзэн яддаг байсан. Татвар хураадаг иудейчүүдийг элэг нэгтнүүд нь нүгэлтэн, янхантай адил гэж үзэн, зай барьдаг байжээ (Мт 11:19; 21:32).
(Матай 9:35–38) Есүс бүх хот тосгоноор яван синагогт нь сургаал айлдаж, Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглаж, өвчин эмгэгтэй бүх хүнийг эдгээв. 36 Тэрээр олон түмнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь турж эцдэгийн адил зовж зүдэрсэн байлаа. 37 Тэгээд шавь нартаа «Ургац арвин боловч ажилчид цөөн байна. 38 Тиймээс ургацын Эзнээс ажилчид явуулахыг гуйцгаа» гэв.
nwtsty Мт 9:36-гийн тайлбар
өрөвдөв: Энд бичигдсэн сплагхнизомаи гэдэг грек үйл үг «гэдэс» гэсэн үгтэй (сплагхна) холбоотой бөгөөд хүний сэтгэл зүрхний гүнээс гардаг хүчтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Энэ үг нь өрөвч сэтгэлийг хамгийн хүчтэй илэрхийлдэг грек үгнүүдийн нэг юм.
Эрдэнэс хайх нь
(Матай 8:8–10) Зуутын дарга: «Би таныг гэртээ оруулах зохистой хүн биш ээ. Таныг ганц үг хэлэхэд л зарц минь эдгэчихнэ. 9 Учир нь би өөрөө ч захирагддаг, цэргүүдээ ч захирдаг. Би нэгэнд нь “Яв!” гэвэл явдаг, нөгөөд нь “Нааш ир!” гэвэл ирдэг, зарцдаа “Үүнийг хий!” гэвэл хийдэг» гэв. 10 Ингэж хэлэхийг нь сонсоод Есүс гайхаж, өөрийг нь дагаж байсан хүмүүст «Би та нарт үнэнийг хэлье. Ийм бат итгэлтэй хүнтэй би Израйлд тааралдсангүй.»
«Би та нарт ... жишээ үзүүлсэн юм»
16 Үүнтэй төстэй өөр нэг явдал гэвэл, Есүс дээр нэг ромын цэргийн зуутын дарга ирсэн бөгөөд тэрээр Еховаг шүтдэггүй хүн байсан бололтой. Тэрээр өвчтэй зарцаа эдгээлгэхээр гуйжээ. Есүс зуутын даргыг нүгэлтэй хүн гэдгийг мэдэж л байсан. Тэр цагийн цэргийн хүний амьдралд харгис хэрцгий явдалд оролцон, цус урсгах хэрэг олон байсан биз ээ. Түүнээс гадна зуутын дарга хуурамч бурхан шүтдэг байсан. Тэглээ ч Есүс түүний сайн чанар буюу хосгүй итгэлийг онцолсон юм (Матай 8:5–13). Хожим нь Есүс дэргэд нь шонд хадуулсан гэмт хэрэгтэнтэй ярихдаа урьдын муу хэргийнх нь төлөө буруушаалгүй харин ч ирээдүйн найдвар өгсөн (Лук 23:43). Хүнийг шүүмжлэн таагүй хандвал урмыг нь хугалдаг гэдгийг Есүс сайн мэддэг байжээ. Есүс хүний сайн чанарыг олохыг хичээдэг байсан нь тэдэнд улам сайжрах урам өгсөн нь дамжиггүй.
(Матай 9:16, 17) Хэн ч хуучин дээлээ агчаагүй даавуугаар нөхдөггүй. Хэрэв нөхвөл дээл нөхөөсөндөө татагдаж улам их урагдана. 17 Хэн ч шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Хэрэв хийвэл тулам задран дарс асгарч тулам хэрэгцээгүй болно. Харин шинэ дарсыг шинэ тулманд хийдэг. Дарс асгарахгүй, тулам ч задрахгүй» гэлээ.
jy 70 ¶6
Есүсийн шавь нар яагаад мацаг барьдаггүй байсан бэ?
Дагалдагчдыг нь мацаг барих гэх мэтийн иудейн шашны хуучин зан үйлийг мөрдөнө гэж бодох ёсгүйг Есүс баптисм хүртээгч Ёоханы шавь нарт ойлгуулж байна. Тэрээр хуучин, үеэ өнгөрөөсөн шүтлэгийн тогтолцоог засаж сайжруулаад цаашид үргэлжлүүлэх зорилгоор ирээгүй. Есүс хүмүүсийн ёс заншилтай холилдсон тухайн үеийн иудейн шашны шүтлэгийг сайшаагаагүй. Тийм ээ, Есүс агчаагүй даавуугаар хуучин дээлээ нөхөх юм уу шинэ дарсыг хатаж хорчийсон хуучин тулманд хийх гэж оролдоогүй.
Библиэс унших
(Матай 8:1–17) Есүсийг уулнаас буухад маш олон хүн түүнийг дагав. 2 Тэгтэл уяман өвчтэй нэг хүн ирээд Есүсийн өмнө сөгдөж «Эзэн, та хүсвэл намайг эдгээж чадна шүү дээ» гэжээ. 3 Есүс гараа түүнд хүргэж, «Хүсэж байна. Би чамайг эдгээе» гэсэнд өнөөх хүн тэр даруй эдгэжээ. 4 Есүс: «Энэ явдлыг хэнд ч битгий хэлээрэй. Харин явж, тахилчид үзүүлээд Мосегийн хуульд заасан ёсоор тахил өргөөрэй. Энэ нь тахилчдад гэрчлэл болно» гэж өнөөх хүнд хэлэв. 5 Есүсийг Капернаумд очиход нэгэн зуутын дарга түүнтэй уулзаад 6 «Зарц минь саа өвчтэй, хэвтэрт байна. Өвчнөөсөө болоод их шаналдаг юм» гэж учирласанд 7 Есүс: «Танайд очоод эдгээж өгье» гэжээ. 8 Зуутын дарга: «Би таныг гэртээ оруулах зохистой хүн биш ээ. Таныг ганц үг хэлэхэд л зарц минь эдгэчихнэ. 9 Учир нь би өөрөө ч захирагддаг, цэргүүдээ ч захирдаг. Би нэгэнд нь “Яв!” гэвэл явдаг, нөгөөд нь “Нааш ир!” гэвэл ирдэг, зарцдаа “Үүнийг хий!” гэвэл хийдэг» гэв. 10 Ингэж хэлэхийг нь сонсоод Есүс гайхаж, өөрийг нь дагаж байсан хүмүүст «Би та нарт үнэнийг хэлье. Ийм бат итгэлтэй хүнтэй би Израйлд тааралдсангүй. 11 Гэхдээ би та нарт хэлье. Зүүн, баруун зүгээс олон хүн ирж, тэнгэрийн Хаант төрд орж, Абрахам, Исаак, Иаковтой хамт ширээнд тухлан зоог барина. 12 Харин Хаант төрийн хөвгүүд гадаа харанхуйд хаягдана. Тэд тэнд уйлж, шүдээ хавирна» хэмээгээд 13 зуутын даргад «Таны итгэснээр болог» гэв. Тэр мөчид зарц нь эдгэсэн ажээ. 14 Есүс Петрийнд ирээд хадам ээжийг нь халуунтай хэвтэж байхыг үзэв. 15 Тэгээд гарт нь хүрэхэд халуун нь буужээ. Петрийн хадам ээж босож, цай хоол хийж эхлэв. 16 Орой нь хүмүүс чөтгөрт эзэмдүүлсэн олон хүнийг авчрахад Есүс чөтгөрүүдийг хөөж, өвчтэй бүгдийг эдгээжээ. 17 Ийнхүү зөнч Исаиагийн «Тэр бидний өвчнийг өөртөө авч, бидний уй гашууг үүрэв» гэж зөгнөсөн нь биелжээ.
1 сарын 29—2 сарын 4
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 10, 11
«Есүс хүмүүсийн сэтгэлийг сэргээдэг байсан»
(Матай 10:29, 30) Хоёр бор шувууг ганцхан зоосоор зардаг биз дээ? Гэвч нэг нь газар унахыг ч тэнгэрийн Эцэг тань мэдэж байдаг. Та нарын толгой дээрх үсийг ч тоо ширхгээр нь мэддэг.
nwtsty Мт 10:29, 30-ийн тайлбар
бор шувууг: Стрүтион гэдэг грек үг нь хамгийн жижиг зүйлийг илэрхийлдэг. Бүх жижиг шувууг энэ үгээр хэлж болдог ч, ер нь бор шувууг хэлдэг. Бор шувуу нь хүнсэнд хэрэглэдэг бүх шувуунаас хамгийн хямдхан нь байжээ.
ганцхан зоосоор: Үгч., «ганцхан ассараар». 1 ассар тухайн үеийн 45 минутын ажлын хөлстэй тэнцдэг (бүс 18-ыг үзнэ үү). Галил нутгаар 3 дахь удаа аялж байсан энэ үед Есүс хоёр бор шувууг нэг ассартай тэнцдэг гэж хэлсэн. Жил орчмын дараа Есүс Иудейд дэлгэрүүлж байхдаа таван бор шувууг хоёр ассараар авч болдгийг хэлсэн (Лу 12:6). Энэ хоёрыг харьцуулж үзэхэд наймаачдын хувьд бор шувуу маш хямдхан байсан учраас тав дахь шувууг үнэгүй өгдөг байсан нь тодорхой байна.
Та нарын толгой дээрх үсийг ч тоо ширхгээр нь мэддэг: Хүний толгойд дунджаар 100 000 ширхэг үс байдаг гэж үздэг. Ехова тийм жижиг зүйлийг ч гэсэн маш сайн мэддэг нь Христийн дагалдагч хүн нэг бүрд санаа тавьдгийн баталгаа юм.
nwtsty үзүүлэн таниулах материал
Бор шувуу
Бор шувуу нь хүнсэнд хэрэглэдэг бүх шувуунаас хамгийн хямд байжээ. Хоёр бор шувууг 45 минутын хөлсөөр авч чаддаг байсан. Бор шувуу гэж орчуулсан грек үг нь янз бүрийн жижиг шувууг хэлдэг бөгөөд үүнд Израйлд одоо ч түгээмэл байдаг гэрийн бор шувуу (Passer domesticus biblicus) болон испани бор шувуу (Passer hispaniolensis) бас ордог.
(Матай 11:28) Эцэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн та нар бүгдээрээ над руу ир. Би та нарыг сэргээнэ.
nwtsty Мт 11:28-ын тайлбар
хүнд ачаа үүрсэн: Ир гэж Есүсийн урьсан хүмүүс сэтгэлийн зовнил болон хүнд хүчир ажлаас болж «хүнд ачаа үүрсэн». Мосегийн хуульд нэмэгдсэн, хүмүүсийн ёс заншлаас болж тэдний хувьд Еховаг шүтэх нь дарамттай байв. (Мт 23:4). Тэр байтугай, хүний сэтгэлийг сэргээх учиртай байсан Амралтын өдөр хүртэл ачаа мэт санагддаг байсан (Ег 23:12; Мр 2:23–28; Лу 6:1–11).
Би та нарыг сэргээнэ: «Сэргээх» гэсэн утгатай грек үг нь амрах (Мт 26:45; Мр 6:31) эсвэл сэтгэлээ сэргээж, эрч хүчтэй болохын тулд хүнд ачаанаас салах гэсэн утгатай (2Ко 7:13; Флм 7). Есүсийн буулгыг авна гэдэг нь зүгээр нэг амрах биш, үйлчлүүлэхтэй холбоотой. Уг грек идэвхтэй үйл үгийн өгүүлэгдэхүүн нь Есүс учраас тэрээр эцэж туйлдсан хүмүүсийг дахин тэнхрүүлнэ гэсэн санаа илэрхийлдэг. Ингэснээр тэд Есүсийн хөнгөн, эвтэйхэн буулгыг өөр дээрээ авах хүсэлтэй болох юм.
(Матай 11:29, 30) «Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би дөлгөөн, даруу. Та нар сэргэх болно. Яагаад гэвэл миний буулга эвтэйхэн, миний ачаа хөнгөн» гэж хэлэв.
nwtsty Мт 11:29-ийн тайлбар
Буулгыг минь өөр дээрээ авч: Есүс эрх мэдэл, удирдлага зааварт захирагдах гэсэн санаа илэрхийлэхийн тулд «буулгыг» дурдсан. Хэрвээ Есүс хоёр амьтанд зориулсан буулгыг бодож байсан бол энэ нь Есүст өгсөн Бурхны буулга байсан байж таарна. Хэрэв тийм бол Есүс шавь нараа өөртэй нь хамт тэр буулганд орж, өөрөө тэдэнд тусална гэсэн утгаар хэлсэн хэрэг. Тэгсэн бол «Буулганд минь надтай хамт ор» гэж орчуулах боломжтой. Хэрэв Есүс өөрөө хүмүүс дээр тавих буулгыг бодож байсан бол шавь нар нь өөрийнх нь эрх мэдэл, удирдлага зааврыг дуулгавартай дагахыг хэлсэн гэсэн үг.
Эрдэнэс хайх нь
(Матай 11:2, 3) Харин шоронд хоригдож байсан Ёохан Христийн хийж байгаа бүхний талаар дуулаад шавь нараа илгээн 3 «Та ирэх ёстой Нэгэн мөн үү? Танаас өөр нэгнийг бид бас хүлээх үү?» гэж асуулгав.
jy 96 ¶2-3
Ёохан Есүсээс хариу сонсохыг хүссэн нь
Энэ нь сонин асуулт юм шиг санагдаж байна уу? Ёохан бат итгэлтэй хүн төдийгүй бараг 2 жилийн өмнө Есүст баптисм хүртээхдээ Бурхны агуу хүч Есүс дээр бууж, Бурхан Хүүгээ магтаж сайшаасныг чихээрээ сонссон шүү дээ. Тиймээс Ёоханы итгэл суларсан гэж үзэх үндэсгүй. Хэрэв Ёоханы итгэл суларсан байсан бол Есүс түүнийг өндөр үнэлдгээ хэлэхгүй байх байсан. Тэгвэл Ёохан эргэлзээгүй хэр нь яагаад Есүсээс ийн асуусан бэ?
Есүс өөрийгөө Мессиа гэдгийг батлан хэлээсэй гэж Ёохан хүссэн байж магадгүй. Ингэж хэлбэл шоронд зовж буй тэрээр урам зоригтой болох байв. Ёохан бас өөр нэг зүйлийг мэдэх гэж асуужээ. Тэрээр Бурхны тослогдсон Нэгэн хаан ба аврагч болно гэдэг Библийн зөгнөлүүдийг маш сайн мэддэг байв. Есүс баптисм хүртээд хэдэн сар өнгөрсөн ч тэрээр шоронд байлаа. Тийм учраас Ёохан өөр нэгэн ирэх эсэхийг, өөрөөр хэлбэл Есүсийн залгамжлагч ирээд Мессиагийн талаарх бүх зөгнөлийг биелүүлэх эсэхийг асуусан хэрэг юм.
(Матай 11:16–19) «Энэ үеийнхнийг хэнтэй зүйрлэх вэ? Зах дээр тоглодог хүүхдүүдтэй зүйрлэнэ. Тэд хамт тоглодог хүүхдүүдээ дуудаж 17 “Бид та нарт лимбэ тоглож өгсөн ч та нар бүжиглэсэнгүй. Гашуудлын дуу дуулсан ч та нар чээжээ дэлдсэнгүй” гэж хэлдэг. 18 Ёохан бусадтай адил идэж уудаггүй. Гэвч хүмүүс: “Түүнд чөтгөр шүглэжээ” гэдэг. 19 Харин хүний Хүүг идэж уухад “Ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр” гэцгээдэг. Гэхдээ мэргэн ухаантай нь үйлсээс нь харагддаг.»
jy 98 ¶1-2
Бурхны Үгийг хүлээж авдаггүй үеийнхэн зовлон үзнэ
Есүс баптисм хүртээгч Ёоханыг өндөр үнэлдэг байв. Харин хүмүүс Ёоханыг хэрхэн үздэг байсан бэ? Есүс: «Энэ үеийнхнийг ... зах дээр тоглодог хүүхдүүдтэй зүйрлэнэ. Тэд хамт тоглодог хүүхдүүдээ дуудаж “Бид та нарт лимбэ тоглож өгсөн ч та нар бүжиглэсэнгүй. Гашуудлын дуу дуулсан ч та нар чээжээ дэлдсэнгүй” гэж хэлдэг» гэжээ (Матай 11:16, 17).
Есүсийн хэлсэн үг ямар утгатай вэ? Есүс утгыг нь тайлбарлан «Ёохан бусадтай адил идэж уудаггүй. Гэвч хүмүүс: “Түүнд чөтгөр шүглэжээ” гэдэг. Харин хүний Хүүг идэж уухад “Ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр” гэцгээдэг» гэжээ (Матай 11:18, 19). Ёохан назир хүнийхээ хувьд энгийн амьдарч, дарс ч уудаггүй байхад энэ үеийнхэн түүнийг чөтгөр шүглэсэн гэдэг (Тооллого 6:2, 3; Лук 1:15). Харин Есүс бусдын адилаар амьдарч, идэж уухдаа дүн нуруутай байсан ч хүмүүс түүнийг хэтрүүлдэг гэж муулдаг. Тэгэхлээр бүх хүний сэтгэлд нийцүүлэх боломжгүй биз ээ.
Библиэс унших
(Матай 11:1–19) Есүс 12 шавьдаа заавар өгчихөөд бусад хотод сайн мэдээ тунхаглаж, сургаал айлдахаар гарчээ. 2 Харин шоронд хоригдож байсан Ёохан Христийн хийж байгаа бүхний талаар дуулаад шавь нараа илгээн 3 «Та ирэх ёстой Нэгэн мөн үү? Танаас өөр нэгнийг бид бас хүлээх үү?» гэж асуулгав. 4 Есүс: «Үзсэн, сонссоноо буцаж очоод Ёоханд хэл. 5 Хараагүй нь харж, доголон нь явж, уяман өвчтэй нь эдгэж, дүлий нь сонсож, үхсэн нь амилж, ядуу нь сайн мэдээ сонсож байна. 6 Эргэлзэхгүйгээр надад итгэдэг хүн жаргалтай» гэж хариулжээ. 7 Тэднийг замд гарсны дараа Есүс олон түмэнд Ёоханы талаар ийн ярьж эхлэв. «Та нар юу харах гэж цөл рүү явсан бэ? Салхинд найгах зэгсийг үү? 8 Чухам юу харах гэсэн юм бэ? Ганган хээнцэр хүнийг үү? Ганган хээнцэр хувцастай хүн хааны ордонд байдаг шүү дээ. 9 Тэгвэл та нар юу харах гэж очсон бэ? Зөнчийг харах гэж үү? Тийм ээ, Ёохан бол зөнч. Үнэндээ, зөнчөөс ч агуу юм. 10 Түүний талаар “Би чиний өмнө явах элчээ илгээж байна. Тэрээр өмнө чинь зам бэлдэнэ!” гэж бичсэн байдаг. 11 Баптисм хүртээгч Ёоханаас агуу хүн хүмүүсийн дунд үгүй боловч Бурхны Хаант төрд багтах хүмүүсийн дорд нэгэн ч түүнээс агуу юм. 12 Тэнгэрийн Хаант төр нь баптисм хүртээгч Ёоханы үеэс өнөөг хүртэл хүмүүсийн тэмүүлж байгаа зорилго бөгөөд цөхрөлтгүй тэмүүлдэг хүмүүс зорилгодоо хүрнэ. 13 Учир нь энэ талаар Ёоханаас өмнө Хуульд ч бичсэн, зөнчид ч зөгнөсөн. 14 Тиймээс та нар итгэх ч бай, үгүй ч бай, Ёохан бол зөнчдийн хэлсэн ирэх ёстой Елиа мөн. 15 Чихтэй нэг нь сонсог. 16 Энэ үеийнхнийг хэнтэй зүйрлэх вэ? Зах дээр тоглодог хүүхдүүдтэй зүйрлэнэ. Тэд хамт тоглодог хүүхдүүдээ дуудаж 17 “Бид та нарт лимбэ тоглож өгсөн ч та нар бүжиглэсэнгүй. Гашуудлын дуу дуулсан ч та нар чээжээ дэлдсэнгүй” гэж хэлдэг. 18 Ёохан бусадтай адил идэж уудаггүй. Гэвч хүмүүс: “Түүнд чөтгөр шүглэжээ” гэдэг. 19 Харин хүний Хүүг идэж уухад “Ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр” гэцгээдэг. Гэхдээ мэргэн ухаантай нь үйлсээс нь харагддаг.»