«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
3 САРЫН 5–11
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 20, 21
«Хэн нь агуу болохыг хүснэ, тэр нь та нарт үйлчлэх ёстой»
(Матай 20:3) Гуравдугаар цагийн орчим дахин гарч, зах дээр ажилгүй зогсож байгаа хүмүүсийг хараад
nwtsty үзүүлэн таниулах материал
Зах
Энд дүрсэлсэн шиг зарим зах гудамжинд байдаг байсан. Наймаачид хэт их юм тавиад зам хаах үе ч байдаг. Нутгийн хүмүүс гэр ахуйн бараа, ваар, үнэтэй шилэн бараа, шинэ жимс, ногоо авдаг байсан. Хөргөгч байгаагүй учраас хүмүүс өдөр бүр зах дээр очиж, юм авдаг байжээ. Ингэхдээ зах дээр зогсдог хүмүүс болон захын үйлчлүүлэгчдээс шинэ мэдээ сонсоно. Бас тэнд хүүхдүүд тоглож, ажилгүй хүмүүс ажил олгогчийг хүлээдэг байв. Зах дээр, Есүс өвчтэй хүнийг эдгээсэн, Паул дэлгэрүүлсэн (Үй 17:17). Харин бардам ихэмсэг хуулийн багш нар болон фарисайчууд зах дээр очиж хүмүүсийн анхаарлыг татаж, хүмүүсээр мэндлүүлэх дуртай байсан.
(Матай 20:20, 21) Тэгтэл Зебедэйн эхнэр хоёр хүүтэйгээ Есүсээс нэг юм гуйхаар дөхөж очоод сөхрөв. 21 Есүс: «Та юу хүсээ вэ?» гэхэд эмэгтэй: «Та Хаант төрөө захирахаараа хоёр хүүгийн минь нэгийг баруун талдаа, нөгөөг нь зүүн талдаа суулгаж өгөөч» гэжээ.
nwtsty Мт 20:20, 21-ийн тайлбар
Зебедэйн эхнэр: Элч Яаков Ёохан хоёрын ээж. Маркийн бичсэнийг үзвэл Яаков Ёохан хоёр Есүс дээр очдог. Тэд энэ гуйлтыг анх санаачилсан нь тодорхой. Гэхдээ тэд Есүсийн нагац эгч байж болох ээж Саломегаараа хэлүүлжээ (Мт 27:55, 56; Мр 15:40, 41; Ёох 19:25).
нэгийг баруун талдаа, нөгөөг нь зүүн талдаа: Энд дурдсан баруун, зүүн тал нь хоёулаа хүндэтгэл, эрх мэдлийг илэрхийлдэг. Гэхдээ хамгийн хүндэтгэлтэй тал нь баруун тал байжээ (Ду 110:1; Үй 7:55, 56; Ро 8:34).
(Матай 20:25–28) Харин Есүс тэднийг дуудаад «Улс үндэстний захирагчид ард түмнээ ноёлж, нэр нөлөө бүхий хүмүүс тэднийг эрхшээлдээ байлгадгийг та нар мэднэ. 26 Та нарын дунд ийм явдал гарах учиргүй. Харин та нарын хэн нь агуу болохыг хүснэ, тэр нь та нарт үйлчлэх ёстой. 27 Та нарын хэн нь тэргүүн байхыг хүснэ, тэр нь та нарын боол байх ёстой. 28 Хүний Хүү ч үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бас олны төлөө амиа золихоор ирсэн» гэж ярилаа.
nwtsty Мт 20:26, 28-ын тайлбар
үйлчлэх: Эсвэл «зарц байх». Библид заримдаа диаконос гэдэг грек үгээр бусдын төлөө үргэлж даруухнаар үйлчилдэг хүнийг хэлдэг. Христ (Ро 15:8), Христийн үйлчлэгч эсвэл зарц (1 Ко 3:5–7; Кол 1:23), туслах үйлчлэгч (Флп 1:1; 1 Ти 3:8) гэрийн үйлчлэгч (Ёох 2:5, 9) төр засгийн төлөөлөгчийг (Ро 13:4) энэ үгээр хэлдэг.
Эрдэнэс хайх нь
(Матай 21:9) Түүнчлэн Есүсийн өмнө хойно явж байсан хүмүүс: «Давидын Хүүг авраач гэж залбиръя! Нэрийнх нь өмнөөс ирж байгаа нэгнийг Ехова ивээх болтугай! Өндөрт оршдог та, түүнийг авраач гэж залбиръя!» хэмээн хашхирч байв.
nwtsty Мт 21:9-ийн тайлбар
авраач гэж залбиръя: Үгч., «Хосанна». Уг грек үг нь «авраач гэж залбиръя» эсвэл «авраач гэж гуйя» гэсэн утгатай еврей үгнээс гаралтай. Энэ нь Бурхнаас аврал юм уу ялалт гуйх гэсэн утгатай учраас «аврал хайрлаач» гэж орчуулж болно. Яваандаа энэ үгийг залбирахдаа ч, магтахдаа ч хэрэглэдэг болсон. Уг еврей үг Дээгүүр өнгөрөх баяраар дуулдаг Халлел дууллын нэг хэсэг болох Ду 118:25-д гардаг. Тиймээс энэ нь уг баярын үед хүмүүсийн санаанд шууд ордог байсан. Давидын Хүүг авраач гэсэн энэ залбиралд Бурхны хариулсан нэг арга нь түүнийг амилуулсан явдал юм. Мт 21:42-т Есүс өөрөө Ду 118:22, 23-ыг Мессиад хамааруулан дурджээ.
Давидын Хүүг: Энэ нь Есүсийн удам судрыг, амласан Мессиа гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна.
(Матай 21:18, 19) Есүс өглөө эрт хот руу буцаж явахдаа өлсжээ. 19 Замын хажууд инжрийн мод байхыг хараад дөхөж очлоо. Тэгтэл навчнаас өөр юм ургаагүй байхыг үзээд «Үүнээс хойш чамаас ямар ч жимс бүү ургаг» гэв. Тэгмэгц тэр мод хатаж хувхайрчээ.
jy 244 ¶4-6
Итгэлийн тухай зааж сургахын тулд чидун модыг ашигласан нь
Гэхдээ Есүс яагаад уг модыг хувхайруулсан бэ? Есүс учрыг нь тайлбарлан «Би та нарт батлан хэлье. Хэрэв та нарын итгэл бат бөгөөд огт эргэлздэггүй бол энэ модыг хувхайруулахаас ч илүүг хийж чадна. Энэ ууланд хандан “Дээш өргөгдөж, далайд хаягд” гэхэд л хэлснээр чинь болно. Мөн бат итгэлтэйгээр залбирч гуйсан бүхнээ та нар авна» гэжээ (Матай 21:21, 22). Итгэлтэй бол уулыг ч нүүлгэж чадна гэж өмнө хэлснээ Есүс ийнхүү дахин онцолж байна (Матай 17:20).
Тийм учраас модыг хувхайруулсан нь Бурханд итгэх хэрэгтэйг ойлгуулах гэснийх ажээ. Есүс: «Та нар гуйж залбирсан бүхнээ авна гэдэгтээ итгэдэг бол тэр бүхнээ авна» гэж хэлэв (Марк 11:24). Есүсийн бүх дагалдагчдад хамаатай чухал сургамж байгаа биз! Ялангуяа, удахгүй хүнд сорилттой тулгарах гэж байсан элч нарт цагаа олсон сургамж байв. Чидун модыг хувхайруулсан нь итгэлийн тухай бас нэг зүйлийг заадаг.
Израйлчуудын гадаад байдал уг чидун мод шиг хуурамч юм. Тэд Бурхантай гэрээ байгуулсан үндэстнийхээ хувьд Мосегийн хуулийг сайн мөрддөг юм шиг харагддаг байж болох юм. Гэхдээ нийтээрээ итгэл багатай, сайн үр жимс ургуулдаггүй нь батлагдсан. Бүр Бурхны Хүүг ч эсэргүүцсэн! Тиймээс Есүс жимс ургуулаагүй чидун модыг хувхайруулснаар үр жимсгүй, итгэлгүй энэ үндэстний төгсгөл нь юу болохыг харуулжээ.
Библиэс унших
(Матай 20:1–19) «Тэнгэрийн Хаант төр нь хөлсний ажилчин олж авахаар өглөө эрт гарсан усан үзмийн талбайн эзэнтэй адил юм. 2 Тэрээр өдрийн нэг денараар ажиллуулахаар хүмүүстэй тохиролцоод тэднийг талбай руугаа явуулжээ. 3 Гуравдугаар цагийн орчим дахин гарч, зах дээр ажилгүй зогсож байгаа хүмүүсийг хараад 4 “Та нар бас талбайд оч. Би зохих хөлсийг чинь төлнө” гэхэд 5 тэд явав. Өнөөх хүн зургаадугаар цаг ба есдүгээр цагийн үед гадагш гаран дахиад хүмүүсийг явуулжээ. 6 Эцэст нь арван нэгдүгээр цагийн үед гарч өөр хүмүүсийг хараад “Та нар яагаад өдөржин ажилгүй зогсоно вэ?” гэж асуув. 7 Тэд: “Биднийг хэн ч ажилд авсангүй” гэхэд “Тэгвэл та нар бас миний талбайд очицгоо” гэжээ. 8 Орой болоход талбайн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, хөлсийг нь өг. Хөлсийг нь төлөхдөө хамгийн сүүлд ирсэн хүмүүсээс эхлэх бөгөөд хамгийн түрүүнд ирсэн хүмүүсээр дуусга” гэжээ. 9 Арван нэгдүгээр цагаас ажилласан хүн тус бүр нэг денар авчээ. 10 Тиймээс эхэнд ирсэн хүмүүс илүүг авна гэж бодсон ч тэдэнд бас л нэг нэг денар өгчээ. 11 Тэд ийм хөлс авсандаа гомдоллож талбайн эзэнд 12 “Сүүлд ирсэн энэ хүмүүс ганцхан цаг л ажилласан. Гэтэл та тэднийг ажлын хүндийг үүрч, халуун наранд өдөржин ажилласан бидэнтэй адилтгалаа!” гэхэд 13 талбайн эзэн тэдний нэгд “Анд минь, би та нарыг мэхлээгүй. Та нар нэг денараар ажиллахаар тохирсон биз дээ? 14 Хөлсөө аваад яв. Сүүлчийн хүмүүст адилхныг л өгмөөр байна. 15 Мөнгөө яаж зарцуулах нь миний эрх биз дээ? Эсвэл намайг тэдэнд сайхан сэтгэл гаргасанд чи атаархаа юу?” гэжээ. 16 Ийнхүү сүүлчийнх нь эхнийх, эхнийх нь сүүлчийнх болно» гэж Есүс ярьжээ. 17 Иерусалим руу явах замдаа Есүс зөвхөн 12 шавиа дуудаад 18 «Биднийг Иерусалимд очиход хүний Хүү ахлах тахилчид болон хуулийн багш нарт тушаагдана. Тэд түүнд үхлийн ял оноож, 19 түүнийг доромжлуулж, ташуурдуулж, шонд хадуулахаар харь үндэстнүүдэд тушаана. Тэрээр гурав дахь өдөртөө амилна» гэж хэлжээ.
3 САРЫН 12–18
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 22, 23
«Хамгийн чухал хоёр тушаалыг сахь»
(Матай 22:36–38) «Багш аа, Хуулийн хамгийн чухал тушаал нь аль вэ?» гэхэд 37 Есүс: «“Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаанаараа Ехова Бурхнаа хайрла”. 38 Энэ бол эхний бөгөөд хамгийн чухал тушаал юм.
nwtsty Мт 22:37-гийн тайлбар
зүрх: Энэ үгийг бэлгэдлийн утгаар хэрэглэсэн бөгөөд дотор хүнийг бүхэлд нь дүрсэлдэг. Гэхдээ «амь амьдрал», «оюун ухаан» гэсэн үгтэй хамт дурдсан тохиолдолд илүү нарийн утгатай болж хүний сэтгэл, хүсэл, мэдрэмжийг хэлдэг. Энд дурдсан гурван үг (зүрх, амь амьдрал, оюун ухаан) нь ижилхэн санаа илэрхийлдэг. Энэ нь Бурхныг гэсэн хайр маань төгс төгөлдөр, өө сэвгүй байх учиртайг онцолдог.
оюун ухаанаараа: Ухаан санааг хэлдэг. Бурхныг танин мэдэж түүнийг хайрлах хайраа хөгжүүлье гэвэл оюун ухаанаа дайчлах хэрэгтэй (Ёох 17:3; Ро 12:1). Энэ хэсгийг Ху 6:5-аас эш татсан бөгөөд еврей эхийг үзвэл зүрх, амь амьдрал, хүч гэсэн гурван үгээр бичсэн. Гэхдээ Матайн бичсэн номыг грек хэлээр үзвэл «хүч» гэхийн оронд «оюун ухаан» гэсэн байдаг. Энд өөр үгээр бичсэн нь хэд хэдэн шалтгаантай байж болох юм. Нэг шалтгаан нь, эртний еврей хэлэнд «оюун ухааныг» заадаг тодорхой үг байгаагүй бөгөөд «зүрх» гэсэн утгатай еврей үгэнд оюун ухаан гэсэн санаа бас багтдаг байжээ. Уг үгийг бэлгэдлийн утгаар хэрэглэсэн үед дотор хүнийг бүхлээр нь заадаг бөгөөд хүний оюун бодол, сэтгэл мэдрэмж, сэдэл хандлагыг хэлдэг (Ху 29:4; Ду 26:2; 64:6; энэ зүйлийн зүрх гэсэн үгийн тайлбарыг үзнэ үү). Тиймээс Еврей Сударт гардаг «зүрх» гэдэг үгийг грек «Септуагинт»-д ихэвчлэн «оюун ухаан» гэж хөрвүүлсэн байдаг (Эх 8:21; 17:17; Су 2:10; Ис 14:13). Матай «хүч» гэдэг үгийг Ху 6:5-аас эш татахдаа «оюун ухаан» гэж бичсэний бас нэг шалтгаан нь юу байж болох вэ? «Хүч» гэж орчуулагддаг еврей үг нь бие махбод, оюуны чадавх гэсэн санааг хоёуланг нь илэрхийлдэг ажээ. Юутай ч, еврей болон грек хэлний үгнүүд нь ижилхэн санаа илэрхийлдэг учраас Сайн мэдээг бичигчид «Дэд хууль» номноос эш татахдаа ижил үгээр бичээгүйг ойлгож болно.
(Матай 22:39) Хоёр дахь нь “Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла” гэсэн тушаал юм.
nwtsty Мт 22:39-ийн тайлбар
Хоёр дахь нь: Мт 22:37-д фарисай хүний асуултад шууд хариулсан Есүсийн үгийг тэмдэглэн үлдээсэн. Гэхдээ Есүс тэр хүний асуултад хариулахаас гадна 2-р тушаалыг эш татаад (Ле 19:18) энэ хоёр тушаал хоорондоо нягт холбоотойг хэлж өгсөн. Түүнээс гадна Хуулийг бүхэлд нь, бас зөнчдийн үгийг товчхон хэлбэл энэ хоёр тушаал юм гэдгийг хэлсэн (Мт 22:40).
бусдыг: Эсвэл «хөршөө». «Хөрш» (Үгч., «ойрхон байгаа хүн») гэсэн утгатай грек үг нь зөвхөн хөрш зэргэлдээ амьдардаг хүмүүсийг хэлдэггүй. Энэ нь өргөн утгатай бөгөөд тухайн хүний харьцдаг бүх хүнийг хэлдэг (Лу 10:29–37; Ро 13:8–10).
(Матай 22:40) Хууль бүхлээрээ, бас зөнчдийн үг энэ хоёр тушаалд тулгуурладаг» гэлээ.
nwtsty Мт 22:40-ийн тайлбар
Хууль ... зөнчдийн үг: «Хууль» гэдгээр Библийн «Эхлэл»-ээс «Дэд хууль» номыг хэлдэг. «Зөнчдийн үг» гэдгээр Еврей Сударт байдаг зөгнөлийн номнуудыг хэлдэг. Гэхдээ энэ үгнүүдийг цуг хэрэглэсэн бол Еврей Судрыг бүхлээр нь хэлсэн гэж ойлгож болно (Мт 7:12; 22:40; Лу 16:16).
тулгуурладаг: Үгчилбэл «зуурдаг» гэсэн утгатай энэ грек үйл үг нь энд бэлгэдлийн утгаар бичигдсэн бөгөөд «шалтгаалдаг, үндэслэдэг» гэсэн утгатай. Есүс ийн хэлснээрээ 10 тушаал бүхий Хууль төдийгүй Еврей Судар бүхлээрээ хайранд үндэслэдгийг заажээ (Ро 13:9).
Эрдэнэс хайх нь
(Матай 22:21) «Цезарийнх» гэжээ. Тэгэхэд нь «Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» хэмээв.
nwtsty Мт 22:21-ийн тайлбар
Цезарийн юмыг Цезарьт: Есүс Ромын эзэн хааныг дурдсан нь энэ зүйлд байдаг Есүсийн хариултаас гадна адилхан үйл явдлыг бичсэн Мр 12:17; Лу 20:25-д л гардаг. «Цезарийн юмыг» өгнө гэдэг нь засгийн газраас үзүүлдэг үйлчилгээний төлбөр төлөх, эрх мэдэлтнүүдийг хүндэлж, зохих ёсоор захирагдана гэсэн утгатай (Ро 13:1–7).
Бурхны юмыг Бурханд: Бурхнаа чин сэтгэлээсээ шүтэж, хайрлаж, гуйвшгүй үнэнч, дуулгавартай байхыг хэлнэ (Мт 4:10; 22:37, 38; Үй 5:29; Ро 14:8).
(Матай 23:24) Сохор газарчид аа! Та нар шумуулыг шүүж хаядаг хэр нь тэмээг залгичихдаг шүү дээ!
nwtsty Мт 23:24-ийн тайлбар
шумуулыг шүүж хаядаг хэр нь тэмээг залгичихдаг: Израйлчуудын хувьд шумуул хамгийн жижиг, тэмээ хамгийн том амьтан байв (Ле 11:4, 21–24). Шашны удирдагчид шумуулаас болж бузартахгүйн тулд ундаагаа шүүдэг хэрнээ Хуулийн илүү чухал зүйлийг огт тоохгүй байдгийг хэлэхийн тулд Есүс хэтрүүлэг ашиглаж, егөөдөж хэлжээ. Хуулийн илүү чухал зүйлийг тоодоггүйг тэмээ залгихтай адилтгасан юм.
Библиэс унших
(Матай 22:1–22) Есүс дахин жишээ татаж ярьжээ. 2 «Бурхны Хаант төрийг хүүгийнхээ хурим найрыг хийсэн хаантай адилтгаж болох юм. 3 Хаан боолуудаа илгээж найранд уригдсан хүмүүсийг дуудуулсан боловч тэд ирэхийг хүссэнгүй. 4 Тэгэхэд нь хаан: “«Зоог бэлэн боллоо. Бух, бордсон малаа нядалж бүх юмыг бэлдлээ. Найранд ирээрэй» хэмээн уригдсан хүмүүст хэл” гээд өөр боолуудаа илгээв. 5 Гэвч уригдсан хүмүүс огт тоосонгүй. Нэг нь талбай руугаа, нөгөө нь худалдаа хийхээр явжээ. 6 Бусад нь боолуудыг барьж аваад харгис ширүүн харьцаж, алжээ. 7 Хаан хилэгнэн уурлаж цэргүүдээ явуулан тэр алуурчдыг хөнөөж хотыг нь шатаажээ. 8 Тэгээд боолууддаа “Найр эхлэхэд бэлэн байна. Гэвч уригдсан хүмүүс зохисгүй байжээ. 9 Тиймээс хотоос гадагш гардаг замаар явж таарсан хүн болгоныг найранд урь” гэж хэлжээ. 10 Боолууд замд тааралдсан сайн муу хүмүүсийг бүгдийг нь цуглуулав. Хуримын танхим зоог барьж буй хүмүүсээр дүүрчээ. 11 Хаан зочдыг харахаар ирээд хуримд тохирохгүй хувцастай нэгэн хүнийг анзаарч 12 “Анд минь чи ийм хувцастай хэр нь яаж энд орж ирэв?” гэхэд өнөөх хүн дуугарсангүй. 13 Тэгэхэд хаан зарц нартаа “Энэ хүний гар хөлийг хүлээд гадаа харанхуйд гаргаж хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирна” гэжээ. 14 Уригдсан нь олон боловч сонгогдсон нь цөөхөн юм» хэмээв. 15 Тэгээд фарисайчууд явж Есүсийг үгээр нь ороон барьж авахаар хуйвалдан 16 шавь нараа Херодын талынхантай явуулжээ. Тэд: «Багш аа, та бол үнэнч, Бурхан юу хүсдэгийг үнэн зөв заадаг билээ. Мөн хэнийг ч ялгаварладаггүй учраас хүний сэтгэлд тааруулахыг чухалчилдаггүйг тань бид мэднэ. 17 Тэгэхээр та юу гэж боддогоо бидэнд хэлээч. Цезарьт татвар төлөх нь зөв үү?» гэж асуув. 18 Харин Есүс тэдний хорон санааг мэдээд «Хоёр нүүртэй хүмүүс ээ, та нар юунд намайг сорино вэ? 19 Татварт өгдөг зоосыг надад үзүүл дээ» гэхэд нь тэд түүнд нэг денар өгчээ. 20 Есүс: «Энд хэний дүрс, нэр байна вэ?» гэж асуухад 21 «Цезарийнх» гэжээ. Тэгэхэд нь «Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» хэмээв. 22 Үүнийг сонсоод тэд мэл гайхаж, Есүсийг орхин явжээ.
3 САРЫН 19–25
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 24
«Эцсийн өдрүүдэд сонор сэрэмжтэй байх нь»
(Матай 24:12) Бас ёс бус явдал ихсэх учир ихэнх хүний хайр хөрнө.
it-2 279 ¶6
Хайр
Хүний хайр хөрөх боломжтой. Есүс ирээдүйд болох зүйлүүдийг хэлэхдээ Бурханд итгэдэг гэж хэлдэг олон хүний хайр (агапи) хөрөхийг хэлжээ (Мт 24:3, 12). Элч Паулын хэлснээр, эцсийн өдрүүдэд ирэх илүү хэцүү цагийн нэг шинж нь хүмүүс «мөнгөнд дуртай» болох ажээ (2 Ти 3:1, 2). Тиймээс хүн зөв гэж үздэг байсан зарчмаа баримтлахаа больж, хайрлах ёстойгоо хайрлахаа болих аюултай. Энэ нь хайраа үргэлж илэрхийлээд зогсохгүй улам их хайрлаж сурахын чухлыг онцолдог. Ингэхийн тулд Бурхны Үгийг эргэцүүлэн бодож Бурхны зарчмын дагуу амьдрахын тулд өөрчлөгдөх ёстой (Эф 4:15, 22–24).
(Матай 24:39) Үер бууж өөрсдийг нь хаман одох хүртэл тэд анхаараагүй юм. Хүний Хүүгийн ирчихээд байгаа нь яг тийм байх юм.
Та Бурхны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байна уу?
5 Есүс Христ өнөөгийн аюултай цаг үеийн талаар: «Ноагийн өдрүүд ямар байсанчлан Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх юм. Үерийн өмнөх тэр өдрүүдэд, Ноаг хөвөгч саравчиндаа ортол тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг үхүүлэх хүртэл тэд ойлгоогүй юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно» гэж хэлжээ (Матай 24:37–39). Хир тааруу идэж уух нь зохисгүй зүйл огтхон ч биш. Бурхан өөрөө гэр бүлийг бий болгосон учраас эхнэр авах, нөхөрт гарах ч мөн адил буруушаах зүйл биш ээ (Эхлэл 2:20–24). Харин өдөр тутмын үйл хэрэг маань бидний санааг зовоосон гол зүйл болсныг ухаарсан бол Бурханд яагаад залбирч болдоггүй билээ? Хаанчлалын эрх ашгийг бүхнээс дээгүүр тавих, зөвийг хийх, хүлээсэн үүргээ биелүүлэхэд маань Ехова бидэнд туслах болно (Матай 6:33; Ром 12:12; 2 Коринт 13:7).
(Матай 24:44) Тиймээс бэлэн бай. Учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ.
jy 259 ¶5
Элчүүд шинж тэмдэг хүссэн нь
Есүс шавь нартаа үргэлж сонор сэрэмжтэй, бэлтгэлтэй байх хэрэгтэйг захисан. Энэ нь хэр чухал болохыг онцолж «Нэг юмыг мэдэгтүн. Хэрэв гэрийн эзэн шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол сэрүүн байж гэрээ ухуулахгүй шүү дээ. Тиймээс бэлэн бай. Учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ» гэжээ (Матай 24:43, 44).
Эрдэнэс хайх нь
(Матай 24:8) Эдгээр нь зовлонгийн эхлэл юм.
nwtsty Мт 24:8-ын тайлбар
зовлонгийн: Грек үг нь хүүхэд төрүүлэх үеийн хүчтэй өвдөлтийг хэлдэг. Энд дунших, зовох, өвдөх гэсэн утгаар хэрэглэсэн. Гэхдээ хүүхэд төрөх болохоор дуншиж, базалж өвдөхтэй адилаар, Мт 24:21-д гардаг агуу их гамшиг эхлэхээс өмнө асуудал бэрхшээл, зовлон зүдүүр улам ширүүсэж, давтамж, үргэлжлэх хугацаа нь нэмэгдэнэ гэдгийг энэ үгээр илэрхийлсэн бололтой.
(Матай 24:20) Өвөл юм уу Амралтын өдөр зугтах хэрэг бүү гараасай гэж залбирч бай.
nwtsty Мт 24:20-ийн тайлбар
Өвөл: Ширүүн бороо орж, үер болж, хүйтэн болдог энэ улиралд хол аялж, хоол хүнс, хоргодох газар олох амаргүй болох байсан (Езр 10:9, 13).
Амралтын өдөр: Иудейд Амралтын өдөртэй холбоотой хорионоос болж хол аялах ачаа бараа зөөх гэх зэргийн ажил амаргүй байсан. Мөн Амралтын өдөр хотын хаалганууд хаалттай байжээ (Үй 1:12 болон бүс 16-г үзнэ үү).
Библиэс унших
(Матай 24:1–22) Есүсийг сүмээс гарч явахад шавь нар нь сүмийн барилгыг үзүүлэх гэж дөхөж ирлээ. 2 Есүс тэдэнд «Та нар энэ бүхнийг харж байгаа биз дээ? Би та нарт батлан хэлье. Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээр үлдэхгүй. Бүгд нурна» хэмээв. 3 Есүсийг Чидун уулан дээр сууж байхад шавь нар нь хэдүүлхнээ ирээд «Хэзээ ийм юм болох вэ? Таны ирчихээд байгаагийн болон энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдэг юу байх вэ? Та хэлж өгөөч» гэлээ. 4 Есүс тэдэнд ингэж хариулжээ. «Хэнд ч мэхлэгдэхгүйн тулд сэрэмжтэй байгаарай. 5 Яагаад гэвэл олон хүн миний нэрийг барин ирж “Би бол Христ” хэмээн олныг төөрөлдүүлнэ. 6 Та нар дайтах чимээ болон дайны сураг сонсоно. Айж түгших хэрэггүй. Учир нь эдгээр нь заавал болох ёстой боловч төгсгөл хараахан биш юм. 7 Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтах бөгөөд хаа сайгүй өлсгөлөн болно, газар хөдөлнө. 8 Эдгээр нь зовлонгийн эхлэл юм. 9 Тэр үед хүмүүс та нарыг хавчиж хяхна, алж хөнөөнө. Миний нэрнээс болж бүх үндэстэн та нарыг үзэн ядна. 10 Бас олон хүн итгэлээсээ няцаж, бие биеэсээ урваж, нэг нэгнээ үзэн ядна. 11 Олон хуурамч зөнч гарч, олныг төөрөлдүүлнэ. 12 Бас ёс бус явдал ихсэх учир ихэнх хүний хайр хөрнө. 13 Харин эцэс хүртэл тэвчсэн хүн аврагдана. 14 Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ. 15 Тиймээс зөнч Даниелын хэлснээр сүйрүүлэх бузар юм ариун газар байхыг харвал (уншигч нь хэрсүү байг) 16 Иудейд байгаа хүмүүс уул руу зугт. 17 Байшингийнхаа дээвэр дээр байгаа хүн юмаа авах гэж гэртээ бүү ор. 18 Талбайд байгаа хүн хувцсаа авах гэж бүү буц. 19 Тэр үед жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй байх эмэгтэйчүүд хөөрхий еэ! 20 Өвөл юм уу Амралтын өдөр зугтах хэрэг бүү гараасай гэж залбирч бай. 21 Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, хойшид ч болохгүй агуу их гамшиг болно. 22 Тэр өдрүүдийн тоог цөөлөхгүй бол нэг ч хүн аврагдахгүй. Гэхдээ Бурхан сонгосон хүмүүсийнхээ төлөө тэр өдрүүдийн тоог цөөлнө.
3 САРЫН 26—4 САРЫН 1
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 25
«Сонор сэрэмжтэй бай»
(Матай 25:1–6) Тэнгэрийн Хаант төрийг сүйт залууг угтахаар дэн аваад гарсан арван онгон бүсгүйтэй зүйрлэж болох юм. 2 Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг байжээ. 3 Мунхаг бүсгүйчүүд дэнгээ авсан боловч тос авсангүй. 4 Харин ухаалаг бүсгүйчүүд дэнгээ ч, нөөц тосоо ч авчээ. 5 Сүйт залууг саатахад бүсгүйчүүдийн нойр хүрээд унтжээ. 6 Шөнө дунд “Хүргэн ирлээ! Түүнийг угтахаар гарцгаа” гэж хашхирах дуу сонсогдоход
(Матай 25:7–10) бүсгүйчүүд бүгдээрээ босож дэнгээ сэргээв. 8 Мунхаг бүсгүйчүүд ухаалаг бүсгүйчүүдээс “Бидний дэн бөхөх нь. Тосноосоо өгөөч” гэж гуйхад 9 ухаалгууд нь: “Та нарт ч, бидэнд ч хүрэхгүй болох вий. Тос зардаг хүнээс худалдаж авцгаа” гэжээ. 10 Тэднийг тос авахаар явсан хойно хүргэн ирэв. Бэлэн байсан бүсгүйчүүд хүргэнтэй хамт хурим найр болох газар ороход хаалга хаагдлаа.
(Матай 25:11, 12) Дараа нь нөгөө бүсгүйчүүд ирж “Биднийг оруулаач!” гэхэд 12 сүйт залуу: “Би та нарыг огт танихгүй юм байна” гэжээ.
Эрдэнэс хайх нь
(Матай 25:31–33) Хүний Хүү сүр жавхлантайгаар, тэнгэрийн бүх элчтэйгээ ирээд цог жавхлант сэнтийдээ сууна. 32 Бүх үндэстнийг өмнөө цуглуулаад хоньчин хонь ямааг ялгадгийн адилаар хүмүүсийг ялгана. 33 Тэгээд хонийг баруун талдаа, ямааг зүүн талдаа байлгана.
Христийн ах дүүст үнэнч байж, тэднийг дэмжих нь
7 Өнөөдөр бид хонь ямааны тухай үлгэрийг тодорхой ойлгодог болсон. Үлгэрийн баатрууд нь хэнийг төлөөлдөг вэ? «Хүний Хүү» буюу «Хаан» нь Есүс юм. «Ах дүүс» нь тослогдсон христианууд бөгөөд тэд Христтэй хамт тэнгэрээс дэлхийг удирдана (Ром 8:16, 17). «Хонь», «ямаа» нь бүх үндэстнийг төлөөлдөг. Шүүлт хэзээ болох вэ? Агуу их гай гамшиг дуусахын алдад болно. Яагаад зарим хүнийг хонь, заримыг нь ямаанд тооцох вэ? Дэлхий дээр амьдарч буй тослогдсон христиануудад хэрхэн хандаж байснаар нь тийнхүү шүүх ажээ. «Матай» номын 24, 25-р бүлэгт гардаг хонь ямааны тухай болон бусад ёгт үлгэрийн утгыг олон жилийн хугацаанд аажим аажмаар ойлгуулж өгсөн Еховадаа талархъя!
(Матай 25:40) Тэгэхэд нь Хаан: “Би та нарт батлан хэлье. Та нар энэ ах дүү нарын минь хамгийн өчүүхэнд нь ийн тусалсан бол надад тусалсан хэрэг” гэж хариулна.
«Та нар миний нөхөд мөн»
16 Хэрэв та Бурхны Хаанчлалын удирдлага дор дэлхийд амьдарна гэж найддаг бол Христийн ах дүүстэй нөхөрлөдгөө юугаар харуулах вэ? Гурван аргыг л авч үзье. Нэгдүгээрт, дэлгэрүүлэх ажилд чин сэтгэлээсээ оролцох хэрэгтэй. Христ сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэхийг ах дүүстээ тушаасан билээ (Мат. 24:14). Гэхдээ эдүгээ дэлхийд үлдээд байгаа ах дүүсийнх нь хувьд энэ даалгаврыг хамтран зүтгэгч өөр хонинуудын тусламжгүйгээр биелүүлнэ гэдэг амаргүй. Үнэхээр ч өөр хонинуудын тоонд багтдаг хүмүүс дэлгэрүүлэх бүрдээ Христийн ах дүүсийг ариун даалгавраа биелүүлэхэд нь тусалдаг. Итгэмжит ухаалаг боолын анги Христийн адилаар нөхдийнхөө тусыг өндөр үнэлдэг.
17 Христийн ах дүүсийг дэмжих хоёр дахь арга нь дэлгэрүүлэх ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал юм. Есүс дагалдагчдадаа «шударга [«бус», ШЕ] эд баялгаараа» анд нөхөдтэй болохыг уриалсан байдаг (Лук 16:9). Мэдээж, мөнгө төгрөг л байвал Ехова Есүс хоёртой дотносон нөхөрлөж болдог гэсэн үг биш ээ. Харин Хаанчлалын үйл хэргийг өргөжүүлэн тэлэхэд хөрөнгө мөнгөө зориулбал андын холбоо болон хайрын сэтгэлээ дан ганц «үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр» батлан харуулна гэсэн үг (1 Иох. 3:16–18). Дэлхий даяар дэлгэрүүлэх үйл хэрэг болон танхим барих, засаж тохижуулах ажилд хандив өргөх, бас дэлгэрүүлэх ажилд оролцох зэрэг нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх аргад багтдаг. Бидний хандив их ч бай, бага ч бай, баяртайгаар өгдгийг маань Ехова Есүс хоёр өндөр үнэлдэг (2 Кор. 9:7).
18 Христийн нөхөд гэдгээ батлах гурав дахь арга бол хурлын ахлагчдын удирдлага зааврыг хүлээж авах явдал юм. Хурлын ахлагчид Христийн удирдлага дор ариун сүнсээр томилогддог (Ефес 5:23). Элч Паул: «Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун» гэж захисан (Евр. 13:17). Ахлагчдыг Библид үндэслэсэн зөвлөгөө өгөхөд заримдаа хүлээж авах нь амаргүй санагдаж болох юм. Тэдний алдаа дутагдлыг мэддэгээсээ болоод ч тэр үү, зөвлөгөөг нь ойшоож үзэхгүй байж мэднэ. Гэсэн ч хурлын Тэргүүн Христ тийм төгс бус хүмүүсийг хуралдаа дуртайяа үйлчлүүлдэг шүү дээ. Тиймээс Христийн анд нөхөд байх эсэх маань ахлагчдын эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, тэдэнд захирагддаг эсэхээс шууд шалтгаална. Ахлагчдын дутагдлыг анхаарахын оронд заавар зөвлөгөөг нь дуртайяа дагавал Христийг хайрладгаа батлан харуулна.
Библиэс унших
(Матай 25:1–23) Тэнгэрийн Хаант төрийг сүйт залууг угтахаар дэн аваад гарсан арван онгон бүсгүйтэй зүйрлэж болох юм. 2 Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг байжээ. 3 Мунхаг бүсгүйчүүд дэнгээ авсан боловч тос авсангүй. 4 Харин ухаалаг бүсгүйчүүд дэнгээ ч, нөөц тосоо ч авчээ. 5 Сүйт залууг саатахад бүсгүйчүүдийн нойр хүрээд унтжээ. 6 Шөнө дунд “Хүргэн ирлээ! Түүнийг угтахаар гарцгаа” гэж хашхирах дуу сонсогдоход 7 бүсгүйчүүд бүгдээрээ босож дэнгээ сэргээв. 8 Мунхаг бүсгүйчүүд ухаалаг бүсгүйчүүдээс “Бидний дэн бөхөх нь. Тосноосоо өгөөч” гэж гуйхад 9 ухаалгууд нь: “Та нарт ч, бидэнд ч хүрэхгүй болох вий. Тос зардаг хүнээс худалдаж авцгаа” гэжээ. 10 Тэднийг тос авахаар явсан хойно хүргэн ирэв. Бэлэн байсан бүсгүйчүүд хүргэнтэй хамт хурим найр болох газар ороход хаалга хаагдлаа. 11 Дараа нь нөгөө бүсгүйчүүд ирж “Биднийг оруулаач!” гэхэд 12 сүйт залуу: “Би та нарыг огт танихгүй юм байна” гэжээ. 13 Иймээс сэрэмжтэй бай. Яагаад гэвэл та нар тэр өдрийг ч, тэр цагийг ч мэдэхгүй. 14 Тэнгэрийн Хаант төрийг боолуудаа дуудаж эд хөрөнгөө хариуцуулаад холын аянд явсан хүнтэй адилтгаж болох юм. 15 Тэр хүн боолуудынхаа чадварт тааруулж нэгд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгд нь нэг талант өгөөд аянд явжээ. 16 Таван талант авсан боол даруй явж худалдаа хийн таван талант нэмж олжээ. 17 Хоёр талант авсан боол ч мөн хоёр талант нэмж олов. 18 Харин ганц талант авсан боол явж газар ухаад эзнийхээ мөнгийг тэнд нуужээ. 19 Удаан хугацааны дараа эзэн ирээд боолуудтайгаа тооцоо хийв. 20 Таван талант авч үлдсэн боол урагш гарч “Эзэн минь ээ, та надад таван талант хариуцуулсан билээ. Би тавыг нэмж оллоо” гэж хэлээд таван талант нэмж өгчээ. 21 Эзэн нь түүнд “Сайн байна! Сайн, итгэмжит боол минь. Чи бага юманд итгэмжтэй байсан учир чамд ихийг хариуцуулъя. Эзэнтэйгээ хамт баярла” гэжээ. 22 Дараа нь хоёр талант авч үлдсэн боол урагш гарч “Эзэн минь ээ, та надад хоёр талант хариуцуулсан билээ. Би хоёрыг нэмж оллоо” гэхэд 23 эзэн нь түүнд “Сайн байна! Сайн, итгэмжит боол минь. Чи бага юманд итгэмжтэй байсан учир чамд ихийг хариуцуулъя. Эзэнтэйгээ хамт баярла” хэмээв.