Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бс бүлэг 19 х. 184-193
  • «Бурхнаараа хайрлуулж яваарай»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Бурхнаараа хайрлуулж яваарай»
  • Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БУРХНЫ ХАЙРЫГ ХАЙРААР ХАРИУЛАХ НЬ
  • ЕХОВАТАЙ ТОГТООСОН ХАРЬЦААГАА БАТЖУУЛАГТУН
  • ЕХОВАД БАЯР ХӨӨРТЭЙ ҮЙЛЧЛЭГТҮН
  • «ЖИНХЭНЭ АМИНААС ЗУУРАГТУН»
  • Еховатай үргэлж дотно байгаарай
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Хайрын Бурхан Еховаг хайрлагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Өөрийн Бурхан Еховаг хайрла
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Хайр хэлбэржүүлдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2001
Илүү дэлгэрэнгүй харах
Библийн сургаалыг зөв ойлгох нь
бс бүлэг 19 х. 184-193

БҮЛЭГ 19

«Бурхнаараа хайрлуулж яв»

  • Бурханд хайртайгаа яаж харуулах вэ?

  • Бурхнаараа хайрлуулж явахын тулд яах хэрэгтэй вэ?

  • Бурхнаараа хайрлуулдаг хүмүүс ямар шагнал хүртэх вэ?

Хүчтэй салхинаас хоргодох газар хайж байгаа хүн

Та өнөөгийн түгшүүртэй цагт Еховаг хоргодох газраа болгох уу?

1, 2. Өнөөдөр хэн найдвартай «хоргодох газар» болдог вэ?

ТА хүйтэн зэврүүн өдөр гадуур явж бай⁠на гээд төсөөл дөө. Тэгтэл тэнгэр харанхуйлан, салхи шуурга дэгдэж, дуу цахилгаантай, аадар бороо асгарч эхлэх нь тэр. Сандран, эргэн тойрноо хартал холгүйхэн, хоргодчихмоор нөмөр газар байлаа. Ашгүй дээ!

2 Бид дэлхийн нөхцөл байдал улам дордож буй түгшүүртэй цагт амьдарч байна. Гэхдээ бидэнд аюулаас хамгаалах найдвартай хоргодох газар бий. Библийг бичигчдийн нэг нь Еховаг «миний хоргодох газар, миний бат цайз, миний итгэдэг Бурхан» хэмээжээ (Дуулал 91:2).

3. Еховаг хоргодох газраа болгохын тулд яах хэрэгтэй вэ?

3 Орчлонт ертөнцийг бүтээсэн, хэмжээгүй эрхт Эзэн Ехова бидний хоргодох газар болдог гээд бодоод үз дээ! Тэрээр бидэнд аюул учруулж болзошгүй хэнээс ч, юунаас ч хавьгүй илүү хүчтэй учир биднийг хамгаалж чадна. Гай зовлон учирлаа гэхэд, Ехова бүх хохирлыг арилгаж чадна. Тэгвэл Еховаг хэрхэн хоргодох газраа болгох вэ? Түүнд итгэж найдах хэрэгтэй. Бас «Бурхнаараа хайрлуулж явахыг» Библи уриалдаг (Юуда 21). Өөрөөр хэлбэл, тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон дотно харьцаагаа хадгалах ёстой. Тэгсэн цагт Ехова бидний хоргодох газар болно. Тэгвэл Бурхантай яаж дотно харьцаа тогтоох вэ?

БУРХНЫ ХАЙРЫГ ХАЙРААР ХАРИУЛАХ НЬ

4, 5. Ехова бидэнд хайртай гэдгийг юу баталдаг вэ?

4 «Бурхнаараа хайрлуулж явахын» тулд Бурхан биднийг хэрхэн хайрладгийг ойлгох хэрэгтэй. Энэ номыг судлаад Библийн ямар ямар сургаалыг мэддэг болсноо бодоод үз дээ. Ехова дэлхийг үзэсгэлэн төгөлдөр бүтээж, бидэнд гэр болгон өгөхдөө хоол хүнс, ус унд, байгалийн баялаг, олон төрөл зүйлийн ургамал амьтнаар дүүргэжээ. Мөн Библийг бичүүлсэн бөгөөд уг номоор нэр болон зан чанараа илчилдэг. Түүнээс гадна, хайртай Хүүгээ дэлхий рүү илгээж, хүн төрөлхтний төлөө амийг нь золиос болгон өгснөө Библиэр хэлдэг (Ёохан 3:16). Энэ арга хэмжээний ачаар бид ирээдүйд мөнх амьдрах найдвартай болсон.

5 Бурхан бидний ирээдүйн төлөө бас нэг арга хэмжээ авсан нь тэнгэрийн Хаант төр буюу Есүс тэргүүтэй засгийн газар байгуулсан явдал юм. Энэ Хаант төр удахгүй бүх зовлонг арилгаж, дэлхийг диваажин болгоно. Диваажинд үүрд амар тайван, аз жаргалтай амьдарна гээд бод доо! (Дуулал 37:29). Тэр цаг хараахан болоогүй ч, бид Еховагийн заавар зөвлөгөөний ачаар одоо ч аз жаргалтай амьдардаг. Бидэнд олгосон бас нэг хосгүй завшаан бол залбирал юм. Залбирлын ачаар бид Бурханд сэтгэлээ уудлан, санал бодлоо илэн далангүй хэлэх боломжтой болсон билээ. Эдгээр нь Ехова Бурхан бүх хүнд, тэр дундаа, танд хайртайг баталдаг олон зүйлийн цөөн хэд нь юм.

6. Та Еховагийн хайрыг яаж хариулах вэ?

6 Тэгвэл Еховагийн хайрыг яаж хариулах вэ гэдэг чу⁠хал асуулт гарч ирнэ. «Бурхныг бас хайрлах хэрэгтэй» гэж олон хүн хэлэх байх. Та үүнтэй санал нийлэх үү? Есүс бидэнд Еховаг «бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаанаараа» хайрлахыг тушаасан бөгөөд энэ тушаалыг хамгийн агуу нь гэсэн (Матай 22:37). Еховаг хайрлах шалтгаан үнэхээр олон байдаг. Гэхдээ Еховаг бүхий л зүрх, сэтгэл, оюун ухаанаараа хайрлах гэж юу гэсэн үг вэ?

Алимны үр

7. Бурхныг жинхэнэ ёсоор хайрлах гэж юу гэсэн үг вэ?

7 Библийг анхааралтай судалбал, Еховаг хайрлах гэдэг нь сэтгэл мэдрэмжээс илүү өргөн хүрээтэй ойлголт болох нь тодорхой болдог. Үнэндээ, Еховаг сэтгэл зүрхэндээ хайрлах нь чухал хэдий ч энэ нь түүнийг жинхэнэ ёсоор хайрлахын дөнгөж эхлэл юм. Үр тарихгүй бол алимны мод ургахгүй нь ойлгомжтой. Гэхдээ алимны оронд үрийг нь идвэл алим идсэн шиг болох уу? Юу л бол! Үүнтэй адилаар, сэтгэл зүрхэндээ хайрлах нь чухал боловч алимны үр төдий юм. Библид «Тушаалыг нь биелүүлдэг бол Бурхнаа хайрладаг гэсэн үг. Бурхны тушаал хүнд дарамт биш билээ» гэж байдаг (1 Ёохан 5:3). Бурхныг хайрлах жинхэнэ хайр «сайн жимс» буюу үйл хэргээр илэрдэг (Матай 7:16–20-ийг уншина).

8, 9. Бурхныг хайрлаж, түүнд талархдагаа хэрхэн харуулж болох вэ?

8 Бурхны тушаалыг биелүүлж, Библийн зөвлөгөөг хэрэгжүүлдэг бол Бурхныг хайрлаж байгаа хэрэг. Еховагийн хууль тушаал нь биднийг сайн сайхан, аз жаргалтай амьдрахад туслах зорилготой учир хүнд дарамт болдоггүй бөгөөд биелүүлэхэд тийм ч хэцүү биш ээ (Исаиа 48:17, 18). Тэнгэрийн Эцгийнхээ удирдлага, заавраар амьдарвал бидний төлөө урьд нь хийсэн болон одоо хийж байгаа бүхэнд нь гүнээ талархдагаа харуулна. Харамсалтай нь, тийм хүн өнөөгийн ертөнцөд тун ховор ажээ. Есүсийн үед ч бас талархах сэтгэлгүй хү⁠мүүс байсан. Нэгэн удаа Есүс уяман өвчтэй арван хүнийг эдгээжээ. Гэтэл тэднээс ердөө ганц нь л талархлаа илэрхийлэхээр буцаж ирдэг (Лук 17:12–17). Бид тэр хүнийг дуурайн, талархлаа илэрхийлэх учиртай.

9 Тэгвэл Еховагийн ямар ямар тушаалыг дагах хэрэгтэй вэ? Энэ номноос бид Бурхны олон тушаалыг мэддэг болсон. Одоо заримыг нь сэргээж саная. «Бурхнаараа хайрлуулж явахын» тулд тушаалыг нь биелүүлэх ёстой.

ЕХОВАТАЙ ТОГТООСОН ХАРЬЦААГАА БАТЖУУЛАГТУН

10. Ехова Бурхны тухай мэдлэгээ гүнзгийрүүлэх нь ямар учраас чухал бэ?

10 Еховаг таньж мэдэх нь түүнтэй тогтоосон харьцаагаа батжуулахад чухал алхам болдог. Тийм учраас Еховагийн талаар улам ихийг мэдэхийг хичээгээрэй. Хүйтэн зэврүүн үдэш хөдөө хээр түүдгийн галд дулаацаж байна гэж бодъё. Та галаа бөхөөж унтраах уу? Мэдээж, үгүй. Харин ч мод нэмж, дүрэлзтэл нь асаана. Түүдэг галаас амь нас ч шалтгаалж болно. Галаа унтраахгүйн тулд мод нэмдэг шиг Бурхныг хайрлах хайраа бөхөөхгүйн тулд «Бурхны [тухай] мэдлэгээ» гүнзгийрүүлэх хэрэгтэй (Сургаалт үгс 2:1–5).

Галд дулаацан суугаа хүн мод нэмж байгаа нь

Галыг унтраахгүйн тулд мод нэмдэг шиг Бурхныг хайрлах хайраа бөхөөхгүйн тулд мэрийх хэрэгтэй

11. Есүсийн яриа хоёр шавьд нь ямар санагдсан бэ?

11 Есүс дагалдагчдаа Еховаг хайрлах хайраа бөхөөлгүй, Үгийг нь эрхэмлэж байгаасай гэж хүсдэг байсан. Тэрээр амилсныхаа дараа, өөр дээр нь биелсэн Библийн зарим зөгнөлийг хоёр шавьдаа тайлбарлаж өгчээ. Үүний үр дүн юу байсан бэ? Тэд хожим нь «Замд бидэнтэй ярилцаж, Судрыг бүрэн ойлгуулж өгөхөд сэтгэл маань догдолж байсан бус уу?» хэмээн ярьжээ (Лук 24:32).

12, 13. а) Өнөөдөр ихэнх хүн Бурхан болон Библид хэрхэн ханддаг вэ? б) Хайраа «хөргөхгүйн» тулд яах вэ?

12 Библийн сургаалыг анх мэдээд зүрх тань баяр хөөр, Бурхныг хайрлах хайраар бялхан, сурч мэдсэнээ бусдад ярих их хүсэл оргилж байсан биз ээ. Олон хүн тэгдэг. Гэхдээ тэр хайраа бөхөөлгүй, улам бялхааж байх нь хамгаас чухал. Есүс өнөө үеийн тухай «Ёс бус явдал ихсэх учир ихэнх хүний хайр хөрнө» гэж зөгнөсөн (Матай 24:12). Бид тийм болохыг хүсдэггүй. Ехова Бурхныг болон Библийн үнэнийг хайрлах хайраа «хөргөхгүйн» тулд яах хэрэгтэй вэ?

13 Ехова Бурхан болон Есүс Христийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлэх хэрэгтэй (Ёохан 17:3). Сурч мэдсэнээ эргэцүүлэн бодож байгаарай. Үүний тулд «Эндээс би Ехова Бурхны талаар шинээр юу мэдэж авав? Бурхныг бүхий л зүрх, сэтгэл, оюун ухаанаараа хайрлах өөр ямар шалтгааныг мэдэж авсан бэ?» гэх мэтийн асуултыг өөртөө тавиад хариулахыг хичээж байгаарай (1 Тимот 4:15-ыг уншина). Ийнхүү эргэцүүлэн бодох нь Еховаг хайрлах хайраа бөхөөхгүй байхад тусална.

14. Еховаг хайрлах хайраа бөхөөхгүй байхад залбирал ямар ач холбогдолтой вэ?

14 Бурхныг хайрлах хайраа бөхөөхгүй байх бас нэг арга бол тогтмол залбирах явдал юм (1 Тесалоник 5:17). Бид энэ номны 17-р бүлгээс залбирлыг Бурхантай харьцах хосгүй завшаан гэж үзсэн. Хүмүүс бие биетэйгээ байнга, илэн далангүй харьцаж байж дотносдог шиг, тогтмол залбирч байж Еховатай дотносно. Залбирахдаа нэг л үгээ ямар ч бодлогогүй дахин дахин давтаад байх нь зохимжгүй. Чин сэтгэлээсээ, утга учиртай залбирах нь чухал. Залбирлыг эцэг хүү хоёрын яриатай зүйрлэж болно. Залбирахдаа Бурхнаа сүслэн хүндэтгэхийн зэрэгцээ зүрхээ нээн, чин сэтгэлээсээ ярих хэрэгтэй (Дуулал 62:8). Бие даан Библи судалж, чин сэтгэлээсээ залбирах нь шүтлэгийн маань чухал хэсэг бөгөөд Бурхантай тогтоосон дотно харьцаагаа хадгалахад тусална.

ЕХОВАД БАЯР ХӨӨРТЭЙ ҮЙЛЧЛЭГТҮН

15, 16. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг хосгүй завшаан гэж үзэн, ихэд эрхэмлэхийн учир юу вэ?

15 Бие даан Библи судалж, залбирахаас гадна итгэл үнэмшлийнхээ тухай хүмүүст ярих нь Бурханд хайртайгаа батлах өөр нэг арга юм. Та Библиэс сурч мэдсэнээ бусдад ярьдаг уу? Ярьдаг бол, хосгүй завшаантай ажилд оролцдог гэсэн үг! (Лук 1:75) Еховагийн тухай сурч мэдсэнээ хүмүүст ярих нь, үнэндээ, Христийн жинхэнэ дагалдагчдад даалгасан Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглах ажил хийж байгаа хэрэг юм (Матай 24:14; 28:19, 20-⁠ийг уншина).

16 Элч Паул дэлгэрүүлэх ажлыг «эрдэнэс» гэж үзэн, ихэд эрхэмлэдэг байсан (2 Коринт 4:7). Ехова Бурхан болон түүний санаа зорилгын талаар хүмүүст ярих нь өөр ямар ч ажилтай зүйрлэмгүй ач тустай, хүнд олдож болох хамгийн сайн ажил хийж, хамгийн сайн Эзэнд үйлчилж байгаа хэрэг юм. Бид дэлгэрүүлэх ажилд оролцон, чин сэтгэлтэй хүмүүст Еховатай дотно харьцаа тогтоож, мөнхийн аминд хүрэхэд нь тусалдаг. Үүнээс илүү сайхан ажил байна гэж үү? Мөн Еховагийн тухай гэрчилж, Библийн үнэнийг хүмүүст яривал итгэл батжиж, Еховад улам хайртай болдог. Энэ ажлыг хичээл зүтгэлтэй хийж байгаа таныг Ехова өндөр үнэлдэг (Еврей 6:10). Дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцож, өөрийгөө завгүй байлгавал Бурхантай тогтоосон дотно харьцаагаа хадгалахад тустай (1 Коринт 15:58-ыг уншина).

17. Дэлгэрүүлэх ажлыг ямар учраас хойшлуулалгүй хийх хэрэгтэй вэ?

17 Дэлгэрүүлэх ажил бол хойшлуулж болшгүй ажил юм. Библид «Бурхны үгийг тунхагла. ... хичээнгүйлэн тунхагла» гэж байдаг (2 Тимот 4:2). Яагаад хичээнгүйлэн тунхаглах хэрэгтэй вэ? Учир нь «ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна» гэж Библи хэлдэг (Зефаниа 1:14). Тийм ээ, Ехова тун удахгүй энэхүү ёс бус ертөнцийг устгана. Энэ тухай хүмүүст хэлж, сэрэмжлүүлэх шаардлагатай! Еховад захирагдах эсэхээ шийдэх цаг яг одоо болчихоод байгааг тэдэнд ойлгуулах нь чухал. Учир нь төгсгөл «хоцролгүй заавал ирнэ» (Хабаккук 2:3).

18. Христийн жинхэнэ дагалдагчидтай нэгдэн, Еховад үйлчлэх хэрэгтэйн учир юу вэ?

18 Ехова таныг Христийн жинхэнэ дагалдагчид⁠тай нэгдэн, өөрт нь үйлчлээсэй гэж хүсдэг. Библид «Сайн юм хийдэг, хайрладаг болоход нь туслахын тулд нэг нэгэндээ санаа тавьж, цуглаан таслах зуршилтай зарим хүнийг дуурайлгүй үргэлж цуглаж, бие биеэ урамшуулан зоригжуулж байя. Тэр өдөр ойртож байгаа учир энэ бүхнийг бүр их анхааръя» гэж байдаг (Еврей 10:24, 25). Итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж, Бурхнаа шүтэн, магтан алдаршуулахын зэрэгцээ бие биеийнхээ итгэлийг батжуулж, зоригжуулах сайхан боломж цуглаан дээр олддог.

19. Хурлынхаа хамт олонтой дотносохын тулд яах хэрэгтэй вэ?

19 Еховагийн ард түмэнтэй дотносон нөхөрлөхийн хэрээр тэднийгээ улам их хайрладаг болж, хурлын эв нэгдэл ч улам батаждаг. Ехова бидний сайн талыг хардаг шиг бид ч бас итгэл нэгтнүүдийнхээ сайн талыг хардаг байх нь чухал. Тэднийг ямар ч өөгүй хүмүүс гэж битгий бодоорой. Хурлын гишүүд харилцан адилгүй байдаг бөгөөд бүгд л алдаа гаргадаг (Колосай 3:13-ыг уншина). Еховаг чин зүрхнээсээ хайрладаг хүмүүстэй дотносон нөхөрлөвөл та ч бас Еховаг улам их хайрладаг болно. Итгэл нэгтнүүдтэйгээ хамтдаа үйлчилбэл Еховатай тогтоосон дотно харьцаагаа хадгалж чадна. Тэгвэл Ехова өөрийнхөө хайрладаг, үнэнч үйлчлэгчдээ хэрхэн ивээх вэ?

«ЖИНХЭНЭ АМИНААС ЗУУРАГТУН»

20, 21. «Жинхэнэ амь» гэж юу вэ? Биднийг ямар гайхамшигтай ирээдүй хүлээж байна вэ?

20 Ехова үнэнч үйлчлэгчдээ ивээж, амь өгнө. Энэ юу гэсэн үг вэ? Агаар амьсгалж, хоол унд идэж уудаг маань амьд байгаагийн шинж биш гэж үү? Жаргалтай мөчдөө хүмүүс: «Амьдын жаргал эдэлж байна» гэж ярьдаг. Гэхдээ Библид бичсэнээр, өнөөгийн амьдрал бол жинхэнэ амьдрал биш юм.

Диваажин дэлхийд жаргалтай амьдарч байгаа гэр бүл

Ехова таныг «жинхэнэ амьтай» болоосой гэж хүсдэг. Харин та хүсдэг үү?

21 Бурхны Үг бидэнд «жинхэнэ аминаас зуурахыг» уриалдаг (1 Тимот 6:19). Тэгэхлээр, «жинхэнэ амь» бол ирээдүйд хүртэх ивээл юм. Тийм ээ, диваажин дэлхийд төгс болж, Бурхны анхны санаа зорилгын да⁠гуу эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай болсон цагтаа «жинхэнэ амьтай» болж үүрд мөнх жаргалтай амьдарна (1 Тимот 6:12). Биднийг ямар гайхамшигтай ирээдүй хү⁠лээж байна вэ!

22. «Жинхэнэ аминаас зуурахын» тулд яах хэрэгтэй вэ?

22 Тэгвэл «жинхэнэ аминаас зуурахын» тулд яах хэрэгтэй вэ? Элч Паул: «Сайныг үйлдэж, сайн үйлсээр баян бай» хэмээн Христийн дагалдагчдад уриалсан (1 Тимот 6:18). Тэгэхлээр, мөнх амьдрах эсэх маань Библиэс сурч мэдсэнээ ажил хэрэг болгох эсэхээс ихээхэн шалтгаална. Тэгвэл «жинхэнэ амийг» сайн үйлсийнхээ хөлс болгон авна гэсэн үг үү? Үгүй ээ. Бурхны «нигүүлслийн» ачаар бид «жинхэнэ амьтай» болох боломжтой юм (Ром 5:15). Гэхдээ Ехова өөрт нь үнэнч үйлчилдэг хүмүүсийг шагнах дуртай. Таныг ч гэсэн «жинхэнэ амьтай» болоосой гэж хүсдэг. Бурхнаараа хайрлуулж яваа бүх хүнийг мөнхийн амь, аз жаргал, амар тайван амьдрал хүлээж байна.

23. Бурхнаараа хайрлуулж явах нь ямар учраас амин чухал бэ?

23 Хүн болгон Библид бичсэний дагуу Еховад үйлчилдэг эсэхээ үргэлж шалгах хэрэгтэй. Хэрэв таалалд нь нийцүүлэн үйлчилдэг бол зөв зам дээр зогсож байна гэсэн үг. Ехова ийм хүнд хоргодох газар нь болно. Бурхан өнөөгийн ёс бус ертөнцийн эцсийн өдрүүдийн түгшүүртэй цагт амьдарч байгаа үнэнч үйлчлэгчдээ хамгаалж, ойрын ирээдүйд гайхамшигт шинэ ертөнцөд эсэн мэнд хүргэнэ. Тэр үед бид хэчнээн их догдолж, цагаа олсон зөв шийдвэр гаргасандаа ямар их баярлах бол оо! Хэрэв та Бурханд үйлчлэх шийдвэрийг одоо гаргавал «жинхэнэ амьтай» болж, Еховагийн анхны санаа зорилгын дагуу мөнх амьдарна!

БИБЛИЙН СУРГААЛ

  • Бурхны тушаалыг биелүүлж, Библийн зарчмыг баримтлах нь Бурханд хайртайн баталгаа (1 Ёохан 5:3).

  • Бурхантай тогтоосон дотно харьцаагаа хадгалахын тулд Библи судалж, чин сэтгэлээсээ залбирч, хүмүүст Бурхны тухай ярьж, цуглаанд тогтмол очих хэрэгтэй (Матай 24:14; 28:19, 20; Ёохан 17:3; 1 Тесалоник 5:17; Еврей 10:24, 25).

  • Бурхнаараа хайрлуулж явдаг хүмүүс «жинхэнэ амьтай» болох боломжтой (1 Тимот 6:12, 19; Юуда 21).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах