«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
4 САРЫН 2–8
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 26
«Дээгүүр өнгөрөх баяр, Дурсах цуглаан— Ижил төстэй тал ба ялгаа»
(Матай 26:17–20) Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар нь ирээд Есүсээс «Дээгүүр өнгөрөх баярын зоогийг хаана бэлдүүлмээр байна вэ?» гэж асуулаа. 18 Есүс: «Та нар хотод оч. Тэнд нэг хүнтэй таарна. Тэр хүнд “«Үхэх цаг минь ойртож байна. Би танайд Дээгүүр өнгөрөх баярыг шавь нартайгаа тэмдэглэнэ» гэж багш хэлүүллээ” гээрэй» хэмээхэд 19 шавь нар хэлсэн ёсоор нь хийж, Дээгүүр өнгөрөх баярт бэлджээ. 20 Орой болоход Есүс арван хоёр шавьтайгаа ширээнд сууж байв.
nwtsty үзүүлэн таниулах материал
Дээгүүр өнгөрөх баярын хоол
Дээгүүр өнгөрөх баярын оройн зоогийн ширээн дээр 1) шарсан хурга (нэг ч яс хугараагүй байх ёстой) 2) исгээгүй талх 3) гашуун ногоо заавал байх ёстой байжээ (Ег 12:5, 8; То 9:11). «Мишна» номноос үзвэл гашуун ногоо нь салатны навч, идрээ, багваахай цэцэг гэх зэргийн ургамал байж болох юм. Эдгээр нь Египетэд боолчлогдож байх үеийнх нь гашуун зовлонг израйлчуудад сануулдаг байсан. Есүс исгээгүй талхыг төгс биеийнхээ бэлгэдэл болгон хэрэглэсэн (Мт 26:26). Элч Паул Есүсийг «бидний Дээгүүр өнгөрөх баярын хурга» гэжээ (1 Ко 5:7). I зууны үед 4) дарс бас Дээгүүр өнгөрөх баярын хоолны нэг хэсэг болсон байв. Есүс дарсыг золиос болгон асгаруулах цусныхаа бэлгэдэл болгон хэрэглэжээ (Мт 26:27, 28).
(Матай 26:26) Тэднийг хоол идэж байхад Есүс талх аваад залбирав. Тэгээд талх хувааж шавь нартаа өгөөд «Аваад идэцгээ. Энэ нь миний биеийг бэлгэддэг» гэлээ.
nwtsty Мт 26:26-гийн тайлбар
бэлгэддэг: Эстин (үгчилбэл, «бол») гэдэг грек үгийг энд «бэлгэддэг, төлөөлдөг, утга илэрхийлдэг» гэсэн утгаар бичсэн. Элчүүдийн хувьд энэ нь ойлгомжтой байсан. Яагаад гэвэл тэдний урд төгс биетэй Есүс өөрөө зогсож байсан ба идэх гэж байсан исгээгүй талх нь ч байсан. Тийм учраас талх, шууд утгаар Есүсийн бие байх аргагүй байв. Мт 12:7-д яг адилхан грек үг гардаг бөгөөд Библийн өөр орчуулгуудад «гэсэн утгатай» гэж буулгасан байдгийг анхаарах нь зүйтэй.
(Матай 26:27, 28) Дараа нь аягатай дарс авч талархан залбираад шавь нартаа өгч «Бүгдээрээ ууцгаа. Энэ нь олны нүглийг уучлуулахын тулд урсах “гэрээний цусыг” минь бэлгэддэг.
nwtsty Мт 26:28-ын тайлбар
гэрээний цусыг: Ехова болон Христийн тослогдсон дагалдагчдын хоорондох шинэ гэрээ Есүсийн золиосоор хүчин төгөлдөр болсон (Ев 8:10). Есүсийн хэрэглэсэн энэ үг нь Синаи ууланд израйлчуудтай байгуулах Хуулийн гэрээний зууч болох Мосегийн хэрэглэсэн үгтэй адил байв (Ег 24:8; Ев 9:19–21). Бух болон ямааны цус, Бурхны Израйл үндэстэнтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр болгосон. Үүнтэй адилаар Есүсийн цус, Бурхны бэлгэдлийн Израйлтай байгуулах шинэ гэрээг хүчин төгөлдөр болгосон. Уг гэрээ МЭ 33 оны Пентекостын өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон (Ев 9:14, 15).
Эрдэнэс хайх нь
(Матай 26:17) Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар нь ирээд Есүсээс «Дээгүүр өнгөрөх баярын зоогийг хаана бэлдүүлмээр байна вэ?» гэж асуулаа.
nwtsty Мт 26:17-гийн тайлбар
Исгээгүй талхны баярын эхний өдөр: Исгээгүй талхны баяр нь Дээгүүр өнгөрөх баярын (Нисан сарын 14) маргааш эхэлдэг байсан ба долоо хоног үргэлжилдэг байв (бүс 19-ийг үзнэ үү). Гэвч Есүсийн үед Дээгүүр өнгөрөх баяр нь уг баяртай нягт холбоотой болж заримдаа Нисан сарын 14-нийг оруулаад нийт найман өдрийг «Исгээгүй талхны баяр» хэмээдэг болжээ (Лу 22:1). Энэ хам сэдэвт «эхний өдөр» гэснийг «өмнөх өдөр» гэж орчуулах боломжтой. («Эхний» [протос] гэдэг грек үгийг үүнтэй төстэй найруулгатай өгүүлбэрт «өмнө» гэж орчуулж «надаас өмнө байсан» гэж буулгасан Ёох 1:15, 30-тай харьцуулна уу.) Тиймээс грек үг болон иудейчүүдийн уламжлалыг бодож үзвэл шавь нар нь Нисан сарын 13-нд Есүсээс асуусан байх боломжтой байх нь ээ. Нисан сарын 13-ны, өдрийн цагаар шавь нар нь Дээгүүр өнгөрөх баярт бэлдсэн бөгөөд «Орой болоход» буюу Нисан сарын 14-нийг эхлэхэд уг баярыг тэмдэглэжээ (Мр 14:16, 17).
(Матай 26:39) тэднээс жаахан зайдуу газар очиж, сөхөрч суугаад газар хүртэл бөхийн «Эцэг минь, боломжтой бол энэ аягыг надаас холдуулаач. Гэхдээ миний хүслээр биш, таны хүслээр болог» гэж залбирав.
nwtsty Мт 26:39-ийн тайлбар
энэ аягыг ... холдуулаач: Библид «аягыг» заримдаа бэлгэдлийн утгаар хэрэглэдэг бөгөөд энэ нь Бурхны хүсэл таалал юм уу хүнд «оногдсон хувь» гэсэн утгатай. Есүс Бурхныг гүтгэсэн, самуун дэгдээсэн хэргээр буруутгагдан цаазлуулах гэж байхдаа энэ хилс хэрэг Еховагийн нэрийг гутаан доромжилсон болох вий гэж маш их санаа зовж байсан нь дамжиггүй.
Библиэс унших
(Матай 26:1–19) Есүс энэ бүгдийг ярьсныхаа дараа шавь нартаа 2 «Хоёр хоногийн дараа Дээгүүр өнгөрөх баяр болохыг та нар мэдэж байгаа. Тэр өдөр хүний Хүү баригдаж шонд хадуулна» гэжээ. 3 Тэр үед тахилчид, ард олны ахлагчид тэргүүн тахилч Каяафын хашаанд цуглаад 4 башир арга хэрэглэн Есүсийг баривчилж, алахаар хуйвалджээ. 5 Гэхдээ тэд: «Баяраар болохгүй. Эс тэгвэл ард олны дунд үймээн гарна» гэцгээжээ. 6 Есүсийг Бетанд, уяман өвчтэй байсан Симоныд байхад 7 их үнэтэй, анхилуун үнэрт тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй ирээд хоол идэж байхад нь толгойг нь тосолжээ. 8 Үүнийг хараад шавь нар нь дургүйцэж «Хайран юмыг ингэж үрэх гэж! 9 Энэ тосыг өндөр үнээр зараад мөнгийг нь ядууст өгч болох байсан шүү дээ» гэцгээв. 10 Есүс үүнийг мэдээд «Та нар энэ эмэгтэйг юунд гомдооно вэ? Надад сайн юм хийлээ. 11 Ядуус та нартай үргэлж хамт байна. Харин би та нартай үргэлж хамт байхгүй. 12 Энэ эмэгтэй намайг анхилуун үнэрт тосоор тосолж оршуулахад бэлдсэн юм. 13 Сайн мэдээ дэлхийн хаана ч тунхаглагдсан, энэ эмэгтэйн юу хийснийг дурсаж ярина гэдгийг би та нарт батлан хэлье» хэмээжээ. 14 Дараа нь 12 элчийн нэг Искариот Юудас гэгддэг хүн ахлах тахилчид руу очоод 15 «Түүнийг та нарт барьж өгвөл надад юу өгөх вэ?» гэхэд тэд 30 мөнгөн зоос өгөхөөр тохиров. 16 Ингээд Юудас тэр мөчөөс эхлэн Есүсийг барьж өгөх аятай боломжийг хайх болжээ. 17 Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар нь ирээд Есүсээс «Дээгүүр өнгөрөх баярын зоогийг хаана бэлдүүлмээр байна вэ?» гэж асуулаа. 18 Есүс: «Та нар хотод оч. Тэнд нэг хүнтэй таарна. Тэр хүнд “«Үхэх цаг минь ойртож байна. Би танайд Дээгүүр өнгөрөх баярыг шавь нартайгаа тэмдэглэнэ» гэж багш хэлүүллээ” гээрэй» хэмээхэд 19 шавь нар хэлсэн ёсоор нь хийж, Дээгүүр өнгөрөх баярт бэлджээ.
4 САРЫН 9–15
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 27, 28
«Явж шавь болгогтун гэсэн тушаалыг биелүүлэх нь»
(Матай 28:18) Есүс ойртож ирээд тэдэнд «Тэнгэр болон газар дээрх бүх юмыг захирах эрхийг Бурхан надад өгсөн.
«Явж, ... шавь бэлдэгтүн»
4 Есүс хурлаа захирах эрх мэдэлтэй бөгөөд 1914 оноос шинэ тутам тогтсон Бурхны Хаанчлалыг захирах эрх мэдэлтэй болсон (Колоссай 1:13; Илчлэлт 11:15). Есүс тэргүүн тэнгэр элч учраас тэнгэрийн дайчид буюу олон зуун сая тэнгэр элчийг захирах эрхтэй (1 Тесалоник 4:16; 1 Петр 3:22; Илчлэлт 19:14–16). Тэрээр зөвт зарчимд захирагддаггүй «бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг» хүчингүй болгох эрх мэдлийг Эцгээсээ авсан (1 Коринт 15:24–26; Ефес 1:20–23). Есүсийн эрх мэдэл зөвхөн амьд хүмүүсээр хязгаарлагддаггүй. Бурхан түүнд үхлийн нойроор нойрсож байгаа хүмүүсийг дахин амилуулах хүч өгсөн учраас бас «амьд, үхсэн бүх хүний Шүүгч» юм (Үйлс 10:42; Иохан 5:26–28). Тийм асар их эрх мэдэлтэй Нэгний өгсөн тушаалд онцгой хариуцлагатай хандах ёстой нь ойлгомжтой. Тийм учраас бид «явж, ... шавь бэлдэгтүн» гэсэн Христийн тушаалыг хүндэтгэн, түүнд дуртайяа захирагддаг юм.
(Матай 28:19) Иймээс явж шавь болгогтун. Эцэг, Хүү, Бурхны агуу хүчний нэрээр баптисм хүртээ.
nwtsty Мт 28:19-ийн тайлбар
шавь болгогтун: Матетеүо гэсэн грек үйл үгийг «заах» гэж орчуулж болдог. Шавь болгох зорилготой үед ийм утгаар орчуулж хэрэглэдэг. «Баптисм хүртээ», «заа» гэсэн үйл үг нь «шавь болгогтун» гэсэн тушаалд юу юу багтдагийг харуулж байна.
бүх үндэстнийг: Үгчилсэн орчуулга нь «бүх үндэстнийг» боловч хам сэдвийг үзвэл энэ нь бүх үндэстний хувь хүнийг хэлдэг. Яагаад гэвэл эх бичиг дээр баптисм хүртээ гэсэн үгийн тусагдахуун нь эр хүйсийн үг бөгөөд энэ нь хүмүүс юм. «Үндэстэн» гэсэн утгатай грек үг нь саармаг хүйсийн үг юм. «Бүх үндэстний хүмүүс» рүү оч гэсэн энэ тушаал шинэ байсан. Есүсээс өмнө, харь үндэстний хүмүүс Еховад үйлчлэхээр Израйлд ирсэн тохиолдолд тэднийг хүлээн авдаг байсныг Библид бичсэн байдаг (Х.дээ 8:41–43). Гэхдээ Есүс энэ тушаалаар шавь нартаа дэлгэрүүлэх ажлаа өргөжүүлж иудей бус хүмүүс дээр очих даалгавар өгсөн. Ийнхүү Христийн шавь бэлдэх ажил дэлхий дахиныг хамрахыг онцолсон (Мт 10:1, 5–7; Ил 7:9).
(Матай 28:20) Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Энэ тогтолцооны төгсгөлийн үеийг дуустал би та нартай үргэлж хамт байх болно» хэмээв.
nwtsty Мт 28:20-ийн тайлбар
тэдэнд заа: «Заах» гэж орчуулсан грек үг нь сургах, тайлбарлах, ятган үнэмшүүлэх, баримт дурдах гэсэн санааг багтаадаг (Мт 3:1; 4:23-ын тайлбарыг үзнэ үү). Есүсийн тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заана гэдэг нь тасралтгүй үргэлжлэх ажил бөгөөд Есүсийн юу заасныг мэдэхэд, сургаалыг нь хэрэгжүүлэхэд, жишээг нь дагахад тэдэнд тусална гэсэн үг юм (Ёох 13:17; Эф 4:21; 1 Пе 2:21).
Эрдэнэс хайх нь
(Матай 27:51) Тэгтэл сүмийн хөшиг дээрээсээ доош урагдан хоёр хэсэг болж, газар хөдөлж, хад чулуу хагарчээ.
nwtsty Мт 27:51-ийн тайлбар
хөшиг: Гоё чамин урласан уг хөшиг сүмийн Ариунаас ариун газрыг Ариун газраас тусгаарладаг байжээ. Иудейчүүдийн соёл уламжлалыг авч үзвэл, уг хүнд нүсэр хөшигний урт нь 18 м, өргөн нь 9 м, зузаан нь 7,4 см байв. Ехова энэ хөшгийг урснаараа Хүүг нь алсан хүмүүст уураа илэрхийлсэн. Мөн тэнгэрт орох боломж нээгдсэнийг харуулсан (Ев 10:19, 20; Библийн үгийн тайлбарыг үзнэ үү).
сүмийн: Наос гэдэг грек үг нь энд Ариун газар болон Ариунаас ариун газрыг багтаадаг гол барилгыг заадаг.
(Матай 28:7) Хурдан яваад, “Есүс амилжээ. Та нараас түрүүлж Галилд очно. Та нар тэнд түүнтэй уулзана” гэж шавь нарт нь хэлээрэй. Миний хэлснийг бүү мартаарай» гэж хэллээ.
nwtsty Мт 28:7-гийн тайлбар
Есүс амилжээ. ... шавь нарт нь хэлээрэй: Энэ эмэгтэйчүүд Есүсийг амилсан тухай сонссон анхны хүмүүс болоод зогсохгүй бусад шавь нарт мэдэгдэх тушаал авсан (Мт 28:2, 5, 7). Иудейчүүдийн өөрсдийнх нь зохиосон уламжлалаар бол эмэгтэй хүн шүүх танхимд гэрчлэх эрхгүй байжээ. Харин Еховагийн тэнгэрийн элчүүд энэ баяр хөөртэй даалгаврыг эмэгтэйчүүдэд өгч тэднийг хүндэтгэдгээ харуулсан.
Библиэс унших
(Матай 27:38–54) Хоёр дээрэмчнийг Есүсийн баруун, зүүн талын шонд хаджээ. 39 Хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс толгой сэгсрэн Есүсийг доромжилж 40 «Сүмийг нурааж гурван өдрийн дотор барьдаг хүн гуай, өөрийгөө авраач! Бурхны хүү мөн юм бол тарчлаах шонгоосоо буугаач!» гэж байв. 41 Ахлах тахилчид, хуулийн багш нар болон ахлагчид түүнийг доромжлон 42 «Бусдыг аварсан мөртлөө өөрийгөө аварч чаддаггүй ээ! Энэ чинь Израйлын Хаан биз дээ. Тарчлаах шонгоосоо буугаад ирэг, тэгвэл түүнд итгэе. 43 Энэ хүн Бурханд найддаг биз дээ. Хэрэв Бурхан түүнийг таалалдаа багтаадаг юм бол одоо л авраг. “Би бол Бурхны Хүү” гэж өөрөө хэлсэн биз дээ» хэмээцгээв. 44 Хажуугийнх нь шонд хадуулсан хоёр дээрэмчин ч Есүсийг бас тийн доромжилж байлаа. 45 Зургаадугаар цагаас есдүгээр цагийн хооронд тэр нутаг даяар харанхуй болжээ. 46 Есдүгээр цагийн алдад Есүс чанга дуугаар «Эли, Эли, лама сабахтани?» гэж хэлэв. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд та намайг орхив?» гэсэн үг ажээ. 47 Тэнд байсан хүмүүсийн зарим нь үүнийг дуулаад «Энэ хүн Елиаг дуудаж байна» гэжээ. 48 Тэдний нэг нь тэр даруй гүйж, далайн хөвөнд исгэлэн дарс шингээгээд хулсанд торгоон Есүст уулгахаар өгөв. 49 Тэгтэл бусад нь «Байз! Елиа аврахаар ирэх эсэхийг харъя» гэлээ. 50 Есүс дахин чанга хашхираад амьсгаа хураав. 51 Тэгтэл сүмийн хөшиг дээрээсээ доош урагдан хоёр хэсэг болж, газар хөдөлж, хад чулуу хагарчээ. 52 Булшнууд нээгдэж, нас барсан ариун хүмүүсийн цогцос ил гарсныг 53 олон хүн харжээ. (Есүсийг амилсны дараа, оршуулгын газар байсан хүмүүс ариун хот руу очсон) 54 Харин цэргийн дарга, мөн Есүсийг манаж байсан хүмүүс газар хөдлөхийг болон бусад бүх явдлыг хараад ихэд айн «Энэ хүн үнэхээр Бурхны Хүү байжээ» гэцгээв.
4 САРЫН 16–22
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАРК 1, 2
«Нүглийг чинь уучилсан»
(Марк 2:3–5) Тэгтэл хэдэн хүн иржээ. Тэд саа өвчтэй нэг хүнийг дөрвөн хүнээр өргүүлээд ирсэн байв. 4 Гэвч олон хүн цугласны улмаас тэд саа өвчтэй хүнийг Есүсийн хажууд аваачиж чадсангүй. Тиймээс түүний харалдаах дээврийг хуулж, цоолоод өвчтэй хүнийг дамнуургатай нь доош буулгав. 5 Тэд итгэж байгааг Есүс мэдээд саа өвчтэй хүнд «Хүү минь, нүглийг чинь уучилсан» гэж хэллээ.
jy 67 ¶3-5
«Нүглийг чинь уучилсан»
Есүсийг дүүрэн хүнтэй өрөөнд сургаал айлдаж байхад дөрвөн хүн саа өвчтэй хүнийг дамнуурган дээр хэвтүүлээд авчрав. Тэд найзыгаа эдгээлгэхийг хүсжээ. Гэхдээ олон хүн цугласан тул тэд «саа өвчтэй хүнийг Есүсийн хажууд аваачиж чадсангүй» (Мр 2:4). Ямар хэцүү байсан бол! Тэд байшин дээр гарч хавтгай дээврийг нь хуулж нүх гаргав. Тэгээд саа өвтэй найзыгаа дамнуургатай нь доош буулган байшинд оруулжээ.
Ийнхүү саад хийсэнд Есүс уурласан уу? Үгүй! Харин ч тэдний итгэлийг биширч саа өвчтэй хүнд «Нүглийг чинь уучилсан» гэж хэлэв (Мт 9:2). Гэхдээ Есүс үнэхээр нүглийг уучилж чадах уу? Хуулийн багш нар болон фарисайчууд үүнийг буруу гэж үзэн «Энэ хүн яагаад ингэж ярьдаг билээ? Бурхныг доромжилж байна. Бурхнаас өөр хэн нүглийг уучилж чадах юм бэ?» гэж боджээ (Мр 2:7).
Есүс тэдний юу бодож байгааг мэдээд, тэдэнд «Та нар яагаад ийм юм бодно вэ? Саа өвчтэй хүнд “Нүглийг чинь уучилсан” гэж хэлэх эсвэл “Бос, дамнуургаа аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ?» гэжээ (Мр 2:8, 9). Тийм ээ, Есүс өөрийнхөө өргөх золиост үндэслэн тэр хүний нүглийг уучилж чаджээ.
(Марк 2:6–12) Тэгэхэд нь тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь: 7 «Энэ хүн яагаад ингэж ярьдаг билээ? Бурхныг доромжилж байна. Бурхнаас өөр хэн нүглийг уучилж чадах юм бэ?» гэж боджээ. 8 Есүс тэдний юу бодож байгааг тэр даруй мэдээд «Та нар яагаад ийм юм бодно вэ? 9 Саа өвчтэй хүнд “Нүглийг чинь уучилсан” гэж хэлэх эсвэл “Бос, дамнуургаа аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ? 10 Гэхдээ хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд ...» гэснээ саа өвчтэй хүнд хандан 11 «Босож дамнуургаа аваад гэртээ харь» гэжээ. 12 Тэр хүн босож тэр даруй дамнуургаа аваад олны өмнүүр гарч явав. Хүмүүс бүгдээрээ гайхаж «Ийм юм ер үзэж байсангүй» гэцгээн Бурхныг магтан алдаршууллаа.
nwtsty Мр 2:9-ийн тайлбар
аль нь амархан бэ: Нүглийг уучилж чадна гэж хэлэх нь амархан. Яагаад гэвэл үүнийг батлах нүдэнд харагддаг баримт гэж байхгүй. Гэхдээ Бос ... яв гэж хэлсэн бол нүглийг уучлах эрх мэдэлтэй гэдгээ бүх хүнд харуулахын тулд гайхамшиг үйлдэх хэрэгтэй. Энэ үйл явдал болон Ис 33:24-т өвчин нүгэл хоёрыг холбож бичсэн байдаг.
Эрдэнэс хайх нь
(Марк 1:11) «Чи бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ» гэх дуу тэнгэрээс гарав.
nwtsty Мр 1:11-ийн тайлбар
дуу тэнгэрээс гарав: Энэ бол Ехова хүмүүстэй шууд ярьсныг Сайн мэдээний номонд тэмдэглэж үлдээсэн 3 тохиолдлын эхнийх нь юм (Мр 9:7; Ёох 12:28-ын тайлбарыг үзнэ үү).
Чи бол ... Хүү минь: Есүс тэнгэрт байхдаа Бурхны Хүү байсан (Ёох 3:16). Тэрээр хүн болж төрсний дараа төгс байсан Адамын адилаар «Бурхны хүү» байв (Лу 1:35; 3:38). Гэхдээ энд хэлсэн Бурхны үг нь Есүсийн хэн болохыг хэлэхээс илүү өргөн утгатай гэж үзэх нь зүйд нийцэх бололтой. Бурхан Есүст энэ үгийг хэлснээрээ, мөн агуу хүчээ өгснөөрөө тэнгэрт буцаж очих найдвартай Хүү болж дахин төрснийг нь болон хаан ба тэргүүн тахилчаар томилсноо тодорхой харуулсан (Ёох 3:3–6; 6:51; Лу 1:31–33; Ев 2:17; 5:1, 4–10; 7:1–3-тай харьцуулна уу).
миний таалан соёрхдог: Эсвэл «Би чамаар маш их бахархдаг; би чамд маш их баярладаг». Амласан Мессиа буюу Христийн тухай зөгнөсөн Ис 42:1-ээс эш татсан Мт 12:18-д адилхан үг хэллэг ашигласан байдаг. Бурхны агуу хүч Есүс дээр буун ирж, Бурхан Хүүгийнхээ талаар тунхагласан нь Есүсийг амласан Мессиа мөн болохыг тодорхой харуулсан.
(Марк 2:27, 28) «Бурхан Амралтын өдрийг хүний төлөө бий болгосноос бус хүнийг Амралтын өдрийн төлөө бий болгоогүй юм. 28 Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн» гэж хэлжээ.
nwtsty Мр 2:28-ын тайлбар
Амралтын өдрийн ... Эзэн: Есүс өөрийгөө ийнхүү хэлснээрээ (Мт 12:8; Лу 6:5) тэнгэрийн Эцгийнхээ тушаасан ажлыг хийхийн тулд Амралтын өдөр юу хийхээ өөрөө шийдэж болохоо илэрхийлжээ (Ёох 5:19; 10:37, 38-тай харьцуулна уу). Амралтын өдөр Есүс өвчин эдгээх зэргийн хамгийн гайхалтай зарим гайхамшгийг үйлдсэн (Лу 13:10–13; Ёох 5:5–9; 9:1–14). Үүгээрээ амралтын өдөртэй зүйрлэм Хаант төрийн засаглалынхаа үед хүмүүсийг хэрхэн зовлонгоос ангижруулахаа харуулсан нь дамжиггүй (Ев 10:1).
Библиэс унших
(Марк 1:1–15) Бурхны Хүү Есүс Христийн тухай сайн мэдээний эхлэл. 2 Зөнч Исаиа: «(Би чиний өмнө явах элчээ илгээж байна. Тэрээр замыг чинь бэлдэнэ) 3 “Еховагийн замыг бэлдэгтүн! Замыг нь тэгшил” гэж хашхирах дуу цөлд гарна» хэмээн бичсэн байлаа. 4 Баптисм хүртээгч Ёохан цөлд байсан бөгөөд нүглээ уучлуулъя гэвэл гэмшиж, үүнийгээ батлан баптисм хүртэхийг тунхаглаж байв. 5 Тэгэхэд Иудейн бүх нутгийн хүмүүс, Иерусалимын бүх оршин суугч түүн рүү очиж, Иордан голд баптисм хүртэж, гэм нүгэлтэйгээ хүлээн зөвшөөрчээ. 6 Ёохан тэмээний ноосон хувцас өмсөж, суран бүс бүсэлдэг, царцаа, зэрлэг зөгийн бал иддэг ажээ. 7 Тэрээр: «Надаас агуу нэгэн миний дараа ирэх бөгөөд би шаахайных нь сурыг ч тайлах хүндтэй хүн биш ээ. 8 Та нарт би усаар баптисм хүртээсэн бол тэр нэгэн Бурхны агуу хүчээр баптисм хүртээнэ» гэж тунхаглаж байв. 9 Тэр үед Есүс Галилын Назараас Ёохан руу очиж Иордан голд баптисм хүртжээ. 10 Есүс голын уснаас гармагцаа тэнгэр заагдахыг, мөн Бурхны агуу хүч өөр дээр нь тагтаа мэт бууж ирэхийг харав. 11 «Чи бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ» гэх дуу тэнгэрээс гарав. 12 Есүс тэр даруй Бурхны агуу хүчээр удирдуулан цөл рүү явлаа. 13 Тэрээр цөлд зэрлэг амьтдын дунд 40 хоносон бөгөөд Сатан түүнийг сорьжээ. Тэнгэрийн элчүүд Есүст тусалж байлаа. 14 Ёоханыг баригдсаны дараа тэрээр Бурхны тухай сайн мэдээ түгээж явсаар Галилд очоод 15 «Товлосон цаг боллоо. Бурхны Хаант төр ойрхон байна. Гэмшицгээ. Сайн мэдээнд итгэцгээ» гэж тунхаглажээ.
4 САРЫН 23–29
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАРК 3, 4
«Амралтын өдөр эдгээх нь»
(Марк 3:1, 2) Есүс синагогт дахин очжээ. Тэнд хатангир гартай хүн байлаа. 2 Амралтын өдөр тэр хүнийг эдгээх нь үү хэмээн фарисайчууд анхааралтай ажиглаж Есүсийг буруутгах шалтаг хайж байв.
jy 78 ¶1-2
Амралтын өдөр хийж болох зүйл юу вэ?
Өөр нэгэн Амралтын өдөр Есүс синагогт очжээ. Энэ нь Галилын синагог байсан бололтой. Тэнд баруун гар нь хатангиртсан хүнийг харсан (Лук 6:6). Хуулийн багш нар болон фарисайчууд Есүсийг ажиглаж байлаа. Яагаад? «Амралтын өдөр хүн эдгээх нь зөв үү?» гэж асууснаас нь тэдний зорилго тодорхой байв (Матай 12:10).
Иудейн шашны удирдагчид хүний амь насанд аюул учирсан тохиолдолд л Амралтын өдөр хүнийг эдгээж болно гэж үздэг байв. Тиймээс амь насанд тийм ч халгүй зүйл буюу ясыг зөв байрлалд нь буцааж оруулах, булгалсан хэсгийг боох зэргийг Амралтын өдөр хийж болохгүй гэж үздэг байжээ. Тиймээс хуулийн багш нар болон фарисайчууд энэ өрөвдөлтэй хүний сайн сайхныг бодож Есүсээс асуугаагүй нь тодорхой. Харин Есүсийг буруутгах шалтаг хайж байлаа.
(Марк 3:3, 4) Есүс хатангир гартай хүнд «Босоод энд хүрээд ир» гэснээ 4 «Сайн юм эсвэл муу юм хийх, амь аврах эсвэл хөнөөхийн алийг Амралтын өдөр хийж болох вэ?» гэж хүмүүсээс асуусан ч тэд дуугүй л байлаа.
jy 78 ¶3
Амралтын өдөр хийж болох зүйл юу вэ?
Гэхдээ Есүс тэдний өрөөсгөл бодлыг мэддэг. Тэд амралтын өдөр хийж болохгүй зүйлийн талаар туйлширсан, Библийн үндэсгүй үзэлтэй болсон байв (Египетээс гарсан нь 20:8–10). Есүс өмнө нь бас сайн үйлийнхээ төлөө ийнхүү буруутгагдаж байжээ. Есүс энэ маргаантай асуудлыг нэг тийш болгохын тулд хатангиртсан гартай хүнд «Босоод энд хүрээд ир» гэж хэлсэн (Марк 3:3).
(Марк 3:5) Хатуу сэтгэлтэйд нь ихэд харамссан Есүс ууртайгаар тэднийг тойруулж харснаа «Гараа тэнийлгэ» гэж өнөөх хүнд хэлэв. Тэрээр гараа тэнийлгэхэд эдгэсэн байлаа.
nwtsty Мр 3:5-ын тайлбар
ихэд харамссан ... ууртайгаар: Есүс шашны удирдагчдын хатуу сэтгэлтэйг ажиглаад яасныг зөвхөн Марк тэмдэглэн үлдээсэн (Мт 12:13; Лу 6:10). Есүсийн энэ сэтгэл мэдрэмжийг нүдэнд харагдтал ийн тодорхой дүрслэн бичсэн нь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй Петрээс сонссоных байж болох юм («Марк номтой танилцъя» видео үзнэ үү).
Эрдэнэс хайх нь
(Марк 3:29) Харин агуу хүчийг нь муугаар хэлсэн хэнийг ч, Бурхан хэзээ ч уучлахгүй бөгөөд тэр хүн арилшгүй нүгэл үйлдсэн хэрэг».
nwtsty Мр 3:29-ийн тайлбар
агуу хүчийг нь муугаар хэлсэн: Агуу хүчний эх булаг нь Бурхан учраас үүнийг санаатайгаар эсэргүүцэх эсвэл үр нөлөөг нь үгүйсгэж өөр зүйлд хамааруулах нь Бурхныг доромжилж байна гэсэн үг. Мт 12:24, 28; Мр 3:22-т гардаг шиг иудейн шашны удирдагчид Есүсийг Еховагийн агуу хүчээр гайхамшиг үйлдэж байгааг харсан хэр нь Сатан Диаволын хүч гэсэн.
арилшгүй нүгэл: Санаатайгаар үйлдсэн, үр дагавар нь мөнхөд үргэлжлэх нүглийг хэлсэн бололтой. Ийм нүглийг халхлах тахил байхгүй (Уг зүйлд буй агуу хүчийг нь муугаар хэлсэн гэсэн тайлбарыг үзнэ үү).
(Марк 4:26–29) Есүс яриагаа үргэлжлүүлэн «Бурхны Хаант төрийг үр тарихтай зүйрлэж болох юм. 27 Тариачин шөнө унтаж, өглөө боссоор үр хэрхэн соёолж, томрохыг үл мэднэ. 28 Газар өөрөө тариа будааг аажим аажмаар ургуулдаг. Эхлээд иш, дараа нь түрүү ургаж, тэгээд боловсорсон тариа бий болдог. 29 Тариа боловсормогц тариачин хадуур хүргэнэ. Яагаад гэвэл ургац хураах цаг болжээ» гэлээ.
Та утгыг нь ойлгодог уу?
6 Энэ сургаалт зүйрлэлээс юу сурах вэ? Юуны түрүүнд, суралцагч маань хэр зэрэг хурдан ахиж дэвших нь бидний хүссэнээр болохгүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид тэдний төлөө чадах бүхнээ хийх нь зүйн хэрэг. Гэхдээ баптисм хүрт гэж шавдуулах юм уу дарамталж болохгүй. Бурханд амь амьдралаа зориулах эсэхээ тухайн хүн өөрөө шийдэх эрхтэйг ойлгох нь зүйтэй. Бурхныг сэтгэл зүрхнийхээ угаас хайрладаг болсон хүн л өөрийгөө зориулахаар шийддэг. Ехова зөвхөн тийм хүнийг хүлээж авна (Дуу. 51:12; 54:6; 110:3).
7 Хоёрдугаарт, ажлын маань үр дүн шууд харагдахгүй үед сэтгэлээр унахгүй. Бид тэвчээртэй байх ёстой (Иак. 5:7, 8). Суралцагчдаа чадах ядахаараа тусалсан ч үнэний үр тэр хүний зүрх сэтгэлд ургаагүй бол бидний муугаас болсон гэсэн үг биш юм. Ехова өөрчлөгдөхөд бэлэн даруу хүний дотор л үнэний үрийг ургуулдаг (Мат. 13:23). Тиймээс бид хэдэн хүнд баптисм хүртээсэн гэдгээр ажлынхаа амжилтыг дүгнэх учиргүй. Библи заалгаж байгаа хүмүүс маань хэр ахиж дэвшиж байгаагаар Ехова бидний ажлын амжилтыг тодорхойлдоггүй. Харин биднийг хэр зэрэг үнэнч, хичээл зүтгэлтэй байгааг үнэлдэг (Лук 10:17–20; 1 Коринт 3:8-ыг уншина уу).
8 Гуравдугаарт, хүн дотроо хэр их өөрчлөгдөж байгаа нь бидэнд тэр бүр харагдахгүй. Жишээ авъя. Нэг миссионерээр хичээл заалгадаг эхнэр нөхөр хоёр дэлгэрүүлэгч болохоор шийдсэнээ хэлжээ. Тэгэхэд нь миссионер тамхи татахаа болих хэрэгтэйг сануулсан байна. Гайхалтай нь нөгөө хоёр хэдэн сарын өмнөөс тамхиа хаяснаа хэлэв. Яагаад хаясан юм бол? Нууцаар тамхи татлаа ч Ехова хардгийг, бас хоёр нүүр гаргадаг хүнд дургүй байдгийг ойлгосон гэнэ. Тиймээс миссионерийн дэргэд тамхи татах эсвэл тамхинаас бүрмөсөн гарахын аль нэгийг сонгохоор шийдсэн байна. Тэд Еховаг хайрладаг болсон учраас зөв шийдвэр гаргажээ. Ямар их өөрчлөгдөж байгаа нь миссионерт шууд анзаарагдаагүй ч тэд Еховатай улам дотносож байжээ.
Библиэс унших
(Марк 3:1–19а) Есүс синагогт дахин очжээ. Тэнд хатангир гартай хүн байлаа. 2 Амралтын өдөр тэр хүнийг эдгээх нь үү хэмээн фарисайчууд анхааралтай ажиглаж Есүсийг буруутгах шалтаг хайж байв. 3 Есүс хатангир гартай хүнд «Босоод энд хүрээд ир» гэснээ 4 «Сайн юм эсвэл муу юм хийх, амь аврах эсвэл хөнөөхийн алийг Амралтын өдөр хийж болох вэ?» гэж хүмүүсээс асуусан ч тэд дуугүй л байлаа. 5 Хатуу сэтгэлтэйд нь ихэд харамссан Есүс ууртайгаар тэднийг тойруулж харснаа «Гараа тэнийлгэ» гэж өнөөх хүнд хэлэв. Тэрээр гараа тэнийлгэхэд эдгэсэн байлаа. 6 Тэгэхэд фарисайчууд гарч Херодын талынхантай яаралтай уулзаж Есүсийг алахаар хуйвалджээ. 7 Харин Есүс шавь нартайгаа хамт нуур луу явав. Галил, Иудейгээс ирсэн олон хүн түүнийг дагажээ. 8 Бүр Иерусалим, Идумайгаас, Иорданы зүүнтээгээс, Тир болон Сидоны хавиас олон хүн ирсэн нь олон үйл хэргийнх нь талаар сонссоных ажээ. 9 Есүс хүмүүст бүчүүлэхгүйн тулд жижиг завь бэлэн байлгахыг шавь нартаа захилаа. 10 Тэрээр олон хүнийг эдгээсэн учир хүнд өвчтэй хүмүүс гараа хүргэх гэж түүн рүү тэмүүлж байв. 11 Чөтгөрүүд хүртэл Есүсийг харахаараа сөхрөн унаж, «Та бол Бурхны Хүү» гэж хашхирч байлаа. 12 Харин Есүс өөрийнх нь талаар ярихгүй байхыг тэдэнд хатуу анхааруулж байв. 13 Есүс ууланд гараад, ирүүлье гэж бодсон хэдэн шавиа дуудан ирүүлжээ. 14 Тэгээд 12 хүнийг томилж, элч гэж нэрлэв. Тэд Есүсийг дагаж яван сайн мэдээ тунхаглах бөгөөд 15 чөтгөрийг ч хөөх эрх мэдэлтэй болох ажээ. 16 Сонгосон 12 хүнийг дурдвал, Петр гэж Есүсийн нэрлэсэн Симон, 17 Зэбэдейн хоёр хүү Яаков, Ёохан (Есүс тэдэнд “Аянгын хөвгүүд” гэсэн утгатай Боанергес гэдэг нэр өгсөн билээ), 18 Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Яаков, Тадай, хичээл зүтгэлт Симон, 19 хожим Есүсээс урвасан Искариот Юудас юм.
БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
(Марк 4:9) «Сонсох чихтэй нь сонсог» гэж нэмж хэллээ.
nwtsty Мр 4:9-ийн тайлбар
Сонсох чихтэй нь сонсог: Есүс тариачны тухай жишээ хэлэхийн өмнө «Сонсоцгоо» гэж хэлсэн (Мр 4:3). Жишээнийхээ төгсгөлд ийнхүү захиснаараа өөрийнх нь зөвлөгөөг анхааралтай сонсох нь шавь нарт хэчнээн чухал болохыг онцолжээ. Төстэй захиасыг Мт 11:15; 13:9, 43; Мр 4:23; Лу 8:8; 14:35; Ил 2:7, 11, 17, 29; 3:6, 13, 22; 13:9-өөс унших боломжтой.
4 САРЫН 30—5 САРЫН 6
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАРК 5, 6
«Нас барсан хайртай хүнийг тань Есүс амилуулах хүчтэй»
(Марк 5:38) Синагогийн ахлагчийнд Есүс ирээд, чангаар уйлж, гашуудаж байгаа хүмүүсийг харав.
(Марк 5:39–41) Дотогш ороод тэдэнд «Та нар яагаад гашуудаж уйлалдана вэ? Хүүхэд үхээгүй, унтаж байна» гэхэд 40 хүмүүс түүнийг дооглон инээв. Харин Есүс бүх хүнийг гаргаад хүүхдийн эцэг эхийг болон шавь нараа дагуулан хүүхдийн өрөөнд оржээ. 41 Тэгээд охины гараас бариад «Талита күми» гэж хэлэв. Энэ нь «Бяцхан охин минь, бос!» гэсэн утгатай.
nwtsty Мр 5:39-ийн тайлбар
үхээгүй, унтаж байна: Библид үхлийг ер нь унтахтай зүйрлэдэг (Ду 13:3; Ёох 11:11–14; Үй 7:60; 1 Ко 7:39; 15:51; 1 Те 4:13). Есүс тэр охиныг амилуулах гэж байсан. Бөх гэгч унтаж буй хүмүүсийг сэрээхтэй адилаар нас барсан хүмүүсийг амилуулах боломжтойг үзүүлэх гэж байсан учраас ийнхүү хэлсэн бололтой. Есүс тэр охиныг амилуулахдаа «үхсэнийг амилуулдаг, байхгүйг ч байгаа хэмээдэг» Эцгээсээ хүч авсан (Ро 4:17).
(Марк 5:42) Тэр даруй охин босоод явж эхлэв. (Охин 12 настай байжээ.) Тэгэхэд эцэг эх нь магнайгаа хагартал баярлажээ.
jy 118 ¶6
Охин амилсан нь
Өмнө нь, Есүс хүмүүсийг эдгээснийхээ дараа бусдад битгий хэл гэж тэдэнд захидаг байлаа. Энэ удаа ч охины эцэг эхэд тийнхүү захисан. Гэхдээ эцэг эх болон бусад хүн баярласандаа энэ тухай «ойр хавийн бүх нутгаар» хэлж тараасан (Матай 9:26). Та бас нас барсан хайртай хүнээ амилахыг харсан бол сэтгэл тань хөдөлж энэ тухай ярихгүй гэж үү? Есүс гайхамшгаар хүнийг амилуулсан тухай Библид тэмдэглэж үлдээсэн байдгийн хоёр дахь нь энэ охиныг амилуулсан үйл явдал юм.
Эрдэнэс хайх нь
(Марк 5:19, 20) Есүс зөвшөөрсөнгүй. Харин түүнд «Гэртээ хариад таны төлөө Еховагийн хийсэн бүхнийг, таныг хэрхэн энэрснийг хамаатнууддаа ярь» гэлээ. 20 Өнөөх хүн явж, өөрийнх нь төлөө Есүсийн хийсэн бүхнийг Декаполд тунхаглахад бүх хүн гайхав.
nwtsty Мр 5:19-ийн тайлбар
хамаатнууддаа ярь: Есүс өөрийнх нь үйлдсэн гайхамшгийн тухай олон нийтэд мэдэгдэхийг хорьдог байсан ч (Мр 1:44; 3:12; 7:36) энэ хүнд хамаатнууддаа ярь гэж захисан. Энэ нь Есүс тэр нутгийн хүмүүст дэлгэрүүлэх боломжгүй болсных байж болох юм. Учир нь тэндхийн хүмүүс Есүсийг нутгаасаа явуулахыг хүссэн. Бас сүрэг гахайны тухай таагүй яриаг намжаахад тус болох байв.
(Марк 6:11) Тэр нутгийнхан та нарыг хүлээж авахгүй юм уу үгийг чинь сонсохгүй байвал гарч явахдаа бурууг нь гэрчлэн хөлөө сэгсэрч тоосыг нь гөв» гэж бас хэлжээ.
nwtsty Мр 6:11-ийн тайлбар
хөлөө сэгсэрч тоосыг нь гөв: Энэ нь хүмүүсийг Бурхны өмнө хариуцлага хүлээхэд Есүсийн шавь нар буруугүй гэдгийг илэрхийлдэг Мт 10:14; Лу 9:5-д төстэй үгээр бичсэн байдаг. Марк болон Лук хүмүүсийнх нь бурууг гэрчлэн гэсэн үгийг нэмсэн. Паул Барнаб хоёр Писидийн Антиокт энэ зарчмыг хэрэгжүүлсэн (Үй 13:51) бөгөөд хожим нь Паул Коринт хотод гадуур хувцсаа гөвөөд «Та нар өөрсдөөсөө болж үхэх ялд унаж байна. Би буруугүй» хэмээн хэлсэн байдаг (Үй 18:6). Шавь нар гөв гэдэг үг ямар утгатайг мэддэг байсан бололтой. Шүтлэгтэй иудейчүүд харь үндэстний нутгаар аялж ирээд Иудейн нутаг дэвсгэрт хөл тавихынхаа өмнө шаахайгаа тайлж тоосыг нь гөвдгөө харь үндэстний цэвэр бус тоосноос салж байна гэж үздэг байжээ. Гэхдээ Есүс дээрх зааврыг шавь нартаа өгөхдөө ийм санаагаар өгөөгүй нь тодорхой.
Библиэс унших
(Марк 6:1–13) Есүс дагалдагчидтайгаа хамт тэндээс явж, нутагтаа ирэв. 2 Амралтын өдөр Есүс синагогт очиж, сургаал айлдахад сонсож байсан хүмүүсийн олонх нь гайхаж «Энэ хүн үүнийг хаанаас сурсан юм бол? Яаж ийм мэргэн ухаантай болов оо? Яаж ийм гайхамшиг үйлддэг болсон юм бол? 3 Энэ хүн чинь мужаан биш билүү? Эх нь Мариа, дүү нар нь Яаков, Иосеф, Юудас, Симон мөн биз дээ? Охин дүү нар нь энд байдаг биз дээ?» гэлцэн түүнээс болж бүдрэв. 4 Харин Есүс тэдэнд «Зөнч нутаг ус, гэр орноосоо өөр газар, төрөл садангийнхнаасаа өөр хүмүүсийн дунд хүндлэгддэг» гэж хэлэв. 5 Иймээс олон гайхамшиг үйлдсэнгүй. Өвчтэй хэдхэн хүн дээр л гараа тавин эдгээжээ. 6 Хүмүүс итгэхгүй байгааг хараад Есүс гайхаж байлаа. Тэгээд сургаал заахаар ойр хавийн тосгодоор явлаа. 7 Есүс 12 элчээ дуудаж, чөтгөрүүдийг захирах эрх мэдэл өгөөд хоёр хоёроор нь явуулж эхлэв. 8 Замд гарахдаа талх, хоол хийх уут, мөнгө авалгүй таягаа бариад л 9 өмссөн гутал, хувцастайгаа явахыг захижээ. 10 Есүс: «Хаана ч очсон, нэг айлд буугаад явтлаа тэндээ бай. 11 Тэр нутгийнхан та нарыг хүлээж авахгүй юм уу үгийг чинь сонсохгүй байвал гарч явахдаа бурууг нь гэрчлэн хөлөө сэгсэрч тоосыг нь гөв» гэж бас хэлжээ. 12 Тэгээд элчүүд замд гарч, гэмших хэрэгтэйг хүмүүст тунхаглав. 13 Бас олон чөтгөрийг хөөж, өвчтэй олон хүнд тос түрхэж, эдгээжээ.