Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүмх18 6 сар х. 1-10
  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
  • «Амьдрал, үйл эрэг цуглаанаар үзэх материал»–ын хавсралт—2018
  • Дэд гарчгууд
  • 6 САРЫН 4–10
  • 6 САРЫН 11–17
  • 6 САРЫН 18–24
  • 6 САРЫН 25—7 САРЫН 1
«Амьдрал, үйл эрэг цуглаанаар үзэх материал»–ын хавсралт—2018
цүмх18 6 сар х. 1-10

«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт

6 САРЫН 4–10

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАРК 15, 16

«Есүс дээр биелсэн зөгнөлүүд»

(Марк 15:3–5) Ахлах тахилчид Есүсийг буруутгаж олон хэрэг тулгаж байсан учир 4 Пилат: «Танд хэлэх юм алга уу? Танд ямар олон хэрэг тулгаж байгааг сонсохгүй байна уу?» гэж дахин асуухад 5 Есүс юу ч хэлсэнгүй. Пилат ихэд гайхжээ.

(Марк 15:24) Тэд Есүсийг шонд хадчихаад хэн нь юу авахаа шийдэх гэж шодож байгаад гадуур хувцсыг нь хувааж авлаа.

(Марк 15:29, 30) Хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс толгой сэгсрэн Есүсийг доромжилж «Хөөе, сүмийг нурааж гурван өдрийн дотор барьдаг хүн гуай, 30 тарчлаах шонгоосоо бууж өөрийгөө авраач» гэж байлаа.

nwtsty Мр 15:24, 29-ийн тайлбар

гадуур хувцсыг нь хувааж авлаа: Матай, Марк, Лукийн тэмдэглээгүй дэлгэрэнгүй мэдээллийг Ёох 19:23, 24-т тэмдэглэсэн байдаг. Ромын цэргүүд гадуур дотуур хувцасны аль алиных нь төлөө шодсон нь дамжиггүй. Цэргүүд «гадуур хувцсыг нь дөрөв хувааж хүн бүр авчээ». Тэд дотуур хувцсыг нь урахыг хүсээгүй учраас шодоод хэн нь авахаа шийдсэн. Ийнхүү Мессиагийн хувцасны төлөө шодсон нь Ду 22:18-д байдаг зөгнөлийг биелүүлсэн хэрэг байв. Цаазын ял гүйцэтгэгчид цаазаар авхуулж буй хүний хувцсыг авах нь түгээмэл байсан биз ээ. Хувцсыг нь тайлж, эд зүйлийг нь авдаг байсан учраас шийтгүүлж байгаа хүнд илүү шившигтэй байсан.

толгой сэгсрэн: Энэ дохио зангаа, үг хэллэгээр ер нь тохуурхах, басамжлах, дооглох гэсэн санаа илэрхийлдэг. Хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс өөрийн мэдэлгүй Ду 22:7-д байдаг зөгнөлийг биелүүлсэн.

(Марк 15:43) Ариматын Иосеф зориг гарган Пилатад бараалхаж, Есүсийн шарилыг гуйжээ. Иосеф бол Зөвлөлийн нэр хүндтэй гишүүн бөгөөд Бурхны Хаант төрийг хүлээдэг хүн байв.

(Марк 15:46) Иосеф сайн чанарын даавуу худалдаж аваад Есүсийн шарилыг буулган, тэр даавуундаа ороогоод хад ухаж хийсэн булшинд тавьж амыг нь чулуугаар таглав.

nwtsty Мр 15:43-ын тайлбар

Иосеф: Иосефын талаар бичсэн янз бүрийн мэдээллээс Сайн мэдээ бичсэн хүмүүсийн онцлог тодорхой харагддаг. Татвар хураагч Матай түүнийг «баян хүн» гэж бичсэн. Ромын уншигчдыг голдуу бодож бичсэн Марк түүнийг «Зөвлөлийн нэр хүндтэй гишүүн бөгөөд Бурхны Хаант төрийг хүлээдэг хүн» гэж хэлсэн. Өрөвч сэтгэлтэй эмч Лук түүний талаар Есүсийн эсрэг хуйвалдсан Зөвлөлийн бусад гишүүний үйлдлийг дэмжээгүй «шударга, сайн хүн» гэж бичжээ. Зөвхөн Ёохан түүнийг «иудейчүүдээс айгаад Есүсийн шавь гэдгээ нуудаг» хүн гэж тэмдэглэсэн (Мт 27:57–60; Мр 15:43–46; Лу 23:50–53; Ёох 19:38–42).

Эрдэнэс хайх нь

(Марк 15:25) Есүсийг шонд хадахад гуравдугаар цаг болж байлаа.

nwtsty Мр 15:25-ын тайлбар

гуравдугаар цаг: Өглөөний 9 цагийн орчим. Зарим хүн үүнийг Ёох 19:14–16-д тэмдэглэснээс зөрж байна гэдэг. Уг зүйлд Пилат, Есүсийг шонд хадуулахаар өгсөн цаг нь «зургаадугаар цагийн орчим байлаа» гэж байдаг. Яагаад ийм ялгаатай байгааг Библид тайлбарлаагүй ч авч үзэх хэрэгтэй хэдэн хүчин зүйл бий. Есүсийн дэлхий дэх амьдралын сүүлчийн өдөр хэдэн цагийн үед ямар үйл явдал болсныг Сайн мэдээний дөрвөн номонд ерөнхийдөө адилхан бичсэн байдаг. Дөрвүүлэнд нь, тахилчид болон ахлагчид үүр цайсны дараа уулзаад Есүсийг Ромын захирагч Понти Пилат руу хүргэснийг тэмдэглэсэн (Мт 27:1, 2; Мр 15:1; Лу 22:66—23:1; Ёох 18:28). Есүсийг шонд хадуулчихаад байтал «зургаадугаар цагаас есдүгээр цагийн хооронд» тэр нутаг даяар харанхуй болсон гэж Матай Марк Лук гурвуулаа бичжээ (Мт 27:45, 46; Мр 15:33, 34; Лу 23:44). Есүсийг цаазлах үйл явц хэдэн цагт эхэлсэн тухайд дараах хүчин зүйл нөлөөлсөн байж болох юм: Зарим хүн ташуурдахыг цаазын ялын нэг хэсэг гэж үзсэн. Ташуурдах шийтгэл туйлын харгис тул зарим ялтан ташуурдуулж байхдаа амиа алддаг байв. Есүсийг хайр найргүй ташуурдсан учир үүрч явсан шонг нь өөр хүн үүрэхэд хүрчээ (Лу 23: 26; Ёох 19:17). Хэрвээ цаазлах үйл явцыг ташуурдахаас эхэлсэн гэж үзвэл Есүсийг шонд хадах хүртэл тодорхой хугацаа өнгөрсөн байж таарна. Мт 27:26 болон Мр 15:15 энэ санааг дэмжиж, ташуурдах, шонд хадахыг нэг дор бичсэн байдаг. Тиймээс цаазлах үйл явц хэзээ эхэлсэн гэж үзэхээс шалтгаалаад өөр өөр цаг бичсэн бололтой. Үүнийг бодож үзвэл, Есүсийг шонд хадуулаад удалгүй нас барсанд Пилат яагаад их гайхсаныг мэдэж болох юм (Мр 15:44). Түүнээс гадна тэр үед хүмүүс цагийг яаж тооцдог байсныг мэдэх нь чухал. Манай эриний нэгдүгээр зуунд иудейчүүд өдрийн цагийг нар мандахаас (өглөөний 6 цагийн орчим) эхлэн тооцож, 12 цагт хуваадаг байжээ. Тэгэхлээр, «гуравдугаар цаг» нь өглөөний наймаас есөн цагийн хооронд үргэлжилдэг, «зургадугаар цаг» нь үдийн алдад дуусдаг байсан гэсэн үг. Нар жилийн туршид өөр өөр цагт мандаж, жаргадаг тул улирлаасаа хамаараад өдрийн үргэлжлэх хугацаа ч харилцан адилгүй байсан. Тиймээс цагийг баримжаагаар тооцдог байжээ. Библийг бичигчид шөнийг дөрөв хуваан үечилдэг шигээ өдрийг гурав гурван цагаар дөрөв хуваадаг заншлаар цагийг бичих нь олонтоо. Иймээс Грек Сударт үйл явдал гурав, зургаа, есдүгээр цагийн орчимд болж байгаагаар бичсэн нь барагцаалж хэлсэн хэрэг (Мт 20:1–5; Ёох 4:6; Үй 2:15; 3:1; 10:3, 9, 30). Түүнчлэн, хүмүүс ер нь цаг тоолох хэрэгсэлгүй байсан учраас цагийг Ёох 19:14-т бичсэнээр «орчим» гэх зэрэг үгээр илэрхийлэх нь их байжээ (Мт 27:46; Ёох 4:6; Үй 10:3, 9). Дүгнэхэд: Цаазлах үйл явцад Ёохан зөвхөн шонд хадахыг хамааруулсан байхад Марк ташуурдах, шонд хадахын аль алийг нь хамааруулсан байж болох юм. Хоёр бичигч хоёулаа цаг бичихдээ гурван цагийн үечлэлийн аль ойрхон цагаар баримжаалан бичсэн болов уу. Мөн Ёохан цагийг «орчим» гэсэн тодотголтой бичсэн байдаг. Эдгээр хүчин зүйлээс болоод уг үйл явдал болсон цагийг өөр өөрөөр дурдсан байж болох юм. Эцэст нь хэлэхэд, Маркийн бичсэнээс хэдэн арван жилийн дараа Ёохан өөр цаг бичсэн мэт санагдаж болох ч энэ нь Маркийн бичсэнийг зүгээр нэг хуулаагүйн баталгаа юм.

(Марк 16:8) Тэгэхэд айж гайхсан эмэгтэйчүүд булшнаас гарч гүйв. Тэд айсан учир хэнд ч юу ч хэлсэнгүй.

nwtsty Мр 16:8-ын тайлбар

Тэд айсан учир хэнд ч юу ч хэлсэнгүй: Одоо байгаа, хамгийн эртний гар бичмэлүүдэд Марк ном 8-р зүйлээр төгсдөг. Зарим хүн, ингэж гэнэт төгсөх нь хачин жигтэй учраас эх бичиг энэ зүйлээр төгсөөгүй гэж мэтгэдэг. Гэхдээ Марк ер нь товч бичдэгийг бодвол тэгж үзэх аргагүй. Мөн IV зууны эрдэмтэн Жером Евсев нар эх бичгийг «Тэд айсан учир хэнд ч юу ч хэлсэнгүй» гэсэн үгээр төгсдөг гэжээ.

Олон грек гар бичмэл болон орчуулгад 8-р зүйлийн ард урт юм уу богино хэлбэрт төгсгөл нэмсэн байдаг. Урт нь (12 нэмэлт зүйлтэй) МЭ V зуунд бичигдсэн Александрын кодекс, Ефраим Сирийн дахин бичсэн кодекс, Безаи Кембрижийн кодекс дээр байдаг. Бас латин хэлээрх «Вулгата», сири хэлээрх Кьюртоны гар бичмэл, сири хэлээрх «Пешитта»-д байдаг. Гэхдээ энэхүү урт хэлбэрт төгсгөл нь IV зууны эхээр бичигдсэн грек гар бичмэл болох Синаин кодекс болон Ватикан кодекст, мөн IV юм уу V зуунд бичигдсэн сири хэлээрх Синаин кодекст, бас V зуунд бичигдсэн хамгийн эртний Сахидын копт хэлээрх Марк номны гар бичмэлд байдаггүй. Түүнчлэн, армен болон гүрж хэлээрх хамгийн эртний гар бичмэлүүд 8-р зүйлээр төгсдөг.

Хожим нь зарим грек гар бичмэл болон орчуулгад богино хэлбэрт төгсгөлийг (хэдхэн өгүүлбэртэй) оруулсан байдаг. МЭ VIII зууны Региус кодекс дээр хоёуланг нь оруулж, богино хэлбэрт төгсгөлийг эхэнд нь бичсэн байдаг. Тэд уг кодекст урт, богино хэлбэрт төгсгөл тус бүрийн өмнө, эдгээрийг хэсэг бүлэг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн гэсэн тайлбар бичсэн ч аль алиныг нь найдвартай гэж үзээгүй.

БОГИНО ХЭЛБЭРТ ТӨГСГӨЛ

Мр 16:8-ын ард гардаг богино хэлбэрт төгсгөл нь агуу хүчээр удирдуулан бичсэн Библийн хэсэг биш. Дараах маягаар бичсэн байдаг:

Гэвч тэд сонссон бүх тушаалыг Петрийн эргэн тойронд байсан хүмүүст товч хэлсэн. Эдгээр явдлаас хойш Есүс өөрөө энэ хүмүүсээр дамжуулан үүрдийн авралын талаарх ариун бөгөөд ялзаршгүй тунхгийг дорноос өрнө хүртэл хүргүүлсэн.

УРТ ХЭЛБЭРТ ТӨГСГӨЛ

Мр 16:8-ын ард гардаг урт хэлбэрт төгсгөл нь агуу хүчээр удирдуулан бичсэн Библийн хэсэг биш. Дараах маягаар бичсэн байдаг:

9 Долоо хоногийн эхний өдөр Тэр эрт амилаад, эхлээд Магдалын Мариад үзэгджээ. (Есүс Мариад шүглэсэн долоон чөтгөрийг зайлуулсан юм). 10 Тэр эмэгтэй явж, Есүстэй урьд нь хамт байсан хүмүүсийг гашуудан уйлж байхад нь тэдэнд мэдэгдэв. 11 Тэд Есүсийн амьд гэдгийг, мөн Мариад үзэгдсэн гэдгийг сонсоод итгэхээс татгалзав. 12 Үүний дараа тэдний хоёр нь хөдөө явж байтал замд нь Есүс Өөрийгөө өөр дүрээр тэдэнд үзүүлэв. 13 Тэд явж, үүнийг бусаддаа мэдэгджээ. Гэвч тэд тэр хоёрт бас итгэсэнгүй. 14 Дараа нь, арван нэгэн шавь нар нь тухлан сууж байхад нь Есүс тэдэнд үзэгдлээ. Тэрээр тэдний итгэлгүйг, хатуу зүрхтэйг зэмлэв. Учир нь Түүнийг амилсных нь дараа харсан хүмүүст тэд итгээгүй юм. 15 Есүс тэдэнд «Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун. 16 Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй хүн нь яллагдах болно. 17 Итгэгчдэд энэ тэмдгүүд дагалдана. Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж, шинэ хэлээр ярина. 18 Тэд могойг барина. Тэд үхүүлэх ямар ч юм уусан, тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтэй хүн дээр тэд гараа тавивал эдгэнэ» гэж айлдлаа.

19 Ингээд Эзэн Есүс тэдэнд айлдсаны дараа тэнгэр өөд авагдаж, Бурханы баруун гарт залрав. 20 Тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн тэдэнтэй хамт ажиллаж, үгийг дагалдах тэмдгүүдээр баталж өгчээ. Амен.

Библиэс унших

(Марк 15:1–15) Үүр цаймагц ахлах тахилчид, ард олны ахлагчид, хуулийн багш нар болон Иудейн дээд шүүхийнхэн бүгдээрээ хэлэлцээд Есүсийг хүлж авч яван Пилатад тушаажээ. 2 Пилат түүнээс «Та иудейчүүдийн Хаан юм уу?» гэж асуухад Есүс: «Та өөрөө ч хэлж байна» гэж хариулав. 3 Ахлах тахилчид Есүсийг буруутгаж олон хэрэг тулгаж байсан учир 4 Пилат: «Танд хэлэх юм алга уу? Танд ямар олон хэрэг тулгаж байгааг сонсохгүй байна уу?» гэж дахин асуухад 5 Есүс юу ч хэлсэнгүй. Пилат ихэд гайхжээ. 6 Пилат баяраар ард олны хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг заншилтай байлаа. 7 Бослого гаргаж, хүний амь хөнөөсний улмаас шоронд хоригдож байсан этгээдүүдийн дунд Бараб гэгч эр байв. 8 Хүмүүс Пилат руу очиж, заншсан ёсоороо нэг хоригдол суллаж өгөхийг хүсжээ. 9 Пилат тэднээс «Та нар Хаанаа суллуулмаар байна уу?» гэж асуулаа. 10 Яагаад гэвэл ахлах тахилчид Есүст атаархсандаа барьж өгснийг Пилат мэдэж байлаа. 11 Харин ахлах тахилчид Есүсийн оронд Барабыг сулла гэж гуйлгахаар ард олныг ятгав. 12 Пилат: «Тэгвэл иудейчүүдийн Хаан гэж та нарын хэлдэг энэ хүнийг би яах болж байна вэ?» гэхэд 13 хүмүүс: «Шонд хад!» гэж хашхиралдлаа. 14 Тэгэхэд Пилат: «Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ?» гэхэд хүмүүс: «Шонд хад!» гэж улам чанга хашхирч байлаа. 15 Пилат ард олны сэтгэлд нийцүүлэн Барабыг суллав. Харин Есүсийг ташуурдуулаад шонд хадуулахаар өгчээ.

6 САРЫН 11–17

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛУК 1

«Мариагийн даруу занг дуурайгтун»

(Лук 1:38) Тэгэхэд Мариа: «Би бол Еховагийн зарц охин билээ! Таны хэлснээр болог» гэхэд тэнгэрийн элч түүнийг орхин одов.

иж х. 149 д/м 12

«Би бол Еховагийн зарц охин билээ!»

12 Хэчнээн даруу, дуулгавартай байсан нь хэлсэн үгнээс нь илэрхий. Түүний хэрхэн хариулсныг мэддэг хүн өнөөдөр ч олон. Мариа: «Би бол Еховагийн зарц охин билээ! Таны хэлснээр болог» гэдэг (Лук 1:38). Зарц охин гэдэг нь бусад үйлчлэгчдийн хамгийн дорд нь бөгөөд амь амьдрал нь эзнийх нь мэдэлд байдаг хүнийг хэлдэг. Мариа ийм л даруу хүн бөгөөд Эзэн Еховадаа бат итгэж найддаг байжээ. Еховагийн хамгаалалтад байгаа цагт айх юм байхгүйг, үнэнч хүнд Ехова үнэнч ханддагийг Мариа мэдэж байв. Бас амаргүй даалгавар оногдсон ч чадах бүхнээ хийвэл ивээнэ гэдгийг нь мэдэж байлаа (Дуу. 18:25).

(Лук 1:46–55) Мариа: «Би Еховаг магтан алдаршуулна. 47 Аврагч Бурхандаа баярлахгүй байхын аргагүй. 48 Зарц охин, дорд намайг харжээ. Үүнээс хойш бүх хүн намайг ивээл хүртсэн гэх болно. 49 Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв. Түүний нэр ариун билээ. 50 Өөрөөс нь эмээдэг хүмүүсийг тэрээр үеийн үед өршөөдөг. 51 Хүчит мутраараа энэ бүхнийг хийдэг. Бардам хүмүүсийг хөөдөг. 52 Эрх мэдэлтнүүдийг сэнтийнээс буулгаж, дорд хүмүүсийг өргөмжилдөг. 53 Өлссөн хүмүүсийг сайхан юмаар цатгаж, баячуудыг гар хоосон буцаадаг. 54 Амлалтаа санадгаа батлан зарц Израйлдаа тусалсан. 55 Өвөг дээдэст маань амласнаараа Абрахам болон үр удмыг нь үүрд мөнхөд энэрдэг» хэмээв.

иж х. 150, 151 д/м 15, 16

«Би бол Еховагийн зарц охин билээ!»

15 Мариа хариуд нь юу гэж хэлснийг Бурхны Үгэнд тэмдэглэн үлдээжээ (Лук 1:46–55-ыг уншина). Мариагийн хэлж ярьсныг Библид тэмдэглэснээс хамгийн урт нь энэ зүйлүүдэд байдаг. Хэлсэн үгнээс нь түүний тухай ихийг мэдэж болно. Мессиаг төрүүлэх завшаан олгосон Еховаг магтан алдаршуулсан нь талархах сэтгэлтэй хүн гэдгийг нь харуулдаг. Ехова бардам хүмүүс болон эрх мэдэлтнүүдийг дорд болгодог бөгөөд өөрт нь үйлчлэхийг хүсдэг дорой, ядуу хүмүүст тусалдаг хэмээсэн нь бат итгэлтэйг нь нотолдог. Бас Мариа Судрыг сайн мэддэг байжээ. Нэг тооцоогоор, тэрээр Еврей Судраас 20 гаруй удаа эш татжээ!

16 Мариа Бурхны Үгийг сайтар эргэцүүлж боддог байсан нь илэрхий. Бас өөрийнхөө үгээр ярихыг бус, Судраас эш татахыг эрхэмлэдэг даруу хүн байжээ. Мариагийн хүү ч тийм хүн болох байв. Хожим нь хүү нь: «Би өөрийнхөө биш, намайг илгээсэн нэгний сургаалыг заадаг» гэж хэлсэн билээ (Ёох. 7:16). Бид дор бүрнээ «Би Бурхны Үгийг Мариа шиг эрхэмлэж хүндэлдэг үү? Эсвэл өөрийнхөө ойлголт, үзэл бодлыг илүү чухалчилдаг уу?» гэж бодох нь зүйтэй. Мариа үргэлж зөв үзэлтэй байжээ.

Эрдэнэс хайх нь

(Лук 1:69) Зарц Давидынхаа удмаас хүчирхэг аврагчийг гаргаж бидэнд өгсөн.

nwtsty Лу 1:69-ийн тайлбар

хүчирхэг аврагчийг: Үгч., «авралын эврийг». Библид амьтны эврийг хүч, ялалт гэсэн утгаар их хэрэглэдэг (1Са 2:1; Ду 75:4, 5, 10; 148:14). Мөн сайн муу захирагчид болон захирагчдын угсааг эврээр бэлгэддэг бөгөөд шинэ газрыг эзэлснийг нь эврээр мөргөхтэй зүйрлэдэг (Ху 33:17; Да 7:24; 8:2–10, 20–24). Энэ хам сэдэвт «хүчирхэг аврагч» гэдгээр аврах хүч чадалтай Мессиаг хэлсэн.

(Лук 1:76) Харин хүү минь чи Хамгийн дээд Бурхны зөнч гэгдэнэ. Учир нь чи Еховагийн өмнө явж, замыг нь бэлдэнэ.

nwtsty Лу 1:76-гийн тайлбар

Еховагийн: Энэ зүйлийн сүүлийн хэсэгт буй Зехариагийн зөгнөл Ис 40:3 болон Мал 3:1-тэй төстэй найруулгатай. Эдгээр зүйлийг еврей эх бичгээс үзвэл дөрвөн еврей гийгүүлэгчээр (галиг нь ЙХВХ) бичсэн Бурхны нэр байдаг. Одоо байгаа грек гар бичмэлүүдэд Эзэн (Кириос) гэж бичсэн ч Еврей Судрын хам сэдвийг үзвэл үндсэн бичвэрт Бурхны нэр байсныг мэдэж болно. Түүнээс гадна, Лук 1-р бүлэгт гардаг бусад Кириостой адилаар энэ зүйлд гардаг Кириосын өмнө тухайлах ялгац гишүүн тавиагүйг анхаарууштай. Дүрмийн хувьд Кириосын өмнө тухайлах ялгац гишүүн тавих ёстой ч тавиагүйг бодоход анх оронд нь оноосон нэр байсан нь дамжиггүй. Түүнчлэн, Библийн олон орчуулгын үндсэн бичвэр юм уу зүүлтэд Ехова (Jehovah), Яхве (Yahveh, Yahweh), יהוה (ЙХВХ буюу Тетраграмматон), ЭЗЭН (LORD, ADONAI) гэж бичээд нэмэлт тайлбар хэсэгт, энэ нь Ехова Бурхныг зааж байна гэж тэмдэглэсэн. Судалгааны олон зохиол бүтээл энэ санааг дэмждэг.

чи Еховагийн өмнө явж: Баптисм хүртээгч Ёохан «Еховагийн өмнө явна» гэдэг нь Эцгээ төлөөлөн, Эцгийнхээ нэрээр ирэх Есүсийн өмнө явна гэсэн утгатай (Ёох 5:43; 8:29).

Библиэс унших

(Лук 1:46–66) Мариа: «Би Еховаг магтан алдаршуулна. 47 Аврагч Бурхандаа баярлахгүй байхын аргагүй. 48 Зарц охин, дорд намайг харжээ. Үүнээс хойш бүх хүн намайг ивээл хүртсэн гэх болно. 49 Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв. Түүний нэр ариун билээ. 50 Өөрөөс нь эмээдэг хүмүүсийг тэрээр үеийн үед өршөөдөг. 51 Хүчит мутраараа энэ бүхнийг хийдэг. Бардам хүмүүсийг хөөдөг. 52 Эрх мэдэлтнүүдийг сэнтийнээс буулгаж, дорд хүмүүсийг өргөмжилдөг. 53 Өлссөн хүмүүсийг сайхан юмаар цатгаж, баячуудыг гар хоосон буцаадаг. 54 Амлалтаа санадгаа батлан зарц Израйлдаа тусалсан. 55 Өвөг дээдэст маань амласнаараа Абрахам болон үр удмыг нь үүрд мөнхөд энэрдэг» хэмээв. 56 Мариа Елизабеттай хамт 3 орчим сар байгаад гэртээ харилаа. 57 Елизабетын амаржих цаг болж хүү төрүүлэв. 58 Ехова Елизабетыг ингэж их энэрснийг хөршүүд болон хамаатнууд нь дуулаад түүнтэй хамт баяр хөөр болцгоов. 59 Найм дахь өдөр нь тэд бяцхан хүүгийн хөвчийг таслахаар ирж эцгийнх нь нэрээр Зехариа гэж нэрлэх гэхэд 60 эх нь «Үгүй ээ, Ёохан гэж нэрлэнэ» гэв. 61 Тэд: «Танай хамаатнуудын дунд ийм нэртэй хүн байхгүй шүү дээ» гээд 62 хүүдээ хэн гэж нэр өгмөөр байгааг эцгээс нь дохиж занган асуув. 63 Тэгэхэд Зехариа модон самбар аваад «Ёохан гэж нэрлэнэ» хэмээн бичихэд бүгдээрээ гайхжээ. 64 Зехариа тэр даруй ярьдаг болж Бурхныг алдаршуулж эхлэв. 65 Ойр хавийнх нь бүх хүн айдаст автаж, энэ явдлын талаар Иудейн уулархаг нутаг даяар ярих болжээ. 66 Энэ тухай сонссон бүх хүн «Энэ хүүхэд ямар хүн болох бол?» гэж дотроо бодож байлаа. Учир нь Ехова түүнтэй хамт байв.

6 САРЫН 18–24

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛУК 2, 3

«Хүүхэд залуус та нар Еховатай улам дотносож байна уу?»

(Лук 2:41, 42) Эцэг эх нь жил бүр Дээгүүр өнгөрөх баяраар Иерусалим руу явж заншсан ажээ. 42 Есүсийг 12 настай байхад тэд заншсан ёсоороо баяр тэмдэглэхээр явав.

nwtsty Лук 2:41-ийн тайлбар

Эцэг эх нь ... заншсан: Мосегийн хуульд эмэгтэй хүнийг Дээгүүр өнгөрөх баярт очих ёстой гэж бичээгүй. Гэхдээ Мариа Иосефыг жил бүрийн баяраар Иерусалим руу явахад дагаж заншсан байв (Ег 23:17; 34:23). Бүл нэмж байсан ч жил бүр хүүхдүүдээ дагуулан хоёр талдаа 300 километрийн аян замд гардаг байжээ.

(Лук 2:46, 47) Гурван өдрийн дараа Есүсийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, тэднээс асууж байхад нь олжээ. 47 Есүсийг сонссон бүх хүн түүний сайн ойлгодгийг, сайн хариулдгийг гайхан биширч байлаа.

nwtsty Лук 2:46, 47-гийн тайлбар

тэднээс асууж: Есүс зүгээр л сониуч зандаа хөтлөгдөн асуугаагүйг сонсож байсан хүмүүсийн байдлаас мэдэж болно (Лу 2:47). «Асууж» гэж орчуулсан грек үг нь заримдаа байцааж асуух юм уу ухаж асуух гэсэн утга илэрхийлдэг (Мт 27:11; Мр 14:60, 61; 15:2, 4; Үй 5:27). Шашны зарим гол удирдагч баярын дараа сүмд үлдэж, зай ихтэй үүдний хэсэгт хүмүүст сургаал номлол айлддаг байсан гэж түүхчид тэмдэглэжээ.

гайхан биширч байлаа: Энд байдаг «гайхан бишрэх» гэсэн утгатай грек үгийн хэлбэр нь үргэлжлэх, давтагдах үйлийг заадаг.

(Лук 2:51, 52) Тэрээр эцэг эхтэйгээ хамт Назарт буцаж ирээд дуулгавартай байсаар байв. Эх Мариа нь энэ бүхнийг сэтгэлдээ тээж явжээ. 52 Есүс өсөж торнин улам бүр мэргэн ухаантай болж байлаа. Бурхан болон олон түмэн түүнийг сайшааж байв.

nwtsty Лук 2:51, 52-ын тайлбар

дуулгавартай байсаар: Эсвэл «үргэлж дуулгавартай». Грек үйл үг нь үргэлжлэх цаг дээр байгааг харахад Есүс сүмд, Бурхны Үгийг сайн мэддэгээрээ багш нарт гайхагдсан ч гэртээ хариад эцэг эхийнхээ үгэнд орж даруу байсныг мэдэж болно. Есүс ийнхүү дуулгавартай байсан нь бусад хүүхдийнхээс ялгаатай бөгөөд Мосегийн хуулийн бүх заалтыг биелүүлснийх нь нэг жишээ юм (Ег 20:12; Гал 4:4).

Эрдэнэс хайх нь

(Лук 2:14) «Тэнгэр дэх Бурхан алдаршиг, Бурхны тааллыг олсон хүмүүс дэлхий дээр амар тайван байг» хэмээв.

nwtsty Лук 2:14-ийн тайлбар

Бурхны тааллыг олсон хүмүүс дэлхий дээр амар тайван байг: Зарим гар бичмэлд бичсэнийг «дэлхий дээр амар тайван байг, хүмүүс Бурхны тааллыг олог» гэж орчуулж болохоор байгаа бөгөөд ингэж орчуулсан зарим Библи байдаг. Гэхдээ «Шинэ ертөнц орчуулга» нь илүү олон гар бичмэлийн үндэстэй. Тэнгэрийн элчүүдийн хэлсэн энэ үг нь хүмүүсийн хандлага, үйл хэргээс хамааралгүйгээр Бурхан бүх хүнийг таалдаг гэсэн үг биш. Харин ч Бурхны тааллыг олсон тодорхой хүмүүс байхыг хэлсэн. Учир нь тэдгээр хүн Бурханд чин сэтгэлээсээ итгэж Хүүгийнх нь дагалдагч болсон. (Энэ зүйлд буй Бурхны тааллыг олсон хүмүүс гэсэн тайлбарыг үзнэ үү).

Бурхны тааллыг олсон хүмүүс: Эүдокиа гэдэг грек үгийг «таалал, баяр, зөвшөөрөл» гэж орчуулж болдог. Мт 3:17; Мр 1:11; Лу 3:22-т Есүсийг баптисм хүртсэний дараахан Бурхны хэлсэн үгэнд ижил язгууртай эүдокео гэдэг үйл үгийг хэрэглэсэн байдаг (Мр 1:11-ийн тайлбарыг үзнэ үү). Үүнийг бодоход антропоис эүдокиас нь Бурхны тааллыг олсон хүмүүсийг хэлсэн нь дамжиггүй. Бас үүнийг «Бурхны таалан соёрхдог хүмүүс, Бурхныг баярлуулдаг хүмүүс» гэж орчуулж болдог. Тиймээс тэнгэрийн элчүүдийн хэлсэн үг нь нийт хүн төрөлхтнийг бус, харин жинхэнэ ёсоор итгэдэг болон Хүүгийнх нь дагалдагч болж өөрийг нь баярлуулсан хүмүүсийг Бурхан таалдаг гэсэн үг. Эүдокиа гэдэг грек үг нь зарим хам сэдэвт хүмүүсийн сайхан сэтгэлийг заадаг ч (Ро 10:1; Флп 1:15) Бурхны сайхан сэтгэл, баяр, таалал юм уу хүслийг заах нь олонтоо (Мт 11:26; Лу 10:21; Эф 1:5, 9; Флп 2:13; 2 Те 1:11). Ду 51:18-ыг «Септуагинт» орчуулгаас үзвэл, уг грек үгээр Бурхны «тааллыг» хэлсэн байдаг.

(Лук 3:23) Есүс 30 орчим настай байхаасаа зааж сургаж эхэлжээ. Хүмүүсийн боддогоор Есүс бол Иосефын хүү, Иосеф нь Хелийн хүү,

хцн16.3 х. 9 д/м 1–3

Таны мэдлэгт

Иосефын эцэг хэн бэ?

Назар хотын мужаан Иосеф, Есүсийн өсгөсөн эцэг байсан. Харин Иосефын эцэг хэн байсан бэ? «Матай» номд байдаг Есүсийн угийн бичигт Иаков гэж бичсэн бол «Лук» номд Ели гэж бичжээ. Яагаад ийм өөр өөр бичсэн бэ? (Лук 3:23; Матай 1:16).

Матай номд «Иаков бол ... Иосефын эцэг болой» гэсэн. Энэ грек үг Иосефын төрсөн эцэг бол Иаков гэдгийг заадаг. Матай, Давидын удмын Иосефын талыг барьж угийн бичгийг бичсэн. Эндээс Иосефын өсгөсөн хүү Есүс хаан ширээнд суух бүрэн эрхтэй нь харагдаж байна.

Нөгөөтээгүүр, «Лук» номд Иосефыг «Елигийн» хүү гэсэн байдаг. Үүнийг «хүргэн» гэж ойлгож болно. Үүнтэй адил жишээ Лук 3:27-д байдаг. Уг зүйлд Шеалтиелийг Нерийн хүү гэж бичжээ. Харин Шеалтиелийн төрсөн эцэг нь Иекониа ажээ (Шастирын дээд 3:17; Матай 1:12). Шеалтиел Нерийн охинтой гэрлэж хүргэн нь болсон. Иосеф Елигийн охин Мариатай гэрлэж, хүргэн «хүү» нь болжээ. Лук, Есүсийг төрүүлсэн Мариагийн талыг барьж угийн бичгийг бичсэн (Ром 1:3). Тэгэхлээр Библид Есүсийн угийн бичиг хоёр янз байдаг байх нь.

Библиэс унших

(Лук 2:1–20) Тэр үед эзэнт гүрний бүх хүнийг бүртгэх тухай Цезарь Августын зарлиг гарав. 2 (Сирийг Күрэни захирч байхад анхны энэ бүртгэлийг хийсэн юм.) 3 Тиймээс бүх хүн бүртгүүлэхээр төрсөн хот руугаа явлаа. 4 Иосеф Давидын удмын хүн тул Галилын Назар хотоос Давидын хот гэгддэг Иудейн Бетлехем рүү 5 эхнэр Мариатайгаа хамт бүртгүүлэхээр явав. Мариа амаржих дөхсөн байжээ. 6 Тэнд очсоны дараа Мариагийн амаржих цаг болж 7 ууган хүүгээ төрүүлэв. Хүүгээ даавуунд өлгийдөөд малын тэжээлийн тэвшинд тавьжээ. Учир нь тэдэнд хоноглох газар олдоогүй ажээ. 8 Нутгийн хэдэн хоньчин шөнө сүргээ манаад хээр хонож байв. 9 Гэнэт Еховагийн тэнгэрийн элч үзэгдэж, Еховагийн цог жавхлангийн улмаас эргэн тойронд нь гэрэл цацрахад тэд их айжээ. 10 Харин тэнгэрийн элч: «Бүү ай. Бүх хүнийг ихэд баярлуулах сайн мэдээг та нарт тунхаглая. 11 Юу гэвэл, та нарыг аврах Эзэн Христ Давидын хотод өнөөдөр мэндэллээ. 12 Даавуунд өлгийдөж, малын тэжээлийн тэвшинд тавьсан хүүхдийг та нар олно. Энэ бол тэмдэг юм» гэж хэлжээ. 13 Тэгтэл өнөөх тэнгэрийн элчийн хажууд тоо томшгүй тэнгэрийн элч үзэгдэж, Бурхныг магтан 14 «Тэнгэр дэх Бурхан алдаршиг, Бурхны тааллыг олсон хүмүүс дэлхий дээр амар тайван байг» хэмээв. 15 Тэнгэрийн элчүүдийг тэнгэр өөд одоход хоньчид: «Бүгдээрээ Бетлехемд очиж, Еховагийн бидэнд мэдэгдсэн зүйлийг үзэцгээе» гэж хэлээд 16 яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн тэвшинд тавьсан хүүг олж очжээ. 17 Хоньчид үүнийг хараад нялх хүүхдийн талаар тэнгэрийн элчээс сонссоноо ярьжээ. 18 Хоньчдын ярихыг сонссон бүх хүн гайхжээ. 19 Харин Мариа энэ бүхнийг тунгаан бодоод сэтгэлдээ хадгалсан юм. 20 Тэнгэрийн элчүүдийн мэдэгдсэний дагуу байгааг хоньчид үзээд, үзэж сонссон болгоныхоо төлөө Бурхныг магтан алдаршуулсаар буцацгаав.

6 САРЫН 25—7 САРЫН 1

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛУК 4, 5

«Хорхой хүргэм зүйлийг Есүс шиг тэвч»

(Лук 4:1–4) Есүс Иорданаас явж, Бурхны өгсөн агуу хүчээр удирдуулан цөлд очжээ. 2 Тэнд түүнийг Диавол 40 хоног сорьжээ. Энэ хугацаанд Есүс юу ч идээгүй учир өлсөж байв. 3 Тиймээс Диавол түүнд «Хэрэв чи Бурхны хүү юм бол энэ чулуунуудад “Талх бол” гэж хэл л дээ» гэхэд 4 Есүс: «“Амьд явахын тулд хүн зөвхөн талх идэх ёстой юм биш” гэж бичсэн байдаг» хэмээн хариулав.

хц13 8/15 х. 25 д/м 8

Ямар хүн байх ёстойгоо анхаарцгаая

8 Сатан Есүсийг яг энэ аргаар сорьсон. Цөлд 40 өдөр, 40 шөнө мацаг бариад өлссөн байхад нь түүнийг уруу татахыг оролдон: «Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунд талх бол гэж тушаа л даа» гэжээ (Лук 4:1–3). Есүс махан биеийнхээ хэрэгцээг хангах гэж гайхамшиг үйлдэх үү, үгүй юү гэдгийн аль нэгийг сонгох хэрэгтэй болов. Ийм чадварыг амин хувийн зорилгоор ашиглаж болохгүйг тэрбээр мэдэж байлаа. Тиймээс өлсөж байсан ч Еховатай тогтоосон харьцаагаа хоолноос илүү чухал гэж үзээд, «„Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна“ гэж бичигдсэн байдаг» хэмээн хариулсан (Мат. 4:4; Лук 4:4).

(Лук 4:5–8) Тэгэхэд Диавол түүнийг уулан дээр гарган дэлхийн бүх улс гүрнийг нүд ирмэхийн зуур үзүүлэв. 6 Диавол түүнд «Энэ бүхнийг захирах эрх мэдэл, энэ бүхний сүр жавхланг чамд өгье. Яагаад гэвэл энэ бүхнийг надад өгсөн юм. Би хүссэн хүндээ өгнө. 7 Тиймээс чи надад ганц удаа мөргөвөл энэ бүгд чинийх болно» гэжээ. 8 Есүс: «“Чи Ехова Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой” хэмээн бичсэн байдаг» гэж хариулав.

хц13 8/15 х. 25 д/м 10

Ямар хүн байх ёстойгоо анхаарцгаая

10 Сатан «нүдний хүсэл тачаал» гэгч энэ өөшөөр Есүсийг хэрхэн сорьсон бэ? «Хоромхон зуур дэлхийн бүх хаанчлалыг үзүүлээд», «Энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг би чамд өгье» гэсэн (Лук 4:5, 6). Диавол Есүст бүх хаанчлалыг бодитоор бус, ер бусын аргаар үзүүлжээ. Хаанчлалуудын сүр хүчийг мэдрүүлбэл сэтгэлийг нь татна гэж бодсон аж. Тэгээд ичих ч үгүй, «Хэрэв Чи надад мөргөвөл, энэ бүгд Чинийх болно» гэв (Лук 4:7). Есүс Сатаны хүслийг гүйцэлдүүлэхийг өчүүхэн ч хүсээгүй тул огт тээнэгэлзэлгүй «„Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил“ гэж бичигдсэн байдаг» хэмээн хариулжээ (Лук 4:8).

(Лук 4:9–12) Тэгэхэд тэрээр түүнийг Иерусалимд авч ирээд сүмийн орой дээр зогсоож «Хэрэв чи Бурхны хүү юм бол эндээс доошоо үсэр. 10 Учир нь “Бурхны тушаалаар тэнгэрийн элчүүд чамайг хамгаалж, 11 тосоод авна. Тиймээс чи хөлөө чулуунд цохихгүй” гэж бичсэн байдаг шүү дээ» гэлээ. Тэгэхэд Есүс: «“Ехова 12 Бурхнаа сорих ёсгүй” гэж бас бичсэн байдаг» гэж хариулав.

nwtsty үзүүлэн таниулах материал

Сүмийн орой

Сатан Есүсийг үнэхээр «сүмийн орой» дээр зогсоож доошоо үсэр гэж хэлсэн байж болох ч яг хаана гэдэг нь тодорхойгүй. Энд бичсэн «сүм» гэдэг үгээр сүмийн барилга байгууламжийг бүхэлд нь зааж болдог учраас Есүс 1) сүмийн барилгын зүүн өмнөд буланд зогсож байсан бололтой. Эсвэл өөр нэг буланд нь зогсож байсан байж болох юм. Эдгээрийн аль нэг газраас унахад Ехова аврахгүй л бол амиа алдах нь дамжиггүй.

хц13 8/15 х. 26 д/м 12

Ямар хүн байх ёстойгоо анхаарцгаая

12 Харин Есүс гайхалтай даруу байснаараа Евагаас эрс ялгаатай! Сатан Есүсээр Бурхныг сориулахын тулд бусдыг бишрүүлэх юм хийлгэх гэж оролджээ. Гэвч Есүс ийм юм хийх нь бүү хэл, бодохыг ч хүсээгүй. Гайхуулж сүржигнэх нь бардам зангийн илрэл болох байлаа! Тиймээс Сатанд «„Чи өөрийн Бурхан Эзэнээ сорьж үл болно“ гэж бас айлдсан байдаг» хэмээн шууд бөгөөд тодорхой хэлсэн (Лук 4:9–12-ыг уншина уу).

Эрдэнэс хайх нь

(Лук 4:17) зөнч Исаиагийн хуйлмал номыг түүнд өгчээ. Есүс хуйлмал номыг дэлгэж доорх хэсгийг олоод

nwtsty Лук 4:17-гийн тайлбар

зөнч Исаиагийн хуйлмал номыг: Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон Исаиагийн хуйлмал ном нь 17 ширхэг илгэн цаасыг хооронд нь холбосон нийт 7,3 метр урттай, 54 багана болгож бичсэн ном юм. Назарын синагогт байсан хуйлмал ном бас үүнтэй ойролцоо урттай байсан бололтой. I зуунд бүлэг, зүйлийг дугаарладаггүй байсан учраас Есүс унших гэсэн зүйлээ барагцаалаад олох хэрэгтэй байв. Есүс зөгнөл бичигдсэн хэсгийг олоод уншсанаас үзэхэд Бурхны Үгийг сайтар мэддэг байсан нь харагдаж байна.

(Лук 4:25) Елиагийн үед гурван жил зургаан сар бороо оролгүй газар сайгүй их өлсгөлөн болох үед бэлэвсэн эмэгтэй Израйлд олон байсан.

nwtsty Лук 4:25-ын тайлбар

гурван жил зургаан сар: Х.дээ 18:1-ийг үзвэл Елиа «гурав дахь жилд» ган тайлагдахыг тунхагласан. Тийм учраас зарим хүн Есүсийн хэлсэн үг «Хаадын дээд» номтой зөрчилдөж байна гэдэг. Гэхдээ Еврей Сударт ган гурван жилээс доош хугацаанд үргэлжилсэн гэж бичээгүй. «Гурав дахь жилд» гэснийг Елиа анх Ахабт ган болохыг хэлсэн цагаас тооцсон нь дамжиггүй (Х.дээ 17:1). Елиа үүнийг хуурай улиралд хэлсэн бололтой. Израйлд хуурай улирал уртдаа 6 сар үргэлжилдэг бөгөөд түүний хэлсэн жилд илүү урт үргэлжилсэн бололтой. Түүнээс гадна, Елиаг «гурав дахь жилд» Ахабтай уулзахад шууд ган дуусаагүй, харин Кармел ууланд ямар бурхан галаар хариулахыг шалгасны дараа л ган дууссан (Х.дээ 18:18–45). Тиймээс энд бичсэн Есүсийн үг болон Яак 5:17-д бичсэн дүүгийнх нь үг Х.дээ 18:1-тэй зөрчилддөггүй.

Библиэс унших

(Лук 4:31–44) Дараа нь Есүс уруудан явж Галилын Капернаум хотод очоод Амралтын өдөр хүмүүст сургаал зааж байлаа. 32 Бурхнаас эрх мэдэл авсан хүний ёсоор зааж сургаж байсан учир хүмүүс гайхан биширч байв. 33 Чөтгөрт эзэмдүүлсэн нэг хүн синагогт байсан бөгөөд тэр хүн чанга дуугаар 34 «Назарын Есүс ээ, та биднийг яах гээ вэ? Устгахаар ирээ юү? Таныг Бурхны Ариун нэгэн гэдгийг би баттай мэднэ» гэж хашхирав. 35 Есүс чөтгөрийг зэмлэж «Дуугүй бай. Түүнээс гар» гэхэд чөтгөр өнөөх хүнийг олны дунд унагаад гэм хор учруулалгүй гарчээ. 36 Хүмүүс гайхаж «Хэлснийг нь сонс доо! Энэ хүн чөтгөрүүдэд хүртэл тушаал буулгах эрх мэдэлтэй, хүч чадалтай юм. Чөтгөрүүд ч захирагдах юм!» гэж хоорондоо ярьж байв. 37 Есүсийн тухай зар ойр хавийн бүх газар тарж байлаа. 38 Есүс синагогоос гарч, Симоны гэрт очжээ. Симоны хадам ээж маш их халуунтай байсан бөгөөд эдгээж өгөхийг тэд Есүсээс гуйжээ. 39 Тиймээс Есүс орных нь дэргэд зогсоод халууныг нь буулгахад Симоны хадам ээж тэр даруй босож, цай хоол хийж эхлэв. 40 Нар жаргах үеэр олон түмэн янз бүрийн өвчтэй хүмүүсээ авчрахад Есүс хүн бүрд гараа хүргэж эдгээв. 41 Бас олон хүнээс чөтгөрийг хөөж гаргажээ. Чөтгөрүүд: «Та бол Бурхны Хүү» гэж хашхирч байсан ч Есүс тэднийг зэмлэж, үг хэлүүлэхгүй байв. Учир нь тэд Христ гэдгийг нь мэдэж байлаа. 42 Үүр цайхад Есүс тэндээс явж зэлүүд газар очжээ. Гэтэл хүмүүс түүнийг хайсаар олж очоод явуулахгүй байх гэж оролдов. 43 Харин Есүс тэдэнд «Би Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг бусад хотод бас тунхаглах ёстой. Үүний төлөө Бурхан намайг илгээсэн юм» хэмээжээ. 44 Тэгээд Иудейн синагогуудаар сайн мэдээ тунхаглаж явав.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах