«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
1-Р САРЫН 7–13
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 21, 22
«Еховагийн хүслээр болог»
bt 177-178 ¶15-16
«Еховагийн хүслээр болог»
15 Паулыг Филипийнд хонож байхад Агаб гэдэг хүндтэй зочин иржээ. Филипийнд байсан бүх хүн Агабыг зөнч гэдгийг мэддэг байв. Тэрээр Клавдийн засаглалын үед болсон газар хөдлөлтийг зөгнөж байсан юм (Үйлс 11:27, 28). Тэд «Агаб яагаад ирсэн юм бол? Ямар мэдээ авчирсан юм бол?» гэж бодсон байж магадгүй. Хүмүүсийг ажиглаж байхад тэрээр Паулын бүсийг (бэлхүүсээр ороодог, мөнгө юм уу бусад зүйлээ хадгалж болдог урт даавуу) авч гар хөлөө хүлжээ. Дараа нь «“Иудейчүүд энэ бүсний эзнийг Иерусалимд ингэж хүлээд харь үндэстний гарт тушаана” гэж Бурхан агуу хүчээрээ хэлүүлж байна» гэсэн гайхшруулам мэдээг дуулгав (Үйлс 21:11).
16 Паул Иерусалим руу явах нь тодорхой болсныг энэ зөгнөл харуулдаг Бас тэнд иудейчүүдтэй уулзаж байгаад «харь үндэстний гарт» орохыг хэлж өгдөг. Хүмүүс Агабын зөгнөлийг сонсоод их санаа зовсон. «Үүнийг сонсоод бид ч, тэнд байсан хүмүүс ч Паулыг “Иерусалим руу битгий яв” гэж ятгаж эхлэв. Гэтэл Паул: “Та нар яагаад уйлж унжин зориг мохооно вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө Иерусалимд очиж хүлүүлэх байтугай үхэхэд ч бэлэн байна” гэв» хэмээн Лук бичжээ (Үйлс 21:12, 13).
bt 178 ¶17
«Еховагийн хүслээр болог»
17 Дараахыг төсөөл дөө. Лук болон итгэл нэгтнүүд нь Паулыг битгий яв гэж гуйж байна. Зарим нь уйлж байна. Санаа тавьж байгаад нь сэтгэл хөдөлсөн Паул тэдэнд «зориг мохоолоо», зарим орчуулгаар бол «сэтгэлийг [минь] өвтгөлөө» гэж аядуу зөөлөн хэлсэн. Гэхдээ Паул эргэлт буцалтгүй шийджээ. Итгэл нэгтнүүд нь уйлж унжин, гуйж байлаа ч Тирт байсан шигээ гуйвж дайваагүй юм. Харин ч яагаад явах ёстойгоо тайлбарласан. Ямар агуу зоригтой, шийдэмгий зантай хүн бэ! Үлгэр жишээ болсон Есүсийн адилаар Паул Иерусалим руу явна гэсэн шийдвэрээсээ няцаагүй (Евр. 12:2). Паул шашныхаа төлөө амиа алддаг хүн шиг болох гээгүй юм. Гэхдээ Христ Есүсийн дагалдагч гэдгээсээ болж амиа алдах байлаа ч үүнийг нэр төрийн хэрэг гэж үзэх байсан.
bt 178 ¶18
«Еховагийн хүслээр болог»
18 Итгэл нэгтнүүд нь яасан бэ? Товчхон хэлэхэд, Паулын шийдвэрийг хүндэтгэлтэйгээр хүлээн зөвшөөрсөн. «Бид түүнийг ятгаж дийлэхгүйгээ ойлгоод “Еховагийн хүслээр болог” гэж хэлэв» гэж байдаг (Үйлс 21:14). Паулыг Иерусалим руу явахыг болиулах гэж байсан хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлыг тулгаагүй. Тэд Паулын үгийг сонсож, үнэхээр хэцүү байсан ч Еховагийн хүсэл тааллыг ойлгоод буулт хийжээ. Паул үхэлд хүргэх замаар явахаар шийдсэн байв. Өөрийг нь хайрладаг хүмүүс ятгаад байвал Паулд хэцүү байх байсан.
Эрдэнэс хайх нь
bt 184-185 ¶10-12
«Учраа хэлэхийг минь сонсоно уу»
10 Гэсэн хэдий ч, Амралтын өдөр ажиллахгүй юм уу, ямар нэгэн хоол идэхгүй гэх зэргээр иудейн зарим ёс заншлыг дагаж байж л санаа амардаг хүмүүсийг Паул ойлгосон (Ром 14:1–6). Бас хөвч хөндүүлэх тухай дүрэм гаргаагүй. Үнэндээ, грек эцэгтэй Тимотыг иудейчүүд сэжиглэх вий гэсэндээ хөвчийг нь хөндсөн (Үйлс 16:3). Хөвч хөндүүлэх эсэхээ хувь хүн шийдэх хэрэгтэй. Паул Галат дахь хүмүүст «хөвч таслуулах, таслуулахгүй нь огт чухал биш, харин хайрын сэтгэлд хөтлөгдөн хийсэн үйлсээр илэрдэг итгэл чухал юм» гэж хэлсэн (Гал. 5:6). Гэхдээ Мосегийн хуулийг сахихын тулд хөвч хөндүүлэх юм уу Еховад таалагдъя гэвэл хөвч хөндүүлэх ёстой гэж хэлэх нь итгэл сул байгаагийн шинж байсан.
11 Тийм учраас, Паулын талаарх цуу яриа нь огт үндэсгүй байсан. Гэхдээ итгэгч иудейчүүдийн сэтгэл тавгүй байжээ. Тиймээс ахлагчид Паулд ийм заавар өгчээ. «Тангараг өргөсөн дөрвөн хүн байгаа. Та тэднийг дагуулж яваад цэвэрших ёсыг хамт сахь. Үсээ хусуулах төлбөрийг нь төл. Тэгвэл хүмүүс Хууль сахидгийг тань, таны талаар гарсан яриа ор үндэсгүйг ойлгоно» (Үйлс 21:23, 24).
12 Паул хэргийн гол учир нь өөрийнх нь талаарх цуу яриа биш, харин Мосегийн хуулийг сахидаг иудейчүүдийн идэвх зүтгэл гэж эсэргүүцэж болох л байсан. Гэхдээ Бурхны зарчмыг зөрчихгүй л бол уян хатан байхыг хичээсэн. Тэрээр өмнө нь «хэдийгээр би хууль сахидаггүй боловч хууль сахидаг хүмүүсийг үнэний замд оруулахын тулд тэдэнтэй харьцахдаа хууль сахидаг хүн мэт байдаг» гэж бичсэн байсан (1 Кор. 9:20). Энэ тохиолдолд Паул Иерусалим дахь ахлагчдын саналыг хүлээн авч «хууль сахидаг хүн мэт» байсан. Ийнхүү ахлагчидтай хамтран ажиллаж, хувийн үзлээ тулгаж зөрүүдлэхгүй байхын сайхан жишээг бидэнд үлдээжээ (Евр. 13:17).
nwtsty Үй 22:16-гийн тайлбар
Есүсийн нэрийг дууд. Тэгвэл Бурхан нүглийг чинь уучилна: Эсвэл «нүглээ угааж арилган Есүсийн нэрийг дууд». Баптисмын ус нүглийг угааж цэвэрлэдэггүй, харин Есүсийн нэрийг дуудсанаар нүглээ уучлуулах боломжтой. Есүсийн нэрийг дуудна гэдэгт түүнд итгэж, итгэлээ үйлсээр харуулах орно (Үйлс 10:43; Яак. 2:14, 18).
1-Р САРЫН 14–20
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 23, 24
«Үймээн дэгдээгч тахал гэж буруутгажээ»
bt 191 ¶5-6
«Зоригтой бай!»
5 Ийнхүү Паулыг зоригжуулсан нь цагаа олсон байжээ. Яг маргааш нь 40 гаруй иудей эрэгтэй «Паулыг алахаар хуйвалдан энэ хэргээ бүтээтэл идэж уухгүй гэж тангараглажээ». Тангараг өргөснөөс нь Паулыг алахаар эргэлт буцалтгүй шийдсэн байсныг мэдэж болно. Хэрвээ энэ хэргээ бүтээж чадахгүй бол тэд хараал хүртэнэ гэж итгэж байсан (Үйлс 23:12–15). Ахлах тахилчид болон ахлагчдаас зөвшөөрөл авсан тэд хэрэг явдлыг илүү нарийн зөв судлахын тулд Паулыг илүү их байцаах хэрэгтэй гээд Паулыг Иудейн Дээд шүүх рүү ирүүлэн, ирэх замд нь отож байгаад түүнийг алах төлөвлөгөөтэй байжээ.
6 Гэхдээ Паулын зээ дүү энэ хуйвалдааны тухай сонсоод түүнд мэдэгдсэн. Паул зээ дүүгээрээ Ромын жанжин Клавдий Лусид энэ тухай хэлүүлжээ (Үйлс 23:16–22). Нэр нь үл мэдэгдэх энэ залуугийн адилаар Бурхны ард түмний сайн сайхныг өөрөөсөө дээгүүр тавьж, Хаант төрийн үйл хэргийг урагшлуулахын тулд чадах бүхнээ хийдэг хүүхэд залуусыг Ехова хайрладаг.
bt 192 ¶10
«Зоригтой бай!»
10 Цезариад, Феликс Паулыг «Херодын ордонд байлгаж харуулаар мануулахыг тушаан», зарга мэдүүлсэн хүмүүсийг Иерусалимаас ирэхийг хүлээж байв (Үйлс 23:35). Таван хоногийн дараа тэргүүн тахилч Ананиа, хуульч Тертул болон хэсэг ахлагч ирсэн. Тертул эхлээд Феликсийг иудейчүүдийн төлөө юу хийдгийг нь магтаж ярьсан. Энэ нь цаасан малгай өмсгөж, тал засах гэснийх бололтой. Тэгээд гол асуудлыг хөндөж, Паулыг «дэлхий дахинд байгаа иудейчүүдийг хутган үймүүлж явдаг тахал мэт хүн бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч гэдгийг бид олж мэдсэн юм. Бас сүмийг бузарлахыг оролдсон болохлоор нь барьж авсан» гэжээ. Бусад иудей хүн «ийн буруутгахыг дэмжиж, хуульчийн хэлснийг үнэн гэцгээв» (Үйлс 24:5, 6, 9). Хүмүүсийг хутган үймүүлэх, аюултай бүлэглэлийг толгойлох, сүмийг бузарлах нь үхлийн ял авч болзошгүй ноцтой хэрэг юм.
bt 193-194 ¶13-14
«Зоригтой бай!»
13 Хэрвээ шүтлэгийн асуудлаар эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө хүргэгдээд, самуун дэгдээсэн, хүмүүсийг үймүүлдэг, «аюултай бүлэглэлийн» гишүүн гэж хилсээр буруутгагдвал яах ёстойг Паулын жишээнээс мэдэж болно. Тэрээр Тертул шиг захирагчид цаасан малгай өмсгөж, тал засахыг оролдоогүй. Харин ч тайван байж, хүндэтгэлтэй хандсан. Яг юу болсныг эвтэйхэн хэлж тайлбарласан. Өөрийг нь буруутгасан «Ази мужаас ирсэн иудейчүүдийг» шүүхэд ирээгүйг Паул дурдаж, хууль зүйн үүднээс үзэхэд, ямар хэргээр буруутгаж байгааг нь тэднээс сонсох хэрэгтэй гэсэн (Үйлс 24:18, 19).
14 Паул итгэл үнэмшлийнхээ тухай гэрчлэхээс халшраагүйг анхаарууштай. Өмнө нь Иудейн Дээд шүүх дээр нас барагсад амилах тухай хэлэхэд их шуугиан гарч байсан. Гэлээ ч энэ удаа мөн л амилалтад итгэдгээ зоригтой хэлсэн (Үйлс 23:6–10). Өөрийгөө өмгөөлж ярихдаа Паул амилах тухай найдварыг онцолсон. Яагаад? Учир нь, тэрээр Есүсийн тухай, амилсных нь тухай гэрчилсээр ирсэн ч, эсэргүүцэгчид үүнд нь итгээгүй (Үйлс 26:6–8, 22, 23). Тиймээс гол асуудал нь амилалтад итгэх итгэл байсан. Илүү нарийн хэлэхэд Есүст болон түүний амилсанд итгэх явдал байсан.
Эрдэнэс хайх нь
nwtsty Үй 23:6-гийн тайлбар
би ... фарисай: Сонсогчдын зарим нь Паулыг таньдаг байв (Үй 22:5). Паулыг өөрийгөө фарисай хүний хүү гэхэд өөрсөдтэй нь ижил орчинд өссөнийг хэлж байна гэж ойлгосон бололтой. Иудейн Дээд шүүхийн фарисайчууд Паулыг Христийн идэвхтэй дагалдагч болсныг мэддэг учраас түүнийг өөрийнхөө хэн болохоо нуухын тулд тэгж хэлсэн гэж бодоогүй. Хам сэдвээс үзэхэд, энэ удаа Паул өөрийгөө фарисай хүн гэсэн нь фарисайчуудын адилаар амилалтад итгэдэг учраас садукайчуудаас илүү фарисайчуудтай үзэл бодол нэгтэй гэсэн утгаар хэлсэн бололтой. Ингэснээр тэнд байсан фарисайчуудтай санал нийлэх сэдвийг хөндөж ярьсан. Ийм маргаантай асуудлыг хөндсөнөөр Иудейн Дээд шүүхийн зарим гишүүнээр өөрийнхөө хэлэх зүйлийг дэмжүүлэх гэснийх бололтой. Энэ нь ч оножээ (Үй 23:7–9). Үй 23:6-д хэлсэн Паулыг үг дараа нь Агрийп хааны өмнө өөрийгөө өмгөөлөн хэлсэн үгтэй зөрчилддөггүй (Үй 26:5). Бас Ромд байхдаа Филиппой дахь Христийн дагалдагчдад бичихдээ фарисай хүн байснаа дурджээ (Флп 3:5). Үй 15:5-д Христийн дагалдагч болсон зарим хүн урьд нь фарисай байсныг дурдсаныг бас анхаарууштай.
nwtsty Үй 24:24-ийн тайлбар
Друзила: Үй 12:1-д дурдсан I Херод Агрийпын 3 дахь буюу отгон охин. МЭ 38 оны орчим төрсөн бөгөөд II Агрийп, Бернике, III Мариамнегийн дүү. Захирагч Феликс Друзилагийн хоёр дахь нөхөр байсан. Друзила эхлээд Сирийн хаан Эмесагийн Азизустай гэрлэсэн ч салаад МЭ 54 онд 16 орчим настайдаа Феликстэй гэрлэсэн. Паулыг «зөв юм хийх, биеэ захирах талаар болон Бурхан хүмүүсийг шүүх талаар» Феликсийн өмнө ярихад тэнд хамт байсан байж болох юм (Үй 24:25). Феликс захирагчийн үүргээ Фестэд шилжүүлэхдээ «иудейчүүдэд тал засахын» тулд Паулыг хорионд хэвээр нь үлдээсэн. Зарим хүн үүнийг нь иудей хүн болох залуу эхнэрээ баярлуулах гэснийх гэж үздэг (Үй 24:27).
1-Р САРЫН 21–27
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 25, 26
«Паул Цезарьт давж заалдаад Херод Агрийп хаанд гэрчилсэн нь»
bt 198 ¶6
«Би Цезарьт давж заалдана!»
6 Иудейчүүдэд тал засах гэсэн Фестийн хүсэл Паулыг үхэлд хүргэж болзошгүй байсан. Тиймээс Паул Ромын иргэний эрхээ эдлэн Фестэд «Би Цезарийн төлөөлөгчийн өмнө зогсож байна. Уг нь намайг энд л шүүх ёстой. Би иудейчүүдэд ямар ч гэм хийгээгүй. Та өөрөө ч үүнийг сайн мэдэж байгаа. ... Би Цезарьт давж заалдана!» гэжээ. Нэгэнт давж заалдана гэж хэлсэн бол ер нь цуцлах боломжгүй байсан. Фест үүнийг онцлон «Та Цезарьт давж заалдана гэсэн. Таныг Цезарь луу явуулна» гэжээ (Үйлс 25:10–12). Дээд шүүхэд давж заалдсан нь өнөөгийн Христийн дагалдагчдын дагаж болох жишээ болсон. Эсэргүүцэгчид «зарлигийн эсрэг бузар мууг» сэдэхэд Еховагийн Гэрчүүд хууль эрх зүйн байгууллагад хандан сайн мэдээг өмгөөлөн хамгаалдаг (Дуу. 94:20).
bt 198-201 ¶10-16
«Би Цезарьт давж заалдана!»
10 Агрийп хааны өмнө Паул өөрийгөө өмгөөлөх боломжтой болсондоо хүндэтгэлтэйгээр талархлаа илэрхийлсэн бөгөөд иудейчүүдийн ёс заншил, маргаантай асуудлыг сайн мэддэгийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд «манай шашны хамгийн хатуу дүрэм журамтай фарисай бүлэглэлийн хүн байсан» гээд урьд нь яаж амьдарч байсныгаа хэлсэн (Үйлс 26:5). Паул фарисай хүн байхдаа Мессиаг ирэхийг хүлээж байсан. Харин одоо Христийн дагалдагч болсон Паул Есүсийг удаан хүлээсэн Мессиа мөн гэж зоригтой хэлж байна. Паул өөрийг нь буруутгасан хүмүүсийнхтэй адилхан итгэл буюу өвөг дээдэст нь амласан Бурхны амлалт биелнэ гэсэн найдвараас болж шүүгдэж байгаа юм. Үүнийг сонссон Агрийп үгийг нь илүү их сонирхсон.
11 Паул Христийн дагалдагчдад хэрцгий хандсанаа эргэн санаж «Би Назарын Есүсийг эсэргүүцэж их юм хийх хэрэгтэй гэж боддог байлаа. ... Тэдэнд [Христийн дагалдагчдад] дургүйцэн зэвүүцдэгтээ өөр хотуудаар ч гэсэн явж хавчдаг байсан» гэж хэлжээ (Үйлс 26:9–11). Тэрээр хэтрүүлж хэлээгүй. Христийн дагалдагчдад харгис хандсаныг нь олон хүн мэддэг байсан (Гал. 1:13, 23). Агрийп «Тийм байсан хүн яаж өөрчлөгдсөн юм бол?» гэж бодоод гайхсан байх.
12 Паулын дараах үг энэ асуултын хариу болсон. «Ахлах тахилчдаас эрх мэдэл, даалгавар аваад Дамаск руу явж байлаа. Тэгтэл, хаантан минь, үд дунд нарны гэрлээс ч хурц гэрэл тэнгэрээс цацарч, бид бүхний дээр тусав. Бид бүгдээрээ газар унав. Тэгтэл “Саул аа, Саул аа, чи намайг яагаад хавчина вэ? Шилбүүр өшиглөөд байвал чи өөрөө л хохирно” гэж еврейгээр надад хэлэхийг сонсоод би: “Эзэнтэн, та хэн бэ?” гэж асуухад “Би бол чиний хавчиж хяхаад байгаа Есүс байна ...” [гэж эзэн хэлсэн]» (Үй 26:12–15).
13 Ийм ер бусын явдал болохоос өмнө Паул бэлгэдлийн утгаар «шилбүүр өшиглөөд байсан». Ачаа зөөдөг мал шилбүүрийн үзүүрийг өшиглөвөл бэртдэг шиг Паул Бурхны хүсэл тааллыг эсэргүүцээд хохирол амсаж байсан. Амилсан Есүс Дамаск руу явж байсан Паулд үзэгдсэн бөгөөд чин сэтгэлтэй ч буруу үзэлтэй байсан Паул Есүсийн тусламжтайгаар бодлоо өөрчилсөн (Ёох. 16:1, 2).
14 Паул амьдралаа шал өөр болгосон. Тэрээр Агрийпт «Ер бусын энэ үзэгдлийг би тоохгүй байж чадсангүй. Тиймээс эхлээд Дамаск, дараа нь Иерусалим, тэгээд Иудей даяар, бас харь үндэстнүүдэд гэмш, үүнийгээ үйлсээрээ баталж Бурхан руу эргэ хэмээн тунхаглаж байсан» (Үйлс 26:19, 20). Гайхамшигт үзэгдлээр Есүсийн оноосон даалгаврыг Паул олон жил гүйцэтгэсээр ирсэн. Үр дүн нь ямар байсан бэ? Паулын дэлгэрүүлсэн сайн мэдээг хүлээж авсан хүмүүс ёс суртахуунгүй, шударга бус үйл хэрэгтээ гэмшиж, Бурхан руу эргэсэн. Тийм хүмүүс сайн иргэн болж, хууль болон дэг журмыг сахиж мөрддөг болсон.
15 Гэхдээ ийм ач тус Паулыг эсэргүүцэж буй иудейчүүдэд чухал биш байсан. Паул: «Чухам үүнээс болж иудейчүүд намайг сүмд байхад барьж аваад алахыг оролдсон. Гэхдээ Бурхан тусалсан учраас би өнөөдрийг хүртэл их бага гэлгүй бүх хүнд гэрчилж явна» гэж хэлсэн (Үйлс 26:21, 22).
16 Христийн жинхэнэ дагалдагчид бид итгэлээ «хамгаалахад бэлэн байх» ёстой (1 Петр 3:15). Шүүгч юм уу захирагчид итгэл үнэмшлийнхээ тухай ярихдаа Паулын, Агрийп болон Фестэд хэрхэн хандсаныг дуурайх нь тустай байж болох юм. Библийн үнэний ачаар бидний өөрсдийн болон биднийг сонссон хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг хүндэтгэлтэйгээр яривал тийм өндөр албан тушаалтнуудын сэтгэлд хүрч мэднэ.
bt 202 ¶18
«Би Цезарьт давж заалдана!»
18 Гэхдээ Паул захирагчид «Би солиороогүй, эрхэм Фест ээ. Харин ч үнэнийг эрүүл ухаанаар ярьж байна. Тэгээд ч хаантан өөрөө энэ бүхнийг сайн мэдэх учир би илэн далангүй ярьж байгаа юм. ... Агрийп хаантан, та зөнчдөд итгэдэг биз дээ? Итгэдгийг тань мэдэж байна» гэж хэлсэн. Агрийп: «Богинохон хугацаанд та намайг Христийн дагалдагч болгох нь» гэж хариулсан (Үйлс 26:25–28). Агрийп үүнийгээ чин сэтгэлээсээ хэлсэн эсэх нь тодорхойгүй ч, эндээс үзэхэд Паулын гэрчилсэн нь хаанд гүнээ нөлөөлснийг ойлгож болно.
Эрдэнэс хайх нь
nwtsty Үй 26:24-ийн тайлбар
Шилбүүр өшиглөөд байвал: Шилбүүр нь мал амьтныг тууж явахад хэрэглэдэг хурц үзүүртэй саваа мод юм (Шү 3:31). «Шилбүүр өшиглөөд байвал» гэдэг нь грек ном зохиолд гардаг зүйр цэцэн үг юм. Зөрүүд бухыг шилбүүрдэхэд хайрч тангараад эцэст нь өөрөө гэмтэхээс улбаалан энэ хэллэг гарчээ. Саул Христийн дагалдагч болохоосоо өмнө үүнтэй төстэй загнасан. Ехова Бурхны дэмждэг Есүсийн дагалдагчдыг эсэргүүцсэнээрээ Паул өөртөө их гай удсан (Үй 5:38, 39; 1 Ти 1:13, 14-тэй харьцуулна уу). Но 12:11-д гардаг «зүү» буюу «шилбүүр, [ШЕ]» бэлгэдлийн утгатай бөгөөд сонссон хүнд ажил хэрэг болгох хүсэл төрүүлдэг мэргэн хүний зөвлөгөөг бэлгэддэг.
1-Р САРЫН 28—2 САРЫН 3
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 21, 22
«Паул Ромыг зорьсон нь»
bt 208 ¶15
«Та нарын нэг нь ч үхэхгүй»
15 Паул усан онгоцонд хамт сууж яваа хүмүүстээ «Бурхны амлалтад» найдаж байгаагаа хэлсэн бололтой (Үйлс 26:6; Кол. 1:5). Гэхдээ усан онгоц сүйрэх гэж байсан тэр үед удахгүй биелэх найдвар байгааг, найдах бат үндэстэйг хэлдэг. Паул ингэж хэлсэн: «Өнгөрсөн шөнө миний шүтэж үйлчилдэг Бурхны тэнгэрийн элч дэргэд минь зогсоод “Паул аа, айх хэрэггүй. Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Бурхан чамтай хамт яваа хүмүүсийн амийг аварна” гэж хэлсэн юм». Дараа нь «Тиймээс та бүхэн эр зоригтой байгтун. Надад хэлүүлсэн нь биелнэ гэж би Бурханд итгэж байна. Харин онгоц ямар нэг арлын орчим сүйрнэ» гэжээ (Үйлс 27:23–26).
bt 209 ¶18
«Та нарын нэг нь ч үхэхгүй»
18 Тэд Сицилийн өмнөд зүгт байдаг Мальт гэдэг аралд байгаагаа мэдэж авсан. Гадаад хэлээр ярьдаг уг арлынхан тэдэнд «сайхан сэтгэлээр хандсан» (Үйлс 28:2). Шалба норж чичирсээр эрэг дээр ирсэн танихгүй хүмүүсийн төлөө тэд гал түлж өгсөн. Хүйтэн байсан бөгөөд бороо орж байсан ч тэд галд дулаацжээ. Бас энэ галын ачаар нэг гайхамшигт явдал болжээ.
bt 210 ¶21
«Та нарын нэг нь ч үхэхгүй»
21 Тэр хавьд Пупли гэдэг баян, газрын эзэн амьдарч байсан. Тэрээр Мальт арал дахь өндөр албан тушаалтай хүн байсан байж болох юм. Лук түүнийг «арлын захирагч» гэж тэмдэглэсэн бөгөөд энэ нь Мальт хэлээрх сийлмэл хоёр бичгээс олдсон үгтэй яг адилхан байдаг. Энэ хүн Паул болон хамт яваа хүмүүсийг гэртээ урьж 3 өдөр дайлсан. Гэхдээ Пуплигийн эцэг өвчтэй байжээ. Лук энэ тохиолдолд бас өвчнийх нь тухай нарийн зөв тайлбарласан. Түүнийг «цусан суулгаар өвдөөд халуунтай хэвтэж байв» гэж тэмдэглэж, анагаах ухааны үүднээс яг ямар байдалтай байгааг нь дүрсэлсэн. Паулыг залбираад түүн дээр гараа тавихад тэрээр эдгэсэн. Энэ гайхамшигт гүнээ сэтгэл хөдөлсөн уг нутгийнхан өвчтэй өөр хүмүүсийг авчраад эдгээлгэсэн бөгөөд Паул болон хамт яваа хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд бэлэг авчирсан (Үйлс 28:7–10).
bt 213 ¶10
«Сайтар гэрчилсэн» нь
10 Тэднийг Ромд очиход «хөлсний байранд харгалзагч цэрэгтэй хамт байхыг Паулд зөвшөөрсөн» (Үйлс 28:16). Ер нь, хөнгөн хорионд байгаа хүмүүсийг харгалзагчтай нь хамт гинжилдэг. Хэдий тийм байсан ч Паул Хаант төрийн тунхаглагч байсан бөгөөд гинжлэгдлээ гээд чимээгүй байгаагүй. Тэрээр гуравхан өдөр аяллын алжаалаа тайлаад Ромд амьдардаг иудейчүүдийн дундаас нэр нөлөө бүхий хүмүүсийг дуудаж ирүүлээд өөрийгөө танилцуулж, үнэнийг гэрчилсэн.
Эрдэнэс хайх нь
nwtsty Үй 27:9-ийн тайлбар
мацаг барьдаг Эвлэрүүллийн өдөр: Эсвэл «намрын мацаг барих өдөр». Үгч., «мацаг барилт». «Мацаг барилт» гэсэн утгатай грек үгээр Эвлэрүүллийн өдөр мацаг барихыг хэлдэг. Эвлэрүүллийн өдөр нь Мосегийн хуульд зааснаар мацаг барьдаг цорын ганц өдөр бөгөөд энэ өдрийг Ём Киппур (еврэйгээр ём хаккиппурим, «юмаар бүтээх өдөр») ч гэдэг (Ле 16:29–31; 23:26–32; То 29:7; Библийн үгний тайлбараас «Эвлэрүүллийн өдөр» гэснийг үзнэ үү). Эвлэрүүллийн өдөр «өөрийгөө зовоох» гэснийг ер нь мацаг барих гэх зэргээр өөрийгөө хорьж тэвчинэ гэсэн утгаар ойлгодог (Ле 16:29, ШЕ). Үй 27:9-д «мацаг барилт» гэж бичсэнээс үзэхэд эвлэрүүллийн өдөр тэвчих гол арга нь мацаг барих явдал байсныг ойлгож болно. Мацаг барьдаг Эвлэрүүллийн өдөр 9-р сарын сүүлээр эсвэл 10-р сарын эхээр тохиодог байсан.
nwtsty Үй 28:11-ийн тайлбар
Зевсийн хөвгүүдийн: Грек болон Ромын домгоор бол «Зевсийн хөвгүүд» (грекээр Диоскоурои) нь Зевс (Юпитер) бурхан болон Спартын хатан Ледагийн ихэр хөвгүүд болох Кастор Поллукс хоёр байсан. Тэднийг далайн аюултай тулгарсан хүмүүсийг аврах хүчтэй, далайчдын хамгаалагч гэж үздэг байжээ. Усан онгоцонд байдаг тэмдгийн тухай ийм нарийн зөв бичсэн нь үүнийг бичсэн хүн тухайн газарт байсны нэг нотолгоо юм.