ТАЙЛБАР
1. ЕХОВА
Бурхны нэрийг Ехова гэдэг. «Тэр болгодог» гэсэн утгатай. Ехова бүх юмыг бүтээсэн Төгс хүчит Бурхан. Төлөвлөсөн бүхнээ хийх чадалтай.
Бурхны нэр дөрвөн еврей үсгээс бүтдэг. Үүнийг монголоор ЙХВХ гэж галигладаг. Энэ нэр Библийн Еврей эх бичигт 7 000 орчим удаа гардаг. Улс үндэстэн бүр Еховагийн нэрийг хэлнийхээ онцлогт тохируулан өөр өөрөөр дууддаг.
2. БИБЛИЙГ «БУРХАН БИЧҮҮЛСЭН»
Библийн Зохиогч нь Бурхан. Гэхдээ Бурхан Библийг хүмүүсээр бичүүлсэн. Үүнийг компанийн захирал санаагаа нарийн бичигтээ хэлж, захиа бичүүлсэнтэй зүйрлэж болно. Бурхан бодол санаагаа бичүүлэхдээ Библи бичигчдийг агуу хүчээрээ удирдсан. Ингэхдээ үзэгдэл үзүүлэх, зүүд зүүдлүүлэх зэрэг янз бүрийн аргаар ойлгуулсан. Тэд үзэж харсан зүйлээ бичсэн.
3. ЗАРЧИМ
Бурхны хуулийн үндэс болдог хувиршгүй үнэн. Жишээлбэл «Муутай нөхөрлөвөл сайн зуршил эвдэрдэг» гэсэн зарчим бий. Энэ нь найз нөхөд хүнд сайнаар эсвэл муугаар нөлөөлдгийг хэлж өгдөг (1 Коринт 15:33). «Хүн юу тарьснаа л хурааж авдаг» гэдэг зарчим нь хүн хийсэн зүйлийнхээ үр дагавраас зугтах аргагүйг хэлж өгдөг (Галат 6:7).
4. ЗӨГНӨЛ
Бурхнаас ирсэн мэдээ. Бурхны хүсэл тааллын талаарх тунхаглал, ёс суртахууны талаарх Бурхны сургаал, тушаал, шүүх мэдээ ч зөгнөл юм. Ирээдүйн үйл явдлыг зөгнөхийг бас хэлдэг. Библийн олон зөгнөл аль хэдийн биелсэн.
5. МЕССИАГИЙН ТАЛААРХ ЗӨГНӨЛ
Мессиагийн талаарх зөгнөлүүд Есүс дээр биелсэн. «Мессиагийн талаарх зөгнөлүүд» гэсэн хүснэгтийг үзнэ үү.
▸ Бүлэг 2, д/м 17, зүүлт
6. ДЭЛХИЙН ТАЛААРХ ЕХОВАГИЙН САНАА ЗОРИЛГО
Ехова дэлхийг диваажин байхаар бүтээсэн. Тэнд Еховаг хайрладаг хүмүүс амьдрах байв. Еховагийн санаа зорилго одоо ч өөрчлөгдөөгүй. Удахгүй муу муухай бүхнийг устгаж, ард түмнээ мөнх амьдруулна.
7. САТАН ДИАВОЛ
Бурхныг эсэргүүцсэн анхны тэнгэрийн элч. Сатан гэдэг нь «Эсэргүүцэгч» гэсэн утгатай. Еховаг эсэргүүцсэн учраас ийм нэртэй болсон. Бас Диавол гэдэг. Энэ нь «Гүтгэгч» гэсэн утгатай. Бурхныг гүтгэж, хүмүүсийг мэхэлсэн учраас ийм нэр авчээ.
8. ТЭНГЭРИЙН ЭЛЧ
Ехова дэлхийг бүтээхээсээ бүр өмнө тэнгэрийн элчүүдийг бүтээжээ. Тэд тэнгэрт амьдрахаар бүтээгдсэн. Тэдний тоо зуун саяас илүү (Даниел 7:10). Тэнгэрийн элч болгон оноосон нэртэй, өөр өөр зан чанартай. Үнэнч тэнгэрийн элчүүд өөрсдийгөө шүтүүлэхээс татгалзсан байдаг. Тэнгэрийн элчүүд тус бүр өөрийн гэсэн байр суурь, үүрэг даалгавартай. Жишээлбэл Еховагийн сэнтийн дэргэд үйлчлэх, үгийг нь дамжуулах, дэлхий дэх үйлчлэгчдэд нь туслах, Бурхны шүүх шийдвэрийг биелүүлэх, сайн мэдээ тунхаглах ажлыг дэмжих гэх зэрэг юм (Дуулал 34:7; Илчлэл 14:6; 22:8, 9). Тэд Хармагедоноор Есүстэй хамт тулалдана (Илчлэл 16:14, 16; 19:14, 15).
▸ Бүлэг 3, д/м 5; Бүлэг 10, д/м 1
9. НҮГЭЛ
Ехова болон санаа зорилготой нь зөрчилддөг хандлага, бодол, үйлдэл бүхэн нүгэл юм. Нүгэл Еховатай тогтоосон харьцаанд сэв суулгадаг. Тийм учраас Ехова биднийг санаатай нүгэл үйлдэхээс хамгаалан хууль, зарчим өгсөн. Уг нь тэрээр бүх юмыг төгс бүтээсэн. Гэлээ ч Адам Ева хоёр Еховад дуулгаваргүй загнаснаар нүгэлтэй, төгс бус болсон. Тэд хөгширч, үхсэн. Бид Адамаас нүглийг өвлөн авсан учраас хөгширч, үхдэг.
▸ Бүлэг 3, д/м 7; Бүлэг 5, д/м 3
10. ХАРМАГЕДОН
Сатаны ертөнц болон муу муухай бүхнийг устгах Бурхны дайн.
▸ Бүлэг 3, д/м 13; Бүлэг 8, д/м 18
11. БУРХНЫ ХААНТ ТӨР
Еховагийн байгуулсан тэнгэрийн засгийн газар. Хаан нь Есүс Христ. Ехова Хаант төрөөрөө муу муухай бүхнийг устгана. Тэгээд Бурхны Хаант төр дэлхийг захирна.
12. ЕСҮС ХРИСТ
Еховагийн анхны бүтээл. Тэрээр Есүсийг дэлхий рүү илгээж, хүн төрөлхтний төлөө амийг нь золиос болгон өгсөн. Есүс Бурхны Хаант төрийн Хаан болж, одоо тэнгэрээс захирч байна.
13. 70 ДОЛОО ХОНОГИЙН ЗӨГНӨЛ
Мессиаг хэзээ ирэхийг Библид зөгнөсөн байдаг. 69 долоо хоногийн дараа ирнэ гэжээ. Энэ нь МЭӨ 455 оноос МЭ 29 он хүртэл үргэлжлэх байв.
МЭ 29 он хүртэл үргэлжилнэ гэдгийг яаж гаргасан бэ? Нехемиа МЭӨ 455 онд Иерусалимд ирж, хэрмийг сэргээн босгож эхэлсэн тэр цагаас 69 долоон хоног эхэлсэн (Даниел 9:25; Нехемиа 2:1, 5–8). Библийн зарим зөгнөлд нэг хоногийг нэг жилээр тооцсон байдаг. Тэгэхээр энэ зөгнөлд гарч буй долоо хоног нь 7 жилийг хэлдэг (Тооллого 14:34; Езекиел 4:6). Тиймээс 69 долоо хоног нь 483 жил болно (69x7). МЭӨ 455 оноос 483 жилийг тоолбол МЭ 29 он болно. Энэ онд Есүс баптисм хүртэж, Мессиа болсон! (Лук 3:1, 2, 21, 22).
Энэ зөгнөлд бас нэг долоо хоногийн тухай гардаг. Энэ долоо хоногийн дунд буюу МЭ 33 онд Есүс алуулах байв. Харин төгсгөлд нь буюу МЭ 36 оны эхээр Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг зөвхөн иудейчүүдэд бус бүх үндэстэнд тунхаглах болсон (Даниел 9:24–27).
14. ГУРВАЛ ХЭМЭЭХ ХУДАЛ СУРГААЛ
Ехова бол Бүтээгч Бурхан бөгөөд хамгийн анх Есүсийг бүтээсэн (Колосай 1:15, 16). Есүс бол Төгс хүчит Бурхан биш. Өөрийгөө Бурхантай эн тэнцүү гэж хэлж ч байгаагүй. Харин ч «Эцэг надаас агуу» гэсэн байдаг (Ёохан 14:28; 1 Коринт 15:28). Гэхдээ зарим шашин Гурвалын тухай сургаал заадаг. Энэ нь Эцэг Хүү ариун сүнс гурав нийлээд нэг Бурхан гэж үздэг сургаал юм. «Гурвал» гэдэг үг Библид гардаггүй. Энэ бол худал сургаал.
Еховаг цорын ганц жинхэнэ Бурхан, Есүс Христийг Еховагийн цорын ганц Хүү, агуу хүчийг Еховагийн үл үзэгдэх хүч гэж Библид тодорхой бичсэн байдаг. Ехова санаа зорилгоо биелүүлэхдээ агуу хүчээ ашигладаг. Христийн эртний дагалдагчид «агуу хүчээр удирдуулж» байсныг, Еховаг «агуу хүчнээсээ янз бүрийн хүнд илгээнэ» гэснийг Библид бичсэн байдаг (Үйлс 2:1–4, 17).
▸ Бүлэг 4, д/м 12; Бүлэг 15, д/м 17
15. ЗАГАЛМАЙ
Христийн жинхэнэ дагалдагчид яагаад загалмай шүтдэггүй вэ?
Загалмай нь хуурамч шашин шүтдэг хүмүүсийн он удаан жил хэрэглэж ирсэн тэмдэг юм. Эрт цагт байгаль дэлхийг шүтдэг хүмүүс, сексийг шүтлэгийнхээ салшгүй хэсэг болгосон хүмүүс загалмай шүтдэг байсан. Христийн дагалдагчид Есүсийг нас барснаас хойш 300 жилийн турш загалмай шүтдэггүй байжээ. Хожим нь Ромын эзэн хаан Константин загалмайг Христийн шашны бэлгэ тэмдэг болгожээ. Энэ нь Христийн шашныг нөлөө бүхий болгох зорилготой байв. Гэхдээ загалмай Есүс Христтэй ямар ч холбоогүй. Нэгэн нэвтэрхий тольд «Загалмай шүтдэг хүмүүс Есүсээс өмнө байсан. Мөн Христийн бус шашинтай хүмүүс ч загалмай шүтдэг байжээ» гэж тэмдэглэжээ.
Есүс загалмай дээр биш, шонд хадуулж үхсэн. «Загалмай» гэж орчуулсан грек үг нь «шон», «дүнз», «мод» гэсэн утгатай. Нэгэн бүтээлд «[Шинэ Гэрээг бичсэн] грек хэлэнд хөндлөн хадсан хоёр мод гэж ойлгогдохоор үг огт байдаггүй» гэж тэмдэглэжээ.
Ехова биднийг хөрөг дүрс, бэлгэ тэмдэг шүтээсэй гэж хүсдэггүй (Египетээс гарсан нь 20:4, 5; 1 Коринт 10:14).
16. ДУРСАХ ЦУГЛААН
Есүс дагалдагчдадаа нас барсныг нь дурсаж цуглаан хийж байхыг тушаасан. Христийн дагалдагчид энэ тушаалыг биелүүлж жил бүр Нисан сарын 14 буюу эртний израйлчуудын тэмдэглэдэг байсан Дээгүүр өнгөрөх баярын өдөр Дурсах цуглаан хийдэг. Энэ өдөр нь одоогийнхоор 3 юм уу 4 дүгээр сард тохиодог. Дурсах цуглаанд ирсэн хүн бүр Есүсийн бие, цусыг төлөөлдөг талх, дарсыг дамжуулдаг. Есүстэй хамт тэнгэрээс захирах хүмүүс талх, дарснаас амсдаг. Харин дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүс талх, дарснаас амсдаггүй. Тэд хүндэт ажиглагчаар оролцдог.
17. СҮНС (нефеш, психе)
Зарим Библид «сүнс» гэж орчуулдаг еврейгээр нефеш, грекээр психе гэдэг үг нь 1) хүн, 2) амьтан, 3) амийг хэлдэг. Хэдэн жишээ үзье.
Хүн. «Ноагийн үед ... цөөхөн буюу найман хүн [психе] ... үерийг эсэн мэнд давсан» (1 Петр 3:20). «Психе» гэдэг үгийг энд «хүн» гэж орчуулжээ. Энэ нь Ноа болон түүний эхнэр, хөвгүүд, бэрүүдийг хэлсэн хэрэг.
Амьтан. «Бурхан: “Уснууд амьтдаар [нефеш] дүүрч, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг ... Газар дэлхий амьтдыг [нефеш] төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг араатныг төрөл төрлөөр нь бий болгог” хэмээн айлдав. Тэр нь ёсоор болжээ» (Эхлэл 1:20, 24).
Амь. «Чиний амийг [нефеш] эрэлхийлж байсан бүх хүн үхсэн» гэж Ехова Мосед хэлсэн (Египетээс гарсан нь 4:19). Есүс дэлхийд байхдаа «Би бол сайн хоньчин. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа [психе] өгдөг» гэж хэлжээ (Ёохан 10:11).
Бас «бүхий л амь амьдралаа [психе]» аливаад зориулна гэдэг нь зүрх сэтгэл, хүч чадлаа тэр чигээр нь зориулахыг хэлдэг (Матай 22:37; Дэд хууль 6:5). Мөн энэ үгээр хүний хүсэл, дур сонирхлыг бас хэлдэг байна. Түүнээс гадна үхсэн хүн эсвэл цогцсыг хэлдэг (Тооллого 6:6; Сургаалт үгс 23:2; Исаиа 56:11; Хаггаи 2:13).
▸ Бүлэг 6, д/м 5; Бүлэг 15, д/м 17
18. СҮНС (руах, пневма)
Еврейгээр руах, грекээр пневма гэдэг үгийг зарим Библид «сүнс» гэж орчуулсан байдаг. Энэ үг нь хэд хэдэн утгатай. Хүний нүдэнд харагдахгүй зүйлийг, тухайлбал салхи, амьсгалыг хэлдэг. Бас тэнгэрийн элчүүд, чөтгөрүүд болон Бурхны үйлдэх хүчийг хэлэх нь бий. Библид бичсэнээр, хүнийг нас барахад үлдэж хоцордог сүнс байдаггүй (Египетээс гарсан нь 35:21; Дуулал 104:29; Матай 12:43; Лук 11:13).
▸ Бүлэг 6, д/м 5; Бүлэг 15, д/м 17
19. ГЕХЕННА
Хог хаягдал шатааж, устгадаг байсан, Иерусалимын ойролцоох газар. Энэ үгийг Библийн зарим орчуулгад «там» гэж буруу орчуулсан байдаг. Есүсийн үед Гехеннад хүн амьтныг тамлаж, амьдаар нь шатаадаг байсан гэх баримт байдаггүй. Тиймээс Гехенна нь үхсэн хүмүүсийг тамлаж, мөнхөд шатаадаг газар биш. Есүс зарим хүнийг Гехеннад хаягдана гэсэн нь тэднийг бүрмөсөн устгагдахыг хэлжээ (Матай 5:22; 10:28).
20. ЖИШЭЭ ЗАЛБИРАЛ
Хэрхэн залбирахыг шавь нартаа заахдаа жишээ болгон хэлсэн Есүсийн залбирал. Есүс ингэж залбирахыг заасан.
«Таны нэр ариусаасай»
Бид Еховаг гүтгүүлсэн нэрээ цэвэрлээсэй, нэр төрөө сэргээгээсэй гэж залбирдаг. Ехова нэрээ ариусгавал тэнгэр, газар дээрх бүх бүтээл Еховагийн нэрийг хүндэлж, алдаршуулна.
«Таны Хаант төр захираасай»
Бурхны Хаант төр Сатаны бузар муу ертөнцийг устгаад дэлхийг бүхэлд нь захирч, диваажин болгоосой гэж бид залбирдаг.
«Таны хүсэл таалал ... дэлхий дээр биелээсэй»
Бид Еховагийн хүсэл дэлхий дээр биелээсэй гэж залбирдаг. Тэр цагт Еховагийн анх санаж зорьсны дагуу дуулгавартай, төгс хүмүүс диваажин дэлхийд мөнх амьдарна.
21. ЗОЛИОС
Ехова хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс чөлөөлөхийн тулд золиос төлсөн. Анхны хүн Адамын алдсан төгс амийг буцааж авахад, хүн төрөлхтний Бурхантай тогтоосон харьцааг сэргээхэд шаардлагатай төлбөрийг золиос гэдэг. Ехова Есүсийг дэлхий рүү илгээж бүх хүний төлөө амийг нь золиос болгон өгсөн. Үүний ачаар бүх хүн төгс болж, мөнх амьдрах боломжтой болсон.
▸ Бүлэг 8, д/м 21; Бүлэг 9, д/м 13
22. 1914 ОН ЯАГААД ЧУХАЛ ОН БЭ?
Бурхан Хаант төрөө 1914 онд байгуулахыг «Даниел» номын 4 дүгээр бүлэгт зөгнөжээ.
Зөгнөл: Ехова цавчигдан унасан нэгэн өндөр модыг Небухаднезар хаанд зүүдлүүлжээ. Тэр зүүдэнд, модыг ургуулахгүйн тулд хожуулыг нь «долоон цаг үеийн» турш төмөр болон хүрэл цагаригаар бөгжилжээ. «Долоон цаг үе» дууссаны дараа мод дахин ургах байлаа (Даниел 4:1, 10–16).
Энэ зөгнөл бидэнд ямар хамаатай вэ? Тэр мод Бурхны засаглалыг төлөөлдөг. Ехова 500 орчим жил израйлчуудыг Иерусалим дахь хаадаар захируулжээ (Шастирын дээд 29:23). Гэвч тэд үнэнч бус загнасан учраас засаглал нь ч эцэс болсон. МЭӨ 607 онд Иерусалим устгагдаж «долоон цаг үе» эхэлсэн (Хаадын дэд 25:1, 8–10; Езекиел 21:25–27). Есүс: «Үндэстнүүдэд олгосон цаг гүйцтэл Иерусалим үндэстнүүдийн хөлд талхлагдана» гэсэн нь «долоон цаг үеийн» тухай хэлсэн хэрэг байв (Лук 21:24). Тэгэхээр Есүсийг дэлхийд байхад «долоон цаг үе» дуусаагүй байсан байх нь. Ехова «долоон цаг үеийг» дуусахад Хаан томилохоо амласан. Тэр Хаан нь Есүс юм. Есүсийн засаглал дэлхий даяар буй Бурхны ард түмнийг үүрд мөнхөд ивээнэ (Лук 1:30–33).
«Долоон цаг үеийн» үргэлжлэх хугацаа: «Долоон цаг үе» нь 2520 жил юм. МЭӨ 607 оноос 2520 жилийг тоолбол 1914 он болно. Энэ онд Ехова Мессиа буюу Есүсийг тэнгэрт Хаант төрийн Хаан болгосон.
Тэгвэл 2520 жилийг яаж тооцож гаргасан бэ? Гурав хагас үе нь 1260 хоногтой тэнцдэг гэж Библид байдаг (Илчлэл 12:6, 14). Тиймээс «долоон цаг үе» нь үүнээс хоёр дахин их буюу 2520 (1260x2) хоног болно. Хоногийг жилээр тооцдог зарчмын дагуу 2520 хоног нь 2520 жил болдог (Тооллого 14:34; Езекиел 4:6).
23. ТЭНГЭРИЙН ЭЛЧҮҮДИЙН ТЭРГҮҮН МИХАЕЛ
«Тэнгэрийн элчүүдийн тэргүүн» ганц байдаг. Нэрийг нь Михаел гэдгийг Библиэс мэдэж болно (Даниел 12:1; Юуда 9).
Михаел Бурхны тэнгэр дэх үнэнч дайчдыг удирддаг. Илчлэл 12:7-д «Михаел тэнгэрийн элчүүдтэйгээ ... луу болон түүний тэнгэрийн элчүүд[тэй] тулалдсан» гэж байдаг. «Илчлэл» номын өөр бүлэгт Есүс тэнгэр дэх дайчдыг удирдаж байгаагаар гардаг. Тийм учраас Михаел нь Есүсийн өөр нэр юм (Илчлэл 19:14–16).
24. ЭЦСИЙН ӨДРҮҮД
Бурхны Хаант төр Сатаны ертөнцийг устгахын өмнө дэлхий даяар чухал үйл явдлууд болох үе. Библид «энэ тогтолцооны төгсгөлийн үе», «хүний Хүүгийн ирчихээд байгаа» үе гэж бас хэлдэг (Матай 24:3, 27, 37). Бурхны Хаант төр 1914 онд захирч эхлэхэд «эцсийн өдрүүд» эхэлсэн. Хармагедоноор Сатаны ертөнцийг устгахад дуусна (2 Тимот 3:1; 2 Петр 3:3).
25. АМИЛАЛТ
Бурхан нас барсан хүнийг амилуулахыг амилалт гэдэг. Амилсан 9 хүний тухай Библид гардаг. Тэднийг Елиа, Елиша, Есүс, Петр, Паул амилуулжээ. Тэд энэ гайхамшгийг Бурхны агуу хүчээр үйлдсэн. Ехова дэлхий дээр «шударга, шударга бус хүний хэн хэнийг» амилуулахаа амласан (Үйлс 24:15). Библид бас тэнгэрт амилах хүмүүсийн тухай гардаг. Бурхны сонгосон хүмүүс тэнгэрт амилж, Есүстэй хамт хүн төрөлхтнийг захирна (Ёохан 5:28, 29; 11:25; Филиппой 3:11; Илчлэл 20:5, 6).
26. ЧӨТГӨРҮҮДТЭЙ ХОЛБОО ТОГТООХ (НАС БАРСАН ХҮНТЭЙ ХАРЬЦАХ)
Чөтгөрүүдтэй холбоо тогтоох, үхсэн хүнтэй харьцахыг оролддог хүмүүс байдаг. Тэд өөрсдөө шууд харьцах юм уу бөө, үзмэрч, зөн бэлгэч зэрэг бусад хүнээр зуучлуулдаг. Хүмүүс яагаад нас барсан хүнтэй харьцахыг оролддог вэ? Хүнийг үхэхэд сүнс нь үргэлжлэн амьдарч, үлдсэн хүмүүстээ нөлөөлдөг гэсэн хуурамч сургаалд итгэдэг учраас тэр юм. Чөтгөрүүд хүмүүсийг Бурханд дуулгаваргүй болгохыг зорьдог. Тиймээс зурхай, мэргэ төлөг, ид шид, илбэ, мухар сүсэг, нууцлаг ер бусын хүч зэргийг ашиглан хүмүүсийг эрхшээлдээ оруулдаг. Ном, сэтгүүл, зурхай, кино, зурагт хуудас, дуу хөгжимд хүртэл чөтгөрүүд, ид шид, далдын хүчийг гэм хоргүй, бүр сонирхолтой мэтээр харуулдаг. Мөн талийгаачийн хойдхыг бодож өргөл барьц өгөх, салах ёс гүйцэтгэхдээ эсвэл газар дээр нь эргэж очихдоо тусгай зан үйл үйлдэх нь чөтгөрүүдтэй харьцаж байна гэсэн үг. Хүмүүс чөтгөрүүдтэй холбоо тогтоохдоо ихэвчлэн согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг (Галат 5:20; Илчлэл 21:8).
▸ Бүлэг 10, д/м 10; Бүлэг 16, д/м 4
27. ЕХОВАГИЙН ХЭМЖЭЭГҮЙ ЭРХ МЭДЭЛ
Ехова бол орчлонт ертөнцийг бүтээсэн Төгс хүчит Бурхан (Илчлэл 15:3). Тийм учраас бүхнийг Эзэмшигч, хэмжээгүй эрх мэдэлтэй, бүх бүтээлээ захирах бүрэн эрхтэй (Дуулал 24:1; Исаиа 40:21–23; Илчлэл 4:11). Ехова бүх бүтээлдээ хууль тогтоосон. Бас бусдад эрх мэдэл өгөх эрхтэй. Бид Еховаг хайрлаж, дуулгавартай байвал хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжиж байна гэсэн үг (Шастирын дээд 29:11).
28. ҮР ХӨНДӨХ
Ургийн амийг санаатайгаар хөнөөхийг хэлдэг. Осолд орох юм уу эхийн биеийн байдлаас болж ураг эндэх нь үр хөндөлт биш. Ураг бүрэлдсэн цагаасаа эхийнхээ биеийн нэг хэсэг биш, тусдаа хүн юм.
29. ЦУС СЭЛБЭХ
Өөрийнхөө хадгалсан цусыг юм уу өөр хүний цусыг эсвэл цусны үндсэн дөрвөн хэсгийн аль нэгийг хийлгэхийг хэлдэг. Цусны үндсэн дөрвөн хэсэгт сийвэн, улаан эс, цагаан эс, ялтас ордог.
30. САХИЛГАЖУУЛАХ
Библид гардаг «сахилгажуулах» гэдэг үг зөвхөн шийтгэх гэсэн утгатай биш. Сахилгажуулах гэдэгт зааж сургах, засаж залруулах, сурган хүмүүжүүлэх ордог. Ехова биднийг сахилгажуулахдаа гутаан доромжилдоггүй, харгис ширүүн ханддаггүй (Сургаалт үгс 4:1, 2). Энэ талаар эцэг эхчүүдэд төгс жишээ үзүүлдэг. Еховагийн сахилгажуулах арга маш үр дүнтэй байдаг. Тийм учраас хүмүүс талархан хүлээж аваад зогсохгүй бүр хүсэн хүлээдэг болдог (Сургаалт үгс 12:1). Ехова ард түмнээ хайрладаг болохоор зааж сургадаг. Буруу үзлийг нь засаж залруулахын тулд заавар зөвлөгөө өгдөг. Бас таалалд нь нийцдэг зүйлийг бодож, хийж сурахад нь тусалдаг. Эцэг эхчүүд хүүхдээ сахилгажуулахдаа яагаад дуулгавартай байх хэрэгтэйг ойлгуулах нь чухал. Бас Еховаг хайрлаж, Библийг эрхэмлэж, зарчмыг нь ойлгодог болоход нь туслах хэрэгтэй.
31. ЧӨТГӨРҮҮД
Хүний нүдэнд харагддаггүй, ер бусын хүчтэй, хорон муу тэнгэрийн элчүүд. Бурханд дуулгаваргүй загнаж, дайсагнасан учраас чөтгөрүүд болсон (Эхлэл 6:2; Юуда 6). Тэд Еховад тэрсэлсэн Сатантай нэгдсэн (Дэд хууль 32:17; Лук 8:30; Үйлс 16:16; Яаков 2:19).