«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
1-Р САРЫН 4–10
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 18, 19
«Ёс суртахууны хувьд цэвэр ариун байгаарай»
w14 7/1 7 ¶2
Бурхан хорон мууг хэрхэн арилгах вэ?
Санаатайгаар хорон мууг үйлдэж өөрчлөгдөхийг хүсдэггүй хүмүүсийн хувьд ямар вэ? Тийм хүмүүсийн талаар Бурхан «Цэх шулуун хүн л газар дэлхий дээр амьдарч, Буруугүй нь байсаар байх болно. Харин хар санаатан газраас таслагдаж, Итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана» гэж тодорхой хэлсэн байдаг (Сургаалт үгс 2:21, 22). Хорон хүмүүсийн нөлөө арилж үгүй болно. Тийм амар тайван нөхцөлд, дуулгавартай хүн төрөлхтөн өвлөж авсан төгс бус байдлаасаа аажмаар ангижрах болно (Ром 6:17, 18; 8:21).
1-Р САРЫН 11–17
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 20, 21
«Ехова ард түмнээ тусгаарладаг»
it-1 1199
Өв
Эзэмшигчийг нас барахад өв залгамжлагч нь юм уу өвийг нь авах эрх бүхий хүний хүлээж авдаг эд хөрөнгө. Өвөг дээдэс юм уу өмнөх үеийн хэн нэгнээс залгамжлан авсан ямар нэгэн юм. Энэ үг гол төлөв өвлүүлэн үлдээх эд хөрөнгө эсвэл өв хөрөнгийг хүлээн авах юм уу өгөхтэй холбоотой нахал (нэр үгний хэлбэр нь нахала) гэдэг еврей хэлний үйл үгээс орчуулагдсан байдаг (То 26:55; Езе 46:18). Еврей хэлний яраш гэдэг үйл үгийг заримдаа «өвлөгчийн хувиар залгамжлах» гэсэн утгаар ашигладаг боловч өв залгамжлалтай хамаагүйгээр «эзлэх» гэсэн утгаар ашиглах нь олонтоо (Эх 15:3; Ле 20:24). Мөн энэ үг цэрэг дайны үйл ажиллагаатай холбоотой «булаан авах, хөөж зайлуулах» гэсэн утгыг бас илэрхийлдэг (Ху 2:12; 31:3). Өвтэй холбоотой грек үгнүүд нь клерос гэдэг үгтэй холбоотой байдаг ба энэ үг уг нь «шавга» гэсэн утгатай байснаа хожим нь «хувь» гэсэн утгыг илэрхийлдэг болсон бөгөөд эцэст нь «өв» гэсэн утгатай болсон (Мт 27:35; Үй 1:17; 26:18).
it-1 317 ¶2
Шувуу
Дэлхийг хамарсан усан галавын дараа Ноа «цэвэр шувуудыг» бусад амьтны хамт тахил болгон өргөсөн (Эх 8:18–20). Дараа нь Бурхан цусыг нь идэхгүй л бол шувууг хоол хүнсэндээ хэрэглэж болно гэж хүмүүст зөвшөөрсөн (Эх 9:1–4. Ле 7:26; 17:13-тай харьцуулаарай). Тиймээс тухайн үед зарим шувууг «цэвэр» гэсэн нь тахил болгон хүлээн авах эсэх талаар өгсөн Бурхны заавартай холбоотой байсан бололтой. Мосегийн хуулийг өгөхийн өмнө хоол хүнсэнд хэрэглэхэд ямар ч шувуу «бузар» биш байсныг Библиэс мэдэж болно (Ле 11:13–19, 46, 47; 20:25; Ху 14:11–20). Аль нэг шувууг «бузар» гэж заасан шалтгааныг Библид тодорхой бичээгүй. Тэдгээр шувууны ихэнх нь махчин шувуу юм уу муудсан мах иддэг шувуу байсан боловч бүгд тийм байгаагүй. Бурхан үзэгдлээр дамжуулан Петрт тодорхой илчилсний адилаар энэхүү хорио заалт шинэ гэрээ тогтоогдсоны дараа хүчингүй болсон (Үй 10:9–15).
Эрдэнэс хайх нь
it-1 563
Биеэ зүсэх
Бурхны хуульд үхсэн хүний төлөө биеэ зүсэхийг хориглосон тодорхой заалт байсан (Ле 19:28; 21:5; Ху 14:1). Яагаад гэвэл израйлчууд бол Бурхны ариун ард түмэн бөгөөд онцгой эзэмшил нь байсан (Ху 14:2). Тиймээс израйлчууд шүтээн шүтэх аливаа үйлээс зайлсхийх ёстой байсан. Биеэ зүсэн хэтэрхий туйлширсан аргаар уй гашуугаа илэрхийлэх нь үхлийн тухай үнэн болон амилалтын найдварыг сайтар мэддэг тэдний хувьд үнэхээр зохисгүй үйл байлаа (Да 12:13; Ев 11:19). Түүнчлэн, биеэ зүсэхийг хориглосон энэхүү тушаал израйлчуудад Бурхны бүтээл болох хүний биеийг хүндэтгэх ёстойг ойлгуулдаг байсан нь ойлгомжтой.
1-Р САРЫН 18–24
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 22, 23
«Эртний баярууд бидний хувьд»
it-1 826-827
Исгээгүй талхны баяр
Исгээгүй талхны баярын эхний өдөр сүрлэг их цугларалт болдог байсан бөгөөд энэ өдөр амралтын өдөр байсан. Хоёр дахь өдөр нь болох Нисан сарын 16-ны өдөр хүмүүс арвайн ургацын анхны үр жимсний багц буюу Палестинд боловсорсон анхны ургацыг тахилчид авч ирдэг байв. Энэхүү баярын өмнө шинэ ургацын үр тариа, талх юм уу хуурсан үр тариаг идэж болохгүй байсан. Тахилч үр тарианы багцыг нааш цааш даллан тэрхүү анхны үр жимсийг Еховад бэлгэдлийн утгаар өргөдөг байсан ба нэг согоггүй эр хургыг шатаалт тахил болгон өргөж, түүний хамт тостой хольсон идээн өргөл ба ундаан өргөлийг өргөдөг байжээ (Ле 23:6–14). Хожим тахилч нарын үйлддэг байснаас ялгаатай нь тахилын ширээн дээр ямар нэг үр тариа юм уу гурилыг шатаа гэсэн тушаал байгаагүй. Исгээгүй талхны баярын үеэр тахилчид бүх ард түмний төлөө хамгийн анхны үр жимсийг өргөдөг байснаас гадна эзэмшил газартай израйлын айл өрх, хувь хүн бүр энэхүү баярыг тэмдэглэх хугацаанд талархлаа илэрхийлэн өргөл өргөдөг байжээ (Ег 23:19; Ху 26:1, 2).
Утга учир. Еховагийн Мосед тушаасны дагуу израйлчууд энэ баяраар исгээгүй талхыг иддэг байв. Тэрхүү тушаалыг Египетээс гарсан нь 12:14–20-д бичсэн байдаг ба 19-р зүйлд «Долоо хоногийн туршид та нарын гэрүүдэд ямар ч хөрөнгө бүү олдог» гэсэн хатуу хориг багтсан байдаг. Дэд хууль 16:3-т исгээгүй талхыг «зовлонгийн талх» гэсэн байдаг. Энэ талх жил бүр иудейчүүдэд Египетээс яаран гарсан өдрийг нь (тэр үед тэдэнд талхаа исгэх цаг байгаагүй [Ег 12:34]) сануулдаг байв. Еховагийн «Чи Египетээс гарсан тэр өдрийг насан туршдаа санаж явах болно» гэж айлдсанчлан, тэд аврагдахаасаа өмнө туулсан зовлонгоо, бас боолчлогдож байснаа эргэн санадаг байсан. Тэд эрх чөлөөт ард түмэн болсноо ойлгож, Еховаг аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрснөөр жилд тэмдэглэдэг гурван том баярын эхнийх нь болох Исгээгүй талхны баярыг тэмдэглэхэд бэлэн болдог байлаа (Ху 16:16).
it-2 598 ¶2
Тавь дахь өдрийн баяр
Буудайн ургацын анхны үр жимсийг арвайн анхны үр жимснээс өөр аргаар өргөх ёстой байв. Хөрөнгө хольсон ефагийн аравны хоёр (4,4 литр) хэмжээтэй сайн гурилаар хоёр талх барих ёстой байв. Түүнийг «амьдрах газраасаа» авчрах ёстой байсан гэснийг үзвэл тэр талхыг онцгойлон ариун зорилгоор барих бус гэртээ ердийн аргаар барьдаг байсныг мэдэж болно (Ле 23:17). Үүнийг шатаалт тахил ба нүглийн төлөөх тахилтай хамт өргөдөг байсан ба эвийн төлөөх тахил болгон хоёр хургыг өргөдөг байв. Тахилч тэрхүү талх болон хурганы хэсэг махыг гартаа авч Еховагийн өмнө нааш цааш далладаг байсан ба энэ нь тэдгээрийг Еховагийн өмнө өргөснийг илэрхийлдэг байв. Тэгж өргөсөн талх ба хурга нь тахилчийн хувь болж, тахилч түүнийг эвийн өргөл болгон иддэг байв (Ле 23:18–20).
1-Р САРЫН 25–31
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 24, 25
«Эврийн бүрээдэлтийн жил болон ирээдүйн эрх чөлөө»
it-1 871
Эрх чөлөө
Эрх чөлөөний Бурхан. Ехова бол эрх чөлөөний Бурхан билээ. Тэрбээр израйлчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлсөн. Тэрбээр тэдэнд өөрийнх нь тушаалд дуулгавартай л байвал ядуу тарчиг байдлаас ангид, чөлөөтэй байх болно хэмээн айлдсан байдаг (Ху 15:4, 5). Давид Иерусалимын ханан хэрэм доторх «амар амгалангийн [үгчилбэл «санаа зовнилгүй эрх чөлөө»]» тухай дурдсан байдаг (Ду 122:6, 7). Гэхдээ Мосегийн хуулийн дагуу, еврей хүн ядуу тарчиг болбол өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангахын тулд өөрийгөө боол болгон худалдаж болдог байв. Харин тэрбээр боол болоод 7 дахь жилдээ Мосегийн хуулийн дагуу эрх чөлөөтэй болдог байв (Ег 21:2). Эврийн бүрээдэлтийн жил (50 жил тутам болдог) тэр нутгийн бүх оршин суугчид эрх чөлөөг зарласнаар еврей боолууд бүгдээрээ эрх чөлөөтэй болж өөрсдийн эзэмшил газар луу буцдаг байжээ (Ле 25:10–19).
it-1 1200 ¶2
Өв
Газар нь үе дамжин ганц гэр бүлийн эзэмшил болон үлддэг байсан учраас бүрмөсөн худалдах боломжгүй байв. Газрыг худалдах гэдэг нь үнэндээ тухайн газраас гарах ургацын үнээр түрээсэлж байгаагаас өөрцгүй байв. Дараагийн эврийн бүрээдэлт хүртэлх жилийн тоог харгалзан газрын үнийг тогтоодог байжээ. Эврийн бүрээдэлт болохын өмнө буцааж аваагүй бүх эзэмшил газрыг эврийн бүрээдэлт болоход анхны эзэнд нь буцааж өгдөг байв (Ле 25:13, 15, 23, 24). Энэ заалтад хэрэмгүй тосгодын орон сууц бас хамрагддаг байсан. Учир нь тийм орон сууц хөдөө талбайн нэг хэсэгт тооцогддог байжээ. Харин хэрэмтэй хот дахь орон сууцны тухайд зарснаас нь хойш зөвхөн нэг жилийн дотор буцаан худалдаж авах эрхтэй байсан. Тэр хугацаа өнгөрвөл уг орон сууц нь худалдан авсан хүний өмч болдог байв. Гэхдээ Левичүүд газар өвлөж авдаггүй байсан учраас тэдний хот дахь орон сууцны тухайд уг сууцны эзэн нь түүнийгээ хэзээ ч буцаан худалдаж авах эрхтэй байсан (Ле 25:29–34).
it-2 122-123
Эврийн бүрээдэлт
Израйлчууд эврийн бүрээдэлтийн хуулийг сахисан тохиолдолд өнөө үеийн олон улс оронд ажиглагддаг харамсалтай байдалд (зөвхөн асар баян ба хэт ядуу хүмүүс гэсэн нийгмийн хоёр давхарга л оршин байдаг байдал) орохоос хамгаалагддаг байсан. Энэхүү хуулийн ачаар хүмүүс хүний үндсэн эрхээ хангалттай эдэлж чадахгүй байх юм уу санхүүгийн хямралын улмаас орлогогүй болохоос хамгаалагддаг байсан. Бүх хүн өөрийн авьяас чадвараа ашиглан улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой байсан учраас Израйл улс хүчирхэг болсон. Ехова газрын ургацыг ивээж, израйлчуудад сайн боловсрол олгодог байсан учраас тэд Бурханд дуулгавартай л байвал зөвхөн Бурхны л байгуулж чадах төгс засаглалаар удирдуулж, хөгжин цэцэглэх боломжтой байлаа (Ис 33:22).
Эрдэнэс хайх нь
w09 9/1 22 ¶4
Бусад хүн намайг хохирооход
Израйл хүн элэг нэгтэн рүүгээ дайрч нэг талын нүдийг нь сохлох тохиолдолд Мосегийн хууль түүнтэй дүйцэх шийтгэл оноохыг зөвшөөрдөг байсан. Гэхдээ хохирол учруулагч юм уу түүний гэр бүлийн хэн нэгнийг шийтгэх эрх хохирогчид байгаагүй. Мосегийн хуулийн дагуу, хохирогч тухайн асуудлыг эрх бүхий нэгэн буюу томилогдсон шүүгчид аваачиж зөвөөр шийдүүлэх ёстой байсан. Санаатайгаар гэмт хэрэг үйлдэх юм уу бусдыг хүчирхийлбэл түүнтэйгээ адилхан шийтгүүлнэ гэдэг ойлголт нь израйл хүн өөрийгөө захирахад ихээхэн ач тустай байжээ. Гэхдээ энэ хуулийг авч үзэхдээ бас өөр нэг зүйлийг бодолцох хэрэгтэй.
2-Р САРЫН 1–7
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 26, 27
«Яавал Еховагийн ивээлийг хүртэх вэ?»
it-1 223 ¶3
Эмээх сэтгэл
Ехова Мосетой онцгой аргаар харьцдаг байсан учраас Мосе Бурхны ард түмний нүдэнд агуу бөгөөд эмээх сэтгэл төрүүлэхүйц зүйл (еврейгээр, мора) хийсэн (Ху 34:10, 12; Ег 19:9). Итгэлтэй хүмүүс Мосегийн эрх мэдлээс эмээдэг байсан ба Бурхан түүгээр дамжуулан ярьдгийг ойлгодог байсан. Израйлчууд Еховагийн ариун газраас бас эмээх ёстой байжээ (Ле 19:30; 26:2). Энэ нь эмээх сэтгэлээр ариун газрыг хүндэтгэн, Еховаг заасан аргаар нь шүтэж, түүний бүх тушаалтай нийцүүлэн амьдарна гэсэн утгатай байлаа.
w91 3/1 17 ¶10
Бурхны амар тайвнаар зүрх сэтгэлээ хамгаал
10 Ехова израйлчуудад «Хэрэв та нар Миний тогтоолууд дотор алхаж, Миний тушаалуудыг сахин, тэдгээрийг биелүүлбэл, Би та нарт цаг улиралд нь бороог өгөх болно. Ингэснээр газар нь үр шимээ өгч, талбайн модод нь жимслэх юм. Бас та нарыг айлгах нэгэнгүй та нарыг хэвтүүлэхийн тулд Би нутагт чинь амар тайвныг соёрхох болно. Би мөн аюултай араатан амьтдыг нутгаас чинь үгүй болгох бөгөөд ямар ч илд нутгаар чинь дайран өнгөрөхгүй. Би бас дунд чинь алхаж, та нарын Бурхан болох бөгөөд та нар Миний ард түмэн байх болно» хэмээн айлджээ (Левит 26:3, 4, 6, 12). Израйлчууд дайснуудаасаа хамгаалагдаж, элбэг дэлбэг байж, Еховатай дотно харьцаатай байна гэсэн утгаар амар тайван амьдрах боломжтой байв. Гэхдээ энэ нь тэд Еховагийн хуулийг дагах эсэхээс шалтгаалдаг байв (Дуулал 119:165).
Эрдэнэс хайх нь
it-2 617
Тахал
Бурхны хуулийг үл тоохын хор уршиг. Бурхан израйлчуудад өөртэй нь байгуулсан гэрээг сахихгүй бол тэдний дунд «тахлыг илгээнэ» гэж сануулсан (Ле 26:14–16, 23–25; Ху 28:15, 21, 22). Библид ер нь бие махбодын хувьд эрүүл байж, Бурхантай дотно байхыг түүний ивээлтэй холбож бичсэн байдаг (Ху 7:12, 15; Ду 103:1–3; Су 3:1, 2, 7, 8; 4:21, 22; Ил 21:1–4). Харин нөгөөтээгүүр өвчин эмгэгийг нүгэл ба төгс бус байдалтай холбосон байдаг (Ег 15:26; Ху 28:58–61; Ис 53:4, 5; Мт 9:2–6, 12; Ёох 5:14). Зарим тохиолдолд Ехова Бурхан өөрөө тэр дор нь хүнийг өвчлүүлдэг байсан удаатай. Жишээ нь, Мириам, Уззиа, Гехази нарыг уяман өвчтэй болгосон (То 12:10; Ш.дэ 26:16–21; Х.дэ 5:25–27). Гэхдээ ихэнх тохиолдолд өвчин тахал гарах нь хэн нэгэн хүн эсвэл улс нийтээрээ нүгэлт замаар замнасны улмаас үүссэн мэдээжийн бөгөөд өөрчлөгдөшгүй хатуу хор уршиг байлаа. Үнэндээ тэд тарьснаа л хурааж авсан бөгөөд буруу замаар замнасныхаа уршгийг махан биеэрээ амссан (Га 6:7, 8). Ёс журамгүй садар самуун явдалд автсан хүмүүсийн тухайд элч Паул «Цэвэр бус, өөрсдийгөө гутаах юм хийдэг тэднийг Бурхан зөнд нь орхисон. ... [Тэд] хийсэн хэрэгтээ тохирсон шийтгэл хүлээж байна» гэж бичсэн байдаг (Ро 1:24–27).
2-Р САРЫН 8–14
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТООЛЛОГО 1, 2
«Ехова ард түмнээ зохион байгуулдаг»
w94 12/1 9 ¶4
Бидний амьдралд Еховаг шүтэх шүтлэгийн эзлэх ёстой зохистой байр суурь
4 Хэрэв тэнгэрт халин нисэх шувуудын нүдээр цөлд хуарагнасан израйлчуудыг харсан бол ямар байх байсан бол? Гурван сая орчим хүн амтай тэдний майхнууд гурав гурван овгоороо ертөнцийн дөрвөн зүг рүү тархаж байрласан байсныг харах байлаа. Тэд асар өргөн уудам газарт тархан байрлаж байсан боловч эмх журамтай жагсаж хуарагнасан байв. Ойртож очоод нарийн ажиглавал хуарангийн төвийн ойролцоо өөр нэг овгийнхон хэдэн хэсэгт тасарч байрласан байх ба тэдгээр багахан хэмжээтэй дөрвөн хэсэгт Леви овгийн гэр бүлийнхний майхнууд байдаг байв. Хуарангийн төвд даавуун ханаар тусгаарлагдсан хэсэгт нэгэн өвөрмөц байгууламж байсан. Энэ нь Еховагийн өгсөн загварын дагуу «ур чадвартай» израйлчуудын барьсан «хурлын майхан» буюу мөргөлийн асар байлаа (Тооллого 1:52, 53; 2:3, 10, 17, 18, 25; Египетээс гарсан нь 35:10).
it-1 397 ¶4
Хуаран
Израйлчуудын энэ хуаран маш том хэмжээтэй байжээ. Дээр дурдсан бүртгэлтэй дайчдын нийт тоо нь 603 550 байсан ба эмэгтэйчүүд, хүүхдүүд, настангууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, леви овгийн 22 000 хүн, харь хүмүүсээс бүрдэж «холилдсон үй олон хүмүүс» байсан учраас бүгд нийлээд 3 саяыг давсан бололтой (Ег 12:38, 44; То 3:21–34, 39). Тэрхүү хуаран хэр өргөн газар тархан байрлаж байсан нь тодорхойгүй бөгөөд хүмүүс янз янзаар таамагладаг. Тэд Иерихогийн харалдаах Моабын талд хуарагнахдаа «Бет-иешимотоос Абел-шиттимийг хүртэл» тархан байрласан хэмээн тэмдэглэгдсэн байдаг (То 33:49).
Эрдэнэс хайх нь
it-2 764
Бүртгэл
Гол төлөв овог, гэр бүлийнх нь дагуу нэр ба удмын бичгийг тэмдэглэх ажил. Энэ нь ердийн хүн амын судалгаа юм уу тооллогоос илүү өргөн утгатай. Библид гардаг улсын хэмжээний бүртгэлүүд нь татвар хураах, цэрэгт татах, эсвэл (бүртгэгдсэн левичүүдийг) ариун газрын үйлчлэлд томилох зэрэг янз бүрийн зорилготой байжээ.
2-Р САРЫН 15–21
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТООЛЛОГО 3, 4
«Левичүүдийн үйлчлэл»
it-2 683 ¶3
Тахилч
Хуулийн гэрээний үед. Израйлчууд Египетэд боолчлогдож байх үед Ехова арав дахь гамшгийг буулган египетчүүдийн ууган хөвгүүдийг устгаад израйлчуудын бүх ууган хүүг ариусган өөртөө авсан (Ег 12:29; То 3:13). Тиймээс энэ ууган хөвгүүд нь Еховагийнх болж, түүнд тусгайлан үйлчлэхэд бүрэн зориулагдах ёстой байв. Бурхан израйлчуудын бүх ууган хүүг тахилч ба ариун газарт үйлчлэх хүн болгож болох байсан. Гэхдээ түүний оронд Леви овгийн эрчүүдийг энэ үйлчлэлд зориулах нь түүний санаа зорилгод нийцсэн. Иймээс тэрбээр Израйлын бусад 12 овгийн (Иосефын хөвгүүд болох Ефраим ба Манассегийн үр хүүхдүүд хоёр овог болж тооцогдсон) ууган хөвгүүдийн оронд Леви овгийн эрчүүд үйлчлэхийг зөвшөөрсөн. Хүн амыг бүртгэхэд нэг сартай ба түүнээс дээш насны Леви овгийн бус ууган хөвгүүд Леви овгийн эрчүүдээс 273-аар олон байсан учраас Бурхан золиосны үнэ болгон тэдгээр 273 хүн тус бүрд 5 шекел (11 ам.доллар) оногдуулж тооцсон хэмжээний мөнгө төлөхийг тушаасан бөгөөд энэхүү мөнгийг Аарон болон түүний хөвгүүдэд өгсөн (То 3:11–16, 40–51). Үүнээс өмнө Ехова Леви овгийнхны дундаас Аароны гэр бүлийн эрчүүдийг Израйлын тахилч болгохоор аль хэдийн сонгосон байсан (То 1:1; 3:6–10).
it-2 241
Левичүүд
Үүрэг. Левичүүд гурван гэр бүл буюу Левийн хөвгүүд болох Гершон (Гершом), Кохат, Мерари нарын гэр бүлээс бүрддэг байв (Эх 46:11; Ш.дээ 6:1, 16). Энэ гэр бүлүүд тус бүр цөлд байсан мөргөлийн асрын ойролцоо хуваарилагдсан байршилтай байв. Кохатчуудын дундаас Аароны гэр бүлийнхэн мөргөлийн асрын үүдэн талд буюу зүүн зүгт, бусад кохатчууд урд зүгт, гершончууд баруун зүгт, мераричууд хойд зүгт тус тус буудалладаг байжээ (То 3:23, 29, 35, 38). Мөргөлийн асрыг барих, буулгах, зөөх ажлыг левичүүд хариуцдаг байсан. Асрыг нүүлгэх болоход, Аарон болон түүний хөвгүүд ариун газар ба ариунаас ариун газрыг тусгаарладаг хөшгийг буулгаж аваад, гэрчлэлийн авдар, тахилын ширээнүүд, өөр бусад ариун эд зүйлийг бүтээсэн. Дараа нь Кохатчууд тэдгээрийг зөөсөн. Гершончууд майхны даавуу, бүтээлэг, үүдний хаалт, хашааны хөшиг, майхны оосрыг (мөргөлийн асрын оосор байсан бололтой), мераричууд хүрээ дүнз, багана, углуургатай суурь, майхны гадас болон оосрыг (мөргөлийн асрыг тойрсон хашааны оосор) зөөсөн (То 1:50, 51; 3:25, 26, 30, 31, 36, 37; 4:4–33; 7:5–9).
it-2 241
Левичүүд
Мосегийн үед Леви хүн 30 нас хүрч байж, мөргөлийн асрыг нүүлгэх үед асар болон түүний эд зүйлийг зөөх гэх мэтийн ажил үүргээ бүрэн хариуцаж гүйцэтгэх боломжтой байсан (То 4:46–49). Зарим ажил үүргийг 25 настайгаасаа эхлээд гүйцэтгэж болдог байсан ч энэ нь мөргөлийн асрыг нүүлгэхтэй адил хүнд ажил биш байсан бололтой (То 8:24). Давид хааны үед тэрхүү насыг 20 нас болгож өөрчилсөн. Үүний шалтгааныг Давид тайлбарлан, мөргөлийн асрыг (ариун сүм түүнийг орлох байв) дахин нүүлгэх шаардлагагүй болсон хэмээн хэлсэн байдаг. Левичүүд тавин нас хүрээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгддөг байв. (То 8:25, 26; Ш.дээ 23:24–26). Тэд үе үе Мосегийн хуулийг олны өмнө уншиж, ард түмэнд заах ёстой байсан учраас тэрхүү хуулийг маш сайн мэддэг байх шаардлагатай байсан (Ш.дээ 15:27; Ш.дэ 5:12; 17:7–9; Не 8:7–9).
2-Р САРЫН 22–28
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТООЛЛОГО 5, 6
«Назир хүмүүсийг яаж дуурайх вэ?»
it-2 477
Назир хүн
Назир хүн болохоор тангарагласан хүнд 3 янзын хорио тавигддаг байв. 1) Ямар ч согтууруулах ундааг ууж болохгүй. Боловсроогүй ч бай, боловсорсон ч бай, хатаасан ч бай, ямар ч усан үзмийг идэж болохгүй. Шинэхэн, исгэсэн, цуу хэлбэртэй болсон ямар ч усан үзмийн шүүсийг ууж болохгүй. 2) Үсээ тайрч болохгүй. 3) Хүний цогцост хүрч болохгүй. Хамгийн ойрын хамаатны (аав, ээж, ах, эгч, дүү) цогцост ч хүрч болохгүй (То 6:1–7).
Онцгой тангараг. Энэ тангаргийг Еховад өөрийгөө зориулан назир хүний ёсоор амьдрахын тулд өргөдөг байсан болохоос бус өөрийн махан биеийн хүслийг дарж байгаагаараа гайхуулан хүмүүсээр магтуулах зорилгоор өргөдөггүй байв. Харин ч «Тусгаарлалтын [Назир хүний ёсоор амьдрах] бүх өдрүүдэд тэрээр ЭЗЭНд ариун» байсан (То 6:2, 8; Эх 49:26).
Тиймээс назир хүнд тавигддаг шаардлагууд нь Еховаг шүтэх шүтлэгийн хувьд онцгой утга учиртай байсан. Тэргүүн тахилч ариун үүрэг гүйцэтгэдэг байсан учраас ямар ч цогцост, тэр дундаа хамгийн ойрын хүнийхээ цогцост ч хүрч болдоггүй байсны адилаар назир хүн ч бас хүрч болдоггүй байсан. Тэргүүн тахилч болон туслах тахилч нар өндөр хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг байсан учраас Еховагийн өмнө ариун үйлчлэлд оролцохдоо дарс юм уу согтууруулах ундаа уухыг хориглодог байв (Ле 10:8–11; 21:10, 11).
Мөн назир хүн (еврейгээр, назир) «ариун байж», «толгойнхоо үсийг ... урт ургуулах» ёстой байв. Бүх хүн толгой дээрх тэмдэг болсон тэрхүү үсийг нь хараад түүнийг ариун назир хүн гэдгийг амархан ялгаж таньдаг байв (То 6:5). Ариун амралтын жил болон эврийн бүрээдэлтийн жил «тайрагдаагүй» усан үзмийн модны тухай бичихэд назир гэдэг энэ еврей үгийг хэрэглэсэн байдаг (Ле 25:5, 11). Сонирхолтой нь тэргүүн тахилчийн малгайн урд талд байдаг «ЭЗЭНд ариун» гэсэн сийлбэртэй алтан пайзыг «Бурханд зориулсныг [еврейгээр, назир гэдэг үгтэй ижил язгууртай нэзэр] илтгэх ариун тэмдэг» хэмээн дурдсан байдаг (Ег 39:30, 31). Үүний адилаар Израйлын тослогдсон хаадын титмийг ч бас нэзэр гэдэг байсан (2Са 1:10; Х.дэ 11:12). Нэгэн элчийн хэлснээр, Бурхан Христийн дагалдагчдын хурлын эмэгтэй хүнд урт үсийг толгойн өмсгөл болгон өгсөн. Энэ нь эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс өөр байр суурьтай гэдгийг нь, бас Бурхны тогтоосон хэм хэмжээний дагуу дуулгавартай байх ёстой гэдгийг нь сануулах үүрэгтэй байсан. Тиймээс тэрхүү шаардлагууд буюу үсээ урт ургуулах (эрэгтэй хүний хувьд этгээд байдал), дарс огт уухгүй байх, бузарлагдахгүй цэвэр байх нь Бурханд өөрийгөө зориулсан назир хүнд өөрийгөө үгүйсгэн, Еховагийн санаа зорилгыг бүрэн дэмжиж захирагдахын чухлыг сануулдаг байв (1 Ко 11:2–16).
Эрдэнэс хайх нь
w05 1/15 30 ¶2
Уншигчдын асуулт
Харин Самсон бол арай өөр онцлогтой назир хүн байсан. Самсоныг төрөхийн өмнө Еховагийн тэнгэрийн элч түүний ээжид: «Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн умайд байхаасаа Бурханд Назир хүн болох юм. Тэр Израилийг филистчүүдийн савраас аварч эхэлнэ» хэмээн хэлсэн байдаг (Шүүгчид 13:5). Самсон назир хүн болох тангараг өргөөгүй. Тэрбээр Бурхны томилсон назир хүн байсан бөгөөд насан туршдаа назир хүний ёсоор амьдрах байв. Самсоны хувьд хүний цогцост хүрч болохгүй гэсэн хориог түүнд тавих аргагүй байв. Хэрэв энэхүү хориог түүнд тавьсан атал тэрбээр санамсаргүй хүний цогцост хүрчихвэл, төрснөөсөө эхлээд насан туршид үргэлжлэх байсан назир хүний ёсоор амьдрах хугацаагаа тэрбээр хэрхэн дахин эхлүүлж чадах билээ? Тиймээс насан туршдаа назир хүний ёсоор амьдардаг хүмүүст тавигдах шаардлага нь сайн дураараа назир хүн болсон хүмүүст тавигдах шаардлагаас тодорхой хэмжээгээр өөр байсан бололтой.