«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
9-Р САРЫН 6–12
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДЭД ХУУЛЬ 33, 34
«Еховагийн “мөнхийн мутарт” хоргодогтун»
it-2 51
Иешурун
Израйлыг хүндэтгэн дуудах нэр. Грек «Септуагинт»-д «Иешурун» гэдэг үгийг хайраа илэрхийлсэн үг болгон «хайрт» гэж орчуулсан. «Иешурун» гэж нэрлэсэн нь израйлчуудад Еховатай гэрээ байгуулсан ард түмэн гэдгийг нь мөн үүнээс үүдээд ёс суртахууны хувьд цэвэр ариун байх ёстойг нь сануулдаг байсан нь лавтай (Ху 33:5, 26; Ис 44:2). Дэд хууль 32:15-д тэднийг Иешурун гэж ёжлон дууддаг. Израйл Иешурун гэдэг нэрээ бодож амьдрахын оронд зөрүүдэлж Бүтээгч Бурхнаа хаяж Аврагчаа үл ойшоосон.
rr 120, box
Эргэж хөл дээрээ зогсоход Ехова тусалдаг
Энэ зөгнөл Езекиелээс олон зууны өмнө зөнч Мосе, Еховаг зөвхөн хүч чадалтай төдийгүй тэр хүчээ ард түмнийхээ төлөө ашиглах хүсэлтэй гэдгийг онцолсныг санагдуулдаг. Мосе ингэж тэмдэглэжээ. «Мөнхийн Бурхан бол орших газар. Түүний мөнхийн мутар доор чинь байна» (Д.хууль 33:27). Хэцүү цаг үедээ бид Бурхандаа хандвал Ехова халамжит мутраараа биднийг зөөлөн өргөж, хөл дээрээ зогсоход маань тусална гэдэгт итгэж болно (Езе. 37:10).
9-Р САРЫН 13–19
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОШУА 1, 2
Эрдэнэс хайх нь
w04 12/1 9 ¶1
«Иошуа» номын онцлох санаа
2:4, 5—Рахаб туршуулуудыг барихаар ирсэн хааны хүмүүст яагаад ташаа мэдээлэл өгсөн бэ? Рахаб Еховад итгэдэг болсон учраас амь насаараа дэнчин тавьж туршуулуудыг аварсан. Тийм болохоор Бурхны хүмүүсийг барихаар ирсэн улсад туршуулуудын хаана байгааг хэлэх албагүй байв (Матай 7:6; 21:23–27; Ёохан 7:3–10). Рахаб «үйлсээрээ шударга сайнд тооцогдсон» гэдэгт хааны элч нарыг буруу зүг руу явуулсан нь бас багтдаг (Яаков 2:24–26).
9-Р САРЫН 20–26
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОШУА 3–5
«Итгэлд үндэслэсэн үйл хэргийг Ехова ивээдэг»
it-2 105
Иордан
Галил нуураас Давст тэнгис хүртэлх Иордан голын усны гүн жирийн үедээ 1–3 метр, голдрилын өргөн нь 27–30 метр байдаг. Гэхдээ хаврын цагаар Иордан голын ус эргээсээ хальж харьцангуй өргөн бас гүнзгий болдог (Иош 3:15). Үерлэсэн байхад нь, ялангуяа Иерихогийн ойролцоо, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдээс бүрдсэн Израйлын үндэстэнд бүхлээрээ голыг гатлах нь эрсдэлтэй байсан. Тэнд усны урсгал маш хүчтэй учраас усанд орж байсан хүмүүс урсаад явчихсан тохиолдлууд саяхан гарсан. Харин Ехова гайхамшиг үйлдэж урсгалыг нь татсанаар израйлчуудад хуурай газраар Иорданыг гатлах боломж олдсон (Иош 3:14–17). Хэдэн зуун жилийн дараа Елиа Елишатай хамт байхдаа, бас Елиша ганцаараа ийм гайхамшиг үзсэн (Х.дэ 2:7, 8, 13, 14).
Эрдэнэс хайх нь
w04 12/1 9 ¶2
«Иошуа» номын онцлох санаа
5:14, 15—«ЭЗЭНий дайчдын жанжин» гэж хэн бэ? Амласан газрыг эзэлж эхлэхэд Иошуаг дэмжихээр ирсэн жанжин нь «Үг» буюу хүн болохоос өмнөх Есүс Христ байсан нь гарцаагүй (Ёохан 1:1; Даниел 10:13). Өнөө үед алдраа дуурсгасан Есүс Христ үнэнч байх гэж тэмцэл явуулдаг Бурхны ард түмэнтэй хамт байдаг гэж бодохлоор улам их зоригждог!
9-Р САРЫН 27—10-Р САРЫН 3
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОШУА 6, 7
«Хоосон юмыг бүү харагтун»
w97 8/15 28 ¶2
Хорон мууг мэдүүлэх нь ямар учиртай вэ?
Хэн нэгэн ноцтой нүгэл үйлдсэнийг мэдэгдэх нь хурлын цэвэр ариун байдлын төлөө юм. Ехова бол цэвэр ариун Бурхан. Тэрбээр өөрийг нь шүтдэг хүн бүрээс шүтлэг болон ёс суртахууны хувьд цэвэр байхыг шаарддаг. Бичүүлсэн Үгэнд нь ингэж сануулсан байна. «Дуулгавартай хүүхдүүд та нар Бурхны талаар мэддэггүй байсан үеийнхээ хүсэлд автахаа боль. Харин та нарыг сонгосон Ариун Нэгнийг дуурайж, бүх талаар үргэлж ариун бай. Яагаад гэвэл “Би ариун учир та нар ариун байх ёстой” гэж бичсэн байдаг» (1 Петр 1:14–16). Бузар булай юм хийдэг эсвэл нүгэл үйлддэг хүмүүсийг буруугаа ойлгож засрахад нь туслах юм уу дундаасаа зайлуулахгүй бол хурал бүхэлдээ бузартан Еховагийн ивээлийг хүртэхээ больж магадгүй (Иошуа 7-р бүлэгтэй харьцуулаарай).
10-Р САРЫН 4–10
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОШУА 8, 9
«Гибеончуудаас авах сургамж»
it-1 930-931
Гибеон
Иошуатай хэлэлцсэн нь. Иошуагийн үед Гибеон нутагт устгагдвал зохих Канааны 7 үндэстний нэг болох хивичүүд оршин суудаг байжээ (Ху 7:1, 2; Иош 9:3–7). Заримдаа канаанчуудыг нийтэд нь аморичууд гэж нэрлэдэг байв. Тиймээс гибеончуудыг ч аморичууд гэж дуудах нь бий (2Са 21:2; Эх 10:15–18; 15:16-тай харьцуулаарай). Бусад канаанчуудаас ялгаатай нь гибеончууд Ехова израйлчуудын өмнөөс дайтаж байгааг мэдээд хүчирхэг цэрэг армитай, хотын бэхлэлт сайтай байсан хэдий ч эсэргүүцээд нэмэргүй гэдгийг ойлгосон юм. Тиймээс Иерихо Аи хоёр устгагдсаны дараа Гибеоны эрчүүд Иошуаг Гилгалд байхад нь найрамдлын хэлэлцээр хийхээр төлөөлөгчдөө явуулдаг. Тэд хивичүүдийн 3 хот болох Хефира, Беерот, мөн Кириат-иеаримыг бас төлөөлж очсон бололтой (Иош 9:17). Гибеончуудын элч нар хуучирсан хувцас, шаахай өмсөн, нөхөж торгоосон дарсны хөхүүр, элэгдсэн уут шуудай, бас хатаж үйрсэн талхтай ирээд Израйлын дайтаж буй нутаг дэвсгэрээс биш, бүр холоос ирсэн мэт дүр эсгэдэг. Тэд Египет болон Аморийн хоёр хаан Сихон Ог нарыг сүйрэхэд Ехова оролцсон гэдгийг сонссоноо мэдэгджээ. Гэхдээ тэд ухаалаг байж Иерихо бас Аид тохиолдсон явдлын тухай дурдаагүй юм. Учир нь тэднийг «алс холын нутгаасаа» гарахаас өмнө энэ мэдээ хүрч амжихгүй байх байлаа. Израйлын төлөөлөгчид тэднийг шалгасны эцэст үнэн гэж үзээд тэдний амийг хэлтрүүлэхээр гэрээ хийдэг (Иош 9:3–15).
Эрдэнэс хайх нь
it-1 1030
Шонд хадах, дүүжлэх
Израйлчуудад өгсөн Еховагийн хуулиар бол зарим гэмт хэрэгтнийг амийг нь хороосны дараа олны өмнө сануулга болгож «Бурхнаар хараагдсан» гэдгийг нь харуулж модноос өргөдөг байсан. Цогцсыг үдэш болтол өлгөөстэй байлгаад дараа нь буулган авч булшилдаг байсан. Цогцсыг шөнөжингөө байлгавал Бурхны израйлчуудад өгсөн газар шороог бузарлах байв (Ху 21:22, 23). Цаазлагдсан хүн израйл биш байсан ч гэсэн энэ хуулийг дагадаг байсан (Иош 8:29; 10:26, 27).
10-Р САРЫН 11–17
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОШУА 10, 11
«Ехова Израйлын төлөө дайтсан нь»
it-1 50
Адони-зедек
Израйлчуудыг амласан газрыг эзлэхэд байсан Иерусалимын хаан. Адони-зедек олон газрыг эзэлж авч байгаа Иошуагийн армийг зогсоохын тулд Иорданы баруун талд байх жижиг улсуудтай хүчээ нэгтгэсэн (Иош 9:1–3). Гэхдээ Гибеонд оршин суудаг байсан хивичүүд Иошуатай энхийн гэрээ байгуулдаг. Өөрсдийнхөө дундаас дахин урвагч гаргахгүйн тулд Адони-зедек өөрийнхөө армийг аморичуудын дөрвөн хааны армитай нэгтгээд Гибеоныг бүсэлж дайтдаг. Иошуа гайхамшигтайгаар гибеончуудыг аварч, хүчээ нэгтгэсэн армийг бут цохидог. Үүнээс болж таван хаан Маккеда руу зугтаж агуйд хоргоддог. Иошуа өөрөө Адони-зедек болон бусад дөрвөн хааныг цэргүүдийнх нь өмнө хороож шонд өлгөдөг. Дараа нь тэдний цогцсыг нуугдаж байсан агуйд нь хаядаг. Ийнхүү тэр агуй тэдний булш болсон (Иош 10:1–27).
it-1 1020
Мөндөр
Еховагийн оруулсан мөндөр. Ехова заримдаа мөндөр оруулж хэлсэн үгээ биелүүлдэг, бас агуу хүчтэйгээ харуулдаг (Ду 148:1, 8; Ис 30:30). Үүний эхний нэг жишээ бол эртний Египет дээр буулгасан долоо дахь гамшиг юм. Хөнөөлт тэр мөндөр тариалангийн бүх ургамлыг цохиж, модыг хугачдаг. Хээр байсан хүн малын аль аль нь мөндөрт цохиулж үхдэг. Харин Гошенд байсан израйлчууд дээр мөндөр ороогүй (Ег 9:18–26; Ду 78:47, 48; 105:32, 33). Хожим нь Амласан газар, хүчээ нэгтгэсэн Аморийн таван хаанаас айж байсан гибеончуудыг израйлчууд Иошуагийн удирдлагаар аврахад Ехова нүсэр том мөндөр буулгаж аморичуудыг цохидог. Тэр үед мөндөрт цохиулж үхсэн нь тулалдаанд үхсэнээс олон байсан (Иош 10:3–7, 11).
w04 12/1 11 ¶1
«Иошуа» номын онцлох санаа
10:13—Ийм ер бусын юм үнэхээр болсон уу? Тэнгэр газрыг бүтээсэн Еховад «дэндүү хэцүү юм байдаг гэж үү?» (Эхлэл 18:14). Хэрвээ Ехова хүсвэл дэлхийн бөмбөрцгийн хөдөлгөөнийг удирдаж, нар сарыг дэлхийгээс харахад хөдөлгөөнгүй болгож чадна. Эсвэл дэлхий болон сарны хөдөлгөөнийг өөрчлөлгүй нар сарны гэрлийг хугалан уг хоёр гэрэлтүүлэгчийг гэрэлтсээр байгаа юм шиг харагдуулж чадна. Аль нь ч байлаа гэсэн, хүний түүхэнд үүнтэй адил явдал «үүний урьд ч, үүнээс хойш ч» байгаагүй (Иошуа 10:14).
Эрдэнэс хайх нь
w09 3/15 32 ¶5
Уншигчдын асуулт
Библид тухайн үед хэрэгтэй, лавлах материал болсон номуудын тухай дурдсан байдаг. Гэхдээ эдгээрийг Бурхнаар удирдуулан бичигдсэн ном гэж үзэж болохгүй. Харин Ехова өөрийнхөө үгийг бичүүлсэн бичээсүүдийг мөнхөд хадгалж үлдээсэн (Ис. 40:8). Ехова биднийг «чадварлаг болж, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдэхэд» хэрэгтэй бүхнийг сонгож Библийн 66 номд бичүүлсэн (2 Тим. 3:16, 17).
10-Р САРЫН 18–24
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОШУА 12–14
«Еховаг бүх зүрх сэтгэлээрээ дагагтун»
w04 12/1 12 ¶2
«Иошуа» номын онцлох санаа
14:10–13. Калеб 85 хүрсэн хэрнээ Хеброн нутгийн бүх оршин суугчдыг зайлуулах хэцүү даалгавар биелүүлэхийг хүссэн. Тэр газарт аварга биетэй анакчууд амьдарч байлаа. Еховагийн тусламжтайгаар туршлагатай энэ дайчин даалгавраа амжилттай биелүүлсэн. Хожим нь Хеброн хоргодох хот болжээ (Иошуа 15:13–19; 21:11–13). Калебын жишээ бидэнд Еховагаас хэцүү даалгавар авахаас айх хэрэггүйг сануулж, урам зориг өгдөг.
Эрдэнэс хайх нь
it-1 902-903
Гебал
Иошуагийн үед израйлчуудын авах гэж байсан газар нутгуудын дотор «гебаличуудын нутгийг» бас Ехова дурдсан (Иош 13:1–5). Үүнд үндэслээд шүүмжлэгчид Библи өөр хоорондоо зөрчилддөг гэдэг. Яагаад гэвэл Гебал хот Израйлаас нэлээн хойшоо байсан (Данаас хойшоо 100 орчим километр). Бас израйлчууд энэ газрыг хэзээ ч эзэлж аваагүй бололтой. Зарим эрдэмтэн уг бичвэрт алдаа гарсан гэж үздэг. Тэд эрт үед уг хэсэгт «Ливантай хилэлдэг газар нутаг» эсвэл «гебаличуудын нутгийн хил хүртэл» гэж бичсэн байсан гэж үздэг. Гэхдээ Иошуа 13:2–7-д байдаг Еховагийн амлалт болзолтой гэдгийг анхаарах нь зүйтэй. Израйлчууд дуулгаваргүй байсныхаа гайгаар Гебалыг хэзээ ч эзэлж аваагүй байж болох юм (Иошуа 23:12, 13-тай харьцуулаарай).
10-Р САРЫН 25–31
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОШУА 15–17
«Өөрсдийнхөө үнэт өвийг хамгаал»
it-1 1083 ¶3
Хеброн
Канааныг өмнөд хэсгийг эзлэх Израйлын аян дайны үеэр Хеброны оршин суугчид хаантайгаа хамт (Хохамын залгамжлагч бололтой) бүрмөсөн устгагдсан (Иош 10:36, 37). Гэхдээ Иошуагаар удирдуулсан израйлчууд канаанчуудын зэвсэгт хүчнийг бут цохисон ч эзэлсэн нутгаа хамгаалахын тулд бэхлэлтүүдийг тэр даруй босгоогүй бололтой. Израйлчуудыг өөр газар тулалдаж байхад анакчууд Хебронд буцаж ирсэн байх. Тийм болохоор хожим нь Калеб (эсвэл Калебаар удирдуулсан Иудагийн хөвгүүд) уг хотыг тэднээс булааж авсан. (Иош 11:21–23; 14:12–15; 15:13, 14; Шү 1:10). Анхандаа Иуда овгийн Калебт өв болгон өгсөн Хеброн хотыг хожим нь хоргодох хот болгож, ариусган тусгаарлажээ. Мөн тахилчдын хот болгосон. Гэсэн хэдий ч «[Хеброн] хотын эргэн тойронд [байсан] тариалангийн талбай болон тосгодууд» Калебын удмын эзэмшилд хэвээр үлджээ (Иош 14:13, 14; 20:7; 21:9–13).
it-1 848
Албадлагын ажил
Библи бичигдэж байх үед эзэлсэн ард түмнийг боол гэж үзэн тэднээр «албадлагын ажил» (Евр., мас) хийлгэх нь түгээмэл байжээ (Ху 20:11; Иош 16:10; 17:13; Ес 10:1; Ис 31:8; Гаш 1:1). Египет дарга нарын хяналт дор дарлуулж байсан, боол, албадлагын ажилчид болсон израйлчууд Питом ба Раамсес гэдэг агуулах хотуудыг барих ажилд дайчлагджээ (Ег 1:11–14). Хожим нь Амласан газарт орохдоо Канааны оршин суугчдыг тэр нутгаас хөөн зайлуулж бүрмөсөн устга гэсэн тушаалыг дагахын оронд израйлчууд тэднээр боолын хөдөлмөр хийлгэж албадлагын ажилчдаа болгосон. Энэ нь израйлчуудад муугаар нөлөөлж хуурамч бурхдыг шүтэхэд хүргэсэн (Иош 16:10; Шү 1:28; 2:3, 11, 12). Соломон хаан амори, хит, периз, хиви, иебус гэх канаанчуудын үр удмыг албадлагын ажилд авсаар байв (Х.дээ 9:20, 21).
it-1 402 ¶3
Канаан
Канааныг эзлэх гол тулалдааны дараа канаанчуудаас олон хүн амьд үлдэж, эсэргүүцэж байсан ч гэлээ «өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН Израильд өгсөн ... Мөн ... бүх талаар амар амгаланг өгсөн ... Израилийн гэрт ЭЗЭНий өгсөн сайн амлалтуудын нэг нь ч бүтэлгүйгээр өнгөрөөгүй бөгөөд бүгд биелсэн» гэж үзэж болно (Иош 21:43–45). Израйлчуудад дайсагнасан эргэн тойрных нь үндэстнүүд тэднээс айж байсан бөгөөд аюул учруулдаггүй байжээ. Гэнэт эзгүйрсэн газар нутагт хээрийн араатнуудыг олшруулахгүйн тулд канаанчуудыг «бага багаар» зайлуулна гэж Бурхан өмнө нь хэлсэн (Ег 23:29, 30; Ху 7:22). Дайны морин тэргэндээ хадуур бэхэлсэн канаанчууд ер нь зэр зэвсгийн хувьд израйлчуудаас илүү байсан. Зарим нутаг дэвсгэрийг израйлчууд эзэлж чадаагүйдээ Еховаг буруутган амлалтаа биелүүлээгүй гэх аргагүй байв (Иош 17:16–18; Шү 4:13). Харин Библиэс үзвэл израйлчууд цөөн хэдэн удаа ялагдсан нь тэдний өөрсдийнх нь үнэнч бус байдлаас болсон ажээ (То 14:44, 45; Иош 7:1–12).