«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2023 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
11-Р САРЫН 6–12
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 13, 14
«Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?»
w99 10/15 3 ¶1-3
Урт удаан амьдралын эрэлд
АМЬДРАЛ богино гэсэн дээрх үгийг 3 500 орчим жилийн өмнө бичсэн. Өнөөдөр ч бас энэ үгтэй маргах хүн байхгүй биз ээ. Амьдралын сайн сайхныг хэсэг зуур л амсаад өтөлж насан өөд болно гэж бодохлоор хүмүүст харамсалтай санагддаг. Тиймээс олон зууны турш амьдралаа уртасгах гэж янз бүрээр оролдож ирсэн.
Иовын үеийн египетчүүд залуу насны эрч хүчээ буцаан олж авах гэсэндээ янз бүрийн амьтны засааг иддэг байжээ. Дундад зууны алхимичид ч урт наслуулах ханд гаргаж авахыг зорьдог байв. Тэд дуурайлгаж хийсэн алтаа мөнх амьдруулах увдистай гэж итгэдэг байсан бөгөөд алтан аяганаас уувал урт насална гэж үздэг байлаа. Бас эртний Хятадын даосистууд бясалгах, амьсгалын дасгал хийх, хоолны дэглэм барих гэх мэтээр мөнх насална гэж боддог байсан байна.
Испанийн Хуан Понсе де Леон залуужуулах рашааны хайгуулч гэдгээрээ алдартай хүн. 18-р зууны үеийн нэгэн эмч номдоо хавар болохоор онгон охидыг жижиг өрөөнд цуглуулаад тэдний амьсгалыг саванд хадгалж нас уртасгахад хэрэглэдэг байсан тухай бичжээ. Эдгээр аргуудын аль нь ч амжилт олоогүйг хэлэх нь илүүц биз ээ.
w11 3/1 22 ¶5
Ехова «тэмүүлэх болно»
Ехова хэчнээн зөөлөн сэтгэлтэй Бурхан болохыг Иовын үг харуулдаг. Тэрбээр Иов шиг хүмүүсийг онцгойлон хайрладаг. Яагаад гэвэл Иов Еховад таалагдах гэж ваарчны гар дахь шавар мэт мутрынх нь аясаар хэлбэрждэг хүн байсан (Исаиа 64:8). Ехова үнэнч үйлчлэгчдээ өндрөөр үнэлдэг. Тиймдээ ч нас барахад нь амилуулах гэж «тэмүүлдэг». Нэгэн эрдэмтэн «тэмүүлдэг» гэж орчуулсан еврей үгний талаар хэлэхдээ «ихэд хүсэн тэмүүлж буйг илэрхийлдэг яг оновчтой үг» гэжээ. Үнэхээр ч Ехова үйлчлэгчдээ мартахгүйгээр үл барам тэднийг амилуулахаа тэсэн ядан хүлээдэг.
Эрдэнэс хайх нь
it-1 191
Үнс
Чухал биш, хэнд ч хэрэггүй юмыг үнстэй зүйрлэх нь бий. Жишээ нь Абрахам Еховатай ярихдаа өөрийгөө дорд болгож «би тоос шороо, үнс» гэж хэлдэг (Эх 18:27, ШЕ; мөн Ис 44:20; Иов 30:19-ийг үзнэ үү). Иов бас хуурамч найзуудынхаа үгийг үнстэй зүйрлэсэн байдаг (Иов 13:12).
11-Р САРЫН 13–19
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 15–17
«Бусдыг тайвшруулахдаа Елифазыг битгий дуурайгаарай»
w05 9/15 26 ¶4-5
Буруу юм бодохоос зайлсхийх нь
Елифаз яриан дундаа Бурхны шаардлага дэндүү өндөр болохоор үйлчлэгчид нь юу ч хийсэн таалалд нь нийцэхгүй гэсэн санааг гурван ч удаа илэрхийлдэг. Тэрбээр Иовд: «[Бурхан] Өөрийн зарц нартаа ч итгэдэггүй. Өөрийн тэнгэр элч нарын эсрэг ч Тэрээр алдаа эндлийг нь тулгадаг» гэжээ (Иов 4:18). Дараа нь «Тэрээр Өөрийн ариун нэгнүүддээ ч итгэдэггүй бөгөөд тэнгэрүүд ч хүртэл Түүний мэлмийд цэвэр биш байдаг» гэж дахин хэлсэн (Иов 15:15). Бас «Чи шударга байдаг гээд Төгс хүчит Нэгэнд ямар нэгэн таалал өгөх үү?» гэж асуудаг (Иов 22:3). Билдад үүнтэй санал нийлж «[Бурхны] мэлмийд сар гэрэлгүй, одод ч цэвэр биш» гэдэг (Иов 25:5).
Бид болгоомжлохгүй бол Бурхан хэтэрхий ихийг шаарддаг гэж боддог болох аюултай. Тэгж боддог болчихвол Еховатай тогтоосон харьцаанд сэв сууна. Бас тийм бодолд автчихсан хүн сахилга батын арга хэмжээ авхуулахаараа яах бол? Даруухнаар хүлээж авахын оронд «[Еховагийн] эсрэг хилэгнэн дайрч» гомдол тээн явна (Сургаалт үгс 19:3). Ингэж өөрийгөө хохирооно гэдэг туйлын харамсалтай хэрэг!
Эрдэнэс хайх нь
w06 3/15 14 ¶11
«Иов» номын онцлох санаа
7:9, 10; 10:21; 16:22—Иовын хэлсэн энэ үгнээс харахад амилалтад итгэдэггүй байсан гэсэн үг үү? Иовд удахгүй юу тохиолдохыг энд бичжээ. Тэр яг юу хэлэх гэсэн юм бол? Иов нас барчихвал эргэн тойрных нь хүмүүс түүнтэй уулзаж чадахгүйг хэлсэн байх. Тэгээд бодохоор, Бурхны товлосон цаг болохоос нааш Иов гэртээ эргэн ирж чадахгүй, таних хүн ч байхгүй гэсэн үг бололтой. Мөн хэн ч «булшнаас» өөрийн хүчээр гарч чадахгүй гэж боддогоо хэлсэн байж магадгүй юм. Тэгээд ч амилалтад итгэдэг байсан нь Иов 14:13–15-д хэлсэн үгнээс нь тодорхой харагддаг.
11-Р САРЫН 20–26
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 18, 19
«Итгэл нэгтнээ хэзээ ч бүү орхиорой»
w90 9/1 22 ¶20
Та ахлагч болохыг зорьдог уу?
20 Ахлагч, туслах үйлчлэгчийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдсөн, тэр байтугай өөрийн хүслээр больсон хүн ч сэтгэлээр унаж магадгүй гэдгийг ахлагчид ойлгох хэрэгтэй. Хурлаас хасагдаагүй, сэтгэлээр унасан хүнийг ахлагчид урамшуулан зоригжуулах хэрэгтэй (1 Тесалоник 5:14). Хуралд хэрэгтэй хүн гэдгийг нь ойлгуулаарай. Засах хэрэгтэй юм байсан ч даруу, талархах сэтгэлтэй бол дахин ахлагч юм уу туслах үйлчлэгчээр томилогдоход удаан хүлээх шаардлагагүй байж магадгүй.
Эрдэнэс хайх нь
w94 10/1 32
Эелдэг үг хүчтэй
Харин Иовыг урам зоригоор дутахад нь Елифаз болон нөхөд нь сэтгэл сэргээм эелдэг үг хэлээгүй. Тэд Иовыг өөрийнхөө буруугаас болж зовж байна, нууцаар буруу юм хийж дээ гэсэн битүү утгатай үг хэлжээ (Иов 4:8). Нэгэн бүтээлд «Иовд зовлонг нь ойлгодог хүн хэрэгтэй байлаа. Гэтэл түүний нөхөд туйлын “үнэн”, улиг болсон сайхан сургаал л айлдсан» гэж бичжээ. Елифаз Зофар Билдад гурвын хэлснийг сонссон Иов уурлан бухимдаж аргаа барахдаа «Хэдий болтол та нар намайг тарчлааж, үгсээр намайг бяцлах юм бэ?» хэмээн дуу алддаг (Иов 19:2).
Бид бодлогогүй, хатуу үг хэлж итгэл нэгтнээ зовоож хэрхэвч болохгүй (Дэд хууль 24:15-тай харьцуулаарай). Библийн «Сургаалт үгс» номд «Үгээр амийг аварч ч болно, хөнөөж ч болно. Тиймээс чи хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээх ёстой» гэж анхааруулдаг (Сургаалт үгс 18:21, «Today’s English Version»).
11-Р САРЫН 27—12-Р САРЫН 3
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 20, 21
Эрдэнэс хайх нь
w95 1/1 9 ¶19
Сатан болон түүний үйлсийг ялах нь
19 Елифаз, Зофар хоёр Сатаны нөлөөгөөр «сэтгэл түгшээсэн бодол» төрүүлсний улмаас Бурхны үйлчлэгч Иов ийм бодолтой тэмцэх хэрэгтэй болжээ (Иов 4:13–18; 20:2, 3). Тийм ч болохоор Иов «уй гашууд» автан, санааг нь зовоосон «аймшгуудын» талаар «яаруу» үгс хэлэв (Иов 6:2–4; 30:15, 16). Елиху Иовын хэлснийг нэг бүрчлэн сонсоод мэргэн ухаант Еховатай адилхан үзэл бодолтой болоход нь тусалсан. Үүний нэгэн адил ахлагчид маань бидний зовлон дээр зовлон нэмэхгүйг хичээдэг. Харин ч Елиху шиг тэвчээртэй сонсож Бурхны Үгээр тослох буюу тайвшруулдаг (Иов 33:1–3, 7; Яаков 5:13–15). Иов шиг зүүд үзэгдэл гэх мэт янз бүрийн шалтгааны улмаас сэтгэлийн айдас, түгшүүрт автсан хүмүүс хуралтай нягт холбоотой байж Библийн үгээр тайвширдаг билээ (Иов 7:14; Яаков 4:7).
12-Р САРЫН 4–10
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 22–24
«Хүн ... Бурханд нэмэр болж чадах уу?»
w05 9/15 27 ¶1-3
Буруу юм бодохоос зайлсхийх нь
Бурхан хэтэрхий ихийг шаарддаг гэдэг шиг хүн Бурханд хэрэггүй гэсэн буруу ойлголт бас бий. Елифаз: «Хүн гэдэг Бурханд нэмэр болж чадах уу? Хамгийн цэцэн нь ч Түүнд үйлчилж чадах уу?» гэж асуусан (Иов 22:2, АБН 2013). Өөрөөр хэлбэл, хүн Бурханд хэрэггүй гэж хэлжээ. Мөн Билдад: «Хүн хэрхэн Бурханы хувьд зөвт байж чадах вэ? Эмэгтэйгээс төрсөн тэрээр яаж цэвэр байж чадах вэ?» гэжээ (Иов 25:4). Тэгэхлээр Иов шиг жирийн хүн Бурхны өмнө зөв шударга байх аргагүй болж таарах нь.
Зарим хүн өөртөө гутарч шаналдаг. Арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзэл, өссөн орчин, зовлон бэрхшээл гэх мэт зүйлүүд нөлөөлж болох юм. Сатан болон чөтгөрүүд хүний зовлонгоор жаргал хийдэг. Хүн яаж ч хичээгээд Төгс хүчит Бурхны таалалд нийцэхгүй гэж бодуулж дөнгөвөл тэд зорилгодоо хүрлээ гэсэн үг. Ингэж боддог болчихвол сэтгэлээр унаж, аажим аажмаар Бурхнаас холдох аюултай (Еврей 2:1; 3:12).
Нас ахих юм уу эрүүл мэнд муудахаар хийж чадах юм багасдаг. Эрч хүчтэй, эрүүл саруул, залуу үеэ бодвол Хаант төрийн үйл хэрэгт бага оролцож байгаа мэт санагдаж болох юм. Бурхны төлөө хангалттай ихийг хийж чадахгүй гэж бодоосой хэмээн Сатан болон чөтгөрүүд л хүсдэгийг битгий мартаарай. Ийм бодлыг эрс эсэргүүцээрэй.
w95 2/15 27 ¶6
Бэрхшээлийг даван туулах нь
Гурван найз нь Бурхны мэргэн ухаанд бус, өөрсдийн үзэл бодолд тулгуурлан ярьсан учраас Иовыг гомдоодог. Елифаз Бурхныг «Өөрийн зарц нартаа ч итгэдэггүй», Иовын зөв шударга эсэх нь Еховад ерөөсөө хамаагүй гэжээ (Иов 4:18; 22:2, 3). Үүн шиг худал, урам хугалмаар үг байхгүй л болов уу! Ехова өөрийг нь гутаан доромжилсонд Елифаз болон түүний нөхдийг зэмлэн «Та нар Миний тухай ... зөвийг ярьсангүй» гэж хэлдэг (Иов 42:7). Иовын нөхөд дээр дурдсан үгнээс ч муухай үг хэлж байсан нь харамсалтай.
12-Р САРЫН 11–17
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 25–27
«Үнэнч байна гэдэг төгс байна гэсэн үг биш»
it-1 1210 ¶4
Үнэнч байдал
Иов. Иов гэдэг хүн Иосефыг нас барснаас хойш, Мосег удирдагч болохоос өмнө амьдарч байсан бололтой. «Тэрээр гэм зэмгүй [еврейгээр там], шулуун шударга, Бурханаас эмээдэг болоод бузар муугаас зайлдаг хүн байв» (Иов 1:1). Еховагийн эсрэг Сатаны дэгдээсэн маргаантай асуудал хүн төрөлхтний үнэнч байхтай холбоотой гэдгийг дараах явдал тодорхой харуулдаг. Тэнгэрийн элч нар Бурхны өмнө цуглахад Сатан ч бас ирэв. Бурхан түүнээс Иовын талаар асуудаг. Сатан Иовыг чин сэтгэлээсээ бус, ашиг хонжоо харж Бурханд үйлчилдэг гэж гүтгэжээ. Ийнхүү Иовын Бурханд үнэнч эсэхэд эргэлзээ төрүүлэхийг оролдов. Сатан Иовын хамаг эд хөрөнгийг үгүй хийж, тэр байтугай хүүхдүүдийнх нь аминд хүрсэн ч үнэнч байдлыг нь эвдэн бусниулж чадаагүй юм (Иов 1:6—2:3). Тэгээд амиа аваад үлдсэн болохоор эд хөрөнгө, хүүхдүүдээсээ хагацахыг тэвчээд өнгөрсөн гэж Иовыг дахин гүтгэдэг (Иов 2:4, 5). Иов тэсэхийн аргагүй яр хатгинд баригдаж, эхнэр нь хүртэл зүрх зүсэм үг хэлсэн. Бурхны хэм хэмжээ, санаа зорилгыг мушгин гуйвуулсан найз нөхөд нь ч түүнийг хайр найргүй шүүмжилжээ (Иов 2:6–13; 22:1, 5–11). Хариуд нь Иов үнэнч байхаа болихгүй гэдэг. Тэрбээр: «Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй. Би өөрийн зөв шударгыг баримталж байгаа бөгөөд буцахгүй юм. Миний зүрх амьдралын минь аль ч өдрийг зэмлэдэггүй» гэжээ (Иов 27:5, 6). Иов үнэнч байснаараа Бурхны дайсан болох Сатаны худалчийг баталсан.
12-Р САРЫН 18–24
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 28, 29
«Та Иов шиг сайн нэртэй юү?»
it-1 655 ¶10
Хувцас
Ер нь хувцас өөр олон зүйлийг илтгэдэг. Ямар байгууллагын хүн бэ гэдгийг дүрэмт хувцас нь илтгэдэг бас ямар арга хэмжээнд оролцож буйг өмссөн хувцсаар нь мэдэж болдог шиг Библид тухайн хүний хэн болох, ямар байр суурь эзэлдэг, юу хийдгийг нь хувцсаар нь тодорхойлох нь бий. Жишээлбэл Есүс хуримд тохирохгүй хувцастай хүний тухай дурдсан байдаг (Мт 22:11, 12). Эзэн Есүс Христ Илчлэл 16:14, 15-д бэлгэдлийн утгаар нойронд автах буюу сонор сэрэмжээ алдвал жинхэнэ Бурхны үнэнч Гэрч болохыг илтгэдэг шинж чанараа алдана шүү гэж анхааруулсан. «Төгс хүчит Бурхны агуу өдөр болох дайны» өмнөхөн ингэвэл үнэхээр харамсалтай.
w09 2/1 15 ¶3-4
Нэр ямар утга учиртай вэ?
«Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурьсах нэрийг өөрөө олдог» гэдэг. Ямар нэр төртэй байх нь өөрсдөөс маань шалтгаална (Сургаалт үгс 20:11). Тэгэхлээр өөрөөсөө «Есүс юм уу элч нар нь надад ямар нэр өгөх байсан бол? Хүмүүс намайг ямар зан чанараар маань тодорхойлох вэ?» гэж асуугаад үзээрэй.
Эдгээр асуултыг нухацтай бодох нь зүйтэй. Яагаад тэр вэ? Мэргэн хаан Соломон: «Сайн нэр нь агуу баялгаас ч дээр» гэж бичжээ (Сургаалт үгс 22:1). Хэрэв сайн нэртэй болбол эд баялгаас илүү үнэ цэнтэй зүйл олж авна гэсэн үг. Тэгвэл Бурхны өмнө сайн нэртэй болбол дундаршгүй эд баялагтай болно. Яагаад тэгж хэлж болох вэ? Бурхан өөрөөс нь эмээдэг хүмүүсийн нэрийг «дурсгалын номд» бичиж, мөнх амийг бэлэглэнэ гэж амласан (Малахи 3:16; Илчлэл 3:5; 20:12–15).
Эрдэнэс хайх нь
g00 7/8 11 ¶3
Инээмсэглэхийн давуу тал
Инээмсэглэх нь үнэхээр тус болох уу? Хүнийг инээмсэглэж байгааг нь харахлаар тайвширч, сайхан санагддаг биз дээ? Харин инээмсэглэхгүй бол үл тоомсорлосон, хүйтэн хөндий санагдахгүй гэж үү? Тийм ээ, инээмсэглэх нь ач тустай. Инээмсэглэхэд дургүйцэх хүн байхгүй шүү дээ. Библид гардаг Иов гэдэг хүн бусдын тухай «Тэд итгээгүй байхад би тэдэн уруу инээмсэглэж, миний нүүрний гэрлийг тэд унтрааж байгаагүй [«царайны минь гэрэлд тэд урамшдаг байлаа», АБН 2013]» гэж хэлжээ (Иов 29:24). «Нүүрний гэрэл» гэдгээр Иовын сэргэлэн цовоо байдлыг хэлсэн бололтой.
12-Р САРЫН 25–31
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 30, 31
«Иов цэвэр ариун байдлаа хэрхэн хадгалсан бэ?»
w08 9/1 11 ¶4
«Эцэст нь юу болохыг» бодоорой
Хөл тавихаасаа өмнө «Энэ зам намайг хааш нь хөтлөх вэ?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Түр зогсоод «эцэст нь юу болохыг» бодвол хожим нь харамсах юм хийхгүй байхад ихээхэн тус болдог. Ямар аюул отож байгааг үл тоомсорловол ДОХ, бэлгийн замын бусад халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, ханийнхаа итгэлийг алдах, мөс чанар өвдөх гэх мэтийн үр дагавар амсаж мэднэ. Буруу замаар явбал эцэстээ юунд хүрдгийг элч Паул тодорхой хэлсэн. Тийм хүмүүс «Бурхны Хаант төрд багтахгүй» (1 Коринт 6:9, 10).
Эрдэнэс хайх нь
w05 11/15 11 ¶3
Ойлгож сонсох нь хайрын илрэл
Иов найзуудтайгаа маш удаан ярилцсан. Гэлээ ч гэсэн тэрбээр: «Намайг сонсдог нэг хүн ч байгаасай!» гэж хэлжээ (Иов 31:35). Найзууд нь яриаг нь сонсож, дэргэд нь байсан хэр нь яагаад ингэж хэлсэн юм бол? Тэд сонссон болоод өнгөрсөн учраас түүнийг тайвшруулж чадаагүй. Түүнд анхаарал халамж тавиагүй, бас сэтгэлийг нь ойлгохыг ч хичээгээгүй. Найзуудад нь Иовыг гэсэн сэтгэл дутжээ. Элч Петр: «Та нар бүгдээрээ эв нэгдэлтэй, бие биеэ гэсэн сэтгэлтэй, ах дүү шигээ хайрладаг, өрөвч энэрэнгүй, даруу бай» гэж зөвлөсөн байдаг (1 Петр 3:8). Яавал бие биеэ гэсэн сэтгэлтэй байх вэ? Хүний сэтгэл санааг ойлгохыг хичээвэл. Санаа тавин «Ийм юманд хэний ч урам хугарна» гэх юм уу «Таныг буруу ойлгож дээ» гэж тайвшруулж болох юм. Эсвэл хэлсэн үгийг нь өөрийнхөө үгээр илэрхийлж, ойлгож байгаагаа харуулж болно. Үгийг нь анхааралтай сонсоод зогсохгүй сэтгэл санааг нь ойлгохыг хичээдэг бол тухайн хүнийг хайрладаг гэсэн үг юм.