«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2024 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
3 САРЫН 10–16
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 4
«Зүрхээ хамгаал»
w12 5/1 32 ¶2
«Зүрхээ хамгаал!»
Бид бэлгэдлийн зүрхээ яагаад хамгаалах учиртай вэ? «Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм» хэмээн Бурхан Соломон хаанаар дамжуулан бичүүлжээ (Сургаалт үгс 4:23). Бидний одоогийн болон ирээдүйн амьдрал сайн сайхан байх эсэх нь бэлгэдлийн зүрх маань ямар байхаас шалтгаална. Яагаад гэвэл Бурхан бидний зүрхийг хардаг (1 Самуел 16:7). Тэгэхээр дотор хүн буюу «зүрх сэтгэл дэх нуугдмал хүн» маань ямар байгааг Бурхан харж, үнэлдэг гэсэн үг юм (1 Петр 3:4).
3 САРЫН 17–23
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 5
Садар самуунаас хол яв
w00 7/15 29 ¶1
Ёс бус ертөнцөд цэвэр ариун байх нь
Сургаалт үгс номын энэ зүйлд «садар эм» гэдгээр замбараагүй явдалтай эмэгтэйг хэлжээ. Тэрээр зөгийн бал мэт амттай, чидун жимсний тосноос ч илүү зөөлөн ялдам үгсээрээ бусдыг урхиддаг. Садар самуунд уруу татах гэсэн хүн тийм л байдаг болов уу. Жишээ нь, нарийн бичгийн дарга хийдэг 27 настай, сэтгэл булаам бүсгүй Эми: «Ажлын газрын маань нэг залуу надад учиргүй санаа тавьж, юм л болбол магтдаг байлаа. Хүн санаа тавиад байхаар сайхан л юм байна лээ. Гэхдээ тэрээр надтай бэлгийн харьцаанд орох зорилгоор л сонирхож байсан нь тодорхой байв. Би яалаа гэж түүний урхинд орох билээ» хэмээн ярьжээ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай уруу татагчийн зусар үгс үргэлж сэтгэл татам байдаг. Тиймээс бид жинхэнэ мөн чанарыг нь танихын тулд хэрсүү байж сурах хэрэгтэй.
3 САРЫН 24–30
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 6
Шоргоолжноос сурах зүйл
it-1 115 ¶1-2
Шоргоолж
Шоргоолжны зөн. Шоргоолжны «мэргэн ухаан» бол бодож сэтгэх оюун ухаан биш, харин Бүтээгчийн өгсөн зөн юм. Библид шоргоолжны талаар «Өөрийнхөө хоол тэжээлийг зуны цагт бэлдэж, ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг» гэж бичжээ (Су 6:8). Палестин дахь хамгийн түгээмэл шоргоолжнуудын нэг бол ургац хураагч буюу үтрэмийн (мессор семируфус) гэгдэх шоргоолж юм. Уг шоргоолж нь хавар, зуны улиралд ихээхэн хэмжээний үр тариа цуглуулж, нөөцлөн өвөл болон хоол унд хомс үед хэрэглэдэг ажээ. Тэд ихэвчлэн үр тариа элбэг үтрэмийн ойролцоо байрладаг. Бороо усны улмаас нөөцөлсөн үр тариа нь чийгтвэл наранд гаргаж хатаана. Хадгалсан үр нь соёолбол тэр хэсгийг нь хазаж тасалж хаях нь ч бий. Гаргасан жимээр нь, үүдэнд нь хаягдсан үр тарианы хальсаар нь ургац хураагч шоргоолжны үүрийг төвөггүй олж болно.
Шоргоолжноос сурах зүйл. Шоргоолжны тухай товчхон ч атугай судлаад үзвэл «залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай» гэж бичсэнтэй санал нийлэх нь гарцаагүй (Су 6:6). Ийнхүү зөнгөөрөө ирэх өдрүүдэд бэлдэхээс гадна тэдний тэсвэр тэвчээртэй шаргуу байдал анхаарал татдаг. Биеийнхээ жингээс хоёр дахин, бүр түүнээс ч илүү ачааг цөхрөлтгүй чирч, өөрт ноогдсон даалгавраа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Унаж халтиран, тэр бүү хэл эгц өндрөөс өнхөрсөн ч замаасаа буцаж няцдаггүй. Тэд гайхалтай зохион байгуулалттай бөгөөд үүрээ маш цэвэрхэн байлгаж бусдадаа санаа тавьдаг. Гэмтсэн эсвэл ядарсан шоргоолжоо үүрэндээ эргэж ирэхэд нь тусалдаг.
Эрдэнэс хайх нь
w00 9/15 27 ¶3
Нэрээ хичээж явах
Сургаалт үгс номд гардаг эдгээр долоон төрлийн нүгэл нь бүхий л муу үйлийг бодит болгон дүрслэн хэлжээ. «Ихэмсэг харц», «хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх» гэдэг нь бодол санаанд үйлдэгддэг нүглүүд юм. «Худалч хэл» болон «худал чалчдаг хуурамч гэрчлэгч» гэдэг нь нүгэлд тооцогдох үг яриа юм. «Гэм зэмгүй цусыг урсгагч гар», «хорон муу уруу түргэн гүйгч хөл» гэдэг нь мөн л нүгэлт үйл хэрэгт орно. Ялангуяа тайван амгалан хүмүүсийн хооронд яс хаяж эвдрэлцүүлэх дуртай хүн Еховагийн хувьд жигшүүртэй. Зургаан зүйлийг үзэн яддаг, долоон зүйлийг жигшин зэвүүцдэг гэж тоог нь өсгөн хэлсэн нь уг жагсаалт үүгээр дуусаагүйг илтгэдэг. Учир нь төгс бус хүмүүн бузар муу үйлээ өсгөн арвижуулсаар байдаг билээ.
4 САРЫН 7–13
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 8
Есүсийн мэргэн ухааныг сонсогтун
cf 131 ¶7
«Би Эцгээ хайрладаг»
7 22-р зүйлд «эрт цагийн ажлаасаа өмнө, замынхаа эхэнд ЭЗЭН [Ехова] намайг эзэмшсэн» гэж Бурхны мэргэн ухааныг илтгэгч хүү нь хэлсэн. Энд зөвхөн мэргэн ухааны тухай яриагүй юм. Учир нь мэргэн ухаант Ехова үргэлж оршин байсан. Түүний мэргэн ухаанд эхлэл гэж байхгүй (Дуулал 90:2). Бурхны хүү бол «бүх бүтээлийн анхных нь» билээ (Колосай 1:15). Тиймээс замынхаа эхэнд буюу эрт цагт, хамгийн түрүүнд Ехова түүнийг бүтээсэн бөгөөд тэнгэр газар бүтээгдэхээс өмнө хүү нь байсан гэж Сургаалт үгс номд гардаг. Тийм ч учраас Бурхны Үг, Бурхны төлөөлөгчийнхөө хувьд хүү нь Еховагийн мэргэн ухааныг төгс илэрхийлэх нь ойлгомжтой (Ёохан 1:1).
4 САРЫН 14–20
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 9
Басамжлагч бус харин мэргэн нэгэн байгаарай
w01 5/15 30 ¶1-2
Мэргэн байж гэмээ нь өдөр хоног уртасна
Мэргэн хүнийг зэмлэх нь басамжлагч нэгнийг зэмлэхээс огт өөр. «Мэргэн нэгнийг зэмлэ. Тэр чамайг хайрлана. Мэргэн хүнд заавар өг. Тэгвээс тэр хүн улам мэргэн болно» хэмээн Соломон хэлсэн (Сургаалт үгс 9:8б, 9а). «Сахилгын арга хэмжээ авхуулах үед бид баярладаггүй, харин ч шаналдаг нь үнэн. Гэхдээ сахилгын ачаар засарсан хүн амар тайван, шударга сайн хүн болдог» гэдгийг мэргэн хүн сайн мэддэг (Еврей 12:11). Зөвлөгөөг сонсоход амаргүй байлаа ч хүлээж авбал мэргэн болдог юм бол яагаад бид өс санаж эсэргүүцэх хэрэгтэй гэж?
«Шударга зөв хүнийг сурга. Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна» гэж мэргэн Соломон үргэлжлүүлэн хэлжээ (Сургаалт үгс 9:9б). Хэт мэргэн ухаантай хүн гэж байхгүй. Сурахад оройтно гэж бас үгүй. Харин ч өтөл насандаа үнэнийг хүлээж аван Еховад өөрийгөө зориулна гэдэг үнэхээр сайхан хэрэг. Үргэлж оюун ухаанаа дайчилж, сурах хүсэл эрмэлзэлтэй явцгаая.
w01 5/15 30 ¶5
Мэргэн байж гэмээ нь өдөр хоног уртасна
Мэргэн ухаан олж авахын тулд хүчин чармайлт гаргах нь бид бүхний үүрэг мөн. Үүнийг онцлон Соломон: «Хэрэв чи мэргэн бол өөрийнхөө л төлөө мэргэн байгаа хэрэг. Хэрэв чи басамжилдаг бол өөрөө л үүнийгээ үүрэх болно» хэмээжээ (Сургаалт үгс 9:12). Мэргэн хүн мэргэн байсныхаа ач тусыг хүртдэг бол басамжлагч нэгэн нь өөрийнхөө зовлонд бусдыг буруутгадаг. Үнэхээр, бид юу тарьснаа хурааж авдаг билээ. Тиймээс мэргэн ухаанд анхаарлаа хандуулан чих тавьж явцгаая (Сургаалт үгс 2:2).
4 САРЫН 21–27
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 10
Амьдралыг жинхэнэ утгаар «баян» болгодог зүйл
w01 7/15 25 ¶1-3
Зөвт хүмүүний хүртдэг ивээл
Зөвт хүний хүртдэг бас нэгэн ивээлийг «лазан гар ядуу зүдүүг авчирна, Хичээнгүй гар баян болгоно. Ухаант хүү ургацаа цагт нь хураана. Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана» хэмээн Сургаалт үгс номд тэмдэглэжээ (Сургаалт үгс 10:4, 5).
Соломоны үг ургац хурааж байгаа хүмүүсийн хувьд их утга учиртай. Ургацын улирал бол назгайрах цаг огтхон ч биш. Харин хичээнгүйлэн хөдөлмөрлөх цаг юм. Тийм ээ, энэ бол үнэхээр яаравчлах цаг.
Есүс: «Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацын Эзнээс [Ехова Бурхнаас] ажилчид явуулахыг гуйцгаа» хэмээн шавь нартаа хэлдэг. Энд үр тариа бус хүмүүсийн тухай хэлсэн нь тодорхой (Матай 9:35–38). Есүсийг дурсах цуглаанд 2000 онд 14 сая гаруй хүн ирсэн нь Еховагийн Гэрчүүдийн нийт тооноос бараг хоёр дахин их тоо юм. «Тариа боловсорч, хураахад бэлэн болжээ» хэмээснийг үгүйсгэж хэн чадах билээ (Ёохан 4:35). Ажилчид нь ургацын Эзэнээс нэмж ажилчид явуулахыг гуйдаг. Ийнхүү залбирсныхаа дагуу өөрсдөө ч шавь бэлдэх ажилд шаргуу оролцдог (Матай 28:19, 20). Тэдний хүчин чармайлтыг Ехова арвин ихээр ивээж байна! 2000 оны үйлчлэлийн жилд гэхэд л 280 000 гаруй хүн баптисм хүртжээ. Тэд ч бас Бурхны үгийг хичээнгүйлэн заадаг нэгэн болохын төлөө хичээж яваа. Их ургацын энэ үед шавь бэлдэх ажилд хамаг чадлаараа оролцож, баяр хөөртэй, сэтгэл хангалуун явцгаая!
w01 9/15 24 ¶3-4
Зөв шударгын замаар замнахуй
«Баян хүний хөрөнгө өөрт нь бэхлэгдсэн цайз болдог бол ядуусын гачаал зүдгүүр нь тэдэнд балгас болдог. Шударга зөв хүний ацаг хөлс нь амьдрал бол хар санаатны орлого нь шийтгэл» хэмээн Соломон зөв шударга байхын чухлыг онцолжээ (Сургаалт үгс 10:15, 16).
Бэхлэлт бүхий хот оршин суугчдынхаа аюулгүй байдлыг тодорхой хэмжээгээр хангадгийн адил амьдралд гэнэтийн зүйл тохиолдоход эд хөрөнгө хамгаалалт болж болох юм. Ядуу зүдүү амьдралтай хүн сүйрэлд илүүтэй өртөж мэднэ (Номлогчийн үгс 7:12). Гэхдээ баян ч бай, ядуу ч бай хэн хэнд нь аюул учирч болохыг мэргэн хаан сануулсан. Баян хүн эд хөрөнгөө «өндөр хана» мэт төсөөлөн хамаг найдвараа тавьж болох юм (Сургаалт үгс 18:11). Харин ядуу нэгэн нь тарчиг амьдрал ирээдүйгүй хэмээн андуу ташаа бодож магадгүй. Ийм бодолтой явдаг хүмүүсийн хэн хэн нь Бурхны өмнө сайн нэр олохгүй.
it-1 340
Ивээл
Хүмүүнийг ивээх Еховагийн ивээл. «ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд тэр харууслыг эс авчирна» (Су 10:22). Таалалд нь нийцдэг хүмүүсийг Ехова хамгаалж, хөгжүүлж, удирдан чиглүүлж, амжилтад хүргэж, хэрэгцээг нь хангадаг учраас тэд бүхий л талаар ач тус хүртдэг.
4 САРЫН 28—5 САРЫН 4
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 11
Бүү ярь!
w02 5/15 26 ¶4
Үнэнч байдал шударга зөв хүнийг залдаг
Зөвт нэгний үнэнч байдал, хорон санаатны бузар үйлдлийн аль аль нь бусдад нөлөөлдөг. «Бурхангүй хүн амаараа хөршөө хөнөөнө. Харин зөв шударга хүн мэдлэгээр аврагдана» хэмээн Израйлын нэгэн хаан бичжээ (Сургаалт үгс 11:9). Гүтгэлэг, хов жив, шалиг болон дэмий хоосон яриа нь бусдад хор хөнөөл учруулдгийг үгүйсгэх хүн байхгүй. Харин эсрэгээр, зөв шударга хүн сайтар бодож тунгаасан, дүгнэж цэгнэсэн цэвэр ариун юмыг ярьдаг. Зөв шударга хүн мэдлэгээрээ аврагдана. Учир нь, үнэнч байснаараа гүтгэгч нэгний худалч гэдгийг нь баталдаг.
w02 5/15 27 ¶2-3
Үнэнч байдал шударга зөв хүнийг залдаг
Биеэ зөв авч явдаг хүн оршин суугаа газрынхаа амар амгалан, сайн сайхан байдалд хувь нэмэр оруулж, орчин тойрныхондоо сайнаар нөлөөлдөг. Харин бусдыг гүтгэж, доромжлон гомдоож, буруу зүйл ярих нь эмх замбараагүй, аз жаргалгүй, эв нэгдэлгүй байдлыг бий болгож, хэрүүл маргаан үүсэх шалтгаан болдог. Ялангуяа нөлөө бүхий байр суурьтай хүн иймэрхүү зүйл яривал бүр аюултай. Ийм хүмүүс амьдардаг газар эдийн засаг, ёс суртахууны хувьд доройтсон, хээл хахуулд автсан, эмх замбараагүй байдал газар авсан байдаг.
Айл саахалтын хүмүүс нэг нэгнээсээ хамааралтай амьдардаг шиг Еховагийн ард түмэн хурал болж нэгдэн нийлдэг. Тиймээс тэд Сургаалт үгс 11:11-д гардаг зарчмыг баримталдаг. Жаргалтай, идэвх санаачилгатай, тусч сайхан хүмүүсийн нэгдэл болсон хурал Бурхныг алдаршуулдаг. Үнэнч байдлыг удирдлага болгодог, Бурхантай дотно, зөв шударга хүмүүс ийм хурал бий болоход ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тийм хурлыг Ехова ивээдэг учраас хөгжин цэцэглэдэг. Гэвч бусдын үйлдлийг шүүмжилж, өө сэв хайдаг, дургүйцэн гомдоллодог, хатуу ширүүн үг хэлдэг хүмүүс цөөн боловч мэр сэр байдаг нь харамсалтай. Энэ нь «хортой үндэс» ургуулж буй хэрэг бөгөөд тэд үүнийгээ бусдад тарааж гэмгүй явсан нэгнийгээ хордуулдаг (Еврей 12:15). Бас илүү өндөр байр суурь, илүү их эрх мэдэл хүсэмжлэх нь бий. Хурал дотор эсвэл ахлагчид дунд шударга бус явдал, үндэс угсаагаар ялгаварлах гэх мэт зүйлс байдаг гэсэн худал цуурхал тараах нь ч бий. Тэдний хорт үгс хурлыг хагалан бутаргадаг. Бид ийм үгэнд чих тавилгүй, хурлынхаа эв нэгдэлд хувь нэмрээ оруулдаг төлөв төвшин хүн байхыг хүснэ биз дээ?