-
Үзэсгэлэнт цэцэрлэгБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 2
Үзэсгэлэнт цэцэрлэг
ЭНЭ газрыг хараач! Энд байгаа бүхэн юутай сайхан бэ! Зүлэг ногоо, ой мод, цэцэг навч, ан амьтдыг хар даа. Чи заан арслан хоёрыг олж чадах уу?
Ийм сайхан цэцэрлэг хаанаас гараад ирэв ээ? Тэгвэл одоо, Бурхан бидэнд зориулж дэлхийг хэрхэн бэлдсэнийг үзэцгээе.
Эхлээд Бурхан газар дэлхийг зүлэг ногоогоор хучив. Дараа нь бүх төрлийн ургамал ногоо, бут сөөг, ой модыг бий болгов. Энэ бүхэн газар дэлхийг их гоё болгожээ. Тэгэхдээ зөвхөн гоё сайхан болгоод зогсохгүй, бас амтат жимс ургуулдаг.
Дараа нь Бурхан усанд сэлэх загас, тэнгэрт нисэх шувуудыг бүтээжээ. Бас нохой муур, адуу мал гээд том, жижиг амьтдыг бүтээжээ. Танай гэрийн ойролцоо ямар ямар амьтан байдаг вэ? Энэ бүхнийг бүтээж өгсөнд нь бид Бурханд талархах хэрэгтэй биз дээ?
Эцэст нь Бурхан дэлхий дээр нэг хэсэгхэн газрыг туйлын өвөрмөц болгожээ. Тэгээд түүнийгээ «Еден цэцэрлэг» гэж нэрлэсэн. Тэндхийн бүх юм төгс төгөлдөр, үзэсгэлэнтэй сайхан байлаа. Бурхан дэлхийг бүхэлд нь өөрийнхөө бүтээсэн энэ үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг шиг болгохыг хүсэж байв.
Чи энэ цэцэрлэгийн зургийг дахин нэг хар даа. Энд нэг юм дутуу байгааг Бурхан анзаарчээ. Юу дутуу байсан бэ, чи мэдэх үү? Мэдэцгээе.
-
-
Анхны эрэгтэй эмэгтэй хүнБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 3
Анхны эрэгтэй эмэгтэй хүн
ЭНЭ зураг өмнөх зургаас ямар ялгаатай байна вэ? Тийм ээ, энд хүмүүс байна. Энэ хоёр бол анхны эрэгтэй эмэгтэй хүн юм. Тэднийг хэн бүтээсэн бэ? Бурхан бүтээжээ. Бурхны нэрийг чи мэдэх үү? Ехова гэдэг. Харин эрэгтэйг Адам, эмэгтэйг Ева гэж нэрлэжээ.
Ехова Бурхан газраас шороо авч, эрэгтэй хүний төгс бие хийгээд хамар уруу нь үлээмэгц амилжээ. Адамыг ингэж бүтээжээ.
Ехова Бурхан Адамд ажил өгсөн. Энэ нь бүх амьтанд нэр өгөх ажил байлаа. Хамгийн тохиромжтой нэр сонгож өгөхийн тулд Адам тэднийг их удаан ажигласан байх аа. Адам амьтдад нэр өгөх зуураа нэг зүйлийг анзаарчээ. Энэ нь юу байсныг чи мэдэх үү?
Бүх амьтан хос хосоороо байлаа. Тэнд аав заан, ээж заан, мөн аав, ээж арслан байв. Ганцхан Адамд л хос олдсонгүй. Тэгэхлээр нь Ехова Адамыг бөх гэгч нь унтуулж байгаад, нэг хавиргыг нь авч, тэр хавиргаар эмэгтэй хүн бүтээгээд Адамд эхнэр болгон өгчээ.
Одоо Адам хэчнээн жаргалтай болсон гэж санана! Бас ийм үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэгт амьдрах болсондоо Ева ямар их баярлаж байсныг бодоод үз дээ! Тэд хүүхэдтэй болж, хамтдаа сайхан амьдарч болох байв.
Ехова, Адам Ева хоёрыг мөнх амьдруулахыг хүсэж байлаа. Мөн Адам Ева хоёрыг дэлхийгээ бүхэлд нь Еден цэцэрлэг шиг үзэсгэлэнтэй сайхан болгоосой гэж хүсэж байв. Энэ даалгаврыг биелүүлнэ гэж бодохоос Адам Ева хоёрт хэчнээн сайхан байсан бол оо! Дэлхийг үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг болгох ажилд чи оролцох хүсэлтэй юү? Гэвч Адам Ева хоёрын жаргал удаан үргэлжлээгүй юм. Яагаад гэдгийг мэдэж авцгаая.
Эхлэл 1:26–31; 2:7–25, «Эхлэл», 1994 он.
-