-
Сайн муу хоёр хүүБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 6
Сайн муу хоёр хүү
КАИН Абел хоёрыг хар даа. Тэр хоёр том болжээ. Каин тариачин болж, үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тарьдаг болсон байна.
Абел хоньчин болжээ. Тэр хурга хариулах их дуртай. Хурганууд нь өсөж бойжоод, бүхэл бүтэн хонин сүрэг болжээ.
Нэгэн өдөр Каин Абел хоёр Бурханд бэлэг авчиржээ. Каин жимс ногооноосоо авчрав. Абел хамгийн тарган хонио авчрав. Еховад Абел болон авчирсан бэлэг нь их таалагджээ. Харин Каин болон бэлэг нь таалагдсангүй. Учрыг нь чи мэдэх үү?
Абелын бэлэг Каиныхаас илүү сайн байсанд биш, Абел өөрөө сайн хүн байсанд гол учир нь байжээ. Тэр Еховад болон ахдаа хайртай байв. Гэтэл Каин муу хүн байсан бөгөөд дүүдээ хайргүй байжээ.
Тийм учраас Бурхан Каинд муу зангаа зас гэж хэлсэн. Гэвч Каин үгийг нь дуулаагүй. Бурхан Абелд илүү хайртай байсан учраас Каин маш их ууртай байв. Тийм учраас Абелд: «Хоёулаа хээр очъё» гэж хэлжээ. Хээр талд хоёулхнаа байхдаа Каин дүү Абелаа зодов. Их хүчтэй цохисон тул дүү нь үхжээ. Каины үйлдсэн хэрэг их муухай зүйл биш гэж үү?
Абел үхсэн боловч Бурхан түүнийг одоо хүртэл санаж байгаа. Абел сайн хүн байсан. Ехова сайн хүмүүсийг мартдаггүй. Тийм учраас ирээдүйд Абелыг дахин амилуулна. Тэр цагт Абел хэзээ ч үхэхгүй, энэ дэлхий дээр мөнх амьдрах боломжтой болно. Түүн шиг сайн хүмүүстэй танилцах сайхан биз дээ?
Харин Каин шиг хүмүүс Бурханд таалагддаггүй. Тиймээс Бурхан, дүүгээ алсных нь төлөө Каиныг гэрээс нь хол газар цөлж шийтгэсэн. Каин өөр газар амьдрахаар явахдаа охин дүү нарынхаа нэгийг эхнэрээ болгон авч явжээ.
Тэгээд Каиных үр хүүхэдтэй болов. Адам Ева хоёрын бусад хүүхэд мөн гэрлэж, үр хүүхэдтэй болжээ. Удалгүй дэлхий олон хүнтэй боллоо. Тэдний заримтай нь танилцъя.
-
-
Зоригтой хүнБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 7
Зоригтой хүн
ДЭЛХИЙ дээр хүн олон болох тусам ихэнх нь Каин шиг муу үйл хийдэг болжээ. Гэвч нэг хүн тэднээс ялгарч байлаа. Тэр бол энд зогсож байгаа Енох гэдэг хүн юм. Енох зоригтой хүн байв. Эргэн тойрных нь хүмүүс бүгдээрээ их муухай юм хийдэг ч Енох Бурханд үйлчилсээр байв.
Тэр хүмүүс яагаад муу юм их хийдэг байсныг чи мэдэх үү? Хэн Адам Ева хоёрыг Бурханд дуулгаваргүй болгож, Бурхны хориглосон жимсийг идүүлсэн билээ? Тийм ээ, муу тэнгэр элч. Библид түүнийг Сатан гэдэг. Тэр тэнгэр элч бүх хүнийг муу болгохыг хичээдэг.
Нэг өдөр Ехова Бурхан хүмүүст мэдээ хүргүүлэхээр Енохыг илгээжээ. Гэтэл хүмүүс тэр мэдээг сонсохыг хүссэнгүй. Учир нь: «Бурхан бүх муу хүнийг устгах гэж байна» гэсэн мэдээ байлаа. Тэд үүнийг сонсоод, маш их уурласан байх аа. Тэр ч байтугай Енохыг алахыг оролдсон ч байж магадгүй. Тийм учраас Бурхны хийх гэж байгаа зүйлийг хүмүүст хэлэхийн тулд Енох их зоригтой байх хэрэгтэй байлаа.
Бурхан Енохыг энэ муу хүмүүсийн дунд удаан амьдруулаагүй. Енох дөнгөж 365 насалжээ. «Дөнгөж 365 насалсан» гэнэ үү? Учир нь тэр үеийн хүмүүс одоогийн хүмүүсийг бодвол эрүүл чийрэг, их урт настай байжээ. Енохын хүү Метусела гэхэд л 969 насалсан гээд бод доо!
Енохыг нас барснаас хойш хүмүүс бүр муу болсон. Библид: «Тэд үргэлж муу юм боддог болж, дэлхий хүчирхийллээр дүүрэв» гэж бичсэн байдаг.
Тэр үед дэлхий дээр тийм их гай зовлон учирч байсан нэг шалтгааныг чи мэдэх үү? Энэ бол Сатан хүмүүсээр муу юм хийлгэх шинэ аргатай болсон явдал юм. Энэ тухай дараагийн өгүүллэгээс мэдье.
-